Categories
мэдээ улс-төр цаг-үе

Төсвийн хориг “Номер нэг”-ийн шантааж уу? DNN.mn

Төсөв тэлж байж эдийн засаг томорно, улс орон хөгжинө. Энэ бол эдийн засаг ойлгодог хэний ч хүлээн зөвшөөрөх үнэн. Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд жинхэнэ утгаар нь төсвийн тэлэлт хийж, улсаа хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх шийдэл гаргасан Ерөнхий сайд гэвэл Л.Оюун-Эрдэнэ л байна. 2025 оны төсвийн төсөл хэрэгжсэнээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайтын хил дамнасан төмөр зам гээд олон том төсөл хэрэгжинэ. Нэг жилийн төсөвтөө өмнөх Ерөнхий сайдуудын хэдэн арваны турш зүрхэлж хөдөлгөөгүй нэжгээд төслийн санхүүжилтыг шийдэж чадсанд нь Ерөнхий сайдад баяр хүргэх учиртай. Гэтэл ийм төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиатхав. МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, улс орны тусгаар тогтнол, аюул байдал, эв нэгдэлд анхаарах үүрэг хүлээсэн төрийн тэргүүн чухам яагаад ялсан намын Ерөнхий сайдын толгойлж байгаа Засгийн газрын гал тогооны ажилд хутгалдан орж, улсынхаа хөгжлийн эсрэг арга ядсан улстөр хийх болов оо. Монголд хэрэгтэй, иргэдэд өгөөжтэй төсөв баталчихаад байхад “Үрэлгэн төсөв боллоо, би ард түмнийхээ төлөө л хориг тавилаа” гэж жишим ч үгүй мэдэгдсэний цаана ямар учир байна вэ? Яг ийм үед яалт ч үгүй асуух асуулт бол энэ мөнөөсөө мөн.

Энэ асуултад бүрэн дүүрэн хариулт олохын тулд эхлээд энэ засагт, Ерөнхий сайдад дайсагнасан хүмүүс хэр олон бэ гэсэн асуултад хариу хайх учиртай. Өнгөрсөн сонгуулиар бүтэн 30 жил Монголын улс төрд ноёлсон бүлэглэлүүдийг нам тус бүр дээр нядааж, улс төрийн тавцнаас арчихад Л.Оюун-Эрдэнийн үүрэг их байсан. Мань эр “Улсын төсвийн хайгуулаар нөөц нь тогтоогдсон ордод төр хувь эзэмших ёстой. Олигархи компаниуд байгалийн баялгийг дангаараа эзэмшиж таарахгүй” гэж мэдэгдсэн цор ганц Ерөнхий сайд. Тийм ч учраас ашигт малтмалын орд эзэмшдэг гурван үсэгтэй том компаниуд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахад байгаа бүхнээ тавьж байна. Шуудхан хэлэхэд тэд Ерөнхий сайдтай ил, далд шууд “дайн” зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөнгө, эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлийн эсрэг сөрж зогссон учраас магадгүй тэр хамгийн олон дайсантай Ерөнхий сайд гэсэн тодотголтойгоор түүхэнд үлдэх биз.

Ийм олон дайсантай Ерөнхий сайдын эсрэг ямар ч хар пи ар хийхэд ядах юмгүй буулгаж авна гэдгийг олж харсан хүн бол номер нэг. Энэ дашрамд онцлоход хууль, шүүхийг атгасан Ерөнхийлөгчийн нөмөрт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн баахан лиценз атгасан гурван үсэгт том компанийн захирлууд очсон гэх жиг жуг яриа ч бий.

Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр бол төсөвт бүхэлд нь хориг тавихын өмнө төрийн тэргүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг өрөөндөө дуудаж уулзсан гэнэ. Яг ямар яриа өрнөсөн талаар тодорхой мэдээлэл алга. Ямартай ч дарамталсан утгатай үг унагасан гэх.

Эх сурвалжийн өгсөн энэ мэдээлэл үнэн бол бас л хоржоонтой нүүдэл хийж байгаа юм шүү. Улсынхаа хөгжилд хэрэгтэй төсөв баталчихаад байхад зөвхөн өөрийн ашгийг бодож ийм тулгалт хийх нь үндэсний аюулгүй байдалд анхаарах үүрэг хүлээсэн Ерөнхийлөгчийн хийх ёстой алхам лав биш. “У.Хүрэлсүхэд ахиад Ерөнхийлөгч болох том эрх ашиг бий” гэж улс төр гадарладаг хүмүүс хаалганы цаана ярьцгаадаг. Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг дуудаж уулзахдаа дарамталсан утгатай үг унагасан нь үнэн бол тэр дарамтных нь нэхэл “Би ахиад Ерөнхийлөгч болно шүү” гэсэн тулгалт байсан юм биш байгаа. Энэ мэтээр базаж тоймлоод харахаар төсвийн хориг Ерөнхийлөгчийн шантааж л болж таараад байна.

Ч.ТҮВШИНСАНАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: “Байшин Үйлдвэрлэх Комбинат-1” үйлдвэр гэр хорооллыг дахин төлөвлөх зорилгоор иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах боломжтой DNN.mn

“Эрэл групп” ХХК-ийн Орлогч захирал С.Батболдтой ярилцлаа.


-“Эрэл” ХХК үүсгэн байгуулагдсанаасаа хойш 35 жилийн түүх бүтээжээ. Та хэдэн жил ажилласан бэ? Хамт олныхоо өнөөдрийг хүртэлх амжилт, бүтээлээсээ товчхон хуваалцахгүй юу?

-Би “Эрэл” компанид арваад жил ажиллаж байна. “Байшин үйлдвэрлэх комбинат” үйлдвэр анх нээгдэхэд байсан. 2013 оноос хойш Баруун Европын тоног төхөөрөмжүүдээр шинэчлэл хийсэн. Тухайн үедээ өвөл, зун ажиллах боломжтой гайхамшигтай сайхан үйлдвэр нээгдэж байсан. Барилгын салбарын зундаа ажиллаад, өвөл зогсдог байсан байдлыг халсан. Гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэдийг орон сууцжуулж байж утаа, агаар, хөрсний бохирдлыг цогцоор шийдэх нь хамгийн зөв шийдэл. Энэ асуудал яригдаж явсаар яалт ч үгүй олон жил болж байна. 2017 оны 12 дугаар сарын 15-нд манай үйлдвэр ашиглалтад орж, үүд хаалгаа нээснээс хойш хариуцан ажиллаж, бид хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

-Хаана, ямар барилга байгууламжийг ямар чанар стандарттай барьж байгуулсан талаар тодруулъя?

-Бид Гандантэгчэнлин хийдэд 240 лам амьдрах боломжтой дотуур байрны төсөл хэрэгжүүлж, 2019 онд бүрэн ашиглалтад оруулсан. Дараа нь Тахилтад эрчим хүчний хэмнэлттэй цэцэрлэгийн байрны төсөл хэрэгжүүлж, хүлээлгэн өгсөн. Хамгийн сүүлд “Цайз 16”-д 20 айлын орон сууцны эхний ээлжийг ашиглалтад оруулаад байна. Иргэд газраа чөлөөлж, төр, хувийн хэвшил хамтарч буюу төр дэд бүтцээ татаад, бид барилгаа бариад, банкууд зээлээ олгоод хэрэгжсэн бодит төсөл байгаа юм

Тэр барилга хуучны угсармалуудаас юугаар ялгаатай вэ гэхээр нэг хэв маягаар биш, чөлөөтэй төлөвлөж болдог болсон. Дээр нь эрчим хүчний хэмнэлттэй, халаалт буюу цахилгааны зардал бага гарах боломжтой. Чанарын хувьд үйлдвэрлэлийн гэрчилгээтэй. Бас нэг давуу тал нь орчин үеийн хамгийн эко хороолол, хотхонууд байж болохын жишээг тэнд үзүүлж хийсэн. Манай үйлдвэр өргөн цар хүрээний, массын хэмжээний зориулалттай болохоор маш их эргэлтийн хөрөнгө, төр засгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Бид үүнийгээ ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ярилцаад явж байна.

-Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн зээлийн санхүүжилт аваад, хэрхэн зарцуулагдсан бэ? “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг Хөгжлийн банкны зээлийн өрөнд суутгах нь гэсэн мэдээлэл бий. Энэ талаар ярихгүй юу?

-Зээлийн тухайд 2013-2015 оны хооронд 21 сая ам.доллар болон 13 сая еврогийн зээл авсан. Тухайн үед бид Засгийн газар, УИХ-ын тогтоолуудын дагуу зээлээ аваад, төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Нарийн яривал, тухайн үед үлдэгдэл санхүүжилт нь орж ирээгүй. Гэхдээ бид үйлдвэрээ ашиглалтад оруулдгаараа оруулаад, захиалгаа хүлээгээд байж байна. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоо Хөгжлийн банкны зээлийг энэ үйлдвэрийн барьцаа хөрөнгөөр хангуулах, эсвэл төр засагтайгаа нийлээд энэ үйлдвэр ажиллах ёстой гэж үзэх үү гэдгийг шийдэхээр бид Засгийн газар, Хөгжлийн банктай хамтраад хэлэлцээрийн түвшинд ярилцаж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг зарчмаар цааш явуулах, үгүй бол гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирж байж бид төслөө хэрэгжүүлж, Хөгжлийн банкны зээлээ хаах зэрэг гаргалгаанууд бас бий.

-Тухайн үед төсөл хэрэгжээд явсан бол хэдэн айл өрхийг орон сууцаар хангах бүрэн боломжтой байсан бэ?

-Үйлдвэрийн давуу тал өвөл, зунгүй ажилладаг. Өвөл ч, зун ч барилга барих боломжтой. Тийм учраас жилд хүчин чадлын хувьд 150,000 м2 буюу дунджаар 5000 айлын орон сууц барих боломжтой гэж ойлгож болно. Өнөөдөр 2024 он, бүхэл бүтэн долоон жилийн хугацаанд 35 мянган айлыг орон сууцаар хангах бүрэн боломжтой байсан. Гэр хороололд одоо 200 гаруй мянган айл өрх байгаа бол нэлээд хэдэн хувийг орон сууцжуулах боломж байсан. Гол давуу тал нь, түрүүн хэлсэн массын хэмжээгээр, өвөл зунгүй ажиллаж байж барилгын өртөг нь бууж өгдөг. Бусад барилга барьж буй арга техникүүдээс 30-аад хувь хямд үнээр барих боломжтой гэж үзэж байгаа юм.

-Одоогоос зургаан жилийн өмнө танай үйлдвэр дунджаар нэг метр квадрат ыг нь 1-1.2 сая төгрөг буюу зах зээлийн ханшаас багаар барих боломжтой гэсэн мэдээлэл өгч байсан. Одоо дунджаар метр квадратын үнийг хэдээр тооцоох боломжтой вэ?

-Тухайн үед зах зээл дээр байрны ханш метр квадрат нь 1.5-1.6 сая төгрөг байсан. Бид илүү хямд барих боломжтойгоо илэрхийлж байсан. Одоо барилгын материалын үнэ яалт ч үгүй өсөөд байна. Гэхдээ бид Улаанбаатарт бусад компаниудын барилга барьж буй үнээс 30 хувиар хямдхан барих боломжтой.

-Танай үйлдвэрийн үйл ажиллагаа саатахад улс төрийн ч юм уу, өөр ямар нэгэн шалтгаан нөлөөлсөн гэж боддог уу?

-Үйлдвэрээ хариуцаад, үйл ажиллагааг нь аваад явж байгаа хүний хувьд наана харагдаж байгаа нөхцөл байдал нь эргэлтийн хөрөнгө. Яагаад вэ гэвэл, маш их хэмжээний захиалга байх ёстой. Эргэлтийн хөрөнгө нь саадгүй байж бид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ асуудлын цаана миний мэдэхгүй, улс төрийн ямар нэгэн асуудал бас байсан байх гэж бодож байна.

-Одоо хөрөнгө оруулалт орж ирээд, эргэлтийн хөрөнгө босгоод, барилгаа барьж эхэллээ гэхэд чанарын асуудал яригдана. Энэ талаар та ярихгүй юу. Дотоодоос барилгын материалуудаа авах боломжтой юу?

-Бид үндсэн түүхий эд болох дайрга, цемент зэрэг материалуудаа 100 хувь дотоодоосоо авах боломжтой. Зөвхөн арматурыг хойд юм уу, урд хөршөөс авна. Манай Монголд байдаг үйлдвэр бидэнд шаардлагатай арматурыг одоохондоо гаргаж чадахгүй байгаа юм.

-Танай компани “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууц барьж байсан билүү?

-Тийм. Миний мэдэхээр Засгийн газрууд шинэ хөтөлбөр гаргах болгондоо гэр хорооллыг орон сууцжуулна, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчим ярьдаг хэрнээ хэрэгжихгүй байгаа юм. Энэ нь олон шалтгаантай байх шиг байна. Тухайлбал, эрчим хүчний хүрэлцээ гэх мэт асуудлууд байна.

-Та түрүүн Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байна гэлээ. Одоо тодорхой хэмжээний дэмжлэг авлаа гэхэд хэчнээн орон сууц барих боломжтой вэ?

-Манай үйл ажиллагаа шууд эхлэхэд бэлэн байна. Үйлдвэр маань бүрэн автомат учраас тоног төхөөрөмжөө ажиллуулаад явчихад асуудалгүй. Боловсон хүчин, гол хүмүүс маань ойрхон ажиллаад явдаг. Ашиглалтад орлоо гэхэд маш богино хугацаанд орчин үеийн хороолол, хотхоны жишиг загвар үзүүлээд барих боломжтой. Түрүүний хэлдгээр, хүчин чадлаараа жилд 5000 айлыг орон сууцжуулж, шаардлагатай гэвэл хүчин чадлаа илүү нэмэх боломжтой.

Монголд барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Сүүлийн жилүүдэд, ялангуяа ковидоос хойш юмны үнэ яалт ч үгүй өсөж байна. Боловсон хүчний асуудал, нийгэм, эдийн засаг хүнд байна. Бусдаар хувийн хэвшилд хийж чадахгүй зүйл байхгүй. Манай компани өөрөө түүхтэй компани. Энэ жил 35 жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд барилга барьж, хийж бүтээсэн түүхтэй. Үйлдвэр ч гэсэн Улаанбаатар хотыг байгуулсан. Айхтар хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй. Хамгийн найдвартай татвар төлөгчөөр шалгарч, үе үеийн Засгийн газарт үнэлэгдэж явсан. Үндсэн ажилтан одоогийн байдлаар 100 орчим бий. Ихэнх ажлыг туслан гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэж байна.

-“Эрэл” компани өөрийн хүчин чадлаар залуу гэр бүлийг дэмжсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юу?

-Бид зөвхөн төр засаг гэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт татаж, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлууд хийгээд явж байна. Хэрвээ энэ асуудлууд шийдэгдчихвэл бидэнд энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий. Гэхдээ түрүүний хэлдгээр, энэ үйлдвэр яалт ч үгүй төрөөс дэмжлэг байж, төртэй хамтарч байж гэр хорооллыг орон сууцжуулах, сүүлийн үед яригдаад байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол зэргийг цогцоор нь шийдээд явах боломжтой юм.

-Та Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би барилгын инженер биш. Гэхдээ сүүлийн арван хэдэн жил энэ салбарт ажиллалаа. Монголын барилгын салбарын норм, дүрэм журам чанга. Ирээдүйн чиг хандлага хаашаа яваад байна вэ гэхээр тогтвортой хөгжил, ногоон барилга руу. Бид түүний дагуу л үйлдвэрээ ашиглалтад оруулж, эрчим хүчээ яаж хэмнэх вэ, хүнд ямар орон сууц таатай байх вэ гэдэг тал дээр түлхүү анхаардаг. Энэ нь Монголын цаг уурын нөхцөл байдлаас тодорхой хэмжээнд хамаардаг. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай болохоор маш их материал ашиглах, дулаалга хийх хэрэгтэй болдог. Газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй учраас маш их арматур, төмөр, бетон зуурмаг ордог. Одоо ногоон хөгжил рүү тэмүүлж байна, энийгээ ч дагаад манай барилгын норм, дүрэм журмууд сайжраад шинэчлэгдээд явах байх аа.

-Танай компани үйлдвэртээ сүүлийн үеийн шинэ технологи, ноу хау нэвтрүүлж байна уу?

-Хуучны угсармал орон сууцууд дулаан их алддаг, хүйтэн, бүгд нэг хэв маягийн гэж хүмүүс ярьдаг. Нэг, хоёр өрөө нь бүгд ижил байдаг. Бидний хэрэгжүүлж байгаа бол метр квадратыг нь ямар бол ямраар хийнэ. Эрчим хүчний хэмнэлттэй. Дулаалга шууд үйлдвэртээ хийгддэг болсон. Өөрөөр хэлбэл, барилгаа барьчихаад, гаднаас нь шавар, хөөсөө наагаад байхгүйгээр шууд үйлдвэртээ сендвич маягаар хийгдээд, дулаалгатайгаа гардаг болсон. Энэ бүхнийг манай дотоодын болон гадаадын, олон улсын инженерүүд хамтарч байж бүтээсэн. Энэ нь төвийн эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, ногоон орон сууц, эко барилга гэдэг зүйл рүү зориод байгаагийн нэг хэлбэр юм. Манай байгууллагын ажилчдын дийлэнх нь залуучууд. Гаднын мэргэжилтнүүд ч бас бий. Хэрвээ тулгамдаад байгаа асуудлаа шийдчихвэл үйлдвэр маань ажиллахад бэлэн байна. Ирээдүй, үр хүүхдүүдээ бодсон ч агаар, хөрсний бохирдлоос салах хүсэл бүгдэд бий. Тиймээс хийж бүтээснийхээ үр дүнг үзэхийг бид хүсэж байгаа юм.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эрх баригчид “Танхим”-д анхаараад, “Болор цом”-ыг тоосонгүй бололтой DNN.mn

Монгол хүн ухаан муутай, увайгүй, цаанаасаа нэг ёозгүй гэдэг нь Монголын төрийг удирдаж ирсэн үүх түүхээс маш тодорхой уншигддаг. Монгол хүн монгол эх орондоо хайртай, улс орныхоо хувь заяанд сэтгэл зүрхээ бүрэн зориулж чаддаг уу гэвэл үгүй. Хэрвээ монгол хүн төрт улсаа чин үнэнчээр бодож, чин үнэнчээр зүтгэж, үнэхээр л эх орон, ард түмний төлөө гэх үнэн сэтгэлтэй байсан бол Монгол Улс өнөөдөр шиг ийм дорой буурай байх ёсгүй.

Увайгүй, улс орноо гэх өчүүхэн ч бодолгүй хүмүүс эрх мэдлийн оройд гарахаараа, үндсэндээ эрх мэдэлтэй болоод ирэхээр жинхэнэ үнэн царай, ёс жудгаа харуулж эхэлдэг. Улс орныхоо туулж ирсэн он жилүүдийг эргээд харъя. Хэн нэгэн нөхөр эрх мэдэл, алба даяг, суудал сэнтийтэй болоод ирэнгүүтээ өөрийнхөө хошуу нутаг, ястан угсаатан, удам ургийнхаа хүмүүсээр, бүр хонхрынхоо хүмүүст эрх мэдэл өгч эхэлсэн байдаг.

Тухайлбал, Монголын автономийг устгах үед “Их шавийнхан зөвхөн өөрсдөө идэж, бүх суудал сэнтийг эзэлж байна. Шавийнханд идүүлж байснаас Хятадтай нийлчихье гээд монголчууд Хятадад дагаар орсон байдаг. Богд хааныг Хятадын ерөнхийлөгчийн зурагт мөргүүлэн, Монголыг доромжилсон байдлыг бид өөрсдөө л хийсэн.

Бодоход Их шавийнхан одоогийн төр засгийг удирдаж байгаа дарга нар шиг өөрсдийн хошууны нэг удам угсааны хүмүүсээ эрх мэдэлтэй болгож, зөвхөн хошуу нутгаараа идэж ууж, наадаж наргин, бусдынхаа зэвүүцлийг төрүүлээ биз.Ингэж нутгархах, ноёны бөх л давж байдаг эрх дархтай нэгнийхээ өмнө бусад нь хүчгүйдэн сөхөрдөг монгол хүний өөдгүй, юм үзээгүй, үхээнц, өлөн сэтгэл тусгаар тогтнолоо алдахад хүртэл нөлөөлж байсан.

Богд хаант засгийн үеэс хойш Чойбалсангийн үед Монголын төр зүүн талынхнаар дүүрч байсан. Төрийн наадамд хүртэл Дорнодын бөхчүүд дараалан түрүүлж байсан үе бий. Цэдэнбалын үед Увсынхан бүх юмыг эз дийлэн мэдэж байсан. Төв хороонд ч, төв театрт ч, төв цэнгэлдэхэд ч Увсынхан эзэрхийлж, улсыг тэд удирдаж байсан.

Ерээд оны эхэн үе, Очирбат Ерөнхийлөгчийн үед нутгархах, эрх мэдэлдээ ташууран бүгдийг эз дийлдэг энэ байдал арай намдуу болсон санагдана. Багабандийн үед Завханыхан бас л Монголын бүх юмыг дүүргэсэн. Саалийн үнээ гэгддэг Эрдэнэтийг нь удирдахаас аваад, салбар бүрийн манлайлалд Багабандийн эргэн тойрон дахь нөхдүүд байсан. Завханы гаралтай адуу хүртэл түрүүлдэг байсан биз дээ.

Дараа нь Энхбаярын эрин үе эхэлсэн. Энхбаяр гэдэг хүн тэмцэлдэн, зүтгэн явсаар байгаад бүх юмыг авч, бүгдийн толгойг өөрөө мэддэг байсан. Зөвхөн өөрөө мэдээд зогсохгүй гэр бүл нь мэддэг байсныг хэн хүнгүй ярьдаг байсан. Хэнийг дарга, хэнийг сайд, хэнийг гишүүн болгох, за тэгээд хууль хүчнийхнийг хэнээр удирдуулах гээд бүх юмыг эзэн ноён гэдэг Энхбаяр гэж хүн мэддэг, тэрний хүссэнээр болдог байсан.

Яруу найргийн наадам “Болор цом”-ыг хүртэл мэдэж, өөрийнхөө билүү, намынхаа туслах залууд түрүү шагналыг нь авч өгч байсан биз дээ. Тэгтэл сүүлийн найман жил Монголын төрийг Хэнтийнхэн удирдаж, нутгархах гэдэг энэ ужигт өвчин ёстой оргилдоо хүрч байна. Төр засгийг тэр чигт нь удирдаад зогсохгүй “нийслэл хүрээг” мөн эзэрхийлээд авсан. Шүүх, цагдаа, прокурор, Авлигатай тэмцэх газар, онцгой байдал, шүүхийн шийдвэр гээд хууль хүчний бүх удирдлагыг Хэнтийнхэн ээлж, дараалан очиж, суудлыг нь эзэгнэж байна.

“Цагдаагийн дарга томилогдож гэнээ, Хэнтийн хүн гэнэ. Шоронгийн дарга томилогдож гэнээ, Хэнтий гарлын хүн гэнэ” гэх яриа л Монголын нийгэмд бараг сүүлийн арваад жил өрнөдөг болсон. Сүүлдээ нэг том дарга, сайд томилогдоход “Өө Хэнтийн л хүн биз. Хэнтийнхний л удам угсаа, найз нөхөд, хамаарлын хүн биз” гэж өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрөхөд хүргэж байна. Ард түмнийг ийм байдалд оруулж байгаа нь харамсаар. Хэнтийнхэн ийнхүү өнөөдөр алуурчныг ч аврагч болгож чадах хүчтэй байна.

Саяхан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын сонгууль боллоо. Гэтэл уг сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлж өрсөлдсөн, өмнө нь “Танхим”-д удирдах алба хашиж байсан гол өрсөлдөгчийг Авлигатай тэмцэх газраас бариулж, шууд өөрсдийнхөө хүнийг тавиулж байна. Энэ бол шуудхан хэлэхэд бяр чадлаараа гайхуулж, олон түмнийг тохуурхаж байгаа хэрэг. Энэ муусайн яах вэ дээ гэж басаж байгаа юм шиг. Их хурлын гишүүн Д.Ганбат саяхан “Энэ Засгийн газар оролцохгүй юм болгондоо оролцох юм” гэж хэлж байсан. Үнэхээр л түүний хэлсэн шиг Хэнтийнхэн Худалдаа аж үйлдвэрийн танхимаар яах вэ дээ. Ямар яам биш, хууль хүчний гол газар биш. Бизнесменүүдийн эдийн засгийн нэгдэл шүү дээ. Хүч чадалдаа эрдэж бардаж юм болгон дээр хүнээ тавина гэж боддог юм уу, хаашаа юм бэ.

Танхимын гол өрсөлдөгч залууг барьж хориод зүгээр орхилгүй өөрсдийн хамаарлын нөхдүүд, өмнөөс нь хуцаж байдаг хэвлэлийн “нохдууд”-аар есөн шидээр хэлүүлэн хэмлэж, нэр төрийг нь гутааж байна. Танхимыг өмнө нь нэр төртэй удирдалцаж явсан тэр залуу бол хууль хүчнийхний хэлээд байгаа шиг ил цагаандаа гарсан луйварчин биш.

“Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг шиг тийм хүн гэдгийг ард түмэн эрх биш мэдэж байгаа байх. Харин Хэнтийнхэн “Танхим”-д анхаараад, зарим нэг нь улайрч гүйгээд, энэ удаагийн “Болор цом” наадмыг тоосонгүй бололтой. Бүгдийг эз дийлж авна гэсэн өлөн сэтгэлээр ханддаг нөхдүүд найргийн ганц наадам “Болор цом”-ыг ч тойрч өнгөрдөггүй. Түрүү жил түрүүлсэн найрагч хүү Хэнтийн гаралтай юм гээ биз дээ.

Монголчууд бид нутгархдаг, жалга довны энэ өчүүхэн хөгийн зангаа одоо болимоор байна. Нутаг хошууны л бол нохойд ч хамаагүй ноён суудал өгдөг адгийн сэтгэлгээ чинь улс орныг уруудан доройтуулж, өнөөдрийн харанхуй бүдүүлэг, гуйлгачин нийгмийг бүтээлээ. Нутгархсан, эрх мэдэлтнүүд өөрийн хүнээ томилсон, аливаа албан тушаалыг хүч дийлж авсан үйлдлийг ард түмэн нийтээрээ эсэргүүцэх хэрэгтэй.

Одоо бид хүн төрөлхтөн шиг зарчимтай амьдрах цаг нь болсон. Жалгын сэтгэлгээнээсээ салж, монгол хүн монгол хүндээ итгэдэг, монгол хүнээ дэмждэг тийм нийгмийг цогцлоох хэрэгтэй байна. Хэн авьяастай, хэн чадалтай, хэн эрдэм боловсрол өндөртэй нь тухайн салбарыг удирддаг, босгож ирдэг байх ёстой. Тэгж байж Монгол Улс хөгжинө.

Д.Батболд

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаагчин үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 3, Ангараг гариг. Билгийн тооллын 2, Гар одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:23 цагт мандаж, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. с шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна DNN.mn

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -13…-15 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Өдрийн сонин”-ы дулаан арал худалдаж авах санаа 25 дахь өвөлдөө үргэлжилж байна хэмээв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Сайжруулсан нүүрсийг халж, хийн түлшний эх үүсвэр, хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх эрчим хүчний шинэ шийдлийг танилцууллаа” гэв. Энэ тухай V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Автомашины улсын дугаарыг гурван сар хадгалахад
10 мянган төгрөг болно

ЧУУЛГАН: Хуулийн төслийг төсвийн байнгын хороонд шилжүүллээ

  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Хувийн өмчийг хурааж дайчлахыг хориглоно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Өдрийн сонин”-ы дулаан арал худалдаж авах санаа 25 дахь өвөлдөө үргэлжилж байна” хэмээв.

  • Өсвөр насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийн талаар боловсрол судлаач, хүүхдийн хөгжлийн зөвлөх С.Батхишиг “Интернэтээр танилцаад уулзаж, үерхэж найзалж байгаа нь буруу биш” гэлээ.
  • “Төсвийн хориг “Номер нэг”-ийн шантааж уу?” хэмээн өгүүллээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Гүржийг алдвал Кавказын нурууны бүх улсыг алдана

АРЫН НҮҮР: Тэр хөх мөнхийн уул


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар өвдөгний тойгийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэх шинэ технологи нэвтрүүлэв DNN.mn

 Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний нь тойг мултралтай төрсөн өвчтөнийг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийжээ.

Тус багийн бүрэлдэхүүнд Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунжаргал, Х.Ганзориг, Н.Нямсүрэн нараас гадна Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Б.Батцэцэг, сувилагч Б.Цэцгээ, мэс заслын сувилагч Б.Ганжаргал, М.Дуламсүрэн, Ү.Пэрмаа нар багтсан байна.

Хүүхдийн гэмтэл согогийн нийгэмлэгийн эмч нарын хувьд уг эмчилгээний шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр төрөлхийн болон олдмол согог засах мэс заслын арга улам боловсронгуй болж, хөнөөл багатай, үр дүнтэй, үйлчлүүлэгчдэд зовиур шаналал багатай, эдгэрэлтийн явц богино байх зэрэг олон давуу талтай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 4782 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гаалийн газрын албан тушаалтан Ж.У, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цагааннуур боомтоор нэвтрүүлсэн эд зүйлсийн шинжилгээний хариу гараагүй байхад гаалийн хяналтын бүсээс гаргаж бусдад давуу байдал бий болгосон, мөн Гаалийн газрын албан тушаалтан Х.Ж, Т.Б, Д.А нар нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн гаалийн хяналт шалгалтыг биечлэн хийлгүйгээр хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Монгол Улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Д.А, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.Ж, М.Ш, В.Ш нар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлсийг устгасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 21.1 дүгээр зүйлийн 1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ю.Ш нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үхрийн мах кг нь 14-15 мянган төгрөг байна DNN.mn

“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр, нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар махны үнэ ханш:

  • Ямааны мах кг нь малчдаас авах бөөний үнэ 6000-6200 төгрөг, жижиглэнгийн үнэ ястай нь 8500-9000 төгрөг, цул нь 9500-10.000 төгрөгийн үнэтэй байна.
  • Хонины мах бөөний үнэ 8000-8500 төгрөг, ястай нь 10.500, 11.000 төгрөг, цул нь 11.500-12.000 төгрөг,
  • Үхрийн мах малчдаас авах бөөний үнэ кг нь 8500-10.500 төгрөг, ястай нь 14.500-15.000 төгрөг, цул нь 15.000-16.000 төгрөг,
  • Адууны мах кг нь 6800-7200 төгрөг, ястай нь 8500-9000 төгрөг, цул нь 10.000 төгрөг,
  • Тэмээний мах 5500-6500 төгрөг, ястай нь 11.500 төгрөг, цул нь 11.500 төгрөгийн тус бүр үнэтэй байна.
Categories
мэдээ нийгэм

АТГ: 10 обьектод нэгжлэг хийжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 896 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 874 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 10 объектод нэгжлэг хийв.