Categories
мэдээ цаг-үе

А.Ганхуяг: Ухаалаг системээс ухрахгүй, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг иргэддээ хүргэхийн төлөө явна

Нийтийн тээвэрт нэвтрүүлсэн ухаалаг системийн талаар том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид ямар байр суурьтай байгаа бол. Нийтийн тээврийн “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягтай ярилцлаа.

-Иргэд автобусанд смарт картаар үйлчлүүлдэг болоод нэг сарын хугацаа өнгөрлөө. Ухаалаг системийг цааш үргэлжлүүлэн мөрдүүлэх тал дээр хувийн хэвшлийнхэн ямар санаа оноотой байгаа вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврээс харагддаг смарт картны үйлчилгээ манай улcын хувьд мөрөөдөл байсан нь саяхан. Нийслэлийн удирдлагууд тэр дундаа хотын дарга Э.Бат-Үүл маш зоригтой алхам хийж ухаалаг системийг нийтийн тээвэрт нэвтрүүлж чадлаа. 60 гаруй жил явж ирсэн хуучин системээ орхиж, олон улсын жишигт хүрэх смарт үйлчилгээ рүү хувийн хэвшлийн компаниуд бүгд 100 хувь дэмжээд орсон. Долдугаар сарын 29-нөөс иргэд маань анх удаа автобусанд өөрөө төлбөрөө хийдэг ухаалаг картаар үйлчлүүлж эхэлсэн.Энэ бол нийтийн тээвэрт үгүйлэгдэж байсан маш том бодлого.

Одоо манай улсад хэрэгжиж эхэллээ. Автобусны компаниуд урьд нь орлогын төлөө явдаг байсныг бүгд мэднэ.

Жолооч нь хэдэн хүн суулгачих гээд замын дунд зогсч, буудал дээр удна. Кондуктор нь зорчигчдоо загнаад л. Энэ бол үйлчилгээний доголдол байжээ. Харин ухаалаг системтэй болж иргэдээ хүлээлгэдэггүй, цагтаа явдаг, тэдэнтэй соёлтой, хүндэтгэлтэй харьцдаг олон улсын жишигт хүрсэн зөв үйлчилгээг нэвтрүүлсэнд хувийн хэвшлийнхэн бүгд баяртай байгаа.

-Нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөж, богино эргэлттэй болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй байна. Тодруулбал, дахин дамжилтад илүү мөнгө төлж байгаа. Иргэдийн бухимдал их байгаа болохоор ухаалаг систем цаашид үргэлжлэх боломжгүй гэх мэдээлэл ч тарсан. Асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын хэлсэнчлэн “Хуучин системээ март” гэснийг дэмжиж байгаа. Энэ ухаалаг системийг цаашид улам боловсронгуй болгож , мөрдүүлж хэвшүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Ямарваа нэгэн шинэлэг систем нэвтрэхэд хүн бүр амархан дасаж чадахгүй, янз бүрийн шүүмжлэл дагуулдаг шүү дээ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Смарт картын үйлчилгээг нэвтрүүлсэн компанид жижиг сажиг процедурын алдаа байгаа. Жишээлбэл, иргэдэд смарт картыг борлуулах тал дээр менежментээ хийж чадахгүй байна. Дээрээс нь иргэдийг бухимдуулаад байгаа нь дахин дамжилт, сэлгэлтийн үнийг шийдэж чадахгүй байна. Хотын захын гэр хорооллоос нэг автобусаар хотын төв рүү ороод ирээд сурчихсан иргэд одоо хэд хэдэн автобус дамжиж байгаа нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай шууд уялдаж хүндрэлтэй тусаж байгаа. Мөн цаг хугацааны хувьд ч алдагдалтай санагдаж байгаа байх. Гэвч энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулах бодлоготой нягт холбоотой төлөвлөлт юм.

-Сүлжээ төлөвлөлт хийж, богино эргэлттэй болсноор автобус компаниудын орлого нэмэгдэж байна гэх юм?

-Нийтийн тээврийн үйлчилгээний оператор компаниуд өдөр тутамдаа хэдэн төгрөгийн орлого хуримтлуулаад, хэрхэн ажилладгийг ухаалаг систем харуулж байгаа. Урьд нь оператор компаниуд маш их хардалтыг дагуулдаг байсныг энэ систем нэвтэрснээр үйл ажиллагаа нь тодорхой харагдаж, үйлчилгээний орлого нь шилэн дансаар мэдээлэгдэнэ. Одоо бид орлогын араас хөөцөлдөх шаардлагагүй болсон. Хотоос чиглэл маршрутаа зохиогоод ингээд яв гээд замыг нь заагаад өгчихлөө. Тэгэхээр бид зөвхөн иргэддээ аюулгүй, соёлтой үйлчилгээг хүргэх ёстой болж байгаа нь олон жилийн туршид ярьж байсан бодлого хэрэгжиж байгаагийн илрэл. Урьд нь автобусууд орлогын хойноос хүнээ булаацалдаж, буудал дээр нэг нэгнээ шахаж зогсдог байсан цаг ард хоцорч байна. Бүх компаниудын үйлчилгээнээс орсон орлогыг нэг дансанд хуримтлуулаад түүнийг нь явсан гүйцэтгэл цагаар нь эргэн хуваарилах систем юм. Тэгэхээр үйлчилгээний орлогыг оператор компаниуд мэдэхээ больсон гэсэн үг. Тухайн автобус тогтоосон цагтаа ирээд, цагтаа явдаг болно. Жолоочид нь орлого ямар ч хамааралгүй болж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ бол манай нийслэлийн удирдлагуудын нийтийн тээврийн салбарт хийж байгаа том шинэчлэл мөнөөс мөн.

-Смарт карттай иргэн тодорхой хугацаанд амжиж автобус сэлгэн зорчвол 500 төгрөг л төлнө гэж анх яригдаж байсан. Энэ хэрэгжиж байгаа юу?

-Улаанбаатарт өдөр тутамдаа ойролцоогоор 700-800 мянган хүн нийтийн тээврээр зорчиж байгаа. Тэд бүгд ухаалаг системд нэгдчих юм бол дахин сэлгэлтийнхээ 20 юм уу 30 минутыг үнэгүй болгох асуудлыг шийдэхээр нийслэл болон нийслэлийн тээврийн газрынхан тооцооллоо хийхээр хүлээж байгаа. Иргэдийн маань карт худалдан авалт тийм ч сайн биш байгаа нь тооцоолол хийх боломжгүй болгож хүлээлт үүсгэж байна.

-Хуучин системээр явж байхад хувийн хэвшлийнхний орлого сайн байсан. Харин жолооч, кондукторын гар дээр бэлэн мөнгө ирэхгүй байгаа болохоор энэ системээр цаашид явах сонирхолгүй байх шиг…

-“Автобус компаниуд хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Кондуктортой системээрээ явах гэж зориудаар смарт картын системийг эсэргүүцэж байна” гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа л даа. Тодруулж хэлэхэд, хувийн хэвшлийн бүх компани ухаалаг системийг 100 хувь дэмжиж ажиллахаа анхнаасаа мэдэгдэж, албан ёсоор гэрээ байгуулсан. Хувийн хэвшлийнхэн эргэж, буцахгүй. Оператор компаниудын өдөр тутмын үйлчилгээнээс орж байгаа бүх орлогыг Смарт карт компани хүлээн авч байгаа. Хүлээн авсан орлогыг эргэн хуваарилах ажил нь удаашралтай, алдаатай байна. Явсан автобус гүйцэтгэл цаг рейсээ бүрэн гүйцэт гаргаж чадахгүй байгаагаас болоод мөнгө хуваарилалт нь удааширч, үйл ажиллагаанд томоохон хүндрэлүүд гарч ирж болзошгүй.

-Үүнээс болоод та нарын орлого буураад байгаа юм биш үү?

-Шинэ системээрээ сар гаран явлаа. Нийтийн тээврийн 20-иод компани өдөрт 120-140 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ алдагдал нь сардаа дөрвөн тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Мөн богино эргэлттэй болоод нийтийн тээврийнхний орлого нэмэгдсэн гэдэг мэдээлэл бол ташаа ойлголт юм.

-Тэгэхээр бүх автобус компаниуд алдагдалтай ажиллаж байна гээд иргэдэд үйлчлэх автобусныхаа тоог цөөлж байгаа юу?

-Үгүй. Харин ч хичээл, сургууль эхлэх гээд хотын хүн амын хөдөлгөөн ихэсч байгаа энэ үед наймдугаар сарын 23-наас үйлчилгээнд явах гаралтын тоогоо нэмэгдүүлсэн.Одоо хувийн хэвшлийнхний өдөр тутмынх нь орлого байхгүй болчихоор бүгд түлшний компаниудад хуримтлагдсан өртэй байна.Тэглээ гээд нэгэнт нэвтрүүлсэн смарт үйлчилгээг буруутгахгүй байгаа.

-Нийслэлийн удирдлагууд ямар чиглэл өгнө бид тийшээ иргэдэд үйлчилнэ гэж та дээр хэллээ. Тэгвэл төрийн өмчит автобусны компани орлого сайтай чиглэлд үйлчлээд, хувийн хэвшлийнхэн нь ашиггүй талдаа ажиллаад байх шиг. Энд өмчийн ялгаа гараад байгаа юм биш үү?

-Өнөөдөр бид орлого гэдгийг мартаж үйлчилгээг чухалчлах ёстой оператор компанийн төлөөлөл. Сүүлийн 60 жил хөдлөөгүй сүлжээ төлөвлөлтийг хотын удирдлагууд маань маш шийдэмгий хөдөлгөж, олон улсын жишигт нийцсэн маршрутаа тогтоож чадлаа. Энэ бол маш том шинэчлэлт. Дэлхийд ийм шинэчлэлтийг богино хугацаанд зоригтой хийсэн улс бараг байхгүй. Ямар сайндаа “Танайх мөд сүлжээ төлөвлөлтөө хийж чадахгүй” гэж хэлж байсан олон улсын мэргэжилтнүүдийг гайхшруулсан шинэчлэлтийг манай хот хийсэн. Энэ сүлжээ төлөвлөлтийг хийснээр Энхтайвны өргөн чөлөө рүү автобус гурав, дөрвөн зуугаараа бөөнөөрөө ордог байсан нь болилоо. Нийтийн тээврийн энэ том шинэчлэлтэд хувийн хэвшлийнхэн ямар ч маргаангүйгээр дэмжээд орсон. Гэтэл манай төрийн өмчит автобус компанийн захирал, НИХТ Ц.Одонтунгалаг буруу ойлголттой яваа бололтой.ТӨК хэвтээ, босоо тэнхлэгт өмчийн ялгаа гаргаж маршрутаа авсан. Тэгсэн атлаа нэг тогоонд төвлөрсөн орлогыг нийт компаниудад явсан цагаар нь тооцоолж өгөх ёстойг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, хуучин системтэйгээ андуураад байгаа бололтой. Өөрсдийнхөө орлогыг өөрсдөө авна, бусадтай хуваалцахгүй гэж дайрч байна шүү дээ. Ц.Одонтунгалаг дарга маань Нийслэлийн удирдлагуудын санаачлан нэвтрүүлсэн ухаалаг системээс өөрөө ухраад эхэлчихлээ. Сүлжээ төлөвлөлт задлахад хотын маршрутыг нийслэлээс тогтоогоод өгсөн байтал өмчийн ялгаа гаргаад бүх ашигтай чиглэлүүдийг төрийн өмч авсан. Тэгсэн хэрнээ бид орсон бүх орлогоо авна гэдэг чинь ардчиллын зарчим биш байлтай. Тэрээр “Бусад компаниуд алдагдалтай ажилладаг юм бол төр нь өгдөг юм байгаа биз” гэж байна. Тэгвэл бид энэ систем рүү орсны хэрэг юунд байна вэ. Хувийн хэвшлийн компани алдагдалтай байвал тэр л биз, ямартай ч төр нь ашигтай байя гэсэн өмчийн ялгаа гаргах юм бол энэ систем унана. Бидний орлогын төлөө явахгүй, маршрут булаацалдахгүй гэсэн итгэл маань алдарч эхлэх нь байна. Бид Э.Бат-Үүл даргыг ардчиллыг байгуулчихаад өмчийн ялгаа гаргаж, ингэж хувийн хэвшлийнхнийг нүд үзүүрлэн ялгаварлаж байна гэдэгт итгэхгүй байгаа. Харин Ц.Одонтунгалаг дарга өөрөө буруу ойлголттой яваад байх шиг байна. Улс орон мөнгөгүй хамгийн хүнд үед хувийн хэвшлийнхнийг явуулчихаад төрийн өмчит компани парк шинэчлэлт хийнгүүтээ ашигтай чиглэлүүдээ булаагаад авчихаж байна. Энэ чинь үндсэндээ хувийн хэвшлийнхнийг шахаж эхэлж байна гэсэн үг. Харин ч төр тэртэй тэргүй төрийн компанидаа татаасаа өгдөг юм чинь орлогогүй чиглэл рүүгээ явуулж яагаад болохгүй гэж. Нэгэнт нийслэлээс маршрут тогтоогоод хотын захад юм уу төвд очоод үйлчил гэвэл бид очно. Ганцхан тэнд соёлтой, аюулгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Орлогын төлөө биш болохоор өрсөлдөөн гэж байхгүй болно.

-Ухаалаг систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор мөнгө хураагч нарын ажлын байр хөндөгдөж байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Нийтийн тээврийн салбарт олон жил, үе дамжаад ажиллаад ирсэн 1800-гаад мөнгө хураагч бий. Тэднийг шууд шинэ системд орсноор ажлаас нь халах үндэслэл байхгүй. Учир нь бүгд ар гэрээ авч явдаг, цалингийн зээлтэй, дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэй хүмүүс байдаг. Манай компани гэхэд смарт картын үйлчилгээнд шилжлээ гээд нэг ч мөнгө хураагчийг ажлаас нь халаагүй. Харин ч эдгээр хүмүүсийн хүчийг зөв ашиглаж, төвлөрөхгүй байгаа орлогыг бүрдүүлэх хэрэгтэй. Шинэ систем анх нэвтэрч эхлэхэд зорчигчид маань их идэвхтэй, картаа уншуулаад, мөнгөө төлөөд явдаг байсан.Эхэндээ кондукторууд ч хяналт тавиад ажиллаж байлаа. Харин сүүлийн өдрүүдэд орлого асар их унасан үзүүлэлттэй гарсан нь иргэд мөнгөө өгч байгааг хянах механизм байхгүйтэй холбоотой. Бид ухаалаг системд шилжчихлээ гээд ганц жолоочид энэ асуудлыг хариуцуулчихаар хотод алдагдалтай. Ядаж хүмүүсийг энэ шинэ системдээ дасаад зорчдог ухамсартай болтол нь мөнгө хураагч нарыг хяналтын ажилтан болговол хот эрсдэл багатай байна. Тэгээд ч хүмүүс хаанаас смарт карт авахаа тэр бүр мэдэхгүй байна. Кондукторууд автобусанд смарт картыг борлуулж болж байна. Одоо ухаалаг систем нэвтэрсэн юм чинь тухайн жолооч, кондукторын орлогоор ажлыг нь дүгнэх боломжтой. Нэг чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хоёр автобусны орлого газар тэнгэр шиг ялгаатай гарвал тэр нь мөнгө хураагчийн ажилтай холбоотой гээд хариуцлагын асуудал хөндөгдөж болно. Мэдээж зорчигчдыг бүрэн төлөлт хийлгэсэн, шаардлагаа зөв тавьсан, хяналтаа сайн хийж чадсан автобусных нь орлого ахиу байна. Энэ мэт бүх орлого шилэн данстай болж байгаа болохоор хяналтыг сайн хийж, хариуцлагыг зөв тооцож чадвал орлого бүрэн төвлөрнө. Тэрнээс өнөөдөр ухаалаг системд шилжлээ гээд мөнгө хураагч нарыг бөөн бөөнөөр нь ажлаас халж болохгүй. Ядаж 1-2 жилдээ тэднийг цалингийн зээлээ төлж дуусгах , дараагийн ажлын байраа олох хүртэл нь нийгмийн баталгааг нь хангах хэрэгтэй.

-Одоо жолооч, кондукторын цалин хэд байхаар болсон бэ?

-Тэд хэдэн төгрөгөөр цалинжих нь одоохондоо тодорхой биш байгаа. Ийм тооцоо ч гарч ирээгүй. Хотын захиргаанаас энэ бүх тооцоогоо хийгээд хурдан ухаалаг системийг бүрэн хэрэгжүүлэх, шийдвэрлэгдэхгүй байгаа олон асуудлуудыг зоригтой шийдвэрлэх хэрэгтэй.

-Ямартай ч нийслэлийн удирдлагууд зоригтой алхам хийж олон улсын жишигт нийцсэн ухаалаг систем рүү шилжчихлээ. Одоо энд парк шинэчлэлтийн асуудал хөндөгдөх байх?

-Хөгжлийн банкнаас зам тавина гээд зээл авдаг шүү дээ. Тэрэнтэй ялгаагүй оператор компаниудад 400, 500 автобусыг нь зээлээр олгочих хэрэгтэй байгаа юм. Ганц ТӨК-д гэхгүйгээр хувийн хэвшлийнхэнд өгчихвөл элэгдэл хорогдлынхоо мөнгөөр парк шинэчлэлт хийгээд явах нь шударга зарчим. Өнөөдөр иргэд маань хиртэй, тоос шороотой, хөлдүү хүйтэн автобусанд суумааргүй байна. Ухаалаг систем дээр хамгийн их дутагдаж байгаа зүйл бол парк шинэчлэлт. Цэвэрхэн сайхан ухаалаг системтэй, интернэттэй автобусанд ямар ч иргэн баяртайгаар үйлчлүүлнэ.Хотоор дүүрэн ийм автобус иргэдэд үйлчилбэл нийслэлийн удирдлагуудын нөгөө замын түгжрэлийг бууруулах гэсэн арга хэмжээ биелэлээ олно. Хэн машиндаа түгжрээд явахыг бодох билээ дээ. Хурдан шуурхай, цэвэр цэмцгэр нийтийн тээврийг л сонгоно. Одоо энэ дутагдаад байгаа зүйлээ хотын дарга яаралтай шийдэх хэрэгтэй. Эсвэл хувийн хэвшлийнхэн бидний цуглуулсан хөрөнгийг хот үнэлж аваад энэ салбарыг орхи гэвэл болж байна. Ингэж өмчийн ялгаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн компани гэхээр ивээл дор яваад байдаг. Ороод ирсэн шинэ автобус болгоноо өгч, алдагдлыг нь даадаг байж болохгүй. Харин хувийн хэвшлийнхэн банкнаас зээл аван байж энэ зэрэгтээ явж байхад хариуцлагыг нөгөө талдаа өндрөөр үүрүүлсээр байдаг.

-Манай улс смарт картыг нэвтрүүлснээр олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болоход хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?

-Смарт карт ХХК нь процедурынхаа алдаануудыг хурдан шийдэж чадах юм бол гурван сарын дараа ард иргэд маань энэ системээрээ яваад сурчихна. Нийтийн тээврийн салбарынхаа бодлогыг хамгийн сайн шийдэж чадсан улс бол өмнөдСолонгос. Дэлхийд байгаагүй энэ ухаалаг системийг 2002-2004 онд нэвтрүүлсэн.Тухайн үеийн хотын дарга буюу одоогийн экс Ерөнхийлөгч Пак Гын-Хэ нийтийн тээвэрт явдаг хувийн хэвшлийн бүх компанийн удирдлагуудаа тойруулан суулгаж байгаад “Одоогийн орлого хөөцөлдөж маршрутаа булаалцалддаг системээ март” гэж хэлээд шинэчлэлтийг зоригтой хийсэн. Солонгосын нийтийн тээврийн үйлчилгээ урьд нь яг манай улс шиг орлогын төлөвлөлттэй, маршрутын зохион байгуулалт муутай байсан. Харин хотын дарга нь ард иргэддээ хүрч чадсан маршрут зохиож түүгээрээ үйлчилгээнд явахыг оператор компаниуддаа санал болгож, түүнээс гарах алдагдлыг нь төр даахаар тохиролцсон. Эхний жилдээ 800 сая долларын алдагдалтай гараад бөөн шүүмжлэлд өртөж байлаа. Харин өнөөдрийн байдлаар 100 сая долларын алдагдалтай ажиллаж бууруулж чадсан. Автобус нь ухаалаг болоод үйлчилгээ нь сайжраад ирэхээр бүх хүн автобусаар үйлчлүүлдэг болсон. Ингээд орлого нь нэмэгдээд нөгөө талдаа татаас нь багассан. Манайх хүссэн хүсээгүй энэ системийг хотын удирдлага хийсэн л бол татаас гэдэг асуудал гарч ирнэ.

-Сэдвээс хазайсан асуулт байна. Танай компани “МТ 150” гэдэг станцыг нэг дор олноор нь жижиг машинд суурилуулаад хуурамч рейс бүртгүүлдэг байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэг л зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Энэ юу вэ гэвэл манай компани олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл тууштай үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үзүүлэлтээрээ ч өнгөрсөн жил дэлхийн чанарын тэмдэг авсан. “МТ 150” станцыг бөөнөөр нь жижиг машинд суурилуулаад рейс уншуулсан гэх мэдээлэл манай компанитай холбоотой асуудал биш, харин ч бид үүний эсрэг байдаг гэдгийг хэлмээр байна. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжирдэх, дайрч доромжлон нэр хүнд болоод сэтгэл санааны хохирол учруулдаг байдал сүүлийн үед түгээмэл болсонд харамсаж явдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *