Categories
мэдээ

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал DNN.mn

Улсын их хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 10 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна. 

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
2 УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Их засаг”
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Эдийн засгийн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
МЯГМАР ГАРАГ /2024.10.15/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
2 УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
3 УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсан Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
4 УИХ-ын даргын 2024 оны 97 дугаар захирамжаар байгуулагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, нийгмийн халамжийн тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Төрийн байгуулалтын байнгын хороо · “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

13.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Хууль зүйн байнгын хороо ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай/ 14.00 “Их Эзэн Чингис хаан”
4 Ёс зүй, дэгийн байнгын хороо ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

15.00 “Их засаг”
ЛХАГВА ГАРАГ /2024.10.16/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 09.00 “Их засаг”
2 УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
3 УИХ-ын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2024.08.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

12.00 “Их засаг”
2 Эдийн засгийн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/

· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

13.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Инновац, цахим бодлогын байнгын хороо · “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээлэл сонсох

· Бусад  /хаалттай/

15.00 “Их засаг”
ПҮРЭВ ГАРАГ /2024.10.17/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 334 тоот
БААСАН ГАРАГ /2024.10.18/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 334 тоот
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.10.17, 18/
Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 · “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын  Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/

·“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1135 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1135 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол “стан” улс болох уу? DNN.mn

“Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагaаг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн”, “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан.

Гэтэл сүүлийн үед манай улсын гадаад бодлого нэг л буруу эргээд байна уу. Та нар ямар нэг зүйл анзаарч байна уу. Айлчлал, гадаад харилцаа, манай улсын талаарх олон улсын хандлага зэргийг ажиглаж байна уу.

Монгол Улсын Гадаад харилцаа, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгдмэл гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг Гадаад харилцааны яам хүлээдэг. Сайд Б.Батцэцэг гэсэн үг. Гэвч Б.Батцэцэгийн үед Монгол Улсын сүүлийн 30 жил явж ирсэн гадаад бодлогын суурь ганхлаа гээд Гадаад харилцааны үе үеийн сайд нар шогширч суудаг болсон байна. Түүний үйл ажиллагаанаас тодорхой ажиглагдах болжээ. Олон таван тайлбаргүй хэлэхэд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголыг “стан” улс болгочих гээд оролдоод байдаг болжээ. Монгол Улс хуучин цагийн Зөвлөлтийн ойрхон орнуудын нэг байсан л даа. Гэхдээ хэзээ ч бүрэлдэхүүн байгаагүй юм. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын зааг бөгөөд гадаад харилцааны бодлогын залгамж байсан хэрэг. Харамсалтай нь Б.Батцэцэгийн үед Монголыг “стан”-ын улс байсан мэт олон улсад ойлгуулж эхэллээ. Улмаар Ардчиллын ололтоос татгалзаж “стан” орнуудын пропагандаг захиалгаар магтан дуулдаг болов.

Дээл энд, дэлхий тэнд гэсэн байртай, гавьтай зөв бодлого хийдэггүй Б.Батцэцэгийг анхнаасаа яагаад Гадаад харилцааны сайдаар жинхэлсэн нь хачирхалтай. Энэ хүн 2019 онд маш ноцтой алдаа гаргаж байсан юм. Тухайн үед Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар өргөн хүрээний хэлэлцүүлэг нийгэмд хүчтэй өрнөж байв. Яг тэгэхэд “Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог” гэж мэдэгдэж байсан юм. Тэрүүхэндээ шуугиад л өнгөрч байсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцаа гэдэг Б.Батцэцэгт томдсон ачаа гэдэг нь улам тодорхой болж байна. Даахгүй ачааг өргүүлэх гэвэл газарт унагаж л дуусна. Өнгөрсөн сарын эхээр Оросын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилсан. В.Путины айлчлалын араас Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-тэй холбоотой олон асуудал үүссэн. Монгол Улсыг Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүлээж байна гэсэн утгатай мэдэгдлүүд хөвөрсөн. Заримыг нь сүрдүүлэг ч гэж харахаар байв. Бараг айлчлалынх нь үеэр Америкийн Төрийн департаментаас “Бид Монголыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжмээр байна. Харин тэд олон улсын үүргээ биелүүлэх нь чухал гэж бодож байна. Мөн тэд Оростой харилцахдаа Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэх нь чухал”, харин Цагаан ордноос “Дэлхийн аль ч орон Оросын Украинд явуулж байгаа дайныг дэмжих ёсгүй гэж бид үзэж байна. Олон улсын хуулиар бол Оросын зэвсэгт хүчин болон бусад албаныхан Украины эсрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа нь эргэлзээгүй. Буруутай үйлдлийнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид тодорхой хэлсэн. Бид Монгол Улсыг аливаа улс орны газар нутгийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэж НҮБ-ын суурь зарчим, үнэт зүйлсийг даган мөрдөнө гэж найдаж байна. Бидний зүгээс Монгол Улсаас хүлээж буй зүйл энэ байна” гэж мэдэгдсэн.

Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн ерөнхий прокурор Карим Хан “Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой” гэж мэдэгдээд “Хамтран ажиллахгүй байгаа тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн шүүгчид саналаа гаргах ёстой. Тэгээд ч энэ асуудал Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн шүүгчид болон Монголын Засгийн газрын хооронд шийдэгдэх тул би юуг ч урьдчилан дүгнэж, хэлмээргүй байна” гэж ВВС-д ярьсан.

Ерөнхийдөө Монгол Улс улс төр, геополитикийн шахаанд орчихоод байгаа юм. Цаашид хэрхэхийг Аюулгүйн зөвлөл, дипломат албаны түвшинд яаралтай хэлэлцэж, зөв шийдвэр гаргах цаг нь болсон. Хэрэв тэгэхгүй бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүнийг дангаараа шийдвэрлэх чадамжгүй болсон. Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-д юу тайлбарлахаа мэдэхгүй, будаж шунхадсан хоосон дүр л болж хувирлаа.

Ажиглагч А.Батболд

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорнод, Хэнтий, Төв аймгийн нутагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа DNN.mn

Дорнод аймгийн Баяндун, Матад, Халхгол, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Төв аймгийн Сэргэлэн суманд өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд бүртгэгдсэн найман хээрийн түймрийг бүрэн унтраалаа.

Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 18 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэсэн байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай DNN.mn

Сэтгэл зүйч, докторант Ж.Ариунаатай ярилцлаа.


-Сүүлийн үед нийгэмд хөндөгдөж буй асуудлын нэг нь яах аргагүй сэтгэл зүйн эрүүл мэнд болж байна. Яагаад сэтгэл зүйн эрүүл мэнд чухал гэж үздэг вэ?

-Монгол Улсын хувьд 2013 онд СЭМҮТ-ийн улсын хэмжээнд хийсэн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарсан байдаг. Үүнээс бидний сэтгэл зүй ямар түвшинд байгааг харж болно. Хүн бол сэтгэлийн амьтан гэж бүгд мэддэг. Жишээ нь, хүмүүс бие тавгүйрхээд, даралт нь ихсээд, ядрах мэдрэмж төрөөд эхлэхээр эмнэлгээр явж шинжилгээ өгөхөд зарим тохиолдолд хариу нь хэвийн гардаг. Гэвч эдгээр нь ихэнхдээ сэтгэл зүйгээс хамааралтай байдаг. Үнэн хэрэгтээ сэтгэл зүйгээ эмчлүүлдэггүй. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд таны биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Сэтгэл зүй эрүүл байснаараа тэр хүн ажлын байр, гэр бүл, нийгэмдээ зөв хүн байх үлгэр жишээг үзүүлдэг учраас чухал гэж үздэг.

-Хүмүүс амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Хамт олны сэтгэл зүй, орчин ямар байхаас тухайн хүний сэтгэл зүй шалтгаалдаг уу?

-Насанд хүрсэн хүн амьдралынхаа гуравны нэгийг ажлын байран дээр өнгөрөөдөг.

Хэн нэгэн ажилтны сэтгэл зүй эргээд нийгэмд, гэр бүлдээ ямар нөлөө гаргах вэ гэдгийг шийддэг. Ажил дээрээ сэтгэл ханамжтай байгаа хүн амьдралдаа ч сэтгэл ханамжтай хандана. Гэтэл ажилтан маш олон төрлийн асуудлаас болоод ажлын байрандаа сэтгэл ханамжгүй байдаг. Энэ нь эргээд ажилд нь нөлөөлдөг. Хүн ажилдаа удаан хугацаагаар сэтгэл ханамжгүй явснаар ажлаас халшрах мэдрэмжтэй яваад байвал ажлын бүтээмж гарахгүй. Сэтгэл ханамжгүй байх хугацаанд ямар нэг үйлдэл хийхгүй бол хамтран ажиллагсдад нь хор хөнөөл учирч эхэлдэг.

-Гэр бүл, ойр дотны хүмүүст нь сэтгэл зүйн өөрчлөлт, асуудал илэрвэл түүнд яаж тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ?

-Гэр бүлийн гишүүд сэтгэл зүйн дарамтад өртөх, өөрийн үнэлэмж буурах, ойр дотны найзгүй болох, ажил, орлогогүй болох, нойргүйдэл зэргээс үүдэн сэтгэл зүйн асуудлууд бий болдог. Эдгээр хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь анх гэр бүл болох, үерхэж нөхөрлөхөөсөө эхлээд нэгнээ ойлгож ярилцаж, харилцан буулт хийх, хүндэтгэл үзүүлэх зэргээр сэтгэл санааг өргөх хэрэгтэй. Мөн хүүхдийн хажууд гэр бүлийн маргаан, асуудлаа дэлгэхээс илүү хайрлаж, ойлголцож, халамжилж буйгаа харуулдаг байгаасай гэж хүсдэг.

-Сэтгэл зүйн асуудал ужгирч явсаар байгаад амиа хорлолтын шалтгаан болдог байх. Мэргэжлийн хүний хувьд юу гэж боддог вэ?

-Судалгаагаар эрэгтэй хүмүүс амиа хорлох тохиолдол харьцангуй их байгаа нь ажиглагдаж байна. Эрэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ, амьдралын буруу хэв хаяг, эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл зүйн асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг байдал нөлөөлдөг гэж боддог.

Багаас нь эрэгтэй хүн уйлдаггүй юм, дуугай бай, эр хүн зоригтой, хатуу чанга байх хэрэгтэй гэсэн хүмүүжлээр өссөнөөр өөрийгөө илэрхийлэх чадваргүй, сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй болсноор өнөөх сэтгэл зүйн өөрчлөлт, дутуугийн комплекс гэдэг зүйлийг бий болгодог. Гэтэл эмэгтэй хүүхдэд шал өөр, зөөлөн ханддаг. Энэ тал дээр эцэг эхчүүд маань аль болох тэнцвэртэй хандах хэрэгтэй.

-Гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна гэсэн судалгаа гарсан байна. Үүнд цахим орчин нөлөөлж байна уу. Яагаад хүүхдүүд илүү өртөмтгий байна вэ?

-Гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн асуудалтай байгаад нь цахим орчин нөлөөлж байна уу гэвэл бараг л үгүй гэж хэлнэ.

Яагаад гэвэл хүүхдийн анхдагч хэрэгцээ бол хайрлуулах, тэврүүлэх, үнсүүлэх зэрэг нь хангагдаагүйгээс хүүхэд өөр зүйлд анхаарч, илүү сонирхолтой зүйлд татагдаж эхэлсэн байдаг.

Аав, ээж хүүхдийн анхдагч хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх дээр эхлээд анхаарах хэрэгтэй. Хүүхэд тань тантай ярилцах гэж оролдох бүрд үгүйсгэх, хол байхыг шаардах нь таныг хүүхдээс чинь холдуулж байдаг. Эцэг эхчүүд маань өдөрт ядаж ганц цагийг хүүхдүүддээ зарцуулж, тэднийг сонсож, тоглож байх хэрэгтэй. Сонсож байгаа гээд яриад эхлэнгүүт нь шууд шүүмжлэх, шүүж дүрэмдэх горимд шилждэг. Гэтэл хүүхэд мэдээлэл авах, ойлголцох, нуулгүй ярилцах зорилготой байдаг.

Эцэг эхчүүд хүүхдийг гурван нас хүртэл нь ээнэгшүүлж буюу халуун зүйлийг нь хөргөж өгч, уйлахад нь аргадах гэх мэтээр өсгөдөг. Энэ үедээ хүүхэд намайг ямар ч үед хамгаалах юм байна гэсэн мэдээллийг авч байдаг. Дөрөв, таван настай үед нь буюу өөрөө биеэ даагаад ирэхэд ээнэгшил гэдэг зүйл алдагдаад эхэлдэг. Хүүхдээ бие даахад сургаж байгаа боловч манай ээж аав нар дүүтэй болсон үед нь том хүүхдээ анзаарах нь багасдаг. Энэ үед хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй болдог учраас эцэг эхчүүд уурлаж, бухимдаж эхэлдэг. Ингээд хүүхэд нас ахих тусам би хэрэггүй юм байна гэсэн орхигдсон мэдрэмж авч эхэлдэг. Ер нь хүүхэд есөн нас хүртлээ гэр бүлийн уур амьсгалаас суралцаж байдаг. 10 наснаасаа эхлээд орчноос суралцаж эхэлдэг. Энэ нь гадаа байгаа найз нөхөд, хэн нэгнээс суралцаж эхэлдэг. Тийм учраас хүүхдийн сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж байгааг яаж зогсоох вэ гэвэл зүгээр л хүүхдээ хайрла. Ямар ч болзол, шүүмжлэлгүйгээр хүүхдээ хайрлаж, үнсэж, тэврэх хэрэгтэй.

-Та хүүхдүүдтэй ажилладгийн хувьд сурагчдын гол хандаж буй асуудлыг юу гэж дүгнэдэг вэ?

-Хүүхэд оюун санаа, сэтгэл зүй, бие махбодын хувьд тодорхой өсөлтийн үе шатуудтай бөгөөд тухайн насандаа тохирсон сэтгэл зүйн онцлогтой. Хүүхэдтэй ажиллахад зууны далан хувь нь гэр бүлтэй холбоотой асуудал байдаг. Хүүхдүүдтэй ярилцаад эхлэхээр ээж аав намайг үнэлэхгүй байна, би өөрийгөө олоогүй байна гэх мэтээр эцэст нь ээж, аавын хайр яригддаг.

Аав ээж нар маань хүүхдүүддээ үнэтэй зүйл авч өгөх, амттай хоол авч өгөх, түрийвчийг нь мөнгөтэй байлгах зэргээ би чамайг хайрлаж байна, чиний төлөө ажиллаж байна гэж ойлгодог. Ингэхээр хүүхэд эд зүйл чухал юм байна. Хайр тийм ч чухал биш гэдэг үнэлэмжийг нийгэмд үүсгээд эхэлдэг. Гэтэл хүүхдийн анхны хэрэгцээ бол хайрлуулах байдаг.

-Сүүлийн үед хүмүүс бясалгал, йог их хийж байгаа харагддаг. Энэ нь сэтгэл зүйг эрүүл, тогтвортой байхад тусалдаг байх?

-Маш их тусалж байгаа. Би хүмүүсийг бясалгал хийж сураасай, эсвэл амьсгалын дасгал хийж дадаасай гэж боддог. Уур хүрээд эхлэхэд амьсгалаа зөв удирдаад, гаргаад сурсан хүмүүс уураа намжааж чаддаг. Дараа нь өөрийгөө сонсож, мэдэрч сурах хэрэгтэй. Жишээ нь, би уурлахаараа яадаг билээ, ямар нэгэн үйлдэл гаргадаг бил үү гэх зэрэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Мөн өөрийгөө тайван байлгах аргад суралцаж агаарт алхах, ном уншиж суух, хамт олонтой болох, бясалгал, йог зэргээр сэтгэл зүйгээ чагнах хэрэгтэй. Манай сургуульд бид сурагчдадаа сэтгэл зүйн боловсрол олгож сэтгэл хөдлөлөө удирдах бясалгал, амьсгалын дасгалыг нэгдүгээр ангиас нь зааж сургадаг.

-Сургуулийн сэтгэл зүйч бусад чиглэлийн сэтгэл зүйчдээс юугаараа ялгаатай байдаг вэ?

-Сургуулийн сэтгэл зүйч бол хүүхэдтэй хамт гэр бүл, эцэг эхчүүдийг зэрэг хүмүүжүүлдэг. Нэг хүүхдийн асуудлыг авч үзээд, ярилцаад эхлэхээр ээж аав, асран хамгаалагч нартай ярилцах хэрэг гардаг. Ингээд ээж, аавд нь хүүхэдтэйгээ яаж харилцах ёстой вэ гэдгийг зөвлөдөг. Сургуулийн сэтгэл зүйч бол бусад чиглэлийн сэтгэл зүйч нараас хамгийн нийгэмд хүрч ажилладаг чиглэл гэж би хардаг.

-Нийгмийн бодлогын хувьд хүмүүсийн сэтгэл зүйн асуудлын хүрээнд ямар зүйлийг хийж хэрэгжүүлээсэй гэж боддог вэ?

-Гэр бүлийн тухай хуулийг дахин анхаарч хараасай гэж хүсч байна. Мөн аав, ээж болсон бол хариуцлага гэдэг зүйл чухал гэдгийг маш сайн ойлгодог байх. Түүнчлэн ЕБС-иас нь хүүхдэд ирээдүйд сайн эцэг эх болох ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хариуцлагатай хүн байх боловсролыг багаас нь бий болговол хариуцлагатай иргэн бий болно. Үр дүнд нь нийгмийн өнгө төрх ч зөв болж эхлэх болов уу гэж бодож байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Баярмаа: Хоригдож байх хугацаандаа иргэн амиа алдаж байгаа ноцтой асуудлыг зүгээр орхиж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дэргэд байгуулсан “Эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа.


-Хорих 461 дүгээр ангид 21 настай залуу амь хохирсноос улбаалаад Хяналтын сонсголыг нэн яаралтай хийлгэх хүсэлтээ УИХ-ын даргад долдугаар сард гаргасан. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ?

-Энэ оны долдугаар сард цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид төрийн байгууллагын шийдвэрээр эрхээ хязгаарлуулан хоригдож байх үедээ эмнэлэгт очиж нас барсан хэрэг гарсан. Мөн цэргийн алба хааж байгаа цэргүүд дүрмийн бус харилцаанд өртөх, хууль сахиулах байгууллагуудад мөрдөн шалгуулах ажиллагааны явцдаа эрүү шүүлтэд өртөх, хүнлэг бус харилцаанд орох зэрэг асуудал удаа дараа гардаг учраас УИХ хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэж, нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ асуудлын учир шалтгаан нь юу юм. Яагаад буурах, алга болох нь бүү хэл улам даамжираад байна вэ гэдгийг иргэдэд нээлттэйгээр хүргэх, ярилцах шаардлагатай гэж үзээд долдугаар сард хүсэлтээ Их хурлын даргад өгсөн. Энэ хүсэлтийг өгөхийн тулд хуулийн дагуу доод тал нь 15 гишүүн гарын үсэг зурсан байх ёстой байдаг бол миний энэхүү хүсэлт дээр надаас гадна 21 гишүүн гарын үсгээ зурсан. Мөн хуулийн дагуу УИХ-ын дарга энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлдэг юм байна лээ. Энэ дагуу байнгын хороо хэлэлцээд өнгөрсөн сарын 10-нд энэ нийтийн сонсголыг хийхээр тогтсон. Гэвч дахин хуралдаж хойшлуулах шаардлагатай гэж үзсэн. Учир нь хүний эрхийн асуудал гэж анх оруулсныг хэтэрхий ерөнхий байна. Тиймээс сэдвээ нарийвчил гэсэн. Үүний хүрээнд сонсголынхоо цар хүрээг хумьж, нарийвчилсан. Одоо агуулга нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус хэрцгий харьцаанаас ангид байх хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаарх нийтийн сонсгол гэсэн нэртэй болсон. Харин арваннэгдүгээр сарын 20 болгосны учир нь УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухайн хуулийн 126 дугаар зүйлийн 5 дахь заалтад хяналтын сонсгол зохион байгуулах журмыг УИХ-ын тогтоолоор батална гээд заачихсан юм байна.

 

Энэ заалт нь сонгуулийн өмнөхөн буюу зургадугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлтөөр орсон байсан. Тийм болохоор нарийвчилсан журам гарах ёстой гээд нэлээд хойшоо тавьсан. Одоо ажлын хэсэг гараад хуулийн дагуу нарийвчилсан журмын төслийг нь гаргачихсан байгаа. Байнгын хороодоор орж, УИХ-аар тогтоол болж батлагдах ёстой. Ийм шалтгаанаар хойшилсон.

-АН-ын бүлгийн дэргэд байгуулсан “Эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Ер нь хуулиараа нийтийн сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан тохиолдолд харьяа байнгын хороо нь зохион байгуулалтыг нь хийдэг юм байна. Тиймээс цаашаа санаачилсан хүмүүсээс юу ч хамаарахгүй болж байна гэсэн үг. Мэдээж тухайн байнгын хорооны гишүүн бол хуралдаан дээр нь үгээ хэлээд яваад байж болно. Гэтэл харьяалагддаггүй гишүүд санаачилга гаргасан тохиолдолд оролцоогүй болчихож байгаа юм. Ийм болохоор хүний эрхийг онцгойлон авч үздэг намын хувьд Ардчилсан намын бүлгийн дэргэд “Эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ахлагчаар нь миний бие ажиллаж байгаа. Зөвхөн байнгын хороонд хариуцуулаад орхих биш, бид санаа тавих ёстой гэдэг агуулгаар энэ ажлын хэсгийг байгуулсан. Хүний эрхийн комиссын тайлан, илтгэлүүд, Эрүү шүүлтийн эсрэг албаны тайлантай танилцаж, зарим албан тушаалтнуудаас мэдээлэл авсан. Нэмээд хэлэхэд, заавал нарийвчилсан журам гэлгүйгээр хийж болох байсан боловч заавал хийнэ гээд хойшлуулсан нь миний хувьд харамсалтай байгаа. Одоо нэгэнт товоо тогтчихсон учраас процессын ажлуудыг хийж байна.

-Хорих ангид нас барсан 21 настай залуугийн талаар ХЗДХ-ийн сайд, ХЭҮК, ХХЕГ-ын удирдлагатай уулзаж, АТГ, УПЕГ, ЦЕГ-ын дарга нараас хариулт авсан гэж байсан. Ирүүлсэн хариуг хэлж өгч болох уу?

-Ажлын хэсгийн хүрээнд сүүлийн 30 жилийн нөхцөл байдлыг цогцоор нь авч үзэж байна. Сүүлийн гурван жилийн тухайд энэ сэдэв нийгэмд хамгийн их хэлэлцэгдэж байна. Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт төрийн албан хаагчдыг шалгуулах гомдол, мэдээлэл 300-500 орчим ирж, түүнээс гурав орчим хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэж байна. Тухайн хэрэгт хамгийн их холбогдож байгаа нь цагдаагийн алба хаагчид байгаа бөгөөд нийт гомдлын 93 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Тийм ч учраас бид энэ байгууллагын үйл ажиллагаа, тогтолцоог сайжруулах чиглэлээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлтэй хамтран ажиллаж байгаа. ЭШУСАЭ гишүүнээс мөн үйл ажиллагааны болон нөхцөл байдлын талаар ажлын хэсэг дээр мэдээлэл авсан. Мөн тодорхой асуудлаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудаас мэдээлэл авахаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг урьсан. Харамсалтай нь АТГ-ын холбогдох хүмүүс бидний урилгад хариу өгөлгүйгээр ирээгүй. Зөвхөн 21 настай амь хохирогчийн тухайд бус хилийн заставт гарсан хоёр цэргийн асуудлаар бас тодруулга авсан юм. Яагаад хоёрын хоёулаа зэрэг хагалгаанд орсныг нарийн шалгамаар л юм байна лээ. Ар гэрийнхнээс нь надад өргөдөл ирсэн. Тухайн 21 настай амь хохирогчийн тухайд АТГ хэргийн нууц гээд ирж мэдээлэл өгөөгүй ч бусад байгууллагын хариунд эрүү шүүлт тулгасан байж болзошгүй цагдаагийн ажилтнуудад хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн байсан. Хэрэг үүсгэсэн нь сайн ч мөрдөх ажиллагаа арай л удаан явагдаж байна. Аль нэг сараас хойш шүү дээ. Хоёр цэргийн асуудлаар ХЭҮК очиж шалгалт хийсэн дүгнэлтэд дүрмийн бус харьцсан нь тогтоогдсон байна лээ. Мөн холбогдох албан тушаалтнуудад хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн байсан.

-Тухайн залууг өөрөөс нь хамгаалж гавтай байлгасан гэдэг яриа явж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Удаан хугацаанд хорьж байж өөрсдөө өвчнийг нь оношилж чадахгүй, дараагийн шатны эмнэлэгт үзүүлж оношлуулаагүй. Гавтай нь эмнэлгийн орон дээр нас баруулж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудын үйл ажиллагаа доголдсон. Хүний эрхийн мэдрэмжгүй, хууль эрх зүйн хувьд яаралтай өөрчлөх хэм хэмжээнүүд байна гэж дүгнэж болохоор байна.

-Тухайн залуу өөрийг нь эрүүдэн шүүсэн цагдаа нарыг АТГ-т хэлэхээр очих үед нь баривчилсан байдаг. Тэгэхээр цагдаад АТГ-ын мөрдөгч л хэлсэн гэсэн үг үү. Үнэхээр ингэдэг бол үүнийг хэрхэн хянаж, зохицуулах шаардлагатай вэ?

-Бид хараагүй, үзээгүй тул яг тэгсэн гэж мэдээж хэлж чадахгүй. Гэхдээ бидний үзэж байгаагаар эрүү шүүлт тулгасны дараа тухайн иргэнийг хорьж шалгасан явдлыг тогтолцоо алдагдаж ажилласан байж болзошгүй гэж хардаж байгаа. Бид хардах эрхтэй. Нөгөө талаасаа, эрүүдэн шүүсэн байж болзошгүй цагдаа нарыг таниулах ажиллагаа хийхээр амь хохирогч залууг авч гарах гэхээр АТГ-т прокуророос зөвшөөрөл олгоогүй гэж ойлгосон. Ер нь иймэрхүү асуудлаар тусдаа бие даасан хараат бус мөрдөх алба байгуулах хэрэгтэй. Мөн Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколд нэгдэж орсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо болон бусад Хүний эрхийн гэрээний хороодоос Эрүүдэн шүүхийн эсрэг Үндэсний урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан механизмыг байгуулж ажиллуулах талаар удаа дараа Монгол Улсад зөвлөмж өгч ирсэн юм билээ. Монголд энэ механизм бүрдсэн хэдий ч бүрэн бие даан, хараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байна. Ер нь л бүх хууль тогтоомжийг Монгол Улс нэгдэж орсон Хүний эрхийн чиглэлийн конвенцуудын дагуу филтерээр оруулах ёстой юм билээ. Эрх зүйн хувьд ямар ч зөрчил, алдаа, цоорхой байх ёсгүй, дээрээс нь хэрэгжилтийг хангах механизмыг нь улам сайжруулах ёстой.

-Сүүлийн үед хэд хэдэн сонсгол хийсэн. Гэвч олигтой үр дүн гараагүй гэдэг шүүмж байдаг. Тэгвэл энэ удаагийн сонсголоос бид ямар үр дүн хүлээх вэ?

-Сонсгол үр дүнд хүрэхгүй байна гээд хүний амь насыг хамгаалах үүрэгтэй газарт хоригдож байх хугацаандаа хүн амь хохирч байгаа, мөн эх орноо хамгаалахаар явсан бор цэргүүдээ дарамталж, дүрмийн бус харьцаж байгаа зэрэг ноцтой асуудлуудыг зүгээр орхиж болохгүй. Мэдээж энд холбогдох байгууллагад ажилладаг бүх хүмүүс бус зарим нэгэн хүмүүсийг л ярьж байгаа. Тиймээс холбогдох байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн хүрээнд хийх ёстой ажлаа хийх л үүрэгтэй. Ер нь бол төрийн хамгаалалттай газар иргэн эмчилгээ авч чадалгүй нас барж байгаа нь бидний бүтээх гэж зорьсон иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгэм гажуудсан байгаагийн илрэл гэж хэлж болно. Бид энэ удаагийн сонсголын үр дүнд иргэдийнхээ эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанд өртөж хохирч ирсэн бүх үнэн байдлыг ил гаргах, иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн алба, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд цогц дүгнэлт хийх, хууль эрх зүйн хувьд хэрхэн хүн төвтэй, хүний эрхийг бодитоор нь хамгаалж чадах системийг бүтээх асуудлуудыг цогцоор нь шийдэх шийдэлд хүрэхийг зорьж, хүсч байгаа.

-Сонсголд оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байгаа гэсэн?

-Цөөхөн иргэн бүртгэх юм билээ. Тиймээс эрүү шүүлтэд өртөж хохирсон, хэлмэгдсэн, төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас хохирсон иргэд, тэдний ар гэр, хууль ёсны төлөөлөгчдийг энэ сонсголд бүртгүүлж, эрхээ сэргээлгэх, хамгаалахад дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 14, Сумъяа гариг. Билгийн тооллын 12, Чөдөр одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 07:10 цагт мандаж 18:06 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар +1…-4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…+4 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10…-12 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
story-news

ТОЙМ: “АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний дэмжлэг хэвээр байна” хэмээн өгүүллээ