Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан түр хязгаарлах хуваарь DNN.mn

“Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК  цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийнэ.

Дараах дүүргийн зарим хороонд цахилгааныг тодорхой цагаар хязгаарлана.

ХАМРАГДАХ ХОРООД ТӨРӨЛ ЭХЛЭХ ОГНОО ДУУСАХ ОГНОО ТӨЛӨВ
6кВ Амралт фидер АТП-4875-н 160/6кВА Тр ачаалагдсаныг 250/6кВА Тр-р солих: СХД-1 -р хороо, СХД-10 -р хороо, СХД-11 -р хороо, СХД-17 -р хороо, СХД-23 -р хороо, СХД-24 -р хороо, СХД-25 -р хороо, СХД-26-р хороо, СХД-3 -р хороо, СХД-4 -р хороо, СХД-41-р хороо, СХД-42-р хороо, СХД-7 -р хороо, СХД-9 -р хороо Төлөвлөгөөт тасралт 2024-11-29 14:00:34 2024-11-29 16:00:34 Засвар хийж байгаа
6кВ Сүмбэр фидер АТП-4013-н Тр-д тос нэмэх : СХД-25 -р хороо, СХД-42-р хороо, СХД-9 -р хороо Төлөвлөгөөт тасралт 2024-11-29 12:00:22 2024-11-29 13:00:22 Засвар хийж байгаа
6кВ Уул фидер КТПН-4577-н ХС гэмтсэнийг солих: СХД-1 -р хороо, СХД-11 -р хороо, СХД-17 -р хороо, СХД-22 -р хороо, СХД-24 -р хороо, СХД-25 -р хороо, СХД-26-р хороо, СХД-32-р хороо, СХД-36-р хороо, СХД-39-р хороо, СХД-4 -р хороо, СХД-40-р хороо, СХД-41-р хороо, СХД-7 -р хороо, СХД-9 -р хороо Төлөвлөгөөт тасралт 2024-11-29 11:00:32 2024-11-29 15:00:32 Засвар хийж байгаа
Орбит о/с ХТП-449-н Т-1-д тос нэмэх : БГД-20 -р хороо, СХД-17 -р хороо, СХД-20 -р хороо, СХД-24 -р хор Төлөвлөгөөт тасралт 2024-11-29 10:00:20 2024-11-29 11:00:20 Засвар хийж байгаа

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

17 рейсээр 90 тонн хар цасыг хусаж тээвэрлэлээ DNN.mn

11 дүгээр сарын 29-ний өглөөний 06:00 цагийн байдлаар БЗД-ийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага давс бодис цацах 6 тусгай хэрэгсэл, цас шүүрдэгч, ачих зориулалтын 10 машин техникээр нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг цэвэрлэж, халтиргаа үүсэхээс сэргийлж ажиллаж байна.

Нийт 17 рейсээр 90 тонн хар цасыг хусаж тээвэрлэлээ. Дүүргийн хэмжээнд 1175 тонн давс, 865 тонн бодис, хайрга 9990 метр.куб нөөцтэй. Цаг агаарын байдлаас шалтгаалж давс, бодис цацах, цас шүүрдэх, хусах ажлууд хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

BLACK FRIDAY| BRIGHT SATURDAY ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА BSB-д

Америк болон дэлхийн олон орнуудад жил бүрийн 11-р сарын сүүлийн долоо хоногийн Баасан гарагт Black Friday буюу Хар Баасан гарагийн хямдралтай худалдаанууд болдог. Яг тэр Black Friday нь ӨНӨӨДӨР буюу 11-р сарын 29-нд болж байна.

Хамгийн том электрон барааны дэлгүүр болох BSB-гийнхэн жил бүр яг жинхэнэ өдөр нь Black Friday хямдралтай худалдаагаа хийдэг билээ.

BSB-гийн BLACK FRIDAY, BRIGHT SATURDAY хямдралтай худалдаа 11-р сарын 29-ны БААСАН болон 30-ны БЯМБА гарагуудад 2-хон өдөр явагдах бөгөөд БҮХ БАРАА 10-90% хямдарна. Хамгийн гол нь дэлгүүрт худалдаалагдаж  байгаа 10,000 нэр төрлийн БҮХ бараа хамгийн багадаа 10% хямдарна!

Зарим барааг жишээлэн онцолбол:

  • Цахилгаан пүүз хатаагч 80% хямдарч ердөө 9,900₮ болсон байна
  • Ус буцалгагч 70%хямдарч 19,900₮ болсон байна
  • Уурын индүү 62% хямдарч 24,900₮ болсон байна
  • Тосон халаагуур 50% хямдарч 79,900₮ болсон байна
  • 4ш-тэй савны ком 47% хямдарч 89,900₮ болсон байна
  • Тоос сорогч 50%хямдарч 99,900₮ болсон байна
  • SONY брэндийн 55 инчийн 4K ухаалаг зурагт 3,299,900₮-өөс40% хямдарч 1,999,900₮ болсон байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр болон маргааш BSB-гийн бүх бараа 10-90% хямдарч байна.

Мөн та хүссэн бараагаа хямдралтай үнээр нь урьдчилгаа төлбөргүй, хамгийн бага хүүтэй зээлээр авах боломжтой бөгөөд газар дээр нь 10-ханминутанд шуурхай зээлийг гаргаж байна. Зээлээр бараа авбал нэмээдУХААЛАГ ЦАГ-ийг бэлэглэж байна.

BSB-гийн бүх салбар дэлгүүрүүд 11-р сарын 29-ний Баасан болон 30-ны Бямба гарагуудад оройн 11:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах тул та өөрийн ажлаа амжуулчихаад, замын түгжрэлд санаа зоволгүйгээр BSB-гийн өөрт ойрхон салбараар зочилж хүссэн бараагаа хямдралтай үнээр нь амжиж аваарай.

Харилцах утас: 7722-0272

 

BLACK FRIDAY | BRIGHT SATURDAY

ЗӨВХӨН BSB-д

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.

Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна. Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм. Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна. Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.

Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.

Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.

Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр өдөртөө нутгийн төв хэсгээр дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр өдөртөө нутгийн төв хэсгээр дулаан байна.

2024 оны 11-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 4-9 хэмийн дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.


2024 оны 11-р сарын 30-наас 2024 оны 12-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-р сарын 30, 12-р сарын 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-р сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-р сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-р сарын 01-нээс нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

“Болор цом”-ын эзэн А.Лхагва: Цэндийн Чимиддорж багшийгаа их бодлоо DNN.mn

Болор цом-42” яруу найргийн наадмын эгшиглэнт эхийн хишигт найрагч Аюурбунъяагийн Лхагватай ярилцлаа.


-Юуны өмнө “Болор цом”-ын эзэн болсонд тань баяр хүргэе. Дундговь нутгийнхаа тав дахь “Болор цом”-ыг өргөлөө. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа хоёр удаагийн “Болор цом”-ын эзэн Дундговь аймгийн Дэрэн сумын яруу найрагч, таны багш Цэндийн Чимиддоржийг дурсаж эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Цэндийн Чимиддорж найрагч бол үнэхээр монгол түмний бахархал, баярхал юм.

Жинхэнэ монгол яруу найраг, монгол ахуй, Монголын өв соёл, зан заншил гэж юу байдгийг яруу найрагт тодоор харуулсан гайхамшигтай хүн. “Малчин” гэдэг шүлгээрээ Монголын яруу найрагт тодоос тод тамга дарсныг ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Ийм сайхан найрагч төрүүлсэн нутаг усныхан, улс орон ийм л найрагчтай даа гэж бахархаж, баярлаж явдаг. Монголын нүүдэлчдийн өв соёл, малчин уламжлал, нандин сайхан бүхнийг шүлэг найргаараа тамгалсан хүн. Дэрэн сумын Бумбатын хонхорт төрсөн хүн л дээ. Тэр хонхорт бас Барнангийн Доржпаламын ижий, аав нь төрсөн гэгээн өлгий юм. Б.Доржпалам, Ц.Чимиддорж гээд хүмүүс чинь малчны хотонд төрсөн хүүхэд ямаршуухан шүлэг, найраг бичдэгийг утгаар нь харуулсан даа.

-Та Монголын утга зохиол, яруу найрагч багшийнхаа талаар ч их бичсэн, агуу их Норовбанзад гуайг бас их бичсэн санагдана…

-Нутаг орноо бичнэ гэдэг Монголоо бичиж байна гэсэн үг шүү дээ. Хонхорынхоо хүмүүсийн тухай бичнэ гэдэг бол Монгол даяарыг бичиж байна гэсэн үг. Тэрийг зөвхөн хотгор, хонхор төдийгөөр бодож болохгүй. Тэр хонхор дотор чинь л эх орон минь бүхлээрээ багтдаг. Манай хонхорт дэлхийд гайхагдсан агуу их дуучин Намжилын Норовбанзад төрсөн. Тэр нутагт төрсөндөө, тэр нутагт онож ирсэндээ бахархаж баярламаар тийм гайхалтай.

-Өнөөдрийн Монголын утга зохиолын ноён оргилууд, дуу хуурын ноён оргилууд төрөн гарсан сайхан нутаг л даа.

“Ус нутгаа хүү нь алдаршуулна” гэж сайхан үг байдаг шүү дээ. Ус нутгаа хүү нь алдаршуулахаас гадна ус нутаг нь бас хүүгээ алдаршуулдаг юм байна аа. Дэрэн гэдэг сум бол дэлхийд онцгой юм гэдгийг Н.Норовбанзад гуай, миний багш Ц.Чимиддорж нар тамгалчихсан байна. Дундговь аймгийн хувьд бол дуу хуур, өв соёлын өлгий. Морьтон түмний гайхам сайхан зүйлийг өвлөж, хадгалж, хамгаалж авч үлдсэн хүмүүсийн нутаг. Тэр сайхан бүхнийг дэлхий дахинд гарч, харагдах, үзэгдэх, бахархагдах цаг үе нь ирсэн гэж бодож байна. Энэ сайхан цаг үед “Болор цом” наадамд түрүүлсэндээ баяртай байна. Манай аймгийн “Уяхан Замбатив” утга зохиолын нэгдэл нэг хэсэг хүч сулраад байснаа одооноос их эрч хүчтэй шүлэг найргаа туурвиж, яруу найргийн наадмуудад ч идэвхтэй оролцож, амжилт гаргаж эхлээд байна. Улс орноороо хүмүүс бахархдаг бол, яруу найрагчаараа улс орон нь бахархдаг ийм сайхан алтан үе ирээд байна. Сая “Болор цом” наадмын шилдэг 28 найрагчийн гурав нь Дундговь аймгаараа овоглож шүлгээ дуудлаа.

-“Болор цом” наадамд хэд дэх удаагаа орж байна вэ?

-Би арваад л удаа орсон байх аа. Учиргүй олон ч биш, цөөхөн ч биш. Ер нь жил жилд шүлгээ өгөөд явдаг. Цомд тоосоо өргөөд уралдаанд орно гэдэг чинь л гоё зүйл байхгүй юу. Яруу найргийн наадамд орохдоо түрүүлж, айрагдана гэж ерөөсөө боддоггүй. Зүгээр л сайхан уралдаад тоосоо өргөнө дөө л гэж боддог. Хөөдөөгийн Эрдэнэбатын түрүүлдэг жил нэг айрагдаж байлаа. Би ер нь яруу найргийн наадамд түрүүлж байгаагүй, дандаа аман хүрүү, айргийн тавд давхидаг. “Болор цом”-д л анх удаа түрүүллээ.

-Та хамгийн анх “Болор цом”-д оролцож байх үеийнхээ дурсамжийг хуваалцахгүй юу?

-Тэгвэл их эртний юм ярина. 1990-ээд оны эхээр шүү дээ. Тэр үед манай хамаг аваргууд байсан. Нэг онцлог гоё юм нь гэвэл бөхийн барилдаан шиг нэг нэгэнтэй нь нэр зоож гаргаад шүлгээ уншдаг байсан. Би Бямбажавын Цэнддоо гэж Завхан нутгийн, одоо Төрийн соёрхолт болсон яруу найрагчтай шүлгээ уншиж явсан сайхан түүх бий.

-“Болор цом” наадам дөхөөд ирэхээр, эсвэл наадам өндөрлөсний дараа уншигч, сонсогчид, утга зохиолынхон янз бүрээр дүгнэж ярилцдаг. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Манай “Болор цом” бол эх хэлээ эрхэмлэж, монгол хэл соёлоо дээдэлдэг хүн бүхний бахархалтай наадам шүү дээ. Сүүлийн үед л янз янзын хүмүүс янз янзын юм бичдэг болж. Тэр бол шал дэмий зүйл. Зүгээр л монгол хэлээ, монгол шүлгээ, монгол өв соёлоо дээдэлсэн болгон талархан хүлээж авах баяр бахархал гэж боддог. “Болор цом” жил бүр Улс тунхагласны баярын өдрөөр зохион байгуулагддаг уламжлалтай болсон. Яагаад гэхээр шүлэг, яруу найргаа бичиж наадмаа зохион байгуулах нь өөрөө тусгаар тогтнолоо тунхаглаж байгаа нэг хэлбэр юм. Би тэгж боддог.

-Энэ жилийн наадамд залуу яруу найрагчид их оролцлоо…

-Тэглээ. Залуучууд маань хүч түрэн орж ирж, “Болор цом” наадмаа хүндэтгэн сайхан шүлэг уншлаа. Нийт найрагчдын бараг 80, 90 хувь нь залуус байсан. Тэрнээс гадна үзэгчид ямар гоё байв аа. Суудал дүүрчихсэн, багтаагүй хүмүүс нь хоёр талаар эгнээд зогсчихсон. Ийм наадам гоё юм аа. Хэчнээн сайхан байв. Монголчууд шүлэг, яруу найрагтаа дуртай, сонсдог хэвээрээ байгаа юм байна.

-Аливаа нэг бүтээл төрөхөд сэдэл авсан зүйл заавал байдаг байх. Та сая “Морин хуурын хэл” хэмээх сайхан шүлгээ дуудаж, “Болор цом” өргөлөө. Энэ шүлгийг бүтээх сэдэл, урам зоригийг хаанаас авав?

-Ерөөсөө л хээр талд, монгол малчны хотонд өссөн хүмүүс бол газар тэнгэрийн хэл, амьтны хэлээр орчлон ертөнцийг мэдэрдэг ухаантай, сэтгэлтэй болдог байх. Тэр л орчинд өссөн учраас би “Морин хуурын хэл” шүлгээ бичсэн. Энэ шүлгээрээ түрүүллээ. Сайхан байна. Монголчууд бол газар тэнгэрийн хэлийг мэддэг гайхамшигтай ард түмэн шүү гэдгээр би баярлаж, бахархаж явдаг юм.

Н.Тулгаа

М.Дэлэг

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Бадамсүрэн: Төсөв дээр анхнаасаа ажлын хэсгүүдийн саналыг авч, засаад явсан бол Ерөнхийлөгч хориг тавихгүй л байсан DNN.mn

Улсын Их хурлын гишүүн М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламент анхны төсвөө хэлэлцлээ. Тал бүрийн маргаан өрнүүлж байгаад төсвөө баталсан боловч Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. УИХ-ын гишүүнийхээ хувьд ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай оролцож ирэв?

-Юуны өмнө чөлөөт зах зээл, ардчилсан нийгэмд хувийн хэвшил хөгжлийг түүчээлдэг гэж үздэг. Энэ утгаараа хувийн хэвшлийг дэмжсэн бодлогоо төсвийн хуулиараа хэрэгжүүлэх ёстой гэдэг байр сууринаас олон гишүүн үзэл бодлоо илэрхийлж, санал, санаачилгаа гаргаж явсан. Ирэх оны төсвийг хамтарсан Засгийн газраас өргөн барьсан. Том төслүүдээ хөдөлгөж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтаа хуваарилсан төсөв орж ирж батлагдсан. Улмаар Ерөнхийлөгч хориг тавилаа. Түүнийг нь УИХ сая дэмжлээ.

-Хувийн хэвшлийг дэмжих ёстой гэлээ. Төрийн зүгээс, тэр дундаа төсвийн бодлогоороо хувийн хэвшлээ ямар байдлаар дэмжих ёстой юм бэ?

-Хувийн хэвшлийг дэмжихийн тулд цөөн хэдэн бодлого хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, дэд бүтцээр дэмжих. Энэ хүрээнд ирэх оны төсөвт автозам, төмөр зам, эрчим хүч чиглэлд хөрөнгө оруулалт тусгасан. Үүнийг нь хувьдаа дэмжиж байгаа. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хувийн хэвшлийг дэмждэг. Өнөөдөр манай улсад бизнес шинээр эхлүүлэхэд гол тулгамддаг асуудал бол зээлийн хүү өндөр. Тэр дундаа барьцаа хөрөнгийн асуудал байна. Тиймээс энэ асуудал руу чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэх чиглэлд миний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргаад Байнгын хороогоор дэмжүүлээд явсан. Гэвч чуулганы хуралдааны үеэр санал маань дэмжигдээгүй

-Хөнгөлөлттэй зээлийн хувьд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчид бүгд мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан санагдана…?

-Тэгэлгүй яах вэ. Зарим гишүүдийн хувьд энэ агуулгаар сонгогдсон төлөөлөл, намуудад хандан саналаа тодорхой хэлсэн. Юу гэхээр мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлэх чиглэлд анхаараач. Тэр дундаа хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг бүгд ярьж гарч ирсэн биз дээ гэдгийг хэлж байна лээ. Энэ бол маш зөв санал. Ерөнхийлөгч төсөвт тавьсан хоригтоо гурван зүйлийг онцолсон. Нэг нь нам, эвслүүд сонгуульд дэвшүүлсэн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх асуудлаа төсвийн бодлоготойгоо уялдуулж өгөөч гэдгийг тодотгосон байсан. Тэгэхээр бүх намууд 2024 оны сонгуульд дэвшүүлсэн хөтөлбөртөө хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар амласан. Гэвч энэ асуудлаа төсвийн бодлого руугаа чиглүүлж чадаагүй. Миний хувьд энэ талаар зарчмын зөрүүтэй санал гаргаж Байнгын хороогоор дэмжүүлж чадсан ч нэгдсэн хуралдаанаар унасан. Тэгэхээр хориг тавьсантай холбоотойгоор энэ асуудлыг бид дахин анхаарч харах хэрэгтэй.

-Мэдээж татварын бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай байх, тийм үү?

-Энэ бол маш чухал зүйл. Ирэх оны төсөв дээр татвартай холбоотой дэвшилттэй зүйлүүд орж ирэх нь ирсэн. Одоо ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас төсвөө бид дахин харах шаардлага үүссэн гэсэн үг. Тиймээс энэ удаад анхаараагүй асуудлаа анхаарч, цэгцлээгүй ажлаа цэгцлэх боломж гэж харах хэрэгтэй. Миний хувьд эдийн засгаа тэтгэх дэд бүтцийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг аль болох хасахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Төсвөө танах хэрэгтэй, хэдэн их наяд төгрөгөөр танах боломж байна гэж зарим гишүүд яриад байгаа. Таны хувьд зардлаа багасгах тал дээр ямар бодолтой байна вэ?

-Төсвийн урсгал зардал дээр бууруулах боломжтой зүйлүүд бий. Үүнийг илүү нарийвчлан үзэх хэрэгтэй. Зардалтай холбоотойгоор миний хувьд тодорхой саналуудыг гаргасан. Төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвийн зардлыг тодорхой хувиар бууруулъя. Улмаар Засгийн газар гол салбарынхаа зардлаас хасахгүй байж болно. Тэр бол Засгийн газрын мэдэх асуудал. Тэгвэл бусад салбаруудын зардлаас хасах, хэмнэх, танах боломж олон бий. Тэр ажлаа Засгийн газар, салбарын сайдууд манлайлал үзүүлэн зоригтой хийх хэрэгтэй. Түүнээс биш УИХ зардлаас нь тэрийг нь тана, тэрнээс хас гэх нь зохимжгүй. Харин дэд бүтцийн төсвөөс хасаж огт болохгүй. Үүнд хөрөнгө оруулалт хийж байж л эдийн засаг тэлнэ. Энэ УИХ, Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд дахиад гурван төсөв батална. Тиймээс эхний ажлаа тодорхой зөв системээр хийж дуусгах хэрэгтэй.

-Төсөв батлагдахаас өмнө таны хувьд чуулганы хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны даргатай санал хураалгаагүй асуудлаар маргасан. Ер нь зарим гишүүдийн хувьд төсвийн хэлэлцүүлэг, дэгтэй холбоотой асуудлаар санал хүсэлт, шүүмжлэл их гаргасан даа?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төсвийн ажлын хэсэгт ажилласан. Төсвийн байнгын хорооны даргын хувьд УИХ-ын гишүүдийн асуултад дэндүү субьектив байдлаар хариулж байсан. Тухайлбал, нэг УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа “Танай аав чинь чамаас арай өөр хүн байсан шүү” ч гэж байх шиг. Намайг гэхэд л “Яагаад гоншигноод байгаа юм бэ. Саналуудыг чинь хураалгаа биз дээ” гэх жишээний. Тэгэхээр би хувийнхаа саналыг хураалгаагүй. Тэр дундаа тойргийн эрх ашгийн төлөө санал хураалгаагүй. Нийтийн эрх ашгийн төлөө хоёр санал гаргасан. Түүнийгээ л хураалгуулсан. Гэтэл ийм маягаар гишүүдийн асуултад хариулж байгааг нь ёс зүйгүй байна гэж үзсэн. Асуудлыг дэндүү хувь хүн рүү нь чиглүүлж харж болохгүй. Бид бүгд нийтийн эрх ашгийн төлөө л явах ёстой. Би нэг л зүйлийг хэлсэн. Тэр нь “Байнгын хорооны даргын хувьд та ажлын хэсгийн гаргасан саналаар санал хураалт явуулаагүй шүү” гэж. Хэрэв тухайн үед ажлын хэсгээс гаргасан саналыг анхаараад явсан бол өнөөдөр төсөвт Ерөнхийлөгч нь хориг тавих байсан уу. Олон нийт ингэж их шүүмжлэх үү. Энэ мэтээр төсвийн хэлэлцүүлэг, хуралдаанууд анхнаасаа нэг тийм хайхрамжгүй байдлаар эхэлчихсэн нь эцсийн дүндээ Ерөнхийлөгч хориг тавих суурийг нь бэлдэж өгсөн байх. Тэгэхээр бид цаашдаа нэгж бүр дээр асуудлаа тодорхой болгоод тал бүрийн саналуудыг хэлэлцээд, шийдвэрлээд явах хэрэгтэй.

-Ерөнхийлөгч хориг тавиад түүнийг нь УИХ хүлээж авсан. Одоо шинэ Дэг боловсруулаад түүгээрээ төсвөө хэлэлцэнэ. Ингээд явахаар ирэх сарын эхээр төсөв батлагдах байх. Ер нь төсөв батлагдахгүй хойшлогдох тусам орон нутагт хүндрэл үүснэ биз дээ?

-Мэдээж төсөв хойшлогдохоор нөгөө худалдан авах ажиллагаа дагаад хойшлогдоно гэсэн үг. Угтаа ондоо багтаад зарлагдах ёстой ажил хойшлогдоод зарлагдвал хийгдэх цаг хугацаа нь тэр чинээгээрээ хойшилно. Манай улсын хувьд ажил хийх дулааны улирал богинохон. Тэгэхээр хамгийн том хүндрэл энэ асуудал дээр л гардаг. Сая улсын төсөв батлагдсантай холбоотойгоор орон нутагт цагалбар нь хэдийнэ гарчихсан байдаг. Цагалбартаа Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг тооцохгүй шүү дээ. Төсөв батлагдах хугацаа нь ч хуулиараа бий. Тиймээс 11 дүгээр сарын 15-наас хийх ажлын төлөвлөгөөгөө гаргачихсан байдаг. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас төсвөө дахин хэлэлцэнэ. Ингэхдээ орон нутагт төсөвлөсөн тэр дүнгээ битгий өөрчлөөрэй гэдэг саналыг гаргаж байгаа. Хэрэв өөрчлөлт орвол орон нутгийн хувьд энэ нь маш том хүндрэл үүсгэнэ. Тиймээс орон нутагт төсөвлөсөн дүнгээ өөрчлөхгүйгээр бусад шийдэх ёстой, эргэж харах ёстой заалтуудаа засч, янзлаад явах нь зөв болов уу.

-Засгийн газар том төслүүдээ зарласан. Хөрөнгө, санхүүгийн асуудал нь шийдэгдсэн зарим төслүүд нь эхэлж байна. Үлдсэн том төслүүдийн хувьд хөрөнгийн эх үүсвэр нь хаанаас вэ гэдэг нь тийм ч тодорхой биш байна. Мэдээж ганц орлого олдог нь нүүрс. Нүүрсээ хэдий хэмжээгээр экспортолно төдий чинээгээр Монгол Улс орлоготой болно. Энэ утгаараа саяхан “Чайна Энержи”-ээс бидэнд санал тавилаа. Уг саналыг та гишүүнийхээ хувьд ямар байдлаар хүлээн авч байгаа вэ?

-Намын бүлгүүдэд уг асуудлаар танилцуулга хийгдсэн. Уг компаниас бидэнд ирүүлсэн захидалд тодорхой саналуудыг тавьсан. Юу гэхээр нүүрсний үнэ, нийлүүлэх хугацаа, хэмжээ гэх гурван гол зүйлээ тодорхой бичсэн. Ингээд бүлгийн хүрээнд тодорхой асуудал дээр анхаарч улмаар УИХ-аар уг саналыг хэлэлцэх ёстой гэж үзсэн. УИХ-аас эцсийн шийдвэр гарна. Нүүрсний орлого бол манай төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг. Ер нь ашигт малтмал гэдэг зүйл бол шавхагддаг баялаг. Тиймээс цаашид энэ баялгийн үнэ ханш улам л нэмэгдэнэ.

-Үнэ ханш нь нэмэгдэнэ гэлээ. Гэхдээ зарим хүмүүсийн ярьж байгаагаар ирээдүйд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унана. Нүүрс бараг ашиглалтаас гарах тухай яриад байгаа биш бил үү?

-Тийм биш гэж үздэг. Учир нь нүүрс бол олон жилийн хугацаанд бий болсон байгалийн баялаг. Тэр утгаараа нөхөн сэргээгддэггүй баялаг. Тиймээс ирээдүйд улам л үнэ цэнэтэй болно. Хамгийн чухал анхаарах ёстой асуудал бол уг баялгаа бид ард түмэндээ өгөөжтэй байдлаар зөв л удирдах хэрэгтэй. Бид баялгийн хараал гэж ярьдаг. Хараал гэж үнэндээ байхгүй. Баялгаа зөв удирдаж байна уу, үгүй юу гэдэг л асуудал бий. Түүнээс биш баялаг биднийг хараана гэж юу байх билээ. Зөв удирдаад явбал хөгжилд хүрч болдог. Буруу удирдвал хөгжлөөсөө ухрах битгий хэл сөнөж болдог, ийм л зүйл. Тэгэхээр “Чайна Энержи”-ээс тавьсан санал удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Тэр үеэр нарийн асуудлууд нь улам тодорхой болох болов уу гэж бодож байна. Мэдээж улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдах ёстой.

-Цөмийн энергийн тухай хуулийг УИХ баталлаа. Ураныг экспортлох шинэ эрх зүйн орчинг бүрдүүллээ. Таны хувьд энэ асуудалд ер нь ямар байр суурьтай явдаг вэ?

-Засгийн газрын хувьд гэрээ байгуулахаас өмнө хуулийн орчноо сайжруулъя гэдэг байдлаар хандаж байгаа нь зөв. Хамгийн гол нь уг эрх зүйн орчинг бүрдүүлэх болсон шалтгааныг хэлэх ёстой. УИХ яагаад уг хуулийн өөрчлөлтийг батлах болов гэдэг шалтгааныг гэсэн үг. Тэгэхээр үүнд хамгийн чухал нь манай улсад барууны хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг УИХ нээсэн гэдэг байдлаар ойлгох ёстой. Манай улсын гадаад бодлого эхлээд хөрш хоёр орон, дараа нь гуравдагч орон гэж явдаг. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл талдаа хоёр хөршөөсөө гадна гуравдагч орны хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирэх нь чухал. Энэ утгаараа уг хуулийн өөрчлөлтийг УИХ дэмжсэн. Францын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэг. Цөмийн зэвсэгтэй улс. Нөгөөтэйгүүр Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа, хөрөнгө оруулалтын гэрээгээ Монгол Улсад ашигтай байх асуудал дээр л анхаарах хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол хөрөнгө оруулалтын гэрээ.

-Гуравдагч хөрштэйгөө нээлттэй харилцаад, илүү өргөн хүрээнд хамтраад явъя гэхээр хоёр хөрш, тэр дундаа хойд хөршийн хувьд зарим зүйлээрээ хааж, боох маягаар улс төрийн нөлөө үзүүлэх нь их байдаг. Тухайлбал, эрчим хүч, түлш шатахууны асуудал дээр гэнэтийн шийдвэрүүдийг гаргадаг жишээ олон. Тэгвэл цаашид ер нь түлш, шатахууны хараат байдлаасаа бид яаж гарах боломжтой бол. Эрчим хүчний хувьд бас ч нааштай болж байна шүү дээ?

-Өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэггүй улс олон байна. Япон, Өмнөд Солонгос гээд. Гэхдээ энэ орнууд бусад улстай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаатай байгаа учраас шатахууны хувьд 100 хувь импортоор авч болоод байна. Нэг түүх сөхье. Тэртээ 1959 онд манай улс Дорноговь аймгийн Зүүнбаянд өөрийн гэсэн нефтийн үйлдвэртэй байлаа. Тухайн үед тус үйлдвэрт дэлбэрэлт болсон гэх шалтгаанаар хаагдсан. Гэхдээ бодит байдал дээр хойноос шатахуун оруулж ирж авах нь дотоодоосоо авч байгаагаас илүү өртөг багатай байсан. Тийм учраас л тэр нефтийн үйлдвэр хаагдсан гэж үнэлдэг. Одоо яаж байна гэхээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд дахиад 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа. Уг асуудлаа удахгүй УИХ-д оруулж ирнэ гэсэн мэдээ бий. Ингэснээрээ тус үйлдвэр үндсэндээ 6.5 их наяд төгрөгөөр босч байна гэсэн үг. Тэгэхээр уг үйлдвэр маань ашиглалтад орлоо гэж бодъё. Ашиглалтад ороод 1.5 сая тонн буюу бүх хүчин чадлаараа ажиллаж байж сая нэг ашигтай ажиллана. Үүнээс бага хэмжээгээр боловсруулбал ашигтай ажиллаж чадахгүй шүү. Ашиггүй ажиллаад байна гээд зогсож болохгүй. Зогсчихвол горимын тохируулга гэж том асуудал үүсдэг.

-Тэгэхээр хамгийн чухал асуудал нь нефтийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах шаардлага байна гэсэн үг үү?

-Түүнээс илүү чухал асуудал бол нөөцөө бүрдүүлэх явдал. Уг үйлдвэр 2028 онд ашиглалтад орлоо гэж бодоход нөөцөө яаж бүрдүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал байна.

-Нөгөөтэйгүүр нефтийн үйлдвэрийг орон нутгийн иргэд нь эсэргүүцдэг. Яагаад орон нутгийн иргэд нь ихэнхдээ эсэргүүцээд байдаг юм бол?

-Орон нутагт өгөөжгүй байна. Энэ мэт олон зүйл бий. Нэг жишээ хэлье. Газрын тосны роялти мөнгө гээд 70 хувь нь улсын төсөвт ордог. Тухайлбал, Халх-гол сумын нэг талбайгаас 60 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог гэж бодъё. Тэгвэл үүнээс 70 хувь нь буюу 42 тэрбум төгрөг нь улсын төсөвт ордог. Үлдсэн 18 тэрбум төгрөгийг нь 21 аймаг болон нийслэл хотын дүүргүүдэд хуваагаад өгчихдөг. Өөрөөр хэлбэл, газрын тосны сөрөг нөлөөлөлт өртөөгүй нийслэлд болон бусад орон нутагт хуваагаад өгдөг гэсэн үг. Тэгэхээр үүнийг сөрөг нөлөөлөл явагдаж байгаа тэрхүү орон нутагт нь л үлдээх ёстой. Ингээд үйл ажиллагаа явуулж байгаа компани “Бид Засгийн газарт өгдөг татвараа төлсөн. Яаж хуваах нь бидний мэдэх асуудал биш” гэдэг. Энэ үнэн л дээ. Тэгэхээр роялти буюу байгалийн нөөц ашигласны төлбөрийн 30-аас доошгүй хувийг тухайн бүс нутгийн ард иргэдэд хуваарилдаг олон улсын зарчимыг манай үе үеийн дарга нар одоог болтол шийдэж чадаагүй. Үүнээс болоод орон нутгийн иргэдийн эсэргүүцэл их байдаг гэж боддог. Нүдэн дээр нь олон арван автомашинаар баялгийг нь зөөгөөд байдаг. Гэтэл үр дүнд нь орон нутгийн хөгжил сайжрах битгий хэл улам дорддог. Оршин суугаа иргэдийн хувьд ч сэтгэл санааны сөрөг нөлөөллөөс эхлээд олон зүйлд өртөж байгаа. Ийм байхад орон нутаг яаж дэмжих билээ. Тиймээс үүнийг бид цаашид анхаарах хэрэгтэй. Шийдэх хэрэгтэй.

-Тус үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд дотоодын хэрэглээнийхээ хэдэн хувийг дангаараа хангаж чадах вэ?

-Ерөөсөө бүх хүчин чадлаараа ажиллалаа гэхэд л 50-55 хувийг нь хангана. Гэтэл уг үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадах уу гэдэг байна. Таны асуугаад байгаа уранаа бид гуравдагч хөрш рүүгээ экспортоллоо гэхэд оросууд түлшний грантаа хаах уу гэж байна. Би дахиад нэг түүх сөхье. Канадын билүү гадны хөрөнгө оруулалттай “Хан ресорс” гэдэг компани байсан. Энэ компани Дорнод аймгийн Мардайд ураны лицензтэй. Энэ зөвшөөрлийг нь тухайн үед Засгийн газраас цуцалсан байдаг. Ингээд төлбөрт нь 70 сая ам.долларыг Монголын Засгийн газарт өгсөн. Яагаад Канадын хөрөнгө оруулалттай энэхүү компанийн тусгай зөвшөөрлийг тухайн үед цуцалсан бэ гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй сэдэв болгоод араас нь хөөвөл их зүгээр санагддаг. Тэгэхээр Францтай гэрээ хийгээд явлаа гэхэд оросууд яах вэ гэдэг болгоомжлол танд байна. Магадгүй оросууд ч гэсэн ураны салбарт манай улстай хамтарч ажиллах сонирхолтой байж мэднэ. Тэгэхээр Монгол Улсын хувьд олон том орнуудын хөрөнгө оруулагчид орж ирэх нь л чухал. Энэ том гүрнүүдийн хөрөнгө оруулагчдыг тэнцвэртэй тогтоон барих нь манай улсын гадаад бодлогоос хамаарна. Зөвхөн Францтай л уранаар хамтарч ажиллана, бусад орнуудтай хамтрахгүй гэдэг байдлаар асуудалд огт хандаж болохгүй.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр улаагчин тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 29, Сугар гариг. Билгийн тооллын 29, Хонгорцог одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08:18 цагт мандаж 17:03 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. с шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эхээр -24…-29 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -10…-12 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -12…-14 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Жижиг намууд үнэндээ ардчилалд очих саналыг тарамдуулж, МАН-ыг ялалт байгуулахад л хэрэг болдог” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Төсөв дээр анхнаасаа ажлын хэсгүүдийн саналыг авч, засаад явсан бол Ерөнхийлөгч хориг тавихгүй л байсан”  гэснийг  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

Зам тээврийн яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” зөвлөгөөн зохион байгуулав. Энэ үеэр “Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Жижиг намууд үнэндээ ардчилалд очих саналыг тарамдуулж, МАН-ыг ялалт байгуулахад л хэрэг болдог” хэмээн өгүүллээ.

“Болор цом”-ын эзэн А.Лхагва: Цэндийн Чимиддорж багшийгаа их бодлоо

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Нүүрсний үнэ унаж, бидний өөдрөгөөр төсөөлөөд байгаа бүхэн өдөр өдрөөр замхарч байна ” гэлээ.

Цагдаагийн хошууч Б.Энхболд “Иргэд ирэх сарын 1-нээс өмнө
зөрчлөө арилгаад, замын хөдөлгөөнд оролцох боломжтой” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Орост моодонд орж буй хоёр үг

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ