Азийн Зүүн бүсийн орнуудын дунд зохион байгууллагддаг волейболын тэмцээн энэ сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тэмцээний эхний өдөр “B” хэсгийн Хонгконг болон БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийх ажээ. Энэ талаар болоод волейболын спортын талаар Монголын волейболын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баярбаатарын Мөнхнарантай ярилцлаа.
-Удахгүй болох тэмцээний онцлог болоод өмнө нь манай улсаас ямар амжилт гаргаж байсан талаар яриагаа эхлэх үү?
-Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад дөрөв дэх удаагаа болох гэж байгаагаараа онцлогтой юм. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн тэмцээнд оролцож буй найман улсын багийн бүрэлдэхүүнд чансаа өндөр, ур чадвартай, дэлхийн шилдэг тамирчид орсон байна. Тэмцээний эхний өдөр 13:00 цагаас “B” хэсгийн Хонгконг болон хойд Солонгосын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас Өмнөд Солонгосын шигшээ багийн эсрэг хийхээр тов гарсан. Уг тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд тавдугаар байранд шалгарч байсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Азийн зүүн бүсийн волейболын холбооноос 2012 оноос эхлэн энэхүү тэмцээний эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусад нь явуулж байхаар шийдвэрлэсэн байдаг.
-Манай улсын багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг товчхон танилцуулахгүй юу?
-Тэмцээнд Макао, Монгол, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонгонг, БНХАУ, Япон улсын волейболын үндэсний холбоод оролцоно. Манай шигшээ багийн хувьд хоёрдугаар сараас эхлэн тэмцээний бэлтгэлээ базааж хорь хоногийн өмнөөс Хасу Мегаватт компанийн эко цогцолборт байрлан, нэгдсэн бэлтгэлд хамрагдсан. Багийн бүрэлдэхүүнд 15 тамирчин, ахлах, туслах дасгалжуулагч багтаж байгаа. Довтлогчоор олон улсын хэмжээний мастер Э.Сайнбилэг, М.Мягмарсүрэн, хамгаалагч, холбогчоор Э.Сайханбаатар, Э.Алтангэрэл, Б.Даваажаргал нар гарч тоглоно. Манай шигшээ баг сугалаагаар А хэсэгт Макао, Өмнөд Солонгос, Хятадын багуудын эсрэг тоглохоор болсон.
-Та волейболын багш, дасгалжуулагчийн ажлыг хичнээн жил хийж байна вэ?
-Миний хувьд 2000 оноос волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Харин Монголын волейболын шигшээ багийн дасгалжуулагчаар 2008 оноос өдийг хүртэл ажиллаж байна.
-Энэхүү спортын онцлог нь юу вэ?
-Мэдээж хэрэг спорт болгон өөрийн гэсэн онцлогтой. Волейболын спорт нь тамирчин түргэн хугацаанд сэтгэх, мэдрэмжтэй байх, нэгэнт бөмбөг давуулчихсан, даваад ороод ирсэн бол зогсоох арга байхгүй, тийм болохоор богино хугацаанд шийдвэр гаргаж , нэгдмэл байж тоглодгоороо онцлогтой юм. Мөн агшны спорт ч гэж ярьдаг. Учир нь бөмбөгөнд нэг секунд ч хүрэхгүй хугацаанд агшин зуур хүрч, эсрэг талын талбай руу цохидог болохоор тэр. Мөн тамирчны хувийн ур чадвар, авхаалжтай байдал болоод нуруулаг байхыг шаарддаг спорт л доо.
-Багийн тоглогчид тоглолтын үеэр ямар үүрэг хүлээдэг юм бол?
-Волейбол нь багийн спорт бөгөөд талбайд зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр гардаг. Хуучин өндрийн довтлогч, нам хагасын гэсэн нэршлээр баг бүрддэг байсан бол одоо үед арын зайнаас хүчтэй давуулан тоглох довтлогч гэсэн байрлал шинээр бий болсон. Мөн хоёр талын хамгаалагч, холбогч, үндсэн довтлогч гэсэн байрлалтай. Багийн зургаан гишүүн бүгд л өөрийн талбайд орж ирсэн бөмбөгийг хамгаалж, мөн довтлогчдоо шилжүүлэн, өрсөлдөгч багийнхаа талбайд бөмбөгийг унагаахыг зорьдог. Багийн бүх гишүүд хоорондоо зай талбайгаа мэдэрч тоглох нь чухал.
-Манай улсын волейболын баг бусад орны багтай харьцуулахад өрсөлдөх чадвар ямар байдаг бол?
-Манай волейболын шигшээ баг тамирчид олон улсад болдог чансаа өндөр тэмцээнүүдэд харьцангуй цөөн оролцдог. Тийм болохоор олон улсад өөрийн гэсэн байрь суурь, амжилт гаргаж амжаагүй л байна. Зүүн Азийн орнууд тэр дундаа Солонгос, Хятад, Япон улсын баг дэлхийд чансаагаараа эхний аравт ордог юм. Тэр ч утгаараа бид Зүүн Азийн хэдхэн орнуудтай өрсөлдөх гэж байгаа мэт харагдах боловч, чансаа өндөр, дэлхийн хэмжээний багтай өрсөлдөнө гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
-Багийн спортоор манай тамирчид олон улсад төдийлөн өндөр амжилт үзүүлдэггүй. Үүний учир нь юу вэ. Эсвэл багийн тоглолт гэдгийг манай тамирчид ойлгохгүй, мэдрэхгүй байна уу?
-Аливаа спортын онцлог гэж бий. Волейболын спортод өндөр нуруулаг тоглогчид их давуу талтай. Олон улсын шилдэг тамирчид бүгд л хоёр метрээс дээш өндөр нуруулаг, тэр ч утгаараа бөмбөг давуулах, довтлох, хамгаалах техник, ур чадвараар бусдаас илүү л дээ. Өөр нэг зүйл нь манай тамирчид мэргэжлийн гэхээс илүү сонирхогчийн түвшинд бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Ажил, хувийн амьдралынхаа зав зайгаар бэлтгэл хийж байгаа нь амжилтад нь нөлөөлж байна. Харин гадаадын тамирчид мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилалтаа хийж, зөвхөн тухайн спортдоо бүхий л цаг заваа зориулдаг. Өөрөөр хэлбэл гадаадын тамирчин спортоор амьдралаа аваад явах бүрэн боломжтой, тэдний хийх ёстой ажил нь зөвхөн бэлтгэл сургуулилалт. Өөр юунд ч санаа зовохгүй хичээллэж буй спортдоо бүрэн анхаарлаа хандуулдаг учраас өндөр амжилт гаргах нь тодорхой юм. Харин манай тамирчдын хувьд спортод бүхий л зав зайгаа зориулах боломж бололцоо хомс.Тэмцээн болохоос хоёр, гурван сарын өмнө л бэлтгэл сургуулилалт хийж эхэлдэг. Ийм маягаар яваад байх юм бол манай тамирчид хэзээ ч мэргэжлийн түвшинд хүрэхгүй, олон улсын тэмцээнд амжилттай оролцож чадахгүй шүү дээ. Бэлтгэл сургуулилалтаас гадна Монгол хүний зан араншин, биеийн онцлог, ур чадвар, арга барилаас хамаарч багийн спортоор амжилт гаргах, үгүй нь яригдах байх. Нэгдмэл чанар, нийтэч байдал манай тамирчдад бий. Гэвч нэгнийхээ сул талыг нөхөх чадвар дутагдалтай. Эдгээр сул талыг засахын тулд, олон улсад багийн спортоор амжилт гаргахын төлөө байнгын бэлтгэл сургуулилалт хийх хэрэгтэй юм.
-Волейбол сонирхогч, үзэгчид зарим довлогчийн гаргаж буй тоглолтод нь сэтгэл дундуур байдаг. Довтлогч гэхээрээ биеэ тоосон зантай, хувийн тоглолт үзүүлдэг байж болохгүй биз дээ. Ийм байвал багийн спорт манай улсад хөгжих үү?
-Тийм шүү. Орчин үед волейболын спорт довтолгоон дээр суурилаж, хожил авдаг болчихоод байгаа. Ялахын тулд маш хүчтэй довтолгоо, давуулалт хийх шаардлагатай болсон гэсэн үг. Тэр ч утгаараа өрсөлдөгч багаа ялахын тулд довтлогч маш сайн тоглох хэрэгтэй. Ерөнхийдөө гол тоглогч бол довтлогч. Гэхдээ багийн спорт учир бүгд л хичээх хэрэгтэй болдог. Довтлон тоглогч бөмбөгийг асар холоос биеийнхээ бүх хүчээр үсрэлттэй цохилт хийж, давуулна гэдэг өндөр ур чадвар шаарддаг техник. Үүнийг алдаагүй хийхийн тулд олон жил сургуулилж байж эзэмшдэг юм. Нэг хэсэг манай улсын волейболын тамирчид, баг хамт олонтойгоо зөрчилдөх, нэгдмэл бус байх, нэгнийгээ хүндэлдэггүй гэх мэт ёс зүйн алдаа их гаргадаг байсан л даа. Гэхдээ одоо бол ийм задгай байдал алга болсон. Хүн бүр тамирчин гэж ямар хүн байдгийг мэдчихсэн байна. Багийн спорт нэгдмэл нэг тоглолт гаргавал амжилт ойрхон гэдгийг мэддэг болжээ. Мөн багийн спорт гэдэг нэгнийгээ мэдрэх, сул талыг нь нөхөж байж ялалтанд хүрдэг онцлогтой.