Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​У.Минжин: “Нийслэл хүүхэн” киноны Ундрахын дүрээс өөрийгөө олж хардаг

“Нийслэл хүүхэн”, “Сайн уу амьдрал минь-2” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон залуу жүжигчин У.Минжинтэй ярилцлаа.


-Сайн байна уу. Таны тоглосон “Нийслэл хүүхэн” киноны талаар яриагаа эхлэе. Үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа харагдсан?

-“Нийслэл хүүхэн” киноны зураг авалтыг наймдугаар сарын 10-наас эхлээд 45 хоногийн хугацаанд Тэрэлжид хийсэн. Ундрахын дүр дотоод хүнтэй минь их төстэй. Бараг ялгагдаад байх зүйлгүй. Эршүүд, дүрсгүй охины дүр болохоор ажиллахад дөхөм байсан. Мөн монгол ахуйтайгаа ойр учир дүрийн өгөгдлүүд нь их таалагдсан.

-“Нийслэл хүүхэн” кинонд тоглох боломж хэрхэн олдсон бэ?

-“Orange Entertaiment”-аас холбогдсны дагуу продюсер, найруулагчтайгаа уулзаад, тус дүр дээр ажиллах боломж олдсон. Эхлээд зохиолоо уншиж үзсэн. Тухайн үед надаас гадна хоёр, гурван жүжигчин дүрийн сонголтод байсан юм билээ. Тухайн дүртэйгээ хамгийн төстэй нь хэн байх вэ гэж бодож сонгосон юм болов уу.

-Урлагийн чиглэлээр суралцах амаргүй, төгсөөд ажлын байр хомс зэрэг ойлголтууд бий. Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн бэ?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч багаасаа урлагт хайртай, хийл хөгжим тоглодог хүүхэд байсан. Тухайн үед СУИС дээр хийл хөгжмийн дугуйландаа явдаг байхдаа урлагийн сургуулийн уур амьсгалыг хараад энд л байх ёстой гэсэн мэдрэмж төрж байсан юм. Тэр мэдрэмжиндээ огтхон ч эргэлзээгүй учраас СУИС-д элсэлтийн шалгалт өгч орж байлаа. Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүү, УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар багшийн удирдлаган дор 2015 онд сургуулиа төгссөн.

-Ирээдүйд өөр чиглэлээр ажиллах бодол бий юү?

-Хүүхдэд хайртай, багшлах сонирхолтой. 2015 онд бакалавраа төгсөөд, урлаг судлалын чиглэлээр СУИС-д магистрийн зэрэг хамгаалсан. 2017 оноос 2020 он хүртэл багшлах мөрөөдлөө биелүүлж Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн багшаар ажилласан. Хэрвээ жүжигчин болоогүй бол эргэлзээгүй багш болох байсан байх.

-Одоогоор хичнээн уран бүтээлд тоглоод байна. Ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?

-Одоогоор арав гаруй бүтээлд дүр тоглосон байна. 2012 оноос эхлээд “Мааз” хамтлагт дуулж байгаад 2015 оноос хойш “Х-ТҮЦ” продакшнд залуу жүжигчнээр ажиллаж байна.

-“Voice of Mongolia шоунд амжилттай оролцож байсныг нь мэдэх юм байна. Жүжиглэхээс гадна дуу хөгжмийн тал дээр өөрийгөө сорих бодолтой юу?

Voice of Mongolia” шоуны эхний улиралд орох бодолтой байсан ч зориг хүрэхгүй удсан. Хоёрдугаар улирлын шоунд оролцоход гэрийнхэн дэмждэг байсан учраас зориглоод орсондоо баярладаг. Эхний даваагаа даваад Болд ахын багт орсон. Би өөрийнхөө хамгийн дуртай дууг тэр тайзан дээр дуулсан. “Бидний амьдардаг ертөнц” гэдэг дууг анх гарснаас нь хойш үргэлж сонсож, эмэгтэй хоолойгоор ямар сонсогдох бол гэж боддог байсан тэр мөрөөдлөө биелүүлсэн болохоор энэ шоу миний амьдралын хамгийн гоё дурсамж болж үлдсэн.

-Залуу жүжигчний хувиар тоглохыг хүсдэг дүрийнхээ талаар хуваалцаач?

-Миний хувьд сонгодог дүр гэхээсээ илүү өөрийнхөө характертэй ойрхон эршүүд, Монгол ахуйг харуулсан баатарлаг дүрд тоглохыг хүсдэг.

-Хүмүүсээс хамгийн их сонсдог шүүмж юу вэ?

-"Үг дааж сур"гэдэг үгийг залуу хүний хувьд олон хүнээс сонсож байна. Ах, эгч нар, хамтран ажиллагсад гээд олон төрлийн хүмүүс бүгд л залууст энэ үгийг дайж байгаа харагддаг. Залуу хүн үг сонсож сурах гэдэг хамгийн чухал болов уу. Тэр тусмаа урлагийн хүн үг, ачаалал хоёрыг хоёуланг нь даадаг байх хэрэгтэй гэж ахмад жүжигчид олонтаа хэлдэг шүү.

-Өчигдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Таны хувьд ямар эмэгтэй байхыг хүсдэг вэ?

-Дотроосоо гэрэл цацруулсан эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй гэж боддог. Амьдралд уурлах, бухимдах зүйлс олон байдаг ч үргэлж эерэг байхыг хичээж, аз жаргалыг бусдад түгээдэг эмэгтэй байх юмсан гэж бодож явдаг. Би дөрвөн дүүтэй айлын том охин. Гэртээ дүү нартайгаа бужигнаж байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Тэднээсээ л халуун дулаан хайрыг мэдрээд өөрийнхөө эрч хүчийг олж авдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.Биндэръяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *