Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа DNN.mn

– АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДӨРВӨН ШИЙДЭЛ БАЙНА-

“МАК” группийг үүсгэн байгуулагч, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай ярилцлаа.


-Та сайхан өвөлжиж байна уу?

-Монгол хүн байна даа, амны бэлгээс ашидын бэлгээ бодож сайхан өвөлжиж байна л гэе дээ.

-Яагаад тэр вэ?

-Улаанбаатарын утаа үнэхээр сэтгэл өвтгөж байна шүү дээ. Ийм хорт утаагаар Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьсгалж байна гээд бод доо. Энэ жил дулаахан өвөл болж байна, гэхдээ одоо ес эхэлж байна, улам хүйтэрнэ, утаа илүү л нэмэгдэх байх даа. Дэлхий дахинд Улаанбаатарыг хамгийн их агаарын бохирдолтой хот гээд зарлачихлаа.

-Энэ янзаараа Улаанбаатарын утаа мөддөө арилахгүй байх. Олон ч төсөл хөтөлбөрүүд хэрэгжлээ. Үр дүн гарсангүй. Ер нь төр засагт утаанаас салах бодол алга байх шиг. Харин бизнесийн салбарын хүний хувьд танаас асуухад, яавал бид утаанаас салж чадах вэ. Танд ямар шийдэл харагдаж байна вэ?

-Агаарын бохирдлын асуудлаар бид мөн ч олон жил ярилаа. Үндэсний хороо, ажлын хэсэг бишгүй л байгуулагдсан. Гол нь эндээс гарсан үр дүн юу байв гэдгийг өнөөдрийн Улаанбаатарын утаа бэлхнээ хэлээд өгнө. Утаа бол Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.6-1.7 сая иргэний эрх ашиг, эрүүл мэндийн асуудал юм. Улс үндэстнээрээ хэрүүл тэмцэл хийлгүйгээр шинжлэх ухаанчаар утаанаас хэрхэн яаж салах юм бэ гэдэгт нэгдэх ёстой. Тэрнээс хэн нэгэн асуудлыг шийдлээ гээд попорч оноо авчих үзэгдэл хэрхэвч байж болохгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжид дурдсан статистикт Улаанбаатарын агаарын бохирдлын нарийн тоосонцор норм стандартаас найм дахин өндөр гэсэн байсан. Агаарын бохирдол дахь азотын ислийн хувь хэмжээ байх ёстой хэмжээнээс мөн л давсан. Энэ нь маш аюултай. Ийм орчинд өссөн хүүхдүүд сэтгэцийн өвчтэй болдог гэдгийг эрдэмтэд хэдийнэ нотолчихоод байгаа.

Анх удаа 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй парламент бүрдлээ. Агаарын бохирдлыг бууруулах асуудал дээр нэгдсэн бодлого, шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай. Улаанбаатарын утаа бол үнэхээр сэтгэл өвдөж явдаг зүйлийн маань нэг учраас 2006 оны үед энэ асуудлыг барьж авч байв. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг яавал бууруулж болох талаас нь гадны сайн гэсэн янз бүрийн туршлагуудыг судалж байлаа. Англи, Герман гээд хөгжилд хүрсэн улс орнууд агаарын бохирдлоосоо яаж салсан бэ гэдгийг ч судалсан.

Дэлхийн буурал хотууд XIX, XX зууны үед маш их агаарын бохирдолтой байсан. Яг л өнөөдрийн Монгол Улсын нийслэл шиг утаат хөшиг татаж, манантсан дүр зурагтай байсан он жилүүд бий. Тэд утаанаас салах олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний хамгийн үр дүнтэй ажил нь нүүрсийг хагас коксжуулах замаар утаагүй түлш гаргаж авсан байдаг.

Ингэснээр суурин газруудынхаа агаарын бохирдлыг буулгаж чадсан. Манай урд хөрш хүртэл агаарын бохирдлоо ингэж бууруулсан байдаг. Тийм ч учраас бид БНХАУ-ын ШУА-ийн харьяа Нүүрс, химийн хүрээлэн, Дэлхийн банк, Японы “JCoal” байгууллагуудтай нэлээд хамтарч ажиллаж байлаа. Энэ хүрээнд 2007 оноос Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг МАК өөрийнхөө нүүрсний орд дээр түшиглээд 75 мянган тонн хагас кокс гарган авах туршилтын үйлдвэр байгуулж байлаа. Хагас коксжсон нүүрсээ гарган авчихаад бид Дэлхийн банкны шинжээчтэй хамтарч, Гандан орчмын айл өрхүүдэд туршилтын ажлуудыг хийж байсан юм.

-Тухайн үед үр дүн нь ямар байсан бэ. Агаарын бохирдол үнэхээр буурч чадсан уу?

-Туршилтын бүс дэх айл өрхүүд хагас коксжсон нүүрс түлснээр агаарын бохирдол буурсан. Агаар дахь нүүрстөрөгчийн дан исэл 15 хувиар, нүүрстөрөгчийн давхар исэл 39 хувиар, азотын исэл 55 хувиар буурсан үр дүн гарч байв. Мөн нарийн тоосонцор 9.5 дахин буурч байсан шүү.

-Хагас коксын үйлдвэрийн хувьд өртөг өндөртэй биз дээ…

-Ийм үйлдвэр өртөг өндөртэй, нэлээдгүй хөрөнгө оруулалт шаардагддаг. Тухайн үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хэрэгжүүлж буй манай ажлыг Засгийн газраас дэмжиж Цэвэр агаар сангаас үнийн зөрүүд нь татаас өгч байсан. Ерөнхийдөө төсөл маань 2012 он хүртэл нэлээд амжилттай үргэлжилсэн. Үүн дээрээ түшиглээд нийтдээ 600 мянган тн хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төслийг хийгээд эхэлчихсэн байлаа. Улаанбаатар хотын гэр хороололд судалгаа хийхэд 600 мянган тонн хагас коксжсон нүүрс үйлдвэрлэхэд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулчих юм байна гэж үзсэн. Туршилтын явцад зарим айлуудын зуухны ширэм хайлсан зэрэг асуудал үүссэн. Зуухаа сайжруулснаар үүнийг шийдэх боломжтой байв. Хагас коксын туршилтын явцад агаарын бохирдол буурахаас гадна айл өрхүүдийн эдийн засагт хэмнэлттэй сайн үр дүнгүүд гарч байлаа. Жишээлбэл, нэг өрх өвлийн цагт таван тн түүхий нүүрс түлдэг бол тухайн үед 2-2.5 тн хагас кокс түлж байв. Өөрөөр хэлбэл, нүүрсний илчлэг өндөр тул дулаанаа удаан барьж, хэрэглээ багасна гэсэн үг. Харамсалтай нь 2012 онд засаг өөрчлөгдөж, энэ үр дүнгүүд бүгд үгүй болсон доо. Ардчилсан намын Засгийн газар “хагас коксын түлшээр агаарын бохирдлыг шийдэхгүй ээ, Багануурын хүрэн нүүрсийг шигшиж агаарын бохирдлыг бууруулна” гээд дээр дурдсан татаасыг зогсоосон.

-Засгийн газар та бүхний оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөж олгосон уу?

-Бид ард иргэдийнхээ эрүүл мэнд, ялангуяа Монголын хойч үе болсон үрсийнхээ төлөө энэ ажлыг хийсэн. Гэвч засаг солигдож, бодлого нь өөрчлөгдөж төсөл зогссон. Үр дүнд нь бид 75 мянган тн хагас коксын туршилтын үйлдвэрт оруулсан хөрөнгөөрөө шатаж хоцорсон. Мэдээж тэр хөрөнгө оруулалтыг Засгийн газраас нөхөж олгоогүй.

-Хэрэв та бүхний хэрэгжүүлсэн энэ төсөл амжилттай үргэлжилсэн бол өнөөдөр Улаанбаатар маань дэлхийн хамгийн их утаатай, бохир агаартай хот гээд цоллуулаад сууж байхгүй байжээ. Тэр хэрээр өнөөгийн нийгмийн өвчлөл, хорт хавдар ингэж замаа алдахгүй байсан байх?

-Миний туйлын их харамсдаг асуудал бол энэ. Би ч бас Улаанбаатартаа бохир агаараар амьсгалаад л явж байна шүү дээ. Миний үр хүүхдүүд, ач, зээ нар бүгд ийм орчинд өсч торниж байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань хортой агаараар амьсгалснаас үүдэж хойшид сэтгэцийн болон бусад суурь өвчтэй болчих вий гэсэн айдас байна. Тухайн үед дөрвөн компани нүүрсийг хагас коксжуулах төсөл дээр ажиллаж байсан. Хамгийн том нь МАК. Нийтдээ 75 мянган тн-ын хагас коксын туршилтын үйлдвэр байгуулсан. Нөгөө гурав нь буюу “НАКО” компани, “Шарын гол энерго”, “Төгрөг нуур энержи” гэсэн компаниуд байсан. Эдгээр аж ахуйн нэгжийн үйлдвэрүүд төрийн зөв бодлогын хүрээнд дэмжигдээд явсан бол зөвхөн Улаанбаатар биш, төв суурин газруудын агаарын бохирдол ч арилах байсан юм.

Хэрэв 12 жилийн өмнө энэ ажлыг зогсоогоогүй бол өнгөрсөн хугацаанд бид бүх технологийг эзэмшчихсэн, үйлдвэрээ байгуулчихсан, нэлээд дэвшилд хүрчихсэн байх байлаа. Өнөөдөр агаарын бохирдол ийм аюултай хэмжээнд ч очихгүй байсан болов уу. Төр засгийн тогтворгүй бодлого нь бизнесийнхнийг “алдаг” тогтолцоо ийм л хортой. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харамсалтай нь тухайн үед шийдвэр гаргасан Ерөнхий сайд нь өнөөдөр УИХ-д сууж л байна. Эх орончийн дүр эсгээд “хохирсон, хэлмэгдсэн хүн” болж жүжиглээд сууж байх жишээтэй. Нийгмийнхээ эрүүл мэндийн төлөө ийм шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцохгүй болохоор Монгол Улс маань цаашид хөгжиж чадахгүй байна шүү дээ. Нөгөө л алдаатай бодлого гаргасан улсууд нь УИХ-д буцаад ороод ирдэг. Ийм байхад тамын тогооноосоо хэзээ ч салж чадахгүй.

-Өнгөрсөн жил Засгийн газраас хагас коксын үйлдвэрийг төрийн хэмжээнд байгуулъя гэж Эрчим хүчний сайдад чиг үүрэг өгч байсан. Гэвч нийгмийн эсэргүүцлийг өдөөсөн улстөржилтөө сөрж чадаагүй шүү дээ?

-Хагас коксын үйлдвэр нь өндөр өртөгтэй гэсэн яриа яам тамгын түвшинд яригдаж л байсан санагдаж байна. Гэхдээ саяхнаас Багануурыг түшиглэн барих тухай асуудал яригдаад эхлэх шиг боллоо. Ер нь нүүрсийг хагас коксжуулахад зайлшгүй дайвар бүтээгдэхүүн гардаг. Тэр нь нүүрсний давирхай, мөн хий. МАК дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулах чиглэлээр технологийн судалгаа эрчимтэй хийж байсан. Тухайн үед нүүрсний давирхайгаа Хятад улс руу экспортолж ч байлаа. Хятад улс давирхайг устөрөгчөөр түрэх буюу устөрөгчжүүлээд нефть бүтээгдэхүүн болгочихдог. Бас дайвар бүтээгдэхүүний нэг болох хийгээр нь төслийн хүрээнд эрчим хүч үйлдвэрлэн 600 мянган тн-ын хагас коксынхоо үйлдвэртээ ашиглана гэж төлөвлөж байв. Энэхүү төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдол буурахаас гадна ажлын байр олноор бий болно. Том зургаараа Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахаар байсан.

-Хувийн хэвшлийнхэн нийлээд, эсвэл гадны хөрөнгө оруулалт татаад өндөр өртөгтэй хагас коксын үйлдвэр байгуулж болдоггүй юм уу?

-Ер нь Засгийн газар татаас өгөх нь том эрсдэлтэй гэдгийг мэдсэн. Улс төрийн хүчнүүд ээлжлэн засгийн эрхэнд гарч л таарна. Гэтэл хэн нэгэн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр байгуулчихсан байтал 2012 оны Ерөнхий сайд шиг нөхөр гарч ирвэл бас л эрсдэлд орно. Тэгэхээр хагас коксын үйлдвэрийг хувийн аж ахуйн нэгжүүдээс хэн нь ч байгуулахаас эмээж байгаа. Харин төр өөрсдөө байгуулж болно л доо. Энэ бол хөрөнгө оруулалт, технологийн өндөр мэдлэг, ур чадвар шаардсан ажлын нэг. Дээрээс нь хагас кокс гаргахтай зэрэгцээд дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай болно.

-Хэдхэн хоногийн өмнө таны хүү буюу УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр агаарын бохирдлын асуудлаар мэдэгдэл хийсэн. Тэрбээр “УИХ дээр түр хороо байгуулаад надаар ахлуулчих. Засгийн газар нь бусад ажлуудаа хийгээд явахад болно” гэж хэлсэн. Улаанбаатарын утааг арилгахад МАК-ийн туршлага дээр хэрэгжүүлэх боломжтой юу. Нэгэнт танай компани дээр үйлдвэрийн суурь бааз нь бэлэн байна. Та бүхэн өөрсдийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх боломжтой юу?

-Хотын агаарын бохирдлыг хэрхэн, яаж бууруулах вэ гэдэг асуудлаар гэр бүлийнхээ хүрээндээ бид их ярьдаг. Мөн миний дээр ярьсан хагас коксын үйлдвэрийг байгуулж байсан түүхийг ч тэр Номтойбаяр санаж байгаа, тийм болохоор утааг бууруулах арга замыг сайн мэднэ гэдэгт би хүүдээ итгэдэг. Бидэнд туршлага байгаа учраас агаарын бохирдлыг бууруулахад илүү үр дүнд хүргэх бололцоо бий. Гэхдээ хүү нь УИХ дээр түр хороо ахлаад, түүнтэй хамаарал бүхий МАК хэрэгжүүлнэ гэвэл нийгэмд хардалт салахгүй л дээ. Хагас коксын үйлдвэр барих нь өндөр өртөгтэй гэдгийг би хэлсэн. Тиймээс одоо үүнтэй хутгалдах хүсэл үнэндээ алга байна. Гагцхүү Улаанбаатарыг утаанаас салгах боломжууд байгаа талаар өөрийн туршлагаа бол хуваалцана, дуу хоолойгоо хүргэх ёстой гэж бодож байна. Монгол Улсын хүн амын тэн хагасыг нь хордуулж байгаа энэ их утаа, агаарын бохирдол, төрийн бодлогыг хараад мэддэг хүнийхээ хувьд, иргэн хүнийхээ хувьд дуугүй тэвчээд өнгөрөхийг хүсэхгүй.

Утаатай тэмцэхийн тулд дараахь үндсэн зарчмын хэдэн асуудал дээр бид онцгой анхаарах ёстой гэж боддог.

Нэгт. Юуны түрүүн эрчим хүчний эх үүсвэрийн асуудлаа нэн тэргүүнд сайжруулах. Эрчим хүчний салбарын сэргэлт, шинэчлэлийн хүрээнд эх үүсвэр барихтай холбогдсон, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийг олгох зэрэг асуудлыг бүрэн либералчлах хэрэгтэй. Цахилгаан эрчим хүч хүрэлцээтэй, үнэ тариф хямдрах үед нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус нэвтрүүлэх, цахилгаан машины импортод хөшүүрэг болохуйц арга хэмжээ авбал утаа болон агаар мандал дахь хорт бодисын агууламжийг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ.

Хоёрт. Хийн түлшинд шилжих. Нүүрсээ бид хийжүүлж улмаар гүн боловсруулах замаар метанол үйлдвэрлэн Улаанбаатар хотод байгаа станц, зуухнуудыг хийн түлшинд тэргүүн ээлжинд шилжүүлэх нь зүйтэй.

Гуравт. Дулаан алдагдал багатай барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, орон сууцжуулах,

Дөрөвт. Гэр хорооллоос салахад тодорхой хугацаа шаардлагатай учраас хагас коксын үйлдвэрийг байгуулах. Энэ тохиолдолд бүтээгдэхүүнд нь өмнөх шиг Засгийн газрын татаас хэрэггүй, харин төрөөс, УИХ-аас эрх зүйн болон татварын дэмжлэгийг л маш сайн үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний өртөг өндөр учраас аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас эхний таван жил 100 хувь, дараагийн таван жил 50 хувь, мөн үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжийг нь гааль, НӨАТ-аас, бас гадаад мэргэжилтний ажлын байрны төлбөрийг нь тус тус чөлөөлчих зэрэг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрх ашгийн үүднээс хийгдэж буй бүтээн байгуулалт гэж үзэж, дэмжих ёстой. Ер нь нүүрсний арвин их нөөцтэй манай орны хувьд нүүрс-химийн аж үйлдвэрийн үндэс суурийг тавих цаг нь болчихоод байгаа. Нүүрс-химийн үйлдвэрлэлийн чиглэлээр МАК компани нэлээд хугацаанд ажиллаж байгаа, тодорхой ажлуудын ард гараад явж байна…

 Үргэлжлэл бий.

3 replies on “Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа DNN.mn”

Ийм хүмүүсийг л дэмжих хэрэгтэй байгаа юм даа.

uursduu l zogsooson yum bishu? zaawal tur geed bailgui yagaad zugeer hiigeed zarj bolodgui yum?

deerees n nuurs bol nuurs. hagas coke chine buur under C-iin aguulamjtai baihad yaj “нүүрстөрөгчийн давхар исэл 39 хувиар, азотын исэл 55” buursan yum? shirem hailtal haluun baigaa bol azotiin dawhar isel hurtel nemegdne uchir n ter chine undur temperturet agaart baigaa azotiin urwald orj bie boldog bolhoor. huu n ch gsn tuva-gaas baahan orosuud geed hudlaa shaagaad l bsn. etseg n ch gj ylgagui yum yrih yum. ghde hagas coke bol utaa buuruulah n unen.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *