Categories
мэдээ улс-төр

Т.Доржханд: Эрчим хүчний реформыг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ DNN.mn

Шадар сайд Т.Доржхандтай эрчим хүчний реформын талаар ярилцлаа.


-Засгийн газраас эрчим хүчний реформыг эхлүүлэхээ мэдэгдсэн.   Үндэсний хороог та ахалж байна.  Энэ реформыг хаанаас эхлэх вэ.  Ямар дүр зураг гарав?

-Монгол Улс газрын доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улс төрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн.

Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улс төрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформыг хийх Үндэсний хороог миний бие ахалж ажиллаж байна. Үндэсний хорооны зүгээс эрчим хүчний салбарт эрх зүйн шинэчлэл хийх, төрийн монополыг задалж үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ тарифийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа ногоон эрчим хүчний зах зээлд зөвхөн хувийн хэвшлийг дэмжих замаар дунд хугацаандаа эрчим хүчний бие даасан тогтолцоог үүсгэж, урт хугацаанд эрчим хүчний экспортыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хэсэг ашиглалтад орж байна.  Засгийн газраас хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ.  Ялангуяа эрчим хүчний салбарт?

-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн 600 МВТ, Цэнэг хураагуурын 50 МВТ, Баян сумын 660 МВТ төслүүдийг дэмжиж, яаралтай ашиглалтад оруулах арга хэмжээг авч ажиллана. Эрчим хүч байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Эрчим хүчний биеэ даасан байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг гацаах, няцаах аливаа сонирхол, популист үйлдлүүдийг хаана, зогсооно. Бид бодлогоо урт хугацаанд төлөвлөж байна. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай, нийт эдийн засгийн 70-80 хувь нь энэ салбараас санхүүжигддэг. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүч болно. Монгол Улсын эрчим хүчний нөөц асар их. Том газар нутагтай, газар доорх эрчим хүчний нөөц ихтэй, нар салхи буюу “ногоон эрчим хүч”-ний нөөцтэй. Монгол Улс эрчим хүчний экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд энэ чиглэлд уялдуулж харж байгаа. Мөн дунд хугацаанд реформыг зоригтой хийнэ. Энэ салбарын төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ, үр ашгийг нь сайжруулна, нээлттэй олон нийтийн компани болгоно, хөрөнгө оруулалтуудыг бий болгоно.  Хөрөнгө оруулалт бий болгохын тулд үнэ тарифын шинэчлэлтийг хийнэ. Эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ. Дараа нь зах зээлийнх зарчимд оруулж, үр дүнд нь нийлүүлэлт өссөнөөр үнэ буурна гэж харж байна. 2023 оны гүйцэтгэлээр манай улс 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Үүний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлж, 22.3 хувийг гаднаас импортолсон байна. Гаднаас импортолсон эрчим хүчний 60 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ-аас авсан мэдээлэлтэй байна.

-Эрчим хүчний хараат бус байдал нь реформын нэг зорилго шүү дээ.  Үнэхээр бид хараат байдлаас гарч чадах уу?

-Ирэх  дөрвөн жилд эрчим хүчний хараат бус байдал бий болох ёстой. Энэ бол эрчим хүчнийхээ найдвартай ажиллагааг хангана гэсэн үг. Мөн эрчим хүчний үнийг чөлөөлснөөр эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулагчид орж ирж байна. Эрчим хүчний бие даасан байдлыг жаахан тодруулах хэрэгтэй болов уу. Бие даана гэдэг нь ОХУ, БНХАУ-аас эрчим хүч авахгүй болно гэсэн ойлголт биш юм.  Эрчим хүч импортолдог. Эргээд экспортолдог тийм дархлаатай байх нь чухал.  Ингэхийн тулд эрчим хүчний тарифыг төрөөс хүчээр барьмааргүй байна.  Өөрийнх нь үйлдвэрлэж байгаа өртгөөс 2-3 дахин хямд үнэтэй байгаад байхаар хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй байна.  Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хувьд зах зээлийн жишиг үнээр гэрээ байгуулсан учраас ямар ч асуудалгүй зохицуулалт хийж байна.

-Ирэх сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэнэ гэж ярьж байна.  Хэдэн төгрөгөөр хэрхэн нэмэх тооцоолол гарсан уу?

-Эрчим хүчний салбарыг дандаа Төрийн өмчийн компаниуд удирдаж байна.  Технологийн хувьд хоцрогдолтой, аргацаасан байдалтай, өвлийг яаж давна даа гэсэн айдастай байгаа нь үнэн.  Гэхдээ ийм байдалтай явахаа больцгооё.  Эхний ээлжинд тарифыг бодит түвшинд хүргэнэ. Дараа нь инфляцтайгаа уялдуулж, бизнесийн зарчимд нь тааруулаад авах учиртай гэсэн байр суурьтай байна.  Ингэсний дараа манай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт асар ихээр нэмэгдэнэ.  Одоогоор судалгааны түвшинд явж байна. Иргэдэд ямар зэргийн ачаалал ирэх юм. Эсвэл ЖДҮ, томоохон уул уурхайн компаниудад гол ачаалал нь ирэх юм уу.  Тэр бүхнийг арга судалж байж, төрөөс дараагийн арга хэмжээг авна.  Үнэ тарифын нэмэгдлийг ирэх сарын 1-нд Үндэсний хорооноос албан ёсоор зарлана.

-Одоо байгаа тариф дээр 30-40 хувь нэмнэ гэсэн яриа бий. Энэ үнэн болов уу?

-Хэзээ, хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг бид нар одоо судалж байна.  Мэдэгдлээ арваннэгдүгээр сард хийнэ.  Ер нь үнэ тарифыг үе шаттай нэмэх бодлого барина.  Энд бас нэг зүйлийг тодорхой хэлмээр байна.  Эрчим хүчний реформ гэхээр тариф өсөх гээд байгаа хэрэг биш шүү.  Маш олон цогц асуудлын нэг нь үнэ тарифын нэмэгдлийн асуудал юм.  Богино хугацаанд бид үнэ тарифын асуудлыг шийдэж, дунд хугацаандаа эрчим хүчнийхээ үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Тухайлбал, төрийн өмчийн компаниудыг нээлттэй ил тод болгоно. Хувийн секторуудыг бодлогоор дэмжиж оруулна.   Урт хугацаандаа зөвхөн  экспортлогч биш импортлогч орон болно.  Бидэнд эрчим хүчний асар их нөөц бий.  Тэрийгээ хөдөлгөж чаддаггүй, хөрөнгө оруулагчид, бизнесийнхнийг хаачихдаг.  Тэгээд төр нь өөрөө санхүүжүүлээд алдагдал хүлээгээд явдаг энэ байдлыг засна.  Энэ бүгд нийлээд цогцоороо хэрэгжиж чадвал эрчим хүчний реформ буюу шинэчлэл болж чадна.  Үүний үндсэн эхлэл цэг нь төр хувийн хэвшилдээ найр тавьж хойшоо нэг алхам хийж, хувийн хэвшлээ энэ чиглэлд бодлогоор дэмжих асуудал юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтай-Ховд чиглэлийн авто зам дагуу тэмдэг тэмдэглэгээ хийж байна DNN.mn

Алтай-Ховд чиглэлийн авто зам дагуу 145-221 км-т замын тэмдэг тэмдэглэгээ суулгах ажил хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 45 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 417 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 193 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 224 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 45 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ гэж АТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад паспортыг цахимаар захиалах бүрэн боломжтой болжээ DNN.mn

Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн тань хугацаа дууссан, эсвэл шинээр захиалах бол “Нэг цэгийн үйлчилгээ”-нд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болжээ. Тодруулбал, эдгээр үйлчилгээг цахимд шилжүүлсэн юм байна. Гэсэн ч үүнийг мэдээгүй иргэд харьяа дүүргийнхээ “Нэг цэгийн үйлчилгээ”-нд ачаалал үүсгэн, дугаарласан хэвээр байгааг улсын бүртгэгч нар хэллээ.

Гадаад паспортын зургийг гэхэд л өмнөх шиг заавал угаалгаж улсын бүртгэгчид өгөх шаардлагагүй болсон гэсэн үг. Тухайн гэрэл зургийн студидээсээ photo.burtgel.gov.mn сайт руу өөрийн зургийг, регистрийн дугаарын хамт илгээхэд л хангалттай. Үүний дараа “И-Монголиа”-гаар паспортын хураамжаа төлөөд таны захиалга баталгаажна. Хэрэв цахимаар үйлчилгээ авах боломжгүй бол “Нэг цэгийн үйлчилгээ”-н дэх “Хурдан” системээр картаар, эсвэл төлбөрийн бусад аргыг сонгон хураамжаа төлөх боломжийг дүүргүүдэд бүрдүүлжээ.

Ташрамд, цахим гадаад паспорт шинээр авах, сунгуулах хураамжийн төлбөр 83600 төгрөг аж.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Categories
мэдээ нийгэм

Дорнод, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ DNN.mn

Дорнод аймгийн Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал: Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Авдар хараат” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд 120 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар 07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, аравдугаар сарын 08-ны өдрийн 00:28 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Халуун рашаан” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн урд зүгт 120 км/ www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн тухай мэдээллийг  аравдугаар сарын 03 ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулжээ. Аравдугаар сарын 06-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газарт хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна DNN.mn

Өнөөдөр манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна.

Харин 29.7 хувь буюу 279639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359671 нь гэр сууцанд амьдарч байгаа судалгаа бий. Тиймээс 600 мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэй байгаа талаар Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр ярилаа.

Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээр байрны үнэ өсөх үү, олон улсын байгууллагуудыг энэ хөтөлбөрт хэрхэн татан оролцуулах вэ, нэмэлт санхүүжилтийн боломж байгаа эсэх зэрэг асуудлаар санал солилцсон.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Монгол банк, МИК, ТОСК, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл ажиллаж байна.
Ирэх онд нэг их наяд гаруй төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ зээл нэн түрүүнд зорилтод бүлэгтээ хүрэх учиртай.
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ байгаа юм. Улсын хэмжээнд 90 гаруй сумдад дэд бүтэц шийдэгдсэн ч барилгажилт хангалтгүй байна.
Ажлын хэсгийн хурлын үеэр Монголын банкны холбоо байгальд ээлтэй шийдэл, олон улсын байгууллагаас нэмэлт санхүүжилт босгох боломжтой эрчим хүчний хэмнэлттэй “ногоон” орон сууцыг санал болгосон.
Харин ХББОСЯ орон сууцанд орохыг хүссэн айл өрхүүдэд ипотекийн зээлээс гадна урт хугацаанд түрээслэх сонголтыг бий болгосноор үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэх мэт саналыг гаргаж байв.
Монголын ипотекийн корпорацаас гаргасан судалгаагаар 2013 оноос хойш ипотекийн зээлээр 155 мянган айл орон сууцанд оржээ. Зээлд хамрагдсан айл өрхийн 30 хувь нь зээлээ төлж дуусаад байраа томруулсан байна. Олон улсад ипотекийн зээлээр худалдаж авсан байраа иргэд буцаагаад зарахад төрийн компани худалдан авч дараагийн хүмүүст боломж олгодог жишиг байдаг гэнэ.

Энэ мэт олон саналыг нэгтгэж тодорхой шийдэлд хүрнэ. Үүний тулд холбогдох хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон 2 настай хүүг хээрээс эсэн мэнд олжээ DNN.mn

Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн “Тайлуут” гэдэг газар аравдугаар сарын 7-нд 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 8-ны 00:10 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хоёр настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аравдугаар сарын 8-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 10-наас нийслэлд гурван хонош согтууруулах ундаа худалдахгүй DNN.mn

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулна.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 10, 11, 12-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглох аж. Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог юм. Мөн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй байх зохицуулалттай.

Categories
гадаад мэдээ

WP: Моссад Хезболлагийн пейжерүүдийг дэлбэлсэн DNN.mn

Албан бус бүрэн хэмжээний арми гэгддэг Хезболлагийн дунд тушаалын удирдлагуудын ашиглаж байсан пейжерүүдийг хэн дэлбэлсэн нь одоо болтол тодорхойгүй байгаа билээ. Тэгвэл Америкийн The Washington Post сонин “Ливанд пейжерүүд дэлбэлэх ажлыг Израилийн тагнуулын алба болох Моссад хоёр жилийн турш бэлтгэж, зохион байгуулсан” гэж бичжээ. WP сонин Израиль, Араб, Америкийн аюулгүй байдлын албаны төлөөлөгчид, улстөрчид, дипломатууд, Ливаны төр, засаг болон Хезболлатай ойрын холбоотой байдаг хүмүүсээс авсан мэдээллийг эш татан “Эдгээр төхөөрөмжүүдийн “дутагдалтай шинж”-ийг ашиглан Ливан дахь Хезболла бүлэглэлийн дайчдын пейжерүүдийг нэгэн зэрэг дэлбэлсэн Израилийн энэхүү ажиллагаа нь сүүлийн үеийн дайны хамгийн амжилттай явагдсан “тагнуулын урлаг” болж түүхэнд үлдсэн” гэдгийг онцолжээ. Тус сонин Израиль, Ойрхи Дорнод, Америкийн албаны хүмүүсийн хэлснийг эш татан “Энэхүү төлөвлөгөө анх 2022 онд Тель-Авив дахь Моссадын төв байранд бий болсон. Алан хядагч ХАМАС бүлэглэл 2023 оны аравдугаар сарын 7-нд Израиль руу довтлохоос жил гаруйн өмнөөс Хезболлагийн аюул заналхийллээс сэргийлэх энэ нууц ажиллагаа бодитоор хэрэгжиж эхэлсэн” гэжээ.

Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэд хэдэн улсад байсан Израилийн тусгай нууц бүлэг болон тэдний хамсаатнууд оролцсон бөгөөд энэхүү ажиллагааг амжилттай болгоход шаардлагатай хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй, санамсаргүйгээр оролцсон юм байна. Энэ нууц ажиллагаа амжилттай хэрэгжсэн нь Израилийг Хезболлагийн удирдагч Хассан Насраллаг хөнөөхөд түлхэц болсон гэж WP онцолжээ. Тайванийн “Gold Apollo” компанийн үйлдвэрээс “AR924” пейжер худалдаж авах анхны саналыг хоёр жилийн өмнө Хезболла хүлээн авчээ. Ус нэвтэрдэггүй эдгээр пейжерүүдийг тусгай кабелиар цэнэглэдэг байсан бөгөөд нэг цэнэгээр хэдэн сар ажиллах боломжтой байв. Хезболлад өөрийн пейжерийг худалдаж авах саналыг Тайванийн “Gold Apollo” компанийн Ойрхи Дорнод дахь худалдааны төлөөлөгч санал болгосон учир зэвсэгт этгээдүүд итгэсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ пейжерүүдийн үйлдвэрлэлийг аутсорсингоор гүйцэтгэсэн бөгөөд “Gold Apollo” компанийн борлуулалтын төлөөлөгч уг төхөөрөмжийг Моссадын хяналтан дор Израильд угсарсныг огт мэдээгүй байсан гэж WP бичжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өчигдөр /2024.10.07/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ.

Тогтоолыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.

-Хүн амын амьжиргааны доод түвшин

-Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа

-Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ

-Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин

-Инфляц

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос байгуулсан ажлын хэсэг дээрх хүчин зүйлсийг харгалзан 20 хувиар нэмэх боломжтой гэж үзсэнийг талууд дэмжлээ.

May be an image of 1 person, studying and text