Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуримын бэлгэнд Монголчууд 20-500 мянга, Япончууд 1.1-2.3 сая төгрөг өгдөг DNN.mn

Хосуудын хурим гэдэг нь эрэгтэй хүний хувьд эрийн цээнд хүрч, галаа мануулах ханиа сонгож, удмын галаа мөнхөд үргэлжүүлж, эцгийн галаас галаа тасалж, өрх гэрээ баринх зан үйл юм. Тэгвэл манай улс болон гаднын улсад хуриманд ирж буй хүмүүс ямар бэлэг өгдөг тухай энэ удаагийн “Тэд, Бид” буландаа онцолж байна.


МОНГОЛ: Бэлэн мөнгө бэлэглэдэг

сонин mn

Жил ирэх тусам хуримын ёслол өргөн дэлгэр болж байна. Мөн уламжлалт хуримын хэв маяг өөрчлөгдөж буйг ч дурдах нь зүйтэй. Тэгвэл одоо хуримлах ёс тэр дундаа инж болон хурманд уригдсан хүмүүсийн бэлгийн талаар сийрүүлье. Хуримын өмнө сүйт залуугийн талаас өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд сүйн бэлэг болгон сүйт бүсгүйн хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг зүйлс барьдаг. Сүйн бэлэгт хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн ёгт бэлгэдлийн чанартай эд юмс, бөс бараа өгөх боловч гол зүйл нь сондгой тоотой мал өгдөг байжээ. Ингэхдээ хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгож өгдөг заншилтай. Гэхдээ сүйн бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь, хонийг халуун хошуут, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй холбоотой. Урьд цагийн хурим ийм байжээ. Тэгвэл өнөө цагт хуриманд очиж буй хүмүүс ихэвчлэн бэлэн мөнгө өгдөг болжээ. Ингэхдээ багадаа 100 мянган төгрөг дугтуйлан бэлэглэдэг. Мөн гэр бүл болж буй хостой холбоо хамаарлаасаа шалтгаалан энэ мөнгөний тоо нэмэгддэг ажээ. Энэ тухай энэ сарын 5-ны өдөр хуримласан хос С.Батбаяр “Бид хуримандаа 300 орчим хүн урьсан. Материаллаг зүйлс гэхээсээ илүү бэлэн мөнгө бэлэглэдэг юм байна лээ. Мөнгөн дүн нь 20-500 мянган төгрөгийн хооронд байсан” гэсэн юм. Мөн орон нутагт уламжлалт хурим хийж буй хүмүүсийн хувьд халуун хошуут мал бэлэглэх зан үйл хэвээр байгаа юм.

ИХ БРИТАНИ: Шаазан эдлэл бэлэглэдэг

сонин mn

Британичууд чамин эд зүйлсэд дурламтгай хүмүүс. Тиймээс шинэхэн хуримлаж буй хосуудад шаазан эдлэл бэлэглэдэг байна. Энэ нь ирээдүйдээ өнгөтэй, аз жаргалтай байж, хоол ундаар бялхаж явахыг бэлгэддэг. Мөн гал тогооны аяга, тавагнаас эхлээд гэрийн чимэглэл зэрэг дурсглаын зүйл төрөл төрлөөр нь бэлэглэдэг байна. Заримдаа худ ураг бологсод нь бие биетэйгээ үнэтэй бэлгээрээ өрсөлдөх асуудал ч гардаг аж. Уг улсын ард түмэн ховор нандин эд зүйлсд нугасгүй хүмүүс тул урт удаан амьдралыг бэлэгдэн хуучны цаг өгөх нь мөн элбэг. Сүүлийн үед хосууд хэн хамгийн их зардал гаргаснаар нь бус тусдаа гараад амьдрахад гэртээ ашиглах хэрэгтэй зүйлсийг бэлэглэсэн хүнийг илүү хүндлэн сайшаах болжээ.

ИТАЛИ: Дурсгалын зүйл өгдөг

сонин mn

Бэлэг юм авахаа мартсан бол булангийн дэлгүүр ороод юу ч хамаагүй өгчихье гэх хандлага энэ улсад огт байхгүй. Италичууд хурим хийж буй хосуудад хамгийн үнэтэй, сайн чанарын эд зүйлс бэлэглэхийг хичээдэг. Учир нь уг тэмдэглэлт өдрийг хүндэтгэж буйгаа илэрхийлж буй нь тэр. Тодруубал, дэлгүүрт хямдрал заралсан бүтээгдэхүүнийг авч өгөх нь хосуудыг болон бусад зочдыг дорд үзэж, хөнгөмсөг хандаж буй мэт санагдах тул ихэд цээрлэн, нягт шалгаж сонголтоо хийдэг. Хэрэв дэлгүүрт таалагдах зүйл гарч ирэхгүй бол гараар урласан чамин эдлэл бэлэглэх нь зүйтэй гэж үздэг байна. Мөн уламжлал ёсоор сүйт бүсгүй торгон цүнх үүрч явах бөгөөд зочин бүр 100-400 долларын мөнгөн дэвсгэрттэй дугтуйг хийдэг. Их хэмжээний зардал гаргах дургүй хүн бол Итали хуриманд очих ч хэрэггүй

ӨМНӨД АФРИК: Заавал бэлэг өгдөг

сонин mn

Өмнөд Африкт уламжлалт хуримын бэлэг нь үндэстэн, ястангуудын зан заншлаас хамаарч өөр байдаг. Жишээлбэл, Залуучууд сүйт бүсгүйгээ үнэт эрдэнэтэй зүйрлэн гэр бүлд нь хүндэтгэл үзүүлж, талархан ямаа эсвэл үхэр сүйн бэлэг болгон өгдөг байсан аж. Орчин үед ямаа, үхрийн оронд ихэвчлэн бэлэн мөнгө өгдөг болсон ч хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс уг уламжлалаа дагах нь элбэг. Худ ураг бологсод нь шинэхэн хосуудад гал тогооны хэрэгсэл, тавилга өгдөг. Энэ дундаас хөнжил бэлэглэх нь даарах, өлсөхийн зовлонг битгий мэдрээсэй хэмээн бэлэгддэг учир ихэд нандин бэлэгт тооцогддог. Мөн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн гар урлал болох шүрэн эдлэл, сагс, хувцас гэх мэт соёлын ач холбогдолтой бэлгүүд түгээмэл байдаг. Хол, ойрын хамаатан гэж ялгахгүй гэр бүл болж буй хосуудтай ямар нэгэн холбоотой л бол заавал бэлэг өгдөг заншилтай ажээ.

ЯПОН: 2.3 сая төгрөг хүртэлх бэлэн мөнгө өгдөг

сонин mn

Японд шинэхэн хосуудад гэр ахуйн хэрэглээнээс гадна гошуги буюу тусгайлан чимэглэн бэлтгэсэн дугтуйнд мөнгөн дэвсгэрт хийн бэлэглэх нь элбэг байдаг. Мөнгөний хэмжээ нь тухайн зочны нийгмийн байр сууриас гадна сүйт бүсгүй болон сүйт залуутай ямар харилцаа хамааралтай хүн бэ гэдгээс шалтгаалан өөр өөр байдаг. Хамт ажилладаг байсан хүн, их сургуульдаа нэг ангид сурдаг байсан хуучны найз зэрэг ойр дотны биш хүмүүс заавал 30000 еэн буюу 700 мянган төгрөг өгдөг бол ойрын хамаатан садан, найз нөхөд болон ажлынх нь дарга, багш нь 50.000-100.000 еэн буюу 1.1-2.3 сая төгрөг өгөх нь зүйтэй гэж үздэг байна. Япончуудын хувьд тэгш тоо бол муу ёрын бэлгэдэл юм. Дөрвийн тоо үхэл, есийн тоо зовлон гэсэн үгтэй ижил дуудлагатай бичигддэг. Тиймээс дөнгөж гэр бүл болж байгаа хосуудад зочид нь сайн сайхныг хүсэн тэгш тоогоор мөнгө бэлэглэхээс зайлсхийдэгээс гадна хуучин, нугалсан, урагдсан мөнгө огтхон ч өгдөггүй байна. Заавал өө сэвгүй шинэ дэвсгэртүүд өгөх ёстой байдаг ажээ.

ТАЙЛАНД: Торгон даавуу бэлэглэдэг

сонин mn

Тайландад хуримын бэлгэнд холын хамаатан, найз нөхөд болон ажлын хамт олон нь ихэвчлэн мөнгө өгдөг бол ойрын хамтаатнууд нь мөнгөн дэвсгэртээс гадна элбэг дэлбэг амьдралыг бэлгэдэн сайн чанарын торгон даавуун эдлэл өгдөг уламжлалтай. Энэ нь цаашдын амьдралд нь тохиох муу ёрын сүнс, элдэв хар бараан энергиэс хамгаалдаг шашны эд өлгийн зүйлс юм. Бүр Буддагийн хөшөө ч бэлэглэх нь элбэг. Мөн сүйт залуугийн талаас алт, мөнгөн эдлэл өгч эхнэр болох эмэгтэйн гэр бүлийг хүндэтгэн талархаж байгаагаа илэрхийлдэг байна.

ФРАНЦ:Орны даавуу бэлэглэдэг

сонин mn

Хайр дурлалын хот гэж алдаршсан Франц орны хүмүүс нэлээд нэрэлхүү зантай. Шинэхэн хосууд хуримынхаа өдөр яг тийм бэлэг авмаар байна гэж хэнд ч хэзээ ч хэлж чаддаггүй. Тиймээс зочид нь ихэнхдээ бэлэн мөнгө өгдөг. Энэ нь сүйт залуу, сүйт бүсгүй хоёрт нь амар санагддаг аж. Хэрэв илүү содон бэлэг өгөхийг хүсвэл чимэг маалинган даавууг бэлэглэдэг уламжлал бий. Уг даавуу угаах бүрт өнгө нь гэрэлтэн тодорч, хэрэглэх тусам зөөлөн болдог материал тул цаашдын амьдрал нь уг даавуу шиг бат бөх, өнгөлөг байхыг бэлгэдэн өгдөг байна.

  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм

Гэр шатаж, бага насны хоёр хүүхэд амиа алджээ DNN.mn

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж, бага насны хоёр хүүхэд амиа алджээ.

Энэ талаарх дуудлагыг 01:18 цагт онцгой байдлын байгууллагад өгсөн байна. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай нэг гэр, угсарч барьсан 4 болон 5 ханатай хоёр гэр тус тус шатаж байсныu унтраасан байна. Уг гал түймэрт 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж амиа алджээ.

Бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, болзошгүй эрсдэл, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ DNN.mn

ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд, замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1099 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

Аравдугаар сарын 16-ны 08:30 цагийн байдлаар  1099 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Итали орноор аялсан тэмдэглэл DNN.mn

Түүхээс Хубилай хааны үед Монголд ирсэн худалдаачин Марко Поло, Леонардо да Винчи, түүний “Мона Лиза” хэмээх агуу уран зураг, хэдэн зуун жил болж буй хэрнээ унадаггүй Пизагийн цамхаг, одоо цаг руу ирвэл итали дуу, итали гутал, “Наймаалж” цувралын комиссар Каттанигаар төсөөлөгддөг Итали хэмээх орныг нүдээр үзэхийг мөрөөддөг хүмүүс олон буй за. Би тэдний нэг байлаа. Байлаа гэдгийн учир гэвэл тун саяхан мөрөөдөл биелж Италийн хойд хэсэгт оршдог дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг Венец болон нийслэл Ром хотоор хэд хоног аялаад ирэв ээ.

Хоёр хүнтэй манай аяллын багийн ахлагч, хөтөч нь миний охин. Тэрээр БНСУ-ын их сургуульд суралцдаг бөгөөд“Чусок” буюу ургацын баярын өдрүүд таарч хэд хоногийн амралтаа Итали руу ээжийгээ дагуулан явсан нь тэр юм. Нийтдээ долоо хоногийн аяллын хоёр өдөр нь очих, ирэхэд зарцуулсан учраас Италид өнгөрүүлсэн хоног маань тав. Хэдий богино хугацаа боловч их зүйлийг үзэж харж болдгийг өөрийн биеэр баталлаа.

Аяллын маршрут гэвэл миний бие “Чингис хаан”нисэх онгоцны буудлаас эхлэн Германы Франкфуртээр дамжин Венец очих. Харин аяллын ахлагч маань Солонгосын Инчоны онгоцны буудлаас Мюнхен хүрч, тэндээс Италийг зорих. Бидний уулзах цэг нөгөө Марко Пологийн нэртэй онгоцны буудал Венец.

Улаанбаатарт МИАТ-ийн онгоцонд бүртгэлээ хийлгэхээр дугаарлаж байхад нэгэн залуу гэр бүл охиноо Англи руу хэлний курст явуулахаар гаргаж өгч байгаагаа яриад, намайг хаана очих вэ,Лондон явах уу, охиноо

захиж туслуулах гэсэн юм гэлээ. Бараг 9 цаг нисч Франкурт ороод, дараа нь бүтэн 5 цаг онгоцны буудал дээр хүлээж байж цааш нисэх онгоцондоо сууна, ачаа ихтэй хэмээн санаа зовж байсан. Би тэднийг залуу хүүхэд юу ажрах вэ, гар утас нь дататай бол бүгдийг заагаад өгнө гэж мэдэмхийрэв. Яг үнэндээ би өөрөө Франкфуртэд буугаад Terminal 2-оос Ter­minal 1 рүү яаж очихоо ч мэдэхгүй, дотроо түгшисхийж суусан билээ. Бүртгэл дуусч удалгүй онгоцондоо сууцгаав. Тэр охин, бид хоёрын суудал зэргэлдээ таарсангүй. Хажууд суусан монгол залуу бас л англи хэлний курст явж байгаа гэв. Анх удаа хилийн дээс давж буй ажээ. Бас л нэг терминалаас нөгөө терминал руу яаж хүрэх, 5 цаг хүлээх гээд төстэй “асуудалтай”.

Миний хувьд Итали руу зам нийлэх хүн надаас өөр энэ онгоцонд бий эсэхийг тандаад алга гэж ойлгоод бяцхан урам хугарч билээ. Гэхдээ дажгүй ээ. Терминалаа төвөггүй солиод бүртгэлээ хийлгэж нислэгийн A19 гарцан дээр хүлээж байтал өөрчлөгдөж A32 gate болж хувирав. Тийшээ хүрч одоо дахин өөрчлөгдөхгүй биз хэмээн нислэгийн хуваарийн самбарыг нүд алгасалгүй ширтэж суухдаа энэ тухайгаа аяллын ахлагч руу чатаар илгээхээ мартаагүй ээ.

Харин намайг терминалаа олохгүй будилах вий гэж санаа зовсон ахлагч маань ихэд санаа зовж, бүр Италид суралцагчдын группээр орж манай ээжийг онгоцны буудалд тосох хүн байгаа юу хэмээн асууж сурагласныг хожим мэдсэн л дээ. Аялалд гарахын өмнөх өдрөөс над руу яаж терминалаа солих бичлэгийг хүртэл илгээж үүнийг олон дахиж үзээрэй гэж захисныг нь яана. Италийн Венец явах хүн надаас өөр байгаагүй ээ. Харин Монголоос Italy7 гэсэн Roaming үйлчилгээ авснаар мэдээллээ авалцах боломжтой байж, үүндээ Мобикомын хэрэглэгчийн хувьд талархаж явлаа.

Венец рүү хөөрсөн нисэх онгоцны үйлчлэгчид ахмад хүмүүс байсан нь тун сонин санагдсаныг нуух юун. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй. Эмэгтэй нь сагсанд хийсэн жижигхэн шоколадаар, хоёр эрэгтэй нь цэвэр усаар бидэнд үйлчиллээ. Нэг мэдэхэд Венецийн Марко Поло нисэх буудалд газардах гэж буйг зарлах нь тэр. Миний ачаа гэж үүргэвч, усны сав, хийлдэг дэр, жижиг чемоданд хэдэн солих хувцас л байлаа.

Ахлагчийн суусан онгоц цагаасаа 1 цаг 30 минут хойшилж би нисэх буудал дээр хэсэг хүлээх зуур нэг аяга халуун цай авахаар дугаарлатал нэг охин над руу дөхөж энэ бохийг аваач гээд байгаа бололтой (миний ойлгосноор), би үгүй гэж толгой сэгсрэх зуур ард зогсож байсан залуу намайг та монгол хүн үү гэж оросоор асууснаар яриа өрнөж нэг мэдэхэд залуу, түүний эхнэр, бас тэдний итали найз нарын ширээнд уригдаж хэсэг ярилцлаа. Тэр залуу Украин, эмээ өвөө нь Монголд очиж байсан, эхнэр нь орос, бас хамт байсан итали гэр бүлийн эхнэр нь сэтгүүлч, нөхөр нь зураач гэдгийг ч мэдлээ. Эцэст нь бид гар утасны дугаар, фэйсбүүк хаягаа солилцож рестораны зөөгчөөр зургаа хамтдаа даруулаад салцгаасан юм.

Удалгүй охины онгоц газардаж бид хоёр тэврэлдэн уулзалдлаа. Гадаа хэдийнэ харанхуй болсон байлаа.Тэдний цагаар шөнийн 23:45. Төд удалгүй байрлах байрныхаа зүг нарийхан тахир гудмаар чулуун замаар байрны гадаа очин кодыг оруултал хаалга онгойж харанхуй тул үүдэн дэх унтраалгыг дарахад сая гэрэл гарч, арай дэндүү хуучин, төөрдөг байшин ч юм шиг санагдлаа. Би тэрүүхэн агшинд тэр холоос ийм муухай байшинд хоноглох гэж мөнгө, цаг хугацаагаа зарах гэж хэмээн санаагаар унах шиг болов. Буцъя гэлтэй биш, зүүн гар тийшээ эргэн хоёр давхар руу чулуун шатаар дээш өгсөж дахин хаалганд туллаа, бас дахин код хийснээр сая өрөөндөө орж би жаахан тайвширлаа. Өрөө нь том, эхлээд гал тогооны том өрөө, ариун цэврийн, усанд орох өрөө нь нэг, бидний орсон өрөөний яг өөдөөс нь харсан өрөө. Тааз нь өндөр эртний модон дээвэртэй цэвэр эко. Ариун цэврийн өрөөний хаалгыг нь онгойлгож хаахад муухай чийхарч дуугарна, хүч их шаардагдана. Эртний модон хаалгууд гажиж суулт өгсөн бололтой. Тэр байрны эзэн гэж ямар хүн байдгийг би хоёр хоногт хараагүйгээр барахгүй бас ямар хүн өрөөний хог авч цэвэрлэгээ хийснийг мэдээгүй өнгөрсөн. Яагаад гэвэл энэ нь хоногоор байр түрээсэлдэг, өрөө юм байна.

Маргааш өдөр бидний аялал Мурано, Бурано руу усан онгоцоор аялах байлаа.

Италийн Венецийн Мурано, Бурано арлын хагас өдрийн аялал

Хуучны нарийхан гудамжнууд, том жижиг гүүрнүүд, гондола завь, далайн үнэр гээд зүгээр л тэр чигтээ сайхан хот юм. Эртний байшин барилгын дундуур завиар явах нь надад анхны удаа учраас тун сонин содон байв. Даанч нарийхан гудамжнуудаар үй олон жуулчид багталцаж ядан хөл дээр гишгэх нь энүүхэнд, би цөөн биш удаа хөл дээрээ гишгүүлсэн, тэд харин манай монголчууд шиг хөл дээр гишгэхээр уучлаарай гэж гар барьдгийг даанч мэддэггүй нь сайхан. Амар ч юм уу? Би бас өөрөө нэг эмэгтэйн хөл дээр нь гишгэсэн, золтой л уучлал гуйж гар бариагүй тэсээд өнгөрсөн. Тэгсэн бол солиорчихож гэж бодох байсан биз.

Бид өглөө 8:00 цаг гэхэд байрандаа ус буцалгаж халуунаа барьдаг саванд хийж аваад гарлаа. Гудамжаар нь хөл хөдөлгөөн хэдийнэ нүргэлж, суваг усаа цэвэрлэж байгаа бололтой моторт завь зогссон бохирыг соруулж байгаа харагдлаа. Бас л эвгүй дасахгүй үнэр гарч байна лээ. Тэдний алдартай гэгдэх “Ma­ger bakery”орж яргай загастай хавчуурга, охин маань тоор жимстэй жигнэмэг зэргийг авч тэндээ цайлав. Дараагийн очих газар Италийн “Canod” супермаркет байлаа. Италид гурван жил гэр бүлээрээ амьдарсан хүн манай охинд энэ дэлгүүрийн картаа явахад нь өгсөн юм байна. Манайхны “Номин” супермаркеттай ойролцоо. Италид тэр үнэтэй пицца, пастагаар өдөр бүр хооллоно гэж байхгүй, монгол хүн шөлтэй хоол хийж идэж байвал зүгээр, Италийн үхрийн мах нь зөөлхөн, төмс нь амттай гэж хэлснээр дэлгүүр орж йогурт, талх мөн яргай загас гээд худалдан авч картыг нь уншууллаа. Авсан барааны үнийн дүнгээс 20 хувийг хассан байв.

Буудалдаа буцаж ирэхэд өрөөг цэвэрлэсэн, алчуурууд сольж нэг удаагийн биеийн саван орон дээр тавьсан харагдав. 10:00 цагаас усан онгоцны боомтын 2 дугаар гарц дээр очиж Венецийн Мурано, Бурано гэгдэх арал руу явах аялалдаа яаравчлав. Тухтай явж хүрсэн. Усан онгоцны хөтөч биднийг шилний үйлдвэр үзээд дараа нь дэлгүүр ороод 13 цаг 30 минут гэхэд онгоцны зогсоол дээр ирсэн байхыг хатуу анхааруулав.

Мураногийн шилний үйлдвэр нь дэлхийд алдартай, Итали улсын бахархал нь болсон брэнд юм байна. Тэнд жуулчдыг суулгаж бидний нүдэн дээр хижээл насны эрэгтэй гартаа урт бариулд шилийг халаасан зууханд хийж үлээн хонхон цэцэг хэлбэрт оруулан төд удалгүй өнгөнд оруулан дэлбээгээ дэлгэж буй цэцэг болгон харуулсан нь гайхалтай байв. Бид ч алга ташин баярласнаа илэрхийлсэн. Хоёрдугаар давхарт шилээр төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлийг хийж түүнийгээ үзэсгэлэн болгосон, тэр шилэн урлалаас худалдаж авахыг санал болгож жуулчдын нүдийг хужирлав.

Дараа нь Бурано арлыг үзсэн.

Венец хот нь Адриатын тэнгисийн дагуух хэдэн зуун жижиг арлаас бүрддэг юм байна. Арлууд өнгөлөг, байшингууд нь даруухан харагдана. Цаг агаарын хувьд салхи салхилсан зэврүүн жиндүүхэн. Хаа сайгүй жуулчид хөлхөж зургаа даруулж дурсамжаа бүтээнэ. Бид ч тэднээс юугаараа дутахав, эртний даруухан барилгын дэргэд, гүүрэн дээр утсаараа зөндөө зургаа авлаа. Ахлагч бас зураг дарах камераа суурилуулах хөл авчирсан тул түүнийгээ зоосон тул хэн нэгнийг зураг дарж өгөөч гэж гуйгаагүй юм.

Нээрээ италичууд уух усыг рашаан гэх бөгөөд гудамжинд нь цоргоны ус нь гоожсоор л хүмүүс усны савандаа тосоод ууж харагдана. Цэвэр ус, рашаан нь тэгээд л гудамжинд нь байдаг сонин. Италийн хотуудад усан оргилуурууд олон байдаг тул жуулчид усны саваа цэвэр усаар үнэ төлбөргүй дүүргэж авцгаадаг. Эрүүл ахуйн хувьд аюулгүй .

Тэдний өвөг дээдсээс уламжлал болсон нэхсэн торны цехүүдийг үзлээ. Ширээний бүтээлэг, хуримын даашинз зэргийг гараар нэхэн хатгаж гар урлал хөгжсөн, удам дамжин гэр бүлээрээ үйлдвэрлэл явуулж уран бүтээлээ худалддаг жижигхэн хувийн дэлгүүрүүд ихтэй. Жуулчдад Венецийн магнит, алчуур зэргийг санал болгодог.

Ийнхүү Мурано, Бураногийн аяллыг дуусгаад байрандаа иртэл хэдийнэ 16 цаг болсон байлаа. Тэгээд аяллын алжаалаа тайлж усанд орж орой гадуур хооллох бодолтой байтал таныг онгоцны буудлаас тосох гэж байсан, энд сурдаг монгол оюутан ирсэн байна, хамт хооллонгоо эндхийн өөр газуудаар явж үзэх үү гэж ахлагч хэллээ. Би мэдээж татгалзсангүй. Тэр монгол оюутан Венец хотноо банк санхүүгийн чиглэлээр сурдаг бөгөөд ирээд жилийн нүүр үзэж байгаа ажээ. Биднийг том гүүр рүү дагуулж, мөн тэндхийн сүмд очлоо.

Сүмийн хажууд Италийн алдарт зураач, шинжлэх ухааны суут ухаантан Леонардо да Винчи музейг үзэх гэтэл хэдийнэ хаалгаа барьсан байлаа. Цагийн хуваарь нь 10:00-18:30 байжээ. Гаднаас нь зургийг нь авч зургийн архивтаа хадгалав. Тэгээд оюутан залуугийн санал болгосноор пицца паста биш загастай хоолны газарт оройн зоог барьж Монголын болон итали хүмүүсийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Монгол оюутан залуу биднийг галт тэрэгний вокзалд өглөө хүргэнгээ аавдаа авсан цамцаа өгөөрэй гээд бидэнд дайв.

Маргааш өглөө эрт 06:30-аас галт тэргэнд сууж Ром хот руу хөдөллөө.

Италийн нийслэлд ирээд автобус, метрогоор дөрөв хоног зорчих тасалбараа автоматаас авчихлаа. Ром хот маш их чимээ шуугиантай ажээ. Манайд бол мотоцикл ганц хоёр явахад хичнээн чимээ гардаг билээ, тэгвэл энд ганц биш бөөн мотоцикл давхилдана. Түргэний машин бас дуут дохиогоо чангаар дуугарган явна. Метроны буудал дээр хаа сайгүй тамхи татсан хүмүүс. Бид Roma S.Pietro гээд метроны буудлын ойролцоо, нэг ёсондоо хотын төв дүүрэгт, орон сууцны байранд бас л Airbnb-гээр өрөө хөлсөлсөн юм. Венецийнхээс ялгаатай нь зохион байгуулагч гэж махлаг хүүхэн биднийг уриалгахнаар угтлаа. Дөрөв хоног байрлах мөнгөө бэлнээр төлтөл 10 хувь хямдруулав. Харин эндхийн цахилгаан шатыг германчууд хийж өгсөн, 100 жилийн настай тул болгоомжтой харьцахыг зөвлөв. Тэр цахилгаан шатны бүхээг нь модон хаалгыг өөрсдөө гараараа хааж нээдэг. Гал тогоонд хоол хийж идэж болно. Хөргөгч, угаалгын машин, индүү мэт хаана байгааг зааж өгөв. WiFi pass­word хүртэл ханан дээр бичээд наасан байлаа.

Бид цаг алдалгүй 64 номерын автобусаар явж тойрон аяллын автобусны зогсоол дээр ирж хүлээв. Биднийг харсан жуулчид дотроос солонгос, эсвэл япон бололтой хүн хаанаас ирснийг асуув. Бид монгол хүмүүс, ээж бид хоёр аялж явна гэхэд тэд өөрсдөө солонгосчууд, Америкт амьдардаг, бидэнтэй хамт автобусаар аялах болсондоо баярлаж байна гэх мэтээр хэсэг ярилцлаа.

Ром хотоор аялах жуулчны автобус нь хоёр давхар,чихэвч танилцуулга өгнө, ямар хэл дээр сонсохоо сонгоно. Мэдээж монгол хэл дээр байхгүй. Ингээд аялал эхэлж нөгөө алдартай Col­osseum буюу “Колосэй” үзэв. Эрт цагт гладиаторууд амьтадтай, өөр хоорондоо тулалдаж цаазлуулж байсан газар.Ром нь эцэс төгсгөлгүй олон дурсгалт газруудтай том хот тул жуулчид ингэж автобусаар үзэх нь зүйтэй санагдлаа. Автобусны хоёр дахь давхрын хамгийн урд эгнээний нүүрэн талд суугаад хотын төв гудамжаар нь тойроход бүгд л тов тодорхой харагдана. Чихэвчээр аудио тайлбарыг сонсоод явсан. Тэгээд бид эхэлж суусан газартаа буулаа.

Бидний дараагийн очиж үзсэн газар бол Треви усан оргилуур байлаа. Ром хотын хамгийн том барокко стильтэй, дэлхийн хамгийн алдартай усан оргилуудын нэг.Орон орны жуулчдын дуу нь улам чангарч сэтгэл нь хөөрсөн хүмүүс шахцалдан бие биесээ түлхэлцэн өрсөж зоосоо шидэж зургаа авахуулах гэж үймэлдэхийг энд харна. Бид ч тэдгээр хөөрсөн хүмүүсийн сийрэхийг түр хүлээн хүслээ шивнэн баруун гартаа мөнгөө барьж зүүн мөрөө давуулан шидлээ. Энэ усан оргилуурт цугларсан зоосыг хотын захиргаа нь цуглуулан хотынхоо эмзэг бүлгийн хүмүүст зориулдаг гэдгийг мэдээллээс сонссон бидний шидсэн зоос хүртэл бас буяны ажилд нэмэр болж буй нь сайшаалтай.

Дараа нь Ватиканы сүмийн урд очиж зургаа даруулж, усан оргилуурын чимээг аудио бичлэг хийн хураан авсан. Ром бол тэр чигээрээ хот төлөвлөлтийн урлагийн шилдэг бүтээлүүд юм. Зам нь тэр чигээрээ чулуугаар өрсөн. Эндхийг гудамж талбайгаар бид өдөрт бугуйн цагийн алхалт хэмжигч харахад заримдаа 25 км хүртэл алхсан байв. Нэлээн урт алхсан тул хөлний уландаа наалттай унтахад өглөө хөлний алжаал тайлагдсан байдаг юм.

Бидний аяллын дараагийн арга хэмжээ бол ахлагчийн төлөвлөгөөнд ороогүй, зөвхөн миний санаачилга байсан юм. Бяцхан түүх өгүүлэхэд, тэртээ 2002 онд Италийн дуучин, Сан Ремо хөгжмийн наадамд удаа дараа түрүүлсэн Пупо буюу Энзо Гиннаций Монголд уригдан ирж тоглолтоо хийснийг миний үеийнхэн санаж байгаа биз. UB palace-ийг доргиосон тэр тоглолтын дараа Пупо-той фэний хувьд зургаа авахуулах завшаан тохиолдсон юм. Тэгээд Итали явахаас хэд хоногийн өмнө түүний менежертэй холбогдож Италид аялах болсон тухайгаа болон 22 жилийн өмнө авахуулсан зургаа и-мэйлээр нь илгээтэл Италид ирээд утсаа өгч What`s Up-аар холбогдоорой гэсэн хариу ирсэн юм.

Ингэж харилцсаны дүнд “Hotel De Russie”- гийн ресторанд өглөөний 10 цагт дуучинтайгаа уулзахаар тохиролцсон. Манай буудлаас 20 минут алхаад хүрэх газар байв. Бид хоёр ч буудлын үүдэнд цагаасаа өмнө ирсэн. Энэ буудлын тухайд гэвэл Ром хотын төв хэсэгт байрладаг, энд уран бүтээлч, зохиолч, одод, улстөрчдийн байнгын үйлчлүүлэх дуртай зочид буудлын нэг бөгөөд Энзо Гиннаций дуучны телевизийн студи урд нь байрлаж байсан гэдгийг дуучин яриандаа дурдсан.

Ингэж би Италийн Венец, Ром хотын үзэсгэлэнт түүхэн дурсгалт газруудаар аялахдаа өөрийн шүтээн, домог болсон дуучинтай 22 жилийн дараа нүүр тулан уулзаж хэзээ ч мартагдашгүй яриа өрнүүлсэн юм. Эцэст нь бид зургаа хамт даруулж урьд нь авахуулсан зургийнхаа ар талд нь гарын үсгийг нь зуруулан авсан. Дараа дэлгэрэнгүй өгүүлнэ ээ. Юм бүхэн учиртай гэж үүнийг хэлэх байх. Одоогоос хорин жилийн өмнө Итали явсан танил маань надад Рома гэсэн хүзүүний алчуур, түлхүүрний оосор, шоколадтай өгөөд Итали орныг үзээрэй гэж ерөөсөн. Танилын минь захиас ийнхүү биеллээ олсон юм.

Улс орнууд газрын байрлал, байгаль орчноороо төдийгүй соёл, ёс заншил, өв уламжлал гээд олон зүйлээр хоорондоо ялгаатай. Монгол Улс эрийн гурван наадмаар Хятад улс шаазан, цай, торго гээд, тэгвэл Итали улс нь пицца, паста, амтат дарсаар танигдаж дэлхийн гайхамшигт өвийн бүртгэлд 50 орчим нь багтсан байдгаас манай бяцхан аяллын баг энэ богино хугацаанд бүгдийг нь үзэж амжаагүй ч ихийг үзэж нүдээ хужирлаж чадсан юм.

Сэтгүүлч Ц.Отгонсүрэн

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болж байна DNN.mn

Орон нутгийн сонгууль сая болоод дууслаа. Энэ сонгуулийн онцлог нь олонхын буюу мажоритар тогтолцоотой явагдахаар хуульчилсан байдаг. УИХ-ын сонгуулиас бас нэг ялгаатай зүйл нь сонгогчдын ирцийн босгогүй болсон. Хуучин орон нутгийн сонгуулийн ирц 51 хувь давбал хүчин төгөлдөр гэж үздэг байв. Харин шинэ хуулиар хамгийн олон санал авсан нэр дэвшигч ИТХ-аар сонгогдсонд тооцохоор болсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 4.2-т “Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно” гэж байгаа. Мөн хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан “Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй. Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана” гэсэн зарчим үйлчилнэ. Харин сонгууль зохион байгуулах төрийн байгууллага болон оролцогч нам, эвсэл нь хуулиа дээдэлж, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг сахих үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардын намын луйвардсаныг нийгэм даяар шаагьцгааж байна. Тэгвэл сонгуулийн үр дүнгээр олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нам, эвсэл засаглалын удирдлагыг авдаг нь бичигдээгүй хууль. Энэ жишгээр ирэх дөрвөн жилийн хугацаанд МАН нийслэл болон орон нутагт ноёрхолоо бэхжүүлэхээр сонгуульд булхайцав уу. Нийслэлд гэхэд Иргэдийн хурлын 45 суудлын 40-ийг нь МАН эзлээд байна.

Манай улсын сонгууль өгөх насны 2.2 сая иргэний бүртгэл бий. Тэднээс тэн хагас нь нийслэлчүүд юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 1.1 сая сонгогч саналаа өгөх ёстой. Тэгвэл энэ удаагийн сонгуульд энэ 1.1 сая иргэний 42.3 хувь буюу 425 мянган иргэн сонгуульд оролцсон дүнтэй байна. Үүний 60-аад хувь буюу 255 мянган хүний саналаар МАН ялалт байгуулжээ. Нэг ёсондоо 1.6 сая нийслэлчүүдээс ердөө 16-хан хувийн санал авч гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр тэднийг дийлэнх олонхын санал авсан гэж тооцох нь хэр зөв бэ. 225 мянгахан хүн Улаанбаатар хотын 1.1 сая сонгогчийн, тэр дундаа 1.6 сая гаруй иргэний амьдралыг мэднэ гэдэг хэтэрхий дорд үзсэн хэрэг биш үү.

Ер нь орон нутгийн сонгуулийг ийм дүнтэй гаргах тохироог анхнаасаа эрх баригчид өөрсдөө хийсэн нь худлаа биш. Тэд хуулийн хулгайгаар төлөвлөж ийм нөхцөлөө бүрдүүлчихсэн улс. Яагаад гэвэл орон нутгийн сонгуулийн ирцийг босгогүй болгосноороо тэд засаглалын эрхийг хялбар аргаар гартаа оруулж чадна. Тийм болохоор хуульд өөрчлөлт оруулчихсан. Энэ нь өөрөө Үндсэн хуульд харш гэдгийг тухайн үед эрдэмтэн судлаачид, улс төрийн хүрээнийхэн өчнөөн хэлж, ярьж байсан боловч парламент дахь олонхоороо түрий барьж хүчээр баталж орхисон. Тэгэхээр энэ удаагийн орон нутгийн сонгууль бол зүгээр ганц намын сунгаа болсон нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Ийм намын сунгаагаар засаг төрөө барина гэсэн юм байхгүй.

МАН-ын булхай хэрээс хэтэрлээ. Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байгаа. Гэвч эрх баригчид Үндсэн хуулиа үл тоож байна. Шулуухан хэлэхэд, сонгуулийг ингэж луйвардах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархаж байгаа хэлбэр юм. Үүнийг ч бас Үндсэн хуулиар хориглосон. Харамсалтай нь МАН яалт ч үгүй эрх мэдлийн төлөө хуулийг уландаа гишгэж орхилоо. Ингээд зогсохгүй гол өрсөлдөгч Ардчилсан намыгаа нийгэмд гутаан доромжилж, нэр хүндийг нь шившиглэж дууслаа. Саяны сонгуульд АН-аар овоглосон хулгайч дээрэмчин, хүүхэд хүчиндэгч нарыг дэвшүүлж гутааж байна. Бас сонгуулиа тав дахь өдөр хийж тавлаж байна. Баасан гаригийн маргаашийн хоёр өдрийн амралтыг ашиглаад монголчууд ялангуяа нийслэлийнхээ хөдөө гадаа явдаг. Агаар салхинд гарч, найз нөхдөөрөө амарч зугаалахыг илүүд үздэг. Үүнийг далимдуулж сонгуулийн өдрийг баасан гаригт зориуд тавьж байгаа нь эрх баригчдын бас нэг тактик. Зөвхөн өөрийн намынхан болоод дэмжигч нараа цуглуулж мөнгө тараах нь ил цагаан болов. Намынхаа дэмжигчид, гишүүддээ бүгдэд нь “Ухуулагч” хэмээх нэр зүүгээд 320 мянган төгрөг тараачихсан гэв үү дээ. Тийм болохоор тэднийхээ саналаар ялчихаж байна. Ард түмний оролцоо бараг байхгүй. Энэ бол ардчилсан сонгууль биш. Харин ардчиллын дүр эсгэж, ардчиллыг гутааж, бөхөөж байгаагийн тод жишээ. Бас сонгуулиа үгүйсгэж, доромжилж байна. Ардчилсан сонгууль хэзээ ч ийм түрэмгий, бүдүүлэг, хайрцагласан нэг намын сунгаа шиг байдаггүй. Нэгэнт ардчилсан сонгууль болоогүй учир хуульд нийцүүлж, дахин сонгууль явуулах хэрэгтэй байна.

Хэрэв орон нутгийн дахин сонгуулийг явуулахгүй бол АН, ХҮН нам засгаасаа огцрох хэрэгтэй. Ийм сонгуулийг хараад дуугүй суугаад байж болохгүй, та нар. Ардчилсан сонгуулийн утга нь дийлэнх олонх нь өөрсдийнхөө төр бариулах гэсэн хүмүүсийг сонгож гаргаж ирэх ёстой байдаг. Гэтэл энэ зарчим алдагдчихаар чинь төр засгийг хууль бусаар авах болчихоод байна. Хуулиа хийхдээ хууль бусаар хийнэ. Тэр хууль бус хуулийнхаа нэрийг бариад ардчиллыг гутаан доромжилж болохгүй. Одоо XXI зуун шүү дээ. Ямар XX зуун байгаа биш дээ. Тэгэхээр нийслэлд дахин сонгуулиа явуулъя. Тэгээд ч нийслэлийн сая зургаан зуун мянган хүний 16-хан хувийн саналаар удирдана гэж юу байхав дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа DNN.mn

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум” ШТС хүртэлх авто замын урд эгнээг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хаасан, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.

Авто замын засвар шинэчлэл хийх хугацаанд Нарны гүүрний хойноос урагшаа зорчих хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн Ч:9, Ч21А, Ч:21Б, Ч:27, Ч:29Б, Ч:70, Ч:74, Ч:81 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчих юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Төсвийг агуулгаар нь дэмжиж байгаа ч МАН нөгөө л иддэг, хулгайлдаг асуудлаа давтах вий гэж болгоомжилж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Орон нутгийн сонгууль өндөрлөлөө. АН-ын хувьд энэ удаагийн сонгуульд амжилттай оролцлоо гэдгийг танай намын генсек хэлж байсан. Таны хувьд намынхаа амжилтыг юу гэж харж байгаа вэ?

-Санаж байгаа бол, 2020 оны сонгуулийн өмнө намын дарга нь улс төрийн ялагдал хүлээчихсэн байсан. Тухайн үед намын даргын үүрэг гүйцэтгэж байсан Ц.Туваан дарга намаа удирдаж 2020 оны сонгуульд орсон. Тэр үед гаргаж байсан амжилтаасаа харамсалтай нь энэ удаагийн сонгуульд ганц, хоёр аймагт бага санал авч ухарсан дүнтэй байна. Саяны орон нутгийн сонгуулийн дүн, оролцоотой холбоотойгоор намын гишүүдээс шүүмжлэл их гарч байгаа. Гол шүүмжилж байгаа агуулга бол энэ сонгуулиар намын удирдлагуудын оролцоо, идэвх тааруу байлаа гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын удирдлагууд орон нутгийн сонгуулиар бүх талаараа хангалтгүй ажиллаа гэдгийг намын эгэл жирийн гишүүд хэлж, шүүмжилж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгууль бол орон нутагт байгаа хүмүүсийн зүтгэлээр л амжилт нь бий болдог зүйл. Энэ утгаараа УИХ-д сонгогдсон хүмүүс орон нутагтаа очиж ажиллах, иргэд, сонгогчтойгоо, намын гишүүд, дэмжигчтэйгээ байнга уулзаж байх ёстой. Үүгээрээ намаа тухайн орон нутагт ялуулах боломжийг нээж өгдөг. Тиймээс АН-аас гарч ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, намын удирдлагууд саяны орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчдээ дэмжиж, тойрог тус бүр дээрээ очиж ажиллах байсан. Гэвч энэ ажлаа зарим хүмүүс хангалтгүй хийлээ. Тэр ч утгаараа өнөөдрийн үр дүнг гаргаж байх шиг байна.

-Саяны сонгуулиар намын удирдлага, лидерүүд хангалтгүй ажилласан гэдгийг та хэллээ. Нөгөө талдаа танай нам Засагт хамтарсан нь саяны сонгуульд эерэг нөлөө үзүүлэв үү, сөрөг нөлөөлөл бий болгов уу?

-Мэдээж манай нам засагт хамтарснаараа орон нутгийн сонгуульд сөрөг нөлөөлөл үзүүлсэн.

-Яагаад?

-Монголын ард түмэн УИХ-ын сонгуулиар ус, тосоор нь ялгаад өгчихсөн.

Өөрөөр хэлбэл, эрх баригч нам нь энэ удаад ч гэсэн эрхээ дангаараа бариад яв гэсэн. Харин сөрөг хүчин болох Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин болоод, хяналтаа чангаруул гэдэг агуулгаар ард түмэн сонголтоо хийсэн. Гэвч сонгуулийн дараа манай нам хамтарсан засагт орсон. Энэ улс төрийн үйлдлийн үр дүн угтаа саяны орон нутгийн сонгуулиар тодорхой харагдлаа. Юу гэхээр УИХ-ын сонгуулийн үеэр манай намд итгэж байсан ард түмний итгэл засагт хамтарснаар харьцангуй буурсан байна. Буурсан учраас бид ихэнх тойрогт ялагдал хүлээлээ.

-Орон нутгийн хувьд танай нам зарим тойрогт хэдхэн хүний саналаар ялагдсан. Харин нийслэлийн хувьд дэндүү цөөнх боллоо. Үүний шалтгааныг та юу гэж дүгнэж байна вэ?

-Орон нутгийн сонгууль бол манай сум, дүүрэг, хороо, баг дээр хэн юу хийж чадах вэ гэдгийг хардаг. Энэ утгаараа миний амьдралд хэн ямар байдлаар өөрчлөлт авчрах вэ гэдэг хандлагаар иргэд саналаа өгдөг. Тиймээс бид агуулгаасаа бага зэрэг хазайсан сурталчилгааг явуулах гэж их үзлээ. Өөрөөр хэлбэл, сошиалыг ашиглаж олны хандалтад хүргэх гэж хэт их зорилоо. Үүнээс болоод алдаа гаргасан болов уу гэж харж байна. Нөгөөтэйгүүр ялагдал хүлээсэн өөр нэг том шалтгаан бол ирц. Орон нутгийн сонгуулиар ирцийг их байлгах асуудал бол манай намын асуудал. Ирц өндөр байж тэр чинээгээрээ ялалт манай намд үүснэ гэдгийг бүгд л мэдэж байсан. Харамсалтай нь тухайн хороо, дүүрэгт нэр дэвшсэн манай намын хүмүүс энэ тал дээрээ сайн ажиллаагүй юм болов уу гэж ажигласан. Ирц өндөр байх тал дээр бусдаас хариуцлага нэхэх биш, өөрсдөөсөө эрэх хэрэгтэй.

-Сүүлд болсон сонгуулиудыг харж байхад танай нам ялагдах гол шалтгаан нь намын лидер, удирдлагуудаас ихээхэн хамааралтай байв уу гэж ойлгосон. Нөгөөтэйгүүр алдаа гаргасан удирдлага, лидерүүддээ төдийгөөс өдийг хүртэл дорвитой хариуцлага тооцон ярьсангүй. Ер нь танай нам удирдлагуудаасаа хариуцлага нэхэж чадахаа больчихсон юм уу?

-Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам олонх болж чадаагүй. Ялагдсан. Хариуцлагын хувьд манай нам 2020 оноос өмнө өнөөгийнхөөс өөр байсан. Дүрмийн хувьд. Өөрөөр хэлбэл, намын удирдлага УИХ-ын сонгуульд намаа ялагдуулах юм бол хариуц лагаа хүлээгээд огцордог байсан. Энэ дүрмийг С.Эрдэнэ намын дарга байхдаа өөрчилсөн.

-Ямар байдлаар өөрчилсөн гэж…?

-Хэрэв өмнөх сонгуулиасаа ялсан, суудал авсан нэр дэвшигчид олон байвал намын дарга хариуцлага хүлээхгүй гэсэн дүрэм оруулж ирсэн. Энэ заалтаас болж өнөөдрийг хүртэл намын удирдлагуудад ямар нэгэн хариуцлага тооцох боломжгүй болчихсон.

-Тийм болохоор л өнөөдрийг хүртэл Ард чилсан нам удирдлагууддаа хариуцлага тооцох чадамжгүй нам мэт гаднаасаа хараг даад байгаа гэж ойлгох уу?

-Ер нь манай намын сонгогч, намын гишүүд, дэмжиг чид хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурин дээр байгаа.

-Орон нутгийн сонгуулийн дараа УИХ дахь намын бүлэг хуралдлаа. Бүлгээр ямар асуудал хэлэлцэв. Сонгуулийн үр дүн, алдаа оноогоо ярив уу?

-Бүлгээр бүлгийн ажиллах дүрмийн асуудлыг ярилцлаа. Мөн УИХ дээр 2025 оны Мөнгөний бодлого орж ирсэн. Үүнийг хэлэлцлээ. Мэдээж сонгуулийн асуудлаарх тодорхой мэдээллийг манай намын генсек өглөө.

-Шат, шатны сонгуулиуд болоод дууслаа. Үндсэндээ энэ Их хурал, Засгийн газар төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоох ажилдаа анхаарах цаг ирлээ. Намрын чуулганаар төсвөө хэлэлцэж байна. Засгийн газраас орж ирсэн төсөв дээр УИХ-ын дэд даргынхаа хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Саяны орж ирсэн төсвийг ярихаас урьтаж, өмнө ямар төсөв хэрхэн орж ирдэг байсан талаар хэдэн үг хэлье. Жишээ нь, аль нэг тойрог, газарт нэг шинэ сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ гэж бодъё. Ингэхдээ анхны төсвийг нь бага тавиад ирэх жилүүдэд нь төсвөө нэмээд явчихдаг байсан. Өөрөөр хэлбэл, нэг суманд шинэ сургууль барья гэж бодъё. Тэгвэл 2025 оны төсөв дээр нэг тэрбум төгрөг тусгаж өгнө. Дараа нь 2026, 2027 онуудад хоёр тэрбум төгрөг тавьж явдаг. Ингээд нийтдээ таван тэрбум төгрөгөөр нөгөө сургуулиа барьж дуусгадаг. Юу гэхээр эхний жилдээ нэг тэрбум буюу арай бага төсөв тавьсан атлаа дараа дараагийн жилүүдэд энэхүү төсвөө хоёр тэрбум гэх мэтээр данхайлгадаг байсан. Ийм маягаар бүтээн байгуулалтаа явуулах тусам Монгол Улсын өр нэмэгддэг. Үүнээс болоод Монгол Улсын төсөв жил бүр алдагдалтай гардаг, үр ашиггүй хөрөнгө оруулалт болсоор ирсэн. Тэгэхээр энэ жилийн хувьд нийтдээ 38 төсөл, арга хэмжээнд улсын хөрөнгө оруулалтыг тусгах юм билээ. Ихэнх нь эрчим хүчний хөрөнгө оруулалтыг шийдсэн харагдсан. Нөгөөх нь зам барих ажилд чамгүй их хөрөнгө тусгахаар байгаа. Үлдсэн төсвөөрөө дандаа үр ашиг сайтай, буцаагаад хөрөнгөө олдог төсөл рүү оруулахаар байсан. Тэгэхээр дэд бүтэц рүүгээ, эрчим хүч рүүгээ, үлдсэнийг нь үр ашигтай төсөл, хөтөлбөр лүүгээ оруулж байгаа гэдэг агуулгаар нь орж ирсэн төсвийг миний хувьд дэмжиж байгаа. Төсвөөрөө мега төслүүдээ дэмждэг, хувийн аж ахуйн нэгжүүддээ боломж олгосон ийм төсвийн зохицуулалтаар яваа улс орнууд хөгжсөн байдаг. Энэ утгаараа ирэх жилийн төсөв бол жалгын нэг хөрөнгө оруулалт хийгдэхгүй төсөв болохоор байна уу гэж харж байгаа. Ингэснээрээ мэдээж зардал нэмэгдүүлэхгүй. Харин ирээдүйд үр ашгаа өгөх төсөл рүү төсвөө оруулж байна гэдэг утгаар дэмжинэ. Гэвч хардалт, болгоомжлол бас байна.

-Танд ямар хардалт, болгоомжлол байна вэ?

-Хэрэглэлт, хэрэгжилт дээр нь асуудал гарах вий дээ. Ардын нам бол хулгайч нам. Энэ утгаараа яг төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх явцдаа нөгөө хулгайлдаг, иддэг асуудлаа гаргах вий дээ гэж болгоомжилж байна. Үнэхээр их санаа зовж байна. Тиймээс зарласан том төслүүдээ урагшлуулах, шалгаруулалтыг нь зөв хийх тал дээрээ анхаарч явбал манай улсад богино хугацаанд хөгжих боломж байна.

-Улс орны хөгжилд амин шаардлагатай гол зүйл бол эрчим хүч. Гэтэл манай улс эрчим хүчний хараат байдалтай оршдог. Энэ байдлаасаа гарах, хэрэгцээгээ тогтвортой хангахын тулд том чадлын эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. Саяхан Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орлоо. Энэ мэтээр эрчим хүчний хараат байдлаасаа гарах боломж байна уу?

-Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй арван орон байна. Энэ арван орон эрчим хүчнийхээ 87 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Үүгээрээ хэрэгцээгээ хангадаг. Тэгэхээр хэн эрчим хүч үйлдвэрлэж байна тэр улс орон хөгжиж байна гэсэн үг. Гэтэл таны хэлдгээр манай улс хараат байна. Ийм цаг үед хувийн хэвшил эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулна гэдэг том амжилт. Магадгүй цаагуураа Ардын намтай янз бүрийн тохироо хийснийг үгүйсгэхгүй. Гэхдээ л дотооддоо бид эрчим хүчээ үйлдвэрлэж байна гэдэг бол өөрөө том амжилт.

-Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл Засгийн газраас өргөн барьсан 14 мега төслийн нэг. Энэхүү төсөл олон жил яригдсан. Энэ Засгийн газар, Их хурлын бүрэн эрхийн хугацаанд уг төсөл ашиглалтад орох уу?

-Энэ төслийн бэлтгэл ажлын хувьд нэлээд их ахицтай явагдчихсан байгаа. Удсан зүйл гэвэл зээл. Улс төрийн болоод бусад олон шалтгаанаас болоод зээлийн асуудал нь удсан байх. Гэхдээ энэ зээлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлөөр баталгаажуулж гаргасан. Тиймээс зээл нь шийдэгдчихлээ, бэлтгэл ажлаа хангачихлаа. Тэгэхээр 2025 оны хавраас эхлээд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажил нэлээд эрчимтэй явагдах болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр энэ цахилгаан станц ашиглалтад орлоо ч хэдхэн жилийн дараа бидэнд эрчим хүчний хомсдол дахиад бий болно. Ер нь эрчим хүч шинээр үйлдвэрлэх тусам хэрэгцээ нэмэгддэг. Тиймээс бидний хувьд хэрэгцээгээ хурдан хангах тал дээрээ анхаарах хэрэгтэй. Нэг, хоёр станц, эх үүсвэр барилаа гээд сэтгэл амарч болохгүй.

-Тэгвэл Эрдэнэбүрэнгээс өөр баруун бүсэд шинэ эх үүсвэр бий болгох ямар боломж байна вэ?

-Боломж бий. Тухайлбал, Хөшөөтийн уурхай Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ уурхайн ашиглагдсан талбайг ашиглаад 150 МВт-ын дулааны цахилгаан станц барих боломж байгаа. Уг ажлыг ойрын жилүүдэд бодитой эхлүүлэх талаар Ховд аймгийн удирдлагууд болон баруун бүсээс сонгогдсон Их хурлын гишүүд хамтран ажиллана.

-Эрчим хүчний асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа нь сайн. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хараат байдаг өөр нэг бүтээгдэхүүн бол түлш, шатахуун. Өгч байгаа газар нь цоргоо хаалаа л бол манайд хэцүүддэг. Түлш, шатахууны хувьд бид цаашид яаж анхаарах ёстой юм бэ?

-Мэдээж хоёр хөрш тэйгөө бид стратегийн түнш лэл гэрээтэйгээр хамтарч ажиллаж байгаа. Түлш, шатахууны хувьд заримдаа хомсдол гардаг. Энэ тохиолдолд түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллах нь чухал. Нөгөөтэйгүүр бид өвлийн бэлтгэлээ эртнээс базаах шаардлагатай. Манайхан цагийг нь тулгаж бэлтгэлээ базаах гэж зүтгэдэг. Энэ бол алдаа. Эртнээс л бэлдэх хэрэгтэй, нөөцлөх хэрэгтэй. Одоохондоо бидэнд нөөцлөх, бэлтгэх ажил л чухал байна. Энэ ажлаа Засгийн газар тулгаж хийх биш эртнээс хийж эхлэх хэрэгтэй. Одоо хүртэл хийгээгүй байгаа бол оройтож байна гэсэн үг. Тиймээс нэн ялангуяа түлш, шатахууны асуудалдаа анхаарах цаг мөн. Цаашдаа хэрэгцээгээ дотоодоосоо хангах ажлуудаа идэвхтэй явуулах тал дээр анхаарна биз. Нөөцөө бэлтгэж чадахгүй байж хэрэгцээгээ хангах тухай яриад хэрэггүй.

-Таны хувьд өмнөх парламентын үед өргөн барьсан хуулийн төслөө Их хурлаар хэлэлцүүлэх гэж багагүй маргаан үүсгэдэг байсан. Харин одоо та УИХ-ын дэд дарга боллоо. Санаачилсан, УИХ-д өргөн барих бодолтой ямар хуулийн төслүүд байна вэ?

-Өмнөх парламентын үед миний хувьд ард түмний арван хуулийг санаачлаад түүнийхээ наймыг нь батлуулж байсан. Анхны 126 гишүүнтэй парламентад иргэдийнхээ төлөөлөл болж орж ирээд дахиад ард түмний арван хуулийг санаачлаад явж байна. Тухайлбал, НӨАТ-ын татварыг таван хувь болгох, Хуурамч шатахууны эсрэг хууль мөн эдийн засгийг эрчимжүүлэх дөрвөн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Жишээ нь, давхар АМНАТ-ыг болиулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг хуулийн төсөл байна. Түүнчлэн малчдын зээлийг тэглэх, хөдөө орон нутгийн иргэдийн амь амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон хуулийн төсөл байгаа. Энэхүү хуулийн төслүүдээ энэ том парламентад хэлэлцүүлэн батлуулахын төлөө ажиллана.

-Татварын дарамт гэснээс НДШ аж ахуйн нэгжүүдэд үнэхээр дарамт болж байгааг сүүлийн үед хүчтэй ярих боллоо. Ер нь УИХ-д орж ирсэн улстөрч болгон аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ, хувийн хэвшлийг элдэв дарамтаас салгана гэж амлаж гарч ирсэн. Энэ асуудал дээр таны болон танай намын хувьд бодитой ажил юу хийх вэ?

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт НДШ-ийг болиулах асуудал шууд утгаараа орсон байгаа. Энэ утгаараа татварын дарамтыг багасгах асуудал дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байж ажиллана. Тэгэхээр бид бол цөөнх. Тиймээс мөрийн хөтөлбөрт орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих хуулийн төслүүдийг бид эрх баригч намтайгаа тодорхой зарим асуудал дээр тохиролцож байж батлуулах боломж бий. Өөрөөр хэлбэл, НДШ-ийг багасгах асуудал дээр АН-ын бүлэг идэвхтэй ажиллаж чадвал боломж байгаа гэсэн үг.

-Та бүхэн бүлэг дээрээ маргаантай асуудал бий юу. Бүлгийн гишүүдийн ойлголцол, хамтрал ямар байгаа вэ?

-Одоохондоо манай бүлэг дээр маргалдахаар сэдэв орж ирээгүй л байна. Мэдээж орон нутгийн сонгуулийн алдаа оноогоо ярилцана. Энэ сэдвээр л нэлээд их асуудлыг бүлэг дотроо ярилцах болов уу гэж харж байгаа.

-Дараа дараагийн сонгуулиар ардчилал чиг баримжаатай намууд нэгдэж оролцвол олон жил эрх барьсан зүүний намыг ялах боломж харагдаж байна гэж байгаа. Үүнтэй та санал нэг байна уу?

-Ардчилсан намууд нэгдэж сонгуульд оролцох асуудал бол тухайн намын удирдлагуудын улс төрийн эр зоригоор шийдвэрлэгдэх зүйл. Нөгөөтэйгүүр таны хэлснээр өмнөх сонгуулиудын болоод саяны сонгуулийн үр дүн биднийг энэ нөхцөл байдал руу явахаас өөр сонголтгүй болгож байна. Түүнчлэн хамтарсан Засгийн газрыг тогтвортой байлгах сонирхол МАН-д бий. Манай намын хувьд энэ намаас дэндүү их хараат байдалтай болчихоод байгаа. Тиймээс энэ нөхцөл байдлаас салах эсэх нь намын даргын шийдэх ёстой асуудлын нэг мөн.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 16, Буд гариг. Билгийн тооллын 14, Могойг хүлэгч одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:13 цагт мандаж 18:02 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1…-4 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.