Монголд төдийгүй, олон улсын дэвжээнд самбо бөхийн төрлөөр амжилт гаргаж байгаа тамирчын нэг бол Баярсайханы Саруулгэрэл. Тэрээр 2024 онд самбо бөхийн төрлөөр Австралийн үндэсний аварга болсон Монголын анхны тамирчин юм. Австрали тивийн аварга болсноор Австрали улсын самбо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын эгнээнд багтсан анхны монгол тамирчин болоод байна. Б.Саруулгэрэл Австрали улсад ирснээсээ хойш үндэсний болон олон улсын чанартай тэмцээнүүдээс таван алтан медаль хүртэж өндөр амжилт үзүүлээд байгаа аж. Б.Саруулгэрэл Австралийн үндэсний аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд түрүүлсэн нь түүний гаргасан түүхэн амжилт төдийгүй тод гялалзах од болсон юм. Тэрээр зөвхөн тэмцээнд түрүүлээд зогссонгүй, Австралийн уугуул иргэд, хүүхэд залуучууд төдийгүй, монгол хүүхэд залуучууддаа самбо бөхийн мэх, ур чадварын хичээлийг сайн дураараа зааж байгаа нь ирээдүйн тамирчдыг бэлтгэн гаргахад үнэтэй хувь нэмэр болж байгаа аж. Монголын тамирчин Австралийн уугуул иргэдэд самбо бөхийн бүрэн хичээл зааж, тэднийг бэлдэж, дасгалжуулж байгаа нь мөн л анхны тохиолдол юм. Б.Саруулгэрэл “Миний зааж байгаа хичээл, самбо бөхийн бэлтгэл нь уг спортыг сонирхогч залуу үеийнхэнд өндөр ур чадвар эзэмшүүлэхээс гадна, тэдэнд сахилга бат, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг” хэмээсэн. Б.Саруулгэрэл спортын талбарт гаргасан амжилтдаа ханаад зогсчих биш өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцан ирээдүйн залуу тамирчдыг бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байна. Тэрээр 2025 онд болох Тулааны спортын дэлхийн цомын тэмцээн, Самбо бөхийн дэхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээн уралдаанд Австрали улсыг төлөөлөн оролцоно. Үүгээрээ Монголын самбо бөхийн нэр хүндийг дэлхийн дэвжээнд гаргаж байгаа шилдэг тамирчин юм.
Б.БААТАР
One reply on “Монголын тамирчин Австралийн шигшээ багт багтжээ DNN.mn”
Мундаг шүү дүүдээ амжилт хүсье