Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 06,07-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар,  08-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Халх голын сав газраар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -26…-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29….-34 градус, өдөртөө -19….-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 07-нд ялимгүй цас, 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27…-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Татварыг багасгаж, аж ахуйн нэгжүүдээ чөмөг суулгах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт НЭМҮТ-ийн агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж “Жилд 7000 гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй нас бардаг” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Нийгэм судлаач, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянга “Улс үндэстэн талцах нь үндэсний дархлаанд шууд нөлөөлнө” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Татварыг багасгаж, аж ахуйн нэгжүүдээ чөмөг суулгах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ

  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Хөгжлийн банк 2025 онд хуулиа шинэчлэн батлуулж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ” хэмээн ярилаа.
  • Улс төр судлаач Т.Оюунбат “Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй” гэв.
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа
  • Нүүрсний экспортын орлого 8.6 тэрбум ам.доллар, эрдэс бүтээгдэхүүний экспорт 13.2 тэрбум ам.долларт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Украины армийн “ацан шалаа”

АРЫН НҮҮР: Популист улстөрчид сониноос зугтдаг!


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр захирамжаар байгуулагдсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2025.01.06/ боллоо.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын 21 гишүүн ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн энэ өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлттэй танилцан, хуулийн төслийг өргөн мэдүүлсэн Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хууль зүйн дүгнэлтэд тусгасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, илүү боловсронгуй болгох асуудлыг хөндөн ярилцав.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн ажлын хэсгийн гишүүдэд хуулийн төсөлтэй холбоотой саналаа томьёолон ажлын хэсэгт ирүүлэхийг үүрэг болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана DNN.mn

УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ удаагийн намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн билээ.

126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулганаар УИХ 2025 оны төсвөө хоёр удаа хэлэлцэн баталсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжинд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3050 орчим чингэлэг байна DNN.mn

12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 58 галт тэрэг гарсан байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 6100TEU буюу 3050 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар гарахаар хүлээгдэж буй 50 гаруй чингэлэг байна.

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 50-60 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 3-6 хоног, ЗҮ/Улаанбаатар чиглэлд 2-4 хоногт тээвэрлэгдэж байна.

Харин Ляньюнган боомт дээр ирсэн чингэлгүүд 120-аас дээш хоног галт тэрэгний хуваарь хүлээсээр байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 2087 чингэлэг байгаагаас: Ачаатай: 1727, Хоосон: 360 чингэлэг байна.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Parker Solar Probe станцын “Ногоон зүрх” DNN.mn

Манай нарны аймгийн ганц од буюу нарыг судлах Parker Solar Probe станц анх удаагаа нарны титэм гэгддэг давхарга руу ороод хэт халалтаас болж холбоо тасарсан билээ. НАСА-гийн Шинжлэх ухааны албаны дарга Никола Фокс ВВС-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүс нарыг олон зууны турш судалж ирсэн ч дэргэд нь очихоос нааш түүний орчны мандлын талаар тодорхой ойлголттой болж чадахгүй байсан. Иймээс бид Parker Solar Probe станцыг 2018 онд нар руу илгээсэн. Parker нарны титэм рүү орсон цагт л бид түүний орчин, мандлын талаар үнэн зөв мэдлэгтэй болно” гэж хэлжээ.

НАСА-гийн Parker Solar Probe станц нарны хажуугаар нийт 21 удаа өнгөрч байгаа бөгөөд хажуугаар нь өнгөрөх бүртээ улам бүр наранд ойртож, энэ жилийн Христийн мэндэлсний баярын өдрийн өмнө наранд ойртох дээд амжилт тогтоож байгаа юм. Энэ нь нарны гадаргуугаас 6.2 сая км зай учир бидэнд тийм ч ойрхон зай биш юм шиг санагдаж болох ч НАСА-гийн Никола Фокс үүнийг “Бид нарнаас 149 сая километрийн зайд оршдог. Хэрэв нар, дэлхий хоёрыг нэг метрийн зайд байрлуулбал манай станц нарнаас дөрвөн сантиметр зайд байна гэсэн үг.

Судалгааны станц энэ үед цельсийн 1400 хэмийн халуун температур болон өөрийн электрон төхөөрөмжүүдийг гэмтээж болох цацрагийг тэсвэрлэх ёстой. Энэ нь 11.5 см зузаантай нүүрстөрөгчийн нийлмэл бамбайгаар хамгаалагдсан манай станц бүрэн сүйрлээс зайлсхийхийн тулд нар руу өндөр хурдтайгаар ойртож мэдээллээ авсны дараа түүнээс маш хурдан холдох ёстой ажээ. Үнэндээ Parker Solar Probe станц хүний гараар бүтсэн бүх зүйлээс илүү хурдтай явж байгаа. Түүний хурд нь цагт 692 мянган км байх бөгөөд энэ нь Лондонгоос Нью-Йорк руу 30 секунд хүрэхгүй хугацаанд очиж чадна гэсэн үг юм. Уг станц наранд ойртох үед үүсэх асар их таталцлын хүчний нөлөөгөөр ийм их хурд гаргаж байгаа юм” гэж хэлжээ.

Сансрын хөлөг манай ганц од болох нарны гаднах агаар мандал буюу титэмийг дайран өнгөрөхөд олон нууц бидэнд тайлагдах болно гэж эрдэмтэд найдаж байна. Уэльсийн Оддын лабораторийн одон орон судлаач Женнифер Миллард “Нарны титэм маш халуун, яагаад гэдгийг бид одоогоор мэдэхгүй. Нарны гадаргуугийн температур 6000 орчим хэм байдаг. Гэвч нар хиртэх үед харагддаг гаднах агаар мандал болох титэм нь хэдэн сая градус хүртэл халдаг. Энэ нь нарнаас маш хол зайд байгаа зүйл юм. Тэгвэл яаж ийм их халуун болж байна вэ гэдэг бол том асуудал. Parker Solar Probe-ийн эрхэм зорилго нь нарны салхи, титэмээс цацагддаг цэнэгт бөөмсийн байнгын урсгалын талаар илүү ихийг мэдэхэд туслах зорилготой юм. Эдгээр бөөмс дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэхэд манай тэнгэрт туйлын гэрэл үзэгддэг. Гэвч сансрын цаг агаар гэж нэрлэгддэг энэхүү зүйл дэлхийн цахилгаан сүлжээ, электроник, харилцаа холбооны системийг эвдэж, асуудал үүсгэдэг. Иймээс нар, түүний идэвхжил, сансрын цаг агаар, нарны салхи зэргийг ойлгох нь дэлхий дээрх бидний өдөр тутмын амьдралд маш чухал зүйл юм” гэж хэлжээ. Ийнхүү Христийн мэндэлсний баяр болж байхад зөвхөн НАСА-гийн эрдэмтэд л холбоо барихаа больсон станцдаа санаа зовж, сандарсан байдалтай үлдсэн билээ. Никола Фокс сэтгүүлчдэд сандарч байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч энэхүү зоримог даалгавар амжилттай биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гээд “Бид мэдээж сансрын станцынхаа хувь заяанд санаа зовж байна. Гэхдээ бид сансрын энэ бүх харгис хэрцгий, хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлүүлэх гэж түүнийг зохион бүтээсэн. Энэ бол маш хүчтэй тоног төхөөрөмж. Манай станц хэвийн байна гэдгээ илтгэж, дэлхий рүү амьдрал бэлгэдсэн ногоон зүрх бүхий SMS илгээсний дараа авсан мэдээллээ дамжуулах болно” гэж хэлсэн билээ. Тэгвэл Parker Solar Probe станц бараг гурав хоног холбоогүй байсны дараа дэлхийд ногоон зүрхний зураг бүхий мессэж илгээж, НАСА өөрийн албан ёсны мэдээллийн хуудсанд “Нарыг ойрын зайнаас судлах энэхүү судалгаа нь бодисыг яг хэдэн сая градус хүртэл халдгийг илүү сайн ойлгох, нарны салхины үйл ажиллагаа буюу нарнаас ялгарах бөөмсийн тасралтгүй урсгал хэрхэн явагдаж буйг судлан гаргахад туслах хэмжилт хийх боломжийг бидэнд олголоо. Иймээс та бүхэн удахгүй өндөр энергитэй бөөмс хэрхэн, яаж гэрэлтэй ойролцоо хурдтай болдог учрыг мэдэж аваарай” гэж бичжээ.

НАСА-гийн нарыг тойрон нисэх үедээ дээд хурд авч, 700.000 км/ц буюу 194 км/с хурдалдаг Parker So­lar Probe төхөөрөмжийн нийт өртөг нь 1.5 тэрбум доллар юм. Энэхүү санц 2018 оны наймдугаар сарын 12-нд АНУ-ын Канаверал хошуунаас нар руу хөөрсөн билээ. Харин НАСА-гийн энэ станц нарыг анх удаа тойрох үеэр хийсэн хэмжилтүүд бүхий анхны шинжлэх ухааны мэдээллийг 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд дэлхий рүү илгээж байсан аж.

 

 

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа DNN.mn

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа.

Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтсан юм.

Ажлын хэсэг хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллана.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.

Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барьж байна.

Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын  эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-24 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн ирэх сарын 01-нд Парис хотноо эхэлнэ DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбооны шинэ оны тэмцээн Мараккогийн Касабланка хотод болох Африкийн нээлттэй тэмцээнээр эхэлж байгаа. Харин “Их дуулга”-ын цуврал тэмцээн ирэх сарын 1-нд эхлэх.

Тодруулбал, Францын Парис хотод ирэх сарын 1-нд “Их дуулга”-ын эхний цуврал тэмцээн болно. Энэхүү тэмцээн чансаагаараа Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг. Лос Анжелесийн олимпын мөчлөгийн анхны “Их дуулга”-д одоогоор 21 орны 150 гаруй жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин зодоглоно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд “Их дуулга” ангиллын 10, гранпри ангиллын гурван тэмцээн зохион байгуулагдах юм.

Categories
гадаад мэдээ

Вивек Мерти: Архи хорт хавдраар өвчлүүлж байна DNN.mn

АНУ-ын ерөнхий эмч Вивек Мерти архины хэрэглээг долоон төрлийн хорт хавдартай холбосон шинэ судалгаа хийхийг уриалав. Түүний хэлснээр архи нь хорт хавдар үүсгэдэг гэсэн анхааруулга тамхины хайрцагтай адил архины шошгон дээр байх ёстой юм байна.

АНУ-ын Холбооны Эрүүл Мэндийн албаны энэхүү дээд албан тушаалтан “АНУ-д архинаас болж жилд 100.000 хүн хорт хавдраар өвчилж буйгаас 20.000 нь нас барж, 13.500 автомашины осол гарч байна. Архи нь тамхи, таргалалтын дараа хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гурав дахь шалтгаан болж байна” гэж анхааруулсан мэдэгдэл гаргажээ. Вивек Мерти мөн ” Архины төрлөөс үл хамааран согтууруулах ундааны хэрэглээ болон хорт хавдрын эрсдэл хоёрын шууд хамаарал нь дор хаяж долоон төрлийн хорт хавдраар илэрч байна. Үүнд эмэгтэйчүүдийн хөхний хавдар болон хоолой, элэг, улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдрууд багтаж байна” гэж онцлов. тэрээр “зөвхөн шошгыг өөрчлөхөөс гадна архины хэрэглээний стандартыг шинэчлэн тогтоож, олон нийтийн боловсролыг дээшлүүлэхийг уриалах ёстой” гэв. Мөн эрүүл мэндийн ажилтнуудыг архины хордлого илрүүлэх шинжилгээнд хамруулахыг уриалж, шаардлагатай хүмүүсийг эмчилгээнд шилжүүлэхийг зөвлөсөн байна.

Архины шошгоны стандарт 1988 оноос хойш өөрчлөгдөөгүй бөгөөд үүнийг өөрчлөхийн тулд Конгрессын шийдвэр гарах шаардлагатай байгаа аж. Архи согтууруулах ундаа хэрэглэх нь жирэмсэн эхчүүд, жолооч, машин механизмтай ажилладаг хүмүүст аюултай гэдгийг анхааруулж байна.

АНУ-ын ерөнхий эмчийн албан тушаал нь Нийгмийн эрүүл мэндийн албаны ажилтнуудын тэргүүн бөгөөд Холбооны засгийн газрын нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх төлөөлөгч гэсэн үг юм байна. Иймээс Вивек Мертигийн энэхүү мэдэгдлийн дараа Хөрөнгийн бирж дээр АНУ-ын согтууруулах ундааны компаниудын хувьцаа дөрвөн хувиар унасан байна.