Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гурван настай гунан Улаан баатар бол манай нийслэлийн нэр юм шүү дээ DNN.mn

Ийм баатарлаг тууль байдгийг мэдэх үү, хүмүүс ээ,

Наран сая мандаж байхад, Навч цэцэг дэлгэрч байхад, Захын модыг зулзага байхад, Загал бугыг янзага байхад, Самуун цагийг шувтарч байхад, Сайхан жаргалыг эхэлж байхад, Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг гүвээ байхад… Төв халхынхны баатарлаг тууль. Үүнийг аав маань аялгуулан хэлж хэдэн баньд нараа томоотойхон суулгаж байгаад цагаан сарын буузаа хийдэгсэн.

…Айлын хүүхэд нураана гэж, Албин савдгаар тойруулсан, Адуу мал шөргөөнө гэж, Араатан чоноор мануулсан, Салхи шуурганд ойчино гэж, Савдаг лусаар түшүүлсэн, Дэлхий газраас өөрцгүй, Далай цагаан өргөөтэй гэнэ…гээл цаашаа явж өгнө шүү дээ.

Өвгөд нь хэлдэг байсан юм уу, өөрөө ч тэгж итгэдэг байсан юм уу “Улаанбаатар гэдэг чинь энэ гурван настай гунан Улаан баатарын нэр юм шүү дээ. Үргэлж залуу, үргэлж хүч чадалтай, хэнд ч дийлдэхгүй баатар юм байгаа юм, манай хот” гэж ирээд л хуучилдагсан. Яагаад ийн дурсах болов оо гэвэл “Улаанбаатар” нэрийг сүүлийн үед гадаадууд өгсөн доромж нэр гээд л мэдэмхийрэх хүмүүс байдаг болоод л үүнийг бичлээ. Монголчуудын сэтгэлд улаан баатар гэдэг бол дээрх туульсаар л буудаг байсан юм болов уу. Бид юмыг сайнаар буулган бодож явдаг хүмүүс л дээ. Тийм дээ ч “монгол хүн сүжгээр” гэдэг байх. Баатарлаг туульсын нэр яагаад ч бидний сэтгэлд сэв суулгахгүйгээр бууна л даа. Ёр билгээн бодсон ч, тухайн цаг үеэ бодсон ч яг л оносон нэр байж таараа биз. Өвгөд дээдэс үүнийг тунгаан бодсон л байж таараа. Юу ч мэдэхгүй малнууд байгаагүй юм шүү дээ бидний дээдэс.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол залуус минь DNN.mn

Хаа сайгүй бродюр сольж байгааг хотынхон байтугай хөдөөнийхөн ч андахгүй. Тэр бродюр гэдэг зүйл сүүлдээ төгсрөөд гантиг болсныг (боржин л доо) хараа байлгүй. Тэдгээрийг солихын өмнө зам дээгүүр жирийтэл өрж тавьж байгаад сольдог юм байна лээ. Тэр боржин чулууны ирмэг нь иртэй гэж юү гэхэв, яг л сахлын хутга шиг.

Нэг орой тэрийг нь машинаараа дайрчихваа. Хажуунаас амьжиргаа цагаан бөөр лүү шахаад замын зах руу дарчихгүй юу. Сахлын хутга шиг ирмэг нь шууд л дугуй хага зүсчихлээ. Пис пас гээд л шууд хий нь гараад шалчийчихав. Гай болж яг явган хүний зам дээр таарлаа. Хөдөлгөөн ихтэй ч газар юм. Зам хаагаад зогсохоос өөр яах билээ. Үүнд хүмүүс машид зэвүүцэн машиныг маань зогсоо зайгүй нүдэж эхэллээ. Гарцаар гарч байгаа залуу, хөгшин гэхгүй бүгд хараалын муугаар хараан төрсөн эхийг нь нүдэн дээр нь доромжилчихсон мэт үзэн ядаж нулимж, өшигчих аж. Буугаад дугуйгаа гаргах гээд ноцолдвол зодуулаад тогтвол их юм болохоор байлаа. Аймшигтай ажээ.

Хамгийн гайгүй энд бичиж болох хараал нь “замаас зайлаач төгцөгөө” л юм уу даа. Гэтэл нэг танихгүй залуу хүү хэрэг болгон хаалганы цаанаас “цонхоо буулга” хэмээн дохив. Арай ч цохиод авахгүй байгаа гэж бодон цонхоо буулгалаа. “Ах аа, дугуй чинь нэгэнт засал авахааргүй болжээ. Та энэ чигт нь яваад тэрүүхэн зогсоол дээр зогсчихоод учраа ол оо” гэж хэлчихээд явлаа. Хэн нэгэн чин сэтгэлээсээ хандахад ухаан санаа цэлс гээд л явчих шиг болов. Гэтэл зам зохицуулж байгаа цагдаа хүү гүйж ирэн “ах аа, би дугуй засдаг бригад дуудаад өгье, та шууд яваад тэр зогсоол дээр оч. Наадах чинь засвар авахгүй” гэж хэлээд хөдөлгөөн чөлөөлж эхэллээ.

Танихгүй монгол залуустаа хайр төрөөд л явчихав. Түрүүний цөхрөл айдас, гоморхол үргэн одож төрөлх нутаг, үндэстэн нэгт хүмүүс дунд байгаагаа мэдрэн машинаа зугуухан, цатгалан ирвэс мярайх мэт хөдөлгөж эхлэв.

Ж.Сандагдорж

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарын намар DNN.mn

Улаанбаатарын намар аажуухан бөгөөд нүсэр эхэлнэ. Замын түгжрэл махны болон бараан захууд, бичиг хэргийн дэлгүүрүүдээс эхэлж “сургуульдаа эргэж ирэх боллоо” гэсэн самбарууд энд тэндгүй харагдаж гудамж талбайд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны үзэсгэлэн алаглана. Үүнийг харсан багачууд хүүхдүүд нөгөө Говь-Алтайн хүү шиг уцаарлангуй “Заа за” гэж хэлэн санаа алдана.

Харин төгсөх ангийн хөвгүүд охид сэтгэл сэмрэн дэгэлзэх амой. Жимс, самрын худалдаа гадуур дэлгэгдэж, “Намрын ногоон өдрүүд” хэмээх хүнсний ногооны худалдаан дээр хүмүүс орж гаран шинэ ногоо дуртайяа худалдан авна. Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж зунжин намдуу байсан баар саваар залуус шавж амьд хөгжимтэй уушийн газарт бөмбөр тас нясхийн гуулин цангаас нь ойсон гэрэл бүдэг танхим дотор гилс гилсхийн харагдаж зөөгчид шогшилдон гүйлдэж захиалсан зүйлсийг нь аваачих нь хөөртэй. Стадионы задгай талбайд том том тоглолт болж халамцуу залуус бүжиглэн шөнө дөлөөр алаглан харагдах салютын гэрэлд гэрээдээ хос хосоороо одоцгооно.

Модод одоо л нэг шарлах тэмдэг суусан ч цэл ногооноороо л байна. Оюутан сурагчдын хичээл эхэлж зам пиг болон түгжирч яг үүнийг нь анаж байсан мэт дулааны шугам, зам боржуур (бродюр)-ын засварууд ар араасаа эхэлж улам л төвөгтөй болгох ажаам. Хот тэр аяараа дүүрэн хахаж битүү нүргэлсэн дуу өглөөний долоон цагаас шөнө дөл болтол хүнгэнэх нь амьдралын дуу хоолой гэлтэй. Модод шаргалтаж навчис цардмал талбай дээр хөглөрөн унаж залуу охид түүнийг нь уяран харж цэвэр хэсгээр нь навчин титэм хийн толгойдоо зүүж хөгжил хөөртөй бүх юм дэлгэрэн цэцэглэх хавар цагийг мөрөөдөн зөгнөнө.

Хотын хүмүүс шувууд буцсан эсэх, буга урамдаж байгаа эсэхийг огт анзаарахгүй. Улаанбаатарын намар удаж, удаж анхны цаснаар л дуусах авай.

 

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хэлмэгдэгсэд үү Хилсдэгчид үү DNN.mn

Сая жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Хэлмэгдэгсдийн өдөр”-ийг ёслон өнгөрүүллээ.Энэ өдрийн нэрийг өөрчлөх тухай санал сүүлийн үед гарах болсон. Геноцид болсон, их хядлага байсан гэх зэргээр ярилцаж байгаа. Ер нь “хэлмэгдэгсэд” гэхээсээ илүү “хилсдэгчдийн” өдөр гэвэл арай дөхүү нэршил юм болов уу гэж бодож байна.Монгол хэлний тайлбар толинд “хэлмэгдэх” гэж зовлонд өртөх чирэгдэх, хилсээр хохирох гэж тайлбарлаж.

Мөн “хэлмэгдэл” гэдэг үгийг бол үрэгдэл чирэгдэл, гарз хохирол, дайны хэлмэгдэл хэмээн тайлбарлажээ. Бас хоёр дахь утга нь хилсээр хохирох, хийгээгүй хэргийн төлөө шийтгүүлэх гэсэн байна. Хэлмэгдэх гэдэг дээр олон тооны “сэд” дагавар залгаад хэлмэгдэгсэд гэж олон тоон дээр нэрлэж ярьсаар ирсэн. Тэгэхлээр яг ч тохирсон нэршил биш юм шиг санагддаг.

Тэгвэл хилс хэрэг гэж юү вэ гэхээр “ташаа хэрэг, гүжир хэрэг, “хилс явдал” гэж өөрийн хийгээгүй зүйлийг хийсэн хэмээн гүтгэгдэх явдал, болсон хэрэг явдлыг гүйцэт ухаараагүйгээс гэмгүй хүнийг буруутгах явдал. “Хилс гүжир” гэдэг үг нь оргүй зүйлд буруутгах явдал, “хилс ташаа” бодит үнэнд үл нийцсэн байдал, хэн нэг хүнийг буруутай хэмээн гүтгэсэн байдал хэмээн тайлбарласан байна. Мөн “хилсээр хохирох” гэдэг нь хийгээгүй хэргийн төлөө шийтгүүлэх гэж тайлбарлажээ. Тэгэхлээр манай өвөг дээдэс хэлмэгдээгүй харин хилсээр хохирогчид яг мөн байгаа биз дээ. Хэлмэгдэгсэд гэхээр нам засаг буруу зөрүү юм хийгээд л ард олноо зовлонд өртүүлж жаахан чирэгдүүлсэн төдий л юм байна гэж шууд ойлгогдож байна.

Энэ хэрэг одоогоос зуун жилийн дараа бол ингэж л ойлгогдохоос өөр замгүй. Харин хилсдэгчид гэвэл хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлжээ, нам засаг нь яагаад ард түмнээ хийгээгүй хэргийн төлөө шийтгэдэг билээ хэмээн хэн ч бодож эхлэх байлгүй.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж хэлэлцдэгсэн DNN.mn

Өдрийн сонины 2010 оны архиваас………………….


Олон улсын нисэх буу­дал  дээр ирсэн, явсан гийчдийн хөдөлгөөн тас­рахгүй. Тэнд Монгол Улсын дархан хил бий, уул нь. Гэвч түүнийг хэн дуртай хүн нь наашаа цаашаа гатчин гүйх нь сэтгэл эмзэглүүлнэ. Саяв­тар “Эйр чайна”-гийн  онгоц буусны дараа хэн нэгэн хүн их л чухал ца­райлан ямар нэгэн бичиг үзүүлээд хилийн зурвас руу орж явчихав. Удсан ч үгүй нэгэн хүнийг дагуулан  гарч ирлээ. Бүхий л бичиг баримт ачаа зэрэгт нь шууд л штамп даруулан, хил гаалийн ажилт­нуу­дыг бөндөгнүүлж бай­гаад ямар ч шалгалтгүй гарч одлоо. Тэр эрхэм хүрч ирж байгаа гийчнээ их л чухал хүн гэж хараг­дуулах аж. Түүний зэрэг­цээ өөрийгөө бүүр ч мун­даг эрх мэдэлтэй, маш аймаар чухал хүн, энэ улсдаа дийлцэн “гар” гэдгээ гайхуулах аж. Харин ямар ч байсан тэнд ажилладаг  хүн л лав биш байсан юм. Хил гаалиар нь хэн нэгэн хүн танилаа дагуулаад гарчихдаг ул­сын хил  гэж байдаг уу. Хэн дуртай нь танил та­лаа­раа гайхуулан ноолж байдаг төр гэж байх уу.  Хил гаалиар орж гарах нь зарим хүнд сумын тө­вийн­­хөн контортоо орж гарч байгаа мэт л зам­бараа муутай байх юм. Ажил­тайхан сумын­хан ч ингэж хэн дуртай хүнийг кон­тор­тоо шавуу­лаад байхгүй. Үүнийг тэгээд улсын хил гэх үү. Ийм хил гаальтай орныг тусгаар улс гэх үү. Хэн дуртай нь бүүр эрэн сурвалжлагдаж байсан хүн нь хүртэл нисэхээр гараад явчихаж байдаг орон байдаг юм уу гэх зэргээр бодож үзмээр болж дээ. Дээр нь га­даадаас ирж байгаа зо­чин гийчдийг хэдэн хал­тар хэр үнэртүүлсэн так­синий жолооч нар л шүлсээ үсчүүлэн угтах юм. Айлын өнгө үүд­нээ­сээ байдаг биш билүү. Үүнийг арай дээр хүний ёсонд дөхүүлэн зохион байгуулж болохгүй юу гэх зэрэг асуудал мөн ч их байх юм даа. Бүхий л юман дээр ийм дампуу маягтай байдаг биднийг ямар ч тусгаар орон гэх вэ дээ. Уул нь өвөг дээдэс “Төр төмбөгөр, ёс ём­богор” хэмээн хэлэлц­дэгсэн. Төрт ёс гэдэг бол хүчгүй ч хүчтэй мэт ха­рагддаг, нууцгүй ч нууц­тай мэт байдаг, хэн ч халдаж үл зүрхлэм сүр хүчний бэлгэдэл байдаг биш үү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын их амралтын үе ирлээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………………


УИХ мөдхөн завсар­лаж, наадам өндөрлө­лөө. Одоо залгаад аймаг сумдын наадам, дээр нь “Их хурд” болох гэж бай­на. Зөөлөн бороо үе үе цайран орж наран ми­шээж  халуу дүүгэнэ. Ийн­хүү Монгол нутгийн хам­гийн сайхан үе монгол­чуудын их амралтын үе ирлээ.

Гэвч “Наадмын дараа намар”  хэмээн амтай болгон нь хэлэх юм. Үүнээс бүүр залхаж гүйц­лээ. Бүр байчихаад до­л­дугаар сарын 12-нд бөх үзээд сууж байх зуурт нэг жижиг телевизийн хөт­лөгч хүү “өнөөдөр чинь зуны хамгийн сүүлийн өдөр”  гэж ирээд л мэ­дэмхийрч байх юм. Яа­гаад гэвэл наадам өнөө­дөр дуусч байгаа тул маргааш нь намар эхлэх юм гэнэ  дээ. Наадмын маргааш ид зун үргэл­жилдэг  болохоос хэзээ байтлаа намар эх­лэж байсан юм бэ. Хойч үе маань дээрхи үгийг сонссоор байгаад ингэт­лээ үнэмшчихсэн байна.

Жилийн есөн сар нь хүйтэн, үлдсэн гурван сар нь сэрүүхэн манай орны хувьд наадмын дараах энэ хэд хоногт л европын цаг уур шиг зөөлөн ду­лаан болдог. Гэхдээ цөө­хөн  хоног үргэлжлээд дуусдаг. Тэгээд л нөгөө хохигносон хүйтэн салхи нь гуядаж, “яндан хон­гиноод” эхлэнэ дээ.  Үүнийг гэрт өссөн хүмүүс бүгд мэднэ.

Тэгэхлээр хүмүүс энэ хэд хоногийн дулаанд амжиж
сэтгэл амар амрах хэрэгтэй юм даа. Найм­дугаар сарын арав­даас хойш л ажил төрөлдөө
ордог юм байгаа биз. Бү­тэн
есөн сарын зуданд нух­луул­сан
малчдыг хад­­лангаа ав гэж шаар­даад барьсан унагыг нь тавьж хөөгөөд байх бас хаашаа ч юм. Тэгээд ч хувийн хэвшлийн
аж ахуй­нууд өвсөө бэлтгэнэ үү, байна уу төр засагт огт хамаагүй юм биш үү. Хо­туудын  өвөл­жилтийн бэлт­­гэлээс өөр төр засагт са­наа чилээх юм огт байхгүй.

Гэтэл өвсөө хадаж ав, тариа ногоогоо хураа, уринш бордоогоо бэлтгэ хэмээн өдөр өнжилгүй ухуулах нь хэнд ч хэрэггүй зүйл болоод дуусаж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүс байгаа гэж үү. Огтхон ч байхгүй. Мэдээж хүн болгон цагийн тавиуд ганц хоног ч гэсэн амраад авахыг бодно. Үүнийг буруутгах ч үндэслэлгүй. Амьд амьтан л юм бол амарч цэнгэхийг бодохгүй яах юм бэ. Хүн болгон, байгууллага бүр яаж амрах, амралтаа яаж зохицуулахыг л бодохоос өвлийн бэлтгэл яанаа гэхгүй. Дээрхи өвлийн бэлтгэл гэх мэт яриа нь төр засгийн бодлого жи­рийн  хүмүүсээс хичнээн хол байдгийн нэг жишээ л болоод өнгөрч байна. Түүний оронд ганц сар сайн амарч аваад дараа нь хэдүүлээ ажилдаа орно шүү хэмээн хэлж ухуулж байсан нь дээр мэт.

Хүмүүс наадмаа үз­чих­сэн, шинэ бөх түрүү­лэхийг харчихсан  тул одоо хэд хоног хаашаа явах билээ хэмээн бодож суугаа. Тэд нөөц  дугуй­ныхаа хагархай олгойг   нөхөж аваад, эхнэр хүүх­дээ муу машиндаа чихэж өгөөд хөдөө гарч өгнө. Нутаг усаа харж, ээж аав­даа золгож, хамаатан са­дан­тайгаа уулзаж ша­вай­гаа ханатал тарвал­за­хаар одож байна.  Агь таанын үнэрт аргал хор­голынхоо утаанд шимийн юм халаалган шимж хот газрын сонин, хол ойрын хов, дээр нь улс төр, наад­мын сонин ярьж яваад ирнэ.

Харин төр засаг хэн­хэг­лэж өвлийн бэлтгэл гэж байхаар  дээрхи сонир­х­лыг нь дагуулан үйл­чил­гээ үзүүлбэл л ононо. Замын тэмдэг, тэмдэг­лэл, ус борооны мэдээ, сум суурингуудын  буу­даллах газар зэрэгт ан­хаарууштай байдаг. Мөн хүмүүсийн үзүүштэй түү­хэн газрын мэдээ, мэдээ­лэл түүнд холбогдох үүх түүхийг түлхүү таниулж байвал Монголоороо бахархах үзэл иргэдэд төлөвшихөд хэрэгтэй.

Манай улс чинь харагдаж байгаа шигээ эзгүй ээрэм цагаан тал биш, бахархвал бахар­хах түүхтэй, үзвэл үзэх байгальтай газар аа. Харин бид үүнийгээ мэ­д­дэггүй л болохоос.

Оюун ухааны  манлай болсон манай мэргэдийн бясалгал хийж байсан аглаг буйд агуй, оюун ухааны уурхай болсон сүм хийдүүдийн туурь гэх мэт газар олонтой. Ид шид тарни ухааны хэ­зээ ч үл тайлагдах нуу­цуудтай холбоотой газар Монгол нутагт минь үнэхээр арвин билээ.

Түүнээс биш уран зо­хио­­лын номонд гарса­наас болж алдаршсан  ши­лийн хулгайч болох гэж тангараг тавьдаг гэх до­могтой ганц уул л байдаг юм биш. Гэхдээ уг ууланд очих ч бас муу юм биш. Яа­гаад гэвэл  улсын хилийн яг торгон ирмэг  байрлах уг газар очсон хүн эх орон, элгэн нутгаа эргэж харахад ямар нэгэн  сонин мэдрэмж, “сиймхий ч гэсэн гэр минь”  гэж  өмөөрөх, харамлах, бас харуусах  сэтгэгдэл төр­дөг юм билээ. Өвөлжөө маань хилийн дотор байхад зуслангийн газар хүний нутагт оччихсон байгааг харахаар лав л зүгээр байгаад байхгүй биз дээ.

Ингээд амарсан ч биш, амраагүй ч биш хоё­рын хооронд байхаар наймдугаар сарын дунд үе хүртэл улс нийтээрээ амралтын сар гэж зарлаад бүгдээрээ амрах, эх орноороо аялах үе болговол ямар вэ. Ам­раахгүй гээд ч бүх хүмүүс аль хэдийнээ амрахаар одсон байлгүй. Хэн энэ чийгтэй байшингийн му­хар сахиж суух вэ. Энүү­хэндээ гэж сонирхуу­ла­хад нөгөө траншейны гэх тэнэмэлүүд хүртэл Туу­лын бургасанд зус­лан­даа гарчихсан байна лээ шүү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Буруу ишилсэн сүх шиг зөрүүд хүнтэй хэд хоног амьдарч чадах вэ DNN.mn

Санаа сэтгэл нийлбэл хамт амьдар даа хэмээн эцэг өвгөд сургаж иржээ.Энэ бол амьдралаа хамтран зохиохоор ирж байгаа үр хүүхдэдээ хэлж сургаж ирсэн үг. Бусад бүх юм бол дараа нь байдаг бололтой. Хүүдээ, хүүхэндээ ингэж л захидаг байв. Санаа сэтгэл нийлнэ гэж юу гэсэн үг вэ гэж.

Хэн нэгнээсээ хүсэл зориг нь зөрдөггүй л байхыг хэлдэг болов уу. Нэг нь ямаа гэхэд нөгөө нь тэмээ гээд зүтгээд байдаггүйг л хэлэх байлгүй дээ. Харин орчин үеийн урлаг яг үүний эсрэг зан байдлыг сурталчилдаг нь харамсалтай. Хүмүүс огтхон ч өөрчлөгддөггүй гэдэг бол батлагдсан үнэн юм гэсэн. Тэгэхлээр бид урлаг зохиолдоо буруу зан үйлийг сурталчлаад байна уу даа гэсэн сэтгэл зовнил үүсээд байдаг боллоо. орчин үеийн нэг алдартай хайрын дуунд зөрүүд зан чинь намайг татсан хэмээн дуулдаг. Эр нь ч юмуу, эм нь нөгөөхийнхөө зөрүүд занд татагдсан байх нь.

Буруу ишилсэн сүх шиг зөрүүд юмтай хамт амьдрах гээд үз дээ. Ус гэхэд гал гэх, урагшаа гэхэд хойшоо гэх юмтай хэд хоног амьдрах вэ. Удахгүй л хаяа хаяагаа л бараадах байлгүй дээ. Тэгэхлээр энэ худлаа болоод явчихаж байгааг та харав уу. Тухайн үедээ нэрд гарсан дуу хөгжим, зохиол, кино залуусын амьдралд чухал нөлөөтөй байдаг. Залуу байхад тэр зохиол, дуу, киноны үзэсгэлэнт гол баатрыг л дуурайх гэдэг. Тэгвэл зөрүүд занд нь татагдах нь нөгөө санаа сэтгэл нийлэх гэдгээс тэс ондоо юм байгааг хэн нь ч хэлдэггүй.

Наад захын ийм юм мэддэггүй болохоор орчин үед гэр бүл гэдэг айл гэр болж тоглох шиг л наад захын юм болжээ. Төрийн үндэс гэр бүл гэж ярьдаг. Орчин үед гэр бүл гэдэг юутай хэврэг болсны зөвхөн нэг жишээ л энэ болов уу.

Ж.Сандагдорж

 

Categories
мэдээ нийгэм спорт

СОНИНЫ АРЫН НҮҮР: Монгол тамирчид ялаад уйлах биш, инээж сурмаар юм DNN.mn

Манай монгол тамирчид энд тэнд тэмцээн уралдаанд орж ялаад алтан медаль юм хум авч, аварга энэ тэр болж байгаа нь харагддаг. Бид ч ялж байгааг нь хараад сэтгэл хөдлөөд өөрийн үндэстнээрээ бахархаад омогшоод явчихдаг. Сайхан байдаг нуух юу байхав.

Харин ялалт байгуулсан тамирчид маань ялалт аваад баярлаж хөөрөхийн оронд гэнэт нугасхийгээд л нугалраад уйлаад унадаг. Нөгөө омогшиж хөөрч зориг орж байсан сэтгэл палхийгээд л хулчийгаад л явчих юм. Та нар тэгдэггүй ч байж магадгүй. Би лав үндэстнээ ийм дорой нялцгар байхыг харж чадахгүй нүд халтирдаг. Ялсан баатар омогтой хөөрүү, инээд ханиад нүүрэндээ тодруулсан тэвхгэр бардам байгууштай санагддаг. Дараагийн удаа ч би ялна, та нар надтай тэмцэлдээд үзээрэй. Үнс нурамд чинь хутгаад өнгөрнө гэж мэд гэсэн хэлэмж бүх биед нь тодорч байдаг байлгүй дээ. Тэгвэл манай тамирчид ийм байж чаддаггүй. Уйлаад л, азаар ялчихлаа гэдэг ч юм уу, дахиад би барахгүй, ёстой шонгүй юм байна гээд ч байгаа юм уу. Яагаад бүх ялалт байгуулсан тамирчид уйлж орилолдоод байна вэ. Эр нь ч тэр, эмэгтэйчүүд нь бол бүүр ч ярих юм байхгүй. Хагацал үзсэн амьтад, зовлонд уначихсан хүмүүс мэт орилолдоод унадаг. Энэ сонин, юм үзээгүй нялуун зангаа одоо боль оо, тамирчид аа. Та нар хатуу хөтүүг давж ялалт байгуулсан хүмүүс биш юм уу. Та нар хаттай, шулуун, гүдэсхэн, баатарлаг зан авиртай бол оо. Ийм нялцгай хүмүүс яаж тэмцэлддэг юм. Яаж бид хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхсэн ертөнцөд ноён нуруу гудайхгүй амьдрах юм бэ. Ялалт байгуулсан хүн уйлах биш, инээдэг юм шүү дээ. Ялаад уйлах бол ялалтын баяр гэж юм байхгүй гэсэн үг үү.

Ж.Сандагдорж

 

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хуан Рамон Хименес “Платеро бид хоёр буюу Андалузын гунигт дуулал” DNN.mn

“Платеро бид хоёр буюу Андалузын гунигт дуулал” хэмээх зохиолын тухай өгүүлье. Энэ бол Испанийн нэрт яруу найрагч Нобелийн шагналт зохиолчийн үргэлжилсэн үгийн яруу найраг гэгддэг зохиол юм. Платеро бол илжиг. Тухайн илжигтэй цуг амьдарсан амьдралаа зураглан жижиг жижгээр өгүүлсэн тууж л даа. Хавар, зун, намар, өвлийн улиралд байгаль, дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай тэнд амьдардаг хүмүүс модод, шувууд, хүүхдүүд, бүүр эрвээхэй цэцгийн талаар уран тансаг бичжээ. Мөн цэл залуу Платеро бүдүүрэн том болж сүүлдээ ертөнцийн мөнх бусыг үзүүлж түүнийг эзэн нь дурсан санаж байгаагаар уг тууж дуусна. Платерог цутгамал юм шиг гэж хүмүүс хэлдэг.Эзэн нь нээрэн л цутгамал ган шиг бас мөнгөн сар шиг гэж магтжээ. Намхан бүрх малгайтай гашуудлынх мэт бараан хувцастай,назарей маягийн сахалтай намайг Платерогоо унаад шогшиж явахыг улс амьтан хачирхан хардаг байх даа. …Цүдгэр гэдсээ гялалзуулсан бужгархан цыган жаалууд гүйлдэж ирээд “солиот” “солиот” гэж баахан орилно гэсэн нь тэр нөхрийн дүр төрх юм. Хаврын тухай өгүүлэхдээ Алтан хараацай худгийн байшин дотор бамин шулганаж амтат жүржийн унасан модон дээр хөөндий исгэрч, гал цогтой гургалдай дуу үл таслан царс тойрон нисэж,болжморууд өтгөн нарсан дунд ухаан зүггүй маргалдаж байх бүлгээ гэжээ. Галт тэргээр зурсхийн үзэгдээд өнгөрсөн үзэсгэлэнт бүсгүйг хар торны дороос алтан шаргал гэзэг үс нь түр зуурхан л харагдсаан. Тэр “энэ эмгэнэлтэй хүн, илжиг хоёр юу юм бол оо” гэж бодсон болов уу. Бид чинь өөр юу байх ёстой юм бэ. Бид чинь бид л байх ёстой биз дээ хэмээн илжигтэйгээ хүүрнэнэ.Зуны тухайд уулын намхан бутны дэлбээ бүр дээр дөрвөн улаан толботой том цэцгүүд үзэгдэж түүний цаана амьсгал давхцуулсан зэрэглээнд эгц шулуухан нарснууд цайлалзана.Цэцэг анхилсан хуурай сэвшээ сэрэл сэтгэлийг минь хөгжөөнө. Болжморуудын тухай өгүүлэхдээ Эцэс төгсгөлгүй баяр тэмдэглэдэг жаргалтай шувууд гэсэн нь нүдэнд шууд тусна. Жаргалтай байя л гэвэл ердөө далавчаа дэвэхэд л болдог ажгуу. Намрын талаар хэлэхдээ нар өдөн хэвтрээсээ сугарахаас залхуурч тариачид ч нар мандахаас өмнө босдог болжээ.Анхны навч шаргалтахад амралт нь дуусч, хүүхдүүд сургуульдаа явлаа.Ганцаардангуй эл хуль оргино. Навчис мөн л адил хорчийсон нарлаг өрөөнүүд эзгүй ч юм шиг санагдана. Сүүлчийн цацрагт сүүлчийн цэцэг гэрэлтэж, цэцэрлэг жаргах тэнгэрийн хаяа өөд анхилуун түүдэг болон дүрэлзэж халсан сарнай үнэртэнэ.Бид ногоон навчин дунд суусан шувуудыг харж байсан шиг одоо алтан навчис дунд бидний байхыг нүцгэн мөчир дээрээс шувууд харж байна шүү Платеро минь. Өвлийн талаар нар ус хүйтэн хоршсон байнам. Христосын баяр тэмдэглэхээр битүүний шөнө түүдэг асаажээ. Битүүний үдэш үл ялиг үүл нарыг халхалсан болохоор цэлмэг авч таа муутайхан бүүдийсэн саарал хаяатай, үл ажиглагдам тэнгэрийг шар туяа дөнгөж нэвтэлнэ. Платеро маань үд дунд үхлээ хэмээн харуусан бичжээ. Миний хайртай Платеро минь одоо чи тэнгэрийн нугад гарч сахлаг нуруун дээрээ лхаа тэнгэрийн залуухан элчийг тээж намайгаа мартсан ч байж магадгүй, дурссаар ч байж магадгүй хэмээн өгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хаврын өглөө DNN.mn

Сумын төвийн хавар урин бөгөөд сонин. Далаад оны дундуур зурагт дэлгэрээгүй байсан тул радио хүлээн авагч айл бүрээс хангинан “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэсэн хүүхдийн дуу цовоо цолгин хангинах нь элбэг. Байсхийгээд л шороо шуурах ч цаагуураа урин салхи хонхорт тогтсон цасны усан тойромд жижиг давлагаа үүсгэн чийг ханх татуулна.

Иржигнэсэн жижиг давлагаа хойно хойноосоо хөөцөлдөн ирж эрэг хөвөө хавьцаагаа элдэв зомгол цаас зэргийг гаргаж хаялахын хамт банз хөрөөдөн хийсэн жижиг далбаат онгоцон тоглоомыг далбилзуулан хөдөлгөнө. Түүнийг жаалууд тоглож байгаад л орхисон бололтой. Нуурнаас хайлсан цас, усанд дэвтэж хөөн памбайсан ширэг ногооны үндэсний үнэрийг униар мэт суунаглуулан ханхлуулна. Өглөө нарны туяа тооноор эртлэн тусч бас сумын төвийн хэдэн дан байшингийн цонх алтан шаргал өнгөөр асан дүрэлзэж захиргаа,сургуулийн давхар байрны цагаан хана ногоон дээвэр нь сүрлэг ханхайн цаанаа л суурин газрын дүр төрхийг харуулна. Үхэртэй айлуудын ганц нэг үнээ хээл нь томорч хэзээ мөдгүй тугаллах дөхөж шинэ төлийн халуун чихийг нь мэнд атгаж авахын тулд хөөрхөн ажил өглөө бүр ундарна. “Даваадорж гуайгаа дууд, үнээгээ үзүүлье” гэсэн яриа гарч хэн нэгэн хүүхэд чавхны чулуу шиг нисэн одож тун удалгүй нөгөө үзмэрч нь залагдан ирнэ.

Нарийхан урт тамхи тамхины хэмээх нимгэхэн хөхөлбөр туяатай цагаан цаасанд ороон зууж хажуудах хүүхдэд “ороод шүдэнз аваад ир” гэж зандран үнээний бөгсийг анхааралтай барилан үзэх нь яг л хугархай мөч эвлүүлэн барих бариач, тэгэхдээ бүүр хэдэн үе дамжсан алдар цуу нь цуурайтсан маарамба мэт ихэмсэг.

“Өнөөдөр дагаад яв, хүнхрээ нь сэтэрчихсэн байна, үдээс хэтрэхгүй” хэмээн өөртөө тун ч итгэлтэйгээр хэлэн аман дахь тамхиа асаан гэр лүү орж хэдэн үг солихоор яарна. Яагаад гэвэл өглөө наймаас ажилдаа явах тул ийнхүү самбаачлан ойрд уулзаагүй найзтайгаа хов базах гэсэн нь тэр билээ. Сумын худалдагч хүнд ярих юм мундахгүй их байгаа. Хүүхдүүдийн түрүүч сургуульдаа явж, тоонон дээгүүр лам шувуу хосоороо “бааг” “бааг” хэмээн нөгөө тогтоол усны зүг шуурхай нисэн өнгөрч энд тэнд трактор асаах гэж туслах моторын дуу цуурай хадуулан тачигнаж амьдрал эхэлнэ.