Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” DNN.mn

Улс төрд учир шалтгаангүй үйл явдал гэж байдаггүй. Цаана нь юу байна гэдэг хамгийн чухал. Төсвийг өөрчлөх боломжит хугацаа өнгөрч батлах нь нэгэнт тодорхой болсны дараа гишүүд яагаад гэнэт шүгэлдэв?

Сошиал сэвэлт яагаад тийм хүчтэй байв?

Хэн хаанаас чулуу шидэв?

Энэ хэдэн үгийг хэд хоногийн өмнө хэлж байсан даа.

Үүний учир өдрөөс өдөрт тодорч байна.

Төсвийг улс төрийн зодооны хэрэгсэл болгосноор маш муу үр дагавартай туллаа.

Өмнө нь сануулж байсанчлан Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн төсөөллөө бууруулна. Хөрөнгө оруулалт хумигдана. Төсвийн хөрөнгө оруулалт саарна. Төсвөөр хийх байсан бүтээн байгуулалтуудыг заавал гаднын зээлээр гүйцэтгэх шаардлага үүснэ. Хувийн хэвшил, бизнесүүд өөрсдөдөө оногдох төсвийн 2 их наяд гаруй төгрөгөөс сална. Эдгээр эрсдэл тулсан. Гэвч хараахан туулаагүй, одоохондоо бид үүний өвдөлтийг мэдрээгүй учраас холын зовлон гээд ойлгочиход болно.

Тэрнээс өмнөх ойрын том зовлон нь төсөв тойрсон асуудлаас болоод Монголын төр түгжрээнд орчихлоо. Үндсэн хуулийг давчихав уу ч гэж харагдаж байна.

Юунаа болов? УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1-т “Улсын төсвийн төслийг УИХ 10 сарын эхний 7 хоногт хэлэлцэж эхлэх ба 11 сарын 15-ны өдрийн дотор дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батална” гэж заасан. Энэ дагуу дараа оны төсвийг Засгийн газар 2024 оны 8 сарын 30-нд өргөн барьсан. Төсвийн хэлэлцүүлэг шувтрах үеэр зарим гишүүн шүгэл үлээсэн. УИХ 11 сарын 8-нд баталсан. Давхар 2025 оны төсвийг 2024 оны 12 дугаар сард тодотгох 41-р тогтоолыг баталсан. Ерөнхийдөө төр эндээс л түгжирчихсэн. Үүнтэй холбогдуулж л Ерөнхийлөгч 11 сарын 20-нд хориг тавьсан. Хориг тавихдаа “УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон” гэсэн нь маш ноцтой юм. Хэрвээ асуудал Үндсэн хуулийн Цэцэд очвол УИХ гарцаагүй тарах нөхцөл үүсчихсэн гэсэн үг.

УИХ 11 сарын 22-нд хоригийг хүлээж авсан. Тэгээд төсвийг засахаар суув. Тийм хуультай. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно”, 90.9-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан. Энэ нь Ерөнхийлөгчийн хориглосон хуулийг засаж өөрчлөөд дахин батлах тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригийн дараах 2025 оны төсөв УИХ-ын хариуцах ажил болчихсон. Гэвч УИХ-аас 11 сарын 29-нд “2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах” тогтоолыг гаргав. Мөн өдөр Засгийн газар хуралдаад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан. 2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ” гэсэн хариуг УИХ-д өгчээ.

Тиймээс ирэх өдрүүдэд УИХ энэ мухардлаас яаж гарах вэ? Мухардлаас нэг удаа гарлаа гэхэд цаашдын үр дагавар, энэ муу жишгийг хэрхэн засах вэ? Ерөөсөө анхнаасаа яагаад ийм явдал өрнөсөн бэ?

Энэ бүхнийг хамтад нь бодох шаардлагатай.

Нэг сонин давхардал ажиглагдсан. Гэхдээ энэ бол тохиолдол биш. 2024 оны 11 сарын 4-нийг ярих гэж байна. Тэр өдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа нар Төрийн ордонд төсвийн эсрэг шүгэлдэв. УИХ-ын гишүүд ингэж Ордны “бослого” эхлүүлж байх тэр үед Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийхээр Хятадын Шанхай хотод бууж байв. Маргааш нь хэлэлцээрт гарын үсэг зурсан. Монголд ч Ордны “бослого” улам даамжирсан. Төсвийн хуулийг намнаж төрийг түгжрээнд оруулж авлаа. Дараа нь Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийг дамжуулан бужигнуулав. Яагаад?

Ажиглаад байхад энэ бол Монгол, Хятадын Засгийн газар дундаа зуучгүйгээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийсэнтэй холбоотой нь тодорхой. Өөрөөр хэлбэл гэрээний эсрэг байсан хүч бүлтэрч гарч ирж байна. Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ яригдангуут зуучлагч нар, тээврийн бизнесийн бүлэглэл нэгдэж үймүүлж байна.

Ер нь 2003 онд л Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ хийчих боломж үүсчихсэн ч дунд нь заавал эрх ашиг, сонирхол оруулах гээд үзчихсэн. Хоёр улсын Засгийн газар хийчих гэрээний дунд нь зуучлагч орчихсон хэрэг. Өнгөрсөн он жилүүдэд одоо яригдаж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Тавантолгойн ордыг ашиглах Монгол, Хятадын хэлэлцээрийн дунд нэг компани явсан. Тэгээд л энэ төсөл олон жилийн турш гацсан. Энэ Д.Энхтүвшин л гэхэд тэр зуучлагч компанийг удирдаж байсан. 1997-2022 онд Дэд ерөнхийлөгчөөр нь ажилласан байдаг.

Ажиглагч  А.Батболд

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Жижиг намууд үнэндээ ардчилалд очих саналыг тарамдуулж, МАН-ыг ялалт байгуулахад л хэрэг болдог DNN.mn

Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байна. Үүнээс өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнд зургаан нам парламентад суудал авсан. Үлдсэн улс төрийн 30 гаруй нам “гудамж”-аас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол Улс ардчилсан тогтолцоотой орон ч гэлээ гурван сая гаруйхан хүн амтай жижиг улсад гуч гаруй улс төрийн нам байх шаардлага байхгүй гэж зарим судлаачид ярьдаг. Гэвч ардчилсан тогтолцоо руу шилжсэнээс хойш улс төрийн нам борооны дараахь мөөг шиг олширсон. Бүр Дээд шүүхэд бүртгэлтэй атлаа даргаасаа өөр гишүүнгүй нам ч хэд хэд байх жишээний. Улс орны хөгжил, иргэдийн улс төр дэх оролцоог хангах, цаашлаад төрийн бодлогыг тодорхойлоход оролцдог гол институци бол улс төрийн нам.

Гэтэл олон намын тогтолцоог далимдуулан гарч ирсэн гишүүнгүй, бодлого, дүрэмгүй, хөтөлбөр зорилтгүй зүгээр л улс төрөөр мөнгө хийх гэж байгуулагдсан улс төрийн намууд хэдэн арваараа байдгаас болж улс төрийн намд, цаашлаад төрд итгэх иргэдийн итгэлийг эрс бууруулсан гэдэг судалгаа бий. Тиймээс л олон жил эрх зүйн өөрчлөлт хийгдээгүй Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Ингээд өнгөрсөн жил Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл УИХ-д өргөн баригдаж, сүүлийн 76 гишүүнтэй парламент хэлэлцэн баталсан байдаг. Улмаар дээрх хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг шинэчлэх болсон гол шалтгаан нь товчхондоо улс төрийн намуудыг төлөвшүүлэх, намын санхүүжилтийг нь ил болгох, мэргэжлийн институци болгох л байсан. Дээрх хуулийн шинэчлэл нь энэ зорилгоо хангасан эрх зүйн сайн өөрчлөлт болсон гэж хуульчид, судлаачид үздэг. Гэтэл энэ зорилгоос нь няцааж, Улс төрийн намын тухай хуулийн амин сүнс болсон улс төрийн намыг үүрэгжүүлэх гол заалтыг хүчгүй, амьгүй болгох хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцүүллээ. Ямар зүйл заалт вэ гэхээр Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хууль гэж бий.

Таван зүйл заалттай уг хуулийн хоёр дахь зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байна. Энэ нь улс төрийн намууд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэд уялдуулан дүрэм, хөтөлбөрөө илүү өргөн хүрээнд өөрчилж түүнийгээ Дээд шүүхэд хүргүүлэх заалт юм. Адаглаад улс төрийн нам нийт хүн амын нэгээс доошгүй хувьд хүрсэн буюу 35 мянгаас доошгүй гишүүнтэй байх, дэргэдээ судалгааны төвтэй байх, намын санхүүжилтээ шилэн болгосон байх, байгуулагдсан цагаасаа эхлээд дүрмийнхээ дагуу намын их хурал, бага хурлаа явуулсан байх зэрэг шаардлага шинээр хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын тухай хуульд орсон.

Тиймээс эдгээр шаардлагуудыг биелүүлээд, улмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой заалт гэсэн үг. Энэ хуулийн заалтаар товлогдсон хугацаа нь ирэх оны нэгдүгээр сард дуусна. Гэтэл хуулийн хугацаа дуусах дөхөж байхад дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд хүргүүлсэн улс төрийн нам ердөө долоо байгаа нь асуудал болж байна. Нөгөө Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас ердөө долоон нам яг одоогийн байдлаар шинэчилсэн материалаа бүрдүүлж өгсөн гэх. Ингээд үлдсэн 30 орчим улс төрийн нам ирэх оны нэгдүгээр сараас өмнө их хурлаа хийгээд, дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд хүргүүлж амжихгүй гэжээ. Тиймээс дээрх хуулийн хугацааг дор хаяж хоёр жилээр сунгаж өгөхийг Засгийн газраас хүссэн байна. Өнгөц харахад Улс төрийн намын тухай хуулийн оролцогчид болох улс төрийн намууд тулгамдсан асуудлаа хэлж байгаа мэт боловч цаанаа Монголын улс төрийн намуудын тар нь танигдаж байна. Нэг үгээр хэлбэл, 37 намын дийлэнх нь нам байх чадамжгүй гэсэн үг. Тэгвэл энэ олон чадамжгүй улс төрийн намууд төдийгөөс өдийг болтол яагаад тарчихгүй үйл ажиллагаагаа идэвхтэй явуулаад байдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь маш тодорхой. Хатуухан хэлэхэд, Монголын улс төрийн намуудын ихэнх нь хүссэн үедээ хэнд ч үзэл бодлоо худалдаж, хэний ч төлөө юуг ч хийж чадах улс төрийн “биеэ үнэлэгчид”. Тэр дундаа 30 гаруй жил төрийн эрхийг барьсан эрх баригч намын гар хөл бологсод нь жижиг гэж ярьдаг улс төрийн намууд юм. МАН-ын гар хөлийн үзүүрт сайн зарагддаг нам нь зарим сонгуулиар парламентад ганц нэг суудал авдаг.

Үүнийгээ улс төрийн гуравдагч хүчин гарч ирлээ гэж бусдад итгүүлэх гэж оролддог. Эдгээр улс төрийн намуудын сонгуульд оролцдог гол зорилго нь МАН-аас бусад намуудын саналыг тараах, тарамдуулахад оршдог. Ингэснийхээ шанд тэд МАН-аас далдуур санхүүжилт авдаг. Энэ бол Монголын улс төрийн намуудын бодит байдал. Улс төрийн намуудын ихэнх нь нэг намын гар хөл байна гэдэг нь Монгол Улсад ардчилал хөгжихөд хамгийн том саад болж байна гэсэн үг. Улс төрийн намын үүрэг юу вэ гэдгийг энэ жижиг намууд огт мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Учир нь тэд намыг компани, улс төрийг бизнес болгон харж үйл ажиллагаагаа явуулж ирсэнтэй холбоотой. Улс төр, бизнесийн бүлэглэл гэдэг нь үнэндээ энэ. Өнгөрсөн хугацаанд явуулж байгаа энэ бүлэглэлийн үйл ажиллагааг үндэсний хэмжээний том нам болох Ардчилсан нам биеэрээ мэдэрсэн байх ёстой. Сүүлийн хэдэн удаагийн УИХ болон Орон нутгийн сонгуульд АН ямар үр дүнтэй оролцож ирэв гэдгээс л тодорхой харж болно. Сонгууль болгонд МАН, түүний дагагсад болон АН дангаараа гэдэг байдлаар хуваагдан өрсөлдөж ирсэн. Ингээд МАН саналаа авдгаараа авч, үлдсэн саналыг АН болон МАН-ын дагагсад хуваан авдаг. Үр дүнд нь МАН олонх болдог. Үүнийг Ардчилсан нам болон ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд ойлгох хэрэгтэй гэж олон нийт үздэг. Гэхдээ тэд ойлгож байгаа. Ойлгосон атлаа үүний эсрэг тэмцэх сэдэл АН болон ардчилал чигийн улс төрийн хүчнүүдэд нийтэд нь алга байна уу даа гэж харагдахаар байна. Тиймээс улс төрийн намуудын МАН-дагагсад болон АН гэсэн хуваагдлыг цэгцлэхийн тулд л Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн. Хэрэв хуулиа яг мөрдөөд эхэлбэл хэдэн нам үлдэхийг дээрх тооноос та харсан байх. Яг ингээд хуулийг мөрдөөд эхэлбэл МАН ирэх сонгуулиудад тал хүчээ алдахаар байна. Үүнээс л эрх баригчид айж байгаа бололтой. Хамгийн ойрын хугацаанд болох сонгууль бол Ерөнхийлөгчийн сонгууль.

Тиймээс энэ сонгуулиар МАН тал хүчээ алдахгүйн тулд дагагсдаа улаан цээжээрээ хамгаалж, хэрэгжиж байгаа хуулийг хүч түрэн өөрчлөх гэж байна. Юутай ч Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ. Хэрэв УИХ хэлэлцэхийг нь дэмжчихвэл уг хууль ногоон гэрлээр батлагдана. Батлагдлаа гэж бодоход Монголд улс төрийн намууд хэзээ ч төлөвшиж, мэргэжлийн институци болж чадахгүй. Ирэх жилүүдэд болох сонгуулиар ч 30 жил эрх барьсан нам олонх болдгоороо болоод л явна. Эсрэгээрээ Монголын ардчилал унтарсаар л байх болно…

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 2, Сумъяа гариг. Билгийн тооллын 1, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 08:22 цагт мандаж, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжиннямтай өдөр

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -27…-32 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эрх баригчид “Танхим”-д анхаараад, “Болор цом”-ыг тоосонгүй бололтой” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.  Тэрбээр “Монголд хамгийн таатай загвар модель гаргадаг мэргэжлийн байгууллагууд бий болгосноор салбарыг бодлогоор хөгжүүлж чадна”  гэснийг Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

“Эрэл групп” ХХК-ийн Орлогч захирал С.Батболд ““Байшин Үйлдвэрлэх Комбинат-1” үйлдвэр гэр хорооллыг дахин төлөвлөх зорилгоор иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах боломжтой” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрх баригчид “Танхим”-д анхаараад, “Болор цом”-ыг тоосонгүй бололтой “ хэмээн өгүүллээ.

Монгол Улсын Тод манлай уяач, Монгол Улсын начин, МҮМУУХ-ны Ерөнхийлөгч Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.

Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийг бүхэлд нь хориг тавьсан гэх утгаар биш, засвар хийхээр буцааж байгаа гэж ойлгож болно

Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого”

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Трампын дайны харцагууд ба Украин,
Хезболла зэвсэгээ бүрэн хураалгах, Европын холбооны дайны эсрэг шийдвэр зэрэг сүүлийн хэд хоногийн олон улсын бужигнаан

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Улсынхаа хөгжлөөс чангаагч нь битгий байгаарай


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Эрх баригчид “Танхим”-д анхаараад, “Болор цом”-ыг тоосонгүй бололтой” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо DNN.mn

Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF) хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн хөтөлбөрийн нээлт  боллоо.

“Өсвөр үе – Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт видео зохиомж, “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол…” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна.

Дөрөв дэх удаагийн “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрт оролцохоор шалгарсан 126 сурагчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол есдүгээр ангийн 12, аравдугаар ангийн 36, 11 дүгээр ангийн 78 сурагч байна. Тэднийг төлөөлөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч М.Мөнгөнцэцэг, нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Ж.Хантамир нар сэтгэгдлээ хэллээ. Сурагчид өөр өөрсдийн сургуулийн орчны эхүүл ахуй, аюулгүй байдалтай холботой тулгамдсан асуудлыг ярьж, “Өсвөрийн Парламент” хөтөлбөрт оролцох сэдэл, зорилгоо үе тэнгийнхэнтэйгээ хуваалцав.

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо

Categories
мэдээ нийгэм

Монголын орос хэлний судлаачид, багш нар орос хэлний сурах бичгийг шинээр бүтээх үйлсэд хувь нэмрээ орууллаа DNN.mn

2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол дахь “Оросын филологийн сургууль 2024” төслийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын Налайх дүүрэгт болж өндөрлөлөө.


Уг арга хэмжээг В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовын Улсын инженер, багшийн их сургууль (ОХУ, Удмурт) Россотрудничество байгууллага болон Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
Арваннэгдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд монголын орос хэлний 100 багш, сурагчид орос хэл заах эрчимжүүлсэн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдлаа. Хөтөлбөрт оролцогчид ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран Монгол улсад орос хэл заах асуудлууд, тэр дундаа монгол сургуулийн сурагчдад зориулсан шинэ сурах бичиг зохиох асуудлыг авч үзсэн.


Сургалтын үеэр оролцогчид лекц сонсож, мастер-класс, интерактив болон дадлага хичээлд хамрагдаж, сэдэвчилсэн талбарын ажилд оролцон төслийн ур чадвараа дадлагажуулж, багийн сурган хүмүүжүүлэх эрэл хайгуулыг явуулж, орос ардын “Калинка” дууны аянд нийтээрээ  флэшмоб хийснээр өндөрлөв.
“Орос филологийн сургууль”-ийн үр дүн нь оросын мэргэжилтнүүдийн удирдлага дор ажилласан 7 багийн төслийн хамгаалалтыг олон нийтэд танилцуулсан явдал болсон. Эдгээр төслүүд нь монгол хүүхдүүдэд зориулсан орос хэлний шинэ сурах бичигт тусгалаа олох ёстой харилцааны янз бүрийн чадваруудын хөгжлийг хамарсан байна. Оролцогчид судалгааны төсөлдөө орос хэл дээрх сургалтын видеороликүүдийг багтаасан арга зүйн танилцуулгуудыг мэргэжилтнүүдэд танилцуулсан.

Тухайлбал, орос хэлний авиа зүйн чиглэлээр ажилласан төслийн нэг баг нь монгол хүүхдүүдэд бэрхшээл учруулдаг “Ы” авиаг дуудах дадлага хийсэн сургуулийн сурагчдын хичээлийн хэсгийг толилуулсан.

Нийгэм-соёлын чадвар дээр ажилласан төслийн баг нь сурган хүмүүжүүлэх эрэл хайгуулын үеэр олж мэдсэн, гүн сэтгэгдэл төрүүлсэн даалгаврын төрлүүдийг ашиглан, оросын Масленица баяр болон монголын Цагаан сарын баярыг харьцуулсан даалгаврыг хийж гүйцэтгэсэн.
“Төслийг бүтээх явцад бид шинэ интерактив технологиудыг ашиглан бүх төрлийн ярианы үйл ажиллагааг хамарсан бөгөөд энэ нь сурагчдад хичээлийн материалыг үзэх сонирхлыг төрүүлэх боломжтой” гэж ярианы ур чадварын чиглэлээр ажилласан төслийн багийн гишүүн Бямбажавын Баяржаргал хэлсэн.
Төслийн хамгаалалтын төгсгөлд оролцогчдод мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээг ёслол төгөлдөр гардуулав.
“Орос филологийн сургууль”-ийн хаалтын үеэр Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал Валерия Килпякова хэлэхдээ: “Оросын филологийн сургууль нь Монгол улсын өнцөг булан бүрээс орос хэлний идэвхтэй болон сэтгэлээсээ ханддаг багш нарыг цуглуулж, шинэ сургалтын орчинд туршлага солилцох боломж олгосон. Түүнчлэн монгол сургуулийн сурагчдад зориулсан орос хэлний шинэ сурах бичиг бүтээх суурийг тавих үүднээс үе үеийн төлөөлөл бүтээлч сургалтын орчинд хамтран ажиллах боломж олгосон” гэж тэмдэглэсэн.


Нямжавын Нямдаваа, Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооны тэргүүлэгч гишүүн, Төв аймгийн Угтаалцайдам сургуулийн орос хэлний багш:
– Монголд зохион байгуулсан “Оросын филологийн сургууль 2024” төслийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
– Бидний хөтөлбөр маш баялаг, их шахуу байсан: лекцүүд, мастер-класс, хэлэлцүүлэг, эрэл хайгуул, тоглоом, төслийн хамгаалалт. Энэ бүгд бидэнд маш хэрэгтэй, чухал зүйл байсан, учир нь дэлхий ертөнц секунд тутамд өөрчлөгдөж, хүүхдүүд хөгжиж байна, тэд хоцрох ёсгүй. Багш хүн өөрийгөө хөгжүүлэх ёстой.  Дараагийн зорилт нь манай сурах бичгийг сайжруулах явдал.
Энд Монголын ирээдүйн багш нар – оюутнууд, дунд сургуулийн болон их дээд сургуулийн багш нар цугларчээ. Мөн Глазовын их сургууль, Москва, Нижний Новгородын их дээд сургуулиудын багш нар ирсэн байна. Дараагийн төслийг тэсэн ядан хүлээж байна!
Батсайхан Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 1-р сургуулийн орос хэлний багш:
– “Оросын филологийн сургууль 2024” төслийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
– Би хоёр дахь жилдээ ийм арга хэмжээнд оролцож байна. Өнөөдрийн арга хэмжээ нь харилцаа холбоо, туршлага солилцоо, өөрийгөө танилцуулахад маш сайн арга хэмжээ болсон.
– Ямар үйл ажиллагаа нь хамгийн их таалагдсан бэ?
– Надад бүх зүйл таалагдсан. Бүх арга хэмжээ маш сонирхолтой, сэтгэл хөдөлгөм байсан. Сурган хүмүүжүүлэх эрэл хайгуул надад маш их таалагдсан бөгөөд үүнийг өөрийн ажилдаа ашиглах болно.
Хусман Эркегүл, Баян-Өлгий аймгийн 2-р сургууль:
– Төслийн явцад та ямар шинэ зүйл сурсан бэ, юуг өөрийн ажилдаа хэрэгжүүлэх вэ?
– “Би үнэ цэнэтэй туршлага хуримтлуулсан бөгөөд төслийн явцад сурсан сурган хүмүүжүүлэх шинэ арга барилаа ажилдаа нэвтрүүлэхийг хүсч байна. Төсөл цэвэр агаарт, байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулагдсан нь надад их таалагдлаа. Энэ нь албан бус уур амьсгалыг бий болгож, шинэ мэдээлэл, шинэ найзууд, болон арга хэмжээг сайхан зохион байгуулсан талаар мартагдашгүй сэтгэл хөдлөлийг төрүүлсэн. Энэхүү гайхалтай бүтээлч санааг бий болгож хэрэгжүүлсэнд бүх зохион байгуулагчдад баярлаж талархсанаа илэрхийлье.
Ашимхаан Гулбанов, нийслэлийн 119-р сургуулийн орос хэлний багш:
– “Оросын филологийн сургууль 2024” шиг арга хэмжээнүүд тогтмол болоосой гэж хүсч байна уу?
– Ийм төрлийн арга хэмжээ бидэнд үргэлж хэрэгтэй байдаг, бидэнд орос хэл дээр харилцах боломж дутагдаж, орос хэлний арга зүйгээс суралцах шаардлагатай байна. Ийм чухал төслүүдийг тогтмол зохион байгуулж байгаасай гэж хүсч байна.
Айгүл Чамин, Улаанбаатар хотын орос хэлний багш:
– Төсөлд оролцсон ОХУ-аас ирсэн багш нарын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
– Гайхалтай багш нар! Тэдний сурган хүмүүжүүлэх түвшин маш өндөр. Бидэнд маш их таалагдсан, бид маш их хэрэгтэй шинэ мэдлэг, заах арга барилыг олж авсан. Бүх багш нартаа маш их баярлалаа!
Нямхүү Болормаа, МУИС-ийн оюутан:
– “Оросын филологийн сургууль 2024” хөтөлбөрийн юу нь танд хамгийн их таалагдсан бэ?
– Бид зохиолчдын баг болж хамтран ажилласан сурган хүмүүжүүлэх эрэл хайгуул надад хамгийн их таалагдсан. Бид 10-уулаа хамтдаа ​​нэг баг болж уран зохиол, үлгэр гэх мэт 7 өөр өртөөг туулсан. Энэ нь маш сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой байсан. Арга хэмжээг гайхалтай зохион байгуулсан зохион байгуулагчдад талархал илэрхийлье!

Categories
мэдээ цаг-үе

Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна DNN.mn

УИХ-ын чуулганы өчигдөр үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Цаг уурын байгууллагын мэдээллээр төв, зүүн аймгуудын ихэнх нутагт агаарын температур өмнөх жилүүдээс хүйтэн, цас их орж, 2024-2025 оны өвөл, хавар хүндэрч болзошгүй төлөвтэй байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрбээр “2024 онд улсын хэмжээнд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, энэ өвөл нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байна” гээд, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар баталсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу боловсруулсан аргачлалын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн гэв.

Түүнчлэн газар тариалангийн салбарт 2024 онд улсын хэмжээнд 94.9 мянган га-д малын тэжээл тариалж, 246.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан. Үр тарианаас 50.0 мянган тонн улаанбуудай тэжээлийн будаа руу шилжиж 2024-2025 оны өвөл, хавар мал аж ахуйн салбарт 289.8 мянган тонн тэжээл нийлүүлэгдэж байна. Мөн тэжээлийн импорт хэвийн буюу 2024 он гарсаар 71.2 мянган тонн орж ирснээс 06 дугаар сарын 01-нээс хойш 35.9 мянган тонн орж ирсэн нь өвөлжилтийн бэлтгэлд хэрэглэгдэж байна гэж мэдээлэлдээ дурдсан.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86.7 хувьтай хангагдаад байна. Гэвч энэ нь эрсдэлгүй бөгөөд хангалттай гэсэн баталгаа биш. Учир нь цас, зудны нөхцөл хэрхэн хүндэрч, хэд хоног үргэлжлэхээс нөхцөл байдал ихээхэн хамаарна гэдгийг Монгол Улсын Шадар сайд мэдээлэлдээ онцлов.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1550 ченж автомашин борлуулдаг бөгөөд 1100 нь холбогдох татвараа төлөөгүй байна DNN.mn

НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37.000 автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.

НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн тайлбар өгч байгаа юм. Харин ченжүүдийн холбооноос дээрх шийдвэрийг иргэдийн амжиргааг тасалдуулсан, улсад хуримтлагддаг татварыг бууруулсан хэмээн дахин эсэргүүцэл үзүүлж байгаа. Тодруулбал, ченжүүд хэвлэлд хандан “10 автомашин борлуулаад бид улсад 150 сая төгрөгийн татар төлдөг” гэсэн юм.

Татвар, гаалийн айгууллагаас авсан мэдээллээр өнгөрсөн 2023 онд 3500 иргэн 33.800 тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Дээрх иргэдийн 1550 нь таваас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай хилээр оруулж ирсэн иргэн буюу бидний нэрлэдгээр ченж ажээ.