Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье

Их хотын ХАРИУЦЛАГАтай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,

Бид сорилт, сургамжаар дүүрэн 2020 оныг үдэж, хариуцлагатай байж, хөгжлийг хурдасгах 2021 оноо угтаж байна.

Миний бие хотын дарга гэсэн хариуцлагатай албыг хүлээж аваад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дэлхий нийтийг цочоосон Covid-19 цар тахлын улмаас Улаанбаатарчууд бид түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионд багагүй хугацааг өнгөрүүллээ. Хүний эрүүл мэндийн асуудлаас эхэлсэн цар тахал их хотын хэмнэл, та бидний өдөр тутмын амьдралд хөл хорионы дэглэмээр хүчтэй нөлөөлөөд зогсохгүй, нийгэм-эдийн засаг-бизнесийн хүндхэн сорилтуудыг үлдээлээ.

Аливаа бэрхшээлийн хамтаар сургамж үргэлж явдаг. Дэлхийн хотууд нөхцөл байдлаа эргэн харах, бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын хөгжлийн талаарх ойлголтоо шинэчлэх цаг хугацааны чухал зааг үе дээр ирээд байна. Бид ч мөн адил “Улаанбаатар хотыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгээ батлахдаа аливаа зорилго зорилтын давхардалгүй, уялдаа холбоотой, нэгдмэл байдлыг хангахаас гадна хамгийн чухал нь хүртээмжтэй байх зарчмыг гол болгож, хөгжлийг хурдасгахаар төлөвлөөд байна.

Сорилт бүхэн шийдлийг хайх боломжийг олгодог. Улаанбаатар хот төсөв, санхүүгийн хувьд бие даасан, хүчирхэг болох ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, ажлын байр бүтээгчдээ үнэлдэг, тусламж дэмжлэг байгаа онодог байх шийдлийг бид онилж байна. Асуудлаа эрэмбэлж, талуудын оролцоог хангаснаар тэгш бус байдлыг хумиж, шударга ёсыг дархлах боломж бүрдэнэ. Олон арван жилээр үргэлжилж буй хотын асуудлуудыг шийдэх эхлэл, суурийг зөвөөр тавих он жилүүд биднийг хүлээж байна.

Цар тахлын тархалтыг хумиж, Улаанбаатарчуудынхаа эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан, хоёргүй сэтгэлээр тэргүүн эгнээнд зүтгэсэн нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлж байна. Мөн дэглэмээ сахиж, хайртай бүхнээ хамгаалж буй иргэн танд баярлалаа.

Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны, шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *