Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбаяр: Төрийн дарангуйлал тогтсон учраас хүний эрх зөрчигдөж, улсын хөгжил саарч байна DNN.mn

Орос Украины дайныг эсэргүүцсэний улмаас дарамт, шахалтад орж элэг нэгт Монгол орноо зорьж ирсэн ОХУ-ын иргэн Халимаг Б.Баатарын эрхийг хамгаалж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад авч гарч чадсан Олон улсын эрхзүйч Д.Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр Ардчилсан намд Хүний эрхийн хороог гишүүдийн хамт санаачлан байгуулжээ. Тус хорооноос С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэдэг аравдугаар сарын 2-ны өдөр “Хүний эрх ба Үзэл санааны хоригдол” форумыг зохион байгуулах аж.

-Таныг Удирдлагын академид багш байхаас эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн болж компанийн засаглалыг Монголд бий болгох гэж явж байгааг мэдэхийн хувьд яагаад улс төрийн намд орж сүүлдээ хүний эрхийн хамгаалагч болсон талаар юуны өмнө тодруулж болох уу?

-Би Америкт эрсдэлийн удирдлага, компанийн засаглалаар суралцаж ирээд судалгаа хийж багшилж зөвлөж байсан. Компанийн засаглал сайн байж гэмээнэ бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэж улмаар нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулж, улс орон хөгждөг. Сайн засаглалыг компаниудад хэрэгжүүлэх гэж явахад төрийн байгууллагын дарамт шахалтаас болж авлига өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Ингэснээр компаниуд шударгаар үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрдэг. Тиймээс Монголын төрийг нийтийн засаглалыг хэрэгжүүлдэг болгохын тулд олон улсын Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) эхлээд байнга шаарддаг ч хэрэгжүүлж чаддаггүй. Шалтгаан нь төрийг сонгуулиар байгуулдаг болохоор яах аргагүй улс төрийн намын засаглалыг сайжруулах хэрэгтэй болдог.

Миний хувьд 2000 онд Ардчилсан намд элссэн ч төрийн (public governance) засаглал, улс төрийн намын засаглалыг (political gover­nance) сайжруулах зорилго өвөртлөн 2017 оноос улс төрд оролцож байна. Монголын улс төрийн намын засаглал улам л тааруу болсоор байна. Үүнийг сайжруулах санаатай Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн, Хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргын ажлыг хийж явсан.

Өнгөрсөн Цагаан сарын үед Халимаг Баатарт туслах ажлыг санаачилж Ардчилсан намынхныг баг болгож ажилласны үр дүнд бид хүний эрхийг хамгаалж чаддаг гэдгээ харуулж Монгол Улсын нэр хүндийг олон улсад аварч гарсан. Энэ талаар олон хүн хэлж талархсан.

-Та эрхзүйч хүний хувьд өнөөгийн Монголын асуудал нь улс төрийн намын засаглалын гажуудлаас болоод Төрийн засаглал болохгүй байна гэж хэллээ. Тодорхой хуулийн жишээгээр тайлбарлахгүй юу?

-Монголын улс төрийн намууд төрийн сонгуульд оролцож эрх барихыг л боддог болохоос биш бусад ардчилсан улс орнуудын улс төрийн намуудтай адил улс төрийн ажил хийдэггүй. Хийх гэхээр нэр хүнд, рейтингт нь нөлөөлөх гээд байдаг тул эрх баригч нам төрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хүч, нөлөөгөөрөө дарангуйлж сөрөг хүчнээ намнах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарладаг. Товчхондоо эрх баригчид өөрсдөө Үндсэн хууль зөрчиж, хууль хүчний байгууллагыг өөрсдийг нь хуулиа зөрчүүлж ашиглаад байгааг хүн бүр л хэлдэг болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Хүнийг эрхэлсэн ажил, үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж болохгүй, мөн 16.10-т аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө, гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэдэг боловч зөвхөн сөрөг хүчний гишүүдийг гэлтгүй, үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчийн эрхийг зөрчих нь хэвийн үзэгдэл болчихоод байна.

Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Ковидын үеэс хэлсэн, шүүмжилсэн болгоныг барих, хорих, гав зүүх үзэгдэл ердийн болж Монгол Улс дарангуйллын нийгэм рүү аажмаар орж байгааг иргэд анзаарч эрх нь зөрчигдсөн ч хүлцэнгүй болж, дийлэнх залуус харь улсад очиж амьдрахыг сонгож байна.

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан ч хэрэгжүүлэх байтугай хариуцлагаа хүлээдэггүй төрийн засаглалтай улс болчихоод удаж байна.

-Үндсэн хуулийн уг заалтад хүний эрх, эрх чөлөөг хангахуйц гэдэг нь чухал болчихоод байна. Үүнийг яаж хэрэгжүүлэх боломж байна вэ?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрхийг хангаж чаддаггүй юм гэхэд Үндсэн хуульд заасан хүний эрхийн ядаж Үндсэн эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ ч хязгаарлаж болохгүй. Энэ эрх нь бусад эрхээ эдлэх суурь нөхцөлийг хангаж байдаг хамгийн чухал заяагдмал эрх юм шүү.

Үүнийг Эрүүгийн хуулийн 13.14-т “Илт худал мэдээлэл тараах” гэж оруулсан нь эрх баригч төр засгийг шүүмжилж эсэргүүцэх, жагсах байтугай цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоор пост хийхэд хүртэл эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог.

Эрүүгийн хэрэг бол гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх ёстой байтал энэ зүйл ангиар бүрэлдэхүүнтэй болохыг нотолж чаддаггүй. Надад ч гэсэн иргэн Д.Мөнх-Эрдэнийг өмөөрч үг хэлж, шүүмжилсэний төлөө хэрэг үүсгэж байсан гэж бодоход дэлхийд байхгүй стандартыг Монголд бий болгож улмаар дарангуйллын нийгэм рүү хөтөлж байна.

Тийм учраас улстөрчийн хувьд Улс төрийн намын тухай хуулийн 14.1.3-т заасан намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Ардчилсан намын дэргэд Хүний эрхийн хороог үзэл санаа нэгт нөхөдтэйгөө санаачлан байгуулсан. Энэ хорооны үйл ажиллагаа нь улс төрийн үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалах боломж олгож байгаа юм.

Нөгөөтэйгүүр 2021 онд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг нь эрх баригч МАН 30 дугаар их хурлаас 30 мянган хүний эрхийн хамгаалагчийг бэлтгэнэ гэж сүртэй тогтоол гаргаж Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран бэлтгээд байсан. Тэр тогтоол хаана байна вэ. Өнөөдүүл нь яагаад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж хүний эрхийг хамгаалахгүй байгаа нь тодорхой. Яаж өөрийн намын байгуулсан төрийг шүүмжилж, өөрсдийгөө эсэргүүцэж чадах билээ дээ. Тиймээс л улс төрийн намын засаглалыг төрийн засаглалаас салгаж өгөхгүй бол улс төрийн ялгаварлан гадуурхалт их болж хүний эрх ноцтой зөрчигдсөөр байна.

-Танай Хүний эрхийн хороо яаж ажиллах гэж байна вэ?

-Монголын ардчилсан нийгмийг бий болгоход манлайлсан сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач, улстөрч С.Зориг агсныг жил бүр Ардчилсан намын зүгээс хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөөд тардаг байсан. Бид С.Зориг агсныг Хүний эрхийн хамгаалагч байсан учраас өнгөрсөн төрийн дарангуйллын нийгмийг өөрчилсөн гэж үздэг. Тиймээс жил бүрийн энэ өдөр Хүний эрхийн форум зохион байгуулж байхаар намын дарга тушаал гаргаж Хүний эрхийн хороог байгуулсан. Тус хороо нь улс төрийн намын засаглалыг бий болгох GRC буюу Засаглал-Эрсдэл-Комплаенс тогтолцоог Ардчилсан намд бий болгож түүчээлэх юм.

Үүнийг бий болгох гэж энэ форумыг зохион байгуулж, бусад уригдан оролцож байгаа намын нөхдөдөө уриалж, хамтдаа хүний эрхийг хамгаалдаг тогтолцоог улс төрийн нам хэрэгжүүлдэг болгохоор ажлаа эхлүүлж байна. Цаашид хийх ажлаа хийсэний дараа л яаж өөрчилж болдгоо харуулах нь чухал байх даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

One reply on “Д.Ганбаяр: Төрийн дарангуйлал тогтсон учраас хүний эрх зөрчигдөж, улсын хөгжил саарч байна DNN.mn”

коммунист арга барилтай Ардын нам хүний эрхийг хамгаалах уу? Эрх баригчид хулгай хийх эрхтэй юу? Ардын намын сүүлийн 7 жилд сайн хийсэн ганц ажил бна. Тэр нь ард түмний баялагийг хулгай хийх. Энэ ажил жинхэнэ утгаараа төгөлдөршилсөн гэхэд хэн ч маргахгүй боллоо. Ядахад яр гэгчээр Ганхуяг, Аюурсайхан хоёроосоо салж амжаагүй байхад хулхи ногоон автобусны асуудал гараад ирлээ. Мөн их лай ланчиг шүү. Одоо Оюунэрдэнэ гэдэг хүн амаа алгадуулах шиг болоод бна даа. Амарбаясгалан гэдэг алдартай хулгайч удахгүй цуу алдараа мандуулах гэж бна. Ингээд бодоход Ардын нам авсаа сайн бэлтгэж бна даа. Өөрөө ойчсон хүүхэд уйлахгүй байхаа. Онигоо болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

аба

Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир “Их хурал ээлжит болон ээлжит бус гэж байна. Ээлжит бус их хурлын чанар нь ээлжит хуралтайгаа адилхан байдаг. Бид өмнө нь 10 дугаар Их хурлаа хийсэн. Асуудлыг дээд шүүх бүртгээгүй учраас тус хурал зүй ёсоор болж өнгөрсөн. Халдвар хамгааллын дэглэм, хоорондын зай барих гээд бусад асуудалд бид мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

336 сум, 171 нэгж хорооноос төв ардчилсан намд бидний явуулсан сунгаа хүчинтэй талаарх бичиг ирсэн. С.Эрдэнэ даргын АН гэж байхгүй хэмээн бичсэн байсан. Намын гишүүдийн хувьд С.Эрдэнэ дарга биш болж хувирсан нь өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд АН ялагдаад 11 суудал авсантай холбоотой гэж бичиж ирүүлсэн байна.

Бид намын дүрэмд заасны дагуу сунгаагаа явууллаа. С.Эрдэнэ даргын явуулсан сунгаанд хэдэн хүн орсон бэ? Гурав, дөрвөн мянга хүн санал өгсөн юм шиг байна. Үүнийг 30 мянга гэж ярьж байсан. Бидний явуулсан сунгаанд намын даргаар сонгогдсон хүн 41 мянган хүний санал авч, нийт 74 мянган сонгогч оролцсон” гэв.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Э.Ганбат “Ардчилсан намын даргын сонгуулийг үндсэн дүрмийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 12-28-ны хооронд дотоод сонгуулийн хороо амжилттай зохион байгуулсан. Уг сонгуульд АН-ын 74 мянган гишүүн оролцож, цаасаар саналаа өгсөн байна. Нийт санал өгсөн гишүүдийн 55 хувийн санал авч, О.Цогтгэрэл ялалт байгуулсныг дотоод сонгуулийн хорооноос албан ёсоор зарласан.

Иймээс намын Их хурал зохион байгуулж, О.Цогтгэрэлийг батламжлах ёстой. Намын даргыг ёсчлон батлах хурлыг 3 дугаар сарын 11-ний ҮБХ-ны ээлжит бус хурлаас 4 дүгээр сарын 3 гэсэн товыг зарласан. Иймээс 21 аймаг 9 дүүрэг, 330 сумаас АН-ын гишүүд Их хуралд биечлэн оролцохоор хүрэлцэн ирээд байна.

АН-ын 1400 гишүүн найм дахь намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг ёсчлон батлах Их хуралд маргааш оролцоно. Коронавирусийн цар тахлын үед 1400 хүний бүрэлдэхүүнтэй хурал болох гэж байгаа нь манай намын үндсэн дүрэмтэй холбоотой. АН өнгөрсөн оны 12 дугаар сард болсон хурлаараа үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, Дээд шүүхэд өргөн барьсан боловч бүртгэж аваагүй.

Үндэслэл нь намын дүрэмд цахимаар Их хурал зохион байгуулах зохицуулалт байсангүй гэж үзсэн. Тиймээс бид энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс Их хуралд төлөөлөгчдийг цахимаар биш биечлэн оролцуулахаар ҮБХ-ноос шийдвэрлэсэн. Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү Их хурлыг танхимд биш задгай талбайд зохион байгуулна.

Их хуралд оролцож байгаа төлөөлөгчдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хуралд оролцох гишүүдийн халууныг үзэж, тусгай халдваргүйтгэлээр дэглэмийг маш сайн баримталж ажиллана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *