Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Машин мөргөж, ухаан алдсан жолоочоос согтолт, мансууруулах бодис илрээгүй DNN.mn

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01:04 цагийн үед Их Монгол плазагийн урд замд “Тоyota SAI маркийн тээврийн хэрэгсэл машин мөргөж жолооч нь ухаангүй болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Үүнийг шалгахад 22 настай эрэгтэй Т нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь тогтоогдсон байна. Жолоочоос согтолт болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зүйл илрээгүй аж. Ослыг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хяргас нуурт хоёр машин цөмөрснийг татан гаргажээ DNN.mn

Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн “Хяргас” нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 6-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 9 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс хоёр гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, нэг гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвөн хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 843 хэрэг шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон нутагт болон нийслэлд зургаан объектод нэгжлэг хийв.

Categories
мэдээ улс-төр

АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудад хяналт, шалгалт явуулах ажлын хэсгийн удирдамжийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.01.07) хуралдаж, өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд байгуулагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, С.Замира, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар ажиллах юм.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжид Үйлдвэрлэл, технологийн паркуудын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, тухайн паркуудын үйл ажиллагааг эрхлэгчид, “Эрдэнэс ҮТП” ХХК болон бусад холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг сонсож, “Багахангай” ҮТП , “Шивээ-Овоо” ҮТП, “Тавантолгой” ҮТП (мега төсөл), “Дорнын баялаг” ҮТП, “Гэрэлт говь” ҮТП, “Алтан ширээт” ҮТП, “Налайх” ҮТП, “Бор өндөр” ҮТП, “Багануур” ҮТП, “Эрдэнэт” ҮТП, “Дархан” ҮТП, “Хөтөл” ҮТП, “Шинэ Ховд” ҮТП, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, хяналт шалгалт хийхээр тусгасан байна. Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой сэдвээр талуудын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа хийж зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх юм.

Ажлын хэсэг удирдамжид заасан хяналт шалгалтыг явуулсан талаарх танилцуулга, санал дүгнэлт болон холбогдох шийдвэрийг төслийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар “Тавантолгой түлш” ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан “Тавантолгой түлш” ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж байна.

Өчигдрийн УОК-ын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний чанар, стандартын тухай хэлэлцэж, УОК-ын дарга С.Амарсайхан тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

БОУАӨЯ-ны Салбарын хяналт, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран “Тавантолгой” түлш ХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшинд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар мидлинг болон барьцалдуулагчийн чанар өнгөрсөн онуудтай харьцуулахад муудсан гэх дүгнэлт гарсан байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

МСНЭ: Сонгуулийн боловсрол олгох, сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, зөвлөх Д.Сайнбаяр нарыг хүлээн авч уулзлаа.

Сонгууль зохион байгуулах чиглэлээр олон нийтийг мэдээллээр хангах, сонгуулийн боловсрол олгох болон энэ чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах, сонгуулийн хууль, тогтоомжийг сурталчлан таниулахад хамтран ажиллахаар ярилцав.

Сонгогчид мэдээллийн эх сурвалжаа нягтлах, хуурамч мэдээллийг таних зэрэг сонгуулийн боловсрол олгоход хамтран ажиллах боломжтойгоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар илэрхийллээ. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нийслэл, 21 аймгийн 24 салбар зөвлөлийн зургаан мянга гаруй сэтгүүлчдийг чадавхжуулах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дээрх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Уянга: Улс үндэстэн талцах нь үндэсний дархлаанд шууд нөлөөлнө

Нийгэм судлаач, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянгатай ярилцлаа.


-Нийгэмд нэг улсыг хэт шүтэх эсвэл үзэн ядах гэх мэт хандлагууд ажиглагддаг. Жишээ нь, манай улсад Хятадыг муулах, Оросыг шүтэх хандлага байдаг. Энэ нь улс үндэстэн оршин тогтноход сөрөг үр дагавартай гэдэг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Үүн дээр нийгмийн сэтгэл зүйн хэд хэдэн үзэгдэл явж байна. Жишээ нь, бүлгийн талцал явагдаж байна. Хятадыг үзэн ядах, Оросыг манай тал гэх төсөөлөл байгаа бол тухайн талцаж байгаа хүн өөрийгөө аль бүлгийн хүн гэж харж байгаа нь харагддаг. Үүнээс Монгол гэдэг эх угшлаа яриад байна уу, эсхүл өөр улсын эрх ашиг дээр талцаж байна уу. Талцлаас гадна коммунизмын үеийн бидэнд итгүүлсэн байсан мэдээллийн төөрөгдлийг давтан ярьж амилуулж байна уу гэдэг сэтгэл зүйн ялгаа ч харагддаг. Жишээ нь, бидэнд суулгаж өгсөн “Оросууд байгаагүй бол Хятад биднийг залгих байсан” гээд итгүүлсэн хуурамч мэдээллийн ажилбар хэдэн арваны турш хийж байсан. Энэ бол цэвэр нийгмийн сэтгэл зүйн ажилбар. Коммунизмын үед нийгмийн сэтгэл зүйгээр яаж тоглож байсан бэ гэхээр нэг дайсан үүсгээд, тэр айдас дээр нь бид танай тал гэж итгүүлж байсан. Дайсан бүтээх замаар өөрсдийгөө сайн гэсэн тодрол үүсгэж байгаа. Тэгэхээр бидний эрх ашиг энэ дунд байхгүй болж байгаа биз. Хоёр туйлын дунд бид байхгүй болох нь тэр.

Орчин үед хүмүүс утгыг нь ойлгохгүйгээр өмнөх үеийнхэнд итгүүлсэн зүйлсийг давтан яриад байдаг. Талцалыг нь дүн шинжлээд харахад Монгол гэх ижилсэлтэй учир бусадтай талцаад байгаа юм уу гэхээр бас үгүй. Бусдын эрх ашгийн төлөө туйлшраад байдаг. Ер нь судалгаа хийгээд харахад ингэж хоёр туйлаар талцаад байгаа бүлэг том юмуу гэхээр маш бага хувьтай байдаг.

Үндсэн цөм болох 90 гаруй хувь нь Монгол гэх ижилсэл дээрээ хэвээр байдаг. Харин талцуулж, хоч өгч, турхирдаг хүмүүс нь маш цөөхөн, гэхдээ сэтгэл хөдлөл нь сөрөг тул маш тод харагддаг. Тэд мөн цөөхүүлээ мөртлөө олуулаа мэт харагдуулах “нацист арга”-ыг ч хэрэглэдэг.

Иймэрхүү гадны мэдээллийн халдлага нь шинж тэмдгээрээ судалгааны эргэлтэд аль хэдийнэ орсон байдаг. Орчин үед “fact checking” гэж хэлэгддэг мэдээллээ нягтлах нь ямар хэрэгтэй байдаг гэхээр мэдээлэлд төөрөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ чадварыг барууны орнуудад арван жилд нь заадаг болсон.

-Сүүлийн үед “троллууд” гэж ярих болсон. Үүний улмаас тухайн хүнийг аялдан дагах, нөлөөнд автах нь их байна. Ер нь аливаа зүйлийг хүлээж авах, итгэн үнэмших байдал юутай холбоотой байдаг юм бол?

-Шинжлэх ухааны хэллэгээр “тролл” гэдэг нь арай өөр ойлголттой байдаг. Сэтгэл зүй нь хямарсан, нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хэлдэг. Монголчуудын хэрэглээнд харин утга нь бусдыг төөрөгдүүлэх зорилготой хуурамч хаяг гэдгээр ойлгогдоод байдаг. Тролл хаягууд манайд маш ихээр байгаа. Манай хойд хөрш түүгээрээ хамгийн алдартай. Иргэдийг төөрөгдүүлэхийн тулд олуулаа эсэргүүцэж байгаа юм шиг эсвэл олуулаа дэмжиж байгаа юм шиг комментууд үлдээдэг. Хүмүүс мэдээллийг уншчихаад доор нь байгаа комментыг хараад дийлэнх сэтгэгдлийг иймэрхүү байдалтай байна гэсэн төсөөлөлтэй болчихдог. Хэдхэн коммент уншсан итгэл дээр нь дөрөөлөөд төөрөгдүүлээд байдаг. Мөн хувь хүн хуурамч мэдээлэлд итгэх шалтгаан нь хэд хэд байдаг. Нэг хувилбар нь итгэмтгий хүн байж болно. Уг нь сайн чанар боловч түүнийг далимдуулаад төөрөгдүүлдэг. Хуурамч мэдээнд хурдтай итгэдэг өөр бүлэг нь нийгмийн хямралд өртсөн байж болно. Ядууралд өртөх, ажлаасаа халагдах, бие нь өвчтэй байгаа, гутралтай байгаа гэх мэт эмзэг нөхцөлд байх үедээ хүн мэдээг нягтлахгүй, хуурамч мэдээнд автах нь өндөр болдог. Ийм нийгмийн нөхцөлийг ашиглаад биднийг талцуулдаг. Талцал нь монголчуудад ашиггүй. Тэгэхээр бид мэдээллийн боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Ингэж талцах нь хүн амын сэтгэл зүй болоод үндэстний дархлаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Үндэстний дархлаанд шууд нөлөөлнө. Жишээлбэл, Монголын нутгаас гадна байгаа олон монголчууд байгаа. Өмнөд Монгол, Дээд Монгол, Буриад, Халимаг гэх мэт. Эдгээр монголчууд маань Монголд юу болж байна гэдгийг маш их сонирхож, сонсдог. Бид анхаарлын төвд нь байдаг гэсэн үг. Харин тэдний нүдээр харвал бид хоорондоо яг ямар утга учиртай, яах гэж зодолдоод байгаа нь ч ойлгомжгүй байдаг. Бид Монгол угсаатнуудынхаа манлайлагч байх үүрэгтэй байтал, сонин хэрүүл хийж хүчээ тарамдаад байдаг. Бид хүчээ алдаад байгаа гэсэн үг. Эв нэгдэлтэй байхыг яахав хуульчилсан байдаг ч, бид бас соёлруугаа өнгийж эв зүйгээ олж болно, жишээ нь хоёр хүн маргалдаж байлаа гэж бодоход ах захаа хүндлэх, Монголоо алдсан юм бэ гэх мэт хэм хэмжээний хэлцүүдээ ашиглаад эв зүйгээ олох боломжтой.

Манайх руу халдахдаа цочроодог мэдээ ихээр ашигладаг. Цочроодог мэдээнээс жишээлбэл хүүхэдтэй холбоотой юм уу, эсвэл ээжтэй холбоотой мэдээлэл байдаг. Бидний хувьд үнэ цэнэтэй болоод эмзэг сэдэв. Бидний үнэт зүйлийг бидний эсрэг ашигладаг гэсэн үг, мөн цочроох мэдээний түгээлтээ маш хурдтай сэвж хийдэг.

Жишээ нь, сүүлд өсвөр насныханд умайн хүзүүний хавдраас хамгаалдаг вакцин хийхийг эсэргүүцсэн нэг эмэгтэй шууд бичлэг хийгээд, бараг хоёр сая үзэлттэй болчихож байгаа юм. Тэр нь бол органик үзэлт биш. Манай улсад эрүүл мэндийн холбогдолтой мэдээллийг тэгж түгдэггүй, гэтэл тэр мэдээллийг жүжигчилсэн аргаар “хүүхдэд аюул” гэсэн өнцгөөр айдас дээр дөрөөлж итгүүлж байгаа юм. Хүн айхаараа маш хурдтай үйлдэл хийдэг дээ.

-Таны хувьд Монголын нийгмийн сэтгэл зүй ер нь хэр байна вэ?

-Нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол төр засаг нь ойлгомжгүй байдаг явдал. Нийтээрээ дагана гэж хууль гаргадаг хэрнээ дарга нар нь дагахгүй, шийдвэр нь энгийн иргэнээ чөдөрлөх зорилготой болчихоод байдаг. Уг нь ардчилсан нийгэм гэж үндсэн гэрээгээрээ тохирчихсон байдаг. Тэгэхээр нийгэм ойлгомжгүй байдалд ордог. Нийгмийн сэтгэл зүй эерэг, даван туулах чадвартай байх, эв нэгдэлтэй байхад нийгмийн хэм хэмжээнүүд ойлгомжтой байх ёстой. Ойлгомжгүй байдал бол нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, нийгмийн бухимдал өдөөдөг хамгийн том хүчин зүйлсийн нэг болдог.

Г.БАЛГАРМАА

 

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.01.07/ хуралдаан 10 цаг 28 минутад гишүүдийн ирц 52 хувьд хүрснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тус Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ хэлэлцээд дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дахин хэлэлцэн баталж, нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах хугацааг 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг хүртэл Төсвийн байнгын хорооны 213 тоот өрөөнд хүлээж авсан.  Энэ хугацаанд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлснээс Г.Алтансүх, Б.Ганбаяр нарын материал журмын дагуу бүрдэл дутуу мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул санал хураалтад оролцох боломжгүй гэж үзсэнийг Байнгын хорооны дарга тодотгоод үлдсэн дөрвөн нэр дэвшигчийг танилцуулав.

Нэр дэвшигч Б.Ариунболд нь 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. 2012 онд “Нэйшнл инженеринг групп” ХХК, “УБ транс” ХХК-д хүний нөөцийн ажилтан, үйл ажиллагаа хариуцсан менежер, 2013-2014 онд “Фаст рооф” ХХК-д гүйцэтгэх захирал, 2017-2020 онд Хас банканд хувийн банкир, мэргэжилтэн, шинжээч, 2021 онд Хөгжлийн банканд төслийн санхүүжилтийн судалгааны захирал, 2020-2024 онд “Эй кей энд икс финанс” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна гэв.

Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн, 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн олон улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байна гэлээ.

Нэр дэвшигч Л.Батзориг нь 1988 онд төрсөн, 37 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг их сургуулийн эрх зүйн бакалаврсанхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажиллаж байна гэв.

Нэр дэвшигч Б.Зундуй нь 1990 онд төрсөн, 35 настай. Санхүүч мэргэжилтэй. 2012 онд Хас банканд харилцааны менежер, 2012-2016 онд Барилгын хөгжлийн төвд мэргэжилтэн, 2016-2017 онд “Эм Жи Эл интернэйншл” ХХК-д гүйцэтгэх захирал, 2021-2022 онд Оюу толгой төсөл, СААДИ группт гэрээ, санхүүгийн менежер, 2022-2023 онд “БИД” санхүүгийн группт газрын захирал, 2024 онд “Есөн шижир инвест” ББСБ-д Стратеги хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа аж.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн дээрх дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураалаа. Нэр дэвшигч Ц.Бархас хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь буюу олонхын саналыг авсан тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу тус хорооны орон тооны бус нэг гишүүнд Төсвийн байнгын хорооноос Ц.Бархасыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

Дараа нь Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төсвийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай 07 тоот тогтоолыг баталсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131.1-д Байнгын хороо нэр дэвшигчийг сонгох ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуух асуулт саналыг цахимаар эс үгүй бол шуудангаар хүлээн авна гэж заасны дагуу дээрх тогтоолд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь  дэмжлээ.

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны  дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй.

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-ын б заалт, төслийн 11.1.2-ын в заалт хооронд зөрчил үүсэх эсэхийг тодруулахад Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн эдгээр заалтын хооронд хуулийн зөрчил үүсэхгүй хэмээн хариулсан. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын саналаар П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгожээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж буй.

Энэ дагуу ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад хүсэлт гаргасан байна.

Тодруулбал, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлжээ.

Уг хүсэлтийн дагуу Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын цанын баг тамирчид Универсиад наадмыг зорилоо DNN.mn

Монголын цанын баг тамирчид Mongolian Ski FederationBattulga Dambajamts нь Италийн Турин хотноо энэ сарын 13-23-нд болох дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад 2025” наадамд оролцохоор өнөөдөр Европыг зорилоо.

Тэд энэхүү наадмын өмнө Франц Улсад болох олон улсын цанын холбооны тэмцээнд орж, бэлтгэлээ хангаж байгаад Туриныг зорьж байгаа аж.  Монголын гүйлтийн цанын баг тамирчид 2024 оны  арванхоёрдугаар  сард Итали, БНСУ-д болсон олон улсын тэмцээнд оролцсон.

Хандгайт, Скай ресорт цанын баазад бэлтгэлээ хийсний дараа ийнхүү Европын холбооны улсыг зорьж байна. Универсиадын өмнөх Монголын гүйлтийн цанын баг тамирчдын Хандгайт дах бэлтгэл сургалтын үйл ажиллагаатай МОСХ-ноос танилцан, тамирчид, холбооны удирдлагатай уулзалт хийсэн байна.