Categories
гадаад мэдээ

Бүх зүйл Дональд Трампаас хамаарна DNN.mn

Өнгөрсөн баасан гаригт АНУ сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй хатуу арга хэмжээ авч, Оросын нефтийн салбарт шинэ хориг тавив. Энэхүү хоригийн гол зорилго нь Оросын дэлхийн янз бүрийн улс орнуудад газрын тос нийлүүлэхэд ашигладаг “сүүдрийн флот” гэж нэрлэгддэг хөлөг онгоцнуудын тээврийг таслан зогсоох явдал байв. Учир нь газрын тосны борлуулалт ОХУ-ын төсвийн орлогын гол эх үүсвэрийн нэг хэвээр байгаа юм. Өнгөрсөн оны 11 сарын байдлаар Оросын нийт орлого 32.6 их наяд рубль, газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон орлого нь энэ дүнгийн гуравны нэгийг эзэлж байгаа билээ.
Орос Украинд түрэмгийлснээс хойш барууны засгийн газрууд Москвагийн газрын тосны орлогыг хязгаарлахыг удаа дараа оролдсон ч үнэндээ бол муур хулганын тоглоом болж хувирсан билээ. Барууны улсууд Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоож, хэтэрсэн тохиолдолд нийлүүлэлт, тээвэрлэлтэд нь хориг тавьсан. Үүний хариуд Орос улс “сүүдрийн флот” бий болгож, өөрийн газрын тосыг гадны олон зуучлагч компаниудаар дамжуулан зардаг болсноор худалдан авагчид энэхүү хориг хэмжээнээс зайлсхийх боломжтой болсон. Харин энэ удаа хориг арга хэмжээг зөрчсөн бүх улсын хөлөг онгоц, даатгалын компаниуд эсвэл хувь хүмүүс уг хоригт хамрагдахаар болж байна. Мөн барууны орнууд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөхийг хүсэхгүй байгаа учир Оросын нефтийн компаниудын эсрэг шууд хориг арга хэмжээ авахдаа болгоомжтой хандаж ирсэн бол энэ удаагийн шинэ хориг арга хэмжээний дараа нефтийн үнэ шууд өсч, Брент маркийн баррель нефтийн үнэ 80 ам.доллар болов.

АНУ-ын засаг захиргаа Оросын газрын тос, байгалийн хийн салбарын эсрэг хориг арга хэмжээний энэхүү шинэ багц нь Кремлийг сар бүр тэрбум, тэрбум ам.доллар алдахад хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд “Эдгээр хориг арга хэмжээ нь Оросын газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн аль алинд нь чиглэж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаа ОХУ-д сард хэдэн тэрбум долларын хохирол учруулна гэж бид найдаж байна” гэж мэдэгдэв. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд талархал илэрхийлээд “Эдгээр арга хэмжээ нь Оросын цэргийн машины үндсийг сүйтгэх болно. Путины санхүүгийн гол түрийвч болсон “Сургутнефтегаз” зэрэг компаниудын энэ шинэ хоригт багтаж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй ” гэж мэдэгдэв.

Энэхүү шинэ хориг арга хэмжээнд Оросын хамгийн том нефтийн компаниуд болох “Сургутнефтегаз” болон “Газпром Нефть” хамрагджээ. Эдийн засагчид “Хамгийн магадлалтай хохирол нь шинэ хориг арга хэмжээ Оросын нефтийг худалдан авч буй улсууд Орост төлбөр төлөхөд том хүндрэл учрах болно” гэжээ. “Сургутнефтегаз” нь бараг зургаан их наяд рубль буюу 59 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ч тус компани нь Оросын газрын тосны зах зээл дээрх хамгийн хаалттай компаниудын нэг юм. Энэ нь тэдний хөрөнгийн эргэлтэд саад учирч, Оросын төсвийн орлого тасалдана гэсэн үг аж. АНУ мөн “Сүүдрийн флот”-ын үйл ажиллагаа, газрын тосны худалдаа явуулдаг хүмүүсийг уг хоригт хамруулжээ. Оросын газрын тосны хамгийн том тээвэрлэгч Совкомфлот, даатгалын компаниуд болох Ingosstrakh болон AlfaStrakhovanie, түүнчлэн газрын тосны худалдаачид хоригт хамрагдсан байна. Ерөнхийдөө энэ бүхэн оросууд “сүүдрийн флот” ашиглан газрын тосоо борлуулахад том хүндрэл учруулж болзошгүй болоод байна. Учир нь шинэ хориг арга хэмжээний жагсаалтад Балтийн тэнгисийн эрэг дэх Газпромын LNG үйлдвэр болон Мурманск мужид баригдаж байгаа Лавна болон Приморскийн хязгаарын Суходол далайн боомтуудын оператор компаниуд хүртэл багтсан байна. Нэмж дурдахад, уг жагсаалтад олон төрлийн хөлөг онгоцнуудыг нэр зааж багтаажээ. Тэдний дунд 2014 онд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд нас барсан “Total” газрын тосны компанийн тэргүүн Кристоф де Маржеригийн нэрэмжит хий тээвэрлэгч “Кристоф де Маржери” хөлөг багтжээ.

Оросын газрын тос, байгалийн хийн салбар болон газрын тос, байгалийн хийн экспорттой холбоотой 37 хүн, олон арван пүүсийн эсрэг хориг арга хэмжээ авсан бөгөөд АНУ-ын Сангийн яамны шинэчилсэн хоригийн жагсаалтад Лукойл компанийн хамтран эзэмшигч Вагит Алекперовын хүү Юсуф Алекперов, Газпром нефтийн ТУЗ-ийн дарга Александр Дюков, Росатомын ерөнхий захирал Алексей Лихачев болон газрын тос, байгалийн хийн салбарын бусад компаниуд, түүнчлэн түүнд үйлчилдэг олон компанийн тэргүүний нэр багтжээ. АНУ-ын Сангийн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн жагсаалтад хамрагдсан 37 хүний дотор ОХУ-ын 28 иргэн, Венесуэлийн найм, Латвийн нэг иргэн ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбарын 37 удирдах албан тушаалтан болон тус салбартай холбоотой аж ахуйн нэгжүүд, даатгалын компаниуд ч багтжээ. Уг жагсаалтад Оросын Совкомфлот өөрөө ч хориг арга хэмжээнд хамрагдаж байгаа бөгөөд Совкомфлоттой холбоотой бараг 200 хөлөг онгоцны нэр нэмэгдсэн байна. АНУ-ын энэхүү шинэ хориг арга хэмжээний дараа Их Британийн засгийн газар ч мөн Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа тухай албан мэдэгдэл гаргав. Энэхүү мэдэгдэлд “Оросын компаниуд өдөрт нэг сая гаруй баррель газрын тос олборлож байгаа нь одоогийн үнээр жилд 23 тэрбум ам.доллар бөгөөд энэ орлого нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Украинд дайн хийхэд тус дөхөм болж байна. Газрын тосны орлого бол Путины дайны эдийн засгийн амин судас юм. Оросын нефтийн компаниудын эсрэг хийх тэмцэл нь Оросын цэргийн нөөцийг шавхах болно” гэжээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми “Бид нефтийн мөнгөөр украинчуудын амь насыг эрсдэлд оруулахыг зөвшөөрөхгүй. Путинээс бидний булаан авч байгаа рубль болгон украинчуудын амийг аврахад тусална. Орос манай хамтын аюулгүй байдалд заналхийлж байгаа үед бид Путиныг мөнгөний авдраа дүүргэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын энэхүү шинэ хориг арга хэмжээ удаан үргэлжилбэл Путин дайн хийх мөнгөгүй болно. Путин дайн хийх мөнгөгүй болчихвол ОХУ задарна. Харин байдал яаж өрнөхийг ес хоногийн дараа ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп шийднэ. Харин Трампыг ямар шийдвэр гаргахад АНУ-ын шүүх нөлөөлж магадгүй болоод байна. Учир нь энэ сарын 10-ны баасан гаригт Нью-Йоркийн шүүх “АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг 130 мянган ам.доллар төлж, хүн дуугүй байлгаж сонгуульд орсон гэх түүнийг 34 зүйлд буруутгасан шийтгэл хэвээр байна. Гэвч шүүх ерөнхийлөгчийн эрх мэдлийн институцийг хүндэтгэн үзэж Трампыг энэхүү ялаас чөлөөлж байна” гэсэн шийдвэр гаргав. Шүүгч Хуан Мерчан “Трампыг аливаа болзолгүйгээр суллахыг зөвшөөрч байна. Учир нь тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон тул шүүхээс гарах аливаа шийтгэл түүнд ерөнхийлөгчийн үүргээ биелүүлэхэд нь саад болно. Үүний зэрэгцээ, энэ нь Трампын үйлдсэн гэмт хэргийн ноцтой байдлыг өөрчлөхгүй гэдгийг тодотгож байна” гэж мэдэгдэв. Ийнхүү Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх анхны эрүүгийн гэмт хэрэгтэн ерөнхийлөгч болов. Гэтэл “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх мэт бүр ч ноцтой хэргүүдийн шүүх шинээр сонгогдсон, хуучин ерөнхийлөгчийг хүлээж байгаа билээ. Энэ бүхэн Трампыг дарангуйлагчдын талд шийдвэр гаргавал байдал түүний хувьд тун ч эвгүйгээр эргэнэ гэсэн үг юм. Маш товчоор бүх зүйл Дональд Трампаас өөрөөс нь хамаарна.

Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *