Аливааг шинээр эхлүүлэх, эсвэл амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийх нь тийм амархан байдаггүй. Тиймээс олон хзн хэдийгээр өөрчлөлт хиймээр байвч халширч, эсвэл зүгээр байгаагаар нь орхихыг илүүд үзэх нь бий. Гэхдээ эдгээр бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрэхэд тань туслах стратеги байдаг. Энэ талаар сэтгэл судлаач, мэргэжлийн зөвлөх eva.ru-д дараахь зөвлөгөөг өгсөн байна.
Алхам 1: Зорилгоо жижиг хэсгүүдэд хуваа
Том зорилгоо жижиг ажлуудад хувааж эхэл. Энэ нь ахиц дэвшлийг олж харах, өөрийн чадвартаа итгэлтэй байхад тусална. “Нэг жижиг ялалт” гэдэг зарчим нь дараах байдлаар ажилладаг. Энгийн үйлдлийг гүйцээх нь цаашдын хөдөлгөөнийг бий болгодог. Жишээлбэл, хэрэв таны зорилго шинэ мэргэжил эзэмших бол нэг өгүүллийг унших эсвэл танилцуулга хичээл үзэхээс эхлээд үз. Ийм жижиг алхам танд ахиц дэвшлийн мэдрэмжийг төрүүлж, цаашдын үйл ажиллагаанд түлхэх болно.
Бага багаас эхлэхээс бүү ай. Хамгийн том өөрчлөлтүүд ч гэсэн нэг жижиг алхамаас эхэлдэг гэдгийг санаарай.
Алхам 2: Зорилгоо тодорхой, хэмжигдэхүйц болго
Тодорхой бус зорилго нь ахиц дэвшил, ололт амжилтын талаар тодорхой дүр зургийг гаргаж чаддаггүй. Тиймээс тодорхой зорилгогүйгээр эхэлбэл үр дүнгүй урам хугарч төгсөн нь бий. Ийм явдлаас зайлсхийхийн тулд SMART зарчмыг ашигла. Тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, бодитой, эцсийн хугацааг заасан зорилго тавь. Жишээлбэл, “Би эрүүл байхыг хүсч байна” гэхийн оронд “Би долоо хоногт гурван удаа 30 минутын турш биеийн тамирын дасгал хийх болно” гэж илүү тодорхой болго. Ийм тодорхой зорилго нь ахиц дэвшлийг хянах, шаардлагатай засвар өөрчлөлт хийх боломжийг олгоно.
Тодорхой, хэмжигдэхүйц зорилго нь таныг урам зоригтой байлгаж, үр дүнд хүрэхэд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Ингэснээр өөрчлөлтийн үйл явцыг илүү удирдах, урьдчилан таамаглах боломжтой болгодог.
Алхам 3: Дэмжлэг тусламжийг ол
Таны эргэн тойронд байгаа хүмүүс болон мэргэжлийн зөвлөгөө өөрчлөлтийн үйл явцад дэмжлэг болж чадна. Ойр дотныхондоо зорилгынхоо талаар хэлэх нь тэднээс дэмжлэг авах боломжийг бий болгоно. Бас өөртэйгөө адилхан хүсэл сонирхолтой хүмүүсийг олж нэгдэх чухал. Бие биеэсээ суралцах, харилцан дэмжлэг авахад анхаарал хандуулаарай. Ойр дотнын хүмүүсийн дэмжлэг нь хувь хүний өсөлт, хөгжилд нөлөлдөг таатай нөхцөлийн нэг. Тэд танд бэрхшээлийг даван туулж, өөрчлөлтийн явцад урам зоригтой байхад тусална. Мөн ном, сургалт, сэтгэл засал, боловсролын хөтөлбөр зэрэг гаднын эх сурвалжуудыг ашиглах нь өөрчлөлтийн үйл явцыг хөнгөвчлөхөд тусална гэдгийг бүү мартаарай.
Алхам 4: Алдааг үйл явцын нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрч сур
Үр дүнгийн сэтгэлгээнээс үйл явцын сэтгэлгээ рүү шилжих нь амжилттай өөрчлөлтийн чухал тал. Алдаа, бүтэлгүйтэл нь саад тотгор биш, харин суралцах, өсөх хөгжих боломж. Алдаанаасаа суралцаж, урагшил. Алдаа оноогоо үнэлж цэгнэж, дутагдлаасаа суралцах чадвар нь урагшилж, зорилгодоо хүрэхэд тусалдаг.
Алхам 5: Өөрийн ахиц дэвшлийг тогтмол хянаж, өөрийгөө урамшуул
Тэмдэглэж, хяна. Явцын тэмдэглэл хөтлөх нь долоо хоног бүр, эсвэл сар тутам гэх мэтээр ахиц дэвшлээ хянах, өсөлт, амжилтаа харахад тусална. Гаргаж байгаа амжилтаа үнэлж, урам зориг авч, цааш үргэлжлүүлэх хүсэл зоригийг бий болгоход тусалдаг.
Эдгээр алхмуудыг дагаснаар та эхлэхээс айдаг айдсаа даван туулж, амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг хийж чадна.
Эх сурвалж: zms.mn