Categories
мэдээ цаг-үе

Г.Бямбажаргал: Гадаадынханд талын салхитай Монголыг очиж үзэх юмсан гэсэн сэтгэл төрүүлтэл дуулахыг хичээдэг

Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбодоржийн Бямбажаргалтай ярилцлаа. Тэрээр Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртсэн юм.


-Өнгөрсөн ч гэсэн баяр наадмын мэнд дэвшүүлье. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цол хүртсэнд давхар баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Монгол түмний үндэстний баяр наадмын өмнө энэ сайхан цолыг хүртсэнд их баяртай байгаа. Энэ цолыг хүртэхэд үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгын хамт олны дэм, туслалцаа их байсан. Хамгийн гол үүрэг гүйцэтгэж ардын дуу, уртын дууг зааж сургасан Монгол Улсын гавьяат багш Цэвээндолгорын Дэлгэр, зууны манлай уртын дуучин, хөдөлмөрийн баатар Намжилын Норовбанзад багш хоёртоо сөгдөн мөргөж байна. Хоёр ачтаныхаа буянаар би энэ сайхан мэргэжлийг сонгож, өдий зэрэгтэй урлагийн тогоонд чанагдаж, ард түмэнд үнэлэгдэж байгаадаа их баяртай байна.

-Таныг гавьяат цол хүртэхийг үзэгч, сонсогчид хүлээж байсан нь гарцаагүй. Баярт мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгав даа?

-Шагналын талаар баярын өмнөх өдөр мэдсэн. Хөдөөнөөс ирчихээд хүүхдүүдтэйгээ хоол идээд сууж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдоод мэндчилгээ дэвшүүлж ярьж байна. Тэгээд л үргэлжлүүлээд шагнах тухай мэдээг дуулгасан. Тэр үед би “Аанхан” гээд л сонин болчихсон. Дээшээ юм огшоод, дуу гарч өгөхгүй. Утсаа тавьчихаад хүүхдүүдийнхээ өөдөөс хараад л суучихсан. Тэгтэл охин маань “Ээж яав аа та” гэхэд “Намайг шагнал авна байна. Ээжийг нь гавьяат авсан гэж ярьж байна” гэхэд орилоод босоод ирсэн. Тэгээд шууд ээж рүүгээ залгаж хэлсэн. Ээж маань надаас илүү баярлаж байна гэж жигтэйхэн. Дараа нь хадам аавтайгаа ярилаа. Хадам аав, ээж хоёр маань Увс аймгийн Завхан суманд амьдардаг. Тэдэнтэйгээ ярьсны дараа багштайгаа ярьсан. “Дэлгэр багш аа, би таны хэд дэх гавьяат шавь бэ. Би гавьяат авах юм шиг байна” гэхэд “Өө баяр хүргэе, миний хүү. Найм дахь байна уу, ес дэх нь дөө миний хүү” гэж байсан. Их театрын дуучин Энхбаатар бид хоёр хамт шагнал авсан. Энхбаатар эхний ээлжинд ороод цолоо авсан. Тэгээд багшийн маань найм дахь гавьяат шавь нь болсон доо. Би ес дэх нь болсон. Ес гэдэг тоо надад их бэлгэтэй тоо. Бид эцэг, эхээс есүүлээ. Ээжийн маань ач зээ нар ес, ес байдаг юм. Дээр нь багшийнхаа ес дэх гавьяат цолтон шавь боллоо.

-Та зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн отгон шавь нарын нэг, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Дарханы театрын дуучин Н.Далхжав, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин н.Байгаль бид гурав нэг анги. Бидний доод ангийн Б.Батмэнд, одоо Их театрын дуучин байгаа. Бид дөрөв Норовоо багшийн отгон шавь нар нь. Уг нь би анх дуурийн дуучны ангид орсон юм. Тэндээ нэг сар болоод уртын дууны анги руу шилжсэн. СУИС-д анх шалгалт өгөхөд ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн ангид хуваарилагдлаа. А.Загдсүрэн гуай сонгодог урлагийн дуулаачийн ангийн багш. Төгөлдөр хуур дээр дасгал уншихаар хөдөө өсч өндийсөн надад нь ой тоонд нэг бууж өгөхгүй байлаа. Гэтэл нөгөө ангид сайхан уртын, ардын дуу дуулж байгаа нь надад илүү ойр дотно санагдаад болдоггүй. Тэгж л энэ мэргэжлийг эзэмшсэн дээ.

-Та уртын дуу, ардын дууг л голдуу дуулдаг. Зохиолын цөөн тооны дуу тань олон нийтэд их хүрсэн байдаг шүү?

-Миний урын санд ардын дуу, уртын дуу л голдуу бий. Зохиолын дуу их цөөхөн. З.Батсүхийн хөгжим, Н.Наваан-Юндэн гуайн шүлэг “Таван эрдэнэ”, Л.Мөрдоржийн хөгжим, Д.Пүрэвдоржийн шүлэг “Дөрвөн цагийн тал”, Ц.Пүрэвхүү багшийн “Ээждээ”, Г.Эрдэнэчулуун багшийн “Эрхийн чинээ хүү, Пүрэвсүрэнгийн “Өмнийн говь нутаг” гээд цөөн хэдэн дуутай. Цөөхөн дуу дуулахаар ард түмэнд хүрдэг юм уу даа /инээв/. “Таван эрдэнэ”, “Дөрвөн цагийн тал” хоёр “Монгол тулгатны 100 дуу”-ны хамгийн эхний дугаарт орсон байдаг. Тэр явдал надад ихээхэн эрч хүч өгсөн.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоохондоо шинэ уран бүтээл дээр ажилласан юм алга. Ирэх намар “Түмэн эх” чуулгын 30 жилийн ой болох гэж байгаа. Ойдоо зориулсан тоглолтуудтой байна.

-Уртын дууг Монголын томоохон өв соёл, гадныханд сурталчлах гол хэрэгслүүдийн нэг мэтээр л төсөөлж ойлгох нь бий. Харин “Ийм л учраас уртын дууг чи сонсох ёстой” гэсэн тайлбарыг танаас сонсмоор байна?

-Би уртын дууг сурч, уран бүтээл туурвиж эхэлснээс хойш 27 жил болж байна. Энэ туршлагаас үзэхэд мэргэжлийн том театруудад гадаадын уран бүтээлчидтэй хамт тоглож байлаа. Өөрийн улс орондоо ч тоглож байна. Үүнд нэг ялгаа харагддаг юм. Гадаад хүмүүс бол аливаа дууг дуулж байгаа дуучны царай зүсийг биш дууны өнгийг нь сонсч, дотоод мэдрэмжээрээ мэдрэхийг хүсдэг. Харин манай монголчууд аль алийг нь хослуулах сонирхолтой байдаг. Ардын урлагийг сурталчилж байгаа бид тухайн уран бүтээлийнхээ утга, аялгуу, санааг ёс жаягаар нь харуулж байх ёстойг би мэдэрсэн. Жишээ нь, төв халх уртын дууг дуулж байгаа хүн төв халх хувцсыг өмсөх ёстой. Малгай, шанх, бүс, гутал яг ямар байх ёстой түүнийг нь ягштал бэлтгэж өмсөх учиртай. Дуулалтаараа ч тэр. Гадаадынханд талын салхитай Монголыг очиж үзэх юмсан гэсэн сэтгэл төрүүлтэл, монгол хүнд бол “Би монгол хүн шүү. Манай ардын дуу, уртын дуу ийм сайхан шүү” гэж өөрсдөөрөө, эх орноороо бахархах сэтгэл төрүүлж л дуулах ёстой гэж боддог. Нэг удаа бид Монголын соёлын өдрүүдээр Бээжинд тоглолтоор явж байсан. Н.Жанцанноров гуай намайг тайзан дээр гарахын өмнө хэлж байсан. “Н.Норовоо багш тайзан дээр гарахын өмнө нэг удаа намайг “Миний хүү зааланд байгаа үзэгчид ямар хүмүүс байгааг хараад ирээч” гээд явуулсан. Би очоод харж ирчихээд “Хотын байртай хүмүүс байна” гэж багшид хэлэхэд “Аан за за, ойлголоо” гэж хэлээд нүүр амаа будчихаад гараад дуулсан. Дараа нь би өөрөөс нь лавлахад “Дуугаа дуулахаас өмнө үзэгчдийг харж бай. Хот суурин газрын хүмүүс бол яарч, тэвдсэн орчинд амьдардаг учраас аль болох тайвуу, уужим амьсгаатай дуул. Тэгвэл тэр хүмүүсийн сэтгэлд хүрнэ. Хэрэв хөдөө орон нутгийн, малчин ахуйтай үзэгчтэй байх юм бол явсхийж дуулах зэргээр үзэгчдэдээ тааруулж, дууныхаа утга агуулга, хэмнэлийг тохируулах учиртай” хэмээн надад хэллээ. Би тэр орой “Уяхан замбуутивийн наран” дууг морин хуурын чуулгатай дуулчихаад ороод иртэл Н.Жанцанноров гуай “За миний хүү, миний үгийг авсан байна шүү. Баяр хүргэе” гээд намайг үнссэн. Би тэр мундаг багшаасаа, хөдөлмөрийн баатар хүнээс сайхан зөвлөгөө аваад дуулж явсандаа үнэхээр олзуурхдаг, бахархдаг. Өөрийгөө азтай гэж боддог. Тэр үгийг үргэлж санаж явдаг даа.

-Бодууштай үгс ажээ?

-Зөвхөн уртын дуу гэхгүйгээр ардын дуу байсан ч үзэгчийн нүд рүү нь харж байгаад “Арга ч үгүй амраг аа мөнөөсөө мөн шүү дээ” гээд дуулахаар яалт ч үгүй “Аанхан, тийм ээ тийм” гэсэн харцаар хариу барьдаг. Сэтгэлийнхээ угаас хүн рүү харж, хандаж дуулж чадвал тэр хүндээ хүрнэ гэсэн үг. Уран бүтээлч хүнд үзэгчдийн алга ташилт хамгийн сайхан байдаг. Үнэхээр сайхан алга ташвал ядарсан ч гэсэн ядраагүй сэтгэлээр баясана. Урлагийн хүний бусад хүмүүсийн авч чаддаггүй сэтгэлийн таашаалыг алга ташилтаар авч байдаг.

-Монголын уртын дууг дэлхийд таниулсан Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран” дууг анх япон судлаачид сонсоод “Дэлхийгээс тасраад явчих шиг боллоо” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан гэж судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн З.Саруулбуян тэмдэглэсэн байдаг. Ийм нэр хүндтэй, багшийнхаа уран бүтээлийг та өөрөө дуулахдаа юу бодож, яаж бэлтгэж байв даа?

-Анх би 1997 онд сургуулиа төгссөний дараа жилийн хавар “Түмэн эх” чуулгад гоцлол дуучнаар орлоо. Тэгээд гавьяат жүжигчин Ө.Базарбат, Ц.Чулуунцэцэг хоёрын хамт багшийнхаа “Уяхан замбуу тивийн наран”-г үндэсний цөөхүүл хөгжимтэй тайзан дээрээ дууллаа. Тэр үед би чинь сургуулиа онц дүнтэй төссөн гээд өөртөө жигтэйхэн итгэлтэй хүн байв. Гэтэл би тэр хоёрын хаана нь ч хүрэхгүй, дээд, дунд өнгөн дээр жаахан дуугараад өнгөрч байлаа. Гавьяатууд маань олон жил дуулчихсан туршлагатай, амьсгааны өглөг нэлээд сайн хөгжчихсөн байсан. Тэр үед өөрийгөө их л голж байв. Түүнээс хойш 20 жилийн хугацаанд өдөрт 2-3 удаа дуулаад ирэхээр туршлагажина. Амьдрал дээр хамт олон хүнийг хамгийн сайн хүмүүжүүлдэг.

-Таны “Сэтэрт баахан шарга” дууны олон нийтийн хандалт өндөр байдаг. Харин та ямар дуугаа дуулах дуртай вэ?

-“Сэтэрт баахан шарга”-ыг 1997 онд манай Ширмэнтуяагийн аав нь Амгаа зааныхан шинэ байранд ороод найран дээр дуулж байлаа. Бид сургуулиа дөнгөж төгсчихсөн байсан. Энэ дууг Норовоо багш дуулдаг. Би Норовоо багшийнхаар сурсан юм. Боржигон дуу гэж явдаг. Намайг дуултал тэнд байсан хүмүүс уухайлаад түрлээ. Би гайхаад “Яаж байгаа юм бол” гэж бодтол булганыхан сайхан дуулсан хүнээ уухайлж түрдэг. Тэгээд дахиад дуулуулдаг ёс жаягтай юмбайна. Харин сүүлийн 10 орчим жил Францад очиж хамтарч тоглохдоо “Хэрлэнгийн бариа”, “Уяхан хонгор салхи”-ийг их голлож дуулдаг болсон. Энэ хоёр дуу Францын хоёр кинонд миний дуулснаар орсон байдаг.

-Та нэг ярилцлагадаа шавь нараа бэлдэх сонирхолтой гэж ярьж байсан. Тэр мөрөөдөл тань биеллээ олсон уу?

-Хөгжим бүжгийн коллежид багшлах гэж нэг үзээд орон тоо байхгүй болохоор больсон. Одоо бол ардын урлагийг өвлүүлэн үлдээх чиглэлд илүү их сонирхолтой байгаа. Учир нь язгуур урлагийг хуучин цогцоор нь авч үлддэг хүмүүс үндэсний урлагийн бид нар л байх ёстой. Бид үндэснийхээ хувцсыг зөв өмсөх ёстой. Буриад, өөлд, баяд, төв халхын хувцас ийм байдаг гэж ёс жаягаар нь өмсөөд явах юм бол бидний үр хүүхэд хойч үед том мэдлэг болж үлдэнэ. Орчин үед үндэсний хувцсыг янз бүрийн гоёл чимэглэлтэй хийж байгаа. Үүний хажуугаар үндсэн сууриар нь аваад үлддэг хэсэг заавал байх ёстой. Би Увс аймгийн Завхан сумын сартуул хүний эхнэр. Тиймээс Завханы сартуул эхнэрийн дээлийг хийж өмссөн. Миний худ ураг ийм хувцас өмсдөг байсан учраас тэр үндэсний эхнэр дээлийг би л өмсөх ёстой гэж бодсон. Тэр бол би үндэсний урлагийг уран бүтээлээрээ сурталчлахаас гадна өөрөөрөө дамжуулан ард түмэндээ үлдээж байгаа явдал юм. Ямар ч улс орныг соёл урлаг, спортын салбарынхан төлөөлдөг. Гадны нэг хүн Монгол оронд ирлээ гэхэд үндэсний урлаг нь юу юм бэ гэж хамгийн түрүүнд анхаарна. Тиймээс бид язгуур урлагаа үндэс сууриар нь авч үлдэх ёстой.

-Уртын дуу, ардын дууг хүнд хүргэхэд биеийн хэлэмж чухал харагддаг. Та тэр тал дээр илүү их өгөгдөлтэй юм шиг харагддаг?

-Би дээр хэлсэн дээ. Уран бүтээлийг гаднынхан сонсохдоо дуучных нь гоё сайханд биш дууг нь мэдэрч сонсдог. Хоолойны сайхан, дууны өгүүлэмж нь юу байна вэ гэж хардаг. Харин манай монголчууд хоолойноос гадна гадаад үзэмж, биеийн хэлэмжийг давхар хардаг. Ер нь хүний өөдөөс хараад сайхан инээх чинь гоё шүү дээ. Нүүрний өгүүлэмж гэдэг бол чухал. Ер нь хэзээ ч үгүйсгэх аргагүй байх.

-Монгол үндэсний наадам хуучраагүй байна. Энэ үед тантай уулзсаных наадмын сайхан түүх, дурсамж сонсмоор байна?

-Хүүхэд байхдаа бид хөдөө суманд өссөн. Би Увс аймгийн Өмнөговь сумын уугуул. Ээж маань бидэнд эрээн даавуугаар палааж, саравчтай малгай оёж өгдөг байсан. Таван дүүтэйгээ бид бүгд эрээн палааж, саравчтай малгайтай нугасны муухай дэгдээхийнүүд шиг л наадмыг талбайг хэсдэг байлаа. Манай сум тэр үед дөрвөн бригадтай байсан. Бригадууд гэр барьчихна. Тэндээ хүмүүсийг идэж уух айраг цагаа, ундаагаар дайлна. Надад бригадуудын айлуудаар хэсэх хачин гоё. Хүүхдүүд хойно морь, бөх сонирхох биш. Хоол унд эргүүлж цэнгэлдэх хүрээлэн тойрч явах нь гоё, дурсамжтай байдаг байж дээ.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *