Өмнөд Солонгосын Чэжү Эйр компанийн Боинг 737-800 загварын зорчигч тээврийн онгоц өчигдөр өглөө улсын өмнөд эргийн Муаны олон улсын нисэх буудал дээр осолдож, харамсалтай үйл явдал боллоо. Тус компанийн 2216 дугаар нислэгийг үйлдсэн онгоцон дотор нислэгийн багийн зургаан гишүүн, 175 зорчигчийн хамт 181 хүн байсан. Онгоц нисэх буудалд газардахдаа дугуйгаа гаргаж чадалгүй элгээрээ гулсаж, нисэх буудлын хамгаалалтын хана хашаа мөргөж улмаар дэлбэрч осолдсон.
Осол гарсны дараа хоёр хүнийг аварсан ч үлдсэн 179 хүн амь насаа алдсан нь тодорхой боллоо. Ослын үеэр аврагдсан хоёр хүн 25, 33 настай онгоцны үйлчлэгчид байна.
Зорчигчдын 173 нь Өмнөд Солонгосын иргэд байсан бол Тайландын хоёр иргэн байжээ. Хамгийн бага нь гурван настай хүүхэд, хамгийн ахмад нь 78 настай байсан. Бусад зорчигчид ихэнх нь 40, 50, 60 насны хүмүүс байжээ.
Өмнөд Солонгос улс даяар өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай гашуудал зарлалаа. Уг осол гарахаас өмнөхөн Өмнөд Солонгос улсад улс төрд огцом эргэлт гарч Ерөнхийлөгч байсан Юн Сок Ёл болон түүний оронд Ерөнхийлөгчийн үүргийг 14 хоног гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан Хан Дак Сү нар шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа. Ердөө өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Эдийн засаг, сангийн сайд Чой Сан Мок өчигдөр ослын газарт очсон байна. Тэрээр хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.