Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлдэг.
Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой. Энэ харилцааг 1998 оноос 13А маягтаар зохицуулж ирсэн боловч өнөө хүртэл хэрэгжиж хэвшээгүй ирсэн байна.
Гэвч 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн.
Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.
Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзснээр эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд тус маягтыг цаашид шаардахгүй боллоо.
Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс /2023.10.04/ иргэд 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ, шинжилгээ өгөхдөө өрх, дүүргийн эмнэлгээс 13А маягт бичүүлэхгүй, шууд үйлчлүүлэх боломжтой боллоо.