Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт-шийдлийн зураглал, суурь концепци DNN.mn

Шинжлэх ухаан,  судалгаанд суурилсан бүсчилсэн хөгжүүлэх, хөгжлийн орон зайн төлөв­лөлт, шийдлийн тухай нийтлэл.

Монгол Улсын Засгийн газраас  2024  оны “Бүсчилсэн хөгж­­лийг дэмжих жил” бол­гон  зарлаж, УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар шинэчилсэн  Бүсчилсэн  хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, хэлэлцэж эхлэх төлөвтэй байна.

Энэхүү нийтлэлээр дэв­шүүлж буй “Монгол Улсын нийгэм, эдийн зас­гийн хөгж­лийн орон зайн төлөв­лөлт-шийд­лийн зураглал, суурь кон­цепци”-ийг Боловсрол Шинж­лэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан­гийн захиалга, сан­хүү­жилтээр Шинжлэх Ухааны Академийн Газар­зүй, геоэкологийн хүрээ­лэнд өнгөрсөн таван  жилийн хуга­цаанд хэрэгжүүлсэн суурь судалгаа, гадаадтай хамтарсан, улсын захиалгат төслүүдийн үр дүнд тулгуур­лан дэвшүүлсэн болно. Дэвшүүлж буй хөгжлийн орон зайн төлөвлөлт нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бод­лого, Шинэ сэргэлтийн бод­логод туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлийг тодор­хойлж, оновчтой гарц шийд­лийг санал болгох замаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үндэслэл: Яагаад хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа нэмэгдэв?

Хүний хөгжлийн үндсэн үзэл санаа нь хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, инноваци, технологи, эдийн засаг, дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, улс төрийн гэх мэт сонголтуудыг өргөжүүлэх үйл явц бөгөөд төр засаг ард иргэдэд өөрийн хүсэл эрмэлзэл, чадамждаа тохирсон сонголт хийх өргөн боломжуудаар хангах явдал юм. Хэн ч гэсэн өргөн сонголт-боломж бүхий таатай нутаг дэвсгэр, орон зайд амьдрахыг хүснэ. Энэ агуулгыг Монгол орны нутаг дэвсгэр, орон зайн хувьд авч үзвэл иргэдийг өргөн боломжоор хангаж чадах ганцхан сонголт байна, тэр нь Улаанбаатар хот. Нөгөө талд хөдөө, орон нутгийн хөгжил орхигдож, хот, хөдөөгийн ялгаатай байдал нэмэгдсэн. Үүнийг судлагдахуун талаас нь Үндэсний хэмжээнд нутаг дэвсгэрийн хөгжлийн орон зайн зохион байгуулалтын оновчтой бүтэц алдагдаж, улмаар нутаг дэвсгэрийн “нийгмийн хөгжил”-ийн ялгаа эрс, тэс болсон гэж тодорхойлж байна.

Нийгэм цаг үеэ дагаад хөгжсөн орон зайг хүсэмжилж байдаг. Нийгмийн хөгжлийн “нутаг дэвсгэр”-ийн ялгааг багасгах төлөвлөлтийн нэг арга хэрэгсэл бол бүсчлэн хөгжүүлэх буюу эдийн засгийн газарзүйн дотоод ялгарлыг бий болгох замаар орон зайн нийтлэг бус буюу ялгаатай бодлого явуулахад оршдог.  Нөгөө талаас хязгаарлагдмал эдийн засгийн нөөцөөр бүх аймаг, сумыг ижил, нийтлэг бодлогоор хөгжүүлэх боломжгүйг өнгөрсөн 30 жил харууллаа. Өөрөөр хэлбэл, орон зайн ялгаатай бодлогын үр  нөлөөгөөр эдийн засгийн газарзүйн дотоод ялгарлыг нөхцөл­дүүлж, улмаар нутаг дэвсгэрийн нийгмийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг бий болгодог.

Аливаа тулгамдсан асуудал нь шалтгаан-үр дагаврын холбоосоор нөхцөлддөг. Улаанбаатар хотын түгжрэл нь үр дагавар бол түүний шалтгаан нь “төвлөрөл”, төвлөрөл нь үр дагавар гэвэл түүний шалтгаан нь “хөдөөгийн хөгжил”-ийн асуудал юм. Орон нутгийн хот болон хөдөө нутаг хөгжихгүй байгаагийн шалтгаан нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс хөгжлийн орон зайн төлөвлөлт, бодлогогүй явж ирсний үр дагавар юм.

Өнөөгийн нөхцөл. Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 47 орчим хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт их сургуулийн 90 хувь, аж ахуй нэгж, байгууллагуудын 76 хувь, нийт авто машины 84 хувь нь төвлөрч, ДНБ-ний 65 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, түгжрэлийн шалтгаан нь өнгөрсөн 30 жилд өнөөгийн Улаанбаатар хотын хүн амын 45% (728.3 мян.хүн) нь хөдөө, орон нутгаас шилжин ирсэн бөгөөд энэ нь найман аймгийн хүн амтай тэнцэнэ. Улаанбаатар хот хүн амын шилжилт хөдөлгөөний нэг том “татах хүч” бөгөөд үүнд Улаанбаатар хотын үзүүлж буй дээд боловсрол, эрүүл мэнд, соёл, инноваци, технологи, дэд бүтэц, ажлын байр, зах зээл, эдийн засгийн таатай орчин, нөхцөл багтана. Харин хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөний нэг том “түлхэх хүч” бол ган, зуд, уур амьсгалын өөрчлөлт болон дээр дурдсан боломж, сонголтын хомс байдал юм. Өөрөөр хэлбэл, “хот” бол нийгэм, соёлын үйлчилгээ, эдийн засгийн хувьд нэг том “оролцон тоглогч” юм. Жишээлбэл, хөдөө орон нутгийн хаа нэгтэйгээс ЕБС төгсөж буй сурагч дотооддоо өрсөлдөхүйц боловсрол эзэмшье, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр, бизнес эрхэлье, эрүүл мэндийн төрөлжсөн, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авъя гэвэл энэ үйлчилгээг Улаанбаатархот л өгч чадаж байна. Улаанбаатар хотод амьдарч буй 10 хүн тутмын нэг нь оюутан. Харин бүс, орон нутгийн түвшинд бусад аль ч хот өнөөгийн Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц үйлчилгээг иргэдэд өгч чадахгүй байна. Хувь иргэний хувьд тухайн хот миний хүсэж буй ямар үйлчилгээг өгч чадах вэ гэдэг нь л чухал юм.

Бид (Монгол Улс) бодлогын сонголт дээр байна. Тэр нь юу вэ?

Өнөөгийн Улаанбаатар хотын төвлөрлийг хүн амын төвлөрөл гэхээс илүүтэй нийгэм, соёл, үйлчилгээ, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл болсон гэж тодорхойлж байна. Иймд, УБ хотын хүн амын төвлөрлийг задалъя гэвэл хүн амыг хөдөө, орон нутаг руу шилжин суурьших үйл явцыг дэмжих бус, харин тэргүүн ээлжид газарзүйн байршлын хувьд хаана, аль бүс нутаг, хотод ямар нийгэм, соёл, эдийн засаг, дэд бүтцийг оновчтой байршуулах явдал нэн чухал болоод байна. Бүс, орон нут­гийн түвшинд Улаанбаатар хотын ачааллыг хуваал­цах хот хэрэгтэй байна.

2045 он  хүртэлх хүн амын хэтийн тооцоо­гоор Монгол Улсын хүн ам өөдрөг хувилбараар 5.01 сая болж өсөх хандлагатай. Энэхүү хүн амын хэтийн тооцоог Улаанбаатар хот, 21 аймгийн төв хот, тосгон болон хөдөө нутаг гэсэн суурьшлын гурван хэлбэрээр авч үзвэл, Улаанбаатар хотын хүн ам 2025 онд 53.6 хувь, 2045 онд 57.3 хувь болж өсөх хандлагатай байна. Энэ нь хүсэж боломгүй ирээдүй юм. Монгол Улс 2045 он хүртэл гра­фик дээр харуулсан улаан шугамыг дага­сан төлөвлөлт хийх үү? эсвэл бүс, орон нутгийн түвшинд хүн амыг тогтвортой хадгалж, орон зайн хувьд тэнцвэртэй хөгжлийг хангах зохицуулсан, удирдсан төлөвлөлт хийх үү? гэсэн бодлогын сонголт дээр байна. Хэрэв улаан шугамыг дагасан төлөвлөлт хийе гэвэл Улаанбаатар хотын цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн хүртээмж, үйлчилгээг нэмэгдүүлж болно. Энэ нь буруу явж буй процессыг дагасан амар шийдэл болно. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор зохицуулалт хийсэн ч түгжрэх магадлалтай. Нөгөө та­лаас том зураглалаар Үндэсний хэмжээнд асуудлуудыг шийдэхгүй юм. Харин, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн ялгааг багасгах эдийн засгийн газарзүйн ялгаатай бодлого хэрэгжүүлэх замаар зохицуулсан, удирдсан төлөвлөлт хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын хүн амын тоог ядаж өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, улмаар бүс, орон нутгийн түвшинд хүн ам шилжин суурьших нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй.

Төлөвлөлтийн ямар гарц, шийдэл байна вэ?

Асуудлын шийдлийг зөвхөн УБ хотын төвлөрөл, түгжрэлийг шийдэх хүрээгээр бус Үндэсний хөгжлийн болон Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс том зураглалаар авч үзэх нь чухал байна. Монгол Улсын Үндэс­ний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүй байдал гэдэг нь “Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих” тухай ойлголт юм. Бид өнөөдөр нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийн хувьд эдийн засгийн бие даасан байдлаа хангаж байна уу?  хэмээн асуувал судлаачийн хувьд “үгүй” гэж хариулна.

Нөгөө талаас, бид (Монгол Улс) 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газ­рын дэмжлэгтэйгээр ЭЗХЯ-аас зохион бай­гуу­лан “Монгол Улсын Үндэсний сайн дурын хоёр­дугаар илтгэл 2023: Тогтвортой хөгж­лийн зорилгын хэрэгжилт” илтгэлийг боловс­руулж, АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад танилцуулсан. Уг илтгэлээр “Бүс, орон нутгийн хөгжил”-ийн асуудал нь ТХЗ-н хэрэгжилтийг хангахад “хязгаарлагч хүчин зүйл” болж байгааг онцлон авч үзэж, бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн зарим гарц, шийдлийг тодорхойлж, дүгнэлт өгсөн.

Ингээд, өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хү­рээлэнд хийсэн судалгаанд тулгуур­лан дараах хөгжлийн орон зайн төлөвлөлтийн шийд­лийг дэвшүүлж байна (газрын зургаас харна уу). Үүнд;

1.Хотын зэрэглэл, статус, хөгжилд гүйцэтгэх чиг үүргийг нэн тэргүүнд шийдвэрлэх. Өнөөгийн 21 аймгийн төвийг “хот” гэж ярьж, ойлгодог хэдий ч, үнэндээ “сум” гэсэн эрхзүйн статустай. Тодруулбал, Дархан-Уул аймгийн төв Дархан хот нь “Дархан сум”, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хот нь “Жаргалант сум” гэсэн эрхзүйн статустай. Эрхзүйн зохицуулалтын хувьд эдгээр хотууд нь сум гэсэн эрхзүйн статустай байгаа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сум гэсэн агуулгаар төлөвлөж, Төсвийн тухай хуулиар хөдөөгийн сумдтай ижил агуулгаар төсөвлөж байна. Ийм эрхзүйн орчинд орон нутгийн хотууд нийгмийн хэрэгцээг хангаж, хөгжих боломжгүй юм. Манай улсын нийт хүн амын 69% нь аль хэдийнээ хот, суурин газарт суурьшсан байна. Хотууд нь Үндэсний болоод бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох үүрэг бүхий орол­цогч бөгөөд энэ агуулгаар төлөв­лөж, тө­сөв­лөх шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн хуга­цаанд хөгжлийн бодлого, төлөв­лөлт, төсөвлөлт хийхэд хотуудын гүй­цэтгэх үүргийг орхигдуулж ирсэн. Иймд, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бо­лон 2020 оны Нэгжийн хуулийг хэрэгжүүлж, Монгол орны хотуудад Улсын болон орон нутгийн зэрэглэл, статусыг олгож, тэдгээрийн бүс, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх эдийн засаг, нийгмийн үүргийг эрхзүй, эдийн засаг, удирдлагын бүтэц зохион байгуулалтын хувьд нийгмийн эрэлт, хэрэгцээг хангах чиглэлд тодорхой болгох шаардлагатай.

Санал болгож буй Монгол Улсын “Хотын зэрэглэл, статус, чиг үүрэг”-ийн тогтолцоо

 

Хотын зэрэглэл Хотын эрэмбэ, статус Бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх чиг үүрэг, чиглэл
Улсын зэрэглэлтэй хот I Хөгжлийн стратегийн төв хот Бүсийн эдийн засаг, аж үйлдвэр, аялал жуулчлалын кластер төв, соёл, дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновац, эрүүл мэндийн  төрөлжсөн үйлчилгээ, тээвэр-логистик, үйлчилгээний олон үүрэгтэй хот (бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үүрэг бүхий зангилаа хот)
II Хөгжлийн төв хот Засаг захиргаа, аж үйлдвэр, үйлчилгээний үүрэгтэй хот
Орон нутгийн  зэрэглэлтэй хот III Орон нутгийн хөгжлийн төв хот Засаг захиргаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үүрэгтэй хот
IV Орон нутгийн хот Засаг захиргаа, үйлчилгээний үүрэгтэй хот

Хөгжилд хотын гүйцэтгэх үүрэг, нийгмийн эрэлт, хэрэгцээг хангаж, дээрх “Хотын зэрэг­лэл, статус, чиг үүрэг”-ийн тогтолцоог Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай байна. Бид таван бүлгийн 18 шалгуур үзүүлэлтээр 26 хотыг судлаад газарзүйн байршлын хувьд аль хотод ямар түвшний зэрэглэл, статус, чиг үүргийг олгох саналыг дээрх газрын зурагт харууллаа. Тодруулбал, Дархан, Чойбалсан, Ховд, Улиастай, Даланзадгад гэсэн таван хотод Улсын зэрэглэлтэй Хөгжлийн стратегийн төв хотын статусыг олгох саналыг дэвшүүлж байна. Эдгээр таван хот нь бүсийн түвшинд эдийн засаг-дэд бүтцийн газарзүйн кластер хол­болтыг нөхцөлдүүлж, улмаар уг хотууд дээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжил зангидагдана.

2.Тээврийн дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэгийг нэн тэргүүнд шийдвэрлэх. Дэлхийн улс орнууд нь өөрийн газарзүйн байршил, түүний  хэлбэр, нийгэм, эдийн засгийн онцлогоос хамаарч тээврийн сүл­жээний ямар онолын хандлага загвараар хөгжихөө тодорхойлдог. Монгол орны хувьд Төв-Азиас Зүүнхойд Ази хүртэл сунаж тогт­сон, ОХУ, БНХАУ-тай бүхэлдээ хиллэдэг. Энэ агуулгаар бид тэнхлэгт суурилсан үзэл баримт­лалаар хөгжлийн орон зайн төлөв­лөлтөө хийх зүйн хэрэг юм. Гэтэл, өнөөдөр бид Улаанбаатар хотыг нарны цацраг мэт 21 аймгийн төвтэй авто замаар холбосон нь аяндаа процессын дүнд төвлөрүүлэх хандлагыг нөхцөлдүүлж байна. Тэнхлэг гэдэг нь хотын хоорондын зам, эсвэл уул уурхай нүүрс тээвэр зэрэг тусгай зориулалтын авто замын тухай ойлголт биш бөгөөд харин бүс, орон нутгийн түвшинд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бүсийн түвшинд импортыг орлож, экспортын баримжаатай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ГШХО болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн тэнхлэг дээр оршиж буй хот, суурин газрын хүн амын тогт­вортой суурьшлыг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах үндсэн агуулга, ач холбогдолтой юм.

Бид, Үндэсний хэмжээнд тээврийн дэд бүт­цийн тэнхлэг болгон хөгжүүлж болохуйц босоо 11, хэвтээ зургаан хувилбаруудыг сонгон авч, есөн бүлгийн 19 шалгуур үзүүлэлтийг ашиг­­лан үнэлгээ хийсний үндсэн дээр ОХУ-ын Сибирийн бүс нутаг болон БНХАУ-ын гол тээврийн коридор, хотуудын газарзүйн байр­шилтай уялдуулан босоо 4 тэнхлэг, түүний дэд гурван тэнхлэг, хэвтээ нэг, түүний дэд нэг тэнхлэгийг тодорхойлон дэвшүүлж байна.

  1. Эдийн засгийн газарзүйн хол­болтуудыг нөхцөлдүүлэх. Дэвшүүлж буй Улсын зэрэглэлтэй Хөгжлийн стратегийн төв хотууд, тээврийн дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэг нь бүсийн түвшинд аж үйлдвэр, аялал жуулчлал, зам, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ, хилийн боомт, чөлөөт бүс, ОУ-ын чанартай агаарын боомт, нислэгийн чиг­лэл, 4С онгоцны буудал зэрэг хүчин зүйлсийн газарзүйн оновчтой байрлалуудыг тодорхойлох суурь нөхцөл бөгөөд эдгээрийн төлөвлөлтийн шийдлийг газрын зурагт харууллаа. Бүсийн хөгжилд үүрэг бүхий эдгээр хүчин зүйлс нь өөр хоорондоо харилцан бие биеэ тэтгэн холбогдож, улмаар бүс, орон нутгийн түвшинд эдийн засаг-дэд бүтцийн газарзүйн кластер холболтуудыг нөх­цөлдүүлнэ. Энэ нь бүс, орон нутгийн ний­гэм, эдийн засаг, дэд бүтцийн “татах хүч” болно.
  2. Газарзүйн бүртгэлд суурилсан хөрөн­гө оруулалт, татвар, хөнгөлөлт зэрэг эдийн засгийн механизмыг бүрдүүлэх. Төр засаг иргэдэд таатай сонголт-боломжийг өгөх ёстой. Татвар, өртөг өндөр хотууд байж болно. Гэхдээ, төвлөрөл, түгжрэлийг шийдвэрлэх зорил­гоор Улаанбаатар хотод татвар нэмэх, захир­гааны арга хэрэгслийг хуулиар зохицуулж бай­гаа бол нөгөө тал эрхзүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Иргэд, хөрөнгө оруулагчид хаана ямар хө­рөнгө оруулалт хийвэл үр ашигтай, мөн аль хотод шилжин суурьшвал давуу талтай байх нь хөгжлийн орон зайн төлөвлөлтийн хувьд тодорхой байх ёстой. Газрын зурагт харуулсан төлөвлөлтийн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд эрхзүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, урамшууллын арга хэрэгсэл, зөөлөн бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Иймд, Хөгжлийн орон зайн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн газарзүйн бүртгэлд суурилан татвар бага, хөрөнгө оруулалтын урамшуулал, хөнгөлөлттэй хот, бүс нутгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй зарлах, улмаар бүсийн түвшинд бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийг зөвлөж байна.

Энэхүү санал болгож буй арга хэрэгслийг нь хөгжлийн орон зайн төлөвлөлтийн суурь үзэл санаа бүхий “үр ашигтай, өндөр бүтээмж” бүхий зангилаа Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв таван хот, түүний нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүсэд нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг зөвлөж байна (газрын зургаас харна уу). Өөрөөр хэлбэл, шилжин суурьшигч, хөрөнгө оруулагч нь тухайн хотод компани, татварын бүртгэлээ хийлгэж, ажлын байраа нээж, тэндээ тогтвор­той суурьшиж, тухайн хот болон түүний нөлөөл­лийн бүсэд бизнесээ эрхэлбэл татвар, хөнгөлөлт, урамшуулал авдаг байх эрхзүйн таатай орчин, эдийн засгийн механизмыг бүрдүүлэх нь чухал юм.

Эцэст нь, Улс орнууд нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалтын ямар суурь бүтэц, зураглал дээр хөгжлийн төлөвлөлт хийх бэ? гэдгийг нэн тэргүүнд тодорхойлдог. Шинжлэх ухаан суурилсан төлөвлөлтийн ший­дэл нэн чухал болохыг онцлон тэмдэглэж бай­на. Эдийн засаг, дэд бүтцийн таатай орчин бүрдсэн орон зайд хүн ам, нийгмийн хөгжил явагддаг…

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар М.Алтанбагана (Ph.D),

дэд профессор, Ц.Отгонхүү, Г.Урантамир, П.Цэенханд, А.Нандин-Эрдэнэ

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *