Эрх Чөлөөний Эвслээс “Засгийн газар огцор” жагсаалыг 2025 оны нэгдүгээр сарын 11-нээс өдөр бүр Улаанбаатар хотын төв талбайд өрнүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар жагсаалын үеэр тавигдсан шаардлагын хүрээнд дүгнэлт хийх, санал танилцуулах ажлын хэсэг байгуулагджээ. Мөн жагсаалын үеэр болсон зарим асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээллээ. Тэрбээр “Жагсаалын үеэр Төв талбай руу машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт яллагдаж байсан. Хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан. Харин олон нийтийн мэдээллийн сүлжээнд албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлж, зүй бус харьцсан этгээдийн асуудал яригдсаар байна. Тухайн этгээд урьд нь ял шийтгэл хүлээж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд жагссаны хажуугаар хууль зөрчсөн үйлдэл гарсан. Жагсаал цуглааны журмын тухай хуулиар төлбөртэй жагсаал цуглааныг хориглодог.
Өөрийн үзэл бодлынхоо дагуу маш олон хүн жагсаалд ирсэн. Үүний хажуугаар мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг албадсан байж болзошгүй мэдээлэл шалгагдаж байна. Хэд хэдэн нэр бүхий этгээд энэ асуудалд холбогдон шалгагдаж байгаа” гэв.