Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Энхбаяр: Евразийн хэлэлцээрийг УИХ дэмжсэн тохиолдолд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг давхар гаргах ёстой

УИХ-аар Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулах талаар хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.


-Жил бүрийн хавар ноолуурын үнэ ямар байх бол гэсэн хүлээлт малчдын дунд байдаг. Энэ жилийн тухайд ноолуурын ханш өмнөх жилүүдийг бодоход суларчихлаа гэдэг зүйлийг хэлж байна. Яагаад, юунаас болоод ноолуурын үнэ дорвитой өсөхгүй байна вэ?

-Монгол Улс мал аж ахуйн түүхий эдээ бүрэн боловсруулъя, экспортлох чиг баримжаатайгаар үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогыг гаргасан. Товчхондоо үүнийг “Цагаан алт” гэж томьёолж байгаа. Энэхүү УИХ-аас баталсан бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байна. Үүн дотор ноос, ноолуур, арьс шир, сарлагийн хөөвөр, тэмээний ноос гэсэн гол таван бүтээгдэхүүн бий. Энэ чиглэлээр боловсруулалтаа сайжруулж улмаар экспортод гаргая гэдэг бодлого хэрэгжиж байна. Уг ажлыг манай яам хийж байгаа. Ноолуурын тухайд хариулъя. Өнөөдөр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрс нэг тонн нь 230-80 ам.доллар болж унаад байна. Учир шалтгааныг та бид мэдэж байгаа. Нөгөө дэлхийн томоохон х удалдааны зөрчил маргаанаас болж байгаа асуудал. Энэхүү худалдааны дайнаас үндэсний үйлдвэрлэгчтэй орнуудад хожил гарч ирж байгаа юм. Манай улсын хувьд 2022 онд дотооддоо ноолуураа 100 хувь угаадаг болсон. Харин одоо дараагийн түвшний боловсруулалт буюу ноолуураа 100 хувь самнах шаардлагатай байна гэж үзээд бодлогоо гурван жилийн өмнө гаргасан. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрүүд хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлаа өргөтгөснөөр Монгол Улс угаасан ноолуураа 100 хувь самнах боломжтой болсон.

-Угааж самнахын эдийн засгийн нэмэлт нь яаж тооцогдож байгаа вэ?

-Одоо бид ноолуураа 100 хувь самнана. Угааж, самнахын хооронд багаар бодоход манай улсад 500-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг үлдэнэ. Өөрөөр хэлбэл, татвар, цалин, орлого, ашиг хэлбэрээр 500-700 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн үг.

Дэлхий дахинд болж байгаа тарифын зөрчил дотор бид энэхүү чадавхаа нэмэгдүүлсний хүчинд өнөөдөр ноолуур харьцангуй бага доголдож байгаа. Зүүн гурван аймгийн ноолуур үндсэндээ 90 хувь худалдан авалт хийгдээд дуусч байна. Одоо дунд бүсийн ноолуурын нийлүүлэлт эхэлж байгаа. Нөгөөтэйгүүр манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг дангаараа гаргаж чадаж байгаа орон. Энэ утгаараа ноос ноолуурыг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээлд нийлүүлэх гээд зүтгээд байгаа нь үүнтэй холбоотой.

-Ноолуурын үнийг ченжүүд тогтоож байна. Ченжүүдээ хяна гэдэг зүйлийг шаарддаг байсан. Одоо яг ноолуурын үнийг хаанаас тогтоогоод байна вэ. Зах зээлийнхээ зарчмаар тогтож байна уу?

-Нэг кг самнасан ноолуур дэлхийн зах зээл дээр 104 ам.доллар гэж байгаа. Нэг кг самнасан ноолуурыг үйлдвэрлэхийн тулд хоёр кг ноолуур хэрэгтэй. Тэгэхээр нэг кг ноолуур 140-150 мянган төгрөг гэж үзэхээр 300 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Цаана нь үлдсэн 50, 60 мянган төгрөг дээр л дотоодын үйлдвэрлэл явж байна. Ноолуурын үнийг брэндүүд тогтоодог. Өөрөөр хэлбэл, самнасан ноолуурын үнээр ноолуурын ханш тогтдог. Тэгэхээр брэнд дээр өрсөлдөнө гэж том зорилго бидний өмнө байгаа. Зах зээл нь таван тэрбум ам.доллар хүрнэ гэсэн тооцоотой, жилээс жилд өсч байгаа том зах зээл. Энэ том зах зээл дээр бид өрсөлдөнө.

-УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар Евразийн эдийн засгийн хэлэлцээрт орох асуудлыг хэлэлцлээ. Уг хэлэлцээрт орсноороо үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөнө гэж үзэж байгаа. Үүнд та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудал мэдээж хоёр талтай. Евразийн орнууд буюу Орос, Казахстан, Беларусь, Армен, Киргизистан байна. Нэгдүгээрт, эдгээр орнууд бол хүйтэн бүсийн улсууд. Энэ утгаараа манай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод эерэгээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, 200 сая хүнтэй зах зээл рүү манай мал аж ахуйн бүтээгдэхүүнд амжилттай гарна гэсэн үг. Нөгөө талаараа эдгээр орнууд маань хөдөө аж ахуйн маш хүчирхэг бааз суурьтай. Энэ утгаараа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд манайд дарамт үүснэ. Нөгөөтэйгүүр айл өрхийн сагсны бараа 300 орчим нэр төрөл байдаг. Манайх 20 орчим нэр төрлийн бараа бүтээгэдхүүн экспортолдог. Тэгэхээр бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч, хэрэглэгч дээр өргөн хэрэглээний бараа нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол нэг талдаа сайн. Гэхдээ бид дотооддоо хийж чадаж байгаа зүйлээ хамгаалах бодлогоо хатуу явуулна. Энэ утгаараа Еврази дээр бид эдгээр бараа бүтээгдэхүүнээ тарифын хязгаарлалтаар хамгаална гэсэн үг. Нөгөө талаараа НӨАТ, орлогын албан татвар гэх мэт тарифын бус дотоод татварын зохицуулалтаар дотоодынхоо үйлдвэрүүдийг хамгаалж өгнө. Тодорхой хэлбэл, тэнд олдож байгаа 200 сая хүнтэй зах зээл рүү орцгооё. Харин дотоодынхоо үйлдвэрлэлээ тарифын бус дотоод татварын зохицуулалтаараа хамгаалъя гэж байгаа юм. Тэгэхээр энэхүү хэлэлцээрийг УИХ дэмжсэн тохиолдолд дагуулаад үндэсний үйлдвэрлэлээ яаж хамгаалах вэ гэдэг бодлогыг давхар хийж өгөх ёстой.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнх

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросын эрх мэдлийг давуу олгосон онгоцны түлшний хэлэлцээрийг гишүүд эсэргүүцлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Юуны өмнө энэхүү хэлэлцээрийг Эдийн засгийн байнгын хороо хойшлуулсан бол Төсвийн байнгын хороо дэмжиж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо руу шилжүүлсэн. ОХУ-аас онгоцны түлш урт хугацаанд авах энэхүү гэрээний зарим зүйл заалт Монголын эрх ашигт нийцэхгүй байгаа талаар УИХ-ын гишүүд болон олон нийт тал талын шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байгаа юм. Харин Засгийн газрын зүгээс дараахь байдлаар хэлэлцээрийг дэмжих ёстой гэж үзэж байна. Тухайлбал, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдог. Иймээс Засгийн газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байгаа учир дээрх хэлэлцээрийг УИХ батлах шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм.

Тус гэрээнд анхаарал татаж олны шүүмжлэлийг хүлээж байгаа хэд хэдэн заалт байгааг хүргэе.

Тухайлбал, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлд “Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна” гэж заасан.

-Тус нисэх буудлыг удирдах ба ашиглах үйл ажиллагааг энэхүү хамтарсан компани хэрэгжүүлнэ.

-Нисэх буудлыг удирдах, ашиглалт хөгжүүлэлтэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэх, гарах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, ажиллах нөхцлийг бүрдүүлнэ” гэж заажээ. Түүнчлэн ямар ч нөхцөлд ОХУ-ын талд Монгол Улс таатай нөхцөл бүрдүүлнэ.

-Тус хэлэлцээрт “Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдолтой төлбөр, тэр дундаа Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлнэ.

-Монголын тал төлбөр тооцоог цаг тухайд нь хийнэ.

-Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр нэмэгдэх, гадаадын ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах эсхүл энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татвар, гадаадын ажилчдын квот шинээр нэвтрүүлэх, түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад болон эсхүл хамтарсан компанид энэхүү хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь энэ зүйлийн зорилгын хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ. Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш хоёр сарын дотор шийдвэрлэгдэхгүй тохиолдолд талуудын аль нэг талын хүсэлтээр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд түүний холбогдох дүрэм, журмын дагуу шилжүүлнэ.

-Талууд хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын процедурыг хангасан тухай оролцогч талын сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хойш 20 жилийн хугацаатай хүчин төгөлдөр байна зэргээр тусгажээ.

Энэхүү хэлэлцээрийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд “Түлш нийлүүлэх гэрээ бус хөрөнгө оруулалтын гэрээ шиг л уншигдаад байна. Хамтарсан компани байгуулж байж яахаараа Оросын талын итгэмжлэгдсэн компанид бүх зөвшөөрөл юмаа өгдөг юм. Үүнийг хэлэлцээр дээрээсээ арилгах ёстой” гэх зэргээр шүүмжилсэн юм. Товчхондоо уг хэлэлцээрт ОХУ-ын эрх мэдлийг давуу хамгаалсан бөгөөд манай улс татвар, хураамжийг хэрхэн яаж авах зэрэг мэдээлэл тодорхой тусгагдаагүй байна. Тус хэлэлцээрээр Роснефть Монголын онгоцны түлшийг хангах нь ингэхдээ өөрсдөө тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ Оросоос оруулж ирж, орос хүнээр удирдуулах аж. Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа Монголын талаас татварын бүх төрлийн хөнгөлөлтийг эдлэх бөгөөд оросууд чөлөөтэй орж, гарах нөхцөлийг бүрдүүлэхийн хүсч байгааг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байв. Юутай ч энэхүү хэлэлцээр Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдээгүй ч Төсвийн байнгын хороо дэмжиж, асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо руу шилжүүлсэн байна. Тиймээс уг асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжиж байж УИХ-аар хэлэлцэх эсэх нь шийддэг юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төсөл санаачлах талаар ярилцлаа.


-Нийгэмд татвар, түгжрэл, эрүүл мэнд, боловсролтой холбоотой томоохон асуудлууд их байна. Нийгмийн эдгээр асуудлыг эрх зүйн болоод тогтолцооны хувьд шийдэх ёстой УИХ, Засгийн газар ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэл их байна. Та хууль тогтоогчийнхоо хувьд үүнтэй санал нэг байна уу?

-Тулгамдсан асуудлууд их байгаатай санал нийлж байна. Тийм ч учраас олон нийтийн төр, засгаас хүлээх хүлээлт их байна гэж харж байна. Том, мега төслүүд гэж амтай бүр ярьж байгаа. Харамсалтай нь яг амьдрал дээр тэр том төслүүд хэзээ үр өгөөжөө өгөх, эдийн засгийн өсөлтийг бий болгох нь тодорхойгүй байна.

Бид өнөөдрийн нийгэмд, иргэдэд юу тулгамдаад байна, иргэдийн аж амьдралд юу дарамт болоод байна гэдгээ энэ том төслүүд, том өөрчлөлтүүдийнхээ хажуугаар шийдэж явах учиртай.

Тэгэхээр иргэдийн бодит орлого хэр байна, амьдрал ахуй ямар байна, татварын дарамт ачаалал хэр байна гэх асуудал бол яах аргагүй тулгамдсан асуудлуудын нэг мөнөөсөө мөн. Тэгэхээр энэ асуудлын хууль эрх зүйн орчин нь хэр байна, хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр ажиллах нь УИХ-ын гишүүдийн үүрэг.

-Таны хувьд Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийг нэр бүхий гишүүдтэй хамт санаачилна гэдэг зүйлийг мэдэгдсэн. Хуулийн төсөл боловсруулчихлаа гэж бодоход энэ 126 гишүүнтэй парламент дэмжээд батална гэдэгт та итгэлтэй байна уу?

-Хувь хүний орлогын албан татварыг 10 хувь байдгийг нэг хувь болгож буулгах иргэний санаачилгыг парламентын цахим платформд ганцхан долоо хоногийн дотор 100 гаруй мянган хүн дэмжсэн нь долоо хоногт 700 мянга хүрэх ч магадлалтай гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын гишүүд бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 95.7-д зааснаар өргөдөл гомдлоор ирсэн асуудлыг хуулийн төсөл болгож ажиллах боломжтой. Ийм үүрэгтэйг хүмүүс. Энэ утгаараа нэр бүхий УИХ-ын гишүүд бид уг асуудлыг хуулийн төсөл болгон санаачлахаар зорьж байна. Уг саналыг манай УИХ дахь АН-ын бүлэг дэмжихээр болсон. Саналах өгсөн 100 мянган иргэдийг насны байдлаар нь авч үзвэл 18-30 насныхан хамгийн өндөр буюу 50 хувийг нь бүрдүүлсэн байна лээ. Үүнээс юу харагдаж байна гэхээр манай залуу үед энэхүү татварын дарамт хүнд тусаж байнаа л гэсэн үг. Хэрэгжих боломжтой эсэх дээр бол бүрэн боломжтой. Тиймээс 126 гишүүний хувьд энэ их олон хүний хүсэл, хэрэгцээг ойлгож мэдэрч, ард иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлье гэсэн хүсэл сонирхол байгаа бол дэмжиж батлана гэдэгт найдаж байна.

-Угтаа намууд хамтарч Засгийн газраа байгуулсан. Сонгуулийн үеэр ч нам болгон татварын дарамтыг бууруулна, татвар нэмэхгүй гэдэг амлалтыг өгч гарч ирсэн санагдана. Гэтэл татварыг буулгах нь битгий хэл хэд дахин өсгөөд яваад байгааг та юу гэж үзэж байна вэ?

-Дээгүүрээ АН, МАН, ХҮН хамтарсан ч гэсэн нам болгон өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөрт ард иргэдийг татварын дарамтаас нь салгана гэж заасан нь үнэн. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Бага дунд орлоготой татварын ачааллыг бууруулах бодлого баримтална” гэж заасан байна. Үүнийг нь УИХ тогтоолоор баталгаажуулчихсан. Тэгэхээр энэ амлалтыг бид нийлээд ард түмэндээ албан ёсоор өгчихсөн гэсэн үг. Нөгөөтэйгүүр улсын төсвийн зарлага сүүлийн жилүүдэд асар их нэмэгдэж байгааг та бид мэднэ. Энэ их төсөв, зарлагыг санхүүжүүлэхийн тулд татвар, хураамжаа нэмэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, улам данхайж, томорч буй төрийн ачааг татвар төлөгчдийн нуруун дээрээ үүрүүлж байна аа л гэсэн үг.

-Ажил хийж байгаа иргэн хүн цалингаасаа яг хэдэн төгрөгийн татвар төлөөд байна вэ. Үүнд та бодитой жишээ хэлэхгүй юу. Мөн аж ахуйн нэгжүүдэд энэхүү татвар асар дарамт болохоос гадна ажилчдынхаа цалинг өсгөх, нэмэгдүүлэх боломжийг нь хаачихаад байгаа шүү дээ…?

-Сангийн яамнаас авсан статистик тоо мэдээллийг би танд жишээ болгож хэлье. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 787 мянган иргэний 50 хувь нь манай улсын голч цалингаас доош цалин хөлс авдаг гэсэн тооцоолол байна. Өөрөөр хэлбэл, 393 орчим мянган хүн 2.2 сая төгрөгөөс доош цалин авч байна гэсэн үг. Өөр нэг жишээ хэлье. Ажил хийж байгаа иргэнд сард гар дээр нь хоёр сая төгрөг өгөхийн тулд аж ахуйн нэгж, компани буюу ажил олгогчид нийт 2.8 сая төгрөгийн зардал гаргаж байна. Өөрөөр хэлбэл, 800-гаад мянгыг ажилтан, ажил олгогчид нийлээд төлж байна гэсэн үг. Үүнээс харвал ажил хийж байгаа хүн ч тэр, ажил олгосон компани ч тэр татварын дарамтад бодитоор өртөж байна гэсэн үг. Тиймээс ч аж ахуйн нэгж, компаниуд ажилчдынхаа цалинг нэмж чаддаггүй. Иймээс энэхүү татварыг буулгах нь дам утгаараа ч зайлшгүй болчихоод байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт татвар бууруулна гэж заасан. Үүнийг нь УИХ баталчихсан байхад яагаад татвар нэмэгдээд байна вэ. Татвар яаж нэмэгдсэн талаар та бодитой жишээ хэлэхгүй юу. Нийгэмд ч тодорхой харагдаж л байна л даа…?

-Мэдээж нийслэлчүүдийн бухимдлыг дээд цэгт нь тулгаж байгаа татвар болох Нийслэл хотын албан татвар 100 хувь нэмэгдчихсэн байна. Автотээврийн хэрэгслийн албан татвар 200 хувь нэмэгдчихсэн. Мөн автом зам ашигласны төлбөр 400 хувь нэмэгдчихсэн байна. ХАОАТ өмнөх онтой харьцуулбал 44 хувиар нэмэгдчихсэн байгаа юм. Тэгэхээр энэ их татвар хураамж нь өөрөө ард түмний нуруун дээр асар дарамт болж хувирч байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Дээрээс нь бас үнийн өсөлт гээд том ачаа байна.

-Ер нь манай улсын төсөв, татварын бодлого алдаатай хэрэгжээд байгаагийн илрэл нь татвар нэмэгдэх замаар тодорхой харагдаж байна уу?

-Ерөөсөө сүүлийн жилүүдэд дан төсвийн зарлагыг санхүүжүүлэх татварын бодлогыг хэрэгжүүлж ирлээ. Энэ бол төрийн бодлогын алдаа. Тэгэхээр цаашид яах ёстой вэ гэхээр төсвийн зардлаа бид хамгийн байж болох дээд түвшиндээ хэмнэх замаар ард түмний нуруун дээр байгаа ачааллыг багасгах шаардлагатай. ХХОАТ-ыг нэг хувь болгочихоор иргэдийн бодит орлого нэмэгдэнэ. Сүүдрийн эдийн засаг хумигдана, хөдөлмөрийн идэвх сайжирна, хүн бүхэн ажилтай болохын төлөө тэмүүлнэ.

Ингэснээрээ том зургаараа худалдааны эргэлт ч сайжрах зэрэг эерэг өөрчлөлтүүд нийгэм, эдийн засагт бодитой бий болно. Төсөв 2023 онд гэхэд л 22.5 их наяд байсан. Гэтэл хоёрхон жилийн дараа буюу 2025 онд бөөн юм болж байж бууруулж 33.7 их наяд болгоход л бүхэл бүтэн 11.2 их наядаар нэмэгдсэн байна гэсэн үг. Энэ чинь төрийн зардал л гэсэн үг. Тэгэхээр хоёрхон жилийн өмнө л бид 22.5 их наядаар амьдарч болоод байсан цаашид ч болох ёстой. Төр өөрөө бүсээ тасартал таргалчихаад, иргэдээ болохоор гэдсийг нь тасартал нь бүслүүлчихээд байна.

-Төсвийн зардлаа хэмнэхийн тулд данхар төрөөсөө татгалзах шаардлагатай болох байх. Гэтэл манайх эсрэгээрээ албан тушаал нэмсээр байгаа биз дээ…?

-Бусад оронд ямар байдаг вэ гэдэг дээр би нэг жишээ хэлье. Тухайлбал, Аргентина улсын хүн ам 46.5 сая. Манай улсаас бараг 13 дахин их хүн амтай орон. Гэтэл төр, засгийн бүтцээрээ буюу нөгөө данхайсан төрийн хэлбэрээрээ тэнгэр газар шиг ялгаатай. Аргентины Засгийн газар есөн сайдтай. Харин манайх 23 сайдтай. Өөрөөр хэлбэл, есөн сайд манайхаас 13 дахин их хүн амтай улсыг авч явж чадаад байхад манайд болохоор 23 сайдтай атлаа төсвийн зардлаа иргэдийнхээ нуруун дээр үүрүүлсээр ард түмнээ туйлд нь хүргэж байгаа нь харамсалтай. Нөгөөтэйгүүр, манай Засгийн газрын бодлого хэлж ярьж байгаа зүйлийнхээ эсрэгээр хэрэгжиж байна. Уг нь бид төрийн данхар бүтцээсээ зоригтой салж, нэмээд элдэв төрлийн хавтгайрсан халамж тараах, энд тэнд элдэв байшин, барилга барихаа зогсоож, МЕГА хэмээх маскны цаана нуугдсан ган татлагат гүүр зэрэг ганган нэртэй төслүүдээ ч мартмаар байна. Хөрөнгө оруулалтаа ч дахин эрэмбэлэх шаардлагатай. Гэх мэтээр 10 хувь нь ХХОАТ-ыг нэг хувь болгохоор гарах зөрүү 2.5 их наядыг орлуулах бүрэн боломжтой.

-Иргэдийн гар дээр үлдэх 2.5 их наядын зөрүү инфляц хөөрөгдөнө гэж зарим хүмүүс эсэргүүцэж байх шиг байна. Үүн дээр ямар тайлбар хийх вэ?

-Инфляцад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий. Нэг нь төсвийн тэлэлт. Тэгэхээр орлого талдаа төсөв буурахаар засгийн газар үрэлгэн зардлаа хасаж танаж таарах ёстой. Хоёрт, ямар ч баялаг бүтээхгүйгээр зах зээл рүү нийлүүлэгдэж буй жишээ нь малчдын 5 их наяд гэх мэт мөнгө, халамж зэрэг нь шууд зарцуулалт болж инфляцыг илүү өдөөдөг.

Харин энэ тохиолдолд гарт үлдэж байгаа мөнгө бол өөрсдийнх нь хөдөлмөрлөсний хөлс. Тиймээс ч хэн ч зовж олсон мөнгөө илүү хариуцлагатай, илүү үр ашигтай зарцуулахыг бодно. Магад, үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд илүү хөрөнгө оруулалт хийх, эсвэл хадгаламж болох хандлагатай байх. Мэдээж хэрэглээ ч нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад бизнесийнхэн нийлүүлтээ нэмж таарна. Ингээд үр дүнд нь эдийн засаг идэвхжсэнээр, эерэгээг нөлөөлнө гэж харж байгаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван “МӨНХ”-тэй айлын хотонд төлийн дуу цангинаж байна

“Хайлан сэмжрэх цасаа дагаад

Хаврын өнгө нь цоохор билээ

Хашир малчдын алдрыг өргөөд

Хангинах төл нь дуучин билээ” хэмээх П.Адарсүрэн гуайн сайхан дуу бий. Үнэхээр ч хяр, бэлийн цас хайлан судгаа даган урсаж, хангай дэлхий хаврын аашинд өнгөө тохируулан цоохорджээ. Малчны хотонд төлийн дуу цангинаж, урин цагийн элчээр хүний сэтгэл баясаж байгаа энэ үеэр бид Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багийн малчин Б.Мөнх-Эрдэнийн хотонд очиж, нялх төлийн сурвалжилга бэлтгэлээ. Биднийг очиход гэрийн эзэн хониндоо явсан, эхнэр нь хүүхдүүдтэйгээ байв. Б.Мөнх-Эрдэнэ өдгөө 30 дөнгөж гарч яваа залуу ч таван сайхан хүүтэй юм. Таван хүүгийнх нь ууган нь одоо дөрөвдүгээр ангид сурдаг бол бага нь бор хоолонд хараахан орж амжаагүй “том” залуу ажээ. Эднийх арван жилийн өмнө Ховдоос малаа туугаад энэ нутагт шилжин ирсэн байна. Анх 100 гаруй богтой, 6-7 адуутай ирсэн гэдгээ Б.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Хонгорзул ярьж суулаа.

Тэрээр “Хаваржилт гайгүй байна. Өнгөрсөн жилийн өвөл цас их дарсан. Энэ их цас хэзээ хайлж дулаарна даа гэж бодож байтал гуравдугаар сарын сүүлчээс ханзарч эхэлж билээ. Ингээд нөгөө их цас нэг л өглөө юу ч үгүй хайлж, өнжсөн өвс намраараа шахуу гарч ирсэн нь хаврын малд их тамир болсон шүү. Энэ сарын эхээр манай анхны төл гурван ихэр хурга байсан. Залгаад хоёр ихэр төл хэд, хэд авлаа. Одоо мал төллөлт дундаа орж байна” гэв. Ойр зуур хаваржилтын талаар ийнхүү ярьж суутал орон дээр түрүүнээс хойш унтаж байсан “том” залуу сэрж, уйлагналаа. Айлын эзэгтэй бага залуугийнхаа уйлахыг тоосон шинжгүй ирсэн зочдод цай, хоол бэлтгэн, гал тогооныхоо ажилдаа анхаарч байв. Уйлсан тэр залуугийн дээр дахиад дөрвөн хүү өсгөсөн болохоор ч тэр үү тав дахь залууг тоож байгаа шинж харагдсангүй. Мөнөөх залуу ч ах нарынхаа дууг сонсоод саатав. Бид цай амсчихаад хотонд үлдсэн төл малын цангинасан дууг сонсохоор гарлаа. Эднийх хаваржаагаа хашаалж, хашаан дотроо худаг гаргасан байна. Хангай газрын айл гэсэндээ малын хашаа хороог бүгдийг нь дүнзэн урт модоор жимбийтэл засч барьсан нь ажилсаг залуу өрх гэдгийг нь илтгэнэ. Хашаанд нь мотоцикл, портер, ойр зуур уначих жижиг тэрэг харагдав. Залуу өрх гэхэд дутах зүйлгүй л амьдарч байгаа нь хэдэн малаа өсгөж хөдөлмөрлөснийх нь үр шим гэлтэй. Биднийг хашаа, хороогоор алхахтай зэрэгцэн дөрвөн хүү нь даган гарч, хоёр том нь хойд уулын модтой энгэрт хонио хариулан яваа аавынхаа зүг мордлоо. Харин хоёр бага хүү бидэнтэй хамт ишиг, хурга хөөцөлдөн тоглож байв. Эдний хаваржаанаас баруун зүгт Баянбуурал амралтын газар харагдана. Наагуур нь төмөр зам явж, Хараа голын хөндий уужуу харагдах аж. Бид “Танай зуслан хаана вэ” гэж гэрийн эзэгтэйгээс асуухад “Голын наана харагдаж байгаа тэр ганц байшин чинь манай зуслан. Тэр хажууханд нь байгаа торлочихсон газар бол манай төмсний талбай. Удахгүй төмсөө тарина даа” гэв.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: ХАВАР ШУУРАХ НЬ БАГА БАЙВАЛ ГАРСАН ХЭДЭН ТӨЛ АЯСААРАА МАЛ БОЛЧИХДОГ ДОО

Хараа гол зах хэсгээрээ урсаж, голын мөсөө хоёр талаас нь долооно. Усны шувууд төрөл төрлөөрөө, хос хосоороо ганганана. Хун, галуу, нугас, ангир тэргүүтэй усны шувууд хараа голын тохой хэсгээр багтаж ядан нисэлдэнэ. Уулын хормойг ороон гарч ирсэн галт тэрэгний хүнгэнэсэн дуунд үргэсэн шувуудын ганганаатай зэрэгцэн нялх төлийн майлалдах чимээ хаврын их найрал хөгжим гэлтэй сонсогдоно. Хавар цаг ч хүний сэтгэлийг яах аргагүй хөдөлгөж, догдлуулдаг бололтой. Тэр дундаа малчны хотонд өнжих шиг жаргал байхгүй гэлтэй. Ирсэн бидэнд хэдий сайхан байгаа ч хавар цаг малчдаас чамгүй хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийг шаарддаг онцлогтой улирал билээ. Анхны төл гурван ихэр хургыг өхөөрдөн харж, хачин ааштай хар халзан ишигтэй тоглон байтал гэрийн эзэн уяан дээр ирлээ. Бидэнтэй уулзахаасаа өмнө тэрээр энгэрээсээ дөнгөж саяхан төрсөн бололтой нялх ишиг гарган ирж, “он жавууд”-тай нь хамт үлдээчихээд, хүрэмтэй дээлээ дайлан тоосоо гөвлөө. Түрүүн явсан хоёр залуу аав дээрээ очиж, хонио харж хоцорсон нь тодорхой. Хэдий хүүхдүүд нь жаахан ч эхнээсээ ийнхүү тусад орж байгаа нь сайхан. Удахгүй энэ таван залуу аав, ээжийгээ юунд ч хөдөлгөхгүй жаргаана биз ээ.

Гэрийн эзэнтэй мэндлээд, хаваржилт ямар байгаа хөөрөлдлөө.

-Мал төллөлт ид дундаа байх шиг байна, тийм үү?

-Хаваржилт давгүй сайхан шүү. Ойрын хэд хоног дулаахан, салхи шуурга багатай, их л аятайхан байна. Гэхдээ хаврын тэнгэр “хааш яаш” гэдэг дээ. Нэг өглөө босоод ирэхэд цас дарчихсан байдаг. Манай нутагт хавар цаг шуурчихгүй бол болдог доо. Нэг шуураад эхэлчихвэл ч цаг хүндэрч, мал, малчингүй л тамиргүй болтлоо ядардаг. Ойрын үеийн цаг агаарын мэдээ сонсож байхад шуурахгүй л гэж байсан. Битгий шуураасай л гэж залбирах юм.

-Мал төллөлт хэдийд шувтрахаар байна?

-Болоогүй байна. Өнгөрсөн долоо хоногоос эхэлж төллөсөн. Талдаа ч ороогүй байна даа.

-Танайх энэ жил хэчнээн төл авах вэ. Мал ер нь жилбэтэй төрж байна уу?

-Цас эрт хайлж, намраараа шахуу байсан өвс гарч ирсэн нь хэдэн малд маань сайн юм боллоо. Тэр утгаараа энэ жилийн мал их жилбэтэй сайхан төрж байна. Шуурахгүй яг энэ хэвээрээ шинэ ногоотой залгачихвал ч хэдэн жил тохиогоогүй сайхан хавар болох шинжтэй байна шүү. Манайх 700 орчим богтой. Үүнээс өнгөрсөн намар, өвөл эр хонинуудаа бүгдийг нь борлуулчихсан. Дандаа эм хонио авч үлдсэн. Энэ хавар 400 богоос төл авах учиртай. Одоогийн байдлаар 200 гаруй төл авчихаад байна. Дахиад 100 гаруй төл авчихвал ч хаврын ажил дуусах дөхөж л байна даа.

-Хаваржилт гайгүй болж байна гэлээ. Энэ утгаараа төл малын хорогдолт бага байна уу?

-Өмнөх жилүүдийг бодоход өнчин ишиг ч дутаагаагүй л байна. Гэхдээ цагийн байдал ямар байхаас хамаарна. Хавар шуурах нь бага байвал гарсан хэдэн төл аясаараа мал болчихдог доо. Манай энд төл малын хорогдолт нөлөөлдөг нэг аюул бий. Тэр нь шувуу. Яг энэ мал төллөх үеэр хониныхоо дэргэдээс алхам ч холдож болдоггүй. Гэрийнхээ гадаа дөхүүлчихээд, цай уух зуур хэд хэдэн хурга, ишиг шүүрчихдэг. Өчигдөр би хониныхоо толгойг гэрээдээ зүглүүлчихээд хойд арыг давж, саахалтынхаасаа нэг юм авчихаад ирэх хооронд л хоёр хурга шүүрчихсэн. Болдог бол энд байгаа том шувуудыг бүгдийг нь буудчих юмсан гэж бодогддог.

-Чоно, нохой гайгүй байна уу?

-Чоно гайгүй ээ, бас аргатай л байна. Энэ муу шувуу л хэцүү байна даа.

ЗЭЭЛ АВЧ ХУДАГ ГАРГУУЛСАН. ДАХИАД ЗЭЭЛ АВААД ЗУСЛАН ДЭЭРЭЭ БАЙШИН БАРИХ САНААТАЙ БАЙНА

Биднийг ийн ярилцаж байтал гэрийн эзэгтэй хоол ид гэж гэртээ урилаа. Цагаан сарын бууз, ууцны мах чанажээ. Хүүхдүүд нь хотод сургууль, цэцэрлэгт явдаг байна. Ингэхдээ аав нь бүтэн сайнд хүргэж өгөөд тав дахь өдөр очиж авдаг гэнэ. “Иддэг ам цөөрчихөөр хоол, хүнс ч хорогдох нь бага болчихдог. Тиймээс цагаан сарынхаа бууз, ууцны махыг, одоо болтол бараагүй байна” гэлээ. Эдний ууган хүүг М.Мөнхзул, удаахийг нь М.Мөнхсайхан, дундахыг нь М.Мөнх-Ирээдүй, М.Мөнхбаяр гэдэг бол багыг нь М.Мөнхтулга гэнэ. Таван Мөнхтэй айл гэхээр нутгийнхан нь андахгүй мэддэг гэж байлаа. Гэрийн эзнээс “Танайх хашаандаа худагтай юм уу. Худаг гаргахад өртөг ямар байдаг вэ” хэмээхэд “Өнгөрсөн намар худаг гаргуулсан. Ус нь их сайхан шүү. Ойр хавьд байгаа айлууд манайхаас усаа зөөдөг. Өнгөрсөн намар хоршоонд нэгдээд 17 сая төгрөгийн зээл авсан. Түүгээрээ худаг гаргуулж, үлдсэнээр нь хаваржаагаа томсгож, тохижуулан зассан. Улмаар өвөл хэдэн мал нядлаад зарсан орлогоороо зээлийнхээ ихэнхийг дарсан. Одоо хаврын ноолуураараа бүтэн төлөөд дуусгачихна. Тэгээд дахиад 40 сая төгрөгийн зээл авч, зусландаа шинэ байшин барина даа. Манайд зун хүмүүс их ирнэ. Бас олон хүүхэдтэй учраас гэрт багтаж шингэдэггүй. Тиймээс дөрвөн өрөөтэй саруулхан байшин барьчих санаатай байна. Мөнгө байхад ч хангай газар байшин барих шиг амархан ажил алга” гэлээ. Эдний хоршоонд есөн айл нэгдсэн байна. Энэ айлууд тус бүрдээ 20-40 сая төгрөгийн зээл авчээ. Зарим нь ч хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, автомашин зэрэгт зарцуулсан бол зарим нь худаг гаргуулах, байшин барих, ногооны талбай, хаваржаа, өвөлжөөгөө тохижуулан янзлахад зарцуулжээ. Зээл хөөцөлдөх амархан гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. Зарим нь гар утаснаасаа зээлийн материалаа бүрдүүлээд авчихдаг болсон гэж байв.

ТҮРҮҮ ЖИЛ НООЛУУР 165 МЯНГАН ТӨГРӨГ БАЙСАН. ЭНЭ ЖИЛ 150 МЯНГАН ТӨГРӨГ ГЭЖ ДУУЛДСАН

“…Мал төллөөд дуусахаар ямаагаа самнана даа” гэсээр гэрийн эзэн яриагаа үргэлжлүүллээ. Тэрээр “Өнгөрсөн жил ноолуурын үнэ 165 мянган төгрөг гэж байсан. Манайх ч түрүү жил цаг хүндэрч олон богоо үхүүлсэн болохоор хавар ноолуур гарах ямаа цөөхөн байсан. Харин энэ жил 200 орчим ямаа самнана. Саяхан сумын төв ороод ирсэн хүнээс ноолуурын үнэ асуутал 150 мянган төгрөг гэж дуулдсан. Мал төллөөд дуусахаар ямаагаа самнана. Энэ долоо хоногтоо төл малын ажил шувтарчих байх. Тэгэхээр ирэх долоо хоногийн эхээр ямаагаа самнана. Эртхэн самнаад тушаахгүй бол хоног хоногоор ноолуурын үнэ уначихдаг” гэв. Нэг ямаанаас дунджаар 300-400 орчим грамм ноолуур гарна гэж бодохоор 60-80 кг ноолуур авахаар байна. Үүнийг 180 мянган төгрөгөөр тооцвол 9-12 сая төгрөгийн орлоготой болохоор байна. Д.Мөнх-Эрдэнийнх шиг залуу малчин өрхөд энэхүү орлого асар дэмтэй гэдэг нь тодорхой.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна

Манай эриний өмнөх 27 онд эртний Ромын эзэнт гүрэн гэж байлаа. Баруун эзэнт гүрний нийслэл нь Ром хот. Энэхүү хотод тухайн үед эзэнт гүрнийхээ сүр хүчийг илтгэсэн нэгэн том тэмцээн болдог байсан нь гладиаторын тулаан байв. Энэ тулаан нь өнөө цагийн дэлхийн долоон гайхамшгийн нэг алдарт Колизей цэнгэлдэх хүрээлэнд болдог байсныг бид “Гладиатор” киноноос мэднэ. 50-80 мянган хүн, зарим үедээ 110-130 мянган хүн чихэлдэн байж гладиаторын тулааныг үзэж сонирхдог байсан нь түүхэнд үлдсэн байдаг. Улс төрийн хувьд энэ олон мянган хүнийг нэг дор цуглуулах нь эрх мэдэл, засаглалаа бэхжүүлэх, ард олондоо таалагдах том боломж байсан нь тодорхой.

Тиймээс гладиаторын тулааныг үзэн сонирхохоор ирсэн хүмүүст тухайн үеийн Ромын төр үнэгүй талх тараадаг байсан нь түүхэнд тод бичигдэн үлдсэн байна. Үүнийгээ тэд “талх ба цирк” гэж нэрлэдэг байж. Энэ нь Ромын засаг захиргаа, ялангуяа эзэн хаад болон улстөрчид ард түмнийг тайван байлгаж, дэмжлэг авч үлдэхийн тулд хэрэглэдэг арга хэмжээ байв. Тухайн үеийн Ромд ядуу иргэд маш олон байсан гэж үздэг. Мөн үйлдвэрлэлийн төвлөрөл муу, ажилгүйдэл ихтэй, ард түмэн нь өлсгөлөн, бухимдалтай байсан учраас бослого, эсэргүүцэл гарах аюултай байсан учраас төрийн бодлогоороо үнэгүй талх тараадаг байсан аж. Ингэж тарааснаараа хуран цугларсан түмэн гладиаторын цус асгаруулсан тулаанаас сэтгэлийн таашаал авахын зэрэгцээ өлөө дарж үнэгүй талх иддэг байсан нь нийгмийн уур бухимдлыг дарах гол арга нь болж чадсан байна. Энэхүү арга нь тухайн үедээ төрийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлсэн ч яваандаа эдийн засгийн дарамт үүсгэж, хэт хамааралтай нийгэм бий болгож, цаашлаад Ромын эзэнт гүрний задрах болсон хамгийн том шалтгаан гэж түүхчид үздэг. Яг ийм дүр зураг өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд өрнөж байна даа. Ажилгүйдэл, ядуурал өндөртэй, авлига, хулгай нь гаарсан, татварын дарамт, шударга бус байдлаас болоод нийгмийн бухимдал нь дээд цэгтээ хүрч байгаа энэ үед Сүхбаатарын талбайд үнэгүй плов тарааж, ард олны дунд алаан болгож байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга нь өдөр болгон төв талбай дээрээ гарч ирэн “…өнөөдөр пловтой, маргааш лавшатай, нөгөөдөр цуйвантай” гэж хоолныхоо цэсийг өөрийн биеэр зарлах жишээтэй. Хорооноос хоол тавьж өгвөл иднэ дээ гэдэг наргиа яриа өнөөдөр биеллээ олж байх шиг. Яг ямар зорилгоор ийм арга хэмжээ хийсэн нь тодорхойгүй. Уг арга хэмжээг хийсний дараа Монгол Улс руу орж ирэх жуулчдын тоо нэмэгдэх үү, эдийн засагт орлого орж ирэх бодитой нөхцөл, боломж бүрдэх үү.

Сүхбаатарын талбайд үнэгүй хоол тараах энэхүү арга хэмжээг татвар төлөгчдийн мөнгөнөөс 600 сая төгрөг гарган хийсэн гэж байгаа. Энэхүү зардлаа ядахдаа хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлогыг эдийн засагтаа буцаагаад оруулж чадах уу. Энэ мэт энгийн асуултууд хариултгүй хоцорч байна. Гэхдээ аливаа арга хэмжээ тодорхой зорилготой байдаг. Тэр зорилгыг нь өнөөгийн нийгэмд болж байгаа цаг үеийн үйл явцтай уялдуулан холбож ойлговоос нэг ийм дүр зураг буухаар. Өөрөөр хэлбэл, зорилгыг нь тодорхойлох гээд л үзэж байгаа нь энэ. Сүүлийн үед хэн хүнгүй эрх баригчдын явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг шүүмжилж байна. Тэр дундаа татварын асуудал утаа, түгжрэлээс илүү иргэдийг бухимдуулж, туйлдуулж дууслаа.

Наад захын жишээ гэхэд Нийслэлийн татвар, үүн дотроо автомашинд тавьсан татварын өөрчлөлтөд ард түмэн үнэхээр бухимдаж байгаа юм. Үүнээс харвал Нийслэлийн Засаг дарга татвар нэмсэндээ уучлалт хүсч, ард түмнийхээ бухимдлыг багасгах зорилгоор энэхүү үнэгүй хоол тараах арга хэмжээг сэтгэн санаачилсан байх магадлал өндөр байна. Иргэдийн хоолойд тулсан асуудал олон байгаа энэ цаг үед эрх баригчдад шаардлага, санал шүүмжлэлээ жагсаал цуглаанаар хүргэх сонирхолтой хүмүүс их байгаа. Ингээд жагсах гэж ирсэн иргэдийг өнөөх хоол үнэгүй идэж байгаа иргэд нь дургүйцэж “хоол идэж байхад юун жагсаал, тэмцэл яриад байгаа юм бэ” гэх зэргээр үзэж чадахгүй байна. Ядаж байхад нийгмийн асуудлаа ярьж, шүүмжилж, бодитой эсэргүүцдэг нь үнэгүй хоол идэх сонирхолтой иргэдээсээ хэд дахин цөөн аж. Дэлхийн бусад хотод хоолны том арга хэмжээнүүд болдог.

Тэнд болж байгаа хоолны өдөрлөгт оролцогчид нь хоолыг соёл, урлаг гэж хүлээн авдаг. Яг л театрт дуурь үзэж байгаа мэт соёлтой, хүндэтгэлтэй оролцдог. Харин манайд хоолыг соёл гэхээс илүү үнэгүй хоол идээд өлөн ходоодоо нэг баясгачихъя гэдэг хандлага нь илүү давчих шиг. Манайхан ч тэгээд хоол битгий хэл бусад оронд хог болчихсон барааг оруулж ирээд хямдрал зарлаад зарахад л алаан болцгоодог хүмүүс л дээ. Тиймээс үнэгүй хоол өгөх арга хэмжээг энэ их зардлаар ингэж зохион байгуулалт муутай, дампуу хиймээргүй л байлаа.

Жишээ нь, пловыг узбекчүүдээр хийлгүүлээд тараах хэрэг байсан уу. Энэ нь Монголыг сурталчлах, жуулчдыг татах пиар болж чадах уу. 600 сая төгрөгөөр плов тараачихаар Узбект, эх оронд нь очоод идье гэсэн сэдлийг хүмүүст төрүүлэхгүй юу. Жуулчид татах битгий хэл харин ч эсрэгээрээ хүний нутаг руу хүмүүсээ явуулах агуулга харагдахгүй байна гэж үү. Ийм дампуурсан, бодлогогүй арга хэмжээ хагас тэрбум гаруй төгрөгөөр зохион байгуулж байхаар энэ мөнгөө үндэснийхээ хоол үйлдвэрлэгчдэд өгөөд, тэднээр энэ арга хэмжээгээ зохион байгуулчихсан бол аятай байлаа. Нөгөө хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэдэг үг байдаг биз дээ. Манайхан узбекчүүдээс дутахааргүй плов хийдэг болсон. Олон үндэстний хоол гэж ярих гэж байгаа бол манайхан тэрийг чинь хэн хүнээс илүү сайн хийнэ.

Ялгагдахын аргагүй л хийнэ. Гол нь гадагшаа гарч байгаа мөнгө дотооддоо үлдэнэ. Дээр нь үндэсний үйлдвэрлэгч, энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжчихнэ. Нэг сумаар хэд хэдэн туулай буудчих боломжоо яагаад эсрэгээр нь хийчихэв гэдэг дээр хүн болгон гайхаж байна. Зохион байгуулагчдын зүгээс хэлсэн 600-хан сая төгрөгөөр иймэрхүү хоолны өдөрлөгийг яаж бол яаж хийхээр байлаа. Зохион байгуулсан нь ч тэр, очиж хоол идэж байгаа нь ч тэр тархи толгойдоо хоолноос өөр зүйл бодохгүй байгаа нь тодорхой харагдав. Гэтэл дэлхий дахинд буюу биднээс бусад нь юу бодож, юу сэтгэж, юуг хийхээр тэмцэж, зорьж байна вэ. Хиймэл оюуны хөгжлөөр өрсөлдөж байна. Худалдааны дайн хийж байна. Эдийн засгаа илүү томруулахын тулд, улс орноо хөгжүүлэхийн төлөө яах ёстой вэ гэдэг дээр нойр, хоол бодолгүй л өрсөлдөж байна. Улс орныхоо тусгаар тогтонол, газар нутаг, хүн ардынхаа сайн сайхан ирээдүйн төлөө эцсийн хүчээ шавхан тулалдаж байна. Гэтэл бид харь орны хоол үнэгүй пловын төлөө л ард олон, эрх баригчдаараа дээр доор ортлоо алалцаж байгаа нь эмгэнэлтэй биш үү. Үнэндээ юуны төлөө, ямар зорилгоор татвар төлөгчдийн энэ их мөнгөөр ийм арга хэмжээ зохион байгуулж байгааг ойлгохгүй байна. Улсын хөгжил хүнээсээ гэдэг.

Тэгвэл ард түмнээ хоолноос цааш гаргахгүйгээр энэ нийгмийг удирдах нь өнөөгийн эрх баригчдын гол бодлого болж. Хоолноос цааш гарахгүй байгаа ард түмэнтэй улсад авлига, хээл хахууль, шударга бус байдал хэзээ ч арилахгүй. Арилгах сонирхол ч төрийн бодлого тодорхойлогчдод байдаггүй бололтой. Учир нь эрх мэдэл, албан тушаалтайгаа байхын тулд сонгож байгаа ард түмнийхээ нүдийг нээж болохгүй гэдэг бодлогыг эрх баригчид явуулж байна. Энэ утгаараа Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа хоолны өдөрлөг цагаа ч олсонгүй, агуулгаа ч гаргасангүй. Тиймээс хаврын ид ажлын үеэр энэ тэнэглэлээ зогсоох хэрэгтэй. Зогсоогоод барахгүй ийм арга хэмжээ зохион байгуулсан албан тушаалтнуудад татвар төлөгчдийн өмнөөс хариуцлага оногдуулах ёстой гэдгийг хоолноос давж сэтгэдэг ард түмэн шаардаж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Эрдэнэболд: Татварын бодлогын өөрчлөлтийг илүү урт хугацааны төлөвлөлттэй, нарийн судалгаатай хийдэг байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Автомашины татвар нэмэгдсэн. Үүнийг болиулж, татварыг буцаагаад буулгах хуулийн төсөл яригдаж байна. Энэхүү хуулийн төслийг та дэмжиж байгаа юу?

-Ер нь татварын шинэчлэлд иж бүрнээр хандаж, нухацтай өөрчлөлт хийх шаардлагатай. Янз бүрийн татвар, төлбөрийг хэсэгчилсэн байдлаар нэмээд байх нь тийм ч зохимжтой биш. Автомашины татварыг нэмэгдүүлснээр уг татварын дарамт нь хэний нуруунд тусах. Хотын агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдэхэд эдийн засгийн хөшүүрэг болж чадах уу гэх мэт асуудлын үүднээс нарийн судалгаа хийж байж нэмэх байсан. Тийм учраас автомашины татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй Татварын багц хуулийн хүрээнд нэгдмэл зарчим баримтлан эргэн авч үзэх шаардлагатай гэж харж байна. Нийслэл хот дахь төлбөрийн чадвартай чинээлэг, баян иргэдийн өмчлөн эзэмшиж буй автомашины тоо болон дунд, доогуур амьжиргаатай иргэдийн машины тооны харьцааг судлан авч үзэх нь чухал.

-Тэгэхээр автомашины татварыг буулгах хэрэгтэй гэж харж байна уу?

-Миний бодлоор хоёр дахь бүлгийн иргэдийн автомашины тоо давамгай тул нэмэгдсэн татварын дарамт нь тэдэнд л тусна. Нөгөө талаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд хуучин бөгөөд их утаа ялгаруулдаг машины импортыг хязгаарлах, замын даацад нийцүүлэн машины тоог зохистой түвшинд барихад чиглэгдсэн ялгавартай татвар нь эдийн засгийн бодитой хөшүүрэг болж байх ёстой.

-Хэрэв автомашины татварыг буцаагаад буулгах тухай хуулийн төсөл дэмжигдээд батлагдвал нэмэгдсэн дүнгээр татвараа төлсөн иргэдийн төлбөрийн зөрүүг яаж шийдэх боломжтой вэ?

-Татварын шинэчлэлд цогцоор хандах талаар би дээр хэлсэн. Хэрэв өөрийн чинь яриад байгаа дээрх хууль өөрчлөгдөж, татвар буурах шийдвэр гарвал уг асуудлыг хэд хэдэн хувилбараар шийдэх боломжтой.

Нэгдүгээрт, нэмж төлсөн дүнг дараа жилийн татвараас суутган тооцож болно. Энэ нь төсвийн урсгал зардалд онцын нөлөө үзүүлэхгүй. Иргэдийн хувьд ч хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болов уу. хоёрдугаарт, татварын буцаалтыг үе шаттай, тодорхой хуваарийн дагуу буцаан олгож болох юм. Цаашид татварын бодлогын өөрчлөлтийг илүү урт хугацааны төлөвлөлттэй, нарийн судалгаатай, иж бүрэн хандаж хийж баймаар байна. Үүнд иргэдийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, олон нийтийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байж шийдэх нь зүйд нийцнэ. Түүнчлэн татварын орлого, зарцуулалтыг иргэдэд аль болох ил тод тайлагнаж байх нь ач холбогдолтой.

-Нэр бүхий УИХ-ын гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Та гишүүнийхээ хувьд уг асуудлыг дэмжих үү?

-Нэгдэж, хамтран санаачилна.

-Та УИХ-ын Хүний эрхийн дэд хороог ахалдаг. Энэ утгаараа Монгол Улсад хүний эрх яг ямар байдалтай байгаа вэ?

-Хүний эрх өөрөө философи буюу гүн ухааны түвшнээс эхлээд цахим шилжилттэй холбогдоод ирэхээрээ өргөн хүрээний ойлголт. Нэрт сэтгэгчид, философичдын үзэж байгаагаар хүний хамгийн нэн тэргүүний эрхүүдийг хэлье. Нэгдүгээрт, хүн амьд явах эрхтэй. эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх. Өнөөдөр манай улсад өдөрт 14 хүн хорт хавдраар нас барж байна. Жилд 3-4 мянган хүн хорт хавдар тусаж байна гэдэг нь өвчин тусаад үхэж, үрэгдээд байгаа асуудал биш. Анхдагч эрх нь хангагдахгүйгээсээ болоод тухайн хүний өвдөх нөхцөл бий болж байна. үүнээс болоод амь насаа хүртэл алдаж байгаа. Нөгөөтэйгүүр хүний эрх хаана огтлолцдог вэ гэхээр өмч дээр ирээд уулздаг. Би өөрийнхөө эзэн нь үү, эзвэл бусдын боол болж явах уу гэдэг нь явж явж өмч дээр ирээд хүний эрхийн асуудал нийлдэг. Монголчууд хэлдэг дээ, бусдын эрхэнд жаргахаар өөрийнхөө эрхээр зов гэж. үүнээс харвал бид эртнээсээ хүний эрхийг хамгаалсан, хүний эрхийг шүтсэн үзэлтэй байсан.

-Манай улсад хүний эрх зөрчигдөх асуудал их байдаг. Сошиалаар сэтгэгдлээ илэрхийлж байгаа иргэдийн ихэнх нь ямар нэгэн байдлаар эрхээ хамгаалуулж чадахгүй байна гэдэг зүйлийг ярьдаг шүү дээ…?

-Том зургаараа Монгол Улсад хүний эрх хангагдахгүй байгаа хоёрхон шалтгаан байна. Тэр нь авлига, шударга бус байдал. Нүүрстэй холбоотой алдагдсан боломж гэхээр 17 их наяд төгрөгийн асуудлыг ярьдаг. Нүүрстэй холбоотой хулгайг 30, 40 их наяд төгрөгөөр ярьж байна. Нийгмийн шударга бус байдал буюу хууль гууль болчихсон ийм нөхцөлд хүний эрх уланд гишгэгдээд байна гэдэг зүйлийг ярихаас өөр аргагүй. Тэгэхээр хүний эрх гэдэг асуудлыг тусад нь авч үзэж байгаад сайжруулах гээд зүтгэх нь буруу. хуулийн засаглалыг хэлбэртэлгүй хэрэгжүүлэх, эдийн засаг буюу бизнесийнхээ орон зайг чөлөөтэй болгох гэх зэргээр салбар, бодлогын бүх түвшинд хүний эрхийг хангах, сайжруулах, баталгаажуулах асуудлыг авч үздэг байх хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын мөнгө мэддэг сайд хэн бэ?

УИХ-ын хууль зүйн байн-гын хорооны өчигдрийн хуралдаанаар АТГ-ын даргыг улираан томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Уг байнгын хорооны хуралдааны үеэр Уих-ын гишүүн Б.энхбаяр нэгэн ноцтой сэжүүрийг АТГ-ын даргын нүүрэн дээр хэллээ. Тэрээр “7.3 тэрбум төгрөгийн хэргээр ял авсан С.Батдөл ШШГЕГ-ын Богд уулын амралтын газар амарч, ялаа эдэлж байна. Засгийн газар энэ асуудалд яаж хандаад байгаа юм бэ. Энэ нөхрийг амрааж байна гэхээр түүний ард нэг сайд байна гэсэн үг. Бүр мөнгө мэддэг сайд байна. Өөрийг нь илчлээгүйн төлөө С.Батдөлийг Богд ууланд амрааж байгаа сайд байна гэсэн үг. Тиймээс эзнийг нь олж шийтгээрэй. эзэн нь тодорхой харагдаж байна” гэв.

Уих-ын гишүүн, хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн байнгын хорооны хуралдаан дээр ийнхүү айхтар мэдэгдэл хийлээ. Ял эдэлж буй этгээдийн ард сайд байна гэхээр мэдээж одоо байгаа хамтарсан засгийн газрын, тэр дундаа эрх баригч намын сайд энэхүү хэргийн эзэн нь болж таарч байгаа юм. үүнд сөрөг хүчин болох АН хамаагүй байх нь. Учир нь С.Батдөлийн энэхүү шуугиантай хэрэг гарах үед МАН дангаараа засгийн газраа бүрдүүлж байсан. хамгийн ноцтой нь энэхүү сэжүүрийг гаргаж байгаа Б.Энхбаяр гишүүн өөрөө энэхүү хэрэг ид мандаж байх үед хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан.

Өөрөөр хэлбэл, тус хэрэг гарах үеийн хуулийн салбарыг нь толгойлж байсан хүн өнөөдөр “С.Батдөлийн ард сайд байна. Мөнгө мэддэг сайд байгаа” гэж хэлж байгаа нь тун ноцтой сэжүүр юм. Юутай ч Б.энхбаярыг сайд байхад нэг танхимд байсан сайд нь энэхүү хэргийн эзэн нь болж таарах нь. Мөн тэрээр эзэн нь тодорхой харагдаж байна гэж хэлээд байна. Тэгэхээр МАН-ын мөнгө мэддэг сайд хэн бэ гэдгийг Б.Энхбаяр гишүүн өөрөө шууд хэлэх хэрэгтэй. Тэр үед нууж. Харин одоо сэжүүрийг нь өгч байхаар шууд хэлчих ёстой юм биш үү, Б.гишүүн ээ. Мөнгө мэддэг сайд гэхээр Ерөнхий сайд байж болно. Гэхдээ Ерөнхий сайд биш.

Учир нь одоо улираан томилох гэж байгаа АТГ-ын даргын үед, Л.Оюун-эрдэнийг Ерөнхий сайд байхад УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгчийг Эрүүгийн цагдаагийн газрын албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө ард нь байгаад өөрийнхөө хүнийг баривчлуулж, хулгай луйвар авлигыг нь нийгэмд дэлгэнэ гэж байхгүй.

АН-ын хувьд хамтрах нь битгий хэл, өөр хоорондоо учраа олох сөхөөгүй явж байсан үе. Тэгэхээр АН-аас биш гэдэг нь тодорхой. МАН-аас өөр хэн мөнгө мэддэг байж таарах вэ. Б.Энхбаярын байнгын хорооны хурал дээр ийм ноцтой мэдэгдэл хийхтэй бараг зэрэгцэн “С.Батдөл ШШГЕГ-ын 409 дүгээр ангид ял эдэлж байна. Б.Энхбаяр худал мэдээлэл тараав уу” гэх мэдээллийг цахимаар сэвээд эхэлнэ лээ.

Б.Энхбаяр гишүүний хөвүүлсэн утасны үзүүрийг олох угтаа амархан байх шиг. Энэ асуудалд АН сөрөг хүчний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Сайдыг хамгаалсан хүн амралтын газарт ял эдлээд, сайд нь сайдаа хийгээд явдаг байж болохгүй. Тиймээс энэхүү хэргийн эзнийг нэр устай нь олон нийтэд зарлах хэрэгтэй. Ард түмэн ч мөнгө мэддэг сайдыг хэн бэ гэдгийг нь зарлах хүртэл нь шаардах ёстой.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засагт хамтарсан нь зөв болжээ

УИХ-ын сонгуулийн дараа МАН олонх болж, АН хүчтэй сөрөг хүчний байр сууриа эргэн авсан. Хэрэв МАН дангаараа Засгийн газар байгуулсан бол хүчтэй сөрөг хүчний хараа хяналтан дор ажлаа явуулахаар байлаа. Эвгүйтвэл огцруулах хэм-
жээнд асуудал яригдана гэсэн үг. Эцсийн үр дүндээ энэ дөрвөн жилд ажил хийх, том төслүүдээ хөдөлгөх гэхээс илүү яаж Засгийн газраа бүтэн байлгах вэ гэдэг дээр эрх баригчид анхаарах байсан нь үнэн. Үүнээс харвал засагт хамтарсан нь болжээ. Хамтарсны хүчинд 14 мега төслөө зарлалаа. Хил холболтын төмөр зам, Үндэсний баялгийн сан, газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, ураны төсөл гээд мега төслүүд, бодлогын том өөрчлөлтүүд гацаанаасаа гарч, эхнээсээ хэрэгжээд явж байна. Үнэндээ улстөржиж, сандал суудлын хэрүүл хийж дөрвөн жилийг өнгөрөөж байхаар эдийн засагт нэмэртэй төслүүдээ хөдөлгөөд авсан нь эцсийн дүндээ ард түмэнд л ашигтай. Өнгөрсөн гучин жил хэрэлдэж, уралдаж, сандал суудлын хэрүүл хийсээр Монгол Улс Засагт хамтарсан нь зөв болжээхөгжсөн нь үгүй. Харин одоо улс төрийн намууд засагт хамтарснаараа ёстой хөгжлийн гараанаасаа бодитой хөдлөх шиг болж байна. Цаашид олон аж-
лууд явах боломж нь нээлттэй байгаа. Хил холболтын төмөр замын ажил эхэлснээрээ бусад бүх боомтуудын холболт дагаад хийгдэнэ гэсэн үг. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил одоо эхэлж байна. Цаашдаа Эгийн гол болон бусад сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хөдлөх боломж нь нээгдлээ. Ингэснээр Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа гараад зогсохгүй цахилгаан экспортолдог улс болно гэдэг мөрөөдөл бодитой биелэх боломж гарч байна. Цаашдаа босоо тэнхлэгийн төмөр замаа барих хэрэгтэй. Тавантолгойн дулааны цахилгаан станцаа босгох, зэс, ган боловсруулах үйлдвэрүүдээ
барих шаардлагатай. Эхнээсээ хэрэгжих боломжоо улс төрийн түвшинд болоод эдийн засгийн агуулгаар нээчихсэн учраас дээрх том төслүүд хамтарсан Засгийн газар байгаа л бол хэрэгжих нь тодорхой байна. Үүнд ард түмэн эргэлзэхгүй байгаа шүү. Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газар иргэдийн амьжиргаа, амьдралд шууд нөлөөлдөг эдийн засгийн боомио тайлах хэрэгтэй. Тухайлбал, ам.долларын ханшаа буулга, татвараа багасага, НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь болго. Тэртэй тэргүй та бүхний зарласан мега төслүүд хөдлөөд эхэлчихлээ. Хүссэн хүсээгүй эдийн засаг өснө. Валютын урсгал дотооддоо үлдэнэ. Ам.доллар их хэм-
жээгээр орж ирнэ. Тиймээс ам.долларын ханш буурах боломж бүрэн байна. Эдгээр асуудлууд эс хүссэн ч шийдэгдэх замдаа орсон. Тиймээс одоо иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнес хийх боломжийг нь бүрэн нээж татваруудаа эрс багасгах ажил үлдэж байна. Засагт хамтарсных татвар багасгах ажлаа нэн яаралтай зохицуулчих хэрэгтэй. Иргэд татварыг нэг хувь болгохыг бүрэн дэмжлээ. Одоо УИХ, хамтарсан Засгийн газар татвар бууруулах асуудлаа шуурхай бөгөөд бодитой хийх ёстой. Ингэж л засагт хамтарсныхаа олон давуу талыг ард түмэндээ түргэн шуурхай таниулах хэрэгтэй байна.
Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөшөөтийн уурхайгаас Халзан бүрэгтэй хүрэх Ховдын хөгжил зурайж байна…

Холын цэнхэр Ховдын хязгаарт амьдрал буцалж байна. Улаанбаатараас 1500 км-ийн цаана орших Ховд хот өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдсээр. Аливаа улсын хөгжлийн гол суурь нь эрчим хүч болон томоохон аж үйлдвэржүүлэлт. Хамгийн чухал нь эрчим хүч. Тэгвэл баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц энэ хавар бүтээн байгуулалтынхаа ажлыг эхлүүллээ. Мөн тус аймагт Хөшөөтийн нүүрсний орд газар бий. Уг уурхай үйл ажиллагаагаа явуулаад яг 10 жил болж байна.

Мэдээж эдийн засгийн үр өгөөжөө орон нутагт болон улсын төсөвт өгсөөр байгаа хувийн аж ахуйн нэгж. Тус уурхай ашиглалтад орж үр өгөөжөө өгсний хүчинд Ховд аймгийн эдийн засгийн эргэлт нэг их наяд төгрөгийг давсан. Цаашид ч энэ тоо өссөөр байна. Тус уурхайг түшиглэсэн дулааны цахилгаан станцын төсөл мөн энэ хавар эхлэх гэж байгааг аймгийн удирдлагууд ярьж байна. Үндсэндээ 2028 он гэхэд Ховд аймаг эрчим хүчний хараат байдлаасаа бүрэн гарч, улмаар бусад бүсүүд рүү эрчим хүчээ нийлүүлэх боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл, Ховд аймаг ойрын хэдэн арван жилдээ эрчим хүчний дутагдалд санаа зовхооргүй болсон гэсэн үг. Нэгэнт эрчим хүч нь байгаа учраас томоохон уул уурхайн болоод аж үйлдвэрийн төслүүдээ эрчимжүүлэх шаардлагатай. Учир нь эрчим хүчийг мах шиг хөлдөөгөөд хадгалж хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс эрчим хүчний хангалттай нөөц байгаа дээр үйлдвэр, уул уурхайн төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байгаа юм. Ингэснээр тус аймгийн эдийн засаг огцом нэмэгдэхээс гадна улсын эдийн засгийг өсгөх бодитой хөшүүрэг болно. Эдийн засаг өснө гэдэг тухайн газар нутагт оршин суугаа иргэдийн амьдралын чанар, бизнес хийх боломж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн үг. Хүний амьдралын чанар боломж нэмэгдэхийг л угтаа хөгжил гэж хардаг.

ИРГЭД НЬ ХҮСВЭЛ ОРОН НУТГАА ӨМНӨГОВЬ, ЭРДЭНЭТ ШИГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ АЙМАГ БОЛ ХОВД

Өмнөговь аймгаас Монголын эдийн засгийн ихэнх хувь нь бүрэлдэж байна. Улсын төсвийг бүрдүүлж байгаа томоохон уул уурхайн компани тус аймагт л үйл ажиллагаагаа явуулсаар. Монголын эдийн засаг буцалж байгаа тус аймагт тэр чинээгээрээ иргэдийнх нь амьжиргаа, орлого өндөр байдгийг бид мэднэ. Хэн хүнгүй өмнийн говийг чиглэж, бизнес, ажил хөдөлмөр эрхлэхээр зүтгэж байна. Өмнөговь аймагт үнэндээ энэ нь сум, тэр нь хот гэж хөгжлөөр нь ялгахад хэцүү болсон. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн тухайд юу ярих билээ. Олон жил Монгол Улсыг тэжээж, тэтгэж ирсэн. Яг үүн шиг Ховд аймаг улсынхаа, бүсийнхээ хөгжлөөрөө тэргүүлэгч, хүчирхэг эдийн засагтай тулгуур төв болоход ойрхон байна. Гагцхүү одоо яригдаж байгаа томоохон төслүүдээ зоригтойгоор хөдөлгөх л шаардлагатай. Тухайлбал, Халзан бүрэгтэй орд газар. Энэ орд газраа ховдчууд ашиглах хэрэгтэй. Юуны түрүүнд Халзан бүрэгтэй бол ураны орд газар огт биш гэдгийг орон нутгийн иргэд, малчид ойлгох шаардлагатай. Ураны орд байсан ч ашиглах нь зүйтэй. Учир нь уранаас хүн төрөлхтөн айж эмээдгээ болиод даруй 30, 40 жил болж байна. Сүүлийн үеийн уул уурхайн технологийн хөгжил та бидний мэдэхээс тэс өөр болсон. Саяхан УИХ-аар Францтай хийх ураны төслийн гэрээг зурсан. Одоо Улаанбадрах суманд байрлах ураны орд газарт уул уурхайн олборлолт явагдаж байна. Очоод үзвэл тоос шороо болсон том оврын автомашин нааш цааш шороо зөөсөн дүр зургийг лав бид олж харахгүй. Харин энд тэнд байх гүний худаг шиг хэдэн цооног л харагдана. Үнэндээ өнөө цагт нүүрсний уурхай шиг байгаль орчинд сөрөг нөлөөтэй уул уурхай гэж байхгүй болсон. Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж, уран, газрын ховор элементийн ордоо ашиглаж эхэллээ. Энэ утгаараа Халзан бүрэгтэй орд газар ашиглалтад орлоо гэхэд захын нүүрсний уурхайгаас хэд дахин бага, бараг л хүрээлэн буй орчин нөхцөлдөө сөргөөр нөлөөлөх зүйл байдаггүйг дэлхий дахинд явуулж байгаа энэ төрлийн уурхайн технологи бидэнд харуулж байна. Үүнд итгэхгүй бол интернэт, мэдээллийн эрин зуунд та нэг л үгээр хайж үзээд бүрэн төгс мэдээлэл авах боломжтой. Олон улсын туршлага ямар байдаг, энэ чигийн эрдэмтдийн хийсэн судалгаа нь юу байдаг гээд бүгдийг үзэж болно. Ийм байхад Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцэж байна гэж ярьж явахаасаа ичих хэрэгтэй. Ингэж ярьж байгаа хүнд наад захын физик, химийн мэдлэг, мэдээлэл алга байна. Магадгүй энэ чигийн мэдээлэлгүй байж болно. Мэдээлэлгүй бол мэдээлэл өгч буй мэргэжлийн хүмүүсийн судалгаа, шинжилгээ, тооцоололтой бодит мэдээллийг ойлгох ухаантай байх хэрэгтэй. Ойлгохгүй юм гэхэд хүлээж авах хандлагатай болчих ёстой. Харамсалтай нь орон нутгийн зарим иргэд энэ чигийн мэдээлэл авах нь битгий хэл тухайн газар нутагт нь хайгуулын үйл ажиллагаа явуулах гэсэн аж ахуйн нэгж рүү олборлолт хийж байна гэдэг байдлаар эсэргүүцэж, зөрчил үүсгэсэн. Энэ юу гэсэн үг вэ. Уран болон газрын ховор элемент битгий хэл хайгуул, олборлолт хоёроо ч ялгахгүй хүмүүс олон байна гэсэн үг үү. Улсын хөгжил хүнээсээ гэдэг үгтэй. Хүн гэдэг нь иргэн та гэсэн үг. Иргэн та л хүсэх юм бол хөгжил ирнэ. Хүсэхгүй бол ирэхгүй.

МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСДЭГГҮЙ МЭДЭЭЛЭЛГҮЙ ИРГЭД

Ховд аймгийн хувьд Хөшөөтийн нүүрсний уурхай 2014 онд ашиглалтад орж байсан. Тус уурхайг тухайн үед ашиглалтад оруулахыг ховдчууд мөн адил хүчтэй эсэргүүцэж байсан. Тэд Хөшөөтийн ордыг ашигласнаар Алтайн нурууны эко систем гэмтэж, Хөшөөт гол ширгэж, Сутай хайрхны ойр орчмын мал сүрэг, зэрлэг амьтад бэлчээрлэх, идээших боломжгүй болно гэж ярьдаг байв. Одоо тус уурхай ашиглалтад ороод бүтэн 10 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явууллаа. Уурхайн бүсээс бусад газар байгалийн эко систем ямар байсан яг тэр янзаараа л байна. Малчид нь уурхайн бүсээс гадна малаа маллаад, ан амьтад нь өндөр Алтай ууландаа амгалан тайван идээшиж л байна. Тоо толгой нь цөөрсөн, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн, эко систем ноцтой алдагдсан зүйл лав ажиглагдсангүй. Харин эсрэгээрээ Алтай, Дарви, Цэцэг гээд хаяа залгаа сумдын хөгжил, хүн ардынх нь амьжиргаа өнгөрсөн 10 жилд эрс дээшилсэн нь тоон үзүүлэлтээр тодорхой харагдаж байгаа юм. Мөн Ховд аймгийн эдийн засаг 1.2 их наяд төгрөгт хүрэхэд тус уурхайн эзлэх байр суурь чухал нөлөө үзүүлсэн байх. Одоо Ховд аймгийн ажиллах насны эрчүүдийн ихэнх нь “Хөшөөт рүү нэг автомашин оруулчих юмсан” гэсэн бодолтой явдаг болж. Энэ нь эдийн засгийн үр өгөөж нь өндөр байгаагийн илрэл юм. Ховдчууд бүгд нэг автомашин оруулах боломжгүй ч оруулаад амьдрал, амьжиргаагаа хүний зэрэгт хүргэчихсэн нь олон байна. Хөшөөт гол урсдагаараа урсаж, Сутай хайрхан, Алтайн нурууны мөнх цаст оргилууд алсаас дүнхийн харагдсаар. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг олон жил ярьсан. Олон ч жил нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч зогссон. Олон ч улстөрчид энэ сэдвээр улстөржиж, иргэдийн талд зогссон нэрийдлээр оноо аван тогтолт хийсэн. Үүнд цэг тавьж энэ хавар тус станцын ажил эхэллээ. Энэ мэт эсэргүүцэл ямагт л байдаг. Эсэргүүцэж байгаа иргэдийн буруу огт биш. Үнэндээ иргэдийн эсэргүүцлийн цаана нутгаа харамлах, хайрлах сэтгэл л ноёлж, оргилж байдаг. Харамсалтай нь энэ эсэргүүцэж байгаа сэтгэлийг нь өөрийн хувийн сонирхолдоо ашиглах хэсэг бүлэг хүмүүсээс болж асуудал болгон томорч, хөөсөрдөг нь үнэн. Яг ийм том хөөс Халзан бүрэгтэй дээр явагдаж байна. Яг одоогийн байдлаар Ховдын Мянгад сумын аль ч айл, хэнээс нь ч асуусан Халзан бүрэгтэйг ухуулахгүй, явуулахгүй л гэж байна. Яагаад гэхээр бид мэдээлэлгүй байгаа. Халзан бүрэгтэй буюу бидний хэлдгээр Хүрэн толгой хайрхнаа хүний гараар ухуулахыг хүсэхгүй байна гэдэг. Ухуулчихвал үр хүүхэд маань амьдрах нутаггүй болж, бүгд уранаар хордоно гэж ярьж байна. Тиймээс ухуулахгүй, үйл ажиллагаа явуулахгүй гэдэг хандлагаар хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Ураны орд биш ээ, уран байхгүй, энэ бол газрын ховор элемент. Олборлолт биш, хайгуулын ажил хийгдэж байгаа гэдэг мэдээллийг төслийн багийнхан иргэдэд өгдөг ч түүнийг нь огт хүлээж авах сонирхол алга. Өөрөөр хэлбэл, иргэд нь мэдээлэл авахыг хүсэхгүй атлаа мэдээлэлгүй байна гэдэг шалтгааныг хэлдэг гэсэн үг. Ийм нөхцөлд хуулийн дагуу зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгж яаж үйл ажиллагаагаа явуулах ёстой вэ. Энэ л гүрийсэн иргэд, гүтгүүлсэн аж ахуйн нэгжийн тархины түгжээ болчихоод байгаа юм. Энэ түгжээг тайлахын тулд иргэдтэйгээ нэн тэргүүнд ойлголцох л чухал. Түгжээг аж ахуйн нэгж талаас бус орон нутгийн иргэдийн талаас л эхэлж тайлж байж цаашаа асуудал цэгцэрнэ.

 

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон “Халзан бүрэгтэй” орд явах ёстой

Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга, Аймгийн Ардчилсан намын дарга М.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцаа.


-Хаврын дунд сар гарлаа. Танай нутгаар энэ жилийн хавар ямар аятай болж байна вэ. Малчдын хувьд төл аваад шувтарч байгаа байлгүй?

-Манай аймгийн нутгаар өнгөрсөн өвөл харьцангуй их дулаахан, малчдын маань ярьж байгаагаар өнтэй сайхан жил болж өнгөрлөө. Тиймээс хаваржилт одоогийн байдлаар айхавтар хүндэрсэн зүйл алга байна. Цаашид урин цаг, ирж яваа цаг болохоор удахгүй шинэ ногоотой залгаад хүн, малын зоо тэнийх байх. Яг одоогийн байдлаар мал төллөлт аймаг, орон нутгийн хэмжээнд орчим хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн мал тооллогоор Ховд аймаг нийт 3.5 сая мал тоолуулсан. Энэ жилийн хавар төл бойжилт өмнөх жилүүдээ бодоход сайн явагдах шинж харагдаж байна.

-Ховд аймгийн хувьд цаг агаар харьцангуй дулаахан, салхи шуурга тогтуун байх шиг байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг. Энэ жилийн тухайд танай аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил юу байна вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа 27 төсөл, арга хэмжээ үргэлжилнэ. Санхүүжилтээр нь тооцвол нийт 121 тэрбум төгрөгийн төсөвтэй. Харин орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Нөгөөтэйгүүр Ховд аймагт өрнөх хамгийн чухал томоохон бүтээн байгуулалтын ажил бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Удахгүй уг станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Эрчим хүчний хувьд ОХУ-аас баруун бүс хараат байдлаас гарахад энэхүү усан цахилгаан станцын хувь нэмэр их чухал гэж бид харж байгаа. Энэ утгаараа цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг явуулах тал дээр аймаг, орон нутгийн зүгээс чадах чинээгээрээ анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Ховд аймаг хогноосоо салах тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Үүнд орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг тусгасан. Мөн олон улсын байгууллагууд болон Европын сэргээн босголтын банк, Байгаль орчины яам дээр хэрэгжиж байгаа төслөөс илүү нэмэлт санхүүжилт босгож цогц байдлаар Ховд хотын хогны асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

-УИХ-ын хаврын чуулган эхэлчихсэн. Та бүгдийн зүгээс хаврын чуулганаар тойргийн гишүүдээрээ дамжуулан орон нутагтаа шаардлагатай байгаа эрх зүйн ямар өөрчлөлтүүдийг хийх бодолтой байгаа вэ?

-Тодорхой хуулийн төслийн санал одоогийн байдлаар явуулсан зүйл алга байна. Гэхдээ орон нутгийн хувьд бодсон, өөрчлөх ёстой эрх зүйн олон асуудал бий. Баруун бүсээс УИХ-д ард түмний төлөөлөл болж арван гишүүн сонгогдсон. Эдгээр гишүүд тойрог, бүсээрээ ирж ард түмнийхээ санал бодлыг сонсоод, холбогдох хуулийн төсөлдөө тусган ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр нэг зүйлийг таны асуулттай холбоотойгоор хэлье.

-Юу билээ…?

-Холбогдох хуулиудад зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага, асуудлууд орон нутгийн хувьд цөөнгүй бий. Өнгөрсөн жилийн хувьд улс төрийн хоёр том сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн үеэр ард түмэндээ авч хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байж сонгогчдынхоо итгэл, сонголтоор олонх болж гарч ирдэг. Тодорхой хэлбэл, өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонх болсон. Олонх болсон нам багаараа ажиллаж байж иргэд сонгогчдоо амласан амлалтандаа хүрч, бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадна. Гэтэл багаараа ажиллах тэр боломж нь эрх зүйн орчинд хаагдмал байгаа нь асуудал болж байна.

-Олонх болсон нам засаглах, удирдах түвшинд хүмүүсээ тавих нь улс төрийн тогтсон соёл байх. Гэхдээ бусад шатны төрийн албан хаагчдыг бүгдийг нь ялсан намын хүмүүсээр солих нь буруу байх л даа…?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Таны хэлдгээр бүх шатанд Ардчилсан намын хүн байх ёстой гэвэл энэ бол намчирхал. Үүнээс сайн зүйл огт гарахгүй. Тухайн ажлаа хийж чаддаг, мэддэг хүн бүхэн намаас үл шалтгаалаад ажлаа хийгээд явах ёстой. Үүнд миний хувьд хатуу зарчим баримтлан ажилладаг. Нөгөөтэйгүүр өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаараа олон жил засаглаад өөрсдийнхөө хүмүүсийг салбар бүрд байршуулсан талаар хэлж байна. Үүн дотор мэргэжлийн хүмүүс гэхээс илүү нам дагасан мэргэжлийн бус хүмүүс их байгаа юм. Эдгээр хүмүүсээ хуулиар хуяглаад хяналт, шаардлага тавих боломжгүй болгочихсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж чадахгүй байгаад нь хариуцлага тооцох боломжгүй болгочихсон гэсэн үг. Өөрчлөх ганцхан боломж нь өвчин туссан, нас барсан, өөрөө өргөдлөө өгснөөс бусдаар ажлаас нь чөлөөлөх ямар ч боломжгүй болгосон. Үүнээс болоод олон асуудал, маргаан өрнөж байна, орон нутагт. Тэгэхээр энэ чиглэлийн эрх зүйн орчныг бид эргэж харж, өөрчлөх шаардлага зайлшгүй бий болсон.

-Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт саад учруулж байна гэсэн үг үү?

-Түрүүний асуултад нэмээд хариулахад улс төрийн соёл харуулаад олонх болсон намдаа зайгаа тавьж өгөөд сайн дураараа явчихдаг болох хэрэгтэй. Гэтэл анхан шатны улс төрийн ийм соёл битгий хэл бодлого тодорхойлж байгаа намын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс зөрсөн, эсрэг явсан үйлдлүүд их байна. Ядаж урдах ажлаа сайн хийж чадахгүй байж хуулийн заалтаар түрий барьж сандал суудалтайгаа зууралдсан хүмүүс цөөнгүй байгаа юм. Ийм хандлагаас ажил, үр дүн гарна гэж байхгүй. Эцэст нь ард түмэн л хохирдог. Нөгөөтэйгүүр эдгээр хүмүүс сүүлийн найман жил албан тушаалтай зууралдсан. Үүний үр дүнд Ховд аймаг шударга байдлын үнэлгээгээрээ улсын хэмжээнд сүүлээсээ хоёрдугаар байрт орсон. Ингэж ажилласан хүмүүсийг шүүмжилж шүүмжилж иргэд сонголтоо сольсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд итгэл хүлээлгэж олонх болгосон. Гэтэл олонх болсон нам ажлаа хийе, өөрчилье гэхээр ажил хийж байгаа энэ хүмүүс нь солигдохгүй болохоор яаж бодитой үр дүн гаргах вэ. Нөгөөтэйгүүр зөвхөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, орлогч дарга гурвыг л солих гэж сонгууль хийсэн мэт агуулга харагдаж байгаа юм. Сонгууль гэдэг бол энэ нам бүх түвшиндээ болохгүй байна, тиймээс дараагийн улс төрийн хүчнийг гаргаж, олонх болгоё гэдэг агуулгаар явдаг болов уу. Ажилдаа хайнга ханддаг, шаардлага тавихаар биелүүлдэггүй, хариуцлага тооцохоор шүүхэддэг. Шүүхдээд явахаар эцэстээ шүүхийн шийдвэр иргэний талдаа гардаг. Улмаар нөгөө хүнээ буцаагаад ажилд нь авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Эргээд ажилдаа ирсэн хүн өмнөхөөсөө илүү хайнга, хариуцлагаггүй ажилладаг. Ийм нэг хуулийн заалтыг ашиглаж ажлыг цалгардуулдаг хүмүүс их байна.

-Гишүүдийн хувьд уг асуудалд анхаарч байгаа юу?

-Мэдээж зовлон, жаргалаа ойлголцож байж орон нутагтайгаа хамтарч ажиллах нь тодорхой. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гишүүдийн хувьд уг асуудалд анхаарч холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэж сонссон.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхэлнэ гэлээ. Ажил эхлэхэд асуудал байгаа юу. Станц хэзээ ашиглалтад орж эрчим хүчээ өгөх вэ?

-Төслийн үргэлжлэх хугацаа 3-4 жил гэж байгаа. Ер нь ирэх 2028 онд ашиглалтад орчих болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Өөр эрчим хүчний шинэ эх үүсвэр танай аймагт байгуулагдахаар байгаа юу?

-Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 100 Мвт-ын дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлнэ. Хөшөөтийн хувьд энэ жил дөрвөн сая тонн нүүрс экспортолсон. Уг станцыг барих ТЭЗҮ хийгдсэн. Дарви сумын нутагт байгуулна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд газар олгох хүсэлтээ илэрхийлээд явж байгаа. Эдгээр эрчим хүчний эх үүсвэрүүд бүрэн ашиглалтад ороод явбал баруун бүсэд, тэр дундаа Ховд хотод хөнгөн бөгөөд малын гаралтай түүхий эд боловсруулах олон үйлдвэрүүд шинээр бий болох нөхцөл нь бүрдэнэ. Дан ганц хөнгөн үйлдвэр ч гэлтгүй хүнд үйлдвэрүүд хөгжих боломжтой.

-Хөшөөтийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудалд тал талын байр сууриас хандах хүмүүс их. Яг одоогийн байдлаар тус уурхайн үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байгаа вэ. Цаашид үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, эдийн засгийн илүү өндөр үр өгөөжийг хүртье гэвэл яах ёстой вэ?

-Хөшөөтийн нүүрсний уурхай сүүлийн 10 жил үйл ажиллагаа нь тогтвортой явлаа. Ховд аймгийн эдийн засгийн эргэлтийг нэг их наяд төгрөгөд хүргэхэд уг уурхайн экспорт голлох байр суурийг эзэлнэ. Одоогийн байдлаар “Трампын 25 хувь” гээд нэрлэгдчихсэн татвар байгаа. Үүнээс шалтгаалаад БНХАУ-ын гангийн зах зээл тодорхой хэмжээгээр хумигдсан. Хятад улсын хувьд жилдээ тэрбум орчим тонн ган үйлдвэрлэдэг гэдэг. Үүнийгээ 50 сая тонноор бууруулахаар болсон гэж байгаа. Тэгэхээр Хөшөөтийн болон Монгол Улсаас авч байгаа нүүрсний экспортод төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу гэж харж байна. Гэхдээ үнийн хувьд бага зэрэг буурах байх. Одоогийн байдлаар нүүрсний үнэ 30-40 хувь хүртэл буурчихсан байна. Хөшөөтийн нүүрсний уурхайтай бид өнгөрсөн жил хамтран ажилласан гэрээний дүгнэлтээ дуусгасан. Одоо дахиад хамтран ажиллах асуудлаар ажлын хэсэг ид ажиллаж байгаа. Удахгүй уг гэрээг үзэглэнэ. Хөшөөт бол аж ахуйн нэгж. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар үнэ нь буурвал үйл ажиллагаа нь буурна. Эсвэл үнэ сайжирвал үйл ажиллагаа, үр өгөөж нь нэмэгдээд явах болов уу гэсэн бодолтой байна.

-Уул уурхайтай холбоотой өөр нэг том төсөл бий. Тэр нь Халзан бүрэгтэй. Яг одоогийн байдлаар уг төслийн үйл ажиллагаа ямар шатандаа яваа бол. Иргэдийн эсэргүүцэл, ойлголцол ямар байна вэ?

-Дэлхий нийтээрээ хамгийн их сонирхож байгаа уул уурхайн бүтээгдэхүүн бол киритекал менериал буюу энэхүү газрын ховор элемент болчихсон байна. Салбарын сайд Ц.Тувааны хувьд ч энэ талаар тодорхой хэлсэн байна лээ. Нөгөөтэйгүүр газрын ховор элементийг ашиглах асуудал нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын бодлогод орчихсон байгаа. Энэ утгаараа улсын хэмжээнд зургаан тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд байдаг гэж ойлгосон. Үүнээс хамгийн том нь манай аймагт байх Халзан бүрэгтэй орд газар. Уг орд газарт өмнөх Засаг дарга Э.Болормаагийн үед хайгуулын ажил эхлээд явсан юм билээ. Ингээд өнгөрсөн намар тухайн орд газар дээр иргэд, аж ахуйн нэгж хооронд хүчтэй маргаан өрнөсөн. Маргаан өрнөсөн учраас миний хувьд аймгийн Засаг даргын захирамж гаргаж уг хайгуулын үйл ажиллагааг зогсоосон байсан. Гэхдээ энэ бол Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудал. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдаар батламжлуулан үүрэгт ажилдаа ордог аймгийн Засаг даргын хувьд Засгийн газрын бодлого, шийдвэрийг дагахаас өөр сонголт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй хүн гэсэн үг. Хоёрдугаарт, тухайн орон нутагт болон аймаг, цаашлаад Монгол Улсын эдийн засагт үсрэнгүй хөгжил авчрах энэ салбарыг гацааж, зогсоох нь учир дутагдалтай гэж боддог.

-Халзан бүрэгтэйг эхлүүлье гэхээр ойр орчим байгаль, хүн, малд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг байдлаар иргэд эсэргүүцдэг. Гэтэл уг асуудлыг дэмжиж байгаа нэгнээ ч нутаг орноо сөнөөх гэж байна гэж харах, шүүмжлэх хүмүүс их байна л даа…?

-Ард түмнийхээ эрүүл мэндийг хохироочихъё, мал сүргээ өвчлүүлчихье, хүрээлэн байгаа орчныг хордуулчихъя гэдэг сэтгэлгээтэй Засаг дарга битгий хэл нэг ширхэг монгол хүн ч байхгүй болов уу. Нөгөөтэйгүүр УИХ-аас өнгөрсөн намрын чуулганаараа Оронагийн төслийг дэмжиж, одоо Улаанбадрах суманд уг ордын үйл ажиллагаа эхлээд явж байна. Үүнтэй холбоотойгоор уран болон газрын ховор элемент хоёрын ялгаа юу вэ гэдэг мэдээллийг ард түмэнд эхнээс нь өгөх шаардлагатай байсан. Энэ мэдээллийг л эхнээс нь үнэн зөв өгөөгүйд өнөөгийн эсэргүүцэл өрнөж байгаа шүү. Халзан бүрэгтэй гэдэг цэвэр ураны орд газар огт биш. Энэ утгаараа иргэдэд зөв мэдээлэл өгөх, газрын ховор элемент гэж чухам юу болох талаар ойлголтоо сайн өгөх хэрэгтэй гэдгийг холбогдох аж ахуйн нэгжид нь хариуцлагатай хэлсэн. Аймгийн Засаг даргын хувьд ч уг асуудлаар ойлголт мэдээлэл аль аль талдаа авах ёстой гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулж өгсөн байгаа. Ажлын хэсэг хоёр ч удаа хуралдсан. Ажлын хэсэгт тэмцээд байгаа тэмцэгчид, ард түмний төлөөлөл, сум, орон нутгийн төлөөлөл, аж ахуйн нэгж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачид, хөндлөнгийн шинжээчид гэх мэт олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн гол зорилго нь аль аль талдаа мэдээллийг зөв бодитойгоор ойлгох, ойлголт авахад чиглэгдэж байгаа юм.

-Газрын ховор элемент гэдэг нь таны ойлгож байгаагаар яг юу байх шиг байна вэ?

-Нэг зүйлийг би ч, тэр иргэд ч тэр сайн мэдэж байгаа. Тэр нь эдийн засгийн үр өгөөж нь асар өндөр байх юм гэдгийг. Нөгөө талдаа дэлхийн газрын ховор элементийн зах зээлийг БНХАУ бүрдүүлдэг. Саяхан шуугиан болоод байгаа Украины ерөнхийлөгч болон АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалт энэхүү газрын ховор элементтэй холбоотой байлаа. Дэлхийн том аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж байгаа ганцхан зүйл нь энэ байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ газрын ховор элементийн эрэлт, нийлүүлэлтийг сонирхон судалж анхаарч байна. Мөн уг элементүүд орчин үеийн үсрэнгүй хөгжиж байгаа технологийг дагаад эрэлт нь өдөр ирэх тусам өсч байгаа юм. Цахилгаан автомашинаас эхлээд дижитал техник технологи бүрд мөн сэргээгдэх эрчим хүчний хураагуурт газрын ховор элементүүд ашиглагдаж байна. Тиймээс бид дэлхийн анхаарлын төвд байгаа зах зээлээс боломжоо ашиглан оролцох нь чухал. Хоцорч лав болохгүй.

-Ард түмэн мэдээлэлгүй байна гэдэг. Мэдээлэл өгье гэхээр хүлээн авах дургүй байгаа юм биш үү. Мөн мэдээлэлтэй болъё гэсэн хандлага сул байх шиг санагдсан…?

-Аймгийн Засаг даргын хувьд ард иргэдээ үнэн зөв мэдээлэлтэй байгаасай л гэж хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг хүлээн авчихаад нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх ёстой байх аа. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр попорсон нөхдүүдийн үгээр үг хийгээд яваад байж болохгүй. Нөгөө талдаа хуулиараа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ажилд саад учруулах, зогсоох эрх сумын Засаг дарга ИТХ-ын даргад болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт байхгүй шүү. Тиймээс цаашид хуулийн хүрээнд ажлаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох боломж байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

-Хөшөөт, Эрдэнэбүрэн гээд томоохон уул уурхай болон бүтээн байгуулалттай холбоотой төслүүд эхлэхдээ олон жил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Энэ удаагийнх нь Халзан бүрэгтэй болж байх шиг. Эцэстээ ажлууд нь эхлээд үр өгөөжөө өгөөд явдаг. Наад зах нь Хөшөөт арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, аймгийн эдийн засгийг нэг их наяд төгрөгт хүргэхэд том байр суурь эзэлж байна гэж та хэлсэн шүү дээ. Тэгвэл энэхүү эдийн засгийн эргэлтийг хоёр их наяд хүргэх, бүр хорь, гучин их наяд хүргэхийн тулд эрчим хүч болоод уул уурхайн том төслүүд хэрэгжих л шаардлагатай байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Хөшөөтийн уурхай 2014 онд анх үйл ажиллагаа нь эхэлсэн. Тэр үед миний хувьд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байлаа. Мөн л тухайн үед иргэдийн мэдээлэл дутуу, ойлгодоггүй байсан. Олон өдрийн хурал, уулзалт, мэдээлэл өгөх ажлын үр дүнд иргэдтэйгээ ойлголцож уг төслийг эхлүүлж байсан. Одоо Ховдын ард түмэн “Хөшөөт рүү нэг автомашин оруулчих юмсан” гэсэн яриатай л болчихсон явж байгаа. Энэ нууц биш. Үр өгөөжтэй болохоор, иргэд орох боломжтой болохоор л ийм яриаг хэн хүнгүй ярьж явдаг байх. Тэгэхээр одоо 10 жилийн дараахь өнцгөөс нь эргээд би харахад тухайн үед зөв шийдвэр гаргасан нь нотлогдож байгаа юм. Ард түмэн эсэргүүцдэг. Гэхдээ л ойлголцдог. Зөв ойлголтод хүрдэг юм шүү. Эрдэнэбүрэн ч ялгаагүй. Нэг хэсэг малчдын өвөлжөө хаваржаа сөнөлөө л гэж ярьж байсан. Аль аль талдаа мэдээллээ солилцоод, ойлголцолд хүрсэн. Өнөөдөр ажил нь эхлээд явж байна. Үүнтэй адил Халзан бүрэгтэй асуудал зарчмаараа явагдаж байгаа. Иргэд мэдээлэлгүй болохоор мэдээлэл авахын тулд эсэргүүцэж байгаа юм. Мэдээллийг нь, ойлголтыг нь зөв өгчихвөл энэ төсөл мөн адил хэрэгжээд л явна. Эцэст нь Ховдын ард түмэн, цаашлаад улс даяараа үр өгөөжийг нь хүртээд явах болно.

-Аливаа газар оронд эхэлсэн том төслийн үр шимийг нийтээрээ хүртэх нь тодорхой байх. Гэхдээ тухайн нутаг орны иргэд илүү үр өгөөжийг нь хүртдэг байх асуудлыг хэн хүнгүй ярьж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Энэ зөв зарчим. Халзан бүрэгтэйн асуудал явна. Энэ жилийн тухайд хайгуулын ажил нь хийгдээд ирэх жилээс ашиглалтад ороод явлаа гэж бодъё. Тэгвэл үр шимийг нь Ховдын ард түмэн хүртэх ёстой шүү. Олон угсаатны өлгий ховдчууд, тэр дундаа мянгадчууд уг ордын үр шимийг хэн хүнээс илүү түрүүлж хүртэх ёстой. Үүнийг миний хувьд төслийн багийнханд байнга хэлж байгаа цаашид ч хэлсээр байх болно. Үнэхээр төрсөн нутаг нь өвөлжөө, хаваржаа нь байдаг гэдэг нь тодорхой. Энэ хүмүүс бүр илүү үр шимийг нь хүртэх ёстой. Ийм орд газруудаа том төслүүдээ хөдөлгөж байж сум орон нутаг улс орон хөгждөг. Гэтэл Халзан бүрэгтэйгээс цэвэр уран олборлох гэж байна, уран гаргаад бүгдийг нь хордуулах гэж байна гэдэг цуурхал бол монголчуудын эсрэг явуулж байгаа, зөвийг буруу болгож, энэ ядарсан амьдралаас шим шүүсийг нь хүртдэг хоосон сэтгэлтнүүдийн хортой үйлдэл шүү. Аливаа хөгжлийн эсрэг явж байгаа ард түмнийг ядуу амьдруулах хүсэлтэй, түүндээ хүрэхийн төлөө ард түмний нутгаа гэсэн сэтгэлийг ашиглагчдын худал ташаа үгэнд битгий автаарай гэж хүсье. Бид бүхэн хуулийн дор амьдардаг. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон энэхүү Халзан бүрэгтэй орд явах ёстой шүү гэдгийг аймгийн Засаг даргын хувьд ард түмэндээ хариуцлагатай хэлж байна.

Э.МӨНХТҮВШИН