Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ DNN.mn

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны  www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна.

Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой.

https://vote.ulaanbaatar.mn/home

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана DNN.mn

Монгол Улсад гадаадын өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байгаатай холбоотой есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруугийн замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ.

Энэ удаагийн хамгаалалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хүрээнд өндөр зэрэглэлд явагдах тул зочны зорчих үеийн зам дагуу болон зогсоол талбайд байрласан тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлөх зохицуулалт хийгдэнэ.

Иргэд та бүхэнд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас уриалж байна. 

Э.Бадамгарав

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагч ажилчдын автобусаар зорчино DNN.mn

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан.

Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлнэ. УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах ажилд нэгдэж, нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтерээр зорчих, нийтийн тээврээр зорчих гэсэн дөрвөн үндсэн санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хамтарч засгаа байгуулсан юм бол төрийн бүх байгууллагуудад ч хамтрах хэрэгтэй байна DNN.mn

Хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгууль болж, МАН ялалт байгуулсан. Тэд огцрохгүйн тулд ХҮН нам, Ардчилсан намтай хамтарч Засгийн газраа байгуулсан. Шинэ Засгийн газартай холбоотой янз бүрийн л яриа, дүгнэлт нийгэмд өнөөдөр ч хөвөрсөөр байна. Жишээ нь, МАНын яам, АН-ын яам, ХҮН намын яам гэхчилэнгээр Монгол төрийн гүйцэтгэх байгууллагуудыг намдаар ялгаж, намын харьяаны байгууллага мэтээр ярих боллоо. МАН-ын яаманд ажил горилолтой нь биш дээ, АНын, ХҮН намын яаманд ажилд орж доошоо орох чинь ичмээр… гэх яриа үүний тод илрэл биш гэж үү.

Тиймээс нэгэнт ийн хамтарч байгаа бол бүх яамд, агентлагт хамтрах хэрэгтэй.Өөрөөр хэлбэл, МАНын улстөрч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг ашиж байгаа бол АНын улстөрчийг дэд сайдын албанд, ХҮН намын улстөрчийг Төрийн нарийн бичгийн даргын албанд томилох хэрэгтэй.

Ингэвэл нэгдүгээрт, улстөрийн тогтвортой орчныг бий болгоно. Хоёрдугаарт, ингэж байж хамтарсан Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна магадгүй хяналт ч сайжирч, дотоод зөрчил, ажлын хийдэл багасах талтай ч юм билүү.

Ер нь улс төрийн намын зорилго нь төрийн эрхийг авах байдаг. Тиймээс л улс төрийн сонгуульд тухайн намын зөвхөн нэр дэвшигч нь ч бус бүх гишүүд, дэмжигчид өрсөлддөг. Тэд ганцхан сайд ажилтай болгохын тулд тийн тэмцээгүй. Гэтэл шинээр томилогдсон зарим сайд нар “Ажилд оръё гэсэн өөрийн намын нөхдүүд их байна” гээд уйлагнаад байх юм. Тэгэлгүй яах вэ дээ. Ганцхан тэр сайдыг албан тушаалтай болгох гэж намаараа, намын дэмжигч гишүүдээрээ өрсөлдөөгүй. Тэр сайдаар дамжуулж, тэр сайдын баг бүрэлдэхүүнээр дамжуулж намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж л нийтээр хөдөлсөн хэрэг. Яахав өнгөн дээрээ нийгмийн сайн сайхны төлөө гэдэг ч бодит амьдрал дээр бол намын нэг ч гэсэн хүн төрийн өндөр дээд албан оччихвол намынхаа хэдийг дээш татчих юм даа гэсэн бодол л өвөртөлж байгаа. Гол зорилго нь энэ учраас сонгуулиар нүсэр том баг болоод бусадтай өрсөлдөж эхэлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ биз ээ.

Тиймээс намын гишүүд дэмжигчдэд зохих шагналыг нь өгөх хэрэгтэй. Хэрвээ ганцхан сайд гаргаад бусдыг нь явуулахгүй бол тэр сайд улс төрийн хувьд сөнөдөг. Намынхан нь ч үзэхээ байна. Ганцхан үүнийг ажилтай болгохын тулд бид тэгтлээ чармайсан болж байна уу гэж зүхнэ. Өнөөх сайд нь намын бусад нөхдөө ажилд авахгүй гэвэл тэр хүн намын болоод улс төрийн дэмжлэггүй болно гэхчилэнгээр зовлон их бий.

Ер нь тэгээд улс төрийн намд улстөрч олон ч үндэсний хэмжээний улс төрийн нам гэдэг бол цөөн шүү дээ. Иймээс намын зарим улстөрчдийн хүслийг гүйцээгээд орхих бус намдаа үнэнч зүтгэсэн, боловсролтой, чадвартай, намын үзэл санааг түүчээлж чадах хүмүүст улс төрийн албан тушаал өгч ажилуулах л хэрэгтэй.

МАН, ХҮН нам, АН хамтарсан л юм бол улс төрийн бүх албан тушаалд хүмүүсээ сөөлжүүлж байршуул. Ингэж байж намуудын улс төрийн сонгуульд орсны үр дүн гарч ирнэ. Мэдээж төрийн ажил, улс төрийн намын бодлого хэрэгждгээрээ хэрэгжинэ. Нөгөөтэйгүүр шинэ Засгийн газар Монголын улс төрд шинэ замыг бий болгох хэрэгтэй байна. Хамтарсан бол яам ялгахгүй хамтарч, нэгэнт зорьсон бодлого хөтөлбөрийг нам ялгахгүй гар нийлүүлж ажилладаг байх улс төрийн шинэ соёлыг түүчээлмээр байна.

Өөр нам юм чинь гээд гацаадаг, эсэргүүцдэг хандлага Монголын улс төрийн орчинд бөх оршиж ирсэн. Энэ хэрээр Монголын хөгжил хойшилсоор л яваа.

Энгийнээр зүйрлэвэл, сургуулиа төлөөлж бусад сургуультай өрсөлдөх гэж байгаа тамирчид чи өөр анги юм чинь гээд ганцаарчилсан тоглолт хийдэггүй шүү дээ. Тиймээс нэгэнт хамтарсан хойно төрийн бүх байгууллагад холилдож ороод ажиллах хэрэгтэй байна. Монгол төрийн яамд бол нэг нэгээр нь зууж авчихаад мэрдэг нохойд хаясан яс биш. Улс төрийн намын улстөрчөөр удирдуулж Монголын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн институци. Тиймээс намууд хаа гуяар нь салгаж аваад өмчлөөд байх нь нэн гутамшигтай харагдаж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Баатар: Метротой болох хүлээлт, эдийн засгийн чадамж өнөөдөр төгс бүрдээд байна DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатартай ярилцлаа.


-Хичээл сургууль орж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын түгжрэл ихсэж, иргэд бухимдалтай байна. Танай нэгж, хотын захиргаа ямар шийдэл олж, ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Авто замын түгжрэл нь дэлхийн бүхий л том хотуудын толгойны өвчин байсаар ирсэн. Нэг саяас дээш хүн амтай метрополис хотуудаас авто замын түгжрэлийг 100 хувь шийдчихсэн хот гэж бараг байхгүй. Түгжрэл ярихын тулд эхлээд хот төлөвлөлтөө ярих нь зүйтэй. Улаанбаатар хот өөрөө их онцлогтой. Дөрвөн уулын дунд хавчигдмал гэж ярьдаг ч дэд бүтэцдээ хашигдсан хот. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал өнөөдрийн нягтралыг үүсгэхэд хамгийн их нөлөөлж байгаа. Үүнийг бид маш сайн ойлгох хэрэгтэй.

Механик өсөлтөд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс байна. Нэгдүгээрт, авто машин нь хүний анхан шатны хэрэглээ болчихсон учраас үүнд буруу өгч болохгүй. Хоёрдугаарт, Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын нэг. Мэдээж 40 хэмийн хүйтэнд хүн алхахыг хүсэхгүй шүү дээ. Аль болох тав тухтай, дулаан зорчихыг бодно.

Ингээд машиныг сонгож байгаа юм. Анхны төлөвлөлтөөр Улаанбаатар хот ихдээ 300 мянга орчим авто машинд зориулагдаж төлөвлөгдсөн тул автомашины зогсоол, гарааш зэргийг тооцоолоогүй байсан. Түүнийгээ дагаад авто замын багтаамж  муу. Энэ төлөвлөлт маань нийгэм солигдсон ч өөрчлөгдөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Дээрээс нь төвийн дулаан, эрчим хүч, цэвэр, бохир усны хангалтаасаа үүдээд хүн ам, барилга орон сууцны нягтаршил үүссэн. Ингээд зөвхөн авто зам дээрх тээврийн хэрэгслийн түгжрэл гэхээсээ илүү нийгмийн хүртээмж буюу сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч хэцүү болсон. Тиймээс хот төлөвлөлтийн бодлогоо шинэчилж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г удахгүй УИХаар батлах гэж байна. Засгийн газар, нийслэлийн удирдлага “20 минутын хот” гэдэг шинэ бодлого боловсруулж, арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ. Эдгээртэй уялдуулж нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий урт хугацаанд хэрэгжих томоохон төслүүдийг эхлүүлж байна. Тухайлбал, их багтаамжийн тээврийн хэрэгсэл болох метро, авто замтай огтлолцохгүй дүүжин замын тээврийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Мэдээж зам гүүрийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах хүрээнд өргөтгөх, боломжтой байршилд шинийг барих, хоёр түвшний гарцыг байгуулж байна. Иж бүрэн инженерийн байгууламжтай Таваншарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд нээх гэж байна. Дараагийн хоёр нүхэн гарцны ажил эхэлсэн гээд урт хугацаандаа үр өгөөжөө өгөх олон ажлыг эхлүүлээд байна.

-Нийтийн тээвэр, дугуй, скүтэрийн тусдаа замтай болохгүй л бол түгжрэл буурахгүй нь гэж ярих хүмүүс байдаг. Ингэж шинээр зам барих боломж бололцоо бий юү?

-Одоогоор явган хүний болон авто зам эрэлтээ хангаж чадахгүй байна. Хувийн хэвшлийнхэн хэрэгцээ шаардлага байгааг олж хараад скүтэр, түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь, тусгай замын хүртээмжгүй байдал, олон нийтийн хайхрамжгүйгээс осол гарсаар байгаа сөрөг үр дагавар бий. Хот энэ жил нийт авто замынхаа 80 гаруй хувийг засаж, шинэчлэхээр ажиллаж байна. Боломжтой байршлуудад явган болон дугуйн замыг байгуулж байгаа. Гэвч зарим байршилд хэт төвлөрөлтэй, зам өргөтгөх байтугай явган зам гаргах ч боломжгүй бэрхшээл тулгарч байна.  Гэсэн ч хотын удирдлага иргэнд ээлтэй хот болгоход анхаарч байгаа.

-Метроны бүтээн байгуулалт эхэлсэн гэж та дээр дурдлаа. Хэдэн ч жил ярив. Метро мөрөөдөл байсаар байна гэдэг үл итгэгч олон бий. Яг барих юм уу?

-Улаанбаатар хотыг метротой болгох судалгааг анх 1980-аад оны сүүлээр хийж байсан юм билээ. Идэвхтэй яриад бараг 20 жил болж байна. Энэ санаачилгыг гаргахдаа хэрэгцээ шаардлага бий болсныг анзаараад л гаргасан байж таарна. Харамсалтай нь, энэ сэдвийг хэтэрхий улстөржүүлж, сонгууль бүрээр сэтгэлийн хөөрлөөр хандаж ирсэн. Одоо бидний хэрэгжүүлж байгаа метроны шугамын судалгааг 2009-2011 оны хооронд Солонгосын компани байгаль орчин талаас нь, ЖАЙКА нийгэм эдийн засгийн үр ашиг талаас нь боловсруулаад, анхны урьдчилсан ТЭЗҮ-ийг нь баталсан байдаг. Бид эдгээр ТЭЗҮ-үүд дээр үндэслэж төслийн ажлыг эхлүүлээд байна. Гэхдээ хот төлөвлөлт болон Улаанбаатар хотын хүн амын нягтрал, өсөлт бидний тооцоолж байснаас илүү хурдан байна. ТЭЗҮ-ээр таамаглаж байсан 2030 онд Улаанбаатар хотын хүн амын өсөлт ийм болно гэсэн тооцооллын түвшинд аль хэдийнэ хүрчихсэн байна. Тиймээс л тээврийн хэрэгслийн тэгш, сондгой зорчилт, буруу хүрдтэй машины хориг гэж 10-аад жилийн өмнөөс ярьж эхэлсэн шүү дээ.

2023 онд Засгийн газраас метро барих шийдвэр гаргасан. Ингээд энэ жил бид төслийн зөвлөх үйлчилгээнийхээ тендерийг зарлаж, долдугаар сарын 5-нд Солонгосын “Dohwa Engineering” компанийн консерциум шалгарч ажилдаа орлоо. Тэгэхээр метро барих асуудал хий хоосон мөрөөдөл биш болсон гэмээр байна. Э.Бат-Үүл даргын үед анх бонд босгож, хот мөнгө барьж үзэж байсан. Д.Сумъяабазар даргын үед хот татвараас бүрдүүлсэн орлогоо өөрийнхөө нэн шаардлагатай ажилд зарцуулах эрхтэй болсон.  Тэгвэл Х.Нямбаатар даргын үед хот өөрөө бонд босгож, төр хэвийн хэвшлийн түншлэлд түшиглэн том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх эрхтэй боллоо. Арван жилийн өмнө иргэд метро барихын оронд зам бариач ээ гэдэг байсан бол өнөөдөр метро шаарддаг болсон. Өөрөөр хэлбэл, метротой болох хүлээлт, эдийн засгийн чадамж өнөөдөр төгс бүрдээд байна.

Иж бүрэн инженерийн байгууламжтай Таваншарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд нээнэ

-Метроны бүтээн байгуулалтыг дагаад бизнес, эдийн засгийн өөр орчин бий болно биз дээ?

-Шинэ гэхээсээ илүүтэй хүртээмжтэй үйлчилгээнүүд бий болно. Метроныхоо буудлаас бүх үйлчилгээгээ авдаг. Цагийг хэмнэж, зүй зохистой ашиглаад ирэхээр хүмүүсийн гэр бүлдээ, өөртөө цаг зарцуулах нь нэмэгдэнэ.

-Барилгын ажил нь хэдийгээр эхлэх төлөвлөгөөтэй байгаа вэ

-Ирэх онд эхлүүлнэ. Энэ жил бид төслийн барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах эхний шатны тендерийг зарлана. Тендерийг хоёр үе шаттай зохион байгуулна. Ирэх оны хоёрдугаар сард хоёр дахь үе шатны тендерийг зарлаад хавар гэхэд барилгын ажил гүйцэтгэх компанитайгаа барилга угсралтын гэрээгээ байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна бэлтгэл ажил гэж асар том зүйл бий. Ирэх он бол бүхэлдээ барилгын ажлын бэлтгэл хийгдэх жил байх болно. Тоног төхөөрөмжөө оруулж ирэх, угсрах, дэд бүтэц, газар чөлөөлөлтийн асуудлуудыг бүрэн шийдэх гээд олон ажил бий.

-Метрогоо дагаад нийслэлийн эрчим хүчний асуудлыг хөндөж таарна байх. Аюулгүй, найдвартай байх тал дээр юу хэлэх вэ?

-Нийслэл төдийгүй манай улс эрчим хүчний асар өндөр дутагдалтай байгаа. Үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Түүнээс биш зөвхөн метронд зориулж цахилгаан станц барина гэж байхгүй. Метроны үйл ажиллагаанд ашиглагдах цахилгааны асуудал нь том масс дотор байгаа нэг л жижиг хэрэглэгч шүү дээ. Хамгийн гол нь найдвартай, аюулгүй байх ёстой. Тийм ч учраас энэ тал дээр бид нэлээд судалгаа хийж ажиллаж байна. Мэдээж 10 жилийн өмнөхөөс одоо огт өөр болсон. Метро ашиглалтад ортол дахиад л нөхцөл байдал өөрчлөгдсөн байна байх. Тийм болохоор бид том зургаар нь харж, эрчим хүч, дулаан, цэвэр, бохир, хөрсний усны асуудал гээд инженерингийн маш том ажлуудыг хийх хэрэгтэй болно. Аль болохоор л юмыг хаяж гээгдүүлэхгүйгээр хийх ёстой. Дээрээс нь эдгээр асуудлуудыг хот дангаараа хийж чадахгүй. Яам, агентлагуудын уялдаа холбоо, иргэдийн оролцоо маш чухал.

-Шинээр зам барих, гүүрэн байгууламжуудын тоог нэмэх чиглэлээр олон ажил хийж байгааг та хэллээ. Яг бодитой, хийгээд эхэлчихсэн ямар ажил байна вэ?

-Улаанбаатар хотыг анхнаасаа машинд зориулж төлөвлөөгүй, одоо ч тиймээрээ байгаа тухай хоёулаа ярилцлаа. Ямар ч түгжрэлгүй болгохын тулд одоо байгаа авто замын хүртээмжийг гурав дахин нэмэгдүүлэх хэрэгцээ бий. Харамсалтай нь, өнөөдөр бидэнд тийм боломж алга. Улаанбаатар хот дундуураа гол болон төмөр замаар хуваагдсан. Тэгэхээр гүүрийг олноор барих, нүхэн гарцны тоог нэмэх шаардлагатай гэсэн үг. Тиймээс нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр замын гарцыг нэмэгдүүлэх, хоёр түвшинтэй болгох тал дээр ажлууд хийж байна. Цаашид төмөр замын дээгүүр болон доогуур ганцхан машин гарах биш явган болон дугуйтай хүн гарах боломжийг нэмэх шаардлагатай. Өнөөдөр машины гарц нь явган хүнийхээс олон байгаа. Машинд сууж олон цаг түгжирч, тойрч төмөр замын дээгүүр гарч байхаар явганаар шууд гардаг гарцыг маш олон болгох нь түгжрэлийг бууруулахад том дэмжлэг болно. Мөн Туул гол дээгүүрх гүүрийг аль болохоор олшруулах хэрэгтэй. Үүний хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжихээр яригдаж байгаа.

-Шинээр төлөвлөсөн хоёр гүүрийг хаана, хаана барих вэ?

-Биокомбинат орчимд нэг, Яармагт ахиад нэг гүүр төлөвлөсөн байгаа. Эдгээр гүүр ашиглалтад ороод ирэхээр замын нэвтрэх чадвар нэмэгдэнэ. Мөн Туулын хурдны зам төсөл энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх төслүүдийн жагсаалтад оруулсан. Төлөвлөгөөт хугацаар ирэх онд барилгын алыг эхлүүлж 2029 онд дуусгах тооцоотой. Манай нэгж яг одоо ажлын даалгавар дээр нь ажиллаж байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөө буюу хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгал мэдэгдэхүйц буурна.

-Нийслэлийн тойрог замын төсөл гэж бас яриа байгаад байгаа?

-“Их тойруу” гээд тойрог замын төслийн зөвлөх үйлчилгээг бид энэ жилдээ сонгоно. Байршлуудын хувьд ойролцоогоор 13-15 километр орчим Их тойруугаа дайрсан давхар болон дан, тунель гээд олон хэлбэрээр төлөвлөөд, трассаа гаргаад олон улсын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлана. Авто замын эдгээр төслүүдийг хийхэд их төвөгтэй боловч хийхгүй байж болохгүй ажил болчихоод байгаа юм. Хийсний дараах үр ашиг нь харин өндөр.

-Энэ том бүтээн байгуулалтуудыг хийхэд хамгийн их асуудал болдог, цаг хугацаа алдуулдаг зүйл нь газар чөлөөлөлт байдаг. Та түрүүн том төслүүд дээр иргэдийн оролцоо, хандлага чухал гэсэн. Тэгвэл иргэд энэ талдаа хэр байна вэ?

-Удахгүй ашиглалтад оруулах Таваншарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг дурдъя л даа. Хүмүүс уг нь их дэмждэг. Гэхдээ газраа хэт өндөр үнэлдэг бэрхшээл бий. Сүүлийн үед хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа шүү. Хот ч энэ тал дээр нэлээд анхаарч байгаа. Газрын үнэ өндөр байвал төслийн зардал нэмэгдэнэ. Хоёрдугаарт, газраа чөлөөлж байгаа иргэдтэй гэрээ хэлэлцээр хийх, заримтай нь шүүхээр хүртэл асуудлаа шийдүүлэх гээд цаг хугацаа их ордог. Тэр хэрээрээ маш их хугацаа алддаг юм. Ер нь том төслүүдээ хийхийн тулд газар чөлөөлөлтийн асуудлыг урьдчилж харах зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, метроны нэгдүгээр шугамын судалгааг урьдчилж хийлгэчихээд тухайн трассыг хамгаалаагүй. Шинээр газар олголт өгөхгүй, байшин барилга бариулахгүй байх ажлаа хийж чадаагүй гэсэн үг л дээ. Тухайлбал, Амгалан орчим хэт барилгажсан учраас газар чөлөөлөхөд хүндрэл гарах магадлалтай. Тиймээс бид хотын ерөнхий төлөвлөгөөндөө метроны хоёрдугаар шугамаа тусгаж өгсөн. Эхнийхийгээ хийгээгүй байж гэж бодох хүн гарч мэднэ. Гэвч босоо тэнхлэгийн метроны шугамын газрыг хамгаалах зорилгоор ингэж тусгаж өгөхөөс өөр аргагүй. Тэгэхгүй бол газар чөлөөлөлтөд тулгарч байгаа одоогийн асуудал дахиад л үүснэ шүү дээ.

-Дүүжин замын тээврийн ажил эхэлчихсэн байгаа гэсэн. Энэ ер нь юу болж байна вэ?

-Бас л олон жил ярьж байгаа ажил. Бүгд найрамдах Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төсөл. Нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх ажлын нэг хэсэг нь. Дүүжин замын тээвэр нь олон улсад эхлээд цанын бааз, аялал жуулчлалын хэлбэрээр ашиглаж байгаад сүүлийн 20-иод жил нийтийн тээвэрт ашиглаж байна. Дүүжин замын тээврийн хувьд газар чөлөөлөлт харьцангуй бага ч ажил саатсан шалтгааны нэг мөн. Металл хийц болон кабин, тоног төхөөрөмжүүдийг Франц улсад үйлдвэрлэж байгаа. Эхний ээлжийн үйлдвэрлэлт нь 90 орчим хувьтай явж байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт авсан. Бараа материалын эхний хэсэг буюу тулгуур багануудыг суурьтай бэхэлдэг анкорууд нь ирэх сард Монголд бууна. Төслийн хүрээнд эхний шугамыг Улаанбаатар хотын босоо тэнхлэгт, Энхтайваны өргөн чөлөөг Наадамдчдын замтай холбосон 4.2 км урттай барьж байгуулна. Энэхүү шугам нь Туул голын дээгүүр гарч байгаа учраас тулгуур багануудын дийлэнх нь голын сав газар байрлаж байгаа. Францууд яг багана суух газрууд дээрээ геологийн нарийвчилсан судалгаа хийгээд суурийн бүтээцийг өөрчлөх шийдвэр гаргасан. Голын сав болон газар хөдлөлтийн нэлээд өндөр идэвхжилттэй бүс учраас гадсан суурь хийхээр болж, одоо нарийвчилсан зураг төсөл нь Барилгын хөгжлийн төвийн магадлалаар орж байгаа. Бэлтгэл ажлууд ерөнхийдөө хангагдсан. Нарийвчилсан зураг төслийн магадлалын ажил дуусангуут дулааны улирлаа ашиглаад ажлыг гурван ээлжтэйгээр явуулах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх оны гурав, дөрөвдүгээр улиралд багтаж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Дүүжин замын тээвэр жилийн дөрвөн улиралд ажиллах уу?

-Ер нь жилийн дөрвөн улиралд ажиллана. Дүүжин замын тээвэр нь хэд хэдэн онцлогтой. Жишээ нь, авто замын ачааллыг нэмэхгүй, цахилгаанаар ажилладаг учраас агаарын бохирдол үүсгэхгүй, дуу чимээ гаргахгүй, иргэн бүрт ээлтэй тээврийн хэрэгсэл юм. Мөн зорчих хурд нь тодорхой учраас хүмүүс цагаа тохируулаад сууж үйлчлүүлэх боломжтой. 4.2 км замыг нэг талдаа ердөө 11 минутад туулна.

-Найдвартай, аюулгүй байдал нь ямар байх бол?

-Ган татлагат тээврийн хэрэгсэл шүү дээ. Мэдээж өндөр технологи шаардсан хариуцлагатай ажил. Тийм ч учраас Францын тал тооцоо, судалгаан дээрээ нэлээд сайн ажиллаж байгаа. Бидний хувьд ч гэсэн бэлтгэл ажлыг хангаад явж байна. Үүнийг дагаад Европын холбооны хүн тээвэрлэх зориулалт бүхий дүүжин замын тээврийн ашиглалтын 15 шинэ стандартыг Монголын үндэсний стандарт болгон баталсан. Ер нь бид анх удаагаа ган татлагат тээврийн хэрэгслээр зорчих гэж байгаа мэтээр ойлгож, хүлээн авах хэрэггүй гэж бодож байна. Учир нь бидний өдөр тутам суудаг цахилгаан шат чинь яг л энэ системеер ажилладаг шүү дээ. Босоо чиглэлийн цахилгаан шатыг л хөндлөн чиглэлийн буюу дүүжин замын тээврийн хэрэгсэл болгочихоод байгаа юм. Гэхдээ техник учраас аюулгүй байдлыг сайтар хангах нь чухал. Туршилтыг 3-6 сарын хугацаанд зорчигчгүй, түр ачаа өгч явуулдаг олон улсын жишээ бий. Гүйцэтгэгч компанийн зүгээс гурван жилийн хугацаанд 16 мэргэжлийн ажилтан ажиллуулахаар давхар гэрээ хийсэн. Эдгээр мэргэжилтнүүдээ дагалдуулаад 50-60 хүн сургаж авна.

-Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамын зам тодорхой болсон гэсэн үү?

-Хоёрдугаар шугам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл байхаар төлөвлөж, ойролцоогоор 2.6 км урттай трассаа гаргасан. Их Монголын болон Олимпийн гудамж буюу 6.5 км зам байнгын түгжрэлтэй байдаг. Энэ чиглэлд шинэ гүүр барьсан ч дахиад замаа өргөтгөх ямар ч боломж байхгүй. Тиймээс тухайн орчинд амьдардаг хүмүүс бусад чиглэлүүдээс илүү ихээр алхаж, дугуйтай явдаг нь судалгаагаар гарсан. Газар чөлөөлөх ажил бага тул эхний трасс дууссаны дараа барилгын ажлыг шууд эхлүүлэх боломжтой.

-Өмнөх жишгүүдийн адилаар хоёулаа болно, бүтнэ гэж сайхан л ярилаа. Тэр ярианууд ажил болсон бол өнөөдөр бид ядахдаа хөнгөн галт тэрэг, тусгай замын автобусаар зорчиж байх байсан шүү дээ. Ер нь тэр төслүүд хэрэгжих боломж байсан юм уу?      

-Хөнгөн галт тэрэг газар дээгүүр явна. Уг нь хэрэгжих боломжтой хугацаа байсан гэж үздэг. Метрог бодвол хөрөнгө мөнгө бага шаардах, хурдан хийх боломжтой байсан. Мэдээж хийж болоогүй олон шалтгаан байсан байх. Том төслүүдийг хийхийн тулд улс төрийн том зориг хэрэгтэй. Дээрээс нь хөрөнгө санхүүгийн асуудал байна. Мөн хотод хийгдэж байгаа том төслүүдийг уул уурхайн ч юм уу, хөдөө орон нутагт хийгдэж байгаа төслүүдтэй харьцуулж болохгүй л дээ. Улаанбаатарт болохоор нөлөөллийн бүс нь маш өндөр. Тиймээс цаг хугацаа, тооцоо судалгаа, хөрөнгө мөнгө, олон нийтийн зөв хандлага гээд олон чухал зүйл шаарддаг. Авто зам дээрх тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгахын тулд улс төрийн болоод гүйцэтгэлийн түвшинд, ард иргэд маань ч гэсэн нэг цонхоор харж, нэг зорилготой явах хэрэгтэй. Яах вэ, сонгууль угтсан шоудалтын нөлөө байсан ч байж болзошгүй. Ямартай ч өнөөдөр бидний эхлүүлсэн төслүүд санхүүжилтээ шийдсэн, гараанаасаа хөдөлчихсөн учраас амжилттай болно.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 3, Ангараг гариг. Билгийн тооллын давхарласан 30, Бага морь одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 06:13 цагт мандаж 19:30 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.

2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

 

Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 2-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10,11-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: 2,6-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус дулаан, өдөртөө +8…+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6,7-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Хуульч П.Эрхэмбаяр “Хуулийнхан Н.Өнөрцэцэгийг шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг уландаа гишгэсэн” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх жил хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтөө дэмжсэн хөрөнгө оруулалтууд л байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол” хэмээн өгүүллээ.

Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн “УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т автобуснуудыг нь хүлээлгэж өгөх гэж байна” гэлээ.

  • Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо “III ДЦС-ын төсөлд төр, засгийн зүгээс илүү анхаарал, болгоомжтой байх биз” хэмээснийг I болон III нүүрээс уншаарай.
  • Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн “Амбасэлмаа эгчид би ганцхан удаа магтуулсан байдаг юм” хэмээн ярилаа.

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Лу жанжин гүний наадам Хан Хөхүйн тэнгэрээ өргөлөө

ГАДААД МЭДЭЭ: Дональд Трампыг яллах дүгнэлт шинэчлэгджээ

АРЫН НҮҮР: Түгжрэлийг бууруулахад өөрсдийнхөө хувь нэмрийг оруулцгаая


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусаж ашиглалтад орлоо.

Тус барилга нь зоорьтой, хоёр давхар бөгөөд заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын өрөөг тус тус зохион байгуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Инерци” ХХК болон “Барилга менежмент” ХХК-иуд ажилласан байна.

Э.Бадамгарав