Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газраас цахимаар зохион байгуулсан.
Энэ үеэр Дотоодын цэргийн “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар шалгарсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн “ДЦС-3”, ТӨХК-ийн хамгаалалтын салбарын харуулчин, ахлах ахлагч Ш.Рэнцэнг шагналаа гардан авах мөчид нь товч ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэж байна. Та цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би анх 2000 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангиас аврагч усчинаар ажлын гараагаа эхэлж, Дотоодын цэргийн 05 дугаар ангид томилогдсон. Дараа нь Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын хоёрдугаар газарт харуулын цагдаагаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сараас Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулчин ажилд томилогдоод одоог хүртэл үүрэг гүйцэтгэж байна.
Улс эх орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй, 100 шахам жилийн түүхтэй байгууллагад мөрдэс нэгтэй нөхдийн хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаагаараа бахархдаг. Өнөөдөр харин хамт олноо манлайлан “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” болсондоо баяртай байна. Манай байгууллагад энэ шагналын эзэн болж чадах олон чадварлаг залуус ажилладаг. Би тэдний л нэг. Тиймээс намайг дэмжсэн дарга, удирдлагууд, хамт олондоо баярлалаа.
-Хүн болгонд ажил албаараа бахархах чин сэтгэлийн үг байдаг. Дотоодын цэрэг хэмээх байгууллагаараа хэрхэн бахархдаг вэ?
-Би “Гурван одонт” анги байгууллагадаа цэргийн алба хааж байсан бол одоо энэ ангидаа үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нь болоод 16 жил ажиллаж байна. Монгол улсынхаа Онц чухал обьектуудын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулж ажилладгаараа бахархаж явдаг. Ээлжинд гарахдаа элдэв зөрчилгүй тайван гарчихаад дараагийн алба хаагчдаа ажлаа хүлээлгэж өгөөд буугаад явахад сэтгэл амар байдаг. Гэхдээ үргэлж л обьектуудаа тайван амгалан байгаасай гэж залбирах нь холгүй ажиллах нь харуулчин хүний чин хүсэл дээ.
-Таны харуулчин ажлын гол онцлог, чиг үүрэг нь юу вэ?
-Хамгаалж байгаа улсын онц чухал обьектуудаа зөрчил дутагдалгүй хамгаална. Хэрэв зөрчил дутагдал гарвал зохих хууль дүрэм, журмынх нь дагуу шийдвэрлүүлнэ. Монгол улсын цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Дотоодын цэргийн алба ажиллагааны дүрэм, бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зэвсэг, сум, тусгай хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан, обьектын гадна, дотор хэсэгт болон инженер техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалтыг тогтмол үр дүнтэй явуулна гээд үргэлжилнэ дээ. Мөн харуул хамгаалалтын үндсэн үүргээс гадна коронавирусийн цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эргүүлд гарч, зөрчил дутагдал илрүүлнэ гээд багагүй ажилтай байдаг.
-Та анх аврагч усчин байсан гэж ярьсан. Энэ хугацаанд хэдэн хүний амь нас аварч байсан бэ?
-Эрдэнэт хүний амь насыг аврах гэдэг ямар их чухал гэдгийг мэдэрдэг. Ер нь би багадаа усанд сэлэх дуртай хүүхэд байсан. Иргэний хамгаалалтын ангид усчин аврагчаар олон жил ажилласан хашир туршлагатай шилдэг тэргүүний ахлагч нараасаа их зүйл сурсан даа. Нэг удаа “Туул голд хүн живсэн” гэсэн дуудлагаар аврах бүрэлдэхүүн очиж усны гүнд эрэн хайх ажиллагааг явуулаад үр дүнд нь 25 орчим насны эрэгтэй хүний амь насыг аварч байсан юм. Тэгээд нэг их гавьяархаж омогшихоосоо илүү ажлаа хийж байна гэж бодоод баярлаж, хүний амь насыг аварч чадсандаа сэтгэл өег явдаг хүмүүс бол аврагч усчин хүмүүс. Энэ мэргэжил маань намайг Дотоодын цэргийн харуулчин болоход их тус болсон. Мэргэжил бүхэн сайхан. Намайг дэмжиж тусалсан хамт олон, удирдлагууд, гэр бүлийнхэндээ шинэ оны мэнд хүргэж байна.
Эх сурвалж https://police.gov.mn/a/5424?fbclid=IwAR2zwQqCVGV6…