Энэ өвлийн бэлтгэлд нийслэл 4735 тонн давс, 2366 тонн бодис нөөцөлжээ.
Хот тохижилтын тоног төхөөрөмж, машин техникийг 83-аар нэмж, паркаа шинэчилсэн байна.
Энэ өвлийн бэлтгэлд нийслэл 4735 тонн давс, 2366 тонн бодис нөөцөлжээ.
Хот тохижилтын тоног төхөөрөмж, машин техникийг 83-аар нэмж, паркаа шинэчилсэн байна.
Монголын жүдо бөхийн холбооны шигшээ баг тамирчид урд хөршийн Вэнжоу хотноо болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон “Женко” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Сүхбат алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.
Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатараар ахлуулсан залуучуудын шигшээ багаас бүрдсэн эмэгтэй 7, эрэгтэй 6 тамирчин энэ сарын 26-28-ны өдрүүдэд тус тэмцээнд өрсөлдөх юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Монгол Улсын Их Хурлаас энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын 13 дугаар тогтоолын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж батлуулсан. Ингэхдээ Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар болгон өөрчлөх санал оруулсныг УИХ-аас дэмжин баталсан юм.
Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Энэ асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын зүгээс шинээр авто зам, гүүр барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэгэн жишээ бол өнөөдөр ашиглалтад ороод буй Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрэн байгууламж юм. Өчигдөр 14:00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээсэн тус авто зам, гүүрэн байгууламж дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ажилласан. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалт болон 2025 онд барих шинэ замуудын талаарх мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Яармагийн шинэ гүүр ашиглалтад орж байгаа нь Сонсголон болон Яармагийн хуучин гүүрний ачааллыг багасгаж, мөн Монголд барьсан хамгийн урт гүүр болж байна. Гэхдээ энэ ажил дөнгөж эхлэл. Ирэх онд Эрчим хүчний гудамжны хойд үзүүрээс эхлээд Хархорины хойгуур гарах гүүрэн байгууламжийг барина. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөөтэй холбоно. 2025 онд нийслэлчүүд анх удаа хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан 6 эгнээ 33 км Туулын хурдны замыг байгуулах зураг төсөл гарсан. НИТХ-аар энэ арванхоёрдугаар сард төсвийг батлахаар бэлтгэл хангаж байна. Эдгээр ажлыг яаравчлан эхлүүлэхийг бид зорьж байна. Бүтээн байгуулалтын ажил хийхэд тулгамдсан олон асуудлыг даван туулж, шийдэж байж цаашид түгжрэлгүй болно. Өнөөдөр дугаарын хязгаарлалт хийх, хөдөлгөөний зохицуулалт хийх зэрэг түр зуурын аргацаасан зохицуулалт хийснээрээ авто замын түгжрэлийг шийдэж чадахгүй. Захиргааны болон хууль, эрхзүйн шийдвэрүүд гаргаж, авто замын хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны зам болон метро, тусгай замын автобус BRT зэрэг масс тээврийн хэрэгслүүдийг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бид төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна” гэдгийг хэллээ.
Авто замын түгжрэлийг бууруулсан орнуудын туршлагаас харахад хот дотроо хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны замыг барьсан байдаг. Тиймээс 2025 онд Улаанбаатар хот анх удаа хоёрдугаар түвшний замын ажлыг эхлүүлнэ. Үүнээс өрсөж одоогийн нэгдүгээр түвшний бүх замыг 2025 оны зургаадугаар сарын 1-нд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Мөн дээр дурдсан Туулын хурдны зам дээр холбогдох хагас саран хэлбэрийн тойрог хурдны замын зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна.
УИХ дахь АН-ын бүлгийн нийгмийн бодлого, эрүүл мэнд, байгаль орчны бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуатай ярилцлаа.
-Манай улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт хэр оновчтой байгаа вэ?
-ДЭМБ-аас 2015 онд “Universal health coverage” буюу Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалттай холбоотой концепцийг хэрэгжүүлэх зорилго, зорилтыг тодорхойлсон. Хүртээмжтэй, санхүүгийн дарамтгүй, эрх тэгш байдлыг хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх бүхий л орчныг бүрдүүлэх нь улс орон бүрийн нэн тэргүүний зорилго болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гэж зааснаар эрүүл мэндийн байгууллагууд болон оролцогч талууд үйл ажиллагаа явуулж ирлээ. Гэвч улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд харилцан адилгүй чанартай тусламж үзүүлэхээс гадна иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох талд салбар дундыг хамарсан бодлого, зохицуулалт, интервенц сул. Мөн хүлээгдэл, оочер дараалал их байгааг эрүүл мэндийн үзүүлэлтүүд илтгэсээр байна. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар үр ашигтай байдлаараа 191 орноос 145 дугаарт жагссан. Хүн амын дундаж наслалт 2023 онд 71.5 хүрч, дэлхийд 114-т тус тус эрэмбэлэгдэж сүүл мушгиж байна.
Манай улс эрүүл мэндийн салбартаа 2023 онд 1.6 их наяд төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ онд одоогоор 1.9 их наяд төгрөг зарцуулагдаад явж байна. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт өмнөх онуудаас дунджаар 20-30 хувиар өссөн. Нийтдээ ДНБ-ий дөрөв орчим хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг боллоо. Гэвч иргэн хүндээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ болж хүрч чадахгүй байна. Жишээлбэл, Улсын нэгдсэн төв эмнэлгийн дотоод шүүрлийн мэргэжлийн эмчид үзүүлэх хүлээгдэл 45 хоног байгаа нь иргэдийн бухимдлыг маш их төрүүлсээр байна.
-ДНБ-ий дөрвөн хувийг зарцуулж буй санхүүжилт, хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Манай улсад жилд 20 мянга орчим хүн эрүүл мэндээс болж санхүүгийн дарамтад орж байгаа талаар судлаачид дүгнэсэн. Эрүүл мэндийн даатгалтай хэрнээ чанаргүй эрүүл мэндийн тусламж авч эдгэрэлт нь удааширч, урт хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжоо алдаж ядуурал руу гулсан ордог.
Эсвэл хандив мөнгө цуглуулж гадны улс орныг зорих болсон зохисгүй байдал иргэдэд тулгарч буй нь эрүүл мэндийн салбар дахь санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэн даруй анхаарч, оновчтой болгоход анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Монголбанкны тэнцлийн тайланд жилдээ 200 сая орчим ам.долларыг, албан бус мэдээллээр 400 сая орчим ам.долларыг гадаад улсын эмнэлгийн төлбөрт зарцуулдаг. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн асуудалтай холбож эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг сайжруулах, санхүүгийн хамгаалалтыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг зөв зүйлд зарцуулж буй байдлыг хянах зэрэг ар араасаа дагуулсан асуудлуудад нотолгоонд суурилсан бодлогын шийдэл, улс төрийн манлайлал үгүйлэгдэж байна.
-Хуурамч, чанаргүй эмийн асуудал иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна. Энэ тухай Эмийн сонсголын үеэр нэлээд ноцтой баримт дэлгэж байсан шүү дээ. Тэгвэл салбарын мэргэжлийн хүмүүс яагаад бодлого гаргахад оролцдоггүй юм бол?
-2023 оны санхүүжилтийн 50 хувь нь эм, оношлуурт зарцуулагдсан. Гэвч эмийн чанар, хүртээмж сайжраагүй. 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй, хуурамч эм зарсан, эмийн анхдагч үнээс 33.2 хувь, зарим нэршлийн эм 90 хүртэлх хувиар өсөж иргэдэд борлуулдаг талаар Эмийн сонсголын үеэр мэдэгдэж байсан. Харамсалтай нь одоогоор хариуцлага тооцсон зүйл алга. Эмийн талаарх бодлогын шийдэлгүй байна. Эрүүл мэндийн эдийн засаг гэсэн бие даасан салбарын мэргэжилтнүүдийн оролцоог бүрдүүлэх тогтолцоогүй. Мөн сүүлийн 8-9 жилийн хугацаанд ажиглагдах болсон нэг зүйл бол шүүмжилсэн хүмүүсийн амыг барьдаг, дарамт үзүүлдэг, ажлаас нь халдаг болсон. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй, дарга бүхнийг мэддэг, шийддэг. Алдаатай гаргасан шийдвэрийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ажлаа өгсөн болоод усанд хаясан чулуу шиг сураггүй алга болдог. Эсвэл өөр байгууллагад даргаар томилогддог. Алдаатай шийдвэртэй нь эмч, сувилагч мэргэжилтнүүд болон иргэд зууралдаж, голын хоёр талд гарч бухимдлаа шиддэг боллоо. Бодлогын оновчтой шийдэл, залгамж чанар алдагдаж, ашиг сонирхол давамгай болсон. “Ковид-19” халдварт өвчний үеэр төр хариуцах ёстой 137 тэрбум төгрөгийн зардлаа өгөөгүй. ЭМД-ын сангаас гаргуулсан, хор уршиг нь он дамжсан өглөг, авлага болон хувирч эмнэлгүүдэд маш том дарамт болж, тусламж үйлчилгээ доголдсоор байна. Бас нэг алдаатай шийдвэр бол Чингис хаан, Капитал банкуудаас 109.3 тэрбумын авлагатай боловч өнөөг хүртэл асуудлыг шийдээгүй, найвдаргүй зээл болгож бүртгэсэн. Тухайн үед ЭМД-ын сангийн мөнгийг тус банкуудад байршуулах шийдвэр гаргасан Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд нар хариуцлага үүрэх ёстой атал усанд хаясан чулуу шиг болж, иргэд хохирсоор байна. Алдаатай бодлогын хор хохирол яригдаж, хариуцлага яригдах ёстой. Ийм байдлаар үр дүнд хүрэхгүй.
-Эмнэлгийн хүртээмжийн асуудлыг яаж шийдэх вэ. Хавдрын эмнэлэгт иргэд нь хар зах шиг бужигнаж, Эх нялхасын төв нь хүүхдүүд зөрөх зайгүй байхад 100 тэрбумаар соёлын төв барих төсөв батлагдсан. Ер нь эрүүл мэндийн салбарын бусад үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хэрхэн хийдэг вэ, үр дүн ямархуу байна?
-ЭМД-ын сангаас гадна сүүлийн дөрвөн жилд 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинэ барилга, шилжих барилга, их засвар, тоног төхөөрөмжөөр хангах, автомашины шинэчлэл хийх ажлуудад төсвөөс санхүүжүүлж хөрөнгө оруулсан. Гэтэл 1985 онд оффисын зориулалтаар баригдсан эмнэлгийн зориулалтын бус агааржуулалтгүй байшин барилга дотор Нийслэлийн 144 мянган хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг дүүргийн эмнэлэг өнөөдрийг хүртэл байсаар байна. 2023 онд ашиглалтад орох 16 тэрбумаар төсөвлөсөн эмнэлгийн барилга байгууламж нь хугацаандаа ашиглалтад ороогүй, нэмж гурван тэрбум төгрөгийн дахин төсөв тусгаад он дамжсан барилгын үйл ажиллагаа явагдаж буй зөрчилтэй байлаа. Тус эмнэлэгт компьютер томографийн аппаратгүй учраас оношилгоо бүрэн хийж чадахгүй иргэдийн амь насыг аварч чадахгүй тохиолдол гарч байна. Сэргээн засах төвийн аппарат тоног төхөөрөмж, өрөө тасалгаа хүрэлцээгүй учраас иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж чадахгүй байдал үүсээд байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний хувьд таван аймгийн 70 орчим сумын эрүүл мэндийн төв болон аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад оруулсан хөрөнгө оруулалт үр өгөөжгүй байгааг ажигласан. Санхүүжилт үнэхээр үр дүнгүй байна.
-Иргэдийнхээ эрүүл, чанартай амьдрах орчныг бүрдүүлэх боломж байна уу. Энэ тал дээр танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Цаашид эрүүл мэндийн тогтолцоо гарсан зардлыг хөөж санхүүжүүлэхгүй. Харин хүн амаа эрүүл байлгах бодлого санхүүжүүлдэг, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж үр ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайжруулах, мөн оролцогч талуудын сэтгэлд нийцэх хуулийн зохицуулалтыг бодлогын түвшинд хиймээр байна. Энэ хүрээнд хэдхэн хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга болон зарим гишүүдийн хамт Нийслэлийн хоёр дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан.“Эрүүл мэндийн салбарын хөрөнгө Оруулалт ИРГЭН ТАНД ХҮРЧ БАЙНА УУ” сэдвээр асуудалд суурилсан хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан. Иргэнийхээ эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн төлөө холбогдох бодлогын шийдлүүдэд анхаарч ажиллах талаар гишүүд саналаа хэлсэн. Ер нь хэн нэгэн эрх мэдэлтэнд найдалгүйгээр салбарын эмч, мэргэжилтэн хүн бүрийн зоригтой дуу хоолой чухал цаг үе ирээд байна. Аливаа асуудлыг тогтолцоогоор нь бүтэн зургаар харж, үндсэн шалтгааныг олж 80/20 зарчмаар шийдэх хэрэгтэй. Мөн судалгаа, нотолгоо, экспертийн дүгнэлт, технологийн үнэлгээнүүдэд үндэслэж шинэчлэл хийдэг соёлыг бүрдүүлэх нь чухал байна. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хэн нэгэн даргын дохиураар биш, хэр цаг хугацаанд, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхой болгож, ойлгоцолд хүрч, ил тод нээлттэй байдлаар бодлогын шийдвэр гаргадаг болъё.
М.МӨНХЦЭЦЭГ
Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо. Тухайлбал,
IX/29, X/01, 04, 07, 10, 18, 21, 24, 28, 31, XI/04-ний өдрүүдэд Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн галт тэрэг 18:30 цагт хөдөлж, Замын-Үүдэд 10:35 цагт хүрнэ.
X/13, 15-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 16:40 цагт аялах галт тэргийг 20:22 цагт аялуулахаар боллоо.
X/02-ны өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 10:35 цагт явах галт тэрэг цуцлагдаж, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 06:58 цагт явах 272-р галт тэрэг 20:54 цагт явах болсныг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг Даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Өнөөдөр НОБГ, НЦУГ, ЭЦА, НМЭГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа. Хяналт шалгалтын явцад нийслэл рүү тээвэрлэн оруулах гэж байсан тарваганы мах, түүхий эдийг илрүүлэн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалтын ажлыг эхлүүлснээс хойш давхардсан тоогоор 1400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 32500 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 54 удаагийн үйлдлээр 200 гаруй ширхэг тарваганы махыг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.
Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз үүсгэн байгуулагдсаны түүхт 57 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын үндэсний телевизийн анхны эфир 1967 оны есдүгээр сарын 27-нд цацагдаж байсан бол 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байв.
Улмаар 1991 онд Монголын Үндэсний телевиз Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломжоор хангагдсан юм.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. Тодруулбал,
Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах өөрийн эзэмшлийн “G center” төвийн үүдэнд бусдын биед халдсан хэрэг энэ сарын 20-нд гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхэлсэн гэгдэж буй. Тухайн өдөр юу болсон талаар хохирогч залуугийн ээж Т.Мөнхтуяатай ярилцлаа.
-Манлай уяач Т.Галбадрах хүүгийн тань биед халдаж байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан. Төрийн шагнал хүртсэн нэр хүндтэй хүн хүний эрхэд бүдүүлгээр хандсан үйлдэлд олон нийт ихээхэн бухимдаж байна. Тэр өдөр чухам юу болсон талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Тэр өдөр баасан гариг байсан. Бид гэр бүл, ахан дүүсээрээ тус төвийн ресторанд буяны цайллага хийгээд 14:00 цагийн үед гарч явцгаасан. Хүү маань мопед унаад түрүүлээд явахаар хөдөлсөн юм. Рестораны хашааных нь хаалга автоматаар нээгддэггүй юм билээ. Дотроос нь ресепшн нь нээдэг. Хүү маань гарах гэж нэлээд нааш цааш эргэлдэж байгаад онгойхгүй болохоор нь тойроод гарсан байдаг. Мопед унасан хүн чинь нэг их зай эзлэхгүй шүү дээ. Хаалт хашлаганд нь хүрээгүй. Гэтэл машин гардаг хаалтыг нь дөнгөж тойроод цааш явтал нэг нөхөр араас нь дуудсан байгаа юм. Хүү маань биднийг дуудаж байна гэж эргэсэн гэсэн. Гэтэл танихгүй нөхөр явж ирээд “Чи яаж байгаа юм” гэж хэлээд л хариу хэлэхийн завдалгүй баруун шанаа руу нь цохиод унагаасан байсан.
-Та өөрөө харсан гэв үү?
-Яг тэр үед нөгөө талынх нь хаалгаар машинтай гараад ирж байсан. Хүүг маань цохиж унагаахыг харсан. Тэр даруй ухасхийгээд хүрээд ирэхэд хүү маань газар ухаангүй, хамарнаас нь цус гарч байсан. Маш их айж сандарсан. “Хүүе ээ чи чинь хүүхэд алчихлаа, яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө эр “Хохь чинь” гээд хээв нэг алхаад яваад өгсөн.
Хүний биед халдаад тэр хүн нь газарт унаад өгөхөд ядаж зогтусна биз дээ. Тэгэх ч үгүй байна лээ. Тоохгүй яваад өгсөн. Тэр даруй түргэн, цагдаад дуудлага өгсөн.
-Хүү тань хэзээ ухаан оров?
-Нэлээд удсан шүү. Цохиулаад шууд л хатуу цементэн дээр тархиараа уначихсан шүү дээ. Каск өмссөн тулдаа л амь аврагдсан.
-Эмнэлгийн байгууллага юу гэв. Гэмтлийн тухайд?
-Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр толгой доргилттой, хавантай байна гэж гарсан. Эцсийн хариу бол гараагүй л байна. Бид хэрэгтэй материалуудыг бүрдүүлээд өгсөн байгаа.
-Цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан уу. Шалгаж байгаа юу?
-Дуудлагаар ирсэн цагдаа хүүгээс маань тухайн үед хэдэн зүйл асуугаад явсан. Дараа нь би гэрчээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгсөн. Өөрөөр асууж тодруулсан зүйл одоохондоо алга.
-Хүүд тань халдсан Т.Галбадрахтай уулзсан уу?
-Би тухайн үед хүүгээ анхаараад цагдаа, эмнэлэг дуудаж байх үед дүү маань ресторан руу Т.Галбадрахын өрөөнд явж орсон байсан. “Та яаж байна аа, зүгээр явсан энгийн иргэний биед халдаж болохгүй ш дээ” гэхэд элдэв янзаар доромжилсон байсан. Дүү маань бичлэг хийсэн байсныг харсан байх. Тэр хүн хийсэн үйлдэлдээ гэмшсэн шинж байгаагүй. Ерөөсөө тоох ч үгүй байна лээ. “Хохь нь, шүүх цагдаагаараа яв. Би стресстэй байсан. Би хар мянган хонь тэжээж байна. Та нар шиг хонинуудыг нядлаад, нядлаад хаячихна шүү” гэх зэргээр маш бүдүүлэг харьцана лээ.
Үнэхээр гайхаж байна. Монгол Улсад энгийн иргэн амьд явах баталгаа алга. Ялангуяа мопед, мотоцикл унасан бол хүнд тооцогдохгүй бололтой. Хууль гэдэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэггүй болохоор л энэ мэтийн нөхдүүд ийм бүдүүлэг байдаг юм байна гэж ойлголоо. Өмнө нь ч ийм харгис хэрцгий зан араншин бусдад гаргаж байсныг үгүйсгэхгүй.
-Уучлалт гуйх биш эсрэгээрээ сүрдүүлж байна гэж ойлгож болох уу?
-Тэр хүнд уучлалт гуйх ямар ч бодол байхгүй нь харагдсан. Яасан ч яадаг юм гэсэн өнгө аястай. Ядаж л би хүний биед халдчихлаа, унаад өгсөн, үхчих вий гэж хүн зогтусмаар даа. Тийм өчүүхэн ч сэтгэл харагдаагүй. Ерөөсөө л балмад, зэрлэг араншинтай хүн юм билээ. Хууль цагдаа үйлчилдэггүй болохоор л ийм нөхөд дураараа аашилж байгаа болов уу даа.
Энгийн иргэд бид чинь хуулийг дээдэлдэг, хууль цагдаа иргэнээ хамгаалдаг гэж л сүрдэж, итгэж явдаг шүү дээ. Гэтэл үгүй юм байна.
-Монгол Улсын манлай уяач цол хэргэмтэй хүн энгийн иргэнд халдаж, бүдүүлгээр харьцаж байгаа үйлдэл нийгмийг цочирдуулж байна л даа. Танд ч бас хүнд байгаа бололтой?
-Маш хүнд байна. Сэтгэл зүйн шок одоо хүртэл гараагүй байна. Бидэнд ингэж хандаж байгаа хүн өөр бусад хүмүүст ч ингэж ханддагаас зайлшгүй. Тухайн үед ийм мундаг шагнал авсан цол хэргэмтэй гэж мэдээгүй. Уг нь төрийн шагнал урамшуулал авсан олны танил хүмүүс илүү хариуцлагатай, соёлтой, ёс суртахуунтай баймаар юм даа.
-Хүү тань юу гэх юм?
-Хүү маань ч гайхсаар байгаа. Гадаадад сургууль төгссөн соёлтой, боловсролтой хүүхэд. Ном журмаар нь явж, цагдаагийн байгууллагаар шалгуулна. Шударга шийдэж өгөх байх гэж л хүлээж байгаа.
-Саяхан бас эмэгтэй жолооч явган хүний зам дээр явсан хүүг цохисон асуудал үүсээд байна. Хуулиараа хүний биед халдсан хэргээр 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч байх шиг байна. Таны кейстэй нэлээд ойролцоо бололтой?
-Хэрэв хүүд минь халдсан асуудлыг ингэж шийдвэрлээд өнгөрвөл маш харамсалтай юм. Ер нь эрүүгийн хэрэг үүссэн ч 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрдөг бололтой. Ийм хариуцлагыг энэ мэт нөхөд тоохгүй шүү дээ. Тиймээс ядаж л нийгэм ийм хүмүүсийг хараг, мэдэг. Монголын хууль цагдаа нь хариуцлага тооцож чаддаггүй юм бол олон нийт мэдэж, цочроо өгөг гэж л бичлэгийг цахим сүлжээнд тавьсан. Стресстлээ гээд хүний биед халдаад явна гэдэг хууль журамтай ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ.
Б.ЭНХЗАЯА