-Анхны уран бүтээлээ өлгийдөж авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Уран бүтээлч хүний хувьд үзэгчдийн мэдрэмж дараагийн уран бүтээлээ туурвих ташуур болдог юм билээ. Би гол дүрээ өглөө бүр бодож сэрдэг байлаа. Тархины шаналан гэдэг шиг л. Киног маань үзсэн үзэгчид болон урлаг соёлын найз нөхөд маань алга таших тэр мөчид тархинд дандаа бодогдож байсан шаналал байхгүй болж, ер бусын тайвширсан мэдрэмж авсан. Яг үнэндээ дараагийн уран бүтээл рүүгээ ормооргүй санагдаж байсан. Дахиад уран бүтээл хийх хэрэг байна уу гэж бодож байтал киноныхоо нээлтийг хийж байхдаа дахин уран бүтээл хийх итгэл, урам зориг авсан. Дөнгөж эхэлчихээд шантарч болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
-Үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа нь юу вэ. Хүмүүс танай киног үзээд юуг мэдрээсэй гэж хүсч байна вэ?
-Киногоороо дамжуулан Монголын ирээдүй үнэхээр эмзэг байна. Монгол эр хүн та өөрөө сэтгэл зүтгэл гаргаж, эр хүн, эцэг хүн, ах хүн, эр цэрэг шиг байж чадахгүй бол ирээдүй чинь тасрах гээд байна. Эр хүн юм бол ирээдүй хойч үеийнхээ төлөө бүхнээ зориулж чаддаг байгаач ээ гэсэн үндсэн санааг илэрхийлэхийг зорьсон. Киног маань үзээд гарч ирж буй эмэгтэйчүүд нүдэндээ нулимстай, эрчүүд сэтгэлдээ огшилтой байна. Найруулагч хүний хувьд үзэгчид уран бүтээлээс гол санааг нь биш юм аа гэхэд өөр ямар нэгэн зүйлийг ойлгож, мэдрээд цаг, мөнгөө зарсандаа харамсахгүй, ярих сэдэвтэй болоод гарч ирнэ гэдэг баяр жаргал нь байдаг. Мэдээж нийгэмд стресс, бухимдал тодорхой хэмжээгээр байгаа. Гэхдээ өөр нэг өнцөг заавал байдаг. Тэр өнцгийг өөр зүгээс харуулах нь уран бүтээлчдийн гол зорилго.
Кино театрууд өөрсдөө кинонд насны ангилал тогтоодог юм билээ. Манай кино +13 гэсэн ангилалтай. Киног маань аавууд 13-аас дээш насны хүүтэйгээ, бүсгүйчүүд, өсвөр насны охид аавтайгаа хамтдаа ирж үзээсэй гэж хүсч байна. Эмэгтэй хүн аавыгаа мөнх байх юм шиг л бодоод байдаг. Үеийн залуутайгаа уулзаж, цаг зав гаргаж байгаа хэрнээ ард нь хэзээд бат зогсдог аавтайгаа өсвөр наснаасаа хойш дотносож чадахаа больчихдог талтай.
-Та өөрөө кино зохиолоо бичсэн үү?
-Тэгсэн. Би киноныхоо зохиолыг бичиж, ерөнхий продюсер хийж, найруулгыг нь хийж, туслах дүрд тоглосон.
-Жүжигчдийн сонголт сонирхолтой байлаа. Нийт хэдэн жүжигчин тоглосон бэ?
-Аливаа уран бүтээлд дүрийн сонголт маш чухал. Яагаад гэвэл энэ сонголтоор уран бүтээл маань хүмүүст ойлгогдоно, хүрнэ. Манай кинонд нийт 18 жүжигчин туслах болон гол дүр бүтээсэн. Таван гол дүртэй. Гол дүрд “Ард түмний гавьяат” гэж Сүхээгийн Ариунбямба тоглосон. Ах минь одоо хүртэл СТА цолтой байна. Тэрбээр аль нэг нам хүчнийг дагаж, дулдуйдаж явахгүй байгаадаа “Ард түмний гавьяат” гэж хэлэгддэг байх гэж би ойлгодог. Ах маань үнэхээр л ард түмний хайртай жүжигчин юм билээ.
Хамгийн сүүлд “366 дахь өдөр”, “Этгээд” зэрэг кинонд тоглосон Ч.Сэлэнгэ гэж мэдрэмжтэй жүжигчин киноны маань эмэгтэй гол дүрд тоглосон. Монгол Улсын гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар ах маань тоглосон. “Хувьсал” продакшнд ажиллаж байгаад одоо найруулагч болоод жүжигчнээр ажиллаж байгаа Д.Төмөрбаатар ах маань тоглосон. Мөн залуу жүжигчин О.Самданпүрэв, хип хоп артист У.Мөнгөнбагана (Roockie) нар дүр бүтээсэн. Бидний хэлэх гэсэн үндсэн санааг маш сайн товойлгож гаргасан гол дүрийн жүжигчин Т.Элбэггэрэл гэж хүү бий. Mal ven гэж хөөрхөн бор гадаад хүү бий. Тэр хүү киноны маань чимэг болсон нандин дүр, Өмнөд Суданийг харуулдаг үйл явдлын үеэр африк гаралтай хүүхдийн дүрд маш мэдрэмжтэй, чадварлаг тоглосон.
-Кино бүтээх явц хэр удаан үргэлжилсэн бэ. Зураг авалт нь хаана хийгдсэн бэ?
-Киноны процесс маш удаан үргэлжилдэг. Бидний хийсэн кино төсөл хоёр жил үргэлжилсэн. Эхний жилдээ хөгжүүлэлт буюу зохиолын санаагаа боловсруулсан. Ингээд өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 2-ноос эхлэн төслийнхөө дараагийн үе шат руу орж биежиж эхэлсэн. Зургадугаар сарын 1-нээс зураг авалтаа эхэлж, наймдугаар сарын 20-нд дуусгасан. Ингээд арванхоёрдугаар сарын 28-ны өдөр киногоо кино театруудад хүлээлгэн өгсөн. Эмэгтэй хүн хүүхдээ хэвлийдээ арван сар тээж, төрүүлдэг шиг л мэдрэмж авч байна. Мэдээж би эмэгтэй хүнд ямар мэдрэмж төрдгийг мэдэхгүй. Гэхдээ санаа байхаас нь эхлээд усалж, ургуулаад эцэст нь энэ уран бүтээл бий болсон гэдэг утгаар нь адилтгалаа.
Зураг авалтын тухайд 100 хувь Монголд хийгдсэн. Гэхдээ киноны үйл явдлын дурсамж хэсгүүд дээрээ Өмнөд Суданид болж байгаа үйл явдлыг харуулсан. Африк гаралтай залуучууд, бүсгүйчүүдийг цуглуулаад тосгоны амьдралыг харуулсан зураг авалт хийсэн.
-Киногоо бүтээх явцад хамгийн их сорилттой тулгарсан мөчөөсөө хуваалцахгүй юу?
-“В1 давхар” кино бол тулаант драма буюу “action drama” төрлийн кино. Кино төслийг хөгжүүлж хийсэн баг бол “Mongol stunt” орлон тоглогчдын баг. Тулаант драма кино учраас тулааны үзэгдлүүд дээр бид маш чамбай ажилласан. Тулааны хэсгийн гол ажлыг хийдэг тулааны найруулагч гэж хүн бий. “Mongol stunt” багийг үүсгэн байгуулалцсан Б.Нандин-Эрдэнэ маань БНСУ-ын үндэсний соёлоо сурталчилдаг “Jump” гэх театрт ажилладаг. Энэ найз маань энэхүү төслийн хүрээнд эх орондоо уригдан ирж дөрвөн сарын хугацаанд хамаг хүчээ зориулан ажиллачихаад буцсан. Тулаант үзэгдлийг орлон тоглогчдын баг хийсэн. Орлон тоглогчид жүжигчдийг аюулгүй байлгах, тулааны үзэгдлийг үнэмшилтэй болгохын тулд ажилладаг. Үзэгчид тулааны хэсгүүд дээр суудлаасаа өндөлзөж, алга ташиж байгаа нь тэр хэсэг маш сайн болсны илэрхийлэл.
Тулааны хэсгийн зураг авалтыг олон удаа давтаж хийсэн. Тэр үеэр С.Ариунбямба ах “Нарука миний дүү, чи өөрөө тулааны найруулагч хүн. Ах нь ядраагүй шүү. Ах нь жаахан амраад л дахиад хийнэ. Миний дүү энэ хэсгийн зургийг яг хүссэнээрээ аваарай. Чиний хүссэнийг ах нь хийх ёстой шүү” гэж хэлсэн. Тэр үед би С.Ариунбямба ахад хүмүүс хайртай байдгийн шалтгаан энэ юм байна гэдгийг дахин ойлгосон. Маш мэдрэмжтэй, шатаж ажилладаг, бусад уран бүтээлчдээ түлхэж ажилладаг хүн юм байна гэж харсан. Жүжигчин бүхэн ингэж чадахгүй. Би хүндэлдэг ахыгаа авч ирчихээд олон удаа зураг авалт хийж байгаагаасаа санаа зовсон. Зураг авалт давтан хийгээд байсан нь жүжигчин болохгүй байгаадаа биш, ард нь байгаа хүмүүс санаандгүй алдаа гаргах, камерын хөдөлгөөн хоцрох, гэрэл масслах зэрэг олон асуудал үүнд нөлөөлсөн.
-Киноныхоо дуугаар дамжуулан юуг өгүүлэхийг зорьсон бэ?
-Манай киноны дундуур Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор гуайн ард түмэнд хүргэсэн “Эр хүн” дуу шинэчилсэн найруулгаараа л явдаг юм. Дууны шинэчилсэн найруулгыг “Алтан ураг” хамтлагийн Эрка буюу Б.Эрдэнэбат бид хоёр ярьж байгаад хийсэн. Энэ дууг OST болгоё гэж ерөөсөө бодоогүй байсан. Гэтэл киног маань үзсэн үзэгчдээс “Энэ дууг шинэчилсэн найруулгаар нь дахин сонсмоор байна” гэсэн хүсэлтүүд нэлээн ирж байна. Тиймээс бид албан ёсны эрхийг нь эзэмшдэг хүмүүстэй холбогдож, санал хүсэлтээ тавьж гэрээ хэлцэл хийх шатандаа явж байна.
-“Эр хүн” дууг сонгосон шалтгаан юу вэ. Ер нь яагаад киногоо “В1 давхар” гэж нэрлэх болсон бэ?
-Амьдралын гол утга учир, үндсэн ноён нуруу нь эр хүн. Эр хүн хайртай бүхнээ хамгаалж чадахгүй, хар толгойгоо архинд мэдүүлээд сул дорой байвал улс орон уруудан доройтно, Монголын ирээдүй эмзэгшиж эхэлнэ. “В1 давхар” гэж нэрлэх болсон шалтгаан ч үүнтэй холбоотой. Барилгын суурь маш сайн байх ёстой. Барилга муу суурьтай бол хоёр давхар байсан ч нурна. Сайн суурьтай бол 100 давхар байсан ч маш бат бөх байна гэдэг утгаар “В1 давхар” гэдэг нэрийг өгсөн. Монгол эрчүүд энэрэх хайрлах сэтгэлтэй, үзэл бодолдоо уул шиг бат зогсож, угтах ирээдүйнхээ төлөө хамаг бүхнээ хийдэг. “Mongol stunt” орлон тоглогчийн баг маань олон улсаар явж кинонд тоглохдоо дайны фронтод монгол эр хүний цог жаваа, сүр жавхлан ямар аугаа байдгийг харсан. Энэ зүйл бол одоо хэрнээ байгаа. Зүгээр л нуугдаж байгаа. Үүнийг сэрээх, сэдрээх ёстой юм байна гэж харсан нь киноны маань гол утга санаатай салшгүй холбоотой.
-Киноныхоо хоёрдугаар ангийг хийх үү?
-Хоёрдугаар анги гэж хийхгүй. Яагаад гэвэл би эмзэглэсэн сэдвээрээ, эмзэглэсэн мэдрэмжээрээ нэг л бүтээл хийнэ. Үндсэн санаагаа жинтэйхэн нэг л дуугарчих юмсан гэдэг үүднээс хоёрдугаар анги хийхгүй. Энэ төслийн үндсэн санаачлагч, ерөнхий продюсер нь би өөрөө учраас энэ эрх надад байгаа.
-Таны цаашдын зорилго юу вэ. Ямар чиглэлээр уран бүтээл хийе гэж бодож байна вэ?
-Кино урлагийг хүн төрөлхтөн өөрсдөө бий болгосон. Эрэлт, хэрэгцээ нь байгаа учраас нийлүүлэлт нь байгаа юм. Кино урлаг дотроо маш олон жанртай. Уран бүтээлч хүний хувьд энэ олон жанруудыг бүгдийг нь хийж, мэдэрч үзмээр байна. Уран бүтээл найруулагч хүний эмзэглэлээс төрдөг гэдэг. Надад өргөс хараад байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг зүйлс бий. Тэдгээрийг тохирох жанрынх нь дагуу уран бүтээлээрээ дамжуулж ард түмэндээ хүргэхийг зорьдог. Гэхдээ гол санаа нь үзэгчдэд харагдах албагүй, мэдрэгдэх хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Ийм бүтээлүүд хийх юмсан гэж маш их хүсч байна. Би хэн нэгний киног хуулж, дуурайж хийхгүй юм шүү гэж өөртөө амласан. Оргиналь буюу өөрөөсөө төрсөн эмзэглэлээ уран бүтээлдээ шингээгээд, өөрийн харж байгаа өнцөг, мэдрэмжээр хүмүүстэй хуваалцах юм шүү гэдэг төсөөлөлтэйгөөр найруулагчийн карьераа эхлүүлж байна.
-“Mongol stund” орлон тоглогчдын баг байгуулагдаад хэдэн жилийн нүүрийг үзэж байна вэ. Өнгөрсөн хугацаанд ямар ямар кинонд дүр бүтээсэн бэ?
-Манай баг байгуулагдаад 15 жил болж байна. Бид энэ хугацаанд камерын ард уран бүтээлчидтэйгээ хамт байсан. Ерөөсөө урд нь гарч байгаагүй. Монголд маш олон тулаант кинонууд хийдэг болсон. Энэ бүхний 80 хувийнх нь ард “Mongol stunt” баг маань ажилласан. Бид 15 жилийн хугацаанд 80-90 кино, контентод ажилласан байна. Түмэн олон бүгдээрээ мэддэг алдарт найруулагч Сэнгэдоржийн “Үргээлэг 1”, “Ар хударга”, “Фантастик” продакшны “Миний ах атаман”, “Зүрхний хилэн”, “Байтаг богд”, “Зура I, II” зэрэг бүхий л уран бүтээлүүдийн тулаантай, эрсдэлтэй үзүүлбэр бүрийн ард манай баг байсан. Бид зөвхөн дотооддоо гэлтгүй энэ чиглэлээрээ сурч боловсорч, хөгжсөөр олон улсын “Walt Dis ney” компанийн “Mulan” төсөлд ажилласан. Мөн “Marvel”-ийн хамгийн анхны ази баатар “Шан-Чи”-ийн дүрийн анхны кинонд Австрали улсад 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж ажилласан. Хубилай хааны тухай “Netflix”-ийн цуврал “Марко Поло” олон ангит кинонд ажилласан. Мөн саяхан нээлтээ хийсэн Солонгосын түүхэн “Харбин” УСК-ны Монголын цөлөөр морьтой давхидаг үзэгдэл дээр манай баг ажилласан. Бид багийнхаа 15 жилийн ойд зориулан “В1 давхар” киног хийсэн. Эцэст нь Монголын ирээдүй монгол эр хүн таны гарт байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Ө.Анхзаяа, Э.Цэнд-Аюуш