Categories
мэдээ цаг-үе

Ард түмнийг төрд төлөөлдөггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах нь зөв

Улсын их хуралд Б.Наранхүү гэдэг гишүүн бий. Тэрбээр Дундговь аймгаас улиран сонгогдож Их хуралд сууж байгаа хүн. “Мон-Уран”-ы хэмээх тодотголтой энэ эрхэм УИХ-ын гишүүний үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь бүгд мэднэ. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан гээд төрийн ажил жинхэнэ буцалж байхад түүний сандал ширээ л ихэнхдээ эзэнгүй байдаг. Өнгөрсөн парламентад ч тэр, энэ парламентад ч тэр Б.Наранхүү гишүүн хурал таслалтаараа тэргүүлсээр ирсэн. Уг нь парламентын бүрэн эрхт дөрвөн жилийн хугацаанд УИХ албан ёсоор найман удаа хуралддаг. Жилдээ хоёр удаа хуралддаг хавар, намрын чуулганаар 150 гаруй хуулийн төсөл баталж, үүнээс хоёр дахин их хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг жишигтэй. Хууль тогтоох төрийн дээд байгууллагын гишүүн Б.Наранхүүгийн хувьд тэр бүх хуулийг батлахад биечлэн оролцож, үзэгдсэн нь өдрийн од шиг. Энэ парламентын анхны чуулганы ирцийн бүртгэлээс харахад Б.Наранхүү гишүүн нийт 166 цагийн хуралдааны ердөө 26 цагт нь суужээ. Тэрбээр 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаадад томилолтоор өнгөрүүлж, 32 цагийг нь орон нутагт ажилласан гэж бөглүүлжээ. УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглардаг нэг үйл явдал бол чуулганы нээлт байдаг. Хоёр, гурван сар завсарлаж байгаад нээлтээ хийдэг чуулгандаа гишүүд ихэд хүндэтгэлтэй хандаж, үндэсний дээл хувцсаараа гоёсон байгаа нь ч харагддаг. Харин Б.Наранхүү гишүүнд энэ үйл ажиллагаа тийм ч сонин биш байдаг бололтой. Өнгөрсөн хаврын чуулганы нээлтэд ирээгүй эрхэм гишүүн маань энэ намрын чуулганы хуралдаанд тоотой хэдхэн үзэгдэв.

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн хүн ямар үүрэгтэй болохыг тун ойлгомжтойгоор тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэжээ. УИХ-ын гишүүн хүн ард түмнийг төрд төлөөлнө гэдэг бол ердөө чуулганыхаа хуралдаанд суухаас эхэлнэ. Ард түмний хүсэл эрмэлзэл ямар байгаа, цалин цаваг, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг Их хуралдаа сууж байж хэлэлцэн шийдвэрлэдэг. Цаашлаад улс эх орныхоо хөгжлийн бодлого төлөвлөлт, ард түмнээ санаа зовох зүйлгүй сайхан амьдруулах нөхцөл боломжоор хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Тэгвэл Б.Наранхүү гишүүн зөвхөн албан тушаалын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэх болохоор хүрч ирээд цомцойн суугаа нь хэн бүхний нүдэнд содон туссан байх. Энэ сарын 15-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд Б.Наранхүү гишүүн Төрийн ордонд морилов. Түүнийг харсан төрийн түшээд “Их хуралд нээрээ ийм гишүүн байдаг бил үү” гэлцэн амны зугаагаа болгож байлаа. Үнэхээр Б.Наранхүү гишүүн албан тушаалын томилгоо, эсвэл ашиг сонирхол нь хөндөгдсөн асуудлыг хэлэлцэх болохоор чуулгандаа суудаг юм уу. Арай дундговьчууд түүнийг “Б.Хурцын асуудлаас бусдад нь очиж суух хэрэггүй” гээгүй байлтай.

Ер нь Б.Наранхүү гишүүний ирцийн асуудал хөндөгдөхөд “Би тойрогтоо ажиллаж л байгаа шүү дээ” гэж тэрбээр тайлбар өгч байгаа харагддаг. Үүнийг нь “Эрхэм гишүүн маань хөдөө орон нутгийн сонгогчдодоо хүрч, ард түмнийхээ дунд байдаг л юм байна шүү дээ” гэх байх л даа. Тэгвэл ард түмний дунд байх нь тэднийг төрд төлөөлөхийн нэр биш юм. Эсрэгээрээ ард түмэнд төрийг төлөөлж байна гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байгаа Б.Наранхүү гишүүнийг огцруулах нь зөв юм. Тэгээд ч саяхан УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёр ижил, тэгш эрхтэй болохыг Үндсэн хуулийн Цэц баталсан. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол прокурорын санал дүгнэлтээр УИХ-аас эргүүлэн татах боломжтойг Цэц шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн Цэц аливаа хууль зөрчсөн асуудлыг санаачлан сайн дураараа хэлэлцдэггүй. Зөвхөн иргэдийн өгсөн санал, гомдлын дагуу тунгаан шийддэг. Тэгвэл ард түмнээ төлөөлж төрд гарч ирчихээд үүргээ биелүүлэхгүй байгаа Б.Наранхүү гишүүнийг эргүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандсан сураг дуулдлаа. Цэц тэдний саналыг дуун дээр нь хэлэлцэх байх. Аягүй бол Б.Наранхүү УИХ-ын гишүүнийхээ үүргийг ухамсарладаггүйг Цэц аль хэдийнэ “хар данс”-даа оруулчихаад, отоод сууж байж ч мэднэ. Яг загатнасан газар нь маажив гэгчээр хуульчид энэ асуудлыг өргөн барьчих шиг боллоо. Одоо үйл явдал хэрхэн өрнөхийг хүн бүр анхаарч байгаа. Парламентын тогтолцоотой улс орнуудад Б.Наранхүү гишүүн шиг улстөрч бараг өөрөөсөө ичээд сайн дураараа огцрох хүсэлт гаргах байсан биз. Жишээлбэл, Кени улсад парламентын хурлаа найман удаа таслахад гишүүнээс нь түдгэлзүүлдэг хуулийн заалттай юм билээ.

Монгол Улсын парламентын түүхэнд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татсан хэд хэдэн тохиолдол бий. Сануулахад, Улсын бага хурлын гишүүн Дамдиныг нууцын зэрэглэлд байсан 20 дугаар тогтоолыг задруулсан хэргээр эргүүлэн татаж байв. Тухайн үед энэхүү тогтоолыг цөөхөн хэдхэн хүн мэдэж байсан бөгөөд энэ нь “Мөнгөний ханшийг хоёр дахин унагаж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн” шийдвэр байсан юм. Дэлгүүрийн лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүн картын бараанд шилжих эхлэл болж байсан уг тогтоолд банкинд хадгаламжтай иргэдийг хэрхэн хохироохгүй байх талаар ч тусгасан байжээ. Тодруулбал, арван мянган төгрөгөөс дооших дүнтэй хадгаламжийг хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авах тухай нууцын зэрэглэлтэй тогтоолыг Бага хурлын гишүүн Дамдин овжноор ашиглаж банкинд мөнгөө хийж өсгөөд авч байсан гэх юм билээ. Үүнээс болж түүнийг Улсын бага хурлын гишүүнээс эргүүлэн татсан түүхтэй. Энэ хэргээс хойш УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хураалгасан казиногийн гурвыг монголчууд андахгүй. 1996-2000 оны чуулганы хугацаанд УИХ-ын гишүүн байсан Д.Энхбаатар, Д.Баттулга, Хууль зүйн сайд агсан С.Батчулуун нар казиногийн хэргээр авлига авсан нь тогтоогдож, эргүүлэн татагдаад зогсохгүй шүүхээс ял сонссон. Харин өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан хүн гэвэл Н.Жанцанноров, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар байна. Парламентын түүхэнд УИХ-ын гишүүн байхдаа хорвоогийн жам ёсоор таалал төгссөн олон хүн байдаг. УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар, С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг, Л.Энэбиш, М.Зэнээ, О.Энхсайхан нарыг насан эцэслэхэд тухай бүрт нь нөхөн сонгууль явуулж дараагийн хүнийг нь томилж байсан. Мөн Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход хүртэл орны гишүүнийг нь сонгож байсан удаатай.

Энэ мэтчилэн хэд хэдэн шалтгаанаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж, нөхөн сонгож байсан нь түүхийн шарласан хуудаснаа үлджээ. Харин энэ удаад чуулганы хуралдаандаа суугаагүй гэх үндэслэлээр Б.Наранхүү гишүүн эргүүлэн татагдах өнгөндөө орлоо. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж манай ард түмэн ярьдаг даа. УИХ-д бухын хүзүү гарган хөшилдсөн гишүүдэд хариуцлага тооцдог явдал Б.Наранхүү гишүүнээр эхлэх нь ээ. Энэ бол ард түмэн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдогийн сонгодог жишээ юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Ард түмнийг төрд төлөөлдөггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах нь зөв” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Ард түмэн минь хайртай найрагч Бавуугийн Лхагвасүрэндээ тусалцгаая” хэмээн “Өдрийн сонин” тэргүүн нүүртээ өгүүлжээ. Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие чилээрхэж ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Солонгос улсад хагалгаанд орохоор болсон. Хагалгааны зардал 100 сая төгрөг. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 10 сая, БСШУСЯ-аас 10 сая, ЭМЯ-аас таван сая төгрөг эмчилгээнд зориулж гаргахаар болсон. Ийнхүү ардын уран зохиолчийн хагалгааны зардлын ердөө дөрөвний нэг нь цуглаад байна.

“Монгол Зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Үндэсний компанийн сайн засаглалын жишээг “Монгол зэс” харуулж байна хэмээн ярьжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсантай холбогдуулан ярьжээ. Г.Тэмүүлэн: Малыг бүртгэлжүүлж, үнэлгээжүүлж, зах зээлийн харилцаанд оруулбал хөдөө аж ахуй хөгжинө гэсэн байна.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Ард түмнийг төрд төлөөлдөггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах нь зөв” хэмээн өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Хар тамхи хэрэглэгчдийн тоонд хүүхдүүд багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэллээ” хэмээн бичжээ.

МАН-ын шинэ Удирдах зөвлөл өчигдөр анхны хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх: МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд ёс зүйтэй, өндөр хариуцлагатай байх ёстой гэжээ.

“УРАН БҮТЭЭЛЧ” буланд реппер GEE уригджээ.

“Ном бичнэ гэдэг санасны зоргоор дуусгачихдаг амар ажил биш юм байна” гэж мань реппер ярьсан байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах: Энгийн дадлууд нь осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга юм хэмээн “Эмч” буланд ярьжээ.

“Танин мэдэхүй” нүүрт “Аюулаас хамгаалах дохиолол”-ын тухай шинэхэн мэдээллийг шимтэн уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *