Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Монгол Улсын гадаад харилцааны хувьд 2025 он их сонирхолтой жил байх болно DNN.mn

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Монгол Улсын гадаад харилцааны хувьд 2024 он ямар амжилттай жил болж өнгөрөв?

-Гадаад харилцааны хувьд 2024 он оргил ачаалалтай, амжилттай жил байсан. Бид ардчилсан тогтолцоог сонгосноос хойших Монгол Улсын 30 жил бол өөрийн онцлогтой явж ирсэн. Манай дотоодын улс төрийн байдал их нөлөөлсөн. Гадаад харилцаа дотоод бодлогын үргэлжлэл байдаг учраас манай дотоод байдал, улс төрийн тогтвортой байдал, гаднын улс оронтой харьцах соёл гээд олон хүчин зүйлээс болоод өнгөрсөн 30 жилийн гадаад харилцааны зам дардан байгаагүй. Маш их алдаа, оноотой. Гэхдээ нийтлэг утгаараа манайх их тогтвортой салбар. Нарийн мэргэшдэг, хүний нөөцийн хувьд ч тогтвортой байсан учраас шугамаа алдалгүй явсан. Нөгөө талдаа ардчилсан тогтолцоо гадаад харилцаанд асар их боломжийг нээсэн. Өндөр хөгжилтэй, чөлөөт зах зээлтэй орнуудад хүний эрхийг дээдэлсэн, гадаад бодлого болон аюулгүй байдлын үзэл баримтлалдаа нийцсэн гадаад бодлого явуулах таатай орчин бүрдсэн. Үүнийгээ ч бид маш овсгоотой сайн ашигласан гэж хэлнэ. Ноднин жил манай улс үнэхээр олон том айлчлал хийсэн. Айлчлал гэдэг бол гадаад харилцаанд гарч байгаа хамгийн том дэвшил бөгөөд яг оргилдоо хүрээд эцсийн байдлаар яриа хэлэлцээ тохирох, баримт бичиг байгуулах, улс төр, эдийн засгийн олон зүйлийг тохирдог том амжилт байхгүй юу. Ямар нэг байдлаар тохироогүй нөхцөлд хэзээ ч төрийн айлчлал хэрэгждэггүй. Харилцаа маш идэвхтэй, үр дүнтэй яриа хэлэлцээр хийгээд, ямарваа нэгэн асуудлыг тохирсон тохиолдолд төрийн тэргүүн, тэргүүн дипломат хүн айлчлал хийдэг. Сүүлийн дөрвөн жилээс өмнөх хугацаанд гадаад харилцаа, айлчлалууд дандаа гадагшаа урсгалтай байсан. Бид өөрсдөө гуйдаг. Өндөр дээд хэмжээний зочид маш бага ирж байсан. Яагаад гэхээр манайхтай тохирох юм байхгүй. Яриа хэлэлцээгээ амжилттай тохирч чадаагүй зэргээс болдог байсан л даа. Харин сүүлийн дөрвөн жил гадаад бодлого маш идэвхтэй явж байгаа. Манайд маш олон айлчлал хийгдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, Гадаад харилцааны сайдын түвшинд ирсэн. Энэ нь харилцаа маань хоёр урсгалтай болсныг харуулж байгаа юм. Зүй тогтол нь яг ийм байх ёстой. Ноднин жилийн хувьд Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд гурав, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны түвшинд 8 харилцан айлчлал хийсэн.

Энэ бол түүхэндээ байгаагүй өндөр тоо. Гадаад бодлого, Үндсэний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо явуулахдаа бид тэнцвэрийг явуулна гэснийг яг хангаж байгаа юм.

-Өмнөх жилүүдэд манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа ямар байсан юм бэ?

-Нэг гараанаас эхэлсэн, тогтолцоогоо сольсон бусад улс оронтой харьцуулахад нэлээд дэвшилттэй, уян хатан эрчимтэй хөгжсөн байдаг. Тэр дундаа сүүлийн дөрвөн жил Засгийн газар тогтвортой байсан. Манай нэг алдаа бол бид сайхан, сайхан санаачилгууд гаргаж, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бүрдүүлэх гэж явж байсан боловч Засгийн газар тогтворгүй байснаас болоод Гадаад харилцааны сайд нар маш их солигддог. Тэгэх бүрд бодлого өөрчлөгддөг. Аль нам эрх барьснаасаа болоод дотоод улс төрийнхөө нөхцөл байдалд тааруулж, дур дураараа юм яриад, бүх улсад очоод санаанууд хэлдэг. Гэвч эргээд тэдгээрийгээ хэрэгжүүлдэггүй. Нэг Засгийн газрын ярьсан зүйлийг дараагийнх нь үгүйсгэдэг. Тэрийгээ хүртэл энэ харилцаандаа их нялзайх маягтай явж ирсэн. Одоо бол гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг тогтвортой байх ёстой юм байна. Ярьсан, хэлсэндээ хүрэх ёстой юм байна гэдгийг улстөрчид, хүмүүс маань ойлгож эхэлсэн. Гадны улс орнуудын гадаад бодлого их тогтвортой явдаг. Японы Засгийн газар их олон солигддог ч гадаад бодлого нь тогтвортой явдаг. Тэгэхээр төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах нь хамгийн түрүүнд нөлөөлдөг салбар бол гадаад харилцаа.

-Бид өөрсдийгөө хоёр том улсын дунд байдаг онцлогтой гэж ярьдаг. Тэгэхээр хоёр хөрштэйгөө манай улс ямар харилцаатай байна вэ?

-Зөвхөн хоёр хөрштэйгөө харьцаад байх биш гуравдагч хөрштэй ч харилцана. Гэвч хоёр хөршийнхөө харилцааг тэнцвэртэй авч явах ёстой. Нэгэнтэй нь хэлбийж хэт зөрүүтэй харьцаж болохгүй. Дээрээс нь гуравдагч хөршийн харилцааг ч тэнцвэртэй авч явах хэрэгтэй байдаг. Аль нэгэнтэй нь хэлбийгээд хоёр хөршийнхөө дургүйг хүргээд байж болохгүй. Харилцаа гэдэг маш эмзэг. Бидэнд сая цаг үеийн олон сорилтууд ирсэн. Ковид, араас нь дайн. Энэ хоёр дэлхий даяар ямар нөхцөл байдлыг үүсгэв. Энэ дундуур яаж эвтэйхэн гарч явах вэ гэдгийг гадаад харилцааны бодлого зохицуулж байдаг. Монгол орны хувьд геополитикийн хувьд нэг талаасаа их азтай, нөгөө талаасаа хязгаарлагдмал орчинд байдаг. Хоёр том хөршийн дунд байдаг, тусгаар тогтносон. Далайд гарцгүй, тэгсэн мөртлөө хоёр хөрштэйгөө ямар ч хилийн маргаан, зөрчил тэмцэлгүй. Хоёр хөршөөсөө шал өөр тогтолцоотой. Ардчиллын замыг сонгосон, иргэд нь эрх чөлөөтэй амьдарч байгаа орон дэлхий дээр өөр байхгүй. Хоёр том хөршийн дунд байдаг орнууд бий. Гэхдээ манайх шиг биш. Энэ нь ч манайд том сорилтуудыг бий болгож байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилийн сорилтууд гадаад харилцааны салбарыг бүхий л салбарын үйл ажиллагаанд оролцуулдаг болсон. Ард түмэн гадаад харилцааг анхаардаг, ажигладаг болсон байна. Манай улсын нэр хүнд гадна талдаа өссөн. Үүнийгээ дагаад бидний үүрэг хариуцлага улам нэмэгдэнэ. Ноднин жилийн айлчлалуудын мөрөөр Засгийн газар маш их ажил хийх шаардлагатай болж байгаа. Ингэхээр бусад бүх яам, орон нутаг гадаад харилцаагаа өргөжүүлэх. Гадны улсуудад яриад байгаа зүйлээ хийж хэрэгжүүлэхийн тулд бид өөрсдөө үйлдвэрлэгч, экспортлогч орон болохын тулд иргэн хүн хүртэл хөдөлмөрлөх шаардлага гарч байгаа юм. Зөвхөн 2024 онд бид 150-иад хэлэлцээр хийсэн байна. Ингэснээр гадна талдаа ажиллах эрх зүйн орчноо маш сайн бүрдүүлчихэж байна гэсэн үг. Агаарын харилцааны хэлэлцээр гэхэд л 44 оронтой байгуулсан. Энгийн паспорттай иргэд маань 30 оронд, албан болон дипломат паспорттай иргэд 66 оронд визгүй зорчиж байна. АНУ-тай өнгөрсөн жилийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр агаарын харилцааны хэлэлцээрийг хийсэн. Бид 30 жил яриад америкчууд байгуулахгүй байсан. Гэвч бид байгуулаад өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар анхны нислэг хийх гэж байгаа United Airlines компанид билетээ зарах эрхийг нь өгсөн. Ингээд орчин нь бүрдээд ирэхээр хувийн хэвшлийнхэн чинь ингээд л хөгжөөд явчихна. Нэгэнт бий болгоод өгсөн орчноо сайн ашиглах хэрэгтэй. Харилцан ашигтай байхад биднээс их зүйл шалтгаална.

-Улстөрчид ярьдаг, ард түмний дунд ч хардлага байдаг шиг санагддаг. Тэр нь хоёр хөрш маань аливаад дээрэнгүй ханддаг, тулган шаарддаг гэдэг ойлголт. Үнэхээр ийм зүйл гадаад харилцааны салбарт байдаг уу?

-Үгүй, үгүй. Надад бол ийм зүйл мэдрэгддэггүй. Надад ийм асуулт их ирдэг. Миний хувьд өөрийгөө дөвийлгөхийг боддоггүй. Урдах ажлаа л сайн хийе гэж боддог. Би бол МУИС-ийг гадаад харилцаа, дипломатаар төгссөн анхны Гадаад харилцааны сайд юм билээ. Миний өмнөх сайд нар бол голдуу Орост төгссөн. Тэгж ч бэлддэг байсан. НҮБ 193 гишүүн оронтой. Манай улс нөгөө 192 оронтойгоо 60 жилийн өмнө анх НҮБ-д элсэхдээ л дипломат харилцаа тогтооно. Дэлхийн бүх улстай Монгол Улс энх тайван, найрамдалт харилцааг хөгжүүлнэ гэж мөрөөдөж хүссэн. Тэр хүсэл нь 2024 онд биелж, сүүлчийн хоёр оронтой дипломат харилцаа тогтоосон. Ингэснээр дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоосон цөөхөн орны нэг нь Монгол болсон. Тэгэхээр миний хувьд энэ 192 орны Гадаад харилцааны сайд нартай өөрийгөө эн тэнцүү бодож харьцдаг. Өөрөөр хэлбэл Орос том, Хятад, Америк нь аугаа гэж боддоггүй. Тэдний өмнө хэрэг хийсэн биш, мэдэхгүй, чадахгүй биш. Хүнээс айгаад байх шаардлага байхгүй. Дипломат хүн бол харилцааны ур чадвар, урлаг. Нөгөө талаасаа хэлэлцээ хийх авьяас чадвартай. Хүнд юмаа ойлгуулах, хүнийг ятгаж сэнхрүүлэх, ашигтай байдлыг бий болгох, тэр хүнд нөлөөлөх чадварыг хөгжүүлсэн байх ёстой. Гадаад харилцааны сайд хүн айлын сайд нартай дандаа л хэлэлцээ хийж байдаг. Тэр үедээ эн тэнцүү л харьцдаг. Миний хувьд хоёр хөршийнхөө Гадаад харилцааны сайд нартай хувь хүнийхээ хувьд их сайн найзууд. Надтай маш хүндэтгэлтэй харьцдаг, асуудаг. Хэзээ ч дарамталж шахаж байгаагүй. Мэдээж улс орон болгонд өөрийн бодлого байгаа. Тэрийгээ шахах нь зүйн хэрэг. Ямар хэлбэрээр яаж шахах вэ л гэдэгт байгаа юм. Сайд нарын бэлтгэгдсэн байдал харилцаанд нөлөөлдөг. Зарим улс орны сайд нараас шалтгаалаад ажил нь зогсчихсон, гацсан, удааширсан, хариу өгдөггүй байдаг. Дээрээс нь тухайн яамны бэлтгэгдсэн боловсон хүчин ажлаа сайн бэлдэх гээд харилцааг анхан шатнаасаа зөв явуулах ёстой.

-Манай улсын дипломатууд, Элчин сайд нарын ур чадварын тухай та юу хэлэх вэ?

-Манай монгол дипломатууд үнэхээр ур чадвартай. Дор хаяж 4-5 хүний ажлыг нэг хүн хийдэг. Хөрвөх чадвар их сайн. Хос хэлтэй, түүн дээрээ ажиллаад сурчихсан. Гадны улс орнуудад ажиллаж байхдаа тухайн улсын дипломатуудтай харилцаад сурчихсан, мэдээлэлтэй. Ачаалал өндөртэй ажилладаг учраас илүү их зүйл сурсан байдаг. Хоёрдугаарт, монгол хүний овсгоотой, дасан зохицох чадвар, тэвчээртэй байдал, эзэнт гүрэн байсан, тусгаар тогтносон, боолчлогдож, колоничлогдож байгаагүй орны иргэдийн цусанд байдаг зүйл дипломат албанд ч гэсэн мэдрэгддэг. Өөртөө итгэлтэй, дайчин зантай байдал нь олон зүйл дээр нөлөөлдөг. Үүнийг олон зүйл дээр харсан. Ковидын үед дэлхий даяар вакцины дипломат ажиллагаа гэж явж байхад мэдэрсэн. Монгол хоёрхон гарцтай байж дэлхийн өнцөг булан бүрээс монголчуудаа яаж ийж байгаад аваад ирсэн. Гэтэл иргэдээ авч чадаагүй, зардлыг нь гаргаагүй, онгоц байхгүй улс орнууд байсан шүү дээ. Вакцин авч чадаагүй улс орнууд ч байгаа. Харин бүх зүйл хаачихсан байхад монгол дипломатуудынхаа ур чадвараар тухайн оронтой хэлэлцээр хийгээд иргэдээ авахаас гадна эм, вакцин авчихаж байгаа юм. Энэ бүхэн ерөөсөө л дипломат ажиллагаа. Энэтхэг улс дотооддоо экспортын хориг тавьчихсан байхад нь бид онцгой тохиолдол болгон өөрчлүүлээд вакцин авч байсан. Үүн шиг Хятад, Япон, Америктай хэлэлцээ хийгээд маш хурдан авсан. Дэлхийн эрүүл мэнд байгууллага манайхыг бүр загвар орон болгож байлаа. Дайны үед ч гэсэн сайн ажилласан. НҮБ дээр маш олон тогтоолууд манай хөршийн эсрэг гардаг. Украин, Орос хоёрыг манай ард түмэн нэг үндэстэн, ах дүү нар. Хоёулаа дайн дажингүй байгаасай. Яриа хэлэлцээ хйигээд эвлэрээсэй гэж манай ард түмэн хүсдэг. Гэвч НҮБ дээр гарч байгаа олон хуваагдмал санал дээр бид ч гэсэн саналаа өгөх хэрэг гардаг. Үүн дээр бид ихэвчлэн түдгэлзсэн.

-Түдгэлзсэнээс болоод л элдэв асуудал үүсчих юм шиг ярианууд гарсан шүү дээ?

Тэгсэн. Яагаад түдгэлзсэн бэ гэдгээ бид энэ олон оронд тайлбарлах хэрэг гарна. Барууны орнууд манайхыг дайныг дэмжсэн гэж буруутгана. Орос болохоор манайхыг дэмжсэнгүй гэнэ. Тэгэхээр бид өөрийн толгойтой, үзэл бодолтой байж тайлбараа өгөх ёстой. Өмнө нь бол дэмжсэн, эсэргүүцсэн, түдгэлзсэнээ тайлбарладаггүй байсан. Бид Орост яагаад түдгэлзсэнээ тайлбарлана. Заримдаа оросууд бидэнд баярлалаа ч гэж хэлж байгаа. Нөгөө талд нь Барууны орныхон байна. Тэдэнд ийм учир, харгалзах шалтгаан байна гэдгээ тайлбарлахад ойлгодог. Сая Олон улсын эрүүгийн шүүх дээр Путиныг баривчлах ёстой гэж барууныхан эсэргүүцсэн.

-Энэ асуудлаас болоод олон улсын хоригт орно. Олон улсын эрүүгийн шүүхээс бичиг ирсэн зэрэг мэдээлэл гарч байсан?

-Манайх Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон. Тэгэхэд Орос, Хятад хоёр гишүүн биш. Нийт 123 гишүүнтэй энэ байгууллагын орон бүрд нь бид тайлбар хийсэн. Яагаад Путиныг айлчлуулсан бэ. Бид энд дайн дажин яриагүй. Харин ч манай Монгол Улсын Ерөнхийлөгч Путиныг дайныг зогсооход гол нөлөө үзүүлэх хүн. Ард түмнээ бодох ёстой. Укрианчуудыг ойлгож, хэлэлцээ хийгээд хурдан зогсооход сайн ажиллаач гэдэг саналыг тавьсан. Бид ОХУ-тай эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх талаар дэвшилттэй ярианууд болсон. Үүнийгээ тэдгээр улс орнуудад харилцаа талаасаа тайлбарласан. Хоёрдугаарт, бид эрх зүйн тайлбар хийсэн. Энэ чинь дүрэм журамтай байгууллага. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг бид дагаж мөрдөх ёстой. Гэхдээ бүх хаалганд нэг түлхүүр таарна гэсэн үг биш. Монголын онцлогт энэ түлхүүр таарсангүй. Магадгүй цаашдаа Олон улсын эрүүгийн шүүхийн маш том загвар жишээ болоод үүнд зориулсан хуулийн гаргалгаа хэрэгтэй ч юм уу гэдгийг ярьсан. Манайх очиж улсаа хамгаалсан. Манай нэр төрд халдахгүй байхыг сануулсан. Мөн манай дипломатуудын ур чадварыг тэр гишүүн орнууд үнэндээ гайхсан. Бүх зүйлд гаргалгаа олоод бүгдийг нь ойлготол ярьж, ятгасан учраас манай эсрэг ямар нэгэн тогтоол шийдвэр гарч, манайхыг буруутгаагүй. Бүр Олон улсын эрүүгийн шүүхэд манайх гишүүнтэй болсон.

-Мэдээж төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд гэнэтхэн өнөөдөр яриад маргааш нь явчихдаггүй. Тэгэхээр 2025 онд нөгөө харилцан урсгалынхаа дагуу хийхээр төлөвлөж байгаа ямар томоохон айлчлалууд байна вэ. Хэлж болохоор хэмжээнд нь зарим нэгийг хэлж өгөөч?

-Ноднин жилээсээ энэ жил илүү төлөвлөсөн байгаа. Өндөр дээд хэмжээний айлчлалууд нууц байдаг. Зарим айлчлалын бэлтгэл 10-аад жил хангагддаг. Ер нь бэлтгэл ажлын хугацаа доод тал нь гурван жил байдаг. Тэгэхээр бид бодлогын хувьд дараагийн 5, 10 жилийнхээ төлөвлөлтөө хийчихсэн гэсэн үг. Гадаад бодлогоо яаж тэлэх вэ. Цаг үеийнхээ өөрчлөлтөд яаж зохиож явах юм гэдэг бодлогоо Гадаад харилцааны яам гаргадаг. Энэ онд нэлээд олон айлчлал, өмнө нь болж байгаагүй айлчлал хийгдэнэ. Хамгийн олон нь Ерөнхийлөгчийн түвшинд хийгдэнэ. Ихэвчлэн манай гуравдагч хөршүүдэд хийгдэнэ. Гадаад харилцааны сайдын хувьд нэлээд сонирхолтой айлчлалууд байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалууд бол хоёр талын харилцааг өргөжүүлэх, олон улсын том хурлуудад оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлэх, дэлхийн энхтайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, хүнсний хомсдолд манайх гоё шинэ санаанууд гаргаж байгаа. Үүнийгээ бид тайлбарлана. Эдгээр асуудлыг шийдэхэд Монгол Улс хувь нэмрээ оруулна. Ерөнхий сайдын хувьд илүү бодитой хамтын ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжтэй, хөрөнгө оруулалтуудыг татсан, 14 мега төслөө урагшлуулах чиглэлээр ажлын айлчлалууд нэлээд төлөвлөгдсөн. Хоёрдугаарт, өнгөрсөн жил сонгууль болсон учраас Ерөнхий сайд гадаад айлчлал бага хийсэн. Харин энэ онд нэлээд олон айлчлал төлөвлөж байгаа.

-Таны хувьд нэлээд сонирхолтой айлчлалууд хийнэ гэлээ. Үүнийгээ жаахан дэлгэрүүлж болох уу?

-Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуучин харилцдаг байсан улсуудтай харилцаагаа бататгаж хөгжүүлсэн. Хоёр хөршийн харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн. Европын улсууд, АНУ-тай олон жил сайн харилцаагаа хөгжүүлсэн. Гэвч хэд хэдэн бүс нутгийг идэвхгүй хаячихсан байсан. Жишээлбэл, Төв Азитай бид бараг 30 жил холбоо харилцаа бага байсан. Эдгээр улсууд маш хурдтай хөгжиж, хөгжлийнхөө замыг тодорхойлчихсон байна. Зарим талаар манайхаас туршлага судалж байна. Тэгэхээр бид Төв Ази руу бодлогоо тэлэх үйл явц явагдаж байгаа. Өнгөрсөн жилээс хэрэгжээд манайх Узбекстанд Элчин сайдын яамаа байгуулсан. Ерөнхийлөгчийн харилцан айлчлалууд хэрэгжээд үндсэндээ Төв Азийн улсууд бараг дуусч байгаа. Одоо ганцхан Тажикистанд л айлчлаагүй байна. Эргээд энэ улсууд манайд харилцан айлчлах ээлж нь ирж байгаа. Төв Азиас манайх маш их боломжийг олж харсан. Адилхан хөгжлийн замаар явсан, хөгжиж байгаа орнууд хоорондоо харилцан ашигтай ажиллах асар их салбар, боломж нээгдэж байгаа юм. Эрх зүйн орчноо сайжруулах бүх хэлэлцээрүүд хийгдээд эхэлж байна. Дараа нь миний яараад байгаа нэг зүйл бол бид Зүүн өмнөд Азийн улсуудтай их идэвхгүй байсан. Тийм учраас бид нэлээд идэвхжүүлж байгаа. Индонезид саяхан Элчин сайдын яамаа нээлээ. АСЕН-ийн орнууд бол асар их хүн амтай, маш том зах зээлтэй. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний их хэрэгцээ тэнд бий. Дээрээс нь Хятадаар дамжаад цаашаа эдийн засгийн, төмөр замын коридорууд нээгдээд боомтууд нь өргөсч байгаа учраас бидэнд боломж илүү гарч байгаа. Энэ боломжийг ашиглаад илүү идэвхтэй харилцах ёстой. Тэгэхээр Зүүн өмнөд Азийн орнууд руу нэлээд айлчлалууд явагдана. Гуравдугаарт, Латин Америкийн орнуудыг бид орхичихсон. Тэнд ганцхан Кубад л манай Элчин сайдын яам байгаа. Куба чинь өөрөө хорионд байдаг. Бусад хүн ам ихтэй, том орнуудтай хавсрах боломж байдаггүй. Улс төрийн хувьд ч зохимжгүй. Тийм болохоор бид ирэх жил Бразилд Элчин сайдын яамаа нээнэ. Бразил, Аргентин, Чили, Прагвай, Уругвай гэдэг улсуудтай харилцаа илүү идэвхжүүлэх гэж зорьж байгаа. Европ тивд бид Испанийг орхичихсон байдаг. Тиймээс тус улсад Элчин сайдын яамаа нээх гэж байгаа.

-Тэгэхээр Африк тив л үлдэж байна уу?

-Манай Гадаад харилцааны яам Африкийн орнуудыг идэвхтэй судалж байна. Бид бас л харилцах ёстой. Өмнөд Африк, Нигер гээд олон улсад их идэвхтэй байдаг, хүн ам ихтэй, зах зээл том улсуудыг судалж байгаа. Олон улсын харилцааг дэлхийн бүх улс оронтой хөгжүүлж л байгаа бол болж өгвөл тэлж байх ёстой. Эдгээр нь дараагийн 2026, 2027 онуудын төлөвлөлтөд ороод явна. Дэлхийн улсуудтай харилцахад улс төрийн харилцаа их чухал байдаг. Биенийгээ олон улсын тавцанд дэмжих, хамтарч тогтоол механизм байгуулдаг. Энэ утгаараа бид хэнээс дутахгүй байя, тусгаар тогтнолоо илүү баталгаажуулах, аюулгүй байдлаа хангая гэвэл бид энэ харилцаагаа улам л хөгжүүлэх хэрэгтэй. Энэ зорилтынхоо хүрээнд саяны миний ярьсан орнууд руу хамгийн эхлээд Гадаад харилцааны сайд харилцан айлчлал хийнэ. Боломж бололцоогоо танилцуулдаг. Тэгж байж дараа дараагийн айлчлал, ажлаа тохирдог. Ийм ажлууд хийгдэх гэж байгаа. Тэгэхээр 2025 он бол их сонирхолтой жил байх болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

2 replies on “Б.Батцэцэг: Монгол Улсын гадаад харилцааны хувьд 2025 он их сонирхолтой жил байх болно DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *