Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Жавхлан: Нэг л алдаанаас болж буурдаг зээлжих зэрэглэлээ арван жилийн дараа ахиулж чадсан ч Монгол Улсын хувьд том сургамж боллоо DNN.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай Монгол Улсын зээлжих зэрэглэлийн талаар тодруулж, ярилцлаа.


-Олон улсын байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан талаар мэдээл-лээ. Энэ талаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцсан байх. Тэгэхээр зэрэглэл ахиснаараа бидэнд ямар ач холбогдолтой вэ?

-Олон улсад зээлжих зэрэглэл тогтоодог гурван агентлаг байдаг. Тэрний нэг болох Фитч агентлаг өнгөрсөн долоо хоногт тайлангаа баталж, энэ сарын 19-ний өдөр олон улсын мэдээллийн хэрэгслээр зарласан. Ингэхдээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” тогтвортойгоос “В+” тогтвортой болгон ахиуллаа гэдгээ зарласан. Тэгэхээр ямар ач холбогдолтой вэ гэхээр мэдээж эдийн засгийн олон талын эерэг байдал бий болно. Гэхдээ ямар шалтгаанаас болооод, ямар шалгуураар энэ зэрэглэл ахисан бэ гэдэг нь чухал.

-Тэгвэл ямар ямар шалтгаанаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиул-сан юм бэ?

-Олон шалтгааныг тайландаа дэлгэрэнгүй дурдсан байна лээ. Үүнээс би хэдэн зүйлийг онцлон хэлье. Юуны өмнө Монгол Улсын Засгийн газар өрийн удирдлагын менежмент, стратегиэ сайн барьж ирсэн. Үүний үр дүнд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дарамт эрс буурсан байна гэдгийг дурдсан байна лээ.

Хоёрдугаарт, улс төрийн тогтвортой байдал болон өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнг тодорхой тэмдэглэсэн байсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн хамтарсан Засгийн газар цаашид тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулах боломжтой байна гэдгийг тайландаа тодорхой тусган өгсөн байсан гэсэн үг. Гуравдугаарт, санхүү төсвийн өсөлтөө уул уурхайн салбарын өсөлттэй их сайн уялдуулж өгснийг танилцуулсан. Мөн хамгийн чухал нь Монгол Улсын гадаад валютын улсын нөөц тогтвортой нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлагнасан.

-Өнгөрсөн наймдугаар сард болсон ээлжит бус чуулганаар Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн өөрчлөлт зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл байсныг хэлж байна. Яг ямар өөрчлөлт эерэг хүчин зүйл болсон юм бэ?

-Ээлжит бус чуулганаар Засгийн газраас Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулсан. Ингэхдээ Төсвийн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулсныг санаж байгаа байх. Тодорхой хэлбэл, төсвийн суурь тэнцэл цаашид тогтмол хоёр хувийн ашигтай байх ёстой. Энэ хоёр хувийнхаа сангаараа Засгийн газар үндсэн өрөө жил бүр тогтмол төлж явна гэдгийг хуульчилсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарт Монгол Улсын Засгийн газрын өр цаашид тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэнийг тодорхой харуулсан. Үүгээрээ бид гадаадын хөрөнгө оруулагч нарт эерэг мессэжийг өгсөн гэсэн үг.

-Тэгвэл зээлжих зэрэглэл буурснаараа манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурах, эдийн засаг агших эрсдэлтэй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Манай улсын хувьд анх Чингис бонд авсан тэр үеэс эхлээд зээлжих зэрэглэлээ тогтоолгож ирсэн байдаг. Энэ хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл ахих гэхээс илүү буурч ирсэн. Хамгийн өндөртөө 2011 онд Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнөөдрийн энэхүү түвшинд хүргэж байсан ч дахиад буурсан. Түүнээс хойш 13 жилийн дараа дахин тэрхүү өндөр үнэлгээгээ бид авч байна. Сүүлийн зургаан жилийн турш олон улсад амаргүй нөхцөл байдал бий болж ирсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос, Украины дайны асуудал, дэлхийн эдийн засгийн бууралт гээд. Энэ хугацаанд дээрх гурван агентлагаас Монгол Улсын Засгийн газарт танай зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй байна шүү гэдгийг байнга анхааруулж ирсэн байдаг. Гэвч бид санхүүгийн сахилга бат, өрийн удирдлагын стратегиэ амжилттай хамгаалж ирсэн. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай хүндхэн арга хэмжээнүүдийн үр дүнд дээрх гурван агентлаг бидэнд итгэл үзүүлж Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгаж ирсэн. Улмаар өнөөдөр энэ зэрэглэлээ ахиулснаа зарлаж байгаа нь бидний хувьд сайн мэдээ юм. Нөгөөтэйгүүр 10 гаруй жилийн өмнө бидэнд өгч байсан үнэлгээгээ бид өнөөдөр дахин авч байна. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна гэхээр бид нэг л алдвал бидний хөгжил арван жилээр хойшилдгийг тодорхой мэдэх хэрэгтэй. Энэ бол маш том сургамж. Тиймээс бид цаашид зээлжих зэрэглэл дээрээ огт алдаа гаргаж болохгүй.

-Засгийн газрын зээлжих зэрэглэл ямар байхаас шалтгаалж, хувийн хэвшлийн зээлжих зэрэглэл тодорхойлогдоно гэж ойлгож болох уу?

-Шууд утгаараа бол тийм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зээлжих зэрэглэл гэдэг бол тухайн улсын зээлжих зэрэглэлийн тааз нь болж явдаг гэсэн үг. Тухайлбал, Засгийн газрынхаа зээлжих зэрэглэлээс давсан үнэлгээг хувийн хэвшил нь авах ямар ч боломжгүй гэж ойлгож болно. Тэгэхээр Засгийн газар зээлжих зэрэглэлээ өндөр болгох нь тэр чинээгээрээ хувийн хэвшлийн санхүүгийн тааз өндөр болж байна гэсэн үг. Өчигдөр Фитч агентлагаас Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулснаа мэдэгдсэн. Тэгвэл тэр даруй манай улсын зарим томоохон хувийн хэвшлийн зэрэглэл мөн адил ахисан байна лээ. Үүгээрээ юу хэлэх вэ гэхээр манай улсын хувийн хэвшил гаднаас санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт татах боломж нь эрс нэмэгдэж байна гэсэн үг. Цаашлаад иргэдийн хувьд ямар нэгэн зээл авахад зээлийн хүү нь буурах нөхцөл үүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өмнө гаргасан алдаагаа давтаж болохгүй гэдгийг та хэллээ. Хэрэв давтаад алдаа гаргавал дахиад зээлжих зэрэглэл буурах нь байна шүү дээ. Хэрэв буурчихвал үүнийг ахиулах гэж олон жилийн хугацаа санхүүгийн хатуу дэглэм барих шаардлагатай болох нь байна, тийм үү?

-Яг зөв. Бид дахиад зээлжих зэрэглэл дээр алдаж огт болохгүй. Энэ бол улс орны эдийн засагт, тэр дундаа хувийн хэвшилд маш сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг бид мэдэрлээ шүү дээ. Тэгэхээр өмнө гаргасан алдаа юу байв. Юун түрүүнд богино хугацаатай, өндөр хүүтэй бонд болон бондын ашиглалт дээр гарсан алдаагаа бид дахин давтаж болохгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. Ер нь арилжааны зориулалттай бонд дахиж гаргах шаардлага огт байхгүй. Эсрэгээрээ урт хугацаатай, хүү багатай, хөгжлийн зээлүүдийг авч болно.

Гэхдээ тэрхүү зээлийн зориулалт нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой байх шаардлагатай. Мөн төлбөрийн тэнцэл, төсөв мөнгө дээрээ сөрөг дарамтгүй байх хэрэгтэй. Ерөөсөө ийм хэдэн чухал шаардлага, зарчимыг бид барьсан учраас харьцангуй богино хугацаанд зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа гэж ойлгох хэрэгтэй. Цаашид гаргасан алдаагаа давтах ёсгүй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *