Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс сургуулийн 215 автобус явна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ.

Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Монголын анхны эмэгтэй олимпийн аварга тамирчин У.Сүрэнжавын аав Д.Уламбаяр: Охиныхоо идэвх зүтгэл, чармайлт, зорилго, сэтгэлийн хатыг нь бишрээд л сууж байлаа DNN.mn

Өнгөрсөн пүрэв гаригт Франц Улсын нийслэл Парис хотноо нээлтээ хийсэн “Парис-2024” Зуны XVII удаагийн паралимпийн наадамд таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Энэхүү паралимпийн наадамд манай улсаас зургаан төрөлд 12 тамирчин оролцож байна. Тус наадмын эхний медалийн эзэд тодорч, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн К44 ангилалд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, Азийн АШТ-ний алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжав “Парис-2024” паралимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч, Монголын тамирчдын салхийг хагалсан юм.

Түүний жинд 12 тамирчин өрсөлджээ. Тэрээр эхний тойрогтой хийлээд Египетийн тамирчин Салма Али Абд Ал Монеем Хассан, Мексикийн тамирчин Жессика Гарсиа, Ираны тамирчин Захра Рахими нарыг ялсан юм.Ингэснээр У.Сүрэнжав Монголын паралимпийн тав дахь медаль, гурав дахь алтыг хүртсэн, эмэгтэй тамирчдын анхдагч нь болж буй юм.

У.Сүрэнжав нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат. Завхан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртэж байжээ.

Паралимпын алтан медальт, ОУХМ У.Сүрэнжавын аав, аймгийн аварга малчин Д.Уламбаяртай малчны хотноос нь утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.


-Таны охин У.Сүрэнжав “Парис-2024” XVII дахь удаагийн зуны паралимпийн наадамд таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд амжилттай оролцож, Монголын анхны алтан медалийн эзэн болж, Төрийнхөө алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Танд болон танай гэр бүлд нийт монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна.

Охинд минь тусалж, дэмжиж ирсэн багш дасгалжуулагч, Таеквондогийн холбоо болон Үндэсний шигшээ багийн нийт хамт олонд нь талархлаа илэрхийлье. Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Намайг Доржийн Уламбаяр гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Гол эхийн аманд нутагладаг, олон жил мал малласан, эгэл жирийн малчин хүн.

Монгол Улсын анхны эмэгтэй олимпийн аварга охиноороо маш их бахархаж байна.

Гол усаараа манайд цуглаж, охины маань аваргын төлөөх тэмцээн, медаль авах агшныг хамтдаа үзэж, одоо ч сум, орон нутгийнхан нэмж ирсээр байна. Баяр хүргэж, баярын үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа. Олон ч хүн утсаар холбогдож, баяр хүргэж байгаад баяртай байна.

-Охиныгоо паралимпоос алтан медаль авах байх гэж бодож байв уу?

-Охиндоо итгэж, найдаж байлаа. Энэ жил манай охин бэлтгэл, сэтгэл зүй сайтай байсан. Охин маань ч өөрөө алтан медаль авсандаа сэтгэл их өндөр байна лээ.

-У.Сүрэнжав хэзээнээс таеквондогоор хичээллэх болов. Та бүхэн охиноо хэр дэмжиж ирсэн бэ?

-Арван жилээсээ эхлээд л таеквондогоор хичээллэж ирсэн. Охиныг минь анх таеквондод дурлуусан багш нарт нь баярлалаа. Өөрийн хичээл зүтгэлээр, тасралтгүй таеквондогоороо хичээллэж ирсний хүчинд багш, дасгалжуулагч нарынхаа ачаар охин минь амжилт гаргалаа. Бэлтгэл сургуулилтаа хийх явцдаа охин минь шантарч байгаагүй.

Бидний зүгээс сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс бусдаар охиноо нэг их дэмжиж чадаагүй. Өөрөө л дуртай болохоор шантралгүй бэлтгэлээ хийдэг байсан. Охин минь өмнө нь олон тэмцээнд амжилттай оролцоход тэр бүрд нь бид гэр бүлээрээ бөөн баяр болдог байлаа. Олимпод анх удаа ороод л 24 насандаа ийм өндөр амжилт үзүүлсэнд нутаг усаараа, Монгол түмнээрээ баярлаж байгааг харах эцэг хүний хувьд үгээр хэлэхийн аргагүй их жаргал, их хувь хишиг юм даа гэж баярлаж сууна.

-Таны удамд тамирчин хүн бий юу. Охиныхоо аваргын төлөөх тэмцээнийг үзээд сууж байхад танд юу бодогдож байв?

-Манай удамд яг тамирчин хүн байгаагүй. Өвөг дээдсээс улбаатай барилддаг бөх хүмүүс байсан.Их гоё

сайхан байлаа. Охиныхоо идэвх зүтгэл, чармайлт, ийм л юманд хүрнэ гэсэн зорилго, сэтгэлийн хатыг нь бишрээд л сууж байлаа. Охин минь багаасаа аав, ээждээ туслаж, мал маллаж өссөн болохоор хатуужил суусан. Хатуужил нь энэ үед илүү гардаг юм байна гэдгийг ойлгосон. Хурдны морь унаж байгаагүй ч моринд их сайн.

-Охин нь багадаа ямар хүүхэд байв. Охиныхоо ямар зан чанараар бахархдаг вэ?

-Охин минь багадаа даруу төлөв зантай маш сайн хүүхэд байсан. Сэтгэл их сайтай. Арван жилдээ хичээлдээ ч сайн байлаа.Нэг юманд чиглэсэн бол тэр зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг. Мундаг хүүхэд төрүүлж, зөв сайхан хүн болгож өсгөсөндөө баярлаж байна. Охин минь уйгагүй бэлтгэл хийж, би тасралтгүй олон жил оторт явлаа.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ. У.Сүрэнжав таны хэд дэх хүүхэд вэ?

-У.Сүрэнжав манай гурав дахь хүүхэд, 2000 онд төрсөн. Манайх дөрвөн охин, хоёр хүү гээд нийт зургаан хүүхэдтэй. Бага нь энэ жил дөрөвдүгээр ангид орж байна. Манайх ам бүл наймуулаа.

-Энэ зун У.Сүрэнжав гэртээ очиж чадсан уу?

-Охин маань нэг удаа ирээд Отгонтэнгэр хайрхандаа мөргөөд явсан.

-Олимпийн алтан медаль авснаас нь хойш охинтойгоо холбогдож чадсан уу. Хэзээ Монголдоо ирэх вэ?

-Охинтойгоо холбогдсон. Энэ сарын 5,6 гээд Монголдоо ирнэ гэсэн.

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Тоогоо нэмсэн ч ажлын чанар тань дээшлэх юм уу, гишүүд ээ DNN.mn

Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн. Улмаар ээлжит сонгуулиар бид анх удаагаа 126 гишүүнтэй парламентаа бүрдүүлж, өдгөө УИХ ээлжит бус анхдугаар чуулганаа хуралдуулж байгаа. Энэ ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2023 оны ажлын гүйцэтгэл, энэ оны төсвийн тодотгол, ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсвийн төсөөлөл гээд маш чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Өнөөдөр чуулганы сүүлийн өдөр учраас бүх асуудлаа үүгээр шийдэж таарна байх. Үгүй бол дахин сунгаж хуралдуулах ёстой болно. Аль ч боллоо гэсэн эцсийн гарах үр дүн сайн, муу алин байх нь 126 гишүүний ур чадвар, ажилдаа хандах хандлага, хэр зарчимтай хүн бэ гэдгээс бүрэн хамаарна.

Гэвч өнгөрсөн өдрүүдийн чуулган болоод байнгын хорооны хурлын ирц, гишүүдийн хандлагыг харахад төдийлөн итгэл найдвар төрөхөөргүй л байна. Яах вэ, ихэнх нь шинээр сонгогдсон, асуудлаа ойлгохгүй, гүйцэд судалж танилцаагүй гээд зөвтгөж бодох шалтгаанууд мэдээж байгаа. Нэг үгээр бол энэ удаагийн ээлжит бус чуулган тэдний хувьд “бие халаалт” байж болно. Гэвч тамирчин хүн өдөр тутмын бэлтгэл, бие халаалтаа чин сэтгэлээсээ хийж байж амжилтад хүрдэг учиртай. Дээрээс нь улсын төсөв, ирэх жилүүдийн төлөвлөгөө гэдэг нийт монголчууд ирж буй он цагт хэрхэн амьдрахыг шийдэх маш чухал зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Анх гишүүдийн тоог нэмэх асуудал гарахад улстөрчид төдийгүй олон нийтийн зүгээс чамгүй эсэргүүцэл гарсан. Гэвч хуралдааны ирцийг нэмэгдүүлэх, аливаа асуудлыг олон талаас нь мэтгэлцэж байж зөв замаар нь шийдэх, төлөөллийн зарчмыг нэмэгдүүлэх гээд олон талын ач тустай гэж ухуулсаар баталж байлаа. Үнэхээр ч өмнөх парламентуудын үед 15 гишүүнтэй байнгын хорооны хурал л гэхэд найман гишүүнтэйгээр явагдаж, асуудлыг таван гишүүний дэмжлэгээр шийддэг байв. Үүнээс болж улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой, ард түмний амьдралд хэрэгтэй олон хууль унаж, эсрэгээрээ улстөрчид, дарга нарт ашигтайнууд нь батлагдаж байсан жишээ цөөн биш. Мөн хэт цөөн гишүүнтэй байх нь гадна, дотнын элдэв нөхдийн лоббид орох магадлалтай гэдгийг ч судлаачид дуу нэгтэй хэлдэг байв. Гэтэл энэ долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурал 14 гишүүнтэйгээр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар найм, зургаагийн харьцаагаар дэмжсэн. Уг нь бол Төсвийн байнгын хороо өдгөө 25 гишүүнийн бүрэлдэхүүнтэй.

Хэрэв бүгд хуралдаа суусан бол асуудал арай өөр байх байсан болов уу гэж санагдана. Дээрээс нь олуулаа суусан бол жинхэнэ бодлогын мэтгэлцээн өрнөж, алдаа дутагдал нь хаанаа байгааг олж тогтоог, засаж залруулах байсан байж мэднэ. Тэгээд ч тоогоо нэмсэн хамгийн том шалтгаан чинь энэ шүү дээ. Дээрх бол ердөө ганцхан байнгын хорооны бодит жишээ. УИХ яг одоо 11 байнгын хороотой гэвэл бусад нь иймэрхүү байдалтай л явсан болов уу. Ер нь төсөв хэлэлцэж байгаа үед Төсвийн байнгын хорооны хурлаас өөр ямар чухал хурал, уулзалт байх юм. Хэрэв хурлууд давхацсан бол түр хойшлуулаад ирцээ хангалттай болгож байж орж ирсэн асуудлаа хэлэлцэх ёстой байв. Олон удаа парламентад сууж, сайд дарга хийж явсан байнгын хорооных нь дарга ч гэсэн зарчмын ийм асуудлаа мэдэж л байх учиртай. Гэвч хүссэнгүй юу, ямартаа дөнгөж ирц бүрдүүлээд л хуралдаж орхино лээ.

Зөвхөн байнгын хороо гэлтгүй чуулганы ирц ч хангалттай бус байна. Ээлжит бус чуулганы сүүлийн өдөр учраас өнөөдөр ирц боломжийн хэмжээнд байх биз. Хуралд сууж байгаа нь өнөө л хэдэн шинэковууд. Тэд нар нь зөв, буруугаа ялгадаггүй юм уу. Эсвэл хууччуулаасаа эмээдэг юм уу, ямартай ч олигтой асуулт асууж чадахгүй л байгаа. Хэдийгээр эргүүлэн татахаар болсон ч асуудал дагуулсан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр цөөн хэдхэн гишүүн л дуугарсан. Тэд хүчтэй эсэргүүцэж, бусдыгаа сэнхрүүлж байж л эргүүлэн татахаар болсон. Түүнээс биш намуудын жагсаалтаар орсон, бусдынхаа сүрд хавчуулагдаад ороод ирсэн нөхдүүд ёстой л нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхөөр байв. Мөн ард түмэн ихийг хүлээж байгаа энэ удаагийн парламент “Мордохын хазгай” гээч болж мэдэхээр нэг зүйл болсон нь унасан асуудал дээр дахин санал хурааж дэмжүүлсэн тохиолдол болов.

Уг нь өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүд Засгийн газарт буцаахыг дэмжсэн.

Гэтэл энэ долоо хоногт төхөөрөмж болоогүй /яаж ч болдоггүй шалгарсан аргуудын нэг/ гэсэн шалтгаанаар дахин санал хурааж холбогдох байнгын хороодоор хэлэлцээд явахаар болж “авч” үлдсэн. Нэгэнт олонхоороо шийдчихсэн асуудлыг дахин оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж байна. Дээрээс нь чуулганы хуралдаандаа огт суухгүй байгаа гишүүдийг хэрхэх тухай цахим орчинд олон нийт ярьж эхлээд буй.

Тухайлбал, Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга байнгын хороо, чуулганы хуралдаанд нэг ч удаа суугаагүй л байна. Мөн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ч Төрийн ордонд тоотойхон үзэгдсэн. Ер нь чуулганы хуралдаанд сууж, хууль хэлэлцэх гэж л хэдхэн сарын өмнө эд чинь сонгогчдынхоо саналыг гуйж, худалдан авч янз бүрээр үзээ биз дээ. Тэгсэн мөртлөө тангаргаа өргөснөөсөө хойш үндсэн ажлаа хийхгүй байгаад л иргэд бухимдаад байгаа юм. Бас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг чуулганы хуралдаан тасалсан гэж Ёс зүй, дэгийн байнгын хорооноос сануулах арга хэмжээ авч байлаа. Үүнийг ард түмэн ялгавартай хандаж байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байна. УИХ-ын удирдлагууд ч гишүүдийн ирц оролцоон дээр хатуу анхаарах хэрэгтэй. Шинэ байна гээд улс орон, цаг хугацаа та нарыг хүлээхгүй. УИХ-ын гишүүд бас дарга ямбыг нь эдлэж эхлэсэн биз бодвол, одоо тэгвэл ялыг нь бас үүрч эхлэх хэрэгтэй байна.

Сайнтай, муутайгаа сав дүүрдэг хорвоо учраас 126 дотор цаашдаа гайгүй сайн ажиллах болов уу гэсэн гишүүд ч бий. Энэ удаагийн ээлжит бус чуулган дээр хэлсэнчлэн “бие халаалт”. Гэхдээ л өдөр тутмын бэлтгэлээ сайтар базааж, чуулганы хуралдаандаа тогтмол сууж байх ёстойг УИХ-ын Тамгын газар нь ч, ард түмэн ч шаардаж, шахах хэрэгтэй. Тэгж байж элдэв хуудуутай хууль бага батлагдана. Хууль сайн байж гэмээнэ ард түмний амьдрал, амьжиргаанд л тустай. Мөн ард түмнээсээ ажил хүлээн авснаа гишүүд ухамсарлаж, үүрэгт ажлаа тогтмол, чанартай хийх үүрэгтэй. Түүнээс биш Их хурлын гишүүн сайхан нэртэй ч ажлаа хийхгүй юм бол дараагийн удаа ард түмэн “халж” л орхино гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй байна. Ер нь тэгээд “олдохоороо өлдөнө” гэж үг байдаг даа. Тэрэн шиг парламентаа “өлдүүлмээргүй” л байна шүү.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр могой өдөр DNN.mn

Categories
story-news

ТОЙМ: “Хамтарч засгаа байгуулсан юм бол төрийн бүх байгууллагуудад ч хамтрах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +12…+17 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +5…+7 градус, бусад хэсгээр +8…+10 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хамтарч засгаа байгуулсан юм бол төрийн бүх байгууллагуудад ч хамтрах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатартай ярилцлаа. Тэрбээр “Метротой болох хүлээлт, эдийн засгийн чадамж өнөөдөр төгс бүрдээд байна” хэмээн ярилаа.

  • Хагас коксын үйлдвэрийн төсөлд 64 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ
  • Монголын анхны эмэгтэй олимпийн аварга тамирчин У.Сүрэнжавын аав Д.Улам баяр “Охиныхоо идэвх зүтгэл, чармайлт, зорилго, сэтгэлийн хатыг нь бишрээд л сууж байлаа” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хамтарч засгаа байгуулсан юм бол төрийн бүх байгууллагуудад ч хамтрах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ.

Камала Харрис “Би улс орноо үргэлж өөрийн нам болон өөрийнхөө өмнө тавьж ажиллана” хэмээв.

  • “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна

ГАДААД МЭДЭЭ:  Шуугиан дагуулсан айлчлах сураг

Арын нүүр : Бүгдийг эрх тэгш, харилцан хүндлээрэй


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Паралимпийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Парис-2024 зуны паралимпын 17 дугаар наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр 11.09 метрийн амжилт үзүүлсэн байна. Ц.Баттулга нь”Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртэн паралимпод оролцох эрхээ авсан. Түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Д.Махашира дасгалжуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа DNN.mn

Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон  экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж байлаа.

Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах санаачлага гарган, ажлыг нь эхлүүлж байсан юм.

1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг 2021 онд татан гаргасан нь энэ ажиллагааны эхлэл байлаа. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд гүйцэтгэх технологийн карт боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарсан нь  Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болсон юм.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ажиллагаа өндөрлөж, татан гаргасан машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, генерал, офицер, ахлагч, алба хаагчид, эрдэмтэн, судлаач, инженерүүд болон хамтран ажилласан орон нутгийн удирдлага, иргэдэд  талархал илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын томилгоот бүрэлдэхүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн ажлын хэсэг Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11  автомашин, техникийг татан гаргалаа.

Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлж чаджээ.

Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч  бохирдуулах байжээ.

Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо.

Орон нутагт хүлээлгэн өгч тээврийн хэрэгсэл, техникүүд энэ ажиллагаанд оролцсон хүмүүсийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг илэрхийлэхийн зэрэгцээ Хөвсгөл нуураа хайрлаж, хамгаалахын утга учрыг иргэдэд сануулж байх ёстойг тэмдэглэлээ.

Цаашид байгаль эх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагад даалгалаа.

Татан гаргах ажиллагаа нь:

  • Монгол эрдэмтдийн тооцоолол, монгол инженерүүдийн аргачлал, алба хаагчдын ур чадвараар байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд анх удаа усны гүнээс хөндлөн таталт зохион байгуулсан,
  • Онцгой байдлын байгууллагын шумбагч нар урьд өмнө хийж байгаагүй даалгавар гүйцэтгэж дадлага, туршлага хуримтлуулан ур чадвараа дээшлүүлсэн,
  • Нуурын гүнд байгаа обьектыг судлах, илрүүлэх, татан гаргах ажиллагаанд анх удаа олон үйлдэлт Про-5 загварын усны дрон ашигласан,
  • Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн хөвүүр гүүрийн тавцан дээр суурилуулсан “Ферм” буюу өргөх краныг ашигласнаараа онцлогтой байсныг ажиллагаанд оролцогсод ярилаа.

Татан гаргах ажиллагааг гүйцэтгэх үед алба хаагчдын аюулгүй байдал нэгдүгээрт байх зарчим болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримталж байсны дүнд ямар нэг эндэгдэл, осол гараагүй байна.

Тээврийн хэрэгсэл, техникүүдийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын холбогч, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг нуур юм.

Мөн манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг бөгөөд ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах ажлыг санаачлан эхлүүлж байлаа. Үүний үр дүнд ширгэхдээ тулж байсан Ганга нуурын эко систем 2023 онд бүрэн сэргэж, усны түвшин 2005 оны хэмжээнд хүрээд байна. Мөн энэ оноос нуурыг хамгаалах хоёр дахь шатны төсөл эхэлсэн юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачлагаар Хэрлэн гол, Өгий нуур, Бумбатын рашааныг сэргээх төслийг хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ирэх онд хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд 6.9 их наяд төгрөг зарцуулна DNN.mn

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-д  өргөн мэдүүллээ.

2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэжээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж буй аж. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөжээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.

Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210.0 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202.0 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээс гадна хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80.0 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.

Нийслэлийн хэт төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ хэмээн төлөвлөсөн аж. Ирэх 2025 онд нийт 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар тооцжээ.

Хөгжлийн төслүүдийн үр дүнд эдийн засгийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнес эрхлэх орчин нөхцөл, амьдралын чанар эрс сайжирч, эдийн засаг, нийгмийн зорилтууд хангагдах суурь болно хэмээн үзэж байна.