Categories
гадаад мэдээ

Онгоцны осол олон улсын асуудал болж хувирав DNN.mn

Хуваарийн дагуу нислэг үйлдэж байсан Азербайжаны зорчигч тээврийн “Em­braer 190” онгоц энэ сарын 25-ны лхагва гаригийн өглөө ОХУ-ын Грозный хотын нисэх онгоцны буудалд өтгөн манантай байснаас удаа дараа газардах гэж оролдсон ч чадалгүй Казакстаны Актау хотын нисэх онгоцны буудалд газардах гэж байгаад гурван километрийн зайд осолдсон билээ.

Онгоцонд байсан 67 хүнээс 38 нь нас барж, 29 нь эсэн мэнд үлдсэн юм. Зорчигч тээврийн энэ онгоц Оросын агаарын долгионы эсрэг зэвсгийн нөлөөгөөр Махачкала хотоос Каспийн тэнгисийн дунд хүртэл Грозный хотын нисэх буудлаас бусад газартай холбоо барих ямар ч боломжгүй болсон байжээ. Азербайжаны агаарын тээврийн “AZAL” компанийн төлөөлөгч маргааш өглөө нь “Казахстанд осолдсон манай онгоц гадны нөлөөнөөс болсон” хэмээн мэдэгдэж “Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгч Зулфугар Асадов, Айдан Рахимли нар Грозный дээгүүр нисэх үеэр онгоцны гадна гурван удаа дэлбэрэлт болсныг мэдээлсэн.

Харин Оросууд үүнийг шувууны сүрэгтэй мөргөлдсөн гэж зарласан” гэсэн юм. Бас “Евроньюс” телевизийн суваг “Азербайжаны засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, онгоцны осол Оросын “газар-агаар” ангиллын пуужингийн улмаас болсон байна” гэж мэдээлэв. Ройтерс агентлаг “Азербайжаны “AZAL” компанийн “Embraer 190” онгоцыг Грозный руу ойртож байх үед Оросын агаарын довтолгооноос хамгаалах “Панцер-С” системээр буудсан байна” гэж мэдээлсэн. Мөн Цагаан ордны АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Жон Кирби сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр “АНУ-ын албаны хүмүүс энэ онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах системээр буудаж унагасан байх магадлалтай гэж үзэж байна. АНУ-ын зүгээс ослын мөрдөн байцаалтад тусламж үзүүлэхээ санал болгосон” гэж хэлсэн. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоц сүйрсэнтэй холбогдуулан Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев болон Азербайжаны ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хэрвээ Оросууд Малайзын “MH17” нислэгтэй адил худал мэдээлэл тарааж байгаа бол бид үнэнийг олж тогтоохын тулд Москвад олон улсын хамтын шахалт үзүүлж, буруутай этгээдүүдийг шүүхэд өгөх хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Эдгээр мэдээллийн дараа Азербайжаны эрх баригчдыг төлөөлж, Дижитал хөгжил, тээврийн сайд Рашад Набиев “Баку-Грозный чиглэлд ниссэн Азербайжаны агаарын тээврийн “AZAL” компаний зорчигч тээврийн онгоц Казахстанд сүйрснийг эхлээд онгоц шувууны сүрэгтэй мөргөлдсөн гэж үзэж байсан ч онгоцны үлдэгдэл, амьд үлдсэн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь уг онгоц гадны нөлөөтэй сөнөсөн болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын явцад энэ хөндлөнгийн нөлөө ямар зэвсгээр хийгдсэн болохыг тогтооно. Оросын Грозный хотын орчим дэлбэрэлт болж онгоц гэмтсэн байна. Энэ үеэр шархадсан зорчигчид болон амьд үлдсэн онгоцны үйлчлэгчид дэлбэрэлт болсныг нотолсон. Онгоцны үйлчлэгч нарын нэг нь энэ үеэр гартаа шарх авсан байна. Мөн олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан видео бичлэгээс харахад бас нэгэн эмэгтэй зорчигчийн гар, хөл шархадсан байна. Мөн гадна талд болсон дэлбэрэлтээс үүдэж уг онгоцны их биед янз бүрийн хэмжээтэй нүхнүүд үүссэн байна. Иймээс Ростов хотын диспетчер уг онгоцонд хүчилтөрөгчийн баллон дэлбэрсэн тухай мэдээлэл ямар учраас тараасныг бид юуны түрүүнд шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү эмгэнэлт явдлын гурав дахь өдөр буюу энэ сарын 28-ны бямба гаригт Кремлийн цахим хуудсанд Путин Азербайжаны ерөнхийлөгч нарын ярианы тухай мэдээлэл гарч “Хуваарийн дагуу нисэж байсан Азербайжаны зорчигч тээврийн онгоц Грозный хотын нисэх онгоцны буудалд удаа дараа газардах гэж оролдсон. Энэ үед Грозный, Моздок, Владикавказ хотууд Украины байлдааны дроны довтолгоонд өртөж, Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд эдгээр довтолгоог няцаасан. Энэ нь манай агаарын довтолгооноос хамгаалах хүчин болон Азербайжаны нисэх онгоцны сүйрлийн хооронд шууд холбоо байна гэсэн үг биш юм” гэж бичжээ. Харин Кремлийн хэвлэлийн алба “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиеваас Оросын агаарын орон зайд эмгэнэлт явдал болсонд уучлалт гуйсан. Тэрээр Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчний ажлыг дурдсан боловч энэ нь нисэх онгоц сүйрсэн шалтгаан болсныг хүлээн зөвшөөрөөгүй байна. Үүний дараа ерөнхийлөгч Путин Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай утсаар ярьсан. Болсон явдлын бүх нарийн ширийнийг судалж буй Казахстаны Засгийн газрын комисс ослын газраас олдсон нислэгийн бичлэгийн кодыг тайлахад Орос, Азербайжан, Бразилийн мэргэжилтнүүдийг оролцуулж байгаа бөгөөд Казахстаны нутаг дэвсгэр дээр хийгдэх энэ ажил бодитой, ил тод байх болно гэж мэдэгдэв” гэж мэдээлэв. Тэгвэл Азербайжаны ерөнхийлөгчийн хэвлэлийн алба “Ерөнхийлөгч Алиев энэхүү ярианы үеэр Азербайжаны агаарын тээврийн онгоцны их биед олон цоорхой үүссэн байна. Зорчигчид болон багийн гишүүд гадны дэлбэрэлтийн хэлтэрхийнүүдээс болж онгоц гэмтсэн болохыг баталж байна. Зөвхөн нисгэгчдийн эр зориг, мэргэжлийн ур чадварын ачаар уг онгоц буулт хийж чадсан. Азербайжаны санаачилгаар “Em­braer190” зорчигч тээврийн онгоцны ослыг мөрдөн шалгах олон улсын шинжээчдийн бүлэг байгуулагдсан. Тэд аль хэдийнэ ажилдаа орсон гэж Путинд хэлсэн” гэж мэдээлжээ. Энэхүү Кремлийн мэдэгдлийн дараа Их Британийн Гадаад хэргийн яам “Ерөнхийлөгч Путины мэдэгдэл Оросын төрийн бодлогогүй, хариуцлагагүй үйлдэл бусад улсын ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд асар том бөгөөд шууд аюул учруулж байгааг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Иймээс бид энэ явдалд олон улсын бүрэн, хараат бус мөрдөн шалгалт хийхийг уриалж байна” гэж мэдэгдэв. Ийнхүү Кремль “Азербайжаны зорчигч тээврийн онгоцыг Украины дрон сөнөөсөн” гэж хэлэхийн тулд уг онгоцыг агаарт устгах гэж гурван удаа буудсан ч амжилт олоогүй учир өөрийн гэмт хэргийг нуухын тулд ойр байсан буудлуудад буулгалгүй хаа байсан Казакстан руу нисгэж, энэ онгоцыг Каспийн тэнгист унагах гэж оролдсон нь тодорхой болов. Хэрэв энэ онгоц Оросын нутагт сөнөж, бүх зорчигчид нь амь үрэгдсэн бол Кремлийн эрх баригчид Евгений Пригожин тэргүүнтэй “Вагнер”-ын удирдагчдын онгоц шиг тэр дор нь юу ч үлдээхгүй, цэвэрлэх байсан биз ээ. Үүнийхээ дараа тэд “Бид юу гэж өөрийн иргэдийн сууж явсан онгоцыг сөнөөх билээ” гэх байв. Учир нь Кремль урьд нь “Бид юу гэж өөрсдийн иргэдийн орон сууцыг дэлбэлэх билээ. Чеченьчүүд л дэлбэлсэн байж таарна” хэмээн Чечень рүү дайрч, “Бид мэдэж байсан бол иргэдийнхээ эсрэг хийх террорист ажиллагааг таслан зогсоох ёстой биз дээ” гэж нэг бус удаа болсон халдлагын дараа Путины эрх мэдлийг улам нэмэгдүүлж, ардчиллыг хумьж ирсэн билээ. Энэ осолтой холбогдуулан гадны агаарын тээврийн компаниуд ОХУ-ын чиглэлд нислэг үйлдэхээ зогсоож эхлэв. Азербайжаны агаарын тээврийн “AZAL” компани Оросын найман хот руу нислэг үйлдэхгүй болов. Мөн Казахстаны “Qazaq Air” агаарын тээврийн компани Астана-Екатеринбург чиглэлийн нислэгээ нэг сараар зогсоож, үүнийгээ “эрсдэлийн үнэлгээ” гэж тайлбарлав.

Мөн Туркменистаны агаарын тээврийн “Туркменистан” компани энэ сарын 30-наас эхлэн Ашхабад-Москва-Ашхабад чиглэлийн ээлжит нислэгээ ямар ч тайлбаргүйгээр сарын турш цуцалжээ.

Мөн Израилийн “El Al” болон АНЭУ-ын “Flydubai” агаарын тээврийн компаниуд Орос руу нислэг үйлдэхээ зогсоож буйгаа зарлав. Эцэст нь Азербайжаны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Айхан Хажизаде “ОХУ-ын иргэдийг тус улсад визгүй зорчих журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэв. Харин манай МИАТ яах бол, Европын нислэг орос улсын дээгүүр явагддаг цөөхөн улсын нэг. Азиас Хятад манайх хоёр л Орос дээгүүр явж байгаа байх. Ер нь эрсдэлтэй гэдэг нь мэдэгдээд л байна. Бага Азиар явсан нь хамаагүй дээр бололтой харагдаад удаж байгаа. Улаанбаатараас нисээд Шинжаан Казахстан гээд урдуур ниссээр Европт буумаар харагддаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *