БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Такэнори Шимизү болон Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуулийн ерөнхийлөгч тэргүүтэй тус улсын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Япон улсын тал Анагаахын чиглэлээр суралцдаг япон хэлтэй 50 монгол оюутныг тэтгэлгээр суралцуулах санал тавьсан байна.
Тус их сургуулийн ерөнхийлөгч, “Санно” эмнэлгийн захирал Күнинори Такаги Монголд сувилагчийн сургууль болон оношилгооны төв нээхээр судалж байгаагаа уулзалтын үеэр Ц.Цогзолмаа сайдад дуулгасан байна.
Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь их эмчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад англи хэл дээр хичээл ордог бол бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад япон хэлээр хичээл заадаг аж. Улмаар “Азийн Элчин сайдуудын эхнэрүүдийн холбоо”-оос тус сургуулийн их эмчээс бусад мэргэжлээр суралцаж буй гаднын оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Харин япон хэлтэй монгол оюутан цөөн байдаг учир тус тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй аж. Тиймээс япон хэлтэй оюутнуудыг их эмчээс бусад анагаахын чиглэлийн мэргэжлээр сургах ажлыг салбар яам удирдан зохион байгуулах боломжтой эсэх талаар санал тавилаа. Тус сургууль нь 10 мэргэжлээр суралцуулдаг бөгөөд 10 оюутныг таван жилийн хугацаатай гэж тооцвол нийт 50 оюутныг сургах боломжтой гэж хэлэв.
Японы төлөөлөгчдийн энэхүү ажил хэрэгч саналыг хүлээн авч, яам албан ёсоор зохион байгуулахаа салбарын сайд хариу онцолжээ.