Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Таксины зөвшөөрөл олон айлыг хоногийн хоолноос нь салгана гэж жолооч нар үзэж байна DNN.mn

Улаанбаатар хотод таксины олдоц тааруу, үйлчилгээ чанарын шаардлага хангадаггүй гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл нөгөө талдаа энэ бүхэн хувийн машинаараа “халтуур” хийдэг хүмүүсээс болдог гэх тайлбарыг ч такси үйлчилгээ эрхлэгчид хэлдэг. Тэгвэл ойрын өдрүүдэд нийслэлд такси үйлчилгээ эрхлэхийн тулд зөвшөөрөл авах ёстой болж, 3-10 сая төгрөгийн хураамж төлөхөөр хуульчлагдсан талаарх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар бид тодрууллаа.

Ноднин жилийн арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хууль батлагдсантай холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Үүн дотор нийтийн тээвэр болон такси үйлчилгээг энэ оны аравдугаар сарын 15-ны өдрөөс зөвхөн хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байна. Харин тус зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгох бөгөөд зөвшөөрлийн үргэлжлэх хугацаа таван жил байхаар тусгасан гэдгийг албаны хүн хэлж байна. Мөн орон нутаг, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа 3-10 сая төгрөгийн хураамж төлөх аж.

Энэхүү хураамж нь Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад зарцуулагдах гэнэ. Хэрэв зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол иргэнийг тав, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно. Энэ зөрчлийг цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч шалган шийдвэрлэнэ гэсэн олон нэмэлт, өөрчлөлт орчихсон байгааг албаныхан хэлж байгаа юм.

Хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлэх ёстой. Тус газраас томилогдсон ажлын хэсэг ирүүлсэн баримтуудыг нягтлан шалгаж, түүнд нь үндэслэн нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм байна. Ингэхдээ такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй, такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай, техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх, автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан, автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй, татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх, жолооны зөв хүрдтэй байх гэсэн арван нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох юм байна.

Тэгэхээр энэ сарын 15-наас эхлэн та зөвшөөрөлгүй таксигаар үйлчлүүлээд энэ талаар хэн нэгэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тохиолдолд зөрчлийг хянан шалгаж эхэлнэ. Ингээд жолооч зөвшөөрөлгүй байсан нь батлагдвал таван сая төгрөгөөр торгуулна. Энэ нь нэг талдаа хувин машинаараа таксинд явж, өрхийн орлогодоо нэмэрлэдэг, амьдралаа залгуулдаг хүмүүст хүнд тусна гэсэн гомдол ч гарч байгаа. Бид хувиараа такчинд явдаг зарим хүмүүсээс сэтгэгдлийг нь сонссон юм. Иргэн Ц “Таксины жолооч болгон бүтэн цагаар энэ ажлаа хийдэггүй. Зарим нь ажлынхаа хажуугаар давхар ажилладаг. Энэ хуулийн зохицуулалт бүтэн цагаар ажилладаг жолооч нарт л хүнд тусаж байх шиг байна. Би эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хүүхдүүдээ хараад сүүлийн гурван жил эрхэлсэн ажилгүй байна. Би өдрийн цагаар түгээгч хийдэг. Гэвч дан ганц түгээгчийн цалин долоон хүнийг тэжээж хүрэлцэхгүй шүү дээ. Ингээд бага охиноо төрснөөс хойш шөнийн цагаар таксинд явдаг болсон. Гэтэл надад тэр яриад байгаа зөвшөөрлийг авах 3-10 сая төгрөгийг шууд гаргаад өгөх боломж үнэхээр алга. Тийм боломж байдаг байсан бол таксинд явж байхгүй л байлаа” гэсэн юм. Харин иргэн Г “Хувиараа такси үйлчилгээ явуулдаг хүмүүсийг багасгаж, бүр хориглож ч болно л доо. Таксины жолоочтой холбоотой янз бүрийн л юм сонсогдох юм байна шүү дээ. Гэхдээ ямар нийгэмд амьдарч байгаагаа бодох л хэрэгтэй. Нийгэмд баян хэсэг байхад ядуу хэсэг ч байгаа. Нийгмээ мэдэрч чаддаггүй хүмүүс хууль баталж байгаа нь харамсалтай. Энэ шийдвэр олон айл гэрийг хоногийн хоолноос нь салгаж байна. Миний таньдаг олон жолооч байгаа. Тэдний ихэнх нь яах учраа олохгүй явж байх шиг байна” хэмээв.

Үнэхээр ч түүний хэлсэн шиг таксины жолооч нартай холбоотой олон хэрэг өнгөрсөн хугацаанд гарсан. Энэ бүхэн нь ямар нэгэн бүтгэлгүй хувийн таксиг цэгцлэх ёстой гэсэн ойлголтыг олон нийтэд өгсөн. Гэвч аливаа бүхэн хоёр талтай байдгийн адилаар таксинд явж амьдралаа залгуулж байгаа олон хүн бий. Хууль гаргахаасаа өмнө энэ хүмүүсийн асуудлыг хэрхэх вэ гэдгийг ч давхар бодолцох ёстой байсан мэт санагдана. Зөвшөөрөл авахын тулд заавал аж ахуйн нэгж байх шаардлагатай гэж байгаа. Гэтэл энэ бүхнийг цэгцлээд, бичиг баримтыг нь бүрдүүлээд явдаг нь таксины жолооч нарын дунд ховор. Дээрээс нь шууд бэлэн гаргаад өгөх мөнгө байхгүй учраас цаашид хулгайгаар таксинд явах зэрэг асуудлууд гарах шинжтэй байгаа юм. Мөн хувийн унаагаараа ажлын газрынхаа хүмүүс, найз нөхдөө гэрт нь хүргэж яваа хүмүүсийг таксинд явсан гэж үзэх үү. Үүнийг нь хэнээр нотлуулах вэ гээд хариултгүй олон асуулт урган гарч байна.

Мөн тус хуулийн хүрээнд “Ubcab”, “Aba” гэх мэт дуудлагын такси үйлчилгээний газрууд нийслэлийн Засаг даргаас такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болж байгаа юм. Сонирхуулахад, нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар нь Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний нийт 31 аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладаг байна. Тэр дундаа үндсэн чиглэлийн 1364, буухиа үйлчилгээний 40, такси үйлчилгээний 253 нийт 1657 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаа гэсэн тооцоо байдаг ажээ. Бид бүхэн сэтгэгдлийг нь сонссон дараагийн хүн бол сүүлийн 10 гаруй жил хувиараа таксинд явж байгаа иргэн С байлаа. Тэрбээр “Би амьдралын боломжоосоо болоод их, дээд сургууль төгсөөгүй. Ганц сурсан зүйл минь машин барих. Такси бол аль ч улсад байдаг л үйлчилгээ. Харин манай оронд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Хөгжүүлэх олон арга зам байгаа. Би олон жил такси барьж, янз янзын хүнтэй таарч явлаа. Гэтэл яагаад ийм ойлгомжгүй зохицуулалт хийж байгааг ойлгохгүй байна. Бид яагаад харсаар байж энэ хуулийг батлуулчихав аа гэж хожимдсон хойно нь боддог. Энгийн иргэн сайхан амьдрахад их л ээлгүй нийгэм дээ” хэмээн хэлсэн юм.

Нийгмийн сайн сайхны төлөө хууль тогтоомж гаргадаг. Тэгэх ч ёстой. Гэхдээ судалгаа тооцоог нь сайн хийж, амьдралд тохирсон, иргэдээ хохироодоггүй тийм л хуулийг гаргах нь шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийн үүрэг. Харин энэ хуулийг гаргахдаа тэд төдийлөн сайн тооцоо хийгээгүй, иргэдийнхээ амьдралыг сайтар судлаагүй юм уу даа гэсэн бодол төрж байлаа. Хувийн таксиг цэгцлэх амьдралын шаардлага гарсан. Гэхдээ шууд ингэж тулган шаардах байдлаар бус уян хатан байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байсан гэдгийг ч жолооч нар хэлж байна.

Ө.АНХзАяА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *