Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өргөмжлөлийн шинэ хэв маяг DNN.mn

Өдийд хүн бүр энэ жил юу хийж бүтээснээ дүгнэж, 2024 онд амжилтаа хэрхэн ахиулахаа төлөвлөж байгаа. Албан байгууллагууд оны шилдгүүдээ тодруулж, ажилтнууддаа урам өгч, итгэлийн галыг нь асаадаг халуун дулаан өдрүүд үргэлжилж байна. Энэ бол шинэ жилийн уур амьсгалыг утгаар нь мэдрүүлдэг тогтсон соёл. Тэгвэл сүүлийн үед зарим бизнесийн байгууллагууд хүнийг ажил мэргэжлээр нь хооронд нь өрсөлдүүлдэг энэ хандлагаас зайлсхийх болжээ. Аль социализмын үеэс уламжлагдаж ирсэн “Шилдгийн шилдэг” гэдэг өргөмжлөл орчин цагт ажилтан, албан хаагчдын уур амьсгалд шууд сөргөөр нөлөөлж байгааг сэтгэл судлаачид хүртэл хэлэх юм билээ. Иймд хувь хүний зөв хандлага, дадал зэрэг хамт олондоо эергээр үлгэрлэсэн үр шимийг нь үндэслэж оны шилдэг ажилтнаар өргөмжилдөг хэв маяг бий болжээ. Энэ нь тухайн байгууллагын уур амьсгал цаашлаад бизнесийн үйл ажиллагаанд нь сайнаар нөлөөлдөг байна.

Жишээлбэл, нэгэн танил компанийн захирал оны шилдгүүдээ “Стрессийг ялагч”, “Манайхыг сонгож ирсэнд баярлалаа”, “Бидэнтэй олон жил хамт байгаад баярлалаа” гэх мэтчилэн өргөмжилжээ. Эднийх үйлчилгээний байгууллага болохоор ажилтнуудаа тууштай ажиллуулахыг эрхэм зорилго болгодог гэж ярьж байсан. Яагаад гэвэл шинээр ажилд орсон залуус нийгмийн уур амьсгал, олон нийтийн стресс бухимдлыг давж чаддаггүй аж. Дээд тал нь нэг жил ажиллаад хаяад явчихдаг нь нийтлэг үзэгдэл бий болжээ. Хэчнээн өндөр цалин, хангамж амласан ч ажилтнуудаа тогтоон барина гэдэг бизнесийнхний хувьд өдрийн бодол, шөнийн зүүд болсон тухай хуучлав. Тэгэхээр нь арга барилаа өөрчилж, хүмүүсийнхээ хандлага, сэтгэл зүйтэй тулж ажилласан нь үр дүнд хүрсэн байна. Үүний нэг ажил нь тухайн жилийнхээ шилдгийг шалгаруулдаг дээрх өргөмжлөл гэнэ. Сүүлийн хэдэн жил хэвшсэн энэ шалгаруулалт багийн амжилтад нь шууд нэмэх оноо авчирсан байна.

Анзаараад байхад аль ч салбарт 1990 оноос хойш төрсөн залуучууд нэг байгууллагад удаан тогтож чадахаа больсон. Одоо шинэ мянганыхан ажлын байранд гараад эхэллээ. Тэд хүнээс үг сонсож үзээгүй үеийнхэн болохоор дарга удирдлагуудынхаа ганц нэг зэмлэлийг дааж чадалгүй гомдоод гүйцгээх нь элбэг. Тийм болохоор бизнесийн байгууллагууд ажлын шалгууртаа нэгэн болзол тавьжээ. Тэр нь “Стресс даах чадвартай бол том давуу тал болно” гэж. Өнөө цагт үнэхээр стрессийг ялж дийлбэл та шилдэг нь шүү.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *