Дэлхийн хэмжээнд 2050 он гэхэд агаарын тээвэр хоёр дахин нэмэгдэх төлөв гарч байгаа юм байна. Эндээс үүдээд онгоцны түлшний хэрэглээ ихсэх, цаашлаад дэлхийн дулаарлыг өдүүлэгч хамгийн том хүчин зүйл- нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах зорилт хангагдах магадлал улам багасна гэж гарсан судалгааны дүгнэлтээ Тээвэр болон Байгаль орчны нөлөөллийн групп байгууллагаас даваа гарагт танилцуулсан байна.
Энэ 7 хоногт Ирландын нийслэл Даблинд болж байгаа агаарын тээврийн салбарын удирдах ажилтнуудын санхүүгийн бага хурал дээр Брюссельд төвтэй дээрх Нөлөөллийн байгууллагаас ийм илтгэл танилцуулж, Европын Холбоог агаарын тээврийн өсөлтийг сааруулах алхмууд авч хэрэгжүүлэхэд уриалсан байна. Жил тутам болдог нисэхийн салбарын энэ чуулга уулзалтын үеэр нисэх онгоц худалдан борлуулалтын гэрээ хамгийн олноор хийгддэг онцлогтой байна. “Тээвэр ба Байгаль орчин” нөлөөллийн группийн нисэхийн салбарыг хариуцсан захирал Жө Дарденн “одооноос хөрсөн дээрээ бууж, байнга бүх юмыг өсгөж нэмэгдүүлж байгаа зуршлаа хаях цаг болсон” гэж Ройтерс-т ярьсан байна.
Нисэхийн салбарын хурдацтай өсөлтийг сааруулахын тулд татварын хэмжээг нэмэхийн зэрэгцээ нисэх буудал дэд бүтцийг нэмж өргөжүүлэхийг хязгаарлах шаардлагатай гэж эдний судалгааны тайланд дурджээ.
Дэлхийн нүүрсхүчлийн давхар ислийн нийт ялгаруулалтын 2,5 орчим хувийг дангаараа гаргадаг агаарын тээврийн салбарынхан 2050 он гэхэд агаар мандалд хортой хий ялгаруулалтыг тэглэх зорилтын хүрээнд байгальд онгоцны байгальд хоргүй түлшний хэрэглээнд шилжих амлалт дэвшүүлж байсан. Гэвч ийм шинэ төрлийн эко түлшний тогтвортой нийлүүлэлт бүрдээгүй, мөн ердийн онгоцны шатахуунаас тав дахин өндөр өртөгтэй байдаг зэргээс шалтгаалж энэ төрлийн түлшний хэрэглээ өргөн хүрээнд нэвтрэх боломж хязгаарлагдмал байсаар байгаа юм.
Улмаар нисэх онгоцоор зорчигчдын тоо нэмэгдэхийн хэрээр онгоцны шатахууны хэрэглээ 2050 он гэхэд 2019 оны түвшнээсээ даруй 59 хувь нэмэгдэх төлөв саяны даваа гарагт танилцуулсан судалгаагаар гарсан нь, хэдийгээр ирэх жилүүдэд түлшинд хэмнэлттэй эсвэл байгальд ээлтэй “эко” түлшээр цэнэглэдэг онгоцнууд нэмэгдлээ ч агаарын тээвэрт улам олон онгоц оролцох болж, тэр хэрээр түлш шатахууны хэрэглээнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн бохирдол улам ихсэх бараан төлөв гарч байна.
Уламжлалт түлш шатахууны хэрэглээ энэ эрчээрээ нэмэгдсээр байвал 2050 он гэхэд нисэхийн салбар жилдээ 2 тэрбум баррель нефть шатаасан хэвээр байна гэдгийг судлаачид анхааруулжээ. Үүнтэй холбогдуулж Ройтерсийн зүгээс нисэхийн салбарын тэргүүлэгч Эйрбус болон Боинг компаниудаас тайлбар хүссэн боловч хариу сонсож чадаагүй байна. Ерөнхийдөө нисэхийн салбарынхан эдийн засгийн өсөлт, дэлхийн зам харилцаанд зайлшгүй чухал салбар гэдгээр өсөлтөө сааруулах уриалгаас ямагт хойш сууж ирсэн гэдгийг байгаль орчны идэвхтнүүд хэлж байна.