Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: ШХАБ-ыг улс төр, цэргийн эвсэл талаас нь дахин судлах шаардлагатай

Улсын Их Хурлын гишүүн Я. Содбаатартай ярилцлаа.


-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн орноор элсэх үү, үгүй юу гэдэг асуудал олны анхаарлыг их татаж байна. Засгийн газрын зүгээс ШХАБ-д элсэх цаг нь болсон гэж ярьсан. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн орноор элсэх эсэх асуудал бүх түвшинд яригдаж байна. Судлаачдын зарим нь элсэх нь зөв, зарим нь буруу гэсэн саналыг илэрхийлж байгаа. ШХАБ-ын талаар гарч байгаа мэдээллийг харахад манай улс тус байгууллагад элсэхгүй байх шалтгаанууд нь зөөлөрсөн юм болов уу гэж харагдаж байна. ШХАБ-д бид ажиглагч гишүүнээр олон жил явж байна. Өнгөрсөн жил Энэтхэг, Пакистан улс элссэн. Барууны орнуудын судлаачид тус байгууллагыг улс төр, цэргийн эвсэл талаас нь түлхүү хардаг. ШХАБ-ын зүгээс манайх цэрэг, улс төрийн эвсэл биш, харин бүсийн төрөлжсөн олон улсын байгууллага гэдэг тайлбарыг өгдөг. Нөгөөтэйгүүр элсэж байгаа гишүүнчлэлийг нь харахад нэг цэргийн эвсэлд байх боломжгүй орнууд элсээд эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Хятад, Пакистан, Энэтхэг, Орос нэг цэргийн эвсэлд нэгдэж орох орнууд биш л дээ. Тус байгууллага манай хоёр хөршийн бодлого дээр тулгуурлан барууны орнуудын эсрэг блок байдалтай явж ирсэн. Харин одоо илүү либералчлагдаад, бүс нутгийн чанартай болж. Энэтхэг, Пакистан гэх мэт улс ШХАБ-д элсэж, ардчилсан зарим орнууд элсэх хүсэлтээ тавьж эхэлж байна. Үүнээс харахад ШХАБ нь Ази, Европ, төв Азийн эдийн засгийн хөгжлийн том загвар, хэлбэрээр хөгжиж эхэлсэн гэж харж болно.

Энэ талаас нь харвал бүс нутгийн интегралчлалаас бид хоцрох ёсгүй юм. Энэ агуулгаар нь харвал Шанхай гэх нэршлээс илүүтэйгээр үйл ажиллагаанд нь идэвхтэй гишүүний байр сууринаас орж, бүс нутгийн эдийн засгийн үр шимээс тодорхой хэмжээгээр хүртэх, зарим төслүүдийг өөрийн орны нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх, бүс нутгийг дамнасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг боломж нөхцөлүүдийг энэ хүрээнд олж болохоор байна. Ийм өнцгөөр уг асуудалд хандвал зүгээр болов уу. Тиймээс ШХАБ-д элсэх эсэх асуудал одоогийн байдлаар судалгаа, хэлэлцүүлгийн үедээ явж байна. Яг элсэх үе шат төрийн тэргүүнээс эхлээд, Үндэсний аюулгүй байдал, Засгийн газар, УИХ гээд шат шатандаа хэлэлцээд асуудал шийдэгдэх ёстой. Энэ процесс хараахан эхлээгүй байна.

-Яг таны байр суурь ямар байгаа вэ. ШХАБ-ын гишүүн орон болох ёстой юу?

-Миний хувьд энэ асуудлыг олон талаас нь судалж үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Юутай ч тус байгууллага нь цэрэг, улс төрийн эвсэл биш гэдэг байр суурьтай улс, орнууд олон болж. Тиймээс тус байгууллагыг өөр өнцгөөр харах боломж, нөхцөлийг бидэнд нээж өгч байна уу даа гэж бодогдож байна. Нөгөөтэйгүүр ШХАБ-ын чуулган, хурлаар хэлэлцэгдэж буй асуудлыг нь харахад бүс нутгийг хамарсан том төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд яригдаад эхэлжээ. Эдийн засгаараа хөгжиж буй хамгийн том зах зээлтэй Энэтхэг тус байгууллагын гишүүн орон болчихлоо. Тиймээс эдийн засгийн үр өгөөж гэдэг талаас нь харвал ШХАБ-д элсэхэд буруудах зүйлгүй. ШХАБ-ыг улс төр, цэргийн эвсэл талаас нь дахин нарийн судалж үзэх шаардлагатай.

-Манай улс ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч орны байр сууринаас арав гаруй жил явж байгаа. Тус байгууллагад элсээгүй байснаараа бидэнд алдсан, оносон зүйл юу байна вэ?

-Манай бүс нутагт явагдаж байгаа хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүд, эдийн засгийн интегралчлал Монгол Улсыг тойроод байна л даа. Бидний олон жил ярьсан Ази, Европыг холбосон хийн хоолой, төмөр зам ч гэдэг юм уу, томоохон бүтээн байгуулалт биднийг тойроод байна. Энэ асуудлыг бид одоо нухацтай авч үзэх хэрэгтэй. Евразийн холбоо гэж байдаг. Тус холбооны Гаалийн холбоонд элсэж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах асуудлыг манай улс тавьж байна. Үүнийг хувьдаа зөв бодлого гэж харж байгаа. Тус холбоонд элсвэл Орос цаашлаад Европын орнууд руу мах гаргах гарц нээгдэнэ.

-Монгол Улс цаашид ШХАБ-д элсэхгүй байснаараа хохиролтой зүйл юу байна. Зарим судлаачид Монгол, Орос, Хятад улсууд гурван талд хэлэлцээр хийдэг. Тийм болохоор ШХАБ-д заавал элсээд байх шаардлага байхгүй гэдэг зүйлийг ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Яг элсэх үү, үгүй юу гэдэг асуудлыг яаран шийдэх зүйл биш. Тодорхой судалгаануудыг харах хэрэгтэй. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон болсноороо 51 конвенцид нэгдэх ёстой. Үүнээс аль нь манай улсад таарах, юу нь улсын эрх ашгийг хөндөж байгаа юм. Тус байгууллагад элссэнээрээ эдийн засгийн ямар давуу байдал, боломжууд бидэнд нээгдэх юм. Тус байгууллагаас гишүүн орнуудад тавьдаг хязгаар гэж бий. Үүнийг нь бид давах уу, үгүй юу гэх мэт олон талаас нь судлах ёстой. Одоогоор тодорхой судалгаанууд гараагүй байна. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд, судлаачдынхаа үгийг сонсох цаг болсон. Тэр утгаараа тус байгууллагын талаар нээлттэй олон мэдээллүүдийг бид авч байгаа. Эдгээр мэдээллүүдийн үндсэн дээр тодорхой шийдлүүдийг төрийн шат шатны байгууллагууд гаргах ёстой.

-Манай улс ШХАБ-д элсэж орлоо гэхэд бусад орнуудын Монгол Улстай харилцах харилцаанд ямар нэгэн өөрчлөлт орох болов уу?

-Үүнийг маш сайн судалж үзэх ёстой. Хамгийн наад зах нь Америк, Япон, Солонгос, Европын холбооны улсууд Монгол Улсыг юу гэж харах вэ гэдгийг судлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ШХАБ-ын гишүүн орнуудын нэг Казахстантай дээрх орнууд буюу гишүүн бус орнууд хэвийн үйл ажиллагаа явуулж л байна. Мөн Киргизстантай эдгээр орнууд эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Пакистан, Энэтхэгтэй барууны орнууд хэвийн харилцаатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Яг энэ жишгээр манай улсад хандах уу, эсвэл хоёр хөрш оронтойгоо эдийн засаг, цэрэг, улс төрийн блокт орчихлоо гэж харах уу гэдгийг хүртэл бид тандаж, шийдвэрээ гаргахдаа харгалзан үзэх нь зөв.

-Засгийн газраас ШХАБ-ын асуудлаарх судалгаа, тайлан дүгнэлтээ хэзээ УИХ-д оруулж ирэх бол?

-ШХАБ-ын дүрмээр даргалж байгаа орны Төрийн тэргүүнд тухайн элсэх хүсэлтэй орны Төрийн тэргүүн хүсэлтэй илэрхийлснээр процесс эхэлнэ гэж заасан. Үүнээс хойш багадаа хоёр жилийн хугацаанд элсэх эсэх процесс явагддаг гэсэн мэдээлэл байна.

-Өмч хувьчлалын асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Төрийн өмчийн гуч орчим байгууллагыг хувьчилна гээд байгаа. Өмч хувьчлал ямар зарчмаар хэрхэн явагдах юм бэ. Өмнө өмч хувьчлалаас үүдсэн маргаан одоо ч яригддаг?

-Засгийн газраас 2018-2020 хүртэлх төрийн өмчийн талаар баримтлах бодлого, өмч хувьчлалын жагсаалтаа оруулж ирсэн. Энэ Засгийн газар гурван зүйлээр онцлогтой бодлого барьж орж ирэв үү гэж харж байгаа. Өмнө нь өмч хувьчлалын асуудлыг төсвийн цоорхой нөхөх, орлого олох зорилгоор оруулж ирдэг байсан. Ингэснээрээ төрийн өмчийг үнэгүйдүүлдэг, ашигт ажиллагааг алдагдуулдаг сөрөг зүйлүүд их байсан. Харин энэ удаа улсын төсөв дээр ямар нэгэн орлого оруулах хөрөнгө тавиагүй. Энэ удаагийн өмч хувьчлал үндсэндээ хоёр асуудал руу чиглэж орж ирсэн. Нэгдүгээрт, компаниудын засаглалыг сайжруулъя. Компаниудыг 100 хувь хувьчлахдаа ч, тодорхой хувиар хувьчлахдаа нээлттэй хувьцаат компанийн хэлбэр оруулъя. Ингэж байж компанийн засаглалыг сайжруулна. Хоёрдугаарт, иргэд хийж чадаж байгаа бизнест төр оролцохоо болъё гэсэн зарчим барьж байгаа. Өөрөөр хэлбэл хийж чадаж байгаа зүйлд нь төрийн өмчийн компани байгуулж хажуугаар нь орох шаардлагагүй. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг хаах ёстой. Нэг үгээр хэлбэл төр ор. Иргэдийн хийж чадаж байгаа бизнест төр орох ёсгүй гэсэн санал уг бодлогод орж ирсэн байна лээ. Тиймээс үүнийг илүү шинэлэг бодлого болсон юм болов уу гэж харсан.

-Сүүлийн үед иргэд хөрөнгийн зах зээл, хувьцаа гэж их ярих болж. Үүгээр хувьчлал явбал илүү ач холбогдолтой гэж харж байгаа хүмүүс ч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Дэлхий нийтийн хүрээнд ч тэр манай иргэдийн дунд хамгийн их хүсэж байгаа зүйл нь баялгийн тэгш хуваарилалт. Баялагаа тэгш, зөв хуваарилдаг нэг арга зам бол төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгож хөрөнгийн биржээр хувьчилдаг, хувьцаа эзэмшдэг хэлбэр юм. Тиймээс баялгийн ашиг шимийг хүртдэг зөв арга замыг Монголд бодитой хэрэгжүүлэх алхам хийж байгаа. Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээлийг бид яриад байгаа боловч тэнд зарагдах бараа алга байна. Өөрөөр хэлбэл хоосон лангуун дээрээс хүн юу ч авахгүй. Үнэд хүрчихээр аж ахуйн нэгж, бараа алга. Харин эрэлт байна уу гэвэл их байгаа. Сүүлийн үед Монголын зарим хувийн хэвшлийн компаниудын IPO хийж байгааг харахад эрэлт өндөр байна. Манай иргэд нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл дээр хөрөнгөө байршуулъя, компанийн хувьцааг худалдаж авъя гэсэн хандлага өндөр болчихлоо. Заавал арилжааны банкаар дамжиж хадгаламжийн хүү авдаг байсныг УИХ-аас хадгаламжийн хүүд татвар тогтоогоод хязгаарлалт хийчихсэн. Ингэснээр хөрөнгийн зах зээл зарчмынхаа дагуу хөгжих боломж нээгдсэн. Тиймээс тэр лангуун дээр нь хүн сонирхох, үнэд хүрэх бараа тавих ёстой. Ингэж байж хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа явна. Улмаар баялгийн хуваарилалт зөв зүг рүүгээ явах суурь тавигдах юм. Энэ чиглэлд төрөөс үзүүлж байгаа том алхам бол хөрөнгийн биржүүдээр дамжуулж төрийн өмчит компаниудын хувьцааг гаргах асуудал яригдаж байна.

-Энэ ондоо багтааж ямар ямар төрийн өмчит компаниудыг хувьчлах чиглэлтэй байгаа юм бол?

-Засгийн газраас оруулж ирсэн төрийн өмчийн талаар баримтлах бодлого 2020 он хүртэл үргэлжилнэ. Уг бодлогыг манай намын бүлэг дэмжсэн. Тийм болохоор УИХ-аас дэмжээд баталчихвал Засгийн газраас компани болгон дээр үнэлгээ гаргах ажлыг эхлүүлэх байх. Үүнийг нээлттэй хийх хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *