Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 278 мянга гаруй иргэний ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын орлого, хамрагдалтын статистик мэдээллийг танилцуулж байна.

2024 оны эхний 8 сарын байдлаар 278.114 нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлснийг мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк IX сард 2023.6 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал үнэт металл худалдан авалт 7.9 хувиар буурлаа.

Монголбанк есдүгээр сард хоёр тонн гаруй (2023.6 кг) үнэт металл худалдан авсан нь оны эхнээс өссөн дүнгээр 12.3 тонн хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 617.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1004.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

2024 оны есдүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 278 мянга 226 төгрөг байсныг Монголбанк мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 462 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 462 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 221 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Тус хэлтсээс 21 аймгийн ИТХ-ын Ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч 42 албан тушаалтныг ХАСХОМ мэдүүлэх чиглэлээр сургалтад хамруулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Имаока Рёко: Би шавь нартаа яаж эсгий хийх, шар тос гаргахыг зааж өгдөг DNN.mn

Өнгөрсөн сард Э.Чимидцэрэн багшийн бүтээлийн ач холбогдол “Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Пагмадуламыг чөлөөлсөн нь” сэдвээр Осакагийн их сургуулийн монгол судлаач, дэд профессор Имаока Рёко МУИС дээр илтгэл тавьсан юм. Э.Чимидцэрэн багшийн шавь МУИС-ийн түүхийн тэнхимийн багш эрдэмтэн профессорууд, багшийн ач охин оролцсон сонирхолтой халуун яриа өрнүүлсэн дурсамж бүхий онцлогтой семинар болсон юм. Элчинбуугийн Чимидцэрэн багшийн 100 жилийн ойн өмнөхөн болсон энэ арга хэмжээний үеэр Осакагийн их сургуулийн монгол судлаач, дэд профессор Имаока Рёкотой цөөн хором ярилцсанаа толилуулъя.


-Малчдын нийгмийн асуудлыг судалдаг хүн гэв гэнэт эмэгтэйчүүдийн тэр тусмаа Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Пагмадуламын талаар сонирхох болсны учир юу вэ?

-1989 онд Монголд ирсэн тэр үед би аспирантур төгссөн, Осакагийн гадаад хэлний их сургуульдаа цагийн багш хийж байсан. Онуки багштай говь судлалын өмнөх ажилд оролцсон. Түүнээс хойш жил болгон ирдэг байсан ч ковидын гурван жилд ирж чадаагүй. Баянхонгор аймгийн Бугат сумын Цэлгэр багт судалгааны ажлуудаа хийсэн.

Япон улсад олон судалгаанууд байдаг. Манай сургуулийн багш Азийн эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийдэг. Ингээд тэр багш маань 1998 оноос төсөл хэрэгжүүлж Монгол, Филиппин улсын эмэгтэйчүүдийн төлөөлөл гараагүй тул чи үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж даалгавар өгсөн. Ингээд би бичихээр болж байна. Манай сургуулийн багш намайг “ядарсан эмэгтэйчүүд, хэлмэгдсэн бүсгүйчүүдийн судалгаа хийж байгаа хүн Монголын тухай та судалсан дээр” гэсний дагуу эхэлсэн.

Манай Осакагийн их сургуулийн номын санд Э.Чимидцэрэн багшийн “БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага” (1973) номыг орчуулсан. Тухайн үед номны үнэ цэнийг би ойлгож мэдээгүй байсан. Д.Нямаа 2008 он. “Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал аж төрөл” номыг уншаад миний уншсан Э.Чимидцэрэн багшийн номын үнэ цэнийг ойлгосон. Үүнээс өмнө ямар ч түүхч зохиолч бичээгүйг Э.Чимидцэрэн багш бичсэн нь анхаарал татсан.

-Таныг яагаад монгол орон татах болсон, мөн монгол судлаач, эрдэмтэн болгоход хүргэсэн бэ?

-Одоо бодоход арван жилийн сурагч байхад Японы эдийн засаг АНУ-ын эдийн засгаас илүү сайн байсан. 1970 -аад онд дунд сургуулийн сурагч байхад “Японы хөгжлийн зам буруу байна. Өөр улс руу очиж амьдаръя” гэж ярьдаг аав маань Индонез, Тайландад ажлаар явах боллоо. Ааваас би тэдгээр орны тухай сонсдог байсан. Тэгээд халуун оронд очмооргүй санагдаад Төв Ази руу очихыг хүссэн. Тэгээд л Монгол Улсыг сонгосон.

-Цаашид ямар судалгаа хийх вэ?

-1925 онд “Бүсгүйчүүдийн тасаг”-аас эрхлэн “Монголын эмэгтэйчүүдийн санал” сэтгүүлийн гурван дугаарыг хэвлэн гаргаж байжээ. Сэтгүүл дараа нь “Монголын эмэгтэйчүүд” нэртэй болж, анхны редактороор нь Д.Пагмадулам ажиллаж байв. Тэр үеийн сэтгүүлд юу гэж бичиж байсан талаар ном гаргахаар шийдэж байна.Осакагийн их сургуулийн багш хүн хичээлийн 90 минутанд оюутнууддаа эсгий хийх, шар тос гаргаж авахыг зааж байна. Онолын хичээл чухал. Жишээ нь, Ээдэм яаж ээдүүлэхийг Гүүглээр орчуулаад “За багш аа би даалгавраа хийчихлээ” гэж үзүүлэх бус толгойд нь суулгаж сонирхолтой хичээлүүдийг зааж сургаж байна. Үүгээр дамжуулаад Монголын ахуй амьдрал, цагаан идээ боловсруулах ёс заншлууд давхар заагдаад явж байгаа. Хөвсгөл аймагт манай шавь ээдэм ээдүүлсэн шар сүүг 65-70 градус халаагаад шөл хийхийг үзүүлсэн.Гашуун болдоггүй. Дээрээс нь мах, сүү, сонгиноо нэмж хийгээд амттай шөл болдог. Тэгэхээр энд юу харагдаж байна вэ гэхээр технологи чухал гэдгийг ойлгож болно. Мөн сүү хөөрүүлэхдээ яагаад самардаг болохыг сайн зааж өгдөг. Яагаад гэвэл сүүнд хоёр төрлийн уураг байдаг. Сүүний уургаас биетэй болгож өрөм дээр хальсан давхарга үүсгэх гэж самардаг. Тэгээд тогооноос өрмийг гараар барьж болдог. Нүүдэлчдийн маш чухал технологи юм. Дараагийн залуучуудад шинжлэх ухааны үндэстэй үйлдвэрлэл зааж сургаж, тайлбарлах нүүдлийн болон явуулын судалгаа хийж байна. Үүнийгээ өргөжүүлэн явуулын сургууль хийх зорилготой байгаа.

-Багш хүний хувьд оюутнуудад зөвлөгөө өгнө үү

-Өнөөдөр сошиал, интернэт дэлгэцнээс бүх мэдээлэлийг бүрэн олж авах чадахгүй тул энэ орчноос түр салж хөдөө явж хэрэгтэй. Сурах ёстой зүйл чинь хөдөөд байгаа шүү. Бүх юм, байгалийн ухаан гэдэг чинь хөдөө байна шүү. Хөдөөний туршлагатай хүмүүсээс суралцаарай. Малчдаас сурах юм их байгаа шүү гэж хэлмээр байна даа.

Нүүрийг бэлтгэсэн Ц.Отгонсүрэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тахилтын нүхэн гарцад 450 метр ус зайлуулах шугам угсарлаа DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус ихээр тогтдог, ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Тиймээс 450 метр ус зайлуулах шугам угсарч, борооны усыг насосоор шахаж зайлуулах станц байгууллаа.

Мөн авто зам хэсэгт шүүрт худаг, үзлэгийн худгуудыг стандарт тоо, хэмжээгээр угсарсан байна. Ингэснээр иргэд Тахилтын нүхэн гарцаар борооны улиралд ч гэсэн саадгүй зорчих боломж бүрдлээ. Тус ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Тахилтын нүхэн гарцад бороо орох болгонд ус ихээр тогтож, автомашинтай зорчиход нүхэн гарц дүүрч, иргэдийн эд хөрөнгө, цаашлаад иргэний амь настай холбоотой асуудал үүсэж болзошгүй байсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авч, ус зайлуулах шугам хоолойн зураг төслийг шинээр боловсруулж, угсралт хийж дууслаа. Нөхөн сэргээлт мөн хийгдэж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт 450 метр ус зайлуулах шугам угсарсан. Авто зам хэсэгт 11 шүүрт худаг, 10 үзлэгийн худаг угсарсан. Нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу ус зайлуулах насос станцыг барьж, байршуулсан. Уг насос станц бүх талаараа 3 метр өргөн, доош 4 метрийн гүнд байршсан. Борооны ус мөн төмөр замаа дагаж орж ирдэг учраас хойд талд нь шороон чиглүүлэгч далан барьсан” гэдгийг онцоллоо.

Нэмэлтээр нүхэн гарцын хоёр талд 10 метрийн өндөртэй ус хүлээн авах хөндлөн шүүрийг угсарсан байна.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2024.10.02) гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 26 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин нар байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар тодруулга хийсэн. Гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нухацтай хэлэлцэх, энэхүү төслийн боловсруулалтыг нягталж, зохицуулалтыг оновчтой томьёолох санал гаргаж байлаа. Түүнчлэн хүнийг албадан түр саатуулахтай холбоотой зохицуулалтын хууль хоорондын нийцлийг хангах шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодорхой саналууд гаргасныг хэлэлцсэний эцэст “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь нь дэмжив. Ингээд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлахтай холбоотой “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх дэмжсэнээр “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав. Энэхүү тогтоолын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл бүртгэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллана DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн биелэлтийг хангах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд нөхөх олговор хэлбэрээр ашиглах үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны санг бүрдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх, Сэлбэ дэд төв орчмыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдэд хууль, тогтоомжийн дагуу нөхөх олговор болгон өмчлүүлэх хэлбэрээр газар чөлөөлөлтийн ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гэр хорооллын суурьшлын бүсэд зургаан дэд төвийн инженерийн дэд бүтцийн хангамж, нэн шаардлагатай зарим барилга байгууламжийг барьж байна. Нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээний ажил 100 хувь хийгдэж барилгажуулах ажил үргэлжилж байна.

Инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдсэн Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбар газрыг чөлөөлж 12000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1503 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр газар эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, 1238 нэгж талбарын газрыг бүрэн чөлөөлөн, 1235 нэгж талбарт нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр бүрэн олгосон. Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагааг газар чөлөөлөлт хийгдсэн 13 га талбайд зарлаж, үнэлгээ хийх ажил явагдаж байна.

Товч мэдээ
·      Бүсчилсэн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор боловсруулж, батлуулсан татварын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдсан татварын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
·      УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахална.

Categories
мэдээ нийгэм

Танака Кацухико: Миний дараагийн илтгэлийн сэдэв хэлмэгдүүлэлтийн талаар байх болно DNN.mn

Монголын тухай судалгаанаас гадна нийгмийн хэл судлалыг судалсаар ирсэн Японы монголч эрдэмтэн Хитоцүбаши их сургуулийн хүндэт профессор Танака Кацухикотой цөөн хором ярилцлаа. Энэ эрхэм эдүгээ 90 нас хүрч буй ч ануухан, үг яриа цэгцтэй, дурсамж дүүрэн аж. “Дараа дараагийн хурал, симпозиумд амьд байдаг юм бол алгасахгүй ирнэ” гэсээр бидний яриа эхэллээ.


-Халх голын дайнтай холбоотой хоёр ч эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьлаа. Ингэхэд Хал голын дайныг зогсоох саналыг Монгол-ЗХУ, эсвэл Япон улсын аль тал түрүүлж тавьсан бэ?

-Халх голын 85 жилийн ойн хүрээнд хоёр ч эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьлаа. Хурал наймдугаар сарын 21-нд, есдүгээр сарын 6-нд боллоо.

Халх-голын дайн 1939 оны тавдугаар сарын 11-нд эхлээд есдүгээр сарын 15-нд ЗХУ ба Японы хооронд дайн зогсоох гэрээ байгуулаад төгссөн. Тэр үеийн Япон улсын дотор дайн үргэлжлүүлэхийг эсэргүүцэх бүлэг байсан нь долдугаар сарын дундуур дайныг зогсооё гэдэг санал гаргасан.

Мөн Москвад ч гэсэн дайныг түр зогсоож хилийг тодорхой тогтоох ажлыг гүйцэтгэх санаа байгааг Японы засгийн газар мэдэж байсан. Японы тал ийм санаа гаргасны учир нь дайны талбайд шархадсан, нас барсан цэргийн тоо их байсныг харгалзсан. Гэтэл Манжуур дахь Квантуны арми дайныг хэвээр үргэлжлүүлэх саналтай байсан. Бараг бут ниргэгдсэн 23 дугаар дивизийн оронд зургадугаар армийг шинээр байгуулаад шинэ довтолгоог бэлтгэж байжээ. Москва ч бас дайныг зогсоох нь зүйтэй гэж үзсэн.

Наймдугаар сарын 22-нд Германы гадаад явдлын сайд Риббентроп Москва руу нисч Сталин, Молотов нартай уулзаж Герман Зөвлөлтийн хооронд харилцан үл довтлох гэрээ байгуулахыг шаардаж энэхүү гэрээг дэлхийд зарласан юм. Ингээд дүгнэхэд Квантуны арми дайныг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилго байхад засгийн газрын дотор дайныг зогсоох санал хүчтэй нөлөөлсөн. ЗХУ-ын талд Герман улсаас гэнэт Польшийг хуваахын тулд “Хоорондоо үл довтлох гэрээ”-ний санал тавьсантай холбогдуулж Халх голын дайныг зогсоохыг яаравчлах учир байсан. ЗХУ-ын хувьд Халх голын дайны талбайд явуулсан томоохон цэргийн хүчийг Европ руу шилжүүлж шинэ дайнд явуулах шаардлагатай байсан. Ийм хоёр эсрэг талын хүсэл нийцэж Халх голын дайныг зогсоож чадсан гэж үзэж болно.

Дайнд оролцож байсан япон цэргүүдийн үлдээсэн тэмдэглэлийн дэвтрээс ч мэдэгдэж байсан. Тэд “дайн удалгүй дуусаад япон цэргүүд бид нутагтаа буцах өдөр хол биш байна гэдэгт найдаж байна” гэж тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг. Үүнийг Америкийн нэртэй утга зохиол судлаач ялангуяа япон утга зохиол судлаач агсан Дональд Кинг япон цэргүүд дайны талбарт болсон тулааныг утга зохиолч хүний нүдээр нарийн гярхай ажиглаж тэмдэглэл хөтөлснийг дурдсан байдаг.

-Та яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би өөрийн намтраа бичиж байна. Намтраа нэмж гэх үү дээ. Хуучин нь бий.

-Та урт наслах нууцаа хуваалцаач…

-(Инээв) Монголчууд махсаг бол би загасны маханд дуртай. Миний хоол бол ихэнх нь жимс ногоо орсон жор байдаг юм. Эхнэр маань нас барсан. Хүү, охинтой. Тэд тусдаа амьдардаг болохоор өөрөө өөртөө тусалдаг. Биеэ даасан, бүгдийг өөрөө хийдэг юм. Монголчууд цагаан идээгээ гол болгож сүү, өрөм, тараг, ааруул, бяслагаа гаргаж авдаг их гайхалтай соёлтой ард түмэн, би бас түүнийг судалж, суралцаж байгаа.

-Таны дараагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн сэдэв юу байх вэ?

-Халхын голын дайнаас илүү хэлмэгдүүлэлт их чухлаар тавигдаж байна. Өнөөдөр танай улсад хэлмэгдүүлэлтийн өдрийг тэмдэглэж хөшөөнд цэцэг өргөж байгааг би харлаа. Хэрвээ би амьд байх юм бол дараагийн маань илтгэл хэлмэгдүүлэлтийн талаар байх болно. Миний олон танилууд хорвоогийн мөнх бусыг үзэж байгаад би харамсаж явна. Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор агсан Ч.Дашдаваа нас барахынхаа өмнө надад Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар хийсэн эскиз номоо бэлэглэж байсан юм.

 

Categories
мэдээ улс-төр

АН: С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөлөө DNN.mn

Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр,  АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд болон намын нийт бүрэлдэхүүн,  НИТХ-д нэр дэвшигчид төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос  26 жилийн өмнө яг энэ өдөр тэрбээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм.Түүнээс хойш жил бүр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг болсон уламжлалтай.

Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан нэртэй улс төрч байсан юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус төслийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Сансрын бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, төслийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг хариуцан хянаж ажиллах чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хариуцуулах, төслийг хэрэгжүүлэхэд  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа.

Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгоно үзэж байна.
Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.