Сүүлийн хэдэн жил Монгол Улсыг арбитрын шүүхэд дуудаж, 350 сая ам.доллар анх нэхэмжилж байсан “Хан ресурс”-ын асуудал саяхан эцэслэн шийдэгдсэн байна. Сангийн сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсгийнхэн Канадад айлчлах үеэрээ “Хан ресурс” компанийн нөхөдтэй хэлэлцээ хийж 70 сая ам.долларыг манай тал ирэх тавдугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар болжээ. Энэ тухай Сангийн сайд хэвлэлийнхэнтэй уулзахдаа мэдэгдэж, 70 сая ам.долларыг 2016 оны төсвийн тодотголд тусган төсвийн мөнгөнөөс төлнө гэдгээ хэлсэн юм. Ийнхүү “Хан ресурс”-ын мөнгийг Монголын Засгийн газар өгнө гэдгээ мэдэгдчихлээ. Уг асуудал анх хэрхэн үүсч, юуны учир Монголын Засгийн газар арбитрын шүүхэд удаа дараа дуудагдан, эцэстээ 70 сая ам.долларын өрөнд уначихав гэдгийг эргэн саная.
С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2009 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Лицензээ хураалгуулсан компани Монголын Засгийн газрыг эрчим хүчний гэрээ, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн олон улсын арбитрын шүүхэд хандаж, 350 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан. “Хан ресурс”-ын асуудал тухайн үед Монголын Засгийн газрыг толгойлж байсан С.Баяртай гарцаагүй холбогддог юм. С.Баярыг Ерөнхий сайд байхдаа буюу 2008 оны дөрөвдүгээр сард Орост албан ёсны айлчлал хийснийхээ дараа шууд Мардайн орд газартай танилцсаныг, тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул уурхай, химийн үйлдвэрийг сонирхсоныг Баабар маш тодорхой, баримт сэлттэй бичсэн байдаг.
С.Баярыг Мардайгаас цааш авч явсан хүн нь ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко гэж байгаа. Тэр нөхөр Монголын орд газарт өөрийн хувь оролцоог нэмэгдүүлэх болон ураны хүдрийг Краснокаменскт боловсруулах саналаа танилцуулсан гэх хардлага хүмүүст байсан. С.Баяр албан айлчлалаар Москвад буумагцаа хамгийн түрүүнд С.Кириенкотой уулзсан нь хардлагыг бататгах үндэс суурь нь болдог юм. Приаргуны уул уурхай, химийн үйлдвэр 700 метрийн гүнд боловсруулалт явуулдаг, хуучин Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуунуудыг хийдэг газар билээ. Мардайн ордыг Приаргунд хүдэр нийлүүлэх зорилгоор 1981 онд маш нууц концессын гэрээ байгуулсан гэдэг. Ерөнхий сайд С.Баяр тийнхүү Краснокаменскт очсоныхоо дараа буюу 2009 оны хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлыг эхлүүлж, улмаар “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн энергийн тухай” хуулийг тус тус батлуулсан.
МАН-ын гол лидер байсан С.Баяр Канадын компанийг Монголоос хөөж гаргасан түүх ийм. Тэгэхээр “Хан ресурс”-ын 70 сая ам.долларыг Монголын Засгийн газар биш, Монгол Улсын иргэн С.Баяр төлөх ёстой гэдэг нь хэнд ч ойлгогдохоор байна. Оросын шахалтаар Канадын компанийг хөөж гарган адаг сүүлд нь Монголын төрийг өрөнд унагасан хариуцлагаа тэр бүрэн даах учиртай. С.Баяртай холбоотой асуудал босохоор Монголд байхгүй, гадаадад байгаа гэх хариултууд гарч тэгсгээд намждаг. Харин энэ удаад “буух эзэн, буцах хаягтай” хэргийн эзэн Монголдоо ирчихсэн, хэд хоногийн өмнө Ц.Гомбосүрэн гуайн номын нээлт дээр явж харагдана лээ. Түүнийг нэн даруй АТГ атгандаа хийх цаг нь болжээ.
Өнөөгийн эрх баригчид “гэмт хэрэгтэй үл эвлэрнэ”, “бид хууль шүүхийн дагуу шударга ажиллаж байгаа” гэж зогсоо зайгүй мэдэгдэх болсон. Тиймдээ ч тэр үү өөрсдийн намын нөлөө бүхий гишүүд, журмын нөхдөө хууль шүүхийнхнээр шалгуулаад, ээлж дараалан шоронд явуулж байна. Ардчилсан засгийн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэрэг, сүүлд нийгмийн гол дуулиан шуугиан болоод буй Монголын ардчилсан холбооны дарга, Их хурлын гишүүн Х.Баттулгын хань хамсаатнуудын баривчилгаа гээд үй олон жишээ татаж болохоор. Өглөө ажилдаа ирэхэд л нэг хүн баригдчихсан, хөхүүл хүүхэдтэй хүүхнийг хүртэл хорьчихсон, амралтын өдрүүдэд улам ч гаардаг бололтой, тэр баривчилгаа нь. Эрх баригчид өөрсдийнхөө намынхныг ингэж хорьж цагдаж, үйл тамыг нь үзэж байгаа юм чинь эсрэг намынхаа дарга байсан нөхрийг эрх биш шалгаж, учир зүйг нь олж хариуцлагыг нь үүрүүлэх байлгүй.
“Эрх биш” гэж итгэж ядсан байдалтай хэлж буй маань учиртай. Ардчилсан засгийнхан сөрөг хүчин болох МАН-ын нөхдийг огтоос шалгахгүй, харин ч бүр бөөцийлсөн, хамгаалсан байдалтай байгаа нь гайхширал төрүүлдэг. Ардын намын гишүүд тийм өө сэвгүй, шалгах шаардлагагүй хүмүүс юм уу. Улсын эд хөрөнгө, уурхай баялаг, Улаанбаатарын газрыг зарж хагартлаа баяжсан тэднийг харин ч бүр удаа дараалан шалгаж, асуудалтай нөхдийг нь хорьж цагдах болсон. Тухайлбал, Хөшөөтийн уурхайг хувьдаа авчихсан У.Барсболдыг яагаад шалгадаггүй юм бэ. Хуучин “Ху” намын үед Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайдаар ажиллаж байсан тэр нөхөр 200 сая тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Хөшөөтийн уурхайг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжин хятадуудын мэдэлд өгчихсөн гээд байгаа. Хэрвээ уг мэдээлэл үнэн бол хамгийн ноцтой, хамгийн түрүүнд шалгах ёстой хүн нь У.Барсболд байж таарна. За тэгээд үе үеийн засгийн өнгөн дээр ам дамжин яригддаг, дархлагдчихсан юм шиг хэдэн нөхөр бий. Одоогийн МАН-ын дарга М.Энхболд болон Т.Бадамжунай нарын Улаанбаатар хотын газрын мафийнхан. М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй нөхөд Улаанбаатар хотын газрыг зараад, дөрвөн уулын дундах Алтан тэвшийн хөндийг хөл гишгэх газаргүй болгож, Монгол Улсын хөгжил дэвшилд саад тотгор учруулсан нь үнэн юм бол хууль шүүхээр тогтоолгож, цээрлэл хүлээлгэх цаг нь хэдийнэ ирсэн дээ. Юуны учир тэдний толгойг илж, төрөө түшүүлж сэтэрлэчихсэн морь шиг байлгаад байдаг юм бол. Хэрвээ хотын газрыг зарж үрээгүй юм бол түүнийг нь олон түмэнд мэдэгдмээр байна шүү дээ. Ардын намын дарга, Улаанбаатар хотын газрын мафи гэгддэг нөхөр “Хуучин цагт бид өмчгүй төр авсан, одоо өртэй төр авах нь” гээд даналзаад байна лээ. 2012 онд ардчиллынхан гишгэх газаргүй Улаанбаатарыг хүлээж авснаа мартаагүй байлтай.
Ард түмэнд үнэгүй нүүрс тараасных нь төлөө Л.Гансүхэд 3.6 жилийн хорих ял өглөө. Тэгвэл бүхэл бүтэн Улаанбаатар банкийг хувьчлаад авчихсан Ардын намын лидерүүдийг одоо баллаж өгөх байлгүй. Мөн гурван өрөө зочид буудлыг засч авч, газар нь хотод хэвээрээ байгаа Улаанбаатар хэвлэх үйлдвэртэй нэр холбогдсон Н.Энхбаярыг дөрвөн жилийн турш шорон сахиулж амийг нь чангаалаа. Тэгсэн хэрнээ Хадгаламж банкны 14 тэрбумыг мөрийтэй тоглоод салхинд хийсгэчихсэн У.Хүрэлсүх нарыг одоо хэр нь шалгадаггүй, чимээ аниргүй байгаа нь бас л хачирхалтай. Энэ бүгдийг өөрсөдтэйгөө хүртэл дайн зарлаад байгаа ардчилсан төр шалгаж үнэн мөнийг нь тогтоохыг Монголын ард түмэн хүлээж сууна. “Хан ресурс”-ын 70 сая ам.долларыг Засгийн газар биш С.Баяраар төлүүлэх нь зүйд нийцнэ гэдгийг сүүлд нь дахиад хэлчихье.
Б.Батболд