Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг 200 тонн мах нөөцөлжээ DNN.mn

Орхон аймаг өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 400 сая төгрөгөөр 200 тонн мах нөөцөлсөн байна.

Ирэх гуравдугаар сарын 1-нээс товлосон цэгүүдээр худалдаалах юм.

Харин өнөөдрийн байдлаар тус аймагт  Үхрийн цул махыг жижиглэнгээр кг нь 18000-19000 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Приус-20 автомашинтай бол авто зам ашигласны төлбөрт жилд 100 мянган төгрөг төлнө DNN.mn

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн НИТХ-ын тогтоолоор хэрэгжиж эхлээд байна.

Тухайлбал, Приус-20 автомашинтай бол авто зам ашигласны төлбөрт жилд 100 мянган төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, нэг сард 8333 төгрөг, харин өдөрт 278 төгрөгийг авто замыг ашиглахдөө төлнө. Харин хөдөлгүүрийн багтаамж 5000-аас дээш буюу жишээлэхэд Lexus 570 маркийн автомашин бол жилд 250 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлнө.

 

Энэ нь сард 20833 төгрөг, өдөрт 694 төгрөгийг авто зам ашиглалаа хэмээн төлж байна. Эдгээр татвар, хураамжаас олсон орлогыг нийслэлийн замын санд төвлөрүүлж, замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгаад байна.

 

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана DNN.mn

УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ удаагийн намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн билээ.

126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулганаар УИХ 2025 оны төсвөө хоёр удаа хэлэлцэн баталсан. Эхний баталсан төсөв дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авсан. Үндсэндээ намрын чуулганы ихэнх хугацаанд УИХ төсөв хэлэлцсэн.

Мөн  энэ удаагийн намрын чуулганаар УИХ олон жил гацсан уран болон Гашуунсухай-Ганмодны төмөр замыг холбох ажлыг эхлүүлэх УИХ-ын тогтоолыг баталсан.

Categories
мэдээ цаг-үе

Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ DNN.mn

Цэргийн бүртгэл  2025 оны нэгдүгээр сарын  сарын 6-наас 2-р сарын 10-ны хооронд явагдана. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд,

  • 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
  • 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
  • 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.

Мөн онлайнаар цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:

  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
  • Иргэний цахим үнэмлэх
  • Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг танилцуулж байна.

10-12-нд 09:00 цагаас

Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,

13-нд 13:00 цагаас

Шинэ үндсэн хуулийн 31 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

17-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

18-19-нд 09:00 цагаас

Жиүжицү бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,

20-22-нд 09:00 цагаас

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,

25-нд 11:00 цагаас

Талх Чихэр ХК-ийн “Хэвийн боовны баяр” уламжлалт аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан,

26-нд 13:00 цагаас

Улсын харцага цолны хүндэтгэл Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ цаг-үе

Толгойт, Баянхошуу, Хайлааст, Баруун 4 зам агаар маш их бохирдолтой байна DNN.mn

Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өнөөдөр 09:30 цагийн байдлаар Толгойт, Баянхошуу, Хайлааст, Баруун 4 зам, Сонгинохайрхан дүүрэг орчимд хамгийн их агаарын бохирдолтой байна.

Агаарын чанарын индексийн тоон утга нь: 

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг илэрхийлнэ.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар дараах найман асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Шинэ жилийн баяр, бүх нийтийн амралт таарсантай холбоотойгоор өнгөрч буй долоо хоногт УИХ-ын чуулган, намын бүлгүүд, байнгын хороод хуралдаагүй. Тэгвэл ирэх долоо хоногт хуваарийн дагуу хуралдахаар товложээ. Тодруулбал, маргааш /2024.01.06/ 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг тус тус хуралдах бол пүрэв, баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганаар нийт найман асуудал хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудлууд:

Пүрэв гараг

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

“Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Баасан гараг

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

IV улирлын төлбөрийн баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын  2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-ны 23:59 цагт хаагдана. Иймээс тус өдөрт багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

Иргэдийн хувьд 2024 оны 10-12  сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой юм.

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

З.Ядмаа: Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм

-ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ-


Өдрийн сонины 2013 оны архиваас………………….

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт шог зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай ярилцлаа. Тэр бүр олны өмнө ил гарч бүтээл туурвил хийгээд өөрийнхөө тухай яриад байдаггүй
эл эрхэм Зохиолчдын байгууллагын гал тогоог дөч шахам жил түшихдээ Явуу, Эрдэнэ, Гайтав, Чимидээс аваад үе үеийн бурхадтай ах дүү, багш шавийн барилдлагатай явсан билээ. Тэрээр “Зохиолчдын гэгээн шог”, “Зохиолчид инээлдсэн он жилүүд” зэрэг шог хошин зохиол мөн “Янгирын цэнхэр уулс”, “Их үдийн говь”, “Сэтгэлийн гэрэлт бүсгүй” зэрэг яруу найргийн номуудтай.

-Таныг чинь Зохиолчдын хороонд далаад оны эхээс аваад л зүүлттэй байсныг хүмүүс хэлдэг. Тэгэхээр хэдэн онд анх босгыг нь алхаж байв. Тэрхүү дурсамжаасаа хуваалцвал сонин байх болов уу?

-Далан дөрвөн оны долдугаар сарын найманд юм аа. Би гэдэг хүн Сономын Удвал  даргын тушаалаар Зохиолчдын хороонд ирж байлаа шүү дээ, базарваань. Хүмүүс намайг сүрхий том зохиолч л уригдаж ирсэн мэтээр ойлгож байгаа байх. Гэвч би чинь нягтлан бодогч хүн. Хоринхоёругаар автобаазын ахлах нягтлан
сөөсгөр залууг Зохиолчдын хороо нягтлангаараа авч байсан түүхтэй.

-Ядмаа зохиолчийг бүхий л насаараа зохиолчдын хорооны дансыг барьсныг уншигч олон гадарлана.  Харин та бол данс барих нэрээр зохиолчдоо шоголж
суусан хүн дээ?   

-Би чинь Санхүүгийн техникумыг хорин настай залуу төгсөөд Өмнөговь аймгийн захиргаанд хуваарилагдаж байлаа. Тухайн
үедээ бас л утга зохиолд зүрх сэтгэлээ өгч явсны илрэл биз дээ, өмнийн говийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгтэл жараад оны дундуур Зохиолчдын хорооноос зохион байгуулсан утга зохиолын өдрүүд Өмнөговь аймагт зохиогдохоор болдог юм аа. Хотоос С.Удвал дарга, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, Б.Бааст, С.Дашдэндэв гээд олон зохиолчид очлоо. Би бол яахав, эхлэн бичигч л байсан. Гэхдээ л Пүдо(Дэндэвийн Пүрэвдорж агсныг хэлж байна) багшийнхаа  хараанд өртсөн шиг байгаа юм. Сүүлд мэдэх нь ээ,  22 дугаар автобааз руу Пүдо багш Удвал даргын гарын үсэгтэй албан тоот хэд хэдэн удаа явуулж байж намайг зохиолч бурхадын  бөөрөнд авчирсан түүхтэй. Тухайн автобаазын дарга нь Баясах гэж хүн байлаа. Ц.Лоохууз нарын хэрэгт холбогдож байсан хүн л дээ.

-Ахлах нягтлангаа тийм ч амар тавьчихаагүй
байна даа?

-Үгүй яахав, дээ. Намайг Өмнөговиос ирээд байхад тэр хүн бааздаа авсан. Тиймээс явуулах дургүй байж л дээ. Удвал гуайн нэрээр Пүрэвдорж гуай мундагдаж байж л авсан байгаа юм. Зохиолчдын хороонд ирэхэд Хайдавданзангийн Цэвээн гэж сайхан буриад хөгшин санхүүг нь хариуцаж байсан. Тухайн цагт Зохиолчдын хороо гэдэг чинь  шат дүүрэн цэцэгтэй, шал дүүрэн хивстэй, өрөө
бүрээр нь зохиолчид дүүрсэн ордон байлаа шүү дээ. Урьд өмнө нь би тийм газар орж үзсэн биш. Наран тал руугаа харсан цацлын халбага шиг гурван давхар байшин байсан даа. Удвал гуай дарга, Түдэв гуай орлогч, Тарваа гуай “Цог” сэтгүүлийг, Эрдэнэ гуай
“Утга зохиол” сонинг, Явуу яруу найргийн зөвлөлийг, Пүрэвдорж утга зохиолын фонд, Ц.Мөнх гуай шүүмж судлал, Л.Чойжилсүрэн гуай үргэлжилсэн үг, Бааст гуай залуу зохиолчдыг хариуцаж байхад нь би нягтлангаар орсон юм. Тэр том том зохиолчидтой нэг дор ажиллана гэдэг бурханаас өгсөн шагнал юм даа. Анх ороход би хамгийн залуу нь байлаа. Хог цэвэрлэж, туг хатгахаас аваад бүх зүйлд тохоон томилогдоно.  Харин наяад оны дундуур О.Дашбалбар, Х.Мэргэн, Н.Энхбаяр, Л.Нарангэрэл, Р.Нарантуяа, Ц.Энхбат нар ирж хойноос (Горькийн сургууль) ирээд би гэдэг хүн өдөр тутмын ажлаас чөлөөлөгдсөн түүхтэй.

-Зохиолчдыг шоглодгоо та нэг л ярихгүй байна
даа. Илт тойроод байх чинь?

-Би ганцаараа тэр бурхадыг чинь шоглоод байсан юм биш. Зарим нь нэгнээ хэргээр явуулчихаад яалт ч үгүй баригдахдаа “Ядмаа л тэгж байна лээ” гээд намайгаа бариад өгчихдөг шиг байгаа
юм.

-“Буурал анчны домог” гэж хүн бүгдийг элэглэсэн
нэг найраглал бий дээ?

-Түүнийг чинь Пүрэвдорж багш, Дооров хоёр гаргасан юм. Жаран есөн онд шүү дээ. Тэр жил Зохиолчдын хорооны 40 жилийн ой болсон. Өмнөговь аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн хувьд би гэдэг хүн уригдлаа. Дуурийн театрт баярын хурал болсон санагдана.  Ринчен гуай, Дамдинсүрэн гуайгаас
аваад бүх л аваргууд байсан үе. Архангайн  О.Цэнд бид хоёр “Улаанбаатар” зочид буудалд нэг өрөөнд хамт байлаа. Тухайн үеэр л “Буурал анчны домог”  гарсан даа. “Бямбын Ринчен шиг буурал анчин Жүгдэрийн Дамдин шиг их буугаа үүрээдБабын Ахтаан шиг бүргэд мөрөндөө суулгажБөхийн Бааст шиг хав нохойгоо дагуулаад…” гээд эхэлдэг шүү дээ.

Ахмадуудын тухай дурсаач. Явуу, Эрдэнэ, Гайтав… өөр хэн ч байж болно?

-Дурсвал бүгдийг нь л дурсмаар байна. Тэр аваргуудыг
чинь мөнхийн юм шиг л бодож явж дээ. Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм даа. Бид чинь хавар, зуны хэдэн сар ирээд буцаж буй шувууд юм уу даа. Далан дөрвөн онд Удвал гуай эмэгтэйчүүдийн байгууллагын  ажил руу яваад өглөө. Түүний оронд Л.Түдэв гуай дарга боллоо. Нэг өдөр Түдэв даргын үүдэнд Явуу сууж байх юм. “Та энд юу хийж байгаа юм” гэхэд, дарга намайг дуудаад гэж байна. Уучихсан байгаа нь царайнаас нь илт ээ, улаа бутраад л. Гэвч сонин зажилчихсан сууна. Даргадаа үнэртүүлэхгүй гэж тэр шүү дээ. Далаад он чинь Явуугийн жинхэнэ мандаж байсан үе биз  дээ. Энгэртээтөрийн шагналын тэмдэг гялалзуулчихсан дорнын их найрагч тийм л жудагтай байсан.  Дарга нараа тэгж л хүндэтгэж байсан. Одоо бол манай зохиолчид ямар болсныг мэдэхгүй юм аа.

Танаас Пүрэвдорж, Дооровын тухай асуулгүй өнгөрч боломгүй л байх юм?

-Дооровыг өнгөрсний дараа Х.Зандраабайдытай хамтарч
“Дэлгэрхангай уулан дээрээс дэлхий харсан Дооров” гэсэн ном гаргаж байлаа. Миний санаачилсан ном л доо. Хоёр гурван жил хөөцөлдөж байж гаргасан юм даг. Дараа нь Пүрэвдорж гуайн тухай дурсамжийн ном хийсэн. “Тэнгэрлэг найрагч” гэсэн ном. Түүнээ гаргачихаад  Төрбат, Зандраабайды бид гурав аваачиж өгч байв. “Та нар хэдийдээ ийм ном гаргачихав” гэж өвгөн багш минь ихэд баярлаж байсан. Ингэж л би багшийнхаа амьдад номон
суварга босгосон хүн юм. Үхсэн хойно нь магтаад хэрэггүй, амьд дээр нь баярлуулах шиг сайхан юм үгүй гэдгийг тэгэхэд бие сэтгэлээрээ ойлгож байлаа. Дооров өрөөндөө духайчихаад л пал пал хийтэл  инээгээд, ганган трубээрээ тамхиа нэрээд,
хөдөө гадаан голдуу хүмүүс тойруулаад ихэд баясалтай хөхин сууж байдаг сан. Мань хүн бусдыг явуулах, хошин яриа хөөрөө гаргахдаа цаанаа л нигууртай. Ямар сайндаа
Горький төгсөж ирсэн зохиолчдоос өөрийнхөө зохиосон изм-ын тухай асуугаад бантанг нь хутгаж байхав дээ. “Цаана чинь “сунтагизм” гэж нэг сүрхий нэр томъёо, утга зохиолын изм гарчээ” гээд өнөө хэдийгээ байдалд оруулчихна. Нэг удаа  Д.Пүрэвдорж гуайгаас асуудгийн даваан дээр Эрдэнэ гуай “Чи битгий нохойтоод
бай л даа” гээд болиулсан гэдэг. Сүүлд багш энэ тухай “Дооров хэрвээ надаас тэгж асуусан бол би баараггүй худлаа ярина. Үзсэн юм шиг л гөрөх байсан” гээд инээд алдаж байсныг санаж байна.

-Зохиолчдынхоо хөгжөөнтэй явдлуудаас ярихгүй
юу. Уншигч олон танаас тийм л зүйл хүсэх нь мэдээж?

-Жамсрангийн Лодой гэж үг газар гээдэггүй, егзгөр буриад хөгшин байлаа. Лодой зохиолч нэг удаа бууз хийхээр үхрийн толгой шулсан байгаа юм. Тэр нь өдөржингийн  юм болж л дээ. Оройхон хэрд гэргий нь уурлаад “Лодой минь дээ чи арай л удаж байгаа юм биш үү” гэхэд, идэж байгаа юм биш болохоор
болохгүй байна ш дэ гэж учирласан удаатай. Бас мань хүн нэг удаа Их дэлгүүрт оочерлож байж. Тэгтэл халаасанд нь гар ороод ирж. Чанга гэгч нь атгаж аваад Лодой гуай “За хүү минь чи байтугай өвгөн би өөрөө мөнгөө олохгү байна аа. Энэ золигийн халаас
нь цоорчихож ээ” гэж үнэнээ хэлсэн гэдэг. Одоо Пүрэвдорж багштай холбоотой түүх ярья.  Мань хүн Сэлэнгэ аймагт очиход Хасбазар гэж дарга угтаж авсан байна. Тэр чинь жараад оны сүүл үе. Пүдо багш өнөө даргад “Танай нутгийн тухай нэг аятайхан шүлэг байна. Та сонссон уу”гээд ингэж уншсан байгаа юм.

“Мохоорын үнэр ханхалсан

Модон байшинд төрсөн би

Моодон сүүлтэй гахайгаа

Морио гэж хайрладаг

Модон торхтой бараашигаа

Эхийнхээ сүү шиг санадаг

Монхор хамартай аавыгаа

Папа гэж дууддаг” гэжээ. Сэлэнгийнхнийг олон зүйлээр дайруулж хэлсэн хэрэг шүү. Өнөө дарга “Би огт сонсоогүй юм байна” гэснээ гэнэт  түсхийтэл инээсэн гэдэг шүү. Харин Пүрэвдорж багшийг Горькийн сургуульд явахад  Ламзавын Ванган гуай “За би чамд сайн сураарай, олон сайхан шүлэг найраглал бичээрэй, утга зохиолын олон нөхөдтэй болоорой гэж хэлэхгүй. Харин чи Москвад зам хөндлөн гарахдаа хоёр талдаа таван бүдүүн орос авгайтай л гардаг юм шүү” гэж аминчлан захисан байдаг. Пунцагийн Бадарчаас “Болор цом” наадам хэн хэн шүлгээ уншив гэж нэг нь асуужээ л дээ. Тэгэхэд нь буурал найрагч

“Өвгөн Дооров халирч уншив

Өндөр Цоодол хөлөрч уншив

Бавуугийн Лхагвасүрэн шатаж уншив

Барнангийн Доржпалам шартаж  уншив

Шаравын Сүрэнжав хөл хальтарч уншив

Шагдарын Уянга хэл хальтирч уншив

Дарьгангын Дашбалбар давшилж уншив

Дэрэнгийн Чимэддорж дэвсэлж уншив

Баргын Дулмаа шил гялалзуулж уншив

Бямбажавын Энхтуяа гуя гялалзуулж уншив” хэмээн тэр дор нь хариулжээ. Энэ мэт зохиолчдын шогийг ярьвал барахгүй ээ.

-П.Пүрэвсүрэн зохиолч угаалгын машинд бараашиг
эсгэсэн гэх яриаг бас л та гаргасан санагадана?

-Би гаргах юу байхав, болсон явдал юм чинь. Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн, “Тоншуул”-ын зураач Арнайн Гүрсэд хоёр нэг “юм” зохицуулъя гэтэл мөнгө нь дутжээ. Тэр даруй хоёул
нэг арга бодож олсон байгаа юм. Байгаа мөнгөөрөө түргэн эсгэгч, элсэн саахар аваад Пүрэвсүрэнгийнд очжээ. Тэдний шинэхэн аваад байсан угаалгын машинд буцалсан ус хийгээд саахар, исгэгчээ хийчихэж.Тэгээд цаг орчим нижигнүүлж байгаад гайгүйхэн шиг шуугиулж аваад өнөөхөө ууж суусан түүхтэй. Ийм л золигийн хүмүүс дээ, манайхан чинь.

-Та бол Дундговийн Дэлгэрхангай сумынх. Олон зохиолч төрсөн нутаг даа?

-Өө тэгэлгүй яахав. Мань мэт шиг амьтад нь багтахгүй л дээ. С.Буяннэмэх, С.Дашдооров, за тэгээд Дарамын Батбаяр гээд явна. “Ардын эрх”-ийн Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн, “Морьтой ч болоосой”-гийн Гончиг буюу гавьяат Батсүх, мөн алиалагч Батсүх, морины Нансалмаа гээд манайхаас чинь хичнээн ч гавьяат
төрсөн юм бэ дээ. Сүүлд нь миний бие зохиолч нөхдөө
дурсах гэсэн юм. Дэмбээгийн Мягмар гэж агуу хүн байлаа. Түүний “Найрын ширээний ууц” гэдэг ганцхан жүжгээр л Улсын
драмын театр жилдээ сая төгрөг олсон гэдэг. Мөнгө хатуу цагийн сая төгрөг гээд бодохгүй юу. Тэгтэл өнөөдөр гэргий хүүхэд
нь айлын царай харж, бараг гудманд шахуу амьдарч байна. Мөн Жигжидийн Бямбааг дурсмаар байх юм . “Үнэний хорвоо”, “Хорвоогий өнгө” гэх номуудтай хүн. Яг энүүхэндээ хэлэхэд өвгөн ахад нь уулзах зохиолчид өдөр ирэх тусам л ховордоод байх
юм аа. Зон-Пай-Жингийн Баттулга гэж бас л сонин зохиолч байсныг манайхан мэднэ. “Хөх тэнгэр” романаас аваад тухайн үедээ шуугиантай дедегтив зохиолууд бичиж байсан хүн шүү дээ. Түүнийг далаад оны эхээр Түдэв дарга хороонд дуудаад номын санчаар ажиллуулж байсан. Бид хоёр нэг өрөөнд суудаг байлаа. Орос авгайтай байсан хүн. Дараа нь түүнээсээ салаад залуухан хүүхэнтэй суугаад Дархан явсан. Тэгээд бараа тасарсан
даа. Горький төгсч ирсэн хүн шүү дээ. НАХЯ-нд ажиллаж байсан. Мөн Нанзадын Надмид гэж сайхан хөгшин байлаа. Түүнийг дурсах нь бүү хэл мэддэг хүн өнөөдөр ховор болжээ. Тэрээр Зохиолчдын хороонд жижүүр хийж байхдаа “Хүлээс алдарсан
нь” зохиолоо бичсэн юм шүү дээ. Бид бурханы оронд  хэдийнэ одсон бурхадыгаа хаа нэг дурсаж, зохиол бүтээлийг энд тэнд ярьж, гэргий хүүхдүүдтэй нь уулзаж ойр дотно байх хэрэгтэй.
Ах нь ингэж л боддог оо.

Ярилцсан
Н.Гантулга

Categories
булангууд мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Тэр хоёр хамгийн том мөрөөдлөө биелүүлжээ DNN.mn

-С.Мягмар гуайнх театртаа гүйлс цэцэглэсний баяраа тэмдэглэж урлагийнхныг бөөнөөр нь цуглууллаа-


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………

Ингэхэд бид айлд өнжчихөв үү, театрт өнжив үү гэдгээ ялгахаа байчихаад байна. “Танайд өнжье” сурвалжлагаа бэлтгэхээр найруулагч, зураач С.Мягмар гуайн гэрийг нь өнгөрсөн баасан гаригт зорьсон юм. Эднийх Монголын үндэсний радио, телевизийн баруун урд, Эх нялхсын үндэсний төвийн хойно байдаг. Хашааных нь хаалгаар ормогц нарс, гацуур, гүйлс гэхчлэн төрөл төрлийн модот бяцхан цэцэрлэгт хүрээ­лэн, гадна хаяг, пасад сэлт нь хар, улаан өнгөний зохицол бүхий “Black box” орчин үеийн театрын хоёр давхар барилга, мансардтай цав цагаан сууц угтав. Цагаан сууц нь эдний гэр-урлан, эндээ аж төрж, уран бүтээлээ хийдэг юм байна. Гүйлс цэцэглэж, өмнөх хэдэн өдрийн цас, борооны дараа ч балжингарам тэргүүт цэцэгс мөн өндийн ургаж эхэлж байна. С.Мягмар гуайн гэргий Чойсүрэнгийн Одончимэг театр судлаач юм. Тэрбээр цэцэг, мод, төрөл бүрийн ургамал тарих хоббитой, тэднээ хүүхэд шиг энхрийлэн арчилдаг нь илэрхий. Манай хоёр энэ өдөр “Гүйлс цэцэглэсний баяр” хийхээр найз нөхдөө урьчихаад хүлээж байхад нь бид яваад орчихсон хэрэг. Гүйлс цэцэглэсний баяр үдэш 18.00 цагт эхэлнэ гэв. Баяраа цэцэрлэгтээ хийхээр шийдээд байсан ч ширүүн бороо орсоор тул зочдоо театртаа хүлээж авахаар болов. Орой болохоос өмнө бид гэр бүлийн хоёртой залуу нас, хайр дурлал,  гэр бүл болсон үүх түүх, аж амьдрал, уран бүтээлийнх нь сонин сайхнаас хуваалцаж амжлаа. С.Мягмар, Ч.Одончимэг хоёр Оросын Москва орчмын Ярославскийн галт тэргэнд танилцжээ. “Буудалд учирсан хоёр” хэмээх Оросын уран сайхны киноны нэр санаанд бууж байна.

Дээд давхрын ажлын өрөөнд байх дурсгалын зүйлс дотор ачаатай тэмээ, жижигхэн цэн­хэр саарал илжиг хоёрыг зэрэгцүүлэн тавьжээ. Арабын Эмиратаас авчирсан дурсгал гэнэ. “Цай цүй, алт эрдэнэсийн авдар сэлтээ ачаад явж байгаа тэмээ нь Мягмар, илжиг нь би” гэж Одончимэг гуай хошигнов. Энд номын сангийн хэсэг, төгөлдөр хуур, Одончимэг гуайн ажлын ширээ компьютер, буйдан ор байхын хамт янз бүрийн гар урлалын зүйлс, гар хийцийн машины цуглуулга, бэлэг дурсгалын зүйлс дүүрэн. Доод давхарт “Боролдой” студийн техник хэрэгсэл, компьютерүүд, зураг авалтын хэсэг, бас гал тогоо байна. Дотоод засал нь нэн этгээд. Ханын цаас, гял цал тавилга мэтийн нийтлэг шийдэл эднийд үгүй. Мягмар найруулагч бүгдийг өөрийн мэдрэмж таашаалд нийцүүлсэн гэж байв. Одоо бидний яриа гал тогооны хэсэгт байх хоолны ширээний ард өрнөж байна. “Залуу техникчдийн үзэсгэлэн Москвад болдог байлаа. Би Багшийн дээдийг төгсчихсөн, Залуу техникчдийн ордонд ажиллаж байв. Монголын залуучуудын шинжлэх ухаан, техникийн бүтээлүүдийн үзэсгэлэнг Москвад гаргах ёстой. Би зураачаар нь, хоёулхнаа ачаагаа ачаад, Москва орох галт тэргэнд явж байлаа. Москвад хүрэх замд Ярославль гээд нэг газар байдаг юм. Тэндэхийн буудал дээр галт тэрэг зогсч, нэг эмэгтэй ороод ирэв. Коридорт суугаад байна. Би дуучин Ц.Ерөө эгчтэй цуг нэг купенд явж байсан юм. Ерөө эгч “Эмэгтэй хүн гадаа суугаад байхад оруулж ирээч” гэж байна. Очлоо, зөндөө юм ярилаа. Би урлагийн тухай л яриад байсан. Яг буухынхаа өмнө чи аль сургуульд сурдаг вэ гэж асуусанд нөгөө эмэгтэй чинь Театр урлагийн дээд сургуульд сурдаг гэхгүй юу. Би ч баахан урлагийн тухай цуурч цуурчихсандаа ихэд ичиж билээ. Тэгж бид хоёр танилцаж, богинохон хугацаанд бие биедээ хайртай болж, дараа жил нь гэрлэсэн дээ. Заяаны хань минь зам дээр тэгж таарсан” гэж Мягмар гуай дурсамжаа сөхсөн юм. Энэ үед Одончимэг гуай хорин тавтай, театр урлагийн дээд сургуулийн төгсөх курсийн оюутан, Мягмар гуай хорин долоотой байжээ. Ингэж Ярославлийн галт тэрэгний буудалд учирсан хос амьдралаа зохиож, хоёр хүү, дөрвөн ачтай болжээ. Энэ гэр бүлийн гол онцлог нь бүгдээрээ мэргэжлийн театр, киноны уран бүтээлчид юм. Одончимэг гуайтай цуг Москвагийн театр урлагийн дээд сургуулийг Лхасүрэн, И.Нямгаваа, Б.Мөнхдорж найруулагч нар, бүжиг дэглээч С.Сүхбаатар нар цуг сурч төгсчээ. Тэгээд уулзахаар очиход нөгөө хэдэн харцуул нь Одончимэгээ харамлаад, нэг нэгээрээ гарч ирэн элдвийг асууж шалгаагаад байдаг байж. Одончимэг гуай өмнө нь Хөгжим бүжгийн дунд сургуулийг хийлчээр төгсч Дуурийн театрт ажиллаж байгаад Москва руу театрын сургуульд явсан юм билээ. Уг нь Свердловскийн Консерваторийн хөгжим суд­лаачийн ангид сура­хаар очсон ч театрын сургуулиар сольсон гэнэ. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт ирж Сугар найруулагчтай, дараа нь Лхасүрэн, Нямгаваа нартай ажиллажээ. Сүүлд наян хэдэн онд Драмын театрт орж Доржсамбуу, Мөнхдорж, Найдандорж гээд бараг бүх найруулагчтай ажилласан гэж байв. Хэдийгээр дандаа реалист жүжгүүд тавьж байсан ч гэлээ маш цэгцтэй, замбараатай бүтээл гаргадаг байсан. Өнөөгийн тайзны урлагийн амьдралыг харахад хэн дуртай нь дурын юмаа хийдэг, урын сангийн бодлого алдагдчихсан, дээрээс нь элдэв янзын хошин шог мэтийн хүнд юу өгөх, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй их эмх замбараагүй болж гэлээ. Өнөөдөр оюунлаг цөөнхийн цуглардаг газар болоод байгаа “Black box” театрыг дан ганц Мягмар гуайн “бүтээл” гэж бодож байсан минь бяцхан эндүүрэл байж. Наяас ерээд оны Хүүхэд, залуучуудын болон Драмын театруудын урын сангийн бодлогын гол судсыг нь барилцаж байсан театрын утга зохиолын ажилтан, судлаач Ч.Одончимэг гуай яалт ч үгүй “Black box”-ын ард байгаа олон нийтэд бол “нууц хатагтай” ажээ. Мэргэжил, хүсэл сонирхлоороо нэгдмэл нөхөр, эхнэр хоёрын хамгийн том мөрөөдөл нь хувийн театртай болох. Хүсэл мөрөөдлөө биелүүлж театрынхаа үндэс суурийг хэзээ хэрхэн тавьсан тухайгаа ярьж өгөв.  Тэр хоёр мөрөөдлөөрөө амьдралаа босгох гэж, мөрөөдлөө бодитой болгох гэж явсаар өдий хүрчээ. Гэр бүл болсны дараа гэргий нь нөхрөө хойшоо сургуульд явахыг зөвлөж, нөхөр ч Багшийн дээд төгсөөд ажиллаж байсан хэрнээ явахаар шийджээ. Эргэн тойрны найз нөхөд нь тухайн үеийнхээ маш өндөр соёл боловсролтой улс бай­сан гэнэ. Зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин гээд л. Энхжин гуай тэр үед Германд сургууль төгсөөд ирчихсэн, жинхэнэ хийсвэр урлаг, гайхамшигтай уран зургууд, цоо шинэ Европ стилиэрээ социалист реалист амьдрал дундуур гэрэл гэгээ болон орж ирж байсан үе гэв. Гэргий нь театр, урлаг судлаач боловч нэг л урсгал чиглэлийг барьж байсан учир нэг их судлаад сүйд болох юм байгаагүй гэнэ. “Бусад урсгал орж ирэх хориотой. Барууны үзэл сурталд автлаа гэдэг нэрийн дор тэр зүгийн ололтыг оруулж ирэх хориотой үед урлаг судлаач, театр судлаач байна гэдэг хэцүү. Тэгээд ч цөөхөн хүн амтай, цөөхөн найруулагчтай нөхцөлд судлаад л ухаад төнхөөд байх юм байхгүй. Гэвч гэргий минь гол нь театрын урын сангийн бодлого руу орсон. Тэр үеийн залуу жүжигчид манай хүнийг “ерөөсөө л гадаад эгч ороод ирсэн” гэж одоо ч ярьдаг юм. Гадаад эгч гэдэг нь тэр өндөр боловсрол, өндөр соёл, мэдлэг, Москвагийн номын санг ухсан агуу их туршлага чинь л театрт урын сангийн бодлого болж орж ирж байгаа юм л даа. Гэхдээ социалист реалист жаазан дотроо” гэж Мягмар найруулагч тайлбарлаж байна. Тэгээд гэргийнхээ зөвлөснөөр Москвагийн Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явж, хүүхэлдэйн киноны найруулагч, зураа­чаар төгсч иржээ. Хэн хэнийх нь сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил нэгэн том мөрөөдлийг бий болгосон нь хувийн театртай болох байв. Эхнэр нь театрт, өөрөө Теле кино үйлдвэрт хүүхэлдэйн кинонд ажиллаж эхэлсэн. байна. Монголдоо бие дааж хийсэн анхны хүүхэлдэйн кинонуудыг С.Мягмар гуай хийсэн гэнэ. Анхны зураг авдаг төхөөрөмжөө тавьж, “Өвгөн, арслан хоёр”, “Арван хоёр жил” гэхчлэн хүүхэлдэйн кинонуудаа хийжээ. “Арван хоёр жил”-ийг оросуудтай, Тэмүүжингийн тухай, монгол хүүхдийн тухай “Анхны ав” нэртэй хүүхэлдэйн киногоо америкчуудтай хамтарч хий­сэн байна. Ингэж Мон­голд хүүхэлдэйн кино бий болжээ. Дараа нь зах зээлийн бужигнаан эхлэхэд PR-ийн чиглэлийг барьж авч. Тэр хооронд Хүүхэд, залуучуудын театрт зураачаар бас ажиллаж байсан гэнэ. Тэрбээр “Нямгаваа бид хоёр Хүүхэд, залуучуудын театрт, Доржсамбуу, зураач Төмөрхуяг хоёр Драмын театрт хоорондоо өрсөлддөг байлаа” гэсэн юм. Эдний гэр бүлийн орчинд театр, кино хэмээх урлагийн хоёр том чиглэл байна. Гэргий Одончимэгийнх нь өвөө Жамьян ардын хувьсгал ялсны дараахан  Ховдод хувийн гэрийн театртай байжээ. Дуу, хөгжмөөс гадна, жүжиг ч тоглодог байсан тухай сонирхуулав. Одоо Ховдын театрыг түүний хүү, нэрт удирдаач Ж.Чулууны нэрэмжит гэдгээр нь манайхан мэдэх биз ээ. Энэ нь тэртээх мянга есөн зуун хорин хэдэн оны театрын уламжлал юм. Нэрт удирдаач Ж.Чулуун түүний үеэл бол Ч.Жамсранжав удирдаач түүний төрсөн ах нь юм.
“Бид хоёрын хамгийн том мөрөөдөл болсон хувийн театраа эдийн засаг хүнд үед зах юм уу, дэлгүүр болго­чихоод түрээсийг нь аваад амьдраад байж болох л байсан байх. Гэвч өөрийн театртай байгаад, өөрсдөө жүжиг хийж үзээд, мөрөөдлөө биелүүлж, тэр их уншсан мэдсэнийхээ үр дүнг үзэхийн төлөө явж байгаад энэ театраа барьсан юм. Нэг мэдсэн чинь л театраа бариад эхэлсэн. 2002 онд театраа барьсан. Тав зургаан жил болж байна даа” гэж Мягмар гуай ярилаа. Түүнийг  хүмүүс голдуу “Боролдой”-н Мягмар гэж студийнх нь нэрээр тодотгодог. Гэтэл бага хүүгийнх нь нэр Боролдой аж.  Хүүдээ яагаад Боролдой гэж нэр өгсний учир нь “Боролдойн цаг” хүүхдийн нэвтрүүлэг хийж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Эхнэр нь хүүгээ төрүүлээд амаржих газраас гэртээ гарч ирэхэд аав нь хүүдээ энэ нэрийг өгчихсөн байсан гэнэ. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс маш их хайр халамж шаарддаг гэж Одончимэг гуай ярилаа. “Хэрвээ эр хүний дэргэд хань ижил нь сайн байж хийморь лундааг нь өргөж явах юм бол сайхан амьдардаг. Эр хүний сүр сүлдийг нь муутгаад ирэх юм бол архичны амьдрал руу орчихдог юм байна гэж би боддог юм. Дөрөв дөрвөн жил тутамд болж байгаа энэ олон сонгуулийг дагаад хүний амьдрал ч бас доргидог. Анх манайх юун дээр боссон бэ гэхээр, телевизийн хашаан дотор нэг уурын зуух байдаг байв. Одоо ч бий. Тэр уурын зуухыг Мягмар маань бүтэн сар цэвэрлээд, орой нь уурын зуухны галч шиг болчихсон орж ирдэг байсан. Тэгж байж анхны хүүхэлдэйн киноны студиэ бий болгож байсан юм. Бадар-Уугантай цуг телевизээс хөөгдөж ч үзсэн. Зах зээлд шилжихэд юугаа ч мэдэхгүй явж байхдаа, арайхийж бий болгосон студийн төхөөрөмжөө бүгдийг нь хураалгачихаад монгол эсгий гэрт ч байрлаж үзжээ. Хичнээн олон сайхан уран бүтээлчид тэр үед хөл алдаж архинд орж, зарим нь чадал нь барагдаж, насаа ч алдаж байсан. Тийм үед унаж тусахгүйгээр амьдралаа авч явж, урагшлах тоолондоо ахиц гаргаж ирсэнд нь би нөхөртөө маш их баярлаж явдаг. Манай хүн их дураараа, зоргоороо хүн. Зоргоороо ч байж мөрөөдлөө биелүүлэх гэж цуцалтгүй зүтгэж, хажууд нь би түшиг тулгуур нь байж, ингэж л бид хоёр мөрөөдөлдөө хүрсэн” гэсэн юм. Эдний том хүү Ангараг нь англи, герман, франц, орос, япон хэлтэй. Бага нь англи, орос, хятад хэлтэй гэнэ. Хэл гэдэг боловсрол олж авах хамгийн том суурь гэж хоёул үздэг гэнэ. Том хүү нь Германд урлагийн дээд сургууль төгссөн, зураглаач мэргэжилтэй юм байна. Дараа нь Японд төрийн удирдлагын чиглэлээр сурч төгсчээ. Одоо төрийн байгууллагад ажилладаг бол бага хүү Боролдой нь БНХАУ-ын Драмын урлагийн академийг төгсчээ. “Найруулагч болох болов уу, их нарийн мэдрэмжтэй, хөгжмийн маш нарийн мэдрэмжтэй, сэтгэлгээ нь их өвөрмөц” гэж Мягмар гуай бага хүүгээ магтав. Найруулагчийн өөрийнх нь тодорхойлсноор эднийх жинхэнэ пост модернист гэр бүл аж. Театр нь ч пост модернист жүжгүүд тавьдаг. Дандаа хурц хурц, сонгомол жүжгүүдийн эмхэтгэл хийж байгаа юм хэмээн гэрийн эзэн хошигносон нь энэ гэр бүлийн тун оновчтой тодотгол. “Пост модернист нийт арван зургаан жүжиг нийслэлийнхэндээ үзүүлчих санаатай, эхний долоон жүжгээ үзүүлчихээд байна. Театр гэдэг маань их том нүсэр юм байдаггүй юм аа. Театр чинь ерөөсөө эргээд цөөн үзэгчдэдээ ойрхон байж, хоорондын ярилцлага болж хувирч байж, нэгнээ мэдэрч байж амилдаг юм аа. Хуучны, театр анх бий болж байсан тэр хэлбэр рүү бид орж байна. Оросын том баячууд хувийн том театртай, тэндээ ном уншдаг, Достоевскийн романыг хэдэн өдөр дараалан цуглаж сууж сонсдог, жүжигчид нь тоглодог, том том заалуудтай, урлагийн меценатууд нь тэгж урлагийг дэмжиж явсан. Тэр хэлбэр рүү л орж байгаа юм” гэв. Эдгээр жүжиг нь Соёлын яам, Олон нийтийн телевизийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа юм байна. Олон удаа тоглодоггүй, нэг жүжгийг сайндаа л мянга гаруй, хоёр мянга орчим хүн үзэж байгаа болов уу гэж байв. Ер нь энэ хэдэн жилд оюуны их хомсдолд орчихлоо гэж театрын, гэрийн эзэн хэллээ. Хоолны мөнгөө олох гээд завгүй ажиллаж байгаа хүмүүс амрахаараа хошин шог үзэж стрессээ тайлдаг, эсвэл нэг их уйлдаг жүжиг, үгүй бол солонгос кино үзвэл сайхан байх жишээтэй болчихлоо хэмээн ихэд санаа зовниж байна. Ийм үед нийгэмд оюуны тэжээл болгож, театртаа тавьж байгаа сонгомол жүжгүүдээ телевизээр үзүүлэхээр зорьж байгаа аж. Театр бол энэ хоёрын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлсэн нь атаархмаар. Атаархмаар төдийгүй арай өөрөөр сэтгэхийг хүссэн үзэгчдийн ч мөрөөдлийг давхар биелүүлж байгаа нь гайхамшиг юм. Энэ хооронд олон ч уран бүтээлч эдний дэргэдээс төрж, “Hero еntertianment”-аас эхлээд өөрийн бяцхан вант улсыг ч байгуулж авцгаагаад буй. Эдний театр дэлхийн сонгомол реалист, авангард жүжгүүдээ өнгөрсөн арваннэгдүгээр сард тавьж эхэлсэн. Үүгээр С.Мягмар гуайн театр манай театр урлагт одоо хэр хоосон байсаар байгаа орон зайг хийсвэр сэтгэлгээний жүжгүүд, туурвил зүйн болон тайзны авангард тавилтуудаараа нөхөж гарч ирсэн. Энэ нь хэдхэн сарын дотор хэдийнэ нийгмийн оюунлаг хэсгийн сонголт болж чаджээ. Харин өмнө нь “арт фильм” буюу жинхэнэ кино урлагийг нийтэд үзүүлж, олон улсын кино өдрүүдийг зохион явуулж байв.


“Ерэн оноос монголчууд бид улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөгөө олж аваад эргээд нэг харсан чинь оюуны эрх чөлөө гэж байхгүй, социалист реализм өөрийн инерциэрээ хориод жил явчихсан, одоо хүртэл үзэл суртал бүхий киног хүмүүс телевизээр үзэж байгаа нь харамсалтай. Гэтэл хүний оюун ухаан бодит, реалист байхаас гадна хийсвэрлэн бодохуй гэж агуу их орон зай байдаг. Хийсвэрлэж бодож байгаа тэр газар л урлаг, уран бүтээл илүү эрх чөлөөтэй болж эхэлдэг. Энэ орон зай руу бид орж байна. Эхлээд бид жүжгээр орж байгаа, дараа нь киногоор энэ орон зайд хандана” гэж тэрбээр театрынхаа урын сангийн бодлого, байр суурь, ирээдүйг товчхон танилцууллаа. Энэ чиглэлээр хүү Боролдой нь нэг кино хийгээд байгаа гэнэ. Арт фильм болж чадсан гэж аав нь үзэж байгаа юм байна. Ер нь оюуны хийсвэрлэлээр уран бүтээлийн эрх чөлөөнд хүрэх нь энэ гэр бүлийн зорилго аж. Ийм чиглэлээр манайхан бүтээл хийх болол­цоо тун хомс байгааг мөн найруулагч онцолно лээ. Бүх урлагийн суурь нь уран зохиол. Уран зохиолын хөг­жил дэвшлээс үүдэж, түүний сэтгэлгээний хэлбэр, хэв маягаас үүдэж урлаг тэлж хөгжиж байдаг. Үүнээс үүдэж хөгжим, театр, кино, хүүхэлдэйн кино буй болдог. Тэгэхээр зохиолчид маань их эрэл хайгуул хийгээсэй гэсэн чин хүсэлтэй явдаг гэнэ. Одоо юу ч хамаагүй бичиж ном хэвлүүлээд арилжиж, арилжааны уран зохиол хийгээд байгаа нь бусад урлагийн зохион туурвигчдад таатай санагдахгүй байгааг онцолж байв. Ер нь ч жинхэнэ уран бүтээл хийдэг хүмүүс баян цатгалан явсан түүх үгүй гэж тэрбээр зохиолч, уран бүтээлчдэд хандан хэлэв. Мягмар найруулагч манайд оюуны тэсрэлт хийсэн хоёр гурван үзэгдэл бий, агуу их Д.Нацагдорж, хойшлоод Д.Урианхай гуай, ерээд оныхны нэг Уриадайн Шигүүргэ гэж тоймлож буй аж. Харин эртний уран зохиолд Агваанхайдав, хуульч Сандаг нарын бүтээлүүдийг сэтгэлгээний гайхамшигтай зохиол гэж үздэгээ хэлэв. Хуульч Сандагийн “Салхинд хийссэн хамхуулын үг”, Агваанхайдав гуайн “Бие, сэт­гэл, бодгаль гурав ярилцсан нь” зэргийг жишээ татсан. Түүний яриа хөөрөөг сонсч суухад уран бүтээлчийнхээ хувьд үнэхээр сонин фигур юм. Гэргий Одончимэг нь театрынхаа ажлыг хогоо шүүрдэж, хоолоо хийхээс эхлээд жүжигчидтэйгээ ажил­лах хүртэл бүгдийг хийдэг байна. Тэрбээр театрынхаа утга зохиолын ажилтан нь ч юм шиг, эсвэл олон хүүхдийн ээж ч юм шиг болчихсон гэж байв. Одоо эдний театр арав гаруй жүжигчинтэй хамтарч ажилладаг юм байна. Орон тооных бус, жүжигт тоглох сонирхолтой, тус тусын алба ажилтай, олонх нь СУИС төгссөн залуучууд гэнэ. Анх ирэхдээ яаж жүжигт тоглоно оо, яаж уран бүтээл гаргана даа гэж эргэлзэхээр байсан залуучууд хэдхэн сарын дотор мэргэжилдээ маш их өссөн гэж байв. Биднийг очиход хоёулхнаа гэр урландаа байсан хос маань үдэш арван найман цаг дөхмөгц Гүйлс цэцэглэсний баяраа найзуудтайгаа тэмдэглэхээр “Black box” театр руугаа орцгоов. Бид ч мөн адил. Зочид эхнээсээ цувсаар оройн арван есөн цагийн орчимд театр дүүрэн хүн цугласан нь дандаа зураачид, төгөлдөр хуурчид, хийлчид, хуучин Хүүхэд залуучуудын театрт хамт ажиллаж байсан жүжигчид, Драмын  театраа төлөөлөн дэд захирал Н.Сувд, жүжигчин Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар гэхчлэн дандаа уран бүтээлчид цуглав. Эдний гэр бүлийн амьдралын хөгжилтэй бөгөөд өдөр тутмын агшнуудыг буулгасан видео эвлүүлэг, Одончимэг гуайн тарьсан цэцэгс хэрхэн дэлбээлж буйг хөдөлгөөн бүрээр нь буулгаж үлдээсэн видео эвлүүлгүүдийг үзэж сонирхсны дараа оройн зоог барьцгаав. Энэ гэр бүлийн ойр дотнын нөхөд, ах дүү хамаатан садан нь гээд дандаа урлагийнхан энэ үдшийг хамтдаа өнгөрүүлсэн. Тэр хоёр мөрөөдлөө биелүүлж, Монголд маань цоо шинэ театр орон зайгаа эзэлжээ.

Н.Пагма
Гэрэл зургуудыг
Ц.Мягмарсүрэн