Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Пүрэвдаваа: Татвар нэмэхгүй гэж санал авчихаад нэмнэ гэдэг Эрүүгийн хуулиар бол хууран мэхлэх, залилах гэмт хэрэг

Улсын Их хурлын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн төлөөлөл Д.Пүрэвдаваагаас D-Parliament, нийтийн өргөдөл, гомдлын үр дүнгийн талаар тодрууллаа.


-Иргэд D-Parliament сайтад санал гаргаж, түүнийг нь 33 мянган хүн дэмжсэн тохиолдолд УИХ-ын бүтэц байгууллага авч хэлэлцдэг, 100 мянга хүрвэл чуулганаар асуудлыг оруулдаг болсон. Харамсалтай нь нүдэнд харагдахаар үр дүн гарахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, хувь иргэнийхээ хувиар ч тэр, УИХ-ын гишүүний хувиар ч D-Parliament гэсэн энэ платформыг зөв гэж хардаг. Учир нь мэдээллийн ил тод байдал, нийгэмд нээлттэй байна гэдэг маань өөрөө зөв зүйл байхгүй юу. Харин тэр нь 33 мянга, 100 мянган хүн дэмждэг байх уу гэсэн тоо бол дараагийн асуудал. Тоог нь бууруулж, эсвэл өсгөж болно. Ямар нэгэн асуудлаар D-Parliament дээр санал гаргаад иргэд саналаа өгч байгаа нь л хамгийн чухал. Гэхдээ гол нь үр дүн гээд байна. Жишээлбэл, гол асуудал болоод байгаа автомашин болон тээврийн хэрэгслээс авч байгаа татварын хэмжээг гурав дахин нэмсэн асуудал байна. Үүн дээр 33 мянган иргэн санал өгөөд ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие тэр ажлын хэсэгт нь байгаа. Гэвч үүн дээр хоёр зүйл болж байгаа юм.

-Тэдгээр нь юу вэ?

-Одоо байгаа хуулийнхаа хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу тухайн аймаг, нийслэл ИТХ-аараа шийдвэрээ гаргана. Харин хуульд дээд хязгаарыг нь л заагаад өгчихсөн. Тийм болохоор дээд хязгаарт нь тулгаад хуульд заасан эрх, хэмжээнийхээ хүрээнд татварыг нэмэх шийдвэрийг нийслэлийн ИТХ гаргачихсан. Энэ нь хууль зөрчөөгүй юу гэвэл тийм. Нөгөө талдаа 33 мянган иргэн санал өгч дэмжсэн учраас ажлын хэсэг байгуулагдаад энэ юу болчихсон юм бэ гээд явах нь УИХ-ын ажил. Үүнийгээ ч хийж байна. Харин энэ хоёрын гол шийдэл нь ямар үр дүнгээр илрэх вэ.

-Харин олигтой үр дүн гэхээр зүйл гарахгүй. Хуулийн боломжгүй гэсэн тайлбарыг өгч байсан л даа?

-Автомашины татвар буюу нийгэм рүү чиглэсэн, олон нийт дагаж мөрдөх хэм хэмжээ гэдэг асуудал байна. Энэ шийдвэр таалагдахгүй байна гээд 33 мянган хүн байр сууриа илэрхийлчихсэн. Уг нь Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу нийслэлийн ИТХ хурал маань сонсох ажиллагаа, санал асуулга явуулах, ил тодоор мэдээллэх байтал үүнийгээ хангалтгүй хийсэн юм байна л гэж ойлгосон. Гэхдээ яг процессын алдаа гарч уу, үгүй юу гэдгийг дараа нь албан ёсоор дүгнэж гаргах байх.

-Татвар нэмэх гэж байгаагаа иргэдээсээ асуугаагүй гэсэн үг үү?

-Асуусан байгаа юм, уг нь. Гэхдээ зөвхөн сайт дээр л тавьсан болоод л өнгөрсөн. Тэр үед нь ердөө хоёрхон хүнээс санал ирсэн байгаа юм. Ингэхээр нөхдүүд сайн сурталчилгаа хийгээгүй хэрэг. Зарим тохиолдолд хотын дарга Х.Нямбаатар бол асуудлуудыг өөрөө лайв хийж хүртэл олон нийтийн анхааралд оруулдаг. Гэтэл яг татвар нэмэх асуудал дээр тэгээгүй. Дээрээс нь тухайн үе нь шинэ жилийн өмнөхөн таарсан. Олон нийтийн анхаарал сарнисан, давхардсан үе таарч, нийгэм рүү чиглэсэн ажлаа хийгээгүй юм байна л гэж би ойлгосон.

-Ингэж сурталчилж таниулаагүй нь нууцаар хийж байгаа хэлбэр мөн үү?

-Нууц гэж хэлэх нь ч хаашаа юм. Тэгэхээр одоо ямар сонголт байна вэ. УИХ шууд орон нутгийн хэм хэмжээг зогсоож чадахгүй. Харин тэр татварын хэмжээний дээд хязгаарыг нь буулгаж болно. Гэвч Их хурлаар хэлэлцэгдээд нэлээд хугацааны дараа хуульд өөрчлөлт оруулж, татварын дээд хязгаарыг буулгалаа гэж бодъё. Нэг үгээр бол жишээ татахад 33 төгрөг авч байсныг 99 төгрөг болгочихсон. Үүнийг нь буцаагаад 33, эсвэл 44 болголоо. Ингэлээ гэж бодоход хууль хэрэгжиж байсан үеийн үр дүнг яах юм. Энэ татвараар чинь орлого орж ирнэ гэж төлөвлөөд төсвөө баталчихсан, бүх зүйл нь яваад эхэлчихсэн байгаа. Тийм болохоор УИХ одоо яах ёстой вэ гэхээр иргэдийн энэ санал дээр яаралтайгаар холбогдох хуулиудын хэрэгжилтийг түр зогсоох нь л хамгийн үр дүнтэй арга болчихоод байгаа юм. Ажлын хэсгээс одоо ИТХ, олон нийтэд танилцуулаад явах ёстой. Тийм болохоор хамгийн эхэнд асуусанд тань хариулахад D-Parliament байгуулагдсан. Иргэд саналаа өгч байна. Ажлын хэсэг байгуулагдсан гээд тодорхой хэмжээний үр дүнгүүд гарч байна.

-Үр дүнг нь илүү сайжруулж, богино хугацаанд шийдвэрт хүрдэг, санал гаргасан иргэдийнхээ талд шийдвэр нь гардаг болгохын тулд цаашид юун дээр анхаарах ёстой вэ?

-Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нийгэм рүү чиглэсэн, хэм хэмжээг тогтоосон, ялангуяа татвар нэмэх, төсөв зэрэг асуудлуудаар олон нийтээс санал авдаг. Үүнийгээ олон нийтэд сайтар таниулж сурталчилдаг болгох ажлыг УИХ хийх ёстой гэж би ойлгоод байгаа. Ер нь УИХ бол ямар ч байсан үүд хаалга нь нээгдэж байна. Үүнтэй адил аймаг, нийслэл, орон нутагт үүн шиг л болох хэрэгтэй. Нэг нь үүдээ нээчихээд байхад нөгөөдүүл нь хаалттай байгаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр чинь л уялдаа холбоогүй болчихоод байгаа юм. D-Parliament шиг үйл ажиллагаа аймаг, орон нутагт хуульчилж өгөх ёстой юм байна. Ингэхдээ хугацаа, тоо хэмжээ, процессыг нь маш нарийвчилж зааж өгөх ёстой.

-Улсын орлого багассан, инфляц нэмэгдсэн, ам.долларын ханш өссөн ийм үед татвар нэмсэн нь, нэмэх нь ер нь зөв юм уу?

-Татвар болгон өөрийн зорилготой. Автомашины татвар бол Замын санд ордог тусдаа хуультай. Гэвч татварыг нэмэхгүй гэж хүмүүсээс саналыг нь авчихаад нэмчихнэ гэдэг чинь Эрүүгийн хуулиар бол хууран мэхлэх, залилах гэмт хэрэг шүү дээ. Ингэж үзвэл МАН хуурах мэхлэх замаар сонгуульд ялсан байна гэж хэлж болохоор болчихоод байгаа юм. Энэ нь тэгвэл юугаар нотлогдож байгаа юм. Тэд урьдчилан төсөөлж чадах байсан уу, байсан. Учир нь тэд эрх барьж байсан. Дарга нарт төсвийн, хүний нөөций, тусгай зөвшөөрлийн гэсэн гурван эрх мэдэл байдаг. Эрх мэдлээ дээшлүүлэхийн тулд төсвөө нэмчихэж байна. Үүнийг нь дагаад татвар нэмэгдэнэ. Ингээд төрийн албаа улам данхар болгоод хүний нөөцөө нэмчихэж байна. Хэдхэн жилийн өмнө 10, 20 агентлагтай байсан бол одоо 70, 80 агентлаг, 400 гаруй үйлдвэрийн газартай болчихлоо. Сонгуульд маш их хүн ажиллуулж, тэдгээрийгээ цалинжуулах арга зам нь энэ болчихоод байна. Үүний сүүдэр л татвар хэлбэрээр ард түмний нуруун дээр буугаад байгаа юм.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ спорт

Хакухо Даваажаргал: Гурван монгол аварга төрүүлсэн багш маань “Алтан гадас” одонгоор шагнагдаж, өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэхээр ирсэн

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал эх орондоо иржээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Япон улсын иргэн, мэргэжлийн сумо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд Асахифүжи Сүгиномориг өөрийн багш хэмээн хүндэтгэн үздэг учраас өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байна. Энэ үеэр нь түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эх орондоо хэзээ ирэв. Ямар ажлаар ирсэн бэ?

-За, танай сониноор дамжуулан нийт монголчууддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Эх орондоо өнөөдөр (өчигдөр) ирлээ.

Багш маань төрийн дээд Алтан гадас одонд тодорхойлогдоод гардан авч байгаа. Тиймээс багшдаа энэ сайхан өдөр нь өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэхээр ирээд байна.

-Багшийнхаа талаар уншигчдад маань танилцуулахгүй юу?

-Харүмофүжи Д.Бямбадорж аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга болон надад багшилж, гурван аваргыг төрүүлсэн, Монголын нэрийг Япон төдийгүй дэлхийд гаргасан хүндтэй багш маань төрийн хүндтэй сайхан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байгаад нь баяртай байна. Асахифүжи Сүгиномори багш маань одоо ирэх долдугаар сарын 6нд тэтгэвэртээ гарч, 65 нас хүрч байгаа.

Миний хувьд 2007 онд аварга болсон. Аваргын ёсолгоо чинь хоёр хэлбэртэй байдаг. Бид хэд нэг гал болж явдаг байсан. Хоёр гараа дэлгэж хийдэг аваргын ёсолгоог би энэ багшаасаа өвөлж авч, заалгаж хийж байсан түүхтэй. Ийм ач буянтай багш минь байгаа юм. Мөн анх 25 жилийн өмнө манай улсад өөрөө ирж монгол хүүхдүүдийг барилдуулж, Харүмофүжи аваргыг сонгож авч байсан. Тийм болохоор энэ багшийн маань нүд нэгэн монгол аваргыг маань их сайн таньсан байгаа юм. Тэр жааханд нь сонгож авч, гурвын гурван монгол аварга төрүүлсэн ач буянтай хүн. Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан талийгаач С.Хүрэлбаатар сайд маань “Миний элчин сайд яах вэ, манай сумогийн хэдэн хүүхдүүд маань л биднээсээ илүү Элчин сайдын үүргийг гүйцэтгэж байгаа. Жинхэнэ гүүр болсон” гэж хэлдэг байсан.

-Та эх орондоо хэд хонох вэ?

-Багшдаа хүндэтгэл үзүүлэхээр хоёр хоногийн хугацаатай л ирсэн.

-Багшийгаа дагуулаад аавынхаа нутгаар явах уу?

-Тэр талаар төлөвлөөгүй. Зав тун хомс байгаа.

-Таны хувьд дэвжээгээ удирдахаас гадна ойрд юу хийж байна вэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сард олон улсын “Хакухо кап” хүүхдийн тэмцээн маань амжилттай болж, нийт 15 улсын 1100 хүүхэд оролцсон. Шинээр гэвэл Шотланд, Киргиз, Азарбайжан, Узбекистан зэрэг улсуудаас хүүхдүүд ирсэн. Ер нь сонирхогчийн сумо бөхөд 84 улс орчихсон байдаг юм билээ. Хүүхэд, залуучууд ч их сонирхож байгаа. Хэрвээ сонирхогчдын сумо бөх олимпийн наадамд орох юм бол монгол залуучуудаас маань олимпийн аваргууд төрөх байх гэж бодож байна.

-Монгол аваргуудыг сонгож авсан шиг таны хувьд хүүхдүүдээс сонгож авдаг уу. Цаашид яг өөрөө гардан бэлдэх бодол байгаа юу?

-Тэгэлгүй яахав, “Хакухо кап” тэмцээнд ирж байгаа хүүхдүүд маань 300 гаруй хүүхдээс шилдэг найм нь ул сын аваргаа хийгээд ирж байгаа шүү дээ. Сая багийн барилдаанд мөнгөн медаль авсан. Ганцаарчилсан барилдаанд ч маш амжилттай орж байгаа. Зөвхөн Япон гэлтгүй олон улсын багш дасгалжуулагчид яагаад мон гол хүүхдүүд ийм сайн байна вэ гээд судалж байна.

-Дараагийн монгол аваргад та хэн гэдэг бөхийг харж байна вэ?

-Сумо бөх 1500 жилийн түүхтэй. Харин өнөө жил Сумогийн холбоо гэдэг зүйл бий болоод 100 жилтэйгээ золгож байгаа аж. Энэ ойн жилийнх нь нэг сард Тэрүнофүжи аварга зодог тайлахад дараагийн монгол аварга Хошорюү маань 74 дэх нь болж залгалаа. Тэгэхээр энэ мэтчилэн дараа, дараагийн аваргууд төрөн гарах байх. Ер нь аваргагүй байна гэдэг чинь Сумогийн холбоонд алдагдалтай гэх юм уу, сонирхолгүй байдаг. Аваргын ёсолгоо гэдэг чинь маш олон утга агуулгатай байдаг.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Аубакир: Машины татварыг гурав дахин нэмсэн нь хууль өөрчлөх түвшинд очоогүй гэж үзэж байгаа

Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл тус ажлын хэсгийн анхдугаар хурал өчигдөр болсон юм. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аубакираас энэ талаар тодрууллаа.


-Тээврийн хэрэгслийн татварын асуудлыг судлах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар ямар шийдвэр гарсан бэ?

-Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Энхтөрийн Батбаяр өнгөрсөн сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлснийг цуцлах талаар санал гаргасан.

Улмаар энэ саналыг нь 33042 иргэн дэмжсэн болохоор нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Миний бие ажлын хэсгийг ахалж байна. Харин гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар багтаж байгаа. Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (өчигдөр) боллоо. Мөн нийслэлээс Тамгын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцсон. НИТХ маань уг шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийг үндэслэж гаргасан байгаа юм. Нэгэнт иргэнээс санал гараад, түүнийг нь 33 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан учраас УИХ-ын бүтэц байгууллага заавал авч хэлэлцэх ёстой байдаг. Энэ хүрээндээ бид авч хэлэлцсэн. Гэвч УИХ шууд Иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд шууд халдах эрх зүйн боломж байхгүй.

Мөн ганцхан нийслэл биш Хөвсгөл, Төв аймгууд авто тээврийнхээ татварыг нэмсэн байгаа юм билээ. Татварыг нэмж болно. Гэхдээ ажлын хэсгийн гишүүдийн ярьж байгаа зүйл бол гурав дахин нэмэгдүүлчихсэн нь нийгмийн сэтгэл зүйд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг нийслэлийнхэндээ сануулсан. Хоёрдугаарт, Д.Пүрэвдаваа гишүүний гаргасан саналаар тухайн татвар нэмэх ИТХын хуралдаан нь өөрөө процессын алдаа гаргасан юм биш байгаа. Тийм учраас хуралдааны процессын бичиг баримтыг нь авч үзье гэж шийдвэрлэсэн.

-Процессын алдаа гэдэг нь юуг хэлж байна вэ?

-ИТХ нь хэлэлцэж байгаа асуудлынхаа талаар нийтэд таниулж, сурталчилсан юм уу. Бид нэмэх гэж байна. Ер нь нэмэх нь зөв үү, буруу юу гэсэн санал асуулга явуулсан уу гэдэг процессынх нь бичиг баримтыг үзье гэж байгаа юм. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар нийслэлийнхэндээ тийм үүрэг өглөө. Энэ долоо хоногтоо багтаагаад шийдвэр гаргана. Гэхдээ нийслэлийн ИТХ-ын хуралдааны шийдвэрийн зөв, бурууг хэлэлцэх байгууллага УИХ-ын бүтэц байгууллага бас биш. Ямар нэгэн алдаа гаргасан юм биш байгаа гэдгийг л бид авч үзэх юм. УИХ-ын бүрэн эрх бол хууль тогтоох, мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байдаг. Энэ хүрээндээ бид тухайн ИТХ-ын хуралдаан нь процессын алдаа гаргаж уу, үгүй юу гэдгийг нь авч үзнэ. Гэсэн ч шууд чиглэл, зөвлөмж өгөх хууль эрх зүйн боломж байхгүй. Улсын Их хурлын тухай хуулийн дагуу нэгэнт 33 мянган иргэний гарын үсэг ирчихсэн учраас бид авч хэлэлцэх ёстой. Ингээд энэ долоо хоногтоо дүгнэлтээ гаргахаар ажил лаж байна. Үүний дараа дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулна. Харин байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд танилцуулах процесс явна.

-Процессын алдаа гаргасан байсан ч ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шийдвэрийг нь хүчингүй болгуулах боломжгүй юм уу?

-Хууль эрх зүйн хувьд тийм боломж байхгүй. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ганцхан л зам байгаа. Гэхдээ үүндээ тулахгүй байх гэж бодож байна. Нийслэлийн ИТХ маань эхэнд дурдсан гурван хуулийг үндэслээд шийдвэрээ гаргачихсан учраас тус шийдвэрийг нь УИХ хүчингүй болгох ямар ч боломж байхгүй.

-УИХ-ын чуулганаар хэлэлцээд ч гэсэн нийслэлийн ИТХ-д зөвлөмж өгч болохгүй юу?

-Хуулиараа боломж байхгүй. Харин бид Засгийн газарт чиглэл өгөх боломжтой. Түүнээс биш нутгийн өөрөө удирдах байгууллагад УИХ-аас шууд зөвлөмж өгөх боломжгүй. УИХ-аас баталсан хуулийн хүрээнд тэр ИТХ маань шийдвэр гаргасан учраас бас хууль зөрчөөгүй байгаа юм.

-Тэгвэл иргэдээс санал гаргаад түүнийг нь олон мянган иргэн дэмжээд УИХ хэлэлцэх хуультай болсон. Гэтэл таны хэлж байгаагаар тухайн хүмүүсийн хүсээд байгаа шиг цуцлах, хориглох шийдвэр гаргаж болохгүй юм байна. Тэгэхээр нийтийн өргөдөл, гомдол чинь ямар нэгэн үр дүнгүй болчихоод байгаа юм биш үү. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Нийт 33 мянган хүн гарын үсэг зурсан бол Байнгын хороо авч хэлэлцэнэ гэдэг чинь бас нэг гаргалгаа. Үнэхээр амьдралд нийцэхгүй шийдвэр байна. Хууль бусаар татварыг нэмчихлээ гэж үзэх юм бол бид хуулийг нь өөрчлөх боломж байгаа. Гэхдээ хууль өөрчлөх түвшинд очоогүй гэж үзэж байгаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ улс-төр

Ж.Галбадрах: Боловсролын реформ гэдэг бол сургуулийн реформ юм. Төрийн өмчийн сургуулиудад реформ хэрэгтэй байна

Улсын Их хурлын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.


-Боловсролын яамнаас Шинэ Монгол сургууль руу мөнгө шилжүүлсэн. Үүнд нь таныг нөлөөлсөн гэдэг зүйл яригдаад байсан. Та тайлбар өгөхгүй юу?

-Шинэ Монгол сургууль руу ямар ч мөнгө шилжиж ороогүй. Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв төрийн бус байгууллага нь Монголын төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах төслийн гурав дахь үе шатыг хэрэгжүүлж байгаа юм. Өмнө нь хоёр үе шатыг төрийн өмчийн сургуулиуд дээр амжилттай хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх үед нээлттэй зарлал гаргаж сургуулиуд нь өөрсдөө оролцох хүсэлтээ өгөөд оролцоод явсан. Энэхүү төслийн үр дүнгийн талаар төслийн багийнхан Боловсролын яаманд танилцуулж, гуравдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон. Ер нь бол манай улсын төрийн сургуулиуд ямар түвшинд байгаа билээ. Боловсролын салбарыг өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Миний хувьд ажлын гараагаа Төв аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулиас эхэлж байлаа. Дараа нь Япон улс руу мэргэжил дээшлүүлэхээр явсан. Харин тус улсын хөгжлийн нууц нь боловсрол юм байна. Тэр дотроо ахлах сургуулийн боловсролыг их сайн өгч байгааг хараад нутагтаа ирээд Шинэ Монгол сургуулиа байгуулсан. Хорин жилийн хугацаанд сайн сургуулийг босгох гэж хичээсэн, алдаж онож туршлага хуримтлуулсан. Тэгээд 2020 онд сургуулийнхаа 20 жилийн ойг угтаад нийгмийн хариуцлагын хүрээнд найман сургууль дээр анх энэ төслөө эхлүүлсэн юм. Ингэхдээ сум, аймгийн сургуулиудаас хоёр, хоёрыг, нийслэлд гэр хороолол, хотын төвөөс гэсэн байдлаар манай туршлагыг судлах хүсэлтэй сургуулиудаас сонгосон. Сургуулиудын хүүхдийн тоо нь хүртэл харилцан адилгүй тийм сургуулиуд байсан. Анх Шинэ Монгол сургууль менежментийг үнэ төлбөргүйгээр хуваалцах гэж байна гэхэд нийт 117 сургуулиас хүсэлт ирсэн. Бид өөрсдөө зардлаа гаргаж, тэднийг дагуулан сургах байсан учраас эхний байдлаар ердөө наймыг нь сонгон авч төслөө хэрэгжүүлсэн. Долоо хоног бүр сургуулийнхаа төслийн багт хичээл зааж, гэрийн даалгавар өгч, хоёр жилийн турш явуулсан. Ингэхэд 165 сая төгрөгийн зардал гарсан.

-Энэ төсөл хэрэгжиж байх үеэс л яамны зүгээс сайшааж, дэмжиж байсныг санаж байна л даа. Л.Энх-Амгалан сайдын үед бил үү?

-Төсөл хэрэгжиж байсан найман сургууль дээр тухайн үеийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан очиж танилцсан байдаг. Улмаар намайг дуудаж, манай сургууль дээр ирж ажиллаад хоёр ч удаа сургалт хийлгэсэн.

Мөн Боловсролын яам 2023 оныг Сургуулийн менежментийг сайжруулах жил болгон зарласан. Сургуулийн менежмент гэдэг ямар чухлыг тал талдаа ойлгож байсан учраас энэ төслийг маань дэмжиж, аль болох олон сургууль хамрагдах боломжийг ярилцаж байсан. Ингээд манайх төслөө дараагийн шатанд 60 сургууль дээр хэрэгжүүлж эхэлсэн. Салбарын сайд ч төрийн сургуулиудад сайн туршлагыг түгээж, сургуулиудын менежментийг сайжруулахын тулд яаж дэмжвэл хэрэгтэй байна гэж асууж байсан. Сургууль бүр өөрсдөө менежментийн зардалтай учраас тэндээсээ сайн дурын үндсэн дээр 60 сургууль хамрагдсан. Нэг сургуулиас 4 сая төгрөгийн төлбөр авч, хоёрдугаар шатны төслөө хэрэгжүүлсэн. Төлбөр гэж байгаа ч энэ тулж ажиллаж дагуулж сургаж байгаа багш нарын цалин, төслийн багийнхны хөдөө орон нутагт очиж ажиллах зам унааны зардал болдог юм. Сургуулиуд дандаа сайн дурын үндсэн дээр, өөрсдийнх нь хүсэлт гаргасны дагуу бид сонгосон. Хоёр дахь шатанд нийт 191 сургуулиас хүсэлт ирсэн. Цаана нь орохыг хүссэн сургууль ч маш их үлдсэн. Ер нь хот, хөдөөгийн олон сургууль менежментээ хөгжүүлэх арга замыг эрэлхийлж, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж ирсэн. Тухайн үед Боловсролын ерөнхий газар нэг сургуулиас 10 сая төгрөг авч, менежментийг нь сайжруулах төсөл хэрэгжүүлж байсан. Азийн хөгжлийн банкнаас ч хэд, хэдэн сургуулийг сонгосон өөр нэг төсөл ч явж байсан. Сургуулийн менежментийг сайжруулах төсөлд хамрагдсан 60 сургуулийн 58 нь амжилтаа хуваалцаж тайлангаа тавьж байсан гэдэг нэгийг хэлэх болов уу.

-П.Наранбаяр сайд мөнгө шилжүүлсэн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ хувийн зардлаар эхлүүлж байсан тухай хэлсэн дээ. Дараагийн шатанд сургуулиудынхаа тоог нэмээд ажиллахад үйл ажиллагааны зардал дутаж эхэлсэн. Багш нарынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрээд байдаг, гэтэл сурч мэдэх гэсэн төрийн өмчийн сургуулиудын сурч мэдэх хэрэгцээ байгаад байдаг. Сүүлдээ аж ахуйн нэгжүүдийн хандив тусламж авч төслийг санхүүжүүлж байж энэ төсөл маань амжилттай өндөрлөсөн. Би төсөл эхлэх үед хамрагдаж байгаа сургуулиудад “Та нар Шинэ Монгол сургууль шиг болно” гэж хэлэхэд төрийн өмчит сургуулиудын багш, захирал, ажилтнууд бараг эхлээд цочдог. Гэхдээ тэр 60 сургуулийн бараг 45 нь яг л Шинэ Монгол шиг менежменттэй сургууль болчихсон гэж би нүүр бардам хэлнэ. Бид ингэж яваад амжилтад хүрсэн, та нар үүнийг дуурай гэснээр дагаж дуурайгаад амжилтад хүрнэ гэж байхгүй. Алхам алхмаар дагуулж, чиглүүлж даалгавар өгч, шалгаж эргэх холбоотой, ойр дотно ажиллаж байж хамтдаа бид энэ амжилтыг бүтээж чадсан.

Гэхдээ гурав дахь шатыг эхлүүлэх тухай зарлаа ч үгүй байх үед бидэнд 300 гаруй сургуулиас хүсэлт ирсэн. Яг энэ үед УИХ-ын сонгууль болж, би жагсаалтаар гишүүн болсон. МАН-аас боловсролын салбарыг улам бүр сайжруулахад хамтран ажиллаж, энэ төслөө далайцтай хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрт оруулаад яваач гэсэн санал надад тавьсан юм шүү дээ. Тийм ч учраас Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар би одоо ажиллаж байна. Төслийн гуравдугаар үе шатанд нийслэлээс 40, говийн болон төвийн бүсээс 40, 40 гээд нийт 120 сургуулийг өөрсдийнх нь хүсэлт гаргасны дагуу сонгон авсан. Сургуулиуд өөрсдөө мэдээд менежментээ сайжруулж, багш нартаа сургалт авахад зарцуулдаг зардал гэж байдаг. Гэхдээ энэ зардал нь сургууль хүсэлт гаргаснаар сайд зөвшөөрч гарын үсэг зурдаг зарчмаар явсан.

-Сургуулиудын менежментийг нь л сайжруулчихвал асуудал ер нь шийдэгдэнэ. Боловсролын салбарт том ахиц болно гэж та үзэж байна уу?

-Боловсролын реформ гэдэг чинь сургуулийн л реформ байгаа юм. Сургууль сайжирч байж л боловсрол дээшилнэ. Гэтэл манайхан чинь том, том бодлого яриад л байдаг. Тэр нь сургууль дээрээ очихгүй явж ирсэн. Сургууль бүр өөртөө тохирсон Алсын хараа, Эрхэм зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Манай сургуулийн өнөөгийн бодит байдал нь ямар юм. Хаана хүрч чадах вэ гэдгээ өөрсдөө л гаргана. Түүнээс биш яамнаас дэлхийн иргэн бэлдэнэ энэ тэр гэсэн гоё юм тавьчихсаныг нь хуулж тавиад нэмэргүй. Үүнээс гадна хамгийн эхлээд сургууль дотроо эерэг соёлыг түгээх хэрэгтэй. Сургуулийн соёл гэж юу юм. Үүнд хэн, хэн хамаатай байх вэ гээд сургуулийнхаа соёлыг төлөвшүүлэх ёстой. Дараа нь багш нар багаар ажилладаг болох. Нэг нэг хичээлийг дандаа салангад заачихаад л болчихдог хүмүүс шүү дээ. Тэгвэл долдугаар ангид ордог бүх багш нар нэгдээд хэн нь хүмүүжлийн хувьд доголдолтой, хэн нь бусдаас илүү сураад байна гэдгийг ярилцдаг болох нь хамгийн чухал. Дараа нь багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх ёстой. Туршлагатай багш нараасаа залуу хүмүүс нь суралцаад явах нь их чухал байдаг юм. Мөн хүүхдэд хичээлээс гадна зүрх сэтгэлийн боловсрол, зөв хандлагыг заах ёстой. Үүнийг манай төрийн сургуулиуд бүр хаячихаад байгаа юм. Харин үүнийг манай Шинэ Монгол сургууль өгч чаддаг учраас түүнийгээ бусад сургуулиудтай хуваалцъя гээд байгаа хэрэг. Ер нь бас нэг чухал зүйл нь эцэг эх, багш нар нэг талдаа гарах ёстой. Эцэг эхтэйгээ харилцах, ангийн хурлыг хэрхэн хийх гээд ажлаа сайтар төлөвлөдөг болох хэрэгтэй. Төлөвлөнө гэдэг нь нийт ажлын 50-60 хувь шүү дээ. Сургуулиуд төгсөгчдийнхөө эргэх холбоог ашиглаж байх нь бас зүйтэй. Олон олон зүйлийг сургахын тулд нэг сургуулийн бүтэн жилийн төлбөр нь 10 сая төгрөг. Мөн энэ төсөлд хүчээр оруулсан нэг ч сургууль байхгүй. Сургуулийн менежментийн төсөлд хамрагдсан аль ч сургууль руу холбогдоод сэтгэгдлийг нь асууж болно. Ямар ахиц дэвшил гарч байгааг нь ч асууж болно.

 

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Гантөмөр: Холын зорилго байхад ойрын зовлон байдаггүй

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны түүхт 35 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Тиймээс эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Танд баярын мэнд хүргэе. Та манай сониноор дамжуулан намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд хандаж баярын үгээ хэлнэ үү?

-Тантай дөрөвдүгээр сарын 7-ны өдөр ярилцаж б айгаадаа үнэхээр баяртай байна. Энэ өдөр бол Ардчилсан намын төрсөн өдөр. Олноо хүлээн зөвшөөрөгдөж, төр улсдаа бүртгэгдэж, гэрчилгээгээ авч, “Тэнгэрийн хүлэг” г эдэг цагаан морин жилийн түрлэгийн үзүүрт, тухайн үеийн Ардчилсан хувьсгалыг тээж явах үүрэг даалгавартайгаар түмэн олны хүсэл зоригоор Ардчилсан нам мэндэлсэн. Тийм болохоор өнөөдөр бид баярлаж, бахархаж байх ёстой. Монголын ардчиллын гал голомтыг сахиж явах үе үеийн хүмүүс нь тэр өдрийн түүхэн үйл явдлыг мартаж болохгүй гэдэг утгаараа их чухал ач холбогдолтой өдөр. Өнөөдөр бид түүхээ эргэж хардаг, туулсан замаа дүгнэдэг. Өнөөдрийн ардчиллын үйл явц дээр дүгнэлт хийж, ирээдүйнхээ зураг дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг юм. Тэгэхээр энэ чухал өдрийн халуун мэндийг танай сониноор дамжуулан намынхаа гишүүд, дэмжигчдэд хүргэж байна.

-Таны хувьд их ээдрээтэй цаг үед Ардчилсан намын дарга болсон. Өмнө нь хоёулаа ярилцаж байхад та өөрийгөө “Цавууны үүрэг гүйцэтгэж байна” гэж байсан. Тэгвэл одоо танай нам доторх ойлголцол ямар түвшинд хүрсэн бэ?

-Институцийн түвшинд нэгдмэл байх гэдэг бол теорем болсон. Нэгдмэл байхгүй байж болно, хуваагдъя, талцъя гэдэг үзэл санаа хаягдсан гэдгийг би итгэлтэйгээр хэлмээр байна. Ардчилсан нам одоо хэн нэгнийг дуурайж, аль нэг бүлэг фракцыг дагаж салж сарнидаг байдал зогссон. Үүнд маш олон хүн хүчээ өгч, тэвчээр гаргаж, ухаан зарлаа. Үнэхээр монголчууд саруул ухаантай гэдгийн нэг нотолгоо бол өнгөрсөн хоёр жилийн үйл явдал гэрчилнэ гэдэгт би итгэж байгаа. Ирээдүйдээ эргэлзэхгүй байна. Анх үүслээ, хаанаас гарав. Дараа нь ямар замыг туулав. Өнөөдөр бид ямар байна гэдгээ эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр бид эв нэгдлийг бэхжүүлж чадсан гэж хувьдаа ойлгож байгаа. Хувь хүмүүсийн зөрчил намын хэмжээнд гарч ирэхээ больсон. Хүмүүс хооронд зөрчил байлгүй яах вэ. Гэхдээ тэр нь намын зөрчил болтлоо томрох боломжгүй болсон шүү гэдэг нь том ололт. Бид үүн рүү л тэмүүлсэн. Одоо бид ардчиллыг, монголчуудынхаа эрх чөлөөг хэрхэн хамгаалах вэ, Монгол Улсаа босгож ирэх вэ, Монголын босох цаг гэж томьёолж байгаа. Монгол босох ёстой. Ингэхийн тулд Ардчилсан нам хэрхэн төлөвшиж, хүчээ өргөх вэ гэдэг асуудал байгаа. Мөн Ардчилсан нам маань хэрхэн шинэчлэгдэх вэ гэдэг асуудал байгаа гэдгийг хэлье.

-Өмнө нь ардчилсан үзэл санаатай таван нам нэгдэж байсан түүхтэй. Харин саяхан хоёр ч нам танайд нэгдлээ. Үүний ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын эрх ашиг нэгт гэдэг зарчмыг тал талдаа ойлгосны дохио гэж би бодож байна. Хоёрдугаарт намын эрх ашиг байна. Тэгэхээр эрх ашгийн эрэмбийн тухай энэ ойлголт яг одоо ардчиллын удирдагч асан С.Зоригийн хэлснээр болж чадаж байна гэсэн мэдрэмж төрж байгаа юм. Гуравдугаарт, энэ ойлголт бий болсны дараа институцийг хөгжүүлэхийн тулд хүн бүр хүчин зүтгэе. Хүн бүр үүрэг даалгавартай. Түүнийг биелүүлье гэсэн итгэл үнэмшил байна. ШИНЭ нам маань Ардчилсан намаас гараад буцаад нэгдлээ. Үүн дээр олон мянган гишүүний маань элэг нь дэвтэж байгаа гэж би хувьдаа харж байгаа. Салж сарних гэдэг өөрөө элэг эмтрэм зүйл шүү дээ. Гол нь нэгдэн нийлж байгаа нөхдийн маань намаа босгож ирэх гэсэн хүсэл тэмүүлэл нь биелэх нь ёстой. Тийм учраас нам цаашаа илүү нээлттэй, олуулаа болж алхана гэж хэлмээр байна.

-Та түрүүн хувь хүмүүсийн үл ойлголцол намын хэмжээнийх болтлоо томрохооргүй болсон гэсэн. Гэвч нийгэмд Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн хоёр хүний үл ойлголцол нэлээд хүчтэй байсаар байх шиг л анзаарагдах юм. Ер нь энэ хоёр хүний нөлөө танай намд хэр байна. Таны хувьд эдгээр хүмүүсийн блансыг хэрхэн тааруулж харилцаж байна вэ?

-Нэгдүгээрт, энэ баярт өдрөөрөө хувь хүмүүсийн асуудал яримааргүй байгаа юм. Хоёрдугаарт, таны хэлсэн энэ хүмүүс түүхэн хүмүүс. Яагаад гэвэл энэ нам мэндлэхэд, морин жилийн хувьсгалд, ардчиллыг нутагшуулж, бэхжүүлэхэд түүхэн үүргээ гүйцэтгэцгээсэн. Энэ хүмүүст түүхэн үүрэг талаасаа маш олон сайн зүйл бий. Хувь хүн талаасаа гаргасан алдаа нь ч бий. Тэгэхээр алдаа оноог түүх шүүдэг болохоос улстөрчид, ялангуяа намын дарга нь шүүгээд байх нь зүйд нийцэхгүй. Тийм болохоор энэ хүмүүсийн хувийн зөрчил маргаан хэрвээ байдаг бол тэр нь намын зөрчил маргааны хэмжээнд хүрэхгүй гэдгийг л хэлмээр байна.

-УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Нам, нам дотор жагсаалтаар гишүүн болсон “Толгойны өвчин” байх шиг харагдах юм. Танай намын жагсаалтад таны нөлөө хэр байсан бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентын засаглалыг илүү нутагшуулъя, энэ засаглал дээрээ илүү төвлөрье гэдэг итгэл үнэмшлээр хийсэн. Энэ бол МАН манлайлж хийсэн ажил. Бид хамтарч хийсэн. Шинэ 30 жил бол парламентын бүх сайн шинж чанар гарч ирсэн он жил байгаасай гэж хүсч байгаа юм. Ингэхийн тулд хувь тэнцүүлсэн тогтолцоогоор ард түмний хүсэл зоригийг бүрэн дүүрэн хангаж чадахуйц парламентыг байгуулъя гэдэг зорилготой. Жагсаалт гэдэг нэгдүгээрт, намын үнэт зүйлийг тээх ёстой. Хоёрдугаарт, Монголынхоо оюун ухааныг тээж байх хэрэгтэй. Гуравдугаарт, илүү мэргэжлийн түвшинд очоосой гэсэн үндсэн гурван бодлого дээр гарч ирдэг. Тэгэхээр би бол намынхаа үнэт зүйл буюу эрх чөлөөний мэдрэмжээ илүү тээж чадахуйц баг дэвшүүлж чадсан гэж бодож байгаа. Мөн илүү Монголоо гэдэг, мэргэжлийн хүмүүсээ шингээж чадсан. Тодорхой салбарын хүмүүсээ оруулж чадсан гэж хэлмээр байгаа юм. Энэ хүмүүс өнөөдөр намаа сөрж байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаагуураа саяны хэлсэн гурван даалгаврын төлөө байна гэдэгт би эргэлзэхгүй байгаа.

-Орон нутгийн сонгуульд их л хүнд байдалтай оролцчих шиг болсон. Намын даргын хувиар гарч ирж ярих гэхээр хамтарсан засгаа муулах болчих гээд байсан байх л даа. Орон нутгийн сонгуулийн үр дүн, алдаагаа хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ер нь орон нутгийн сонгууль гэдэг айхтар улстөржөөд байх зүйл биш. Яагаад гэхээр орон нутгийн бие даасан эрхийг хангах гэдэг бол Үндсэн хуулийн үзэл санаа. Үүнийг биежүүлэхийн тулд орон нутаг илүү бие дааж сонгуульдаа орох боломж, бололцоог нь хангаж өгөх хэрэгтэй. Урдуур нь ороод айхтар улстөржөөд, ард түмний амьдралыг айхтар савлуулах бол сайн зүйл биш. Тэгэхээр дараа, дараагийн орон нутгийн сонгуулиар тухайн аймаг, хот нь өөрөө амьдрал ахуйгаа ярьдаг. Түүнээсээ шийдлээ гаргадаг, илүү бүтээлч байгаасай. Ард түмэн юу хүсч байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Жишээлбэл, аймагт газрын албанд ажиллаж байсан залуу хотод ирж агентлагт ажилд орсон байна. Тэр залуу хөдөө байхдаа өдөрт 80 хүнтэй уулздаг байсан байгаа юм. Гэтэл хотод ирээд цаастайгаа зууралдаад хүнтэй уулзах нь хойш нь тавигддаг болсон. Энэ юуг хэлж байна гэхээр төв засаг гэдэг бол бодлогын газар юм. Орон нутаг болохоор яг амьдрал ахуй юм. Хэн ядарч байна, хэн даварч байна. Тэр бүрийг мэддэг, ялгаварлан гадуурхалтыг хойш нь тавьдаг. Бүх хүнд ижилхэн боломжийг олгодог болоосой гэж хүсч байгаа. Энэ үзэл санааг амилуулахын тулд бидэнд нэлээд их хичээл зүтгэл хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй дээрээс нь бүх зүйлд хутгалдаад байхаар тэнд талцаад байна. Сум, баг дээр талцаад байгаа нь тэндхийн хөгжил дэвшилд маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа. Гадуурхалт их байхаар бусдыгаа су орон нутгаа орхиж явахад хүргэдэг, ингээд эзгүйрдэг. Дахиад нэг жишээ хэлье. Увс аймгийн Малчин сумын Засаг дарга байсан манай н.Цэндсүрэн хэлж байна лээ. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй залууг сумаас нь дэмжиж, МУИС-д хууль, эдийн засгаар сургасан. Гэтэл өнөөдөр зөвхөн гурав нь аймагтаа ажиллаж байна гэж байгаа юм. Ингэтлээ улс төрийн талцал явагдаж, хүний нөөц, уураг тархиа алдаж байна. Тэгэхээр уураг тархийг зөвхөн Улаанбаатарт биш, задлахын тулд орон нутагт эрх мэдэл, бие даасан байдал, эв нэгдлийг аваачих ёстой гэдэг утгаар нь л хэлээд байгаа юм. Бид яг л авдаг саналаа авсан. Улаанбаатар хотын хувьд эрс ялагдал хүлээсэн. Хотын иргэдийн санал нэгдүгээрт байсан. Хоёрдугаарт, хотынхны ихэнх нь цагаан худаас өгсөн гэж харж байгаа. Ирц бага, оролцоогүй. Тэгэхээр нийслэлийнхэн маань яаж бие даасан хөгжлийнхөө оролцоог бий болгох вэ гэдэг дээр ард түмэн өөрсдөө сайн бодож, тунгаах цаг нь болсон болов уу. Улс төрийн намууд чирж гулдраад байлгүй хотын иргэдийнхээ оролцоог нэмэх хэрэгтэй. Хамтын шийдэл, оролцоо гэдэг зүйлийг яаж нэмэх вэ. Ялангуяа залуучуудын оролцоог хэрхэн нэмэх вэ. Ингэхийн тулд захим засаглалыг яаж бэхжүүлэх юм. Залуу хүмүүсийн давуу тал нь гар утас шүү дээ. Цахим ертөнц, мэдээллийн технологи тэдний давуу тал. Тэгэхээр үүн рүү чиглэсэн бодлогыг манай улс төрийн намууд бодож, Засгийн газар, дээд түвшнээс цахим засаглалыг нэлээд түлхэж байгаа нь дараа, дараагийн сонгуульд өөрчлөлт авч ирэх болов уу гэж найдаж байна.

-Тун удахгүй л Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацаа болно. Нэр дэвших магадлалтай хүмүүсийн таамаг ч яваад эхэлсэн харагдсан. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах комиссыг удахгүй гаргана. Ирэх сардаа багтаагаад гаргая гэж би бодож байгаа. Өнөөдрийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, шинэ дүрмийн хэлэлцүүлгийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд бид хэрхэн оролцох вэ. Ард түмэн Ерөнхийлөгчид ямар хүнийг хүсч, түүнээс юуг шаарддаг юм бэ г эдэг дээр судалгаа, хэлэлцүүлэг явуулна. Ингэж байж дараагийнхаа нэр дэвшигчийг нэлээд чамбайруулах, сонгуульд бүтэц, агуулгынхаа хувьд чамбай байх тал дээр Ажлын хэсэг гаргаад ажиллана. Ер нь нэр дэвших сонирхолтой олон хүн бий. Дэвшээд ялалт байгуулж чадах нь ч олон байгаа. Энэ утгаараа бүгдэд нь хаалгыг нь нээж өгөх хэрэгтэй гэж намын даргын хувьд харж байгаа юм. Чөлөөт марафон руу бид сонгууль дөхөхөөр орно. Тэгээд эцсийн дүндээ нэгдмэл байдлаар сонгуульдаа орж, ялалт байгуулах нь Ардчилсан намын туйлын зорилго байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна.

-МАН-тай хайнаа хагалах сонгууль болох байх, тийм үү?

-Цаашдаа бид парламент т өвтэй засаглалын хэлбэрээ хадгалахын тулд Ерөнхийлөгчийн институц хэрхэн хөгжих дээр нэлээд бодлого бодогдох болов уу гэж харж байгаа. Тэгэхгүй бол бланс барих гэдэг тал дээрээ нэлээд юм хойшоо тавигддаг. Эрх мэдлийн хуваагдал дээр зөрчил үүсдэг.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх тухай ярьж байна уу?

-Тэр тухай өнөөдөртөө ярихад эрт байгаа. Тийм болохоор байгаа хуулийнхаа хүрээнд Ерөнхийлөгч маань ямар хүн байгаад, хөтөлбөр дэвшүүлээд явах вэ гэдгээ ярих хэрэгтэй. Ямар ч байсан Засгийн газраас тусдаа мөрийн хөтөлбөр гаргаад, тэр нь мөргөлддөг байж болохгүй. Тэгэхээр хөтөлбөр, урт хугацааны бодлогын агуулгын хувьд нэгдмэл байх гэдэг тал дээр нэлээд анхаарч ажиллах нь зөв болов уу гэж харж байгаа. Тийм айхтар хайна хагална, ингэнэ гэхээсээ илүү Ардчилсан нам бол хүний эрхийн тал дээр илүү хүчирхэг, итгэл үнэмшилтэй, дуу хоолойтой нам. Үүнийг нь Ерөнхийлөгч маань илэрхийлдэг байвал хүний эрхийг хамгаалах ажил хүчтэй хийгдэх болов уу гэж бодож байгаа. Тэр утгаараа бид алдаж болохгүй сонгууль гээд байгаа юм.

-За хоёулаа ярилцлагын сэдвээ засаг, төрийнхөө ажил руу хандуулъя. Таны хувьд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байгаа. Анх удаа алдагдалгүй төсөв баталлаа гээд өнгөрсөн намар бид ярьцгааж байсан. Гэтэл одоогийн байдлаар юу, юугүй төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон гээд шуугиад байх юм. Ер нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай нөхцөл байдал айхтар ганхсан юм алга. Гэхдээ эрсдэл их өндөр байна. Олон улсад үнэхээр ёстой нэг тоосоо гартал гөвөлцөж байна шүү дээ. Орвонгоороо эргэж, бүх дүрэм журам арчигдаж байна. Ерөнхий төсөөлөл бүгд алдагдсан. Хамгийн эрсдэлтэй, ойлгомжгүй он жил бол 2025, 2026 байх нь гэдэг нь их тодорхой болчихлоо. Тэгэхээр ийм үед монголчууд бид их тодорхой, ойлгомжтой байх хэрэгтэй. Амьдралын төлөвлөлтөө сайн хийж, өдөр бүр оргилуун дарстай байх боломжгүй болсон шүү гэдгийг ойлгож учиртай байх хэрэгтэй болж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Засгийн газар маань 14 мега төслөө хэрэгжүүлэх, мөнгө санхүү дээрээ тодорхой байх, хөрөнгө оруулалтын шинэ хуулийн орчинг бий болгох, аж үйлдвэржих, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэдэг процессыг зогсоож болохгүй. Илүү хүчирхэг бодлогыг бид гаргаж байж суларч байгаа, ойлгомжгүй дэлхий ертөнц дээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлж чадна. Ойлгомжгүй байна гэдэг чинь бүх төр улс суларч байгаагийн хэлбэр. Энэ үед нь ойлгомжтой, тодорхой төр засаг л өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж чадна. Тийм учраас өөрсдийнхөө бодлогыг маш тууштай, з арчимтай, хурдтай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Төмөр замтай болъё. Хил холболтоо хийе. Эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлье. Нүүрсээ боловсруулъя, алт зэснийхээ олборлолтыг нэмэгдүүлье. Эдгээр ажлуудаа ямар ч хамаагүй аргаар хийж хэрэгжүүлж дуусгах ёстой. Бид энэ бүхнийхээ төлөө эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр алхах хэрэгтэй. Бид ойлгомжтой, тодорхой байснаараа илүү боломж олж авч болно. Эрсдэл, хүндрэл талаасаа бид магадгүй хүнд өдрүүдийг өнгөрөөж болзошгүй. Тэглээ гээд зугтана, халширна, ухарна гэсэн үг ерөөсөө биш. Биднээс маш их зориг шаардана. Худалдааны дайн гэдэг бодит дайнаасаа илүү хортой. Хүн болгон л ухамсартай байх хэрэгтэй байна. Бид ухамсартайгаар уураг тархиа шатаагаад нэгдвэл давж чадахгүй зүйл гэж байхгүй.

-Та сая цухасхан дурдаад өнгөрлөө. АНУ-ын ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа татварын бодлого бүх улс орныг илүү ухаалаг байхад шахаж байх шиг?

-Асар хүчтэй цохилт авч байгаа шүү дээ. Харин үүнийг ашигтай болгохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Боломж бидэнд байгаа. Ямар ч сорилт хүнд боломж, уналт хоёрыг зэрэг өгч байдаг. Тийм болохоор харж зогсож байгаад унах биш, харай тэмцэж байгаад боломжоо олж авах ёстой. Монголын эдийн засгийг солонгоруулах гэдэг утгаараа бид Евразитай худалдааны хэлэлцээр хийж байна шүү дээ. Энэ мэтчилэн бидэнд нөөц боломж байна. Солонгос улс руу коксоо, Япон руу нүүрсээ гаргах гээд олон давуу тал бидэнд гарч ирж магадгүй. Зарим нэг нарийн технологийн үйлдвэрлэлийг нутагтаа хийх, Монголдоо гадны томоохон технологийн үйлдвэрүүдийг үйл ажиллагаа явуулах боломжийг олгох гээд байж болно.

Их тодорхой тоонууд харагдаж байна. Зарим улсад 25, заримд нь 30 хувь байна гэхэд Монгол Улсад 10 хувь байна гээд хэлчихлээ. Энэ зөрүүг арилгахад бидний дотоод ойлгомжтой, тодорхой байдал их чухал. Хоёрдугаарт, тээвэр ложистикийн хүндрэлийг бүрэн шийдэх шаардлага байна. Зардлыг нь эрс буулгах бодлого баримтлах хэрэгтэй. Гадаад харилцаагаа улам хүчирхэг, ойлголцлоо тодорхой болгох шаардлага байгаа. Энэ бүхнээ хийгээд жаахан ажилсаг байж чадвал боломж байна. Наад зах нь гэхэд Хятад улсад барилгын материалын үнэ буурч байна. Тэгэхээр манайд ч буурах ёстой. Ингэснээр бидэнд хямд орон сууцны боломж бололцоо гарч ирнэ.

-Нэг хэсэг таныг Евразийн эдийн засгийн холбооны гэрээнд гарын үсэг зурчихлаа гээд шуугьсан. Энэ чухам юу болсон юм бэ. Ер нь тус холбоонд орох нь дотоодын эдийн засагтаа сөрөг нөлөөтэй гээд байдаг шүү дээ. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Евразитай хийж байгаа хэлэлцээр манай хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг сэргээх, амь оруулах, экспорт хийх чадалтай болох гэдэг дээр олон жил ярьж, татаасын орчинд амьдруулж ирснийг хөл дээр нь босгох, 250 мянган малчин өрхийн амьдралыг дээшлүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Сүүлдээ Ч.Хүрэлбаатар сайд “ОХУ өөрсдөө эдийн засгийн хориг яриад байдаг. Гэтэл Монгол Улсын хувьд олон жил эдийн засгийн хоригт байлгасан шүү” гэж хүртэл хэлсэн. Үхрийн мах 50 хувь, дандаа 15-20 хувийн татвартай байсаар ирсэн. Үүнийг тэглэе гээд тэглэсэн. Ингэснээр манай экспортод боломж гарна. Харин зүгээр ажиллаж чадах уу , үгүй юу л гэдэг асуудал яригдана. Гомдол мэдүүлээд байгаа хүмүүсийг харахад манайхан ажиллаж чадахгүй шүү дээ гэсэн тийм үл итгэл байна. Тийм болохоор үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс маань жаахан итгэлтэй, зоригтой алхаж чадах юм бол төр засаг чинь бэлэн байдлыг авч ирж байна шүү гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, дотоодынхоо тодорхой үйлдвэрлэлийг хамгаалах ёстой. Газар тариалан, хүнсний ногоог бүрэн хамгаалж, татвар, квоттой байлгахаар болсон. Илүү боломж өгөхгүй. Яагаад гэхээр тарьж байгаа хөрс нь тэнгэр газар шиг ялгаа байна. Яагаад манайх болохгүй байна гэхээр цэвдэгтэй байна. Энэ их цэвдэгтэй тариалангийн боломж хомс байдаг юм. Дээрээс нь ихэнх нь говь, хээрийн бүс. Үүнд усны их дутагдал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоор газар тариалангийн салбараа хамгаалж байгаа юм. Хоёрдугаарт согтууруулах ундааг бид татвартай үлдээж байгаа. Учир нь татварыг нь багасгачихвал манай эрүүл мэндийн салбар засрах аргагүй болтлоо доройтно. Би очоод Евразийн сайдад манайх элэгний хавдраар дэлхийд тэргүүлж байна, үүний шалтгаан нь ногоо, хүнс гэхээсээ илүү согтууруулах ундаа гэдгийг хэлсэн. Тиймээс татвартай байх нь тодорхой шүү гэсэн. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн байна. Манайх одоо бэлчээрийн аж ахуйг яавал эрчимжүүлэх вэ гээд ярьж байгаа. Нэг үеэ бодоход дотоодынхоо сүүг уудаг болчихсон. Тийм болохоор сүүний үйлдвэрлэлийг дотооддоо үлдээе гээд татварыг нь хэвээр үлдээсэн. Ингээд манайд үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн гаргаж байгаа талдаа харьцангуй татварын орчныг нь хадгалсан шүү. Үүн дээр өндөг ч орж байгаа. Үүнийг би Евразид ойлгуулж чадсан гэж хувьдаа маш том итгэл үнэмшилтэй байгаа. Мэдээж техник, тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлж байгаа. Ингэснээр Монголын хөдөө аж ахуй, технологийн салбарыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үүн дээр нэг их алдагдал тооцоод орилж хашгираад байгаа хүмүүс үндсэндээ итгэлгүй, халширчихсан, түүндээ итгэчихсэн хүмүүс байгаа. Миний хувьд ноолуур, мах хоёр дээр нэлээд их өрсөлдөөн гарна. Магадгүй тэрбум ам.долларын борлуулалт хийх болов уу гэж бодож байгаа. Энэ талдаа Засгийн газрын зүгээс их ажил хиймээр юм билээ. Тэгэхгүйгээр гэрээ хийгээд орхичихоор гацчихдаг. Гэрээний хэрэгжилтийн төлөө их ажил хийх нь л чухал.

-Манай улсын нутгаар хийн хоолойг дамжин өнгөрүүлэх асуудлыг яриад нэлээд хэдэн жил болж байна. Энэ ажил чухам ямар шатандаа явна вэ. Үүнийг хийж чадвал гарах үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Энэ бол Монголын газар нутгаар агаар, төмөр болон авто замаар транзит тээвэр хийгээд манайх ашгаа олдогтой яг адилхан. Хийн хоолойг нутаг дэвсгэртээ байгуулаад ашиг олъё гэж байгаа юм. Энэ бол нэг төрлийн дэд бүтэц, транзит тээврйин бизнес. Зүгээр энгийн бизнес шүү. Нэг их улс төр хараад байх хэрэггүй юм билээ. Нийт 970 орчим км шугам барина, 8 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүний тал нь газар шорооны ажил гээд дотооддоо шингэх юм. Урт хугацаандаа 10 гаруй тэрбум ам.долларын өгөөж өгнө. Монголын эдийн засгийг тогтвортой байлгах их чухал нөлөө үзүүлнэ. Газар нутаг нь Монголынх байна. Хугацааны хувьд 25 байх уу, 60 байх уу гэдэг дээр худалдагч, худалдан авагч тал хийнэ. Бид бол гэрээгээ хурдан хийгээч гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэ гэрээ хийгдэж, төсөл хэрэгжих ёстой. Үүн дээр нэг их айж цочоод, болгоомжлоод байх шаардлага байхгүй. Газар доогуур явах хоолой байна. Тийм болохоор малын хөл, бэлчээр суудалд нөлөөл үзүүлэхгүй. Төмөр зам дагасан кабелиар бид Хятад, Оросоо холбочихсон байгаа. Үүнтэй л адилхан юм.

-Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Эхнээсээ хөдөлж байх шиг байна. Эдгээр төслүүдийн явц ер нь хэр байна. Тулгарч байгаа хамгийн хэцүү хүндрэл нь юу байна вэ?

-Улстөржилтөөс болоод л хийгдээгүй ажлууд шүү дээ. Үүнээс гарахын тулд л хамтарсан юм. МАН-ын удирдлагын сонголт, хамтраад энэ ажлуудаа хийе гэсэн. Бид ч гэсэн ийм л бодолтой байсан. Өнөөдрийн байдлаар таван төсөл хэрэгжиж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэрийн мөнгө шийдэгдсэн. Хил холболтын төмөр замын асуудал шийдэгдсэн. Ораногийн шууд хөрөнгө оруулалт байна. Одоо Нүүрс-химийн үйлдвэрийн газар нь авагдаад, ТЭЗҮ нь зарлагдаад энэ жилдээ багтаад эхлэх гэж байна. Мөн хий дамжуулах хоолойн хэлэлцээр явж байгаа. Дараагийнх нь Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах асуудал явагдана. Бэрхшээл гэвэл өнөөдөр санхүүгийн загвар, аргачлал дээрээ л хэлэлцүүлэг өрнөж байгаа болохоос биш улс төрийн саад тотгор ерөнхийдөө байхгүй. Тиймээс бидэнд хийх эрмэлзэл л хэрэгтэй. Мөнгө санхүүгийн дутагдал эдгээрт байхгүй.

-Гэтэл нөгөө талдаа том төслүүдийг эсэргүүцсэн хүмүүс, тэдгээрийг дэмжсэн байдал их байх шиг л харагдах юм. Энэ тал дээр хэрхэх ёстой юм бэ?

-Одоо бид гурван том шилжилт хйинэ гэж зарлаад байгаа. Нэгдүгээрт, хүний нөөцийн шилжилт хийнэ. Илүү мэдээллийн технологийн эрин үед амьдрах чадвартай хүнээ бэлдэх ёстой. Хоёрдугаарт, ногоон эдийн засаг руу алхана. Бид одоо хав хар эдийн засагтай байгаа. Үүнийг хүрэн, тэгээд ногоон болгоно. Гуравдугаарт, мэдээллийн технологийн Монгол Улсдаа нутагшуулж, хөгжүүлэх ёстой гэсэн энэ гурван шилжилтийн хүрээнд энэ янз бүрийн эргэлзээнүүд арилах болов уу гэж харж байгаа. Гэхдээ өнөөдөр эргэлзэж байгаа хүмүүст буруу өгч болохгүй. Парламент, Засгийн газар өөрөө эргэлзэхгүй байх хэрэгтэй. Зоригтойгоор ажлаа хийх ёстой. Шүүмжлэл байлгүй яах вэ. Түүнийг нь сонсоно. Түүнд нь хариулж чаддаг мэдлэг, боловсрол Засгийн газарт хэрэгтэй.

-Аль нам сонгуульд оролцохдоо татварыг багасгадаггүй юм гэхэд нэмэхгүй л гэж орсон. Гэвч өнөөдөр татвар болоод төрийн элдэв хураамжууд нэмэгдээд иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна гэдэг зүйл яригдаад байгаа. Татварын багц хуулийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барих гэж байгаа гэсэн. Ер нь татварыг бодитоор буулгах боломж бий юу?

-Татварыг бодитоор бууруулахын тулд бид хоёр зүйл дээр алхам хийх ёстой. Нэгдүгээрт, халамж болоод тэтгэмжийг нэлээд багасгана. Цалингаа бид хасч болохгүй. Хоёрдугаарт, төрийн албаны цомхотгол хүчээр явна. Гуравдугаарт, зардлын хэмнэлт тасралтгүй үргэлжилнэ. Төрийн албаны цомхотголоо хэрхэн зөв хийх вэ, орлогоо нэмэх вэ, хэрхэн халамжаас татгалзах вэ гэдэг эр зоригоос л шалтгаална. Гэхдээ нэг зүйл их тодорхой боллоо гэдгийг олон түмэн ойлгоосой гэж хүсч байна. Тэр нь Монгол Улс уул уурхайгаа хөгжүүлнэ, тэндээсээ татвараа бүрдүүлнэ. Бусад салбар буюу хөдөө аж ахуй, үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, инновац их зөөлөн, бага татвартай орчинд явах юм байна гэдэг эргэлзэхгүйгээр тавигдчихсан суур шүү. Үүнийг бид Баялагийн сангаараа хийчихсэн. Тийм болохоор цаашдаа хүмүүс дунд хугацаандаа энэ салбаруудаа харж хүмүүсийг хөдлөөрэй гэж хэлье. Уул уурхай бол асар их ашигтай.

-Авлигаас ангид байя, ардчиллыг хөгжүүлнэ, бэхжүүлнэ гээд яриад л байдаг. Гэтэл манай улс сүүлийн хэдэн жил энэ хоёр үзүүлэлтээр байнга ухарч ирлээ. Үүний шалтгаан нөхцөл юундаа байна вэ?

-Манайх бол дэлхийн ардчилсан 30 гаруйхан улсын л нэг шүү дээ. Сонгуулиа хийж, нээлттэй байж чаддаг. Ард түмэн өөрсдийнхөө хүссэн төр засгаа байгуулдаг. Нөгөө талдаа индекс сайжрахгүй байгаа нь ч их олйгомжтой. Төрийн оролцоо их өндөр байна. Намуудын шинэчлэл харагдахгүй байна. Хамгийн ноцтой нь үг хэлэх эрх чөлөө хөндөгдөөд, зарим нэг шүүмжлэл хэлсэн хүмүүс шоронд ордог тогтолцоо байгаад байна. Тэгэхээр бид байгаа байдлаа харж буй учраас эдгээрийгээ засахын төлөө алхах л хэрэгтэй. Ер нь авлигыг алга болгож байж ардчилал амилна гэдгийг тал талдаа ойлгож, ухамсарлах ёстой юм билээ л дээ.

-Тэгвэл энэ талдаа төр засгаас ямар ажлууд хийж байна вэ?

-Авлигын үндэсний хөтөлбөр батлагдаад хоёр жил явж байна. Үүнийг яг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх шаардлагатай. Би жишээлбэл Эдийн засаг хөгжлийн яам дээр нэг ч худалдан авалтыг хийхгүй гэсэн зарчимтай байгаа. Ингэснээр наад зах нь энэ яаманд ажилладаг хүмүүсийг тендерийн авлигад өртүүлэхгүй. Энэ бол наад захын алхам. Ингээд дор бүрнээ хичээх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлүүдийг онлайн болгож байна, зөвшөөрөл багасах ёстой. Эдгээр зүйлүүд хийгдэж байна. Зөвшөөрлийн хууль одоо УИХ дээр хэлэлцэгдэж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд танд нэмж хэлмээр юм юу байна вэ?

-Ардчилсан нам өөрөө сэргэн мандалт, босолт уналт, үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх гээд сайн муу цаг ээлжилж байгаа. Гэхдээ манай нам институц болж, мянга мянган жилийн түүх бүтээх үүрэгтэй шүү. Одоо байгаа, тэнгэрийн оронд очсон, ардчиллын төлөө тэмцэж байсан олон мянган буурлынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх үүрэг бидэнд байгаа. Тийм болохоор хүн бүр илүү ухаалаг, тэвчээртэй, зөв байх шаардлага байна. Хүний хүүхдүүдтэй барьцаад байх шаардлага байхгүй. Тэнд нэг нөхөр авлига авч байна гэвэл дагаад авъя гэж бодож ерөөсөө болохгүй. Бид арай өөр үүрэг даалгавартай. Энэ цагт бид хүний эрх чөлөөг хангах, монголчуудынхаа эрхийг баталгаажуулах, ингэснээр улсынхаа тусгаар тогтнолыг нандигнан хамгаалах алтан үүргээ биелүүлнэ. Тэгэхээр энэ үүрэг хариуцлага бол бидэнд илүү хүчтэй байдаг. Бидэнд Монголоо гэсэн зарчим, улс орноо гэсэн зориг юу юунаас илүү чухал байна. Өнөөдрийг хүртэл эв нэгдлээ хамгаалж чадсан намынхаа гишүүдэд чин сэтгэлээсээ баярын мэнд хүргэе. Чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний ирээдүй их өнгөтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Мандхай: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд 6300 хоршоо байгуулагдан, 760 орчим тэрбум төгрөгийн зээл гарсан

Улсын Их хурлын гишүүн Мэндбаярын Мандхайтай ярилцлаа.


-Таны хувьд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг ахалж байгаа. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулав?

-Ажлын хэсэг хууль, тогтоолын хэрэгжилт, үндэсний хөдөлгөөний үр нөлөөг эрчимжүүлж, хяналт тавих, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр ажиллах юм. Юун түрүүнд ажлын хэсгийн эхний хэдэн хуралдаануудаар “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний томоохон хөдөлгөөний талаар ойлголт, мэдээлэл авах хүрээнд цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Нөгөөтэйгүүр, эдгээр хөдөлгөөний Үндэсний хороонуудын үйл ажиллагаа нь хөдөө аж ахуйгаас гадна банк, санхүү зэрэг эдийн засгийн олон салбаруудаас хамааран уялддаг. Иймд салбар дундын уялдааг хангаж, нэгдсэн сувгаар мэдээллээ авах үүднээс Засгийн газрын яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг хамруулсан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг байгуулсан. Ингэж өргөн хүрээнд мэдээллийг нэгтгэж авснаар дээрх үндэсний хөдөлгөөнүүдийн зорилго, үйл ажиллагааны явц байдал, хэрэгжилттэй танилцаж байгаа юм. Түүнчлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн гишүүд хөдөө, орон нутагт иргэд, хоршоологчидтой уулзаж, санал солилцлоо.

-“Шинэ хоршоо” төслийн хувьд ажил нь хэр урагштай байна вэ?

-Маш амжилттай явж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд, тус төсөлд хамрагдаж байгаа хоршоодод төрөөс төсвийн мөнгөөр ямар нэгэн зээл өгөөгүй. Дан арилжааны банкууд зээл олгож байгаа.

-Гэхдээ төрөөс хүүгийн татаасыг нь өгч байгаа биз дээ?

-Хүүгийн татаасыг нь өгч байгаа. Хэрэгжиж эхлээд нэг жил л болох гэж байна. Энэ хугацаанд нийтдээ нэг их наяд орчим төгрөгийн санхүүжилт гарна гэж тооцоод түүнд нь ойролцоогоор 120 орчим тэрбум төгрөгийн татаас төлөвлөсөн. Анх арилжааны банкууд их болгоомжтой хандсан. Тиймээс Төрийн банк нийт зээлийн 70 орчим хувийг гаргасан. Харин 20 орчим хувийг ХААН банк, Хас, Богд банкууд бага хэмжээтэй гаргасан байдаг. Сая намрын чуулганы завсарлагаанаар орон нутгаар тойроод явж байхад эдгээр банкуудын зээл олголт нэмэгдэж эхэлсэн байна лээ. Энэ бол зээл авсан хоршоологчид маань зээлээ зориулалтын дагуу зарцуулаад, эхнээсээ эргэн төлөлтүүдээ ч хийгээд эхэлсэнтэй холбоотой. Тийм болохоор банкуудын итгэл нэмэгдсэн гэж харж байгаа.

-Шинэ хоршоо төслийн үр дүнг нэхэх цаг нь болсон уу. Нийт хэдэн жилийн хугацаанд хэрэгжих билээ?

-Нийтдээ таван жилийн хугацаанд хэрэгжих юм. Дээрээс нь нэг жил эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх учраас одоо юу юугүй дүгнэх боломжгүй. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар нийтдээ 4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Малчид маань зээлээ аваад хөрөнгө оруулалтаа хийчихсэн. Тийм болохоор удаан зээлтэй байх хэрэггүй гэж үзсэн учраас зарим нь ингээд төлөлтөө хийгээд эхэлсэн гэсэн үг. Энэ зээлийн эрсдлийг малчны зээлийн эрсдэлтэй л харьцуулж харж байгаа юм билээ. Шинэ хоршооны зээл 6 хувийн хүүтэй. Харин малчны зээл болохоор банкаасаа хамаараад 22-24 хувийн хүүтэй байдаг. Гэтэл малчны зээлийн эргэн төлөлт нь 90 гаруй хувьтай байдаг юм билээ. Гэвч малчны зээлээр хөрөнгө оруулалт хийх боломжгүй учраас энэ 6 хувийн зээл илүү үр дүнгээ өгч байна. Одоогоос сарын өмнөх мэдээллээр 22 мянган малчин хамрагдаж, 6300 хоршоо байгуулагдан, 760 орчим тэрбум төгрөгийн зээл гарсан байсан.

-“Шинэ хоршоо” хөдөлгөөний шийдвэр сонгуулийн өмнөхөн гарсан. Тийм ч болохоор хүмүүс эргэлзээтэй, зарим нь ам муутай ч байсан. Харин одоо бол малчдын зүгээс ам сайтай байх шиг байна. Тэгвэл энэ хөдөлгөөн дуусаад, таван жилийн дараа ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Сонгуулийн өмнөх жилээс л энэ хөдөлгөөн төлөвлөгдөж байсан. Харин 42 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, энэ хариуцлагатай ажлыг авсан. Дээрээс нь Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Үндэсний хорооны баг гарсан. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Тэгэхээр энэ ажил эхэлснээс хойш институцийн хэмжээнд өөрчлөлтүүд хийгдсэн гэж үзэж байгаа. Харин энэ ажлуудын уялдаа холбоог сайн хангах, эрчимжүүлэхдээ эрсдлийг илүү бууруулж, амжилттай явуулах вэ гэдэг тал дээр бодлогын дахин инженерчлэл хийх шаардлага гарч байгаа. Нийт 14 төрлөөр зээл олгох боломжтой гэдгийг мэдээж судлаачид судлаад гаргаж ирсэн. Улмаар малчид маань хоршоогоо байгуулаад, баг хамт олон болоод зээлээ аваад ажлаа хийгээд явж байгаа. Одоо дараагийн үе шатанд гаргах ёстой. Энэ хөтөлбөр яг иймээрээ л яваад байна гэж байхгүй.

-Тэгвэл дараагийн үе шат гэдэгт юу байх вэ?

-Хамтын үйлдвэрлэлийг хөдөө аж ахуйн салбарт хөгжил авч ирэх, суурийг нь бэхжүүлэхийн тулд боловсронгуй болгох ёстой. Тэгэхээр бүсчилсэн хөгжилтэй энэ хоршоогоо уях ёстой юм байна. Харин бүс бүр дээр загвар, жишиг хоршоонууд байгуулъя. Ингэснээр эргэлзэж байгаа хүмүүс, одоо байгуулчихсан ч яаж амжилттай явахаа мэдэхгүй байгаа хүмүүст суралцах, дэвших боломж гарч ирнэ. Тиймээс олон улсын жишиг загваруудыг судалж үзээд маш хурдан хугацаанд загварчлаад илүү хөөр түвшинд нь хөгжүүлэх шаардлагатай байна. Тэгэхээр дараагийн үе шат бол дундын хоршоо, үйлдвэр байгуулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж харж байгаа. Зах зээл ч гэсэн энэ олон хоршоодыг өөрчлөгдөхийг шаардана. Тиймээс нэгдэн нийлж, дундын хоршоо байгуулаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад явах боломжтой. Учир нь жижиг, жижиг хоршоод хэн хэнийхээ зах зээлийг булаацалдаад, үнээ унагаад байж болохгүй шүү дээ. Одоо бүс бүр тэргүүлэх чиглэлүүдээ гаргаж ирээд, Засгийн газраас томоохон мега төслүүд ч хэрэгжихээр яригдаж, зарим нь ажил хэрэг болоод явж байна. Энэ чинь өөрөө зах зээлийн төвлөрлийг бий болгоно. Харин энэ том зах зээлдээ тааруулж, хоршоод өөрсдөө нэгдэж нийлээд, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг стандарт үүсгээд явах нь зүйтэй гэж байгаа юм. Төрөөс энэ зах зээлийг нь бий болгож, яаж хийх загварыг нь л гаргаж өгнө. Жишиг хоршоодыг байгуулна. Мөн хоршоологчдоо чадавхжуулах ажлыг хийнэ.

-Хоршоодын хүмүүсээ чадавхжуулах, сургахад ямар ажлууд хийх юм бэ?

-Хоршоодыг компанийн түвшинд авч явж, удирдахын тулд яалт ч үгүй тэднийгээ чадавхжуулах хэрэгтэй байгаа юм. Боловсролын яамтай бид яриад 21 аймагт байгаа Мэргэжил сургалтын төвүүдэд хоршоодын гишүүдийг чадавхжуулах богино хугацааны хөтөлбөрийг нээхээр болсон. Бүгдээрээ үүнд хамрагдах боломжгүй. Гэхдээ удирдан зохион байгуулах хүмүүс нь л энэ сургалтад хамрагдахад болно шүү дээ. Бусад нь түүхий эдийн гарцаа нэмэх, үйлдвэрлэлийн чанараа сайжруулах тал дээрээ анхаараад явж болно. Мөн ХААИС энэ асуудалд нэлээд өндөр ач холбогдол өгч, Хоршооны менежерийн ангийг нээх гэж байна. Ингэхдээ 1.5-2 жилийн хугацаанд хамрагдаад бакалаврын зэрэгтэй болох юм. Үүнээс гадна малчид өөрсдийнхөө хүүхдийг дөрвөн жилийн ангид нь ч сургаж болохоор шийдэхээр ярьж байна. Ингээд бид таван жилийн дараа боловсон хүчний нөөцтэй болчихсон, хоршоод маань том хэмжээний үйлдвэрлэл явуулахаар зохион байгуулалтад орчихсон, бэлтгэгдчихсэн байх юм. Танайд ярилцлага өгч байгаагийнх энэ удаад нэг төлөвлөж байгаа ажлаа задалчихдаг юм уу гэж бодож байна.

-Тэр нь юу вэ?

-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд нэг жишиг хоршоог говийн бүсэд байгуулах гээд ажиллаж байна. Говийн бүсэд байгаа томоохон уул уурхайн компаниудаа зах зээл гэж хараад тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлдэг байдлаар ажиллах юм. Бид экспортыг л яриад байдаг. Гэтэл эхлээд түүхий эдээ тогтвортой нийлүүлэх бэлтгэлээ эхлээд хангах ёстой. Ингэхийн тулд дотоодынхоо зах зээлд тогтвортой нийлүүлдэг болох хэрэгтэй. Говийн бүсэд Эрдэнэс Тавантолгой, Оюу толгой, Энержи ресурс гээд байна. Одоо Орано гээд нэмэгдэх гэж байна. Зөвхөн Оюу толгойг аваад үзэхэд туслан гүйцэтгэгч нартайгаа нийлээд бараг 20 орчим мянган ажилчин тэнд байгаа. Тэр хүмүүс чинь л одоохондоо бидэнд нүсэр том зах зээл байхгүй юу. Харин тэдний тавьсан шаардлага, стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх л хэрэгтэй. Хоол хүнс, ажлын хувцас гээд олон зүйл байж болно. Тиймээс бид дөрвөн аймгийнхаа сум бүрийн нөөцийн судалгааг хийх гэж байна. Энэ жилдээ жишиг хоршооныхоо ТЭЗҮ-ээ хийгээд дуусна.

-Дундын хоршоод бий болоод үйлдвэрүүд байгуулагдлаа гэхээр зам харилцаа, эрчим хүч гээд асуудлууд бас гарна даа. Салбар хоорондын уялдааг нь хэрхэн анхаарч байгаа вэ?

-Шадар сайдын дэргэд Шинэ хоршоо, салбар дундын уялдааг хангах үндэсний хороо гэж байгуулагдсан. Үүгээрээ дамжуулан салбар дундын уялдааг хангах юм. Бүс бүр дээр хоршоо хөгжүүлэх зөвлөлүүд байгуулж байгаа. Говийн бүс гэхэд л дөрвөн аймгийн Засаг дарга, ИТХ, доошоо сум, багийн түвшинд бүгдийг нь үүрэгжүүлээд хоршоодынхоо гишүүдийг чадавхжуулах, мэдлэгжүүлэхэд анхаарч ажиллана. Хамгийн чухал нь бид тогтвортой ханган нийлүүлэлт, чанар дээрээ л анхаарах ёстой юм. Төр засгаас ингэж анхаарч, дэмжиж байхад малчид маань ч энэ тал дээрээ анхаарч, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Тэгж байж л бид хөгжиж, цаашдаа экспортод гаргадаг болно. Бид одоо эхний ээлжинд Оюу толгой компанитай эхний уулзалтуудаа хийж, тохироонд хүрч байна. Тун удахгүй гэрээн дээр гарын үсэг зурах байх. Энэ жишиг хоршоог байгуулж хөгжүүлж чадсанаар бид зүүн бүсэд Петрочайна Дачин тамсаг компани, Эрдэнэт үйлдвэр гээд томоохон үйлдвэр, зах зээлүүдээ түшиглээд явах боломжтой болно. Энэ мэт жишиг хоршоод гараад ирэхээр хүссэн, хүсээгүй хүмүүс өөрсдөө нэгдэн нийлж ажиллаад эхэлнэ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Очирбат: Төрөөс зээл, татаас авч байгаа аж ахуйн нэгжүүдээ хариуцлагажуулах ёстой

Улсын Их хурлын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа.


-Таны хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хаана, ямар ажил алба эрхэлж байсан талаараа манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй болсон. Миний хувьд Ардчилсан намын жагсаалтаар гишүүн болсон. Өмнө нь бизнесийн салбарт ажиллаж байсан. Монголын анхны гэсэн тодотголтой дөр вөн ч үйлдвэрийг байгуулсан.

-Тухайлбал?

-Хамгийн анхны ахуйн хэрэглээний цаасны үйлдвэр, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэр, Монголын анхны бүрэн автомат бэлэн гоймонгийн үйлдвэрийг байгуулсан. Ер нь аж үйлдвэрийн салбарт ажилласан 15 жилийн туршлага байна. Энэ ч утгаараа Ардчилсан намаас аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж, аж үйлдвэрийн салбарт дуу хоолой болооч гэж оруулж ирсэн.

-Гишүүн болсноосоо хойш ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-УИХ-ын гишүүн болсон зарчмын байр суурин дээрээ л зогсож байгаа. Ялангуяа Ардчилсан нам эдийн засаг тэлж байгаагийнхаа хэрээр төсвийг данхайлгаж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн намрын чуулганаар бид төсвийг алдагдалтай байлгаж болохгүй гэдгийг хэлж байсан. Эхлээд төсвийг дэмжээгүй. Бид ч их эсэргүүцсэн. Харин Ерөнхийлөгч манай улсын төсөв алдагдалгүй байх ёстой гэж, төсөвт хориг тавьсан. Тийм ч болохоор бид анх удаа алдагдалгүй төсөв баталсан. Үүнд нэлээд дуу хоолойгоо өргөж ажилласан гэж бодож байгаа. Төсөв батлах үеэр УИХ-ын Тамгын газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн төсөв данхайсан байна гэдгийг хэлж байсан.

Тухайн үед тооцож үзсэнээр 120 орчим тэрбум төгрөгийг танах бололцоотой байна. Нэгдсэн төсвийг 10-15 хувиар танах боломжтой гэж үзэж байсан. Хоёрдугаарт, эзэмшсэн мэргэжил, амьдралынхаа туршлагын дагуу Аж үйлдвэржилтийн байнгын хороонд орж ажиллаж байна. Мөн Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн. Ер нь Их хурлын гишүүд ёс зүйг өөрсдөөсөө эхлэх ёстой. Дээрээс нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан таван ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ер нь улс эх орны бүтээн байгуулалт, эдийн засагтай холбоотой ажлуудад өөрийн мэдлэг чадвараа зориулж, дуу хоолойгоо өргөж ажиллаж байна.

-Намрын чуулганаар алдагдалгүй төсөв баталсан. Гэвч энэ хаврын байдлаар төсвийн орлого тасарч, тодотгол хийх магадлалтай болчихлоо гэж байна. Үүний учир шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Бүх зүйлийн учир зангилаа төрд л байна. Төр бүхнийг хийдэг, төрийн өмчит компаниараа дамжуулж хөрөнгө оруулалт хийдэг. Төр бүх эрх мэдэл дээр суудаг байдал руу орчихоод байна. Төсөв хэлэлцэх үеэр би Монгол Улс хоёр төсөвтэй болчихсон байна гэдгийг хөндөж байсан. Нэг нь нэгдсэн төсөв, нөгөө нь төрийн өмчит компаниудын төсөв. Бид өнөөдөр төрийн өмчит компаниудын төсөв, төлөвлөгөө, зарлагын мэдээллийг авч чадахгүй, хянаж чадахгүй байна. Нийт эдийн засаг уул уурхай руу хэлбийсэнтэй энэ холбоотой. Үеийн үед эдийн засгаа солонгоруулъя. Уул уурхайгаас орж ирж байгаа санхүүгийн эх үүсвэр, мөнгөө зөв зүйлд хийгээд цаашаа явах ёстой гэдгийг хэлцгээдэг байсан. Ялангуяа Монгол Улс инфляциа буулгахын тулд дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих ёстой. Ингэж чадах юм бол нэг ч гэсэн бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэнэ. Ингээд гадны зах зээлд ч гаргах боломжтой. Би өчигдөр (уржигдар) чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Хүнсний хувьсгал” гээд том хөтөлбөр байна. Энэ бол инфляцид хамгийн их өртдөг бараа бүтээгдэхүүнүүдийг онилсон. Нийт 3260 орчим аж ахуйн нэгж зээл авч, 1.2 их наяд төгрөгийн зээл гарсан. Дээрээс нь татаасанд нь 150-200 тэрбум төгрөг өгдөг гэхээр нийтдээ 2 орчим их наядын асуудал яригдаж байгаа юм. Гэвч үүний үр дүн хаана байна. “Цагаан алт” гээд бас нэг хөтөлбөр байгаа. Төр ингээд дэмжээд байдаг. Зээл авч байгаа аж ахуйн нэгжүүд нь өртгөө бууруулж байгаа гэж ойлгодог, хардаг. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ байна. Хэдхэн хоногийн өмнө Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар нэмчихлээ. Ингэхээр арилжааны банкууд болон санхүүгийн системд оролцогч талуудад хүндрэл учирдаг. Тэгээд зээлийн хүүгээ өсгөдөг. Өнөөдөр апликэйшний зээл, банк бусын хүү нэмэгдчихлээ. Арилжааны банкууд хурлаа хийгээд эхэлсэн байна. Хүү өсөхөөр дарамт нь иргэдэд л ирдэг.

-Ам.долларын ханшийн өсөлтийг бууруулах, барихын тулд валютын нөөцөөсөө хэт их хэмжээгээр гаргасан гэж байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу. Ер нь ингэх нь хэр зөв юм бэ?

-Бид өнөөдөр экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ биет хэмжээ, үнийн дүнг л тооцох ёстой. Нүүрс биет хэмжээгээрээ хэвийн гарч байгаа гээд байдаг. Гэтэл төсөв батлах үед 120 ам.доллар гэж ярьж байсан. Өнөөдөр 70 ам.доллар руу орчихлоо. Эндээс юу харагдаж байна гэхээр дэлхийн эдийн засагт томоор оролцож байгаа оролцогчид, тэдгээрийн техник технологийн дэвшил, тэндээс гарч байгаа шийдвэр ямар байна гэдэг дээр дүн шинжилгээ хийгээд өөрсдөө шийдвэрээ гаргаад явах ёстой. Гэвч өнөөгийн хамтарсан засаг бас ч гэж тун дажгүй ажиллаж байна. Сүүлийн 10 гаруй жил гацсан төмөр замын асуудлыг шийдэж чадлаа. Гашуунсухайт-Ганц модыг төмөр замаар холбочихоор бараа эргэлтийг 26-30 сая тонноор нэмэгдүүлнэ. Ингэх юм бол улсын эдийн засагт шууд нөлөөллөө үзүүлнэ. Бусад боомтуудаа ч бид дэлхийн нэгдсэн логистикийн сүлжээнд холбох ёстой. Нөгөө талдаа уул уурхайгаас олж байгаа мөнгөөрөө хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр гэсэн салбаруудаа дэмжих ёстой. Гэхдээ түрүүн хэлсэн шиг дэмжиж байгаа нь энэ гээд зүгээр мөнгө өгөөд байж болохгүй. Үр дүнг нь хэмжих хэрэгтэй. Зээл, татаас авч байгаа аж ахуйн нэгжүүдээ хариуцлагажуулах ёстой. Ингэхгүй бол зүгээр мөнгө тараачихдаг. Нөгөөдүүл нь сургаар үнээ нэмээд байж болохгүй. Тэд үнэ нэмэх, инфляци хөөрөгдөхгүй байх үүрэгтэй. Манай Үндэсний аудитын газар сайн ажиллаж байгаа. УИХ-д өгөх зөвлөмжүүдээ сайн гаргадаг. Харамсалтай нь түүнийг нь авч хэрэгжүүлдэггүй, ажил болгодоггүй. Зүгээр л нэг сонссон болоод өнгөрдөг. Цаашид ийм байж болохгүй.

-Та Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг нийгэм хөндөж, ихээр шүүмжилж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Залуу гишүүн Ёс зүй, дэгийн байнгын хороонд ордоггүй юм байна лээ. Гэвч би өөрөө хүсэлт өгч байж орсон. Яагаад гэхээр Их хурлын гишүүд өөрсдөө ёс зүйтэй байх ёстой. Манлайлал үзүүлж, тэндээс нь иргэд, аж ахуйн нэгжүүд үлгэр жишээ авдаг байх ёстой гэж ойлгодог. Ер нь гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал дээр хуулийн хүрээнд гуравхан л гарц байдаг юм билээ. Нэгдүгээрт, сануулна. Хоёрдугаарт, уучлал гуйлгана. Гуравдугаарт, цалингийн 20 хувийг 6 хүртэлх сараар хасна гэсэн л зохицуулалттай. М.Нарантуяа-Нара гишүүн дээр сануулга явсан. Тиймээс магадгүй дараагийн арга хэмжээ болох цалингийн хувь энэ тэр орж ирэх байх. Харин Ц.Мөнхтуяа гишүүний байр суурийг харж байгаа. Гишүүн болохоосоо өмнө тэр байрны асуудалд орооцолдсон. Гэвч байрны ордерыг нь шилжүүлээд өгчихсөн юм байна лээ. Тийм болохоор энэ асуудлыг улс төрийн зорилгоор сэвээд байна уу гэж хувь гишүүний зүгээс хараад байгаа. Ц.Мөнхтуяа гишүүн багш нарынхаа дуу хоолой болж, одоо байгаа болон өмнө нь байсан сайд нар руу бичиг явуулж, асуудлуудыг нь хөнддөг юм билээ. Тийм болохоор үүнтэй холбоотой улс төрийн зүйл байж магадгүй гэж харж байгаа юм. Одоогоор байнгын хороон дээр Ц.Мөнхтуяа г ишүүнтэй холбоотой асуудал яригдаагүй.

-Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлыг юу гэж харж байна вэ?

-Даваагийн Цогтбаатар гишүүний хувьд хэлэхэд, дахиад л улс төрийн онилгоо явж байна уу гэж харж байгаа. Яагаад гэхээр Даваагийн Цогтбаатар гишүүний хувьд сонгуульд оролцохдоо хууль дүрмийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. Асуудалгүй гээд сонгуульд оролцуулсан. Ялаад гишүүн болсон. Ер нь гишүүн болохоос өмнөх асуудлыг авч ирээд цоллоод байж болохгүй. Ийм байдлаар хэнийг ч яланд унагаах магадлалтай. Энэ талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга хэлэхдээ хуулийн хайчинд орсон гэсэн байна лээ.

-Танай байнгын хороогоор Х.Баттулга гишүүний цалинг хасах асуудал яригдсан юм уу?

-Яг одоогоор байнгын хороо хуралдаагүй байна. С.Лүндэг болон Х.Баттулга гишүүдтэй холбоотой асуудал өмнө нь орж ирсэн. Харин С.Лүндэг гишүүний хувьд чөлөө аваад, эрүүл мэндийн шалтгаантай байгаа юм билээ. Хуулийн хүрээнд авч үзвэл ажлын тав хоногтой дүйцэхүйц хугацаанд буюу 40 цагаас дээш хоцорсон гэж байдаг. Тиймээс Х.Баттулга гишүүний хувьд энэ цагтаа хүрчихсэн. Тэгэхээр хуулийн хүрээнд л арга хэмжээ авах байх. Өөр арга байхгүй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засгийн уналт болж эхэлдэг

Улсын Их хурлын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Эдийн засаг хүндрэх тал руу орсон. Магадгүй улсын төсөвт тодотгол ч хийж магадгүй гэх байр суурийг эдийн засагчид илэрхийлээд эхэлсэн байна. Таны хувьд энэ хаврын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Эхний хоёр сарын гүйцэтгэл гарсан. Түүнээс харахад төсвийн тэнцэл маань хагас их наяд төгрөгийн алдагдалтай явж байна. Нөхцөл байдал ер нь тийм ч амар биш ажиглагдаж байгаа. Манайх чинь экспортын хоёрхон бүтээгдэхүүнээр л амьдардаг улс орон шүү дээ. Уул уурхайн салбар, тэр дотроо нүүрс, зэсээр л амьдардаг. Тэгэхээр эдийн засгийн болон орлогын хувьд хэт хараат байхын гол эрсдэл нь энэ л дээ. Нүүрсний үнэ огцом унаж байгаа нь өнөөдөр манай эдийн засагт шууд нөлөөлж, төсвийн алдагдлыг үүсгэж байна. Гэхдээ энэ жилийн сүүлийн хагаст нөхцөл байдал арай өөрчлөгдөх болов уу гэсэн эерэг таамаглалыг хараад сууж байна.

-Чухам юунаас үндэслэж эерэг таамаглал дэвшүүлж байна вэ?

-Санхүүгийн шинжээчид, олон улсын судалгааны байгууллагууд олон янзаар л тайлбарлаж байгаа.

Нэг талдаа өнөөдөр/өчигдөр/ дөнгөж сая Ганц мод-Гашуунсухайт боомтын төмөр замын хэлэлцээрийг баталлаа. Энэ батлагдсанаар ахиц, эерэг үр дүн гарна гэдэг төсөөллүүд байгаа. Нөгөө талдаа энэ хэлэлцээр дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байна. Тийм болохоор бид олон улсын судалгаа, шинжилгээг маш сайн дүгнэх хэрэгтэй. Энэ амаргүй цаг үед аль болох л төр хэмнэлтийн зарчим барьж ажиллах шаардлага үүсч байгаа. Харин ч бид алдагдалгүй төсөв баталсан тулдаа ийм хэмжээнд явж байх шиг байна.

-Нүүрсний үнэ унасан ч өмнө нь гаргах хэмжээгээ нэмэгдүүлээд нөхөж байсан удаа бий. Гэтэл энэ удаад гаргаж чадахгүй, хил дээр овоолго үүсчихлээ гээд байгаа шүү дээ. Үүний шалтгаан нь юу вэ?

-Засгийн газрын гишүүд энэ талаар илүү их мэдээлэлтэй байгаа байх. Бидэнд ирж байгаа мэдээлэл, эдийн засагч хүний нүдээр зах зээл дээр харж байгаагаар овоолго үүсэхэд саяны дурдсан хэлэлцээрийн асуудал нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа. Харин баталчихсан учраас одоо эерэг нөхцөл байдал бий болох болов уу гэсэн найдлага, горьдлого байна.

-Сангийн сайд алтны үнэ өндөр байгаа учраас түүгээр алдагдлаа нөхнө гэж мэдэгдсэн. Тэгвэл таныхаар нүүрсний энэ алдагдлыг зэс, алтаар нөхөх боломж бий юу?

-Нүүрснээс олж байгаа орлогын төсөвт эзэлж байгаа хувь, алт зэсийн хувийг харьцуулаад авч үзвэл их ялгаатай ойлголт гарна шүү дээ. Нүүрснээс алдаж байгаа хэмжээний алдагдлыг нөхөж гүйцэхгүй байх л даа. Гэхдээ боломжийг хайх хэрэгтэй. Тэр боломжийг л Сангийн сайд маань хайж байгаа байх гэж бодож байна. Алдагдлыг алт, зэсээс болон бусад ашигт малтмалуудаас бага, багаар нөхөх боломж юу байна гэдэг гаргалгааг хайж, энэ алдагдлыг бууруулахын төлөө л эрэлхийлж байгаа арга хэлбэр байх гэж ойлгож байгаа.

-Таны хэлснээр хоёрхон бүтээгдэхүүний хараат байдлаасаа гарах, энэ жилийн хувьд алдагдлыг бүрэн нөхөх гарц гаргалгаа бидэнд бий юу?

-Нэг жилийн дотор шийдчихдэг асуудал биш л дээ. Ер нь бол бид үйлдвэрлэгч орон л болох ёстой. Гаднаас валют орж ирж байгаа орлогын урсгалыг нэмье гэвэл дотооддоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийг л нэмэх хэрэгтэй. Экспортын орлогыг нэмэх шаардлагатай. Гадагш нь доллар гаргаж байгаа тэр урсгалыг л бууруулах ёстой. Тэгэхээр дотоодынхоо хэрэглээг аль болох өөрсдөө хангаж, гадагш нь илүү их бүтээгдэхүүн гаргаж байж л манай улсын эдийн засаг дээшилнэ. Харин микро эдийн засгийн түвшинд гэвэл макро эдийн засгийнхаа өсөлтийг өрхдөө яаж буулгах юм гэдэг чухал. Бид дундаж орлоготой иргэдийнхээ тоог нэмэх ёстой. Хэт их орлогын зөрүү үүсээд бага орлоготой иргэд ихсээд, өндөр орлоготой иргэд нь цөөн болоод ирэхээр аливаа улс орны хувьд дотоодын эдийн засгийн уналт болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, орлого багатай хүн худалдан авалт хийхгүй. Нөгөө талдаа их орлоготой хүмүүс дотоодоосоо юм худалдаж авахгүй. Харин дотоодын эдийн засгийг дэмждэг хамгийн том бүлэг бол дундаж орлоготой иргэд байдаг. Тийм ч учраас Засгийн газраас Татварын багц хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар оруулахаар төлөвлөж байгаа юм билээ. Гэхдээ энэ өөрчлөлт дээр болгоомжтой хандаж, олон талаас нь шүүн хэлэлцэх ёстой гэж бодож байгаа. Татварын шаталсан тогтолцоогоор л орлогын дахин хуваарилалтыг хийдэг шүү дээ. Дээрээс нь бид хамгийн наад зах нь зэсийн баяжмалаа дэлхийн зах зээл дээр 1800-2000 ам.доллараар зардаг биш, катодын зэс болгоод 9-10 мянган ам.доллар хүргээд зарчихдаг болох юм бол эндээс чинь л олох орлого 4-5 дахин нэмэгдчихнэ. Зэсийн баяжмал хайлах үйлдвэрийн төслийг явуулъя гээд Эрдэнэт үйлдвэр ТЭЗҮ, хамаг зүйлийг нь бэлдчихээд сууж байна. Гэтэл хөрөнгө оруулалт хийх, энэ үйлдвэрийг барих худалдан авалт хийх хууль эрх зүйн орчин нь бэлэн болоогүй. Яагаад гэхээр тендерийн хуулиар энэ ажил явахгүй. Өнөөдөр Монгол Улс амны цаасаа худалдаж авдаг аргачлал, хууль эрх зүйн орчин Зэсийн баяжмал хайлах үйлдвэр барьдаг хууль эрх зүйн орчин нь нэг хуультай. Тийм учраас энэ том төслүүд богино хугацаанд урагшлах боломж нь хязгаарлагдмал байгаа учраас Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн өөрчлөлтийг нэн яаралтай оруулах шаардлагатай. Миний хувьд ажлын хэсэгт нь ажиллаж байна. Чуулганы завсарлагаанаар хойд бүс нутагтаа хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Бүс нутгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гаргаж, тэднээс санал санаачилгыг нь авсан.

-Татварын багц хуульд өөрчлөлт оруулах юм байна. Яг одоо бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд татвар хэт өндөр байгаа нь маш их дарамт болж байна гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр ер нь хуулийн өөрчлөлтөөр татварыг бодитоор бууруулах боломж байна уу?

-Төлж байгаа хэсэгтээ дарамт болж байна. Төлөхгүй байгаа хэсгээсээ авч чадахгүй байна. Н.Учрал сайд энэ долоо хоногт цахим мөрийтэй тоглоомын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Жилд үүний цаана 500 сая ам.доллар эргэлддэг гэж байгаа. Манай улс нэг жилийн хугацаанд Хүүхдийн мөнгөндөө 1.6 их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл ийм хэмжээний мөнгө ямар ч татваргүйгээр эргэлдэж байгаа эдийн засаг манай улсад байж байна. Тэгэхээр татвар төлөхгүйгээр байгаад байгаа энэ орчныг хязгаарлах зохицуулалтыг маш сайн гаргах хэрэгтэй. Өгч байгаагаа нэмээд байх биш, өгөхгүй байгаа хэсгээсээ авдаг. Татварыг яаж жигд хураадаг, татвар төлөх нь үүрэг юм гэсэн ухамсрыг яаж суулгах юм, хэрхэн хөгжүүлэх вэ, ямар механизмаар явуулах вэ гэдэг дээр анхаарах ёстой болчихсон юм болов уу гэж ажиглагдаад байгаа юм.

-НДШ-ийг 1 хувь болгон бууруулах саналыг нэг иргэн гаргаж, хүмүүсийн саналыг аваад эхэлсэн байсан. Үүнийг та хэр боломжтой гэж харж байна вэ?

-Энэ бол боломжгүй л дээ. Би НДШ дээр өөр байр суурьтай байдаг. Татварын бодлогыг бид хүн амынхаа өсөлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөшүүрэг болгон ашиглах боломжтой байдаг. Харин нийгмийн даатгал өөрөө ийм хөшүүрэг биш. Нэр нь ч даатгал шүү дээ. Уг нь зарчмаараа бид өнөөдөр ажил хөдөлмөр эрхлээд ажилгүйдлийн тэтгэмж, дараа нь тэтгэвэрт гарахдаа даатгалаас мөнгөө авч байгаа л агуулга байхгүй юу. Би боломжтой үедээ цалингаасаа тодорхой хувийг төрд найдаж хуримтлал үүсгээд, түүнийгээ эрсдэл үүссэн үедээ авч хэрэглэх л ойлголт. Өнөөдөр манай нийгмийн даатгалын тогтолцоог хэт их улс төрийн шийдвэр гаргасаар байгаад шимтгэл төлөөгүй иргэд төлсөн хүмүүсийнхээ шимтгэлээр тэтгэвэр аваад эхэлчихсэн. Тэгээд энэ “Чөтгөрийн тойрог” шиг эргэлтээсээ гарч чадахаа байчихсан. Уг нь бид хэд чинь бараг 20 жилийн өмнө л нэрийн данстай болцгоосон. Тэр нэрийн дансанд өнөөдрийг хүртэл хуримтлагдаад тодорхой хүү нь бодогдоод өсөөд явж байх ёстой. Тэтгэвэрт гарсныхаа дараа түүнийгээ аваад төрөөс тэтгэвэр, халамж гуйхгүй, залуу насандаа хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртээд явж байх даатгалын тогтолцоо юм. Бид энэ тогтолцоо руугаа шилжихгүй бол эргээд нийгмийн даатгалын сангийнхаа дарамтаас гарч чадахгүй. Яагаад гэвэл энэ чинь хүн амын өсөлттэй бас уялдаатай. Хүн амын өсөлтийн хувь буураад, төрөлт багасаад залуучуудын орон гэгддэг улс маань насжилт өндөр болоод эхэлж байна. Хэдхэн жилийн дараа бид яг энэ даатгалын тогтолцоотой, хүн амын өсөлтийн хурд ийм байдлаар явах юм бол даатгалынхаа санг дийлэхээ болино. Энэ санд ажил хийж, мөнгө оруулдаг ажиллах хүчгүй боллоо шүү дээ. Өнгөрсөн 1990-2005 оныг хүн амын өсөлтийн цонх үе гэж нэрлэдэг. Учир нь гадаад паспорттой болоод гадагшаа их явсан. Энэ 15 жилийн хугацаанд 300 мянган төрөлтийг алдсан гэсэн судалгааг салбар яамнаас нь гаргасан байна лээ. Тэр үед ийм хэмжээний хүүхдүүд төрсөн бол ид ажил хөдөлмөр хийж, улс орондоо баялаг бүтээж, эдийн засгийн эргэлт бий болгож, 300 мянган хүний хэрэглээгээр дотоод эдийн засаг өсч байх ёстой байсан байхгүй юу. Энэ боломжийг бид алдсан.

Түүний нөлөө өнөөдөр мэдрэгдэж, ажиллах хүчний хомсдолд орж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр хүн амын өсөлт 1.1 хувь болоод буурчихсан байна. Бид 2021 оны төсөөллөөр 1.7 хувьтай цаашдаа тогтвортой бариад явахаар байна гэж төлөвлөлтөө хийж байсан. Хүн амын өсөлт ингэж хурдтай буурч байгаа учраас 25-30 жилийн дараа дахиад нөгөө цонх үе чинь одоогийнхоос дор байдлаар илрэх гээд байгаа юм. Тэр үед манай эдийн засаг улам л агшина. Тийм болохоор л хүн ам зүйн бодлого дээр анхаарах ёстой гэж хэлээд байгаа юм.

-“Цалинтай ээж”-ийн мөнгийг 500 мянган төгрөг болгох хэрэгтэй гэж та хэлсэн байсан. Гэтэл салбарын сайд нь сэтгэл хөөрлөөр ингэж болохгүй, нэмэгдүүлэх боломжгүй гэсэн тайлбар хийсэн байна лээ. Та чухам ямар үндэслэлээр энэ мөнгийг нэмье гэж байгаа юм бэ?

-Энэ зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Миний хувьд нэг өдөр бодоод маргааш нь гараад хэлж байгаа зүйл ч биш юм. Өнгөрсөн намар 2025 оны улсын төсөв хэлэлцэж байх үед би энэ талаар хэлж байсан. Тэр үед буюу 2024 оны 12 дугаар сард надад байсан статистикаар 2023 онд 67 мянган хүүхэд шинээр мэндэлсэн. Өсөлтийн бодлогыг дэмжээд 70 мянга болно гэж тооцвол энэ зардалд 420 орчим тэрбум төгрөг хэрэгтэй болох юм байна. Өнөөдрийнх шиг 3 хүртэлх насанд 50 мянга биш, 1 хүртэлх насанд нь сард 500 мянган төгрөг өгдөг болъё. Төр-хувийн хэвшлийн түншлэлээр 0-3 насны хүүхдийг харах буюу яслийн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Дээрээс нь үүний цаана эмэгтэй хүний хөгжил, карьер яригдана. Дөрвөн хүүхэдтэй ээжийг декритний хугацаагаар нь тооцоход л 12 жил, жирэмсэн байх хугацааг нэмбэл 16 жил болно. Энэ хугацааны өсөлт хөгжил, карьерийг хэзээ ч нөхөж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломжгүй. Тийм учраас өнөөдөр төрөлт буураад байна. Мөн олон хүүхэдтэй гэр бүлийг татвар, орон сууцны бодлого чиглэлээр дэмждэг нийгмийн хамгааллын бодлого хэрэгтэй байна. Бид үүнийгээ нийгмийн халамжийн бодлогоос салгах ёстой. Хүн амын өсөлтийг дэмжиж байгаа асуудлуудаа бид өнөөдөр халамж руу хийчихсэн явж байгаа. Хүн амаа өсгөх, хамгаалал талдаа бид зарах ёстой мөнгөө зарах л хэрэгтэй. Энэ мөнгөний өгөөж 20-30 жилийн дараа гардаг, хүндээ хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтын өгөөжөө бид тооцож, нэг монгол хүний бүтээмж ямар байх талаар тооцоо, судалгааг ч хийх хэрэгтэй юм билээ. Одоогоор бидэнд тийм судалгаа алга. Өнөөдөр хүн амын өсөлтөд зарж байгаа 1 төгрөг 30 жилийн дараа хэд болж өсөх вэ гэдгийг тооцож гаргах ёстой юм. Дундаж орлоготой нэг иргэн төрөхөөс насан эцэслэх хүртлээ татвар, нийгмийн даатгалд төлөх хуримтлал, өөрийн хэрэглээгээрээ эдийн засагт бий болгож байгаа эргэлт, хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээж байгаа баялаг, түүгээрээ улс орондоо ямар хэмжээний өгөөж өгдөг вэ гэдгийг тооцох ёстой байхгүй юу. Энэ бол өөрөө үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм. Хүн ам зүйн бодлогын асуудал бол улс үндэстний тусгаар тогтнолын асуудал.

Манай урд хөрш 1.4 тэрбум, хойд хөрш 130-аад сая хүн амтай. Энэ их хүн массын төвлөрөл дунд Монгол Улс 3.5-хан саяулаа. Монгол хүний удмын ген, монгол хүнийг авч үлдэх гэдэг бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал шүү. Тийм болохоор хүн амын өсөлтийг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, баалж байгаа хууль бүрд өсөлтийг дэмжсэн зохицуулалтууд нь эерэгээр орж байх ёстой гэж бодож байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хуульзүй, дотоод хэргийн сайдад хандан “өөрийн багаа бүрдүүлэн ажилла” хэмээн долоо хоногийн бүлгийн хурлынхаа үеэр хэлсэн. Бид энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.


ХЗДХ-ийн сайдыг өөрийн багаа бүрдүүлж ажиллах шаардлагатай гэж хэлсэн. Ингэснээр тус салбарт ямар давуу талууд бий болно гэж бодож байна вэ?

Ардчилсан нам хамтарсан засагт орох 2-3 томоохон зорилт л байсан гэж миний хувьд боддог. Нэгдүгээрт, эдийн засгийн хүрээний асуудлууд. Харин Эдийн засаг, хөгжлийн яамыг манай намын дарга Л.Гантөмөр, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарыг Ц.Туваан сайд нар хариуцаад явж байна. Эдийн засгаа тэлэх, уул уурхайн орлогыг нэмэгдүүлэх, ногоон эдийн засгийг дэжих гэсэн нэг том багц ажлын хүрээнд эдгээр сайдууд ажлаа хийж байгаа гэж ойлгож байна.Эдийн засгийг дэмжих гэсэн нэг том багц ажлын хүрээнд  эдгээр сайдууд ажлаа хийж байгаа гэж ойлгож байна. Ардчилсан намын үзэл баримтлалын хүрээнд ч эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бий болгох зэрэг зорилгуудтай уялдаад явж байгаа байх. Тодорхой ололт, амжилтууд ч гарч байх шиг байна. Харин нөгөө үндсэн том зорилго бол хуулийн засаглалтай холбоотой асуудлууд байсан. Хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль, хүчний байгууллагуудын үйл ажиллагааг шилэн, ил тод болгох зэрэг асуудлыг бид тавьсан. Ер нь өнгөрсөн хугацаанд гарсан ардчиллаас ухарсан байдлыг урагшлуулах зорилгоор л улс төрийн эр зориг гаргаж, хамтарсан Засгийн газарт орсон. Энэ талаараа намынхаа хурал дээр ч олон ярьсан. Энэ утгаараа бид үр дүн гаргах ёстой. Гэтэл саяын noorog.mn сайттай холбоотой асуудал дээр О.Алтангэрэл сайд өөрөө галыг аваад явж байна. Нэг талаараа салбарын сайдын хувиар салбараа хамгаалж байгаа байдал харагдаад байгаа юм. Гэхдээ салбартаа байгаа алдаа завхрал, хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа системийг задлах ёстой шүү гэдгийг би өөрт нь ч хэлсэн.

ХЗДХ-ийн сайдыг та салбараа хамгаалаад байна гэж харж байгаа юм уу?

Өнгөрсөн хугацаанд энэ салбарт байсхийгээд л нэг сенсаци гарсаар ирсэн.Бидэнд мэдэгдэж, хэвлэл мэдээллээр гарч байгаа нь л энэ. Гэтэл цаана нь хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор шөнө оройгоор хэчнээн ч хүн байцаагдаж байгаа юм. Дээрээс нь цагдаа нар холбогдсон асуудлууд дээр өөрсдийгөө хамгаалаад л дуусдаг. Ардчилсан намаас сонгогдсон сайд байгаа учраас хүний эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй, Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрхүүдийг  хамгаалах гүн итгэл үнэмшилтэй байгаа гэж ойлгож байна. Тийм болохоор салбараа хамгаалахын оронд яг үндсэн үнэт зүйлүүдээ хамгаалмаар байна. Салбарыг өөрчлөх, реформ хийхийн тулд маш олон зүйл хийх шаардлагатай нь мэдээж. Тийм ч болохоор Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт энэ талын маш олон зорилт орсон. Ямар ч байсан О.Алтангэрэл сайдын хувьд эхний алхмуудаа хийгээд эхэлсэн гэж харж байгаа юм. Жагсаал цуглааны хуулиа өргөн барьчихсан.Бусад хуулийн төслүүдээ ч боловсруулж байна. Гэтэл харамсалтай нь нөгөө систем нь яг хэвээрээ байгаад л байна. Хэдэн жилийн өмнө л гарч байсан алдаа завхралууд гарсаар л байдаг. Тиймээс энэ утгаараа бодлого тодорхой, түүнийг нь хэрэгжүүлэх хүний нөөц тодорхой байх ёстой. Бодлогоо хэрэгжүүлэх хүмүүс нь түүндээ итгэхгүй болохоор л явдаггүй юм байна шүү дээ. Х.Тэмүүжин гишүүнийг тус салбарын сайдаар ажиллаж байхад дотроосоо л бослого гарсан. Тийм болохоор цогцоор нь шийдэж, бодлогодоо итгэдэг, дэмждэг хүний нөөцтэй байхгүй бол болохгүй гэдэг утгаар нь би ингэж хэлсэн юм. Нэгэнтээ л Ардчилсан нам ийм, ийм зорилтуудыг тавьсан. Тэдгээрээ хэрэгжүүлэхийн тулд хамтарсан засагт орсон учраас дорвитой алхмууд хийгээд, реформоо оруулж ирээд, солих шаардлагатай хүмүүсээ солиод явсан нь л зөв.

Таны хувьд баг гэдэгт яг ямар албан тушаалын хүмүүсийг оруулж хэлж байна вэ. Үүнд тань ЦЕГ-ын дарга орж байна уу. Учир нь танай намын нэг хүн ил тодоор өөрийгөө ЦЕГ-ын дарга болгох хэрэгтэй гээд байгаа шүү дээ?

-Мэдээж дарга, удирдлагад байгаа хүмүүс л орно. Түүнээс биш мөрөөрөө өмнөх ажлаа хийгээд, тангарагтаа үнэнч байгаа хүмүүс биш. Яг бодлого, шийдвэр хэрэгжүүлэх, удирдамж,тушаал өгч байгаанууд нь л асуудалтай байгаад байна гэж харж байна. Харин оронд нь хэн байх бол тусдаа асуудал. Бидний дэвшүүлсэн зорилтууд, ардчилсан Үндсэн хуулийнхаа зорилгыг мэдэрдэг хүмүүс л байх ёстой. Гэтэл одоо чинь олон нийтийн шүүмжлэл  гарахаар л төрийн цагдаагийн нэр хүндэд халдаа энэ тэр гээд тролл ажиллуулдаг болчихоод байгаа нь харамсалтай. Өнгөрсөн 2022 онд 20 гаруй мянган эрүүгийн хэрэг бүртгэгдсэн гэж байгаа юм. Харин ноднин жил болохоор энэ тоо 44 мянга болж өссөн. Энэ нь монголчууд ийм их гэмт хэрэг хийгээд байна уу, эсвэл аливаа зүйлийг эрүүлжүүлэх процесс яваад байна уу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Дээрээс нь эрүүгийн хэргийн процесс дээр маш олон алдаа дутагдал гарч байна. Хүний эрх зөрчигдөж байна гэдгийг НҮБ, олон улсын байгууллагуудын дүгнэлт, судалгаанууд дээр дурдаад байна шүү дээ. Ер нь сүүлийн жилүүдэд айдсаар удирддаг болчихлоо. Уг нь манлайлал гэдэг чинь айдсаар удирдахын нэр биш. Үүнийг өөрчилж чадахгүй бол энд байх хэрэггүй болчихоод байна.

Хууль зүйн сайд маань тэгвэл та бүхний энэ үг, зөвлөгөөг авч ажиллана гэсэн итгэл байна уу?

Энэ долоо хоногт манай намын бүлгийн хурал хаалттай болсон. Түүн дээр бид илэн далангүй л ярьсан. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн бид хамтдаа намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр дээр ажиллаж л байсан. Хууль зүйн салбар ийм байвал гоё гээд ярьдаг байлаа. Тийм болохоор энэ үзэл санаа, үнэт зүйл манай намын гишүүн нэг бүрд байдаг гэдэгт би итгэдэг. Дээрээс нь О.Алтангэрэл гэдэг хувь хүний тухай биш, АН-аас сонгогдсон сайд гэдэг утгаараа намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж харж байна.

Хэдийгээр танай намаас сонгогдсон ч гэсэн сайд нарт хариуцлагыг нь зөвхөн Ерөнхий сайд тооцох юм биш үү. Тэгэхээр танай нам, УИХ дахь бүлгийн зүгээс сайд нартайгаа хариуцлага тооцох боломжтой юу?

Улс төрийн хариуцлага маш олон янзаар, ямагт л тооцогдож байдаг. Тийм болохоор хариуцлагаа тухай бүр хүлээгээд л явна. Нөгөө талаасаа бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж өгсөн. Ингэхдээ АН-ын мөрийн хөтөлбөр, зорилтуудаас үүнд нь оруулсан. Тэгэхээр намынхаа энэ зорилтуудыг хэр хэрэгжүүлж байна вэ гэдгээс хамаарч хариуцлага тооцох боломжтой л гэж харж байна. УИХ одоо Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байгаа шүү дээ. Зөвхөн огцрох гэдгээс гадна олон төрлийн хариуцлага тооцож болно. Дараагийн сонгуулиар ард түмэн дүнгээ тавина гээд олон хариуцлага байж болохыг манай намын сайд нар ойлгож байгаа байх. Ер нь хамтарсан засаг байгаа учраас УИХ- ынхаа механизмуудыг илүү сайн ажиллуулах хэрэгтэй. Өнгөрсөн намрын чуулганаар ерөнхийдөө засгийн санаачилга, хуулиудыг хэлэлцсээр байгаад л дууссан. Тиймээс энэ хаврын чуулганаас эхлэн УИХ, байнгын хороод, бүлгүүд арай өөр түвшинд ажиллаж, засаглал хоорондын хяналт тэнцэл арай сайн гарч ирээсэй гэж хүсч байна. Энэ ч утгаараа хяналтаа сайжруулаад жижиг гэлтгүй асуудлууд дээр хариуцлагаа  тооцоод явах ёстой.

 

Categories
мэдээ улс-төр

Л.Төмөрчөдөр: Бид бүхэн намын томилгоо хийхгүй

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөртэй ярилцлаа.


-Засаг даргаар томилогдон ажлаа авснаасаа хойш ямар ажлууд дээр анхаарч байна вэ?

-Олон түмэн маань бид бүхэнд итгэл хүлээлгэж, энэ удаад сонгосон. Ажлаа хүлээж аваад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна.

Энэхүү хугацаанд ИТХ маань бодлогын бичиг баримт, энэ онд хийгдэх ажлуудынхаа төсөв хөрөнгийг баталлаа. Мөн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж авсан. ИТХ хурал маань гурван удаа хуралдлаа. Бид бүхэн нэлээд томоохон зорилтууд тавьж байгаа.

-Тэдгээр зорилтууд нь юу байгаа вэ?

-Төв аймаг маань инженерийн дэд бүтэц нэлээд муудсан. Ойрын жилүүдэд энэ талын засвар хийгээгүй. Сольж чадаагүй тал байна. Тийм болохоор иргэдийг ая тухтай амьдруулах тал дээр онцгойлон анхааръя гэж байгаа юм. Ер нь бид 100 жил тэмдэглэсэн аймаг, сум юм бол иргэдийнхээ анхан шатны хэрэгцээг хангасан, нийгмийн олон салбарын дэд бүтцийн асуудлыг хөндөж, асуудлыг шийдэх хэрэгтэй. Нийт төсвийнхөө 60-70 хувийг аймгийнхаа төв дээр тавьсан. Бидэнд тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь халаалтын уурын зуух байна. Энэ жилийн хувьд харьцангуй дулаахан өвөл болсон тулдаа гайгүй даван тууллаа. Ер нь өнгөрсөн жилүүдийнх шиг хүйтрэх юм бол бүх тогоонууд хөлдөх, аймаг тэр чигтээ хөлдөх ч эрсдэл бий болсон. Тиймээс байгаа төсөв мөнгөнийхөө нэлээд хэсгийг шугам, сүлжээний асуудал дээр тавьсан. Мөн аймгийн төвийнхөө авто замыг дөрвөн эгнээ болгохоор зорьж байна. Үүнээс гадна манай аймгийн төв усны хатуулаг чанар нэлээд өндөр. Тиймээс шинээр барьж байгаа орон сууцнуудыг хэрэглээний хүйтэн усныхаа хоолойг зэс хоолойгоор хийх шаардлага тавьж байна. Дээрээс нь дулааны станцаа яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Манай аймаг 2000 айлын орон сууц барина гээд төлөвлөчихсөн ч дулаан хангамжийг нь яаж шийдэх вэ гэдэг асуудал болчихсон. Яагаад бид долоо хоногийн бямба, ням гаригуудад л хэрэглээний халуун устай байх ёстой юм. Үүнийг л ирэх дөрвөн жилд шийдэхээр зорьж байна. Манай аймгийн Уурын зуух, дулаан гээд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар маань муу түлш авч ирдэг. Өрөнд орчихсон, хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллачихсан гээд асуудлууд үнэхээр бий.

-Төв аймаг зарим хэсгээ энэ жил газаар халаасан гэсэн үү?

-Дулааны инженерийн шугам сүлжээний асуудал үнэхээр хүндэрсэн гэдгийг хэлсэн. Тиймээс аймгийнхаа IV баг буюу Зүүндэлгэрийг энэ өвөл LPG буюу газан холболтод холбож үзсэн. Туршилт нь үргэлжлээд явж байна. Хэрэв энэ маань үнэхээр амжилттай болох юм бол Төв аймгийг тэр чигт нь газан холболтод шилжүүлэх хэрэгтэй юм уу гэж харж байгаа. Мөн өөр технологийн шийдлүүдийг судалж байна. Одоо бол гурван барилга бариад л хажууд нь уурын зуух барьдаг байдалтай л байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэх цаг нь болсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 мегават нь ашиглалтад орсон. Ирэх намар гэхэд дараагийн 150 нь ашиглалтад орно. Ингэх юм бол Төв аймаг цахилгааны хараат байдлаас гарах боломжтой болно.

-Төв аймагт спортын комплекс барина гэж байсан. Үүнийгээ энэ жилдээ эхлүүлэх үү?

-Хуучин социализмын үед баригдаж байгаад ашиглалтад оруулж чадаагүй дулааны станц байдаг. Үүнийгээ нураагаад “Төв арена” гэж томоохон хэмжээний спорт комплекс барих гэж байгаа. Зарим хүн 20 мянган хүнтэй Зуунмодод ийм зүйл барих шаардлага байна уу гэдэг л юм. Гэхдээ энэ бол Төв аймгйинхандаа зориулан хийх ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийн том эргэлт болно гэж тооцоолж байгаа. Учир нь энүүхэн хойно 1.6 сая хүн байна. Улаанбаатар хотоос хүмүүс ирж урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, найз нөхөд, албан байгууллагаараа ирж тоглодог болно. Ингэснээр аймгийн төвд эдийн засгийн маш том боломж бололцоо бий болно гэж харж байгаа. Энэ маань 2200 хүний суудалтай, олон улсын жишигт нийцсэн спорт заал байна. Урлаг соёл, спортын арга хэмжээг зохион байгуулна. Дотроо бэлтгэлийн заал, фитнесс клуб, худалдааны хэсэг, кофе шоп гээд бүхий л зүйлийг нь нэг дор багтаасан спорт комплекс байх юм. Олон улсын стандартад нийцсэн учраас тив, дэлхийн спортын үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой болно. Энэ бүхэн эргээд аймагт хөрөнгө оруулалт болно. Үүнийгээ дагаад манай хоолны газрууд, зочид буудлуудын орчин, үйлчилгээний чанар сайжирна. Үүнийгээ ирэх 2027 онд ашиглалтад оруулахаар зорьж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байсан ч бага сага асуудлууд бий. Тийм болохоор хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад хийсэн нь дээр юм гэж үзээд хувийн хэвшлийнхэнтэйгээ эхний уулзалтуудыг хийж байна. Үүнээс гадна Солонго цогцолбор гэж бий. Хуучин 2012-2016 оны үед кино театрт нь хүмүүс кино үздэг их сайхан газар байсан. Одоо бол үйл ажиллагаа нь зогссон. Тийм болохоор үүнийгээ засаж сайжруулж, шинэчлээд Улаанбаатар хотод гарч байгаа кино тэр өдөртөө гардаг байх боломжийг бий болгоно. Монгол туургатан театрынхаа үйл ажиллагааг ч сайжруулах тал дээр анхаарна.

-Танай аймаг бол газар тариалангийн бүс нутаг. Тиймээс энэ салбартаа хэрхэн анхаарах вэ?

-Саяхан манай ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Красноярск хотод очиж ажилласан. Ингэхдээ газар тариалангийн салбарыг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр анхаарч, анхны уулзалтуудаа хийгээд ирсэн. Ингэхдээ хувийн хэвшлийн төлөөллүүдээ аваад явсан. Төмс хүнсний ногоо, улаанбуудайн сортыг сайжруулах, шинэчлэх алхмуудаа хийчихээд ирлээ. Хөнгөлөлттэй нөхцөлөөр үр тариа, төмсний шинэ сорт оруулж ирэхээр тохирсон. Одоо чинь килограмм төмс 400 төгрөг болчихоод байна. Ингэхдээ тариаланчид маань ченжүүдийн амыг л хардаг болсон. Тиймээс үүнээс гаргах хэрэгтэй гэж үзсэн. Ингэхийн тулд дундын зооринууд барихаар төлөвлөж байна. Бид яагаад түргэн хоолны газруудын төмсийг нийлүүлж чадахгүй байгаа юм. Тэдний хэрэглэдэг сортынх нь төмсийг авч ирж тариалах хэрэгтэй. Тэгэх юм бол үйлдвэрлэгчээсээ шууд хэрэглэгчид очих үүд гарц нээгдэнэ. Энэ ажил дээр нийтдээ нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Тийм болохоор нэлээд ажлуудыг хийх боломжтой гэж харж байгаа. Дээрээс нь үр тарианы буюу тэжээлийн ургамлын тарьцыг сайжруулахад 880 сая төгрөг тавьсан. Үүгээрээ сумдын дундын техник авъя гэж байгаа юм. Төр засгаас эрчимжсэн мал аж ахуйг чухалчилж, Шинэ хоршоо зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс эдгээртэй аль болох уялдуулах хэрэгтэй гэж үзсэн. Гэвч эрчимжсэн мал аж ахуй, хоршоог дэмжиж байгаа ч бэлчээрийн мал аж ахуйг түүгээр нь л явуулна. Манай аймгийн урд хэсгийнхэн бол бэлчээрийн мал аж ахуй зонхилдог. Харин малчид маань тэжээлийн ургамал дэргэдээ тарьдаг болчих юм бол хатуу ширүүн өвөл, хаврыг эрсдэл багатай давах болно. Энэ талаас нь дэмжиж, газрын асуудлыг нь шийдэж өгье гэж байгаа. Мөн эрчимжсэн мал аж ахуй тал дээр ч хийх ажлууд байна. Жижиг, дунд үйлдвэр дээр энэ жил улсаас урьд өмнө нь байгаагүй их мөнгө болох найман тэрбум төгрөг тавиад өгчихсөн. Одоо бид төсөл сонгон шалгаруулалтаа зарлаад нэгдүгээр ээлжнийх нь явж байгаа. Хоёрдугаар ээлж нь удахгүй зарлагдана. Тун удахгүй жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо эрхэлж байгаа хүмүүстэйгээ уулзалт хийнэ. Үүгээр олон зүйл тодорхой болох байх. Бид бүхэн энэ жилийг “Бизнесийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байгаа. Гэхдээ жил бүр өөр, өөр зүйл дэмжихээр зарладаг бус энэ дөрвөн жилд бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого барина. Ингэж байж иргэдийн өрхийн орлогод шууд нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

Сүүний цех байгуулна гэх шиг болсон. Энэ талаар ямар ажил хийх юм бэ?

-Тийм, Батсүмбэр, Цээл сумуудад энэ жил жижиг сүүний цех байгуулахаар төлөвлөж, аймгийн төсвөөс 600 сая төгрөг тавьчихсан байгаа. Ингэснээр хоршоо, фермер хийж байгаа хүмүүс маань энэ цехдээ сүүгээ авч ирж өгөөд эцсийн бүтээгдэхүүн болгох ажлыг орон нутагтаа хийх ёстой. Тэгэхгүй бол хэдэн компани танкаа аваачиж тавьчихаад иргэдээс хямдхан аваад байдаг. Үүнийг болиулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох ажлыг хийнэ. Цаашдаа ийм сүүний цехүүдийг олноор нь байгуулахаар төлөвлөсөн. Бид тун удахгүй БНХАУ-ын ӨМӨЗО-той хамтын ажиллагааны гэрээ хийх гээд удирдлагуудтай нь ярьж байгаа. Мөн Гуанжоу хотод болдог томоохон үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчдээ оруулахаар төлөвлөөд ажлаа хийж байна. Бид юм үзэж харж байж, тэднээс суралцаж байж хөгжинө. Харин тэднийг холбож өгөх ажлыг хийх ёстой.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн Чех, Польш улсуудад саяхан хийсэн айлчлалын багт багтсан байсан. Тус айлчлалын хүрээнд ямар, ямар ажлуудыг амжуулав?

-Энэ айлчлалын багт багтаж явснаар бид бүхэн Польш улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллана. Зөвхөн гэрээ байгуулаад орхидог биш ажил хийдэг байх талаас нь явна. Польш улсад өмнө нь манайх эрүүл мэндийн салбарынхнаа ихээр сургадаг байсан. Энэ уламжлалыг сэргээнэ. Эрүүл мэндийн боловсон хүчнүүдээ тэнд сургана. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх, жуулчдыг олноор нь татах гээд олон ажлууд төлөвлөж байна. Ер нь цаашдаа хамтын ажиллагааны гэрээтэй улс, хотуудтайгаа бодит ажил хийх тал дээр онцгойлон анхаарч ажиллана.

-Төрийн албаны сахилга хариуцлага, урамшууллын системийг хэрэгжүүлнэ гэсэн. Энэ талаараа дурдахгүй юу?

-Манай улсын хувьд дээр дооргүй л сахилга хариуцлага ярьж байгаа. Тийм болохоор төрд ажиллаж байгаа хүмүүс маань бүгдээрээ л хариуцлагатай байх асуудлыг хөндөж байгаа юм. төрийн ажил хийж байгаа хүн цаг аргацаасан байж болохгүй. Сайн ч ажилласан, муу ч ажилласан авдаг цалингаа л авдаг байж таарахгүй. Тиймээс урамшууллын системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хэн сайн ажиллаж байгаа, сэтгэж байгаа нь илүү авдаг байх ёстой. Ийм зүйл рүү л явах ёстой юм. Бид бүхэн үндсэндээ намын томилгоо хийхгүй. Тодорхой хэмжээнд хийж байгаа ч түүнийгээ төрийн томилгоо гэж харж байгаа. Намд сайн ажилласан гээд мэдэхгүй, чадахгүй хүнийг төрийн ажилд томилоод байж болохгүй. Нөгөө талдаа ажил төрлөө хийдүүлдэг, сахилга хариуцлага алддаг нөхдүүдэд хариуцлагыг нь тооцоод явна. Харин сайн ажиллаж байгааг нь дэмжээд явна.

 

Т.ДАРХАНХӨВСГӨЛ