Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол малчин дуусах вий дээ … DNN.mn

Монголын хөдөө залуу малчингүй болох зам дээрээ гарчихлаа. Булган аймгийн нэг сумын, нэр бүхий багийн хамгийн залуу малчин нь 28 настай ганцхан гэр бүл байна. Булган аймаг бол харьцангуй нийслэлд ойрхон, дэд бүтэц сайтай, Эрдэнэт, Заамар гээд үйлдвэрлэл, уул уурхайн бүс нутаг. Төв газартаа ойрхон аймаг ийм байхад алс хязгаар аймгуудад залуус ер нь юу болж байгаа бол. 2022 оны шилжилт хөдөлгөөнөөр 72 мянган иргэн нийслэл рүү ирсэн тоо гарсан. Ихэнх нь залуус гэдэг үзүүлэлттэй. Тэд бүгдээр орон нутгийн залуус, тэр дундаа лавтай 50 хувь нь малчдын хүүхдүүд байна.

“Монгол малчин надаар дуусах вий” гэсэн өвгөн ахын минь үг ихийг хэлж байна. Хөдөөний залуус хот хүрээ рүү сургууль, зарим нь гадаадад ажиллах хүчээр яваад буцаж ирэхгүй байна. Ядаж энэ өвөл, хавар маш хатуу боллоо. Мал маш их хорогдлоо. Энэ бол хөдөөд эдийн засгийн том сүйрэл. Амьдрах аргагүй боллоо гэсэн үг. Уулын мухарт өлсөөд үхэлтэй биш, хот хүрээ бараадаж, ядаж барилга дээр туслах ажилтан ч болтугай хийгээд амьдрахыг зорино. Үлдсэн цөөн малаа приус болгоод хотод ирж халтуураар амьжиргаагаа залгуулна. Энэ бүхэн хөдөөнөөс хот руу их нүүдэл болно. Хөдөө эзгүйрч, малчин монголчууд дуусах шалтгаан болно. Мэдээж тодорхой хугацааны дараа “Нүүдэлчин ахуй” устана. Шулуухан хэлэхэд, ийм л ирээдүй Монголын хөдөөг хүлээж байна. Үүнд малчдыг, малчин болох ёстой залуусыг өчүүхэн ч буруутгаж болохгүй. Яагаад гэвэл тэд ардчилсан нийгэмд бусдын адилаар хүн шиг амьдрах эрхтэй. Монголын хаана сайхан, таатай амьдарч болох боломж байна тэр газар шилжин амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй.

Тэгэхээр Монголын хөдөөд орчин үетэй хөл нийлүүлэн, хот суурингийнхан шиг таатай, ашиг орлоготой амьдрах боломжийг Төр засгийн бодлогоор шийдэх ёстой. Ердөө эхний алхам энэ. Үүний төлөө юу хийх ёстой юм. Яагаад залуучууд хөдөө тогтохгүй байгаа юм. Онош нь тодорхой шүү. Архангай аймгийн Их тамир сумын малчны ярианаас харахад “Улсын сайн малчин” болсон тэдний жилийн орлого 30 сая төгрөг. Цэвэр ашиг нь бол үүнээс бага тусна. ХАА-н бүтээгдэхүүний үнэ ханш ийм хөгийн байгаа. Ийм эдийн засгийн эргэлттэй аж ахуйг цаашид хэн эрхлэх юм бэ. Жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч өсгөсөн малаасаа иймхэн орлого олж амьдарна гэдэг бол өнөөдөр махаа зулгаасан үйл явц. Эрүүл мэнд, сэтгэл санааны маш их ачааллын ард ХАА-н үйлдвэрлэл явагддаг. Хот сууринд бол байдаг л нэг дэлгүүрийн орлого. Хот-хөдөөгийн хөдөлмөрийн орчин, нерв бол газар тэнгэр шиг ялгаатай. Ийм хөгийн зах зээлтэй, байгаль цаг агаарын хатуу ширүүнээс өнөөдрийн залуу үе шууд зугтаана.

Бодит нөхцөл байдал судалгаагаар бол бүр хачин харагдаж байгаа юм. Монголын хөдөөд малчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, залуу малчдын дунд эрэгтэйчүүд давамгайлаад удаж байна. Малчин гэр бүлүүд охидоо багаас нь эрдэм номын мөр хөөлгөж, хөвгүүдээ малын зах бараадуулдаг хүйсийн ялгавартай хэвшмэл хандлага нь яван явсаар өнөөдрийн сөрөг үр дагаварт хүргэсэн. Огт гэрлээгүй 18-34 насны малчдын 87 хувь нь эрэгтэй байна. Залуу малчдын хүйсийн энэхүү тэнцвэргүй байдал 2000 оноос хойш эрчимтэй нэмэгджээ. Албан ёсны баримтыг ОУ-ын байгууллагаас хийсэн “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендерийн дүн шинжилгээ” судалгаанаас харж болно. Охид нь багаасаа сургууль соёлын мөр хөөж, боломжийн түвшинд боловсрол эзэмшиж байгаа учраас эргээд малчин залуустайгаа гэр бүл болох нь ховор. Хөвгүүд нь тэр хэрээр боловсролын түвшин доогуур байх тул гэрлэж чаддаггүй. Ийм л бодит зовлон үргэлжилж байна. Статистикаас харахад 2000 онд 18-34 насны залуу малчид нийт малчны 56 хувийг эзэлж байсан бол одоо 27 хувь болж, хоёр дахин буурчээ.

2022 онд улсын хэмжээнд 17.5 мянган хос гэрлэлтээ шинээр бүртгүүлсний 77 хувь нь Улаанбаатар хотод, 23 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тогтмол буурчээ. Албан ёсны судалгааны дүнгүүдийг хараад байвал Монголын хөдөөд малчин залуусын арми устах нь тодорхой болжээ. Энэ бүгдийг шийдэх эхлэл нь залууст таатай орчин бүрдүүлэх юм. Хөдөөд цахилгаан, дулааны асуудлаа бүрэн шийдвэрлэж, засмал зам тавьж, сургуулийн дотуур байр, спорт цогцолбор босгож, нийтийн тохилог орон сууц ашиглалтад оруулахаас наад зах нь эхлэх ёстой. Элон Маскийн бүтээсэн технологи бүрийг Монголын хөдөөд нэвт шувт нэвтрүүлэх ёстой. Эдгээрийг хөдөөд цаг минутаар хөгжүүлж, тийм орон зайд малчин залуусыг оруулж, живүүлж чадвал хэн энэхүү утаатай, тоостой, түгжрэлтэй хотод шигдэхийг хүсэх вэ. Хоол хүнснээс эхлээд гудамж талбайд хүртэл эрүүл, аюулгүй явах баталгаагүй, ямар ч стандартгүй Улаанбаатарт хэн дурлах юм бэ. Гэвч хөдөөний малчин залууст хотын соёл нь, хэв маяг нь, орчин үелэг байдал нь таалагдаж байна шүү дээ. Ядаж нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан охид бүсгүйчүүд нь хүртэл энэхүү утаатай, түгжрэлтэй хотод тэднийг уяад байна. Ийм сайхнаас холдож чадахгүй байгаа нь тэдний зөв. Эдгээр сэтгэл татсан бүгдийг нь тэр хөдөөд нь бий болгохыг төр засаг хийх хэрэгтэй.

Монголын хөдөөд, малчны хотонд залуусын амьдрал өнөөдрийнх шиг бүрхэг хэвээр цааш үргэлжилбэл “Хөдөөд яаж залуу малчидтай болох вэ” гэсэн том асуудал Монголд тулгарна. Дэлхийд ганц үлдсэн гэх нүүдэлчин ахуй соёлыг авран хамгаалах том шахалт олон улсаас Монголд ирнэ. Манай улсад 2022 оны байдлаар нийт хүн амын 19.9 хувь буюу 677.5 мянган хүн малчин өрхөд амьдарч байгаа юм билээ. Энэ дундаа 305.1 мянга нь малчид. Улсын хэмжээнд ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн тоо бий. Нийт малчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй. Энэхүү тоон үзүүлэлт удахгүй устаж үгүй болох нь.

Энэ бүх асуудлын шийдэл нь нэг талаас тийм ч хэцүү биш байгаа шүү дээ. Говь-Алтай аймгийн малчин залуус эхнэртэй, ханьтай болох санаачилга өрнүүлж, аймгийн удирдлагын зүгээс дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн нь үнэхээр амьдралтай, сайшаалтай. Тэдний санаачилгаар Алтай хот болон “Дөргөн нуур” жуулчны баазад 2022 оны наймдугаар сард гэр бүл төлөвлөөгүй залуучуудыг хооронд нь уулзуулах, танилцуулах зорилготой “Алтайн залуус-2022” арга хэмжээг зохион байгуулсан. Тухайн үедээ хүмүүс “Гоонь эрчүүдийн уулзалт болох гэнэ” хэмээн доёолж байлаа. Гэвч энэ арга хэмжээ үр дүнгээ өгч, уулзалтад оролцсон залуусын бараг тэн хагас нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдэгдсэн. Үр дүнтэй ажил гэж энийг хэлнэ. Шийдвэр гаргагчдын зүгээс аливаад амьдралтай хандахын бодит жишээ бол энэ.

Б.Нямаа

 

One reply on “Монгол малчин дуусах вий дээ … DNN.mn”

odoo tsagiin zaluus aimaar zalhuu t1 tarhnii turaaltai boltsiin orchin tsagiin malchin hun chini tuviin humuusees 100% iluu saihan amidarch bna utaa toos tuiren oocher daraalal tugjrel tog tsahilgaan us dulaan tasrah gej baihgui jinhen eko orchind duraaraa saihan amirah ni yu ni tiim muuhai bnaa malaasaaj suu tsagaan ideegee borluulna gej barag baihgui baigaa ni uchirgui unetei otor nuudel hiihgui uvs tejeel buuts horoo baihgui nuugeed yvj baigaa negnee huunu tuuna maliig ni eldene hudag usaa tsoojilno haramlana yostoi usan t1 pizdaakuuddaa mani met ni zaluuhan bol shuud l mal deer garaad stressgui saihan amidarmaar l bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *