Categories
мэдээ нийгэм

Ц.Дуламсүрэн: Сэрвээднэ гэдэг дээд зэргийн мунхаглал, сэлдий огтолно гэдэг дээд зэргийн харгислал DNN.mn

Монгол Улсын Тод манлай уяач, Монгол Улсын начин, МҮМУУХ-ны Ерөнхийлөгч Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.

 -ЭРЛИЙЗ АДУУ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙГААГ МЭДЭХ ХҮНГҮЙ БАЙНА-


-ММСУХ-ны наймдугаар Их хурал болж байна. Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны Ерөнхийлөгчийн хувьд та энэ хурлаас юу хүлээж байна вэ?

-ММСУХ үүсгэн байгуулагдаад 30 жил болох гэж байгаа төрийн бус байгууллага. Анх уяачдын эрх ашгийг хамгаалъя, адууны үнэ цэнийг өсгөе, уяачийн хөдөлмөрийг төрд үнэлүүлдэг болъё гэж байгуулагдсан. Та том айл гэж байна. Тийм ээ, энэ том айл гэрийг анх үүсгэн байгуулагч нь одоогийн Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүү, Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Галын Баттөмөр гэж энэ хоёр хүн. Анхныхаа шанг Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт татаж, тэргүүнээр нь Г.Пунцагбалжир гэж залууг томилсон байдаг. Тэд байгуулагдаад их юм хийсэн үү гэвэл хийсэн. Тэр үед бөх, харваачид цол өгдөг хэрнээ уяачид биш моринд нь цол өгдөг байсан. Тийм болохоор уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлж, цолтой болгосон. Ингээд л залуучууд моринд хошуурч эхэлсэн. Үйлс нь дэлгэрч, салхи нь баруун хоймортоо байгаа хүнийг уяач гэж хэлж болно гэж би хэлдэг. Юм үнэнээрээ сайхан. Гэвч уяачаа үнэлүүлсэн биш сүүлдээ цолны төлөө, бай шагналын төлөө тулаан болсон. 2011 оноос эхлэн эрлийз, монгол гэсэн яриа хүчээ авч, асуудал хурцадсан.

Дэлхийд өнөөдөр хоёр өөр цусны морь нэг зам дээр уралддаггүй, уралдуулдаггүй. Бид ч гэсэн ингэж болохгүй. Тусад нь уралдуулаад явъя гэсэн чинь оюун санааны мөглөнд орсон нөхдүүд тусдаа уралдаж чадахгүй болохоороо монгол адуунд эрлийзээрээ уралдаж, айраг, түрүү аваад эхэлсэн. Ингээд монгол наадам устах хэмжээнд хүрчихээд байна. Сүүлд ММСУХ-ны долдугаар Их хурал гэж болсон. Энэ хурлаар холбоог үүсгэн байгуулсан Д.Даваахүү, Г.Баттөмөр гуай нарыг хурлын индэр дээрээс хөөж буулгаад, “Та нарын үе өнгөрсөн” гэж хэлээд холбоог нь дээрэмдээд авчихсан. Монголын нийт уяачдын 87 хувийн саналаар үйлдэрлэг байдлаар нь салгаж уралдуулах ёстой. “Бид малаа ялгаж чаддаг хүмүүс” гэсэн санал хүчингүй болж, хэсэг бүлэг нөхдүүд эрлийз адууг төлөөлөгчдөд бэлгэнд өгөх байдлаар санаагаа гүйцэлдүүлсэн. Ингээд л ММСУХ гэж эрлийз 9 ангиллаар хүч түрэн уралддаг цөөхөн хүмүүсийн холбоо болж хувирсан. Хүн харахад 30 жилийн түүхтэй, том холбоо харагдаад байдаг. Гэвч нарийндаа тэд өв соёлоо өөрсдийнхөө гараар өрлөөд сууж байгаа юм. Ийм л учиртай.

-Энэ эрлийз, Монголын хэрүүл тэгээд хэдэн оноос эхлэлтэй юм бэ?

-Монгол төрийн 2011 оны улсын баяр наадмын айраг, түрүүний 29-ийг нь монгол адуу авч байлаа. Ганцхан дааганы түрүүг Хөдөлмөрийн баатар Д.Ононгийн 50 хувьтай шарга даага авсан. Эрлийзэд уралдана гээд бүртгүүлчихсэн байсан даагаа Дамбын Хишгээгийн нэр дээр монгол дааганд бүртгүүлээд түрүүлсэн юм. Ер нь “Сэрвээднэ гэдэг бол дээд зэргийн мунхаглал. Азарганы сэлдий огтолно гэдэг бол дээд зэргийн харгислал юм” гэж хэлээд байгаа. Өнөөдөр хурлаа хийж байгаа энэ нөхөд хүний оролцоогүй сэрвээний өндрийг хэмжинэ гэж яриад байх юм. Гэтэл хүний оролцоогүй бүтддэг зүйл гэж энэ дэлхий дээр бий бил үү. Хэмжээндээ багтахгүй адууг мөнгө өгч уралдуулдаг. Хүний хэмжээндээ орж байгаа хурдан адууг хасуулдаг байдлыг байдаг л нэг асуудал болгочихлоо. Энэ бүхнийг дэмждэг, ерөөсөө эхлүүлсэн, үүр уурхай нь болсон холбооныхон өнөөдөр хурлаа хийж байгаа юм. Би энэ холбооны дотоод асуудалд оролцох ямар ч боломж байхгүй. Харин үнэхээр уяачдын хурал болж байгаа бол Монгол Улсын анхны зургаан Тод манлайн нэгийнх нь хувьд би хэлэх үгээ хэлнэ.

-Наадам үзэгчгүй, уралдах морьгүй боллоо гээд байгаа. Яагаад ийм болоод байна вэ?

-Энэ удаагийн хуралд Сумдын уяачдын холбооны тэргүүн нар ирж оролцоно гэж байна билээ. Жинхэнэ уяач нар нь эрх ашигтайгаа ард нь үлдчихсэн байдаг. Дарга нарын хурлаар уяачдын эрх ашгийг шийдэхгүй шүү дээ. Харин өөрсдийнхөө боломжийг яаж бий болгох вэ гэдгээ л шийднэ. Монгол наадмыг зөвхөн бөх, уяач, харваачдад зориулж хийдэггүй юм. Ард түмэнд зориулж наадам хийдэг юм. Өнөөдөр Архангай аймгийн Хотонт суманд 10 морь уралдаж байна. Говь-Алтай аймагт азарга, соёолон нийлээд л найман морь мордож байна. Ноднин Архангай аймгийн Хашаат суманд долоон соёолон уралдаж, 50 хувьтай эрлийз адуу түрүүлсэн. Энэ адууг манай Сүхбат зааны аав хүүгийнхээ нэр дээр давхиулсан байгаа юм. Жинхэнэ монгол морьдоо уралдуулъя гэхээр хасчихаад байхаар ард түмэн яаж уралдах юм бэ. Тиймээс л морьгүй, үзэгчгүй боллоо гэж хэлээд байгаа хэрэг.

Уралдах морьгүй, уях уяачгүй болчихоод байгаа хэрэг биш үү?

-Уралдах морьд нь байна. Уях мянга мянган залуучууд нь байна. Өнөөдөр морь уядаг, өв соёлоороо гангардаг маш их хүн бий. Бидний ахуйн соёл арай ч журамлагдаагүй байна. Хүүгээ чөдрийн морь дөхүүлдэг болоод ирэхээр нь “Миний хүү тусад оржээ” гэдэг. Даанч бид өнөөдөр уралдаан, наадам хоёроо ялгаж ойлгох чадваргүй, хүсэлгүй болоод байна. Уралдаан гэдэг тэмцээн байхгүй юу. Монгол наадам бол өв соёл. Үүнийг чинь хүн төрөлхтний түүхэнд оруулсан монголчуудын биет бус оюуны өв соёл мөн гээд ЮНЕСКО бүртгэж аваад, гэрчилгээг нь гардуулчихсан. Тиймээс энэ өв соёлыг хамгаалах үүрэг нь бидэнд оногдож байгаа юм. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэд бүгдээрээ өв соёл, эх орноо хамгаалах үүрэгтэй гээд заагаад өгчихсөн. Гэтэл энэ өв соёлыг нь хамгаалах учиртай төр ажиллахгүй байна. Бас иргэн бүр ухаарч өгөхгүй байна. Тийм болохоор өв соёл маань устаж, устгагдаж байна даа. Наадамд 6-7-хон морь мордож байна гэдэг чинь устаж байгаагийн шинж, устгаж буйн үр дүн мөн биз дээ. Монгол адуу өөрөө Монголынхоо жилийн дөрвөн улиралд заяасан, тохирсон, бий болсон амьтан. Хүн төрөлхтөн анх гаршуулсан байгалийн төрмөл бүтээгдэхүүн байхгүй юу. Англи, араб адуунууд чинь дандаа бий болгосон хүнийхээ нэрээр нэршсэн адуу. Тийм ч болохоор дэлхийн адуу судлаач нар монгол ба бусад гэсэн хоёрхон адуу байдаг гэж үздэг. Гэтэл өнөөдөр эрлийз нэртэй адуунууд нь түрээд, монгол адуу уралдах боломжгүй болчихсон учраас уяачид цөөрчихсөн. Эгэл жирийн, орон нутагтаа аж төрөн суугаа уяач морь уях боломжгүй болсон. Хөдөөний бор уяачид гэж нэрлэчихээд, тэднийгээ наадах боломжгүй болгосон. Тэгээд ч хэн тэднийг хөдөөний уяач гэж ялгаварлан гадуурхахыг зөвшөөрсөн юм бэ. Нүүдэлчин монголчуудыг устгах хамгийн том гадны бодлогын нэг нь импортоор адуу оруулж ирж байгаа явдал. Дээрээс нь Ерөнхийлөгч өнөөдөр “Хүнсний аюулгүй байдал”-ын тухай гэдэг зүйлийг ярьж байна. Харамсалтай нь, эрлийз адуу жинхэнэ хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна.

-Тэр нь юу гэсэн үг юм бэ?

-Эрлийз адууны махыг идэх ямар ч боломжгүй. Өвчний үүр. Монгол адуунд огт байдаггүй байсан бэлгийн замын халдварт өвчин эрлийз адуугаар дамжин бий болсон. Өнөөдөр цусны долоон төрлийн өвчин шинээр бий болчихлоо. Энэ талын хангалттай баримт байна. Монгол азарга ороо нь орсон үедээ л гүүгээ гишгэдэг. Хээлтэй гүүгээ гишгэдэггүй. Гэтэл цэвэр цусны азарга тийм биш. Өөрийг нь тарьчихвал юуг ч хамаагүй гишгэнэ. Гүүгээ хамгаалж чаддаггүй. Тэгээд эднийхээ төлийг авахын тулд монгол азарганы сэлдийг нь огтолж хаяж байна. Хөөрхийлөлтэй болсон амьтан үрийнхээ шингэнийг задгай асгаад явж байдаг. Үүнээс том яргалал гэж юу байна. Эрлийзтэнгүүд “Эрлийз адуугүй айл байхгүй” гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Өнгөрсөн жил Баянхонгор аймгийн дөрвөн сумын зааг нутагт 2000 адуу цуглуулахад ганцхан эрлийз адуу ирж байсан. Хотод байгаа цөөхөн хэдэн энэ нөхөд чинь бүхнийг мэддэг юм биш. Байтлаа бүхнийг мэддэг, бас дээр нь зохиодог болох гээд байна. Хөдөөний хөх уяачид чинь харин бүгдийг тунгаагаад, ойлгоод, ажаад л байж байдаг юм. Ямар малыг яаж маллахаа тэд хамгийн сайн мэддэг хэвээрээ байна лээ шүү.

-Эрлийз адууг тахин шүтээд, монгол азарганыхаа сэлдийг нь огтлоод, ингэж үхэн хатан зүтгээд байгаагийн цаана ямар эрх ашиг байдаг юм бэ. Таны хэлээд байгаа цолны төлөө юм уу. Эсвэл өөр зүйл байна уу?

-Бид “би” гэдэг өвчинд нэрвэгдчихээд байна. БИ МУНДАГ гэж харагдахын тулд эхэлж эрлийз адууг оруулж ирсэн. Гэвч яг үнэндээ дэлхийн дуудлага худалдаанаас цэвэр цусны адуу аваад оруулж ирж байгаа нэг ч хүн байхгүй. Монголчуудыг мориноос нь буулгах сонирхол мөнхийн байсан зүйл л дээ. Үүний нэг илрэл нь эрлийз адуу. Эрлийз адууг хонинд унаад явах ямар ч боломжгүй. Одоо бүр ил цагаандаа гарсан. Цахим орчинд “Морины допинг байна. Авах уу” гэдэг зар явдаг болсон. Хуучин ч бас хөөрхий ичдэг, санаа зовдог байлаа. Бодлогогүй хэн нэг хүний гаргасан зүйлийг боловсролгүй, бодлого, мэдлэггүй улстөрчид нь дэмжсээр байгаад улсын тусгаар тогтнолын эсрэг үйлдэл болон хувирч байна.

-Баяр наадмаа хийж чадахаа байсан гээд байх юм, Та. Гэтэл бид чинь уг нь баяр наадмын тухай хуультай шүү дээ?

-Одоо чинь намхан эрлийз морины зургаан нас, өндөр эрлийз морины гурван нас гээд есөн насны эрлийз морьд уралдаж байна шүү дээ. Хуулиар өндөр эрлийз морины амжилтыг нь тооцохгүй гээд заачихсан. Гэвч уралдаад л байдаг. Уралдаж ирээд, цолоо аваад л байдаг. Ер нь ингэхэд төрийн баяр наадмыг хэн хийх ёстой юм. Төр хийх ёстой биз дээ. Үндэсний баяр наадмын тухай хуульд хурдан морины уралдаан гэсэн заалт байсан юм. Бид жагсаж тэмцэж байж үндэсний морин уралдаан гэж өөрчлүүлсэн. Хурдан морь мөн бишийг хэн нотлох юм бэ. Хүүхэдтэйгээ, монгол морьтойгоо, монгол бөхтэйгөө, уяачтайгаа байж байж наадам болдог. Дэлхийд байгаа уралдаанаас хүүхэд унаж уралддагаараа л манай наадам тэс өөр юм шүү дээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хуулиас дээгүүр журам байна. Үүнийг цэгцэлнэ” гэж хэлсэн. Шадар сайд С.Амарсайхан “Стандартгүй юм байхгүй” гээд хэлчихсэн. Бид хууль дээдлэх зарчимтай, эрх зүйт ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гэвч хуулиа дээдэлж хэрэгжүүлэхгүй байна. Мөн Удмын сангийн тухай хууль батлагдсан. Монгол хүн гэдгийг генээр нь л тогтооно. Морь ч гэсэн үүнтэй адилхан. Хөдөө аж ахуйн сайд байсан Х.Болорчулуун гэдэг нөхөр Д.Ононгоор эрлийз морь уяулж, монгол наадамд гуравт давхиулаад, тэрнийхээ хариу болгож сэрвээдэх гэдэг дүрэм гаргаж, бэлэг барьсан. Бүр хууль болгоно гэж гурван удаа зүтгүүлээд бараагүй, унасан. Монголчууд бас ч гэж ухаанаа бараагүй, арай ч тэгээд баталчихаагүй. Ийм л зүйл яваад байгаа юм. Үүнд төр өнөөдөр анхаарал хандуулж, асуудлыг нэг мөр шийдэх цаг нь болсон. Тийм ч учраас бид хуулиас давсан, монгол наадмыг үймүүлээд байгаа журмаа анхаарч өгөөч гэж УИХ-ын даргад хандана. Архангай аймгийн Их тамир сум өнгөрсөн жил 100 жилийнхээ баяр наадмыг хийсэн. Сумын Засаг дарга нь таараад “Морины уралдааныг наадмаас хасчихаж болохгүй юу” гэж асуусан гээд бод доо.

-Бүр иймдээ тулсан хэрэг үү?

-Эрлийз морьтой нөхөд оччихоод, наадмыг нь хийлгэхгүй, сумын албан хаагчдыг нь зодоод, аргаа барахдаа тэгж асууж байгаа хэрэг. Ингэж л наадмыг үймүүлж байна. Өв соёлоо устгалцаж байна. Хэрэгжүүлэхгүй бол хууль баталж яадаг юм бэ гэж би гишүүдээс асуумаар байна. Хариуг нь хамтдаа сонсмоор байна.

-Эрлийз, монголоосоо халиад одоо бүр авлигын хэрэгсэл болчихсон юм биш үү?

-Ноднин жил уяачдын дундаас хоёр дахь Хөдөлмөрийн баатар төрлөө. Тэгээд ярилцлага өгч байна. Ингэхдээ англи, араб адууг авч ирээд, монгол гүүн дээр гишгүүлсэнийг эрлийз гэж ярьж байх юм. “Адуу, адуутайгаа нийлж байгаа учраас эрлийз гэх ойлголт байхгүй. Монголд төрсөн учраас монгол адуу л гэж хэлнэ” гэсэн. Хөдөлмөрийн баатрын хэлснээр бол монгол-хятад хоёр хүний дундаас төрсөн хүн Монголд төрсөн бол монгол хүн болох нь л дээ. Яг ингэж л эрлийзээр бизнес хийх санаатай.

Нэг ч монгол морь төрийн наадамд айрагдуулж үзээгүй хүн Тод манлай уяач болчихсон. Үүнд щ төр нөлөөлөөд байна. Хууль бус зүйл хийснийг нь өөгшүүлээд, баатар болгоод байна. Ингэж буруу ухуулга явуулмааргүй байна. Өнөөдөр өөрийнхөө морийг мордуулахын төлөөх тэмцэл л явагдаж байна. Энэ холбооны тэргүүн болж, баяр наадмын комисст багтаж байж, санаагаа гүйцэлдүүлнэ. Сарвайснаа авна. Жишээ нь, өнгөрсөн жилийн баяр наадмаар нэг нөхөр 50 сая төгрөгийн авлига өгч байж морио мордуулсан гэж байна лээ. Тэр жил бас 20 сая төгрөгийн хахууль өгч морио мордуулаад, тэрэнд нь эрүүгийн хэрэг үүсгээд, тэгснээ 20 литр айраг болж цайруулаад, цагаандаа гарч дарагдсан. Хэмжээгээр шийднэ гэдгийн чинь цаана л булхай, улс төр, авлига, явагдаад байгаа юм. Тэрийг нь төрд алба хашиж буй зарим хүмүүс зүйл бүрээр усалж тордоод, угааж ариулаад, утаж унгатгаад, арга эвийг нь олоод цэцэглүүлээд байгаа юм. Тэр бүгдийн манлайд шахуу манай ММСУХ цохиж явдаг байсан. Одоо ч үргэлжлүүлэхээр хуралдаж, хуйвалдаж байцгаах шив. Эцэст нь хэлэхэд, ардын үрс наадамд морио мордуулах гарцгүй, авлига цэцэглэсэн нийгэмд наадмаа хүртэл найр тавьж өгчихөөд сууж байна гэж бодохоор өөрөө өөртөө гомдож суух. Хэндээ ч хандах билээ гэхээр цаг төр цөвүүн байна даа.

Categories
мэдээ нийгэм

“Фенгал” хар салхи Энэтхэгийн Пудучерри хотыг дайрч их хэмжээний аадар бороо орсны улмаас 3 хүн нас баржээ DNN.mn

Энэтхэг Улсын Пудучерри хотод 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд “Фенгал” нэртэй хар салхи 90 км/ц (25 м/сек) хурдтай шуурч, хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас хөрсний гулгалт үүсэж гурван иргэн амь насаа алдан, олон тооны тээврийн үйлчилгээ тасалдсан зэрэг их хэмжээний хохирол учруулжээ.

Пудучерри мужид 24 цагийн дотор 484 мм (19.06 инч) бороо орсон нь сүүлийн 30 жилийн хамгийн их хэмжээний хур тунадас орж, үерийн гамшигт нэрвэгдээд байна. Тус улсын эрх баригчид Тамил Наду, Андхра Прадеш, Керала, Карнатака мужуудад Улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаж, бүс нутгийн загас агнуурын үйл ажиллагааг түр зогсоож, далайд байгаа загасчдыг эрэг рүү буцахыг зөвлөж байгаа аж.
Шуурганы улмаас Ченнай нисэх онгоцны буудал хаагдаж, 226 нислэг цуцлагдаж, хотын захын галт тэрэгний хөдөлгөөн саатаж, 50 гаруй авто зам усанд автсан байна. Ченнай хотод борооны улмаас гурван хүн амиа алдсаны хоёр нь цахилгаанд цохиулан нас барсан байна.

 

 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: the watchers.news

Categories
мэдээ спорт

Д.Батсүмбэрэл холимог тулааны “UNF” холбооны аварга боллоо DNN.mn

АНУ-ын UNF холбооны хагас дунд жингийн /welterweight/ аваргын бүсийн тулаан өчигдөр /2024.12.02/ боллоо.

Уг тулаанд аваргын бүсийн төлөө монгол холимог тулаанч Дагвадоржийн Батсүмбэрэл оролцож, Томми Аароныг шүүгчдийн саналаар ялсанаар АНУ-ын UNF холбооны хагас дунд жингийн /welterweight/ аваргын бүсийн эзэн болжээ. Түүний хувьд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул бөгөөд өмнө нь “Dragon House” холбооны аваргаар шалгарч байсан юм.

Categories
гадаад мэдээ

Трампын дайны харцагууд ба Украин, Хезболла зэвсэгээ бүрэн хураалгах, Европын холбооны дайны эсрэг шийдвэр зэрэг сүүлийн хэд хоногийн олон улсын бужигнаан DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп бэлтгэл дэслэгч генерал, 80 настай Кейт Келлогыг Украин, ОХУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилж буйгаа зарлаж, “Келлог Украины дайныг хүчээр зогсоох болно” гэж мэдэгдэв. Украинд зэвсэг өгөхгүй гэж байсан Трамп АНУ-ын гадаад асуудлыг шийдэх гол гурван албан тушаалд “харцага”-уудыг тавьж, дайныг хүчээр зогсоох гэж байгаа нь тодорхой болов.Мөн саяхан Сенатын танхимын тэргүүнд Трампыг дэмжиж, Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцдэг хоёр, Украиныг дэмжигч нэг нэр дэвшигч өрсөлдөж, Украиныг дэмжигч нь нөгөө хоёроосоо тасархай олон санал авч дарга болов.Харин Трамп энэ талаар ганц үг ган хийсэнгүй.Удахгүй Төлөөлөгчдийн танхимд Рейганчууд гэгддэг Украиныг дэмжигчдээс тэргүүн болох магадлал маш өндөр байна.Харин дайныг хүчээр зогсоох гэдэгт нефтийн үнийг унагаж, Оросын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, хөлсний цэргээс бүтэж буй Оросын армийг бутлах асуудал ч багтана. Мөн “Их 7”-ын Гадаад хэргийн сайд нар “Оросыг дунд тусгалын баллистик пуужин ашигласан явдлыг хатуу зэмлэн буруушааж, энэ нь бодлогогүй, хурцадмал байдал бий болгох гэсэн оролдлогын нотолгоо гэж үзэн, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх, тусгаар тогтнолыг дэмжих явдал гуйвшгүй байх болно гэдгийг онцлон дурдсан хамтарсан мэдэгдэл гаргав. ОХУ-ын ерөнхийлөгчийн пуужингийн сүрдүүлэгт эдгээр улсын төрийн тэргүүнүүд бус сайд нар, бүр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч хариу мэдэгдэл хийж байгаа нь барууны улсуудад Путины байр суурь хаана очсоныг дипломат аргаар ойлгуулж байгаа хэрэг билээ.

Өнгөрсөн сарын 17-нд Балтийн тэнгист Литва, Швед хоёрыг холбосон усан доорх холбооны кабель гэмтсэн. Маргааш нь Финланд, Германыг холбосон кабель тасарсан. Иймээс Балтийн болон Хойд Европын орнууд, түүнчлэн Польш улс Шведийн Харпсун хотод хуралдаж “Орос болон түүний холбоотнуудын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэх болно” гэж мэдэгдэн, Польшийн ерөнхий сайд Дональд Тускийн санаачлагаар “Балтийн тэнгист Оросын эсрэг тусгай цагдаагийн алба” байгуулах асуудлыг авч хэлэлцэхээр болов. Гүржид гурав дахь хоногтоо сонгуулийн луйвраар үлдсэн, Оросын талыг баримтлагч засгийн эсрэг иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөв.Абхазын иргэд Туркийн дэмжлэгээр эсэргүүцлийн жагсаал хийж, Оросын хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахгүй үлдээж, оронд нь Оросын тавиул ерөнхийлөгчөө огцруулав.Киприйн эрх баригчид өөрийн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд “алтан” паспорт авсан орос иргэдийн иргэний харьяаллыг цуцлав. Тэдний нэрсийн жагсаалтыг Киприйн “Политис” сонинд нийтэлсэн бөгөөд Оросын “Русал” компанийн үүсгэн байгуулагч Олег Дерипаска, “Альфа” группын хувьцаа эзэмшигч Алексей Кузьмичев, “Сафмар” группын үүсгэн байгуулагч Михаил Гуцериев, мөн Пробизнесбанкны эзэн асан Александр Железняк нар Киприйн иргэншлээ алдав. Энэхүү жагсаалтад Форбес сэтгүүлийн 2024 оны тэрбумтнуудын жагсаалтад багтсан Оросын долоон бизнесмен багтсаныг тус агентлаг мэдээлжээ.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Европын комиссын шинэ бүрэлдэхүүнийг Европын парламентаар батлуулав.Шинэчлэгдсэн Европын Комисс энэ сараас албан ёсоор ажлаа эхлэв. Нийт 26 Европын комиссар батлагдсан бөгөөд Оросын эсрэг хатуу бодлого баримталдаг Эстонийн ерөнхий сайд асан Кажа Каллас Жозеп Боррелийн оронд Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгчөөр ажиллахаар болов. Германы Холбооны тагнуулын алба (BND)-ны тэргүүн Бруно Кал “Орос улс 2030 он гэхэд барууны орнуудтай дайтахад бэлэн болно.Оросууд НАТО-тай шууд тулалдахын урьдчилгаа болгож Норвегийн Шпицберген рүү, эсвэл Оросуудыг хавчиж байна гэх шалтгаанаар Балтийн аль нэг улсад довтолж, НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйл хэрхэн биелэгдэхийг шалгах магадлал өндөр байна. Иймээс НАТО Оросын энэхүү халдлагаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж мэдэгдэв. Европарламент Европын Холбооны гишүүд болон НАТО-гийн холбоотон улсууд Украиныг цэрэг зэвсгийн хувьд дэмжиж, жил бүр ДНБ-ийхээ 0.25 хувиас доошгүй хувийг энэ зорилгоор хуваарилах үүрэг амлалт өгөх ёстой гэсэн заалт бүхий “Европын Холбоо болон түүний холбоотон орнуудаас Украинд яаралтай хэрэгцээтэй байгаа нисэх онгоц, алсын тусгалын пуужин, тэр дундаа TAU­RUS пуужин, орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем, түүнчлэн амласан техник хэрэгслийг нийлүүлэх ажлыг хурдасгах тухай” тусгай тогтоол батлав. Мөн уг тогтоолд металлург, цөмийн, хими, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг Оросын эдийн засгийн онцгой ач холбогдолтой салбаруудад ОХУ-ын эсрэг нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авах ёстой. Үүнээс гадна хөнгөн цагаан, ган бүтээгдэхүүн, уран, титан, никель зэрэг Оросын түүхий эдийг импортлоход хязгаарлалт тавьж, Оросын чулуужсан түлш, шингэрүүлсэн байгалийн хийн импортыг Европын Холбоонд бүрэн хориглохыг санал болгож, Оросоос нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний үнийн “таазыг” G7-ийн түншүүдтэй уялдуулан бууруулах ёстой” гэж заагаад, Украины “Энх тайвны томьёолол”, Владимир Зеленскийн “Ялалтын төлөвлөгөө”-нд тулгуурлан Украины ирээдүйн найдвартай аюулгүй байдлын баталгааг бий болгох ёстойг онцолж, Германы канцлер Олаф Шольц саяхан Путинтэй утсаар ярьсанд харамсаж байна” гэж тэмдэглэжээ. Мөн Орос Украинд шинэ баллистик пуужин туршсан, Москва Пхеньянд цэргээ дайнд нэмж оруулахыг уриалж байгааг Европын парламент буруушаагаад “Оросоос ирэх цөмийн аюул заналхийлэл нь Европын Холбоог Украинд тусламж үзүүлэхэд саад болохгүй” гэж заажээ. Европын парламентын энэхүү тогтоол нь Дональд Трамп, Владимир Путин хоёрт өгч буй “Бид цэрэг, эдийн засгийн алинаар нь ч Путины дэглэмийг унагах чадвартай” гэсэн мессэж болов.

Израиль болон Леваны Хезболла бүлэглэлийн хооронд “Хезболлаг дахин зэвсэглэсэн тохиолдолд Израилийн арми шууд цохилт өгнө” гэсэн гол нөхцөлтэй, дайн зогсоох энхийн гэрээ байгуулж, Израилийн цэрэг 60 хоногт Ливанаас гарахаар болов. Энэ нь энэ хоёр сарын хугацаанд Израилийн арми Хезболла бүлэглэлийн зэвсгийг бүрэн хурааж дуусна гэсэн үг юм. Зэвсэггүй бол Хезболла бүлэглэл байсан, байгаагүйн ялгаа юу байх билээ. Израилийн газар нутгийг олон пуужингаар харвасан ч Хезболла Израильд өчүүхэн ч хохирол учруулаагүй. Энэ нь Ливан дахь дэмжигчдийнхээ нүдэн дээр итгэл үнэмшлийг нь алдсан гэсэн үг. Учир нь Хезболла бол зүгээр нэг дайнч бүлэглэл биш, Ливаны нийгэм, улс төрийн амьдралд идэвхитэй оролцогч бөгөөд 2005 оноос хойш тус улсын засгийн газрын бүрэлдэхүүнд багтсаар ирсэн. Одоо Хезболла Ливаны парламентад 15 суудалтай. 2022 он хүртэл бусад радикал намуудтай эвсэж, парламентад олонх болсон ч улс орныхоо эдийн засгийг гүн хямралд оруулсан юм. Үнэндээ Ираны дэглэм Хезболлагаар дамжуулан Ливаныг гартаа оруулаад байсан билээ. Иймээс Ливаны доторх Хезболлагийн эсрэг дургүйцэл янз бүрийн түвшинд нэмэгдэж ирсэн. Ливаны улс төрийн сөрөг хүчин Хезболлаг Ливаныг барьцаалсан террорист байгууллага хэмээн ил тодоор зарлаж, санал асуулгаар хүн ам нь уг бүлэглэлийг авлига, энгийн иргэдийг айлган сүрдүүлсэн, тус улсад нүүрлэсэн эдийн засгийн гүн хямралд буруутгаж байгаа билээ.Энэ нь ливанчууд өөрсдөө Хезболла бүлэглэлийг устгах нөхцөл бүрдсэн гэсэн үг юм. Иймээс одоо израилчуудын хувьд Ираны өнөөгийн дэглэмийг солих л алхам үлдэв.Үүнийхээ дараа тэд 2015 оны гэрээгээ зөрчиж, дайсанд зэвсэг нийлүүлсэн хэргээр Москвагийн өнөөгийн дэглэмийг өөрчлөх гэж зүтгэх болно. Энэ зорилгоо ч тэд биелүүлж таарна.

Сирид хуримтлагдсан Иран болон Хезболла бүлэглэлийг Израилийн агаарын хүчин устгах явцад Башар Асадын цэргийн хүч ч ихээхэн суларсан.Иймээс Иран, Оросын цэргийн шууд тусламжаар Асадын цэргүүдэд ялагдаад байсан Сирийн босогчдын бүлэглэлүүд Туркийн дэмжлэгтэйгээр Америкийн хуягт тээвэр, их буу, Туркийн дроноор зэвсэглэн гэнэт довтлов. Оросууд агаараас босогчдод цохилт өгсөн ч амжилтгүй болж, Сирийн арми зугтаж, Аллеппо хотыг алдав. Иран нэг батальон буюу 500 орчим цэрэг илгээсэн ч босогчдод бут цохигдож, мөн орос цэргүүд ч алагдаж, олзлогдов. Үр дүнд нь босогчдын замаас оросууд өөрийн цэргийн нисэх буудлаа яаралтай нүүлгэн шилжүүлж, Башар Асад Москва руу зугтаж очив. Оросууд “Асадад 48 цагийн дотор цэрэг, зэвсгийн тусламж үзүүлнэ” гэж зарлав. Уг нь бодит пуужин, цэрэг зэвсэг байсан бол зарлахгүйгээр гүйцэтгэж, үр дүнг нь нийтэд харуулдаг учиртай юм. Харин Туркийн дэмжлэгтэй, сунитуудын энэ босогчид бол Хезболлагаас ялгаагүй террорист бүлэглэл билээ. Иймээс тэд Сирид байгаа Оросын цэргүүдээс гадна АНУ-ын цэргийн баазад ч аюул учруулах болно. Энэ нь Иран, Орос хоёрт Сирийн гэх дахин нэг фронт нэмэгдэж, АНУ болон Турк улс дайнд татагдан орж байна гэсэн үг. Оросын хувьд Сири нь Ойрхи Дорнодын зарим улсын нефтийг дэлхийд гаргахгүй байх “том хаалт”, өөрийн нефтийг зарж байх “том боломж” юм. Иймээс Путин энэ “хаалт”-аа алдвал олог улсад Катар, Эмиратын нефть цутган, нефтийн үнэ унаж, хөлсний цэргүүдтэй Оросын армийн хувьд сүйрэл болно гэсэн үг. Ерөөс энэ бүхэн оросууд өөрсдөө бий болгосон Палестины ХАМАС бүлэглэлийг ашиглаж эхлүүлсэн Ойрхи Дорнод дахь дайн нь Кремлийн ялагдлаар дуусах шатандаа орж, үзүүр нь Путины эсрэг эргэж байна гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл, Путин өөрөө санаачлан Израиль, Өмнөд Солонгос, Япон гэсэн гурван хүчирхэг улсаар өөрийн дайсны хүчийг нэмэгдүүлж чадсан явдал болж таарав.

Эцэст нь, АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден АНУ-ын Конгресст албан бичиг илгээж, Киевт шилжүүлэн өгөх Америкийн зэвсгийн нөөцийг нөхөхөд 16 тэрбум ам.доллар, мөн Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI) хөтөлбөрт нэмж найман тэрбум ам.доллар хуваарилахыг санал болгов. USAI хөтөлбөрийн хүрээнд Пентагон зэвсгийн нөөцөөсөө бусад улсад шууд нийлүүлэх бус, зэвсэг үйлдвэрлэгчидтэй орчин үеийн зэвсэг үйлдвэрлэж, тухайн улсад нийлүүлэх гэрээ байгуулдагаараа онцлог юм.Энэ асуудлыг Конгресс энэ сард хэлэлцэж шийдвэрлэнэ.Хэрэв үүнд Трамп саад болохгүй бол тэрээр Жо Байденд буюу Ардчилсан намд Оросыг буулган авах ялалт бэлэглэж, өөртөө буюу Бүгд Найрамдах намд Иран, Хятадын асуудлыг авч үлдсэн гэсэн үг болно. Украины ерөнхийлөгч “АНУ, Европын Холбооны дэмжлэгтэйгээр ирэх онд дайн дуусна” гэж мэдэгдэв. Энэ бүхэн Путины дэглэмийн дээр аажмаар хуримтлагдсан “Аянгын хар үүл” ниргэж эхлэх гэж байна гэсэн үг билээ.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшин: Монголд хамгийн таатай загвар модель гаргадаг мэргэжлийн байгууллагууд бий болгосноор салбарыг бодлогоор хөгжүүлж чадна DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө та хаана, ямар ажил хийж байсан билээ?

Санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, би. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад энэ удаагийн УИХ-ын сонгуульд баруун бүс буюу Завхан, Говь-Алтай, Ховд, Увс гэсэн тойрогт нэр дэвшиж гарч ирсэн. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс өмнө “АПУ” хувьцаат компанийн санхүүгийн захирлаар ажиллаж байлаа.

-Монголд өнөөдөр бизнесийн салбарын орчин ямар байна гэж та хардаг вэ. Энэ салбарынхан ярихдаа төрийн дарамт шахалт их байна гэдэг. Тэгэхээр төрийн оролцоог яаж зохицуулах вэ?

-Бизнес дэх төрийн оролцоог илүү оновчтой, зөв болгох ёстой. Тухайлбал, мэргэжлийн холбоод гэж байдаг. Үнэндээ яг мэргэжлийн гэдэг үгээ тодорхойлох хэрэгтэй болчихож байгаа юм. Бид мэргэжлийн холбоод гэхээр тухайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хэлээд байна л даа. Ер нь тухайн салбарын төлөөлөл байж, өөрийн ерөнхий дата статистикаа гаргаад, ямар нэгэн байгууллагаар дамжуулаад төр засагт дуу хоолойгоо хүргэх нь зөв. Энэ бол байдаг л зүйл. Тэгвэл яг тэр мэргэжлийн гэдэг нь олон улсад тэс өөр ойлголт. Тухайн салбарын судалгаа, шинжилгээг л зөвхөн хийдэг, бизнесээс ангид, ашгийн бус байгууллагыг мэргэжлийн гэж хэлээд байгаа юм. Харамсалтай нь, манай улсад ийм байгууллагууд хөгжөөгүй. Тийм болохоор салбарын төлөөллүүдийг мэргэжлийн байгууллага гэж нэрлээд, төрийн чиг үүргийг биелүүлчихээр ашиг сонирхол гараад байна. Дээрээс нь судалгаа шинжилгээ инновац хөгжихгүй шалтгаан нөхцөлийг бүрдүүлдэг. Жинхэнэ мэр гэжлийн байгууллага бол судалгаа шинжилгээ, инновацыг нь хөгжүүлж, олон улсад байх модель загвар руу нь дөхүүлдэг байх нь. Монголд байгаа хамгийн таатай, зөв зохистой загвар моделийг нь гаргадаг тэр байгууллагуудыг бид бий болгож байж салбарыг бодлогоор хөгжүүлнэ гэж харж байна.

-Манай улс чөлөөт зах зээлд шилжээд 34 жил боллоо. Гэтэл төр хувийн хэвшлийн орон зайг булааж, оролцохгүй салбар гэж алга. Таны яриад байгаа мэргэжлийн байгууллага олон улсын жишгээр ажиллаж эхэлбэл чөлөөт зах зээл жинхэнэ утгаараа хөгжих боломжтой юу?

-Төр яагаад хувийн хэвшлийн орон зай руу дөхөөд байна вэ. Ер нь манай улсын төсөв, санхүүгийн байдал ямар байна вэ гэдгийг хэдүүлээ том зургаар нь авч үзэх хэрэгтэй. Улсын төсвийн нийт орлогын 70-80 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Эндээс том мөнгө орж ирэнгүүт бид нэгдүгээрт, бодлогоор зарцуулж чадахгүй байна.

Хоёрдугаарт, төрийн засаг захиргааны бүх нэгж алдагдалтай ажиллаж байна. Сумдын засаг захиргааны зардал улсын төсвөөс гарч байна. Аль нэг суманд хоёр байшин барихад хүртэл улсын төсөв урсаж л байдаг. Сүүлдээ сум доторх жижигхэн замаа хүртэл улсын төсвөөр хийдэг болчихлоо шүү дээ. Муу хэлүүлээд байдаг Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийнхээ мөнгөөр бүх засаг захиргааны нэгжийн ажлыг хийж, үүнийгээ улсын төсөв гэж нэрлээд байна. Бодит байдал дээр бидэнд ямар асуудал тулгарч байна вэ гээд харахаар уул уурхай эрхлэлт 15-20 жил болж байна. Сөрөг үр дагаврууд нь одооноос гарч эхэлж байна. Говьд 20 метрийн гүнээс ус ундардаг байсан бол 220 метр ухаад ч гарахаа болилоо. Тэгэхээр бид барагддаг, шавхагддаг мөнгийг төсвийн хөрөнгө оруулалт нэртэй зардал руу аваачаад хийчихээр ирээдүйд яаж амьдрах юм бэ. Бүгдээрээ уул уурхай ухаж амьдрах модель руу явах гээд байна шүү дээ. Засаг захиргааны нэгжүүд өөрсдөө зардлаа санхүүжүүлдэг моделийг бодож олохгүй бол бүгдээрээ амаа ангайдаг боллоо. Манай сумдад боловсон хүчин байхгүй. Сайн боловсон хүчин олъё гэхээр амьдруулах байр сууц нь байхгүй. Энэ ажлыг төр хийж өгөх ёстой гэсэн хандлагаар “Байр бариад өгөөч” гээд суугаад байдаг. Тэгвэл энэ мэт асуудлыг хязгаарлаж тогтоож байж төсвийн бодлого сууриасаа зөв болно. Энэ моделийг хэрэгжүүлэхийн тулд бид эхлээд дүн шинжилгээ анализ хийж өгөх ёстой. Гэвч дахиад л мэргэжлийн байгууллага алга. Тухайлбал, өнөөдөр замын ажил улсын төсвөөс баталсан үнэлгээний дагуу тендер концессоор явж байна. Тэр үнэлгээ, замыг хийж байгаа бүх ажилд нь төсвийн дүн орчихдог. Гэтэл өртөг зардлыг бууруулах шийдэл байдаггүй. Аймаг, сумд өөрөө 10, 20 км зам тавих технологи, инновац хөгжиж байгаа бил үү. Суурь судалгаа хийж байна уу. Энэ бүхэн яагаад байхгүй байна вэ гэхээр хариулт нь ойлгомжтой. Өнөөх мэргэжлийн холбоод байхгүй болохоор тэр шүү дээ. Замын тухай ярьсан ч гэсэн улсын төсвөөсөө нэхэж л байдаг. Бас барилгын төсөвт өртөг гээд их ярьдаг. Хамгийн сүүлийн үеийн технологиор орон нутагт тохируулан хялбар аргаар, өртөг багатай барих боломжтой судалгаа хийдэг байгууллага байна уу. Тэгэхээр ийм зүйл хөгжиж байж, технологи инновацыг нэвтрүүлж, ашигладаг болно. Тэгж байж сум, аймгууд өөрөө, өөрийнхөө бүтээн байгуулалтыг хийдэг болно. Өөр өөрийн гэсэн татварын суурь орлоготой болж байж энэ бүх ажил явна. Аймаг, сумдын иргэд нь ажилтай, орлоготой болбол татвар авна биз дээ. Орон нутаг өөрсдөө төсвөө бүрдүүлээд ирэхээр өнөөдрийнх шиг хэт нүсэр өртгөөр замаа тавьж чадахгүй. Уг нь орон нутагт ганц км зам тавих хялбархан шийдэл бий. Тэнд ажиллах хүч нь байгаа биз дээ. Үүнийг бид яагаад бодохгүй байгаа юм бэ. Эндээс л мэргэжлийн байгууллагын суурь, технологи, инновац явж байж, иргэд бизнесүүд ажлын байртай болно. Төрийн оролцоо багасна.

-Технологи инновац байхгүйгээс төсөвт өртөг жилээс жилд нэмэгдэж байна гэсэн үг үү. Гэтэл төр данхайж томроод, бизнесийг цуглуулаад байна шүү дээ?

-Төр мөнгөө цуглуулаад, бүх бизнесийг хамаад хийгээд л байна. Ийм нөх цөлд тэрийг нь хийж чадах иргэн ч байхгүй. Бизнесмен ч байхгүй. Технологи инновац нэвтрэхгүй учраас төсөвт өртөг нь жилээс жилд өсөөд л байна. Тэр төсөвт өртгийг олон улсад байгаатай жишиж байна уу. Хэн сайжруулж байгаа юм бэ. Тэр ажилбаруудыг нь хэн шинэчилж байгаа юм бэ. Яг тэрэн дээрээ зориулж ажилласан байгууллага байна уу. Тэгэхээр бид эндээс л ажлаа хийх байх даа.

-Чөлөөт зах зээлийг хөгжүүлэхэд төрийн дарамт саад болж байгаа юм биш үү. Авч байгаа татвар нь их болохоор аж ахуйн нэгжүүд, бизнесүүд томорч чадахгүй байна. Татвар дээр ямар зохицуулалт байх ёстой вэ?

-Нэрлэсэн болон бодит татварын хэмжээ гэж бий. Нэрлэсэн татвар нь НӨАТ-ын 10 хувь байна. Тэгвэл энэ дарамт мөн үү, биш үү гэдгийг олон улстай харьцуулахаар дундаж байгаа. Асуудал нь юунд байна вэ гэхээр, аж ахуйн нэгж, бизнесменүүд орлогоо хүлээн зөвшөөр сөн цэг дээрээ татвар тайлагначихдаг. Төрийн байгууллагууд нь тайлагнасан бол сарын дотор төлөх ёстой гэж шахна. Гэтэл орлого нь гурван сарын дараа орж ирэх байвал яах вэ гэдэг асуудал үүсч байгаа биз. Мөнгөний дутагдалд орчихно. Мэрг эжлийн зохицуулалт байхгүй. Бүгдээрээ үүний шийдлүүдийг олох ёстой. ААНОАТ нь тодорхой түвшинд 10-аас 20, 30, 40 хувь байдаг. Харин татвар ногдохоос хасагдахгүй зардал гээд баахан зардал гаргаад ирчихсэн. Тэр нь хувийн хэвшлийнхэнд дарамт үүсгэдэг. Тэрийг яагаад хасахгүй байгаа юм бэ. Яагаад аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь татвараас зугтаагч гэж хараад байгаа юм бэ. Тодорхой хэсэг нь татвараас зугтаасан байлаа гэхэд бүгдээрээ тийм биш. Тэгвэл яагаад төр бизнес явуулах зайлшгүй зардлуудыг нь татвар ногдуулах орлогоос хасагдахгүй гэж үздэг юм бэ. Ингээд тооцохоор бодит татвар нь 40-45 хувь болчихож байгаа юм. Өндөр дүн байгаа биз. Тэгэхээр бид бүх суурь концепцуудаа олон улсад байдаг шиг цэгцлэх хэрэгтэй. Үүнд л мэргэжлийн байгууллагууд гарцаагүй чухал. Төрийн зохицуулалт ч бас өөрөө бодлого шинжилгээг мэргэжлийн байгууллагуудаар үнэлүүлэх нь зөв.

-Ингэхэд чөлөөт зах зээлийг яаж удирдах ёстой юм бэ?

-Чөлөөт зах зээлд төр захиргааны аргаар оролцох гээд байдаг. Уг нь эдийн засгийн аргаар оролцох ёстой л доо. Татварыг нь бууруулж, бас өсгөж болно. Статистик дүнгээр энэ салбар нь одоо өгөөжгүй болж байгаа учраас битгий нэмж ороорой гэж анхааруулж болно. Харин энэ салбарт орон зай дутагдалтай байна. Тэр салбарт зохион байгуулалт хэрэгтэй байна. Олон улсад энэ салбарыг ингэж судалж байна. Иймэрхүү мэдээлэл өнөөдөр хаана ч алга. Бид урдах урдахаа хараад хийчихдэг. Нэг мэдэхэд баахан өрсөлдөгчтэй болоод тэр бизнес дампуурдаг. Гэтэл аль нэг салбарт нь хов хоосон орон зай байж байдаг. Үүнийг мэргэжлийн байгууллагууд судлаачид нь гаргаж ирээд дүгнэж хардаг. Тэрийгээ анхаарлын төвд тавьдаг. Үүнийг чөлөөт зах зээлийн зохицуулалт гэж нэрлээд байгаа юм. Тэрнээс чөлөөт зах зээлийг удирдах зохицуулалт нь захиргааны арга биш. Судал гаа, мэргэжил, үр ашгийн асуудал байна. Нэн чухал нь салбарын өгөөжийг судлах ёстой.

Чөлөөт зах зээлийг бид буруу ойлгоод байгаа. Нэг бол ерөөсөө зохицуулалт байхгүй, сул орхих хэрэгтэй гэдэг. Эсвэл төр захиргааны аргаар оролцох гээд байдаг.

Чөлөөт зах зээл чинь өөрөө эдийн засгийн үр ашигтай байдлаараа оршин тогтнох ёстой. “Монгол Улсын салбарын хэмжээнд ашигтай юм уу. Дотор нь оролцож байгаа аж ахуйн нэгжүүдэд өгөөжтэй байж чадаж байна уу. Хэрэглэгчид нь сэтгэл ханамжтай байна уу” гээд харах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор чөлөөт зах зээл гээд хаячихдаг. Нөгөөдүүл нь дөнгөж амьдраад байдаг. Гэтэл том зургаараа салбар өгөөжгүй учраас Монгол Улс алдаад байгаа юм. Иймд салбарын бодлого, үр ашгийг тооцоолж байдаг статистик судалгаа, тэрийгээ бизнес эрхлэгчдэд мэдээлж байдаг үндэсний мэргэжлийн байгууллага хэрэгтэй байгаа юм.

-Ер нь манай нийгэмд том бизнесүүд бүх салбарыг эзэлдэг жишиг тогтсон. Шинэ биз несүүдэд боломж олгодоггүй. Харин олон улсад “Самсунг” брэндийн детал болгоныг бусад компаниуд нийлүүлдэг. Ингэж хөл дээрээ тогтсон том бизнесүүд жижиг, дундаа чирч явж ирсэн. Гэтэл манайд эсрэгээрээ “Таванбогд”, “Номин” зэрэг топ компаниудын ноёлоогүй салбар гэж алга. Энэ байдлыг яаж зохицуулах ёстой юм бэ?

-Энэ бол хуулийн хэрэгжилтийн л асуудал. Банкны бизнест орсон хүмүүсийг хязгаарлах хуулиуд байж байна. Эхлээд олчихсон бизнесүүдийг тэнцвэржүүлэх олон улсын аргууд байдаг. Манайхан энэ аргуудыг яриад ирэхээр зах зээлийн өөрийнх нь биш захиргааны арга яриад байдаг. Сүүлдээ нийгмийг томоохон компаниудын эсрэг үзэн ядалт руу түлхдэг л дээ. Яг үнэндээ бидэнд төлөвшил дутагдаад байна. Манайд байгаа том бизнесүүд олон улсдаа жижигхэн нөхдүүд шүү дээ.

-Манай улс ганц уул уурхайгаас орлого олж байна. Өөр эх үүсвэрээс доллар олж ирэх ямар боломжууд байна вэ. Энэ тал дээр төр ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Дахиад хэлэхэд, Монгол Улс уул уурхайгаас төс вийнхөө 70-80 хувийг бүрдүүлж, нэг сумын бригадын төвийн замыг засах хэмжээнд хүрчихлээ шүү дээ. Үүнийгээ дагаад төсвийн орлого, зарлага данхайж байна. Нөгөө талдаа бидний байнгын амьдралын хэв маяг бол нүүдлийн мал аж ахуй. Иймд нүүдлийн мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулах зөв бодлого хэрэгтэй. Монголын ард түмний үйлдвэрлэж байгаа баялаг бол мал. Жилд 20 сая мал үйлдвэрлэж байна. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чөлөөт зах зээлийн бодлого тогтолцоог барьж явах ёстой. Тэрнээс механик аргаар оролцож болохгүй. Япончуудыг үйлдвэрлэгч ард түмэн гэдэг дээ. Тэд хэдэн том компаниудаа дагаад машин тэрэг үйлдвэрлээд байна. Гэтэл 450 гаруй мянган малчин өрх амь үйлдвэрлэж байна. Тэр нь хүнс болдог. Дахиад аж ахуйн бараа материал болдог. Үүнийг яагаад эдийн засгийн нэгдсэн тогтолцоонд оруулах бодлого бодохгүй байна вэ. Фермжүүлнэ гээд л ярьцгаагаад байдаг. Энэ бол буруу. Өнөөдөр нүүдлийн мал аж ахуй руу чиглэсэн бодлого нь өөрөө алдаатай. Дандаа нийлүүлэлт тал дээр нь яваад байна. Бараа нь борлогдохгүй байхад орц тал руу нь өртөг нэмэх зүйлийг бодлогоор хийгээд байх юм. Татан авалтын ложистикийн тогтолцоо хэрэгтэй. Дэлхийн банкны судалгаан дээр ч ложистикийн тогтолцоогүйгээс энэ салбар хөгжихгүй байна гэсэн байна. Жишээлбэл, уулын мухарт байгаа хоёр хөгшин малаа зарж чадахгүй л байгаа биз дээ. Ченжүүдийн аманд орж, малаа хэт бага үнээр зарж чаддаггүй. Байгаа хэдэн малаа онд оруулахын тулд сүргийн бүтэц нь алдагддаг. Амьд үлдэх талаас нь эр малаа үлдээж эхэлж байна. Гэтэл нөгөө талд бэлчээрийн даац хэтэрлээ гэж яриад байдаг. Тэрийг нь ядаж байнгын худалдан авалтад тасралтгүй оруулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн эргэлтэд орно. Гэтэл улирлын шинж чанартай мал бэлтгэх ажлыг гаргах бодлого яагаад явагдахгүй байна вэ. Энэ дээр мэргэжлийн судлаачид хэрэгтэй. Үүнийг УИХ-ын гишүүний хувьд хэрэг жүүлэхээр зорьж байна.

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.

Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүчингүй болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 84 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны өвлийн элсэлтийн шалгалт энэ сарын 5-нд эхэлнэ DNN.mn

2024 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 5-нд эхэлнэ.

Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

-Бүртгэлийн хуудас

-Суудлын хуваарь

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

-Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.

Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргийн шүүх хурал болж байна DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд өнөөдөр 09 цаг 13 минутад хэлэлцэж эхэллээ.

Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд 54 оролцогч биечлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас 20 оролцогч цахимаар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэл 5320 тн давс, 5746 тн бодисын нөөцтэй байна DNN.mn

2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөс цэвэрлэх ажилд нийт 33 байгууллагын 900 гаруй зам талбайн үйлчлэгч, 90 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 5320 тн давс, 5746 тн бодисын бодит үлдэгдэлтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.