АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрвээ бид Украин дахь цус урсгах ажиллагааг зогсоохыг Оростой тохиролцож чадахгүй бол, хэрэв үүнийг Оросын буруу гэж үзвэл би Оросоос экспортолж буй бүх газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна. Хэрэв Оросууд Украинд гал зогсоох хэлэлцээр байгуулахгүй бол Оросын нефтийг худалдан авч байгаа улсуудад 25-50 хувийн нэмэлт татвар ногдуулах шийдвэр сарын дотор хүчин төгөлдөр болно. Энэ нь хэрэв та Оросоос газрын тос худалдаж авбал АНУ-д бизнес эрхлэх боломжгүй болно гэсэн үг” гэж мэдэгдэв. Америкийн удирдагч мөн “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хууль ёсны эсэхэд эргэлзсэн үг хэлсэнд би маш их уурласан. Би одоогийн нөхцөл байдалд Оросын баримталж байгаа бодлогод сэтгэл дундуур байгаа ч Оросын ерөнхийлөгчтэй “маш сайн” харилцаатай байгаа бөгөөд хэрэв тэр “зөв зүйл хийвэл” уур маань хурдан арилах болно” гэж онцлон тэмдэглэв. Тэрээр мөн “Ерөнхийлөгч Путинтэй ирэх долоо хоногт дахин утсаар ярих болно” гэж мэдэгдэв.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн “Хэрэв Иран цөмийн бөмбөгнийхөө асуудлаар бидэнтэй тохиролцоо хийхгүй бол бид тэдэнд цохилт өгөх болно. Энэ бол тэдний урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй бөмбөгдөлт байх болно. Бид мөн Ираны экспортын бүх бараа бүтээгдэхүүнд хоёрдогч хориг арга хэмжээ авна. Иранд энэ асуудлыг шийдэх боломж буюу Вашингтон, Тегеран хоёрын хооронд харилцаа холбоо ажиллаж байгаа” гэж мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеид захидал илгээж, Тегеранд шинэ хэлэлцээр байгуулахад хоёр сарын хугацаа өгсөн юм.
Харин Али Хаменеи захидлыг хүлээн авсны дараа гуравдугаар сарын 12-нд Трампын яриа хэлэлцээ хийх саналыг “луйвар” гэж нэрлэсэн билээ. Харин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян “Хоёр тал шууд хэлэлцээ хийх боломжгүй болсон ч шууд бус яриа хэлэлцээ хийх зам нээлттэй хэвээр байгаа” гэж мэдэгдээд байсан юм.
Ийнхүү Трампыг эсэргүүцэгчид “Дарангуйлагчидтай хэлэлцээ хийж тэднийг давруулж байна” гэж шүүмжлэхэд түүнийг дэмжигчид “Трамп дарангуйлагчдад “Амтат боов, хатуу ташуур”-ын арга хэрэглэж байна. Юу гэж ардчилсан АНУ-ын тэргүүн дарангуйлагчидтай холбоотон болох билээ. Та нар түр хүлээж бай” гэж хэлж байсан нь хэрэгжиж, АНУ-ын ерөнхийлөгч ардчиллын талд байгаа нь тодорхой болов.
Г.АМАРСАНАА