Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь томилогдлоо DNN.mn

УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах чиг үүргийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтэд парламентын боловсрол олгохоос гадна парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцдаг байна.

Тус хүрээлэнгийн захирлаар профессор Дагва-Очирын Бумдарь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрбээр 2003 онд ШУТИС-ийн Математикийн сургуулийг инженер багш мэргэжлээр, 2008 онд Япон Улсын Кокушикан их сургуулийг улс төр судлаачаар тус тус төгссөн. 2013 онд Япон Улсын Кокушикан их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 2013 онд Д.Бумдарь нь МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессороор уригдан ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оноос Улс төр судлалын тэнхимийн профессор зэрэглэлд ажиллах болсон. МУИС-ийн дэд профессор цолтой.

Гадаад бодлого, ардчиллын институцүүд, цахим засаглал, зан үйлийн шинжлэх ухааны хүрээнд салбар дундын судалгааг дагнан судалдаг Д.Бумдарь нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын төлөвшил зэрэг улс төрийн тогтолцооны шинэчлэлийн талаар чамгүй олон жилийн турш олон нийтийг мэдээлэл, судалгааны үр дүнгээр хангаж иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Архангай аймгийн Чулуут сумаас баруун зүгт 27 километр зайд есдүгээр сарын 17-ны 04:01 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина DNN.mn

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс Нидерланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэд, ус, ойн чиглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан болон Нидерландын Засгийн газрын гамшгийн эрсдэлийг бууруулах албаны мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуу жалга орчимд ажиллаж, гарц гаргалгаа, шийдлийн талаар санал солилцлоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нийслэлээс хотын дундуур урсаж байгаа голын усны менежментийг сайжруулах, дэлхийн стандартын түвшинд хийж хэрэгжүүлэхийн тулд олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Уг ажлын хүрээнд зөвхөн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бус дунд болон урт хугацаандаа голуудын урсацыг тохируулж, ус хуримтлуулах, тухайн орчимд тохижилт хийх зэргээр голын усны менежментийг сайжруулах бодлого барьж буй” гэв.

Голын усны менежментийн шийдлийн талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн жил буусан үерийн дараа бид олон орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Тэдний хэлж буйгаар манай хотын дундуур урсдаг голууд их хэмжээгээр бохирдож, лаг хагшаасаар дүүрсэн байсныг цэвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг тодотгосон. Мөн Улаанбаатар хот олон уулын дунд оршдог тул жижиг хэмжээний гуу жалга ихтэй. Иймээс гэнэтийн усархаг борооноор гуу жалганууд руу урсаж орж ирэх лагууд их байдаг учир тунгаах хэсгүүд хийн, лагийг цэвэрлэх боломжтой. Түүнчлэн Сэлбэ, Улиастай, Туул зэрэг томоохон голын хотын суурьшмал бүс рүү ордог хэсэгт хөв цөөрөм болон ус тунгаах хэсэг байгуулах нь зөв гэдэг шийдлүүдийг гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн 2-3 байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар хийх гэж байна. Энэ арга нь үр дүнтэй байвал цаашид бусад байршилд нэвтрүүлнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум Мунгараг багийн “Сар гэрийн гол” гэдэг газар  ойн гал түймэр гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар,  Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, энэ сарын 15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан байна.

Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 225 га талбай өртжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1188 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1188 автобус иргэдэд үйлчилж байна.

May be an image of 1 person, tram and text
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобус бүх төрлийн карт уншдаг болжээ DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний автобус бүх төрлийн карт уншдаг болсонтой холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.

1.Төхөөрөмжийн дээд хэсэг QR уншдаг

2.Голын хэсэг төлбөрийн мэдээллийг харах боломжтой

3.Зорчигч та карт уншуулж байгаа зурагтай буюу хамгийн доод талд нь картаа уншуулаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Иймд

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

– Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй байх,

-Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах,

– Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ DNN.mn

2024 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альпард маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, нэг ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар дээрх гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тэдгээрээс таван утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгөөд байна.

Тодруулбал, альпард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрх гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн 2024 оны есдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг  шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын 9 ширхэг гар утсыг хилээр авч гарах үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдаж хохирсон байжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг өнөөдрөөс шинэчилж эхэллээ. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс хойш 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байсан юм. Тэгвэл тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна. Өнөөдөр замын гүйцэтгэгч компанитай зарим хийцлэлийн талаар зөвшилцлөө. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулаад замын ажил эхлэх улаан шугам хүлээлцэж байна. Энэ зам хийцлэл сайтай учраас насжилт өндөр, чанар сайн байх болно” гэв.

Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх бүс өмнө нь зуслангийн бүсэд хамаардаг байсан бол одоо орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс тус авто замд шинэчлэл хийх ажил чухал болохыг албаныхан хэлж байсан билээ. Ийнхүү авто замын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ DNN.mn

Цахим залилангийн гэмт хэргийн төрлүүд жил ирэх тусам олширч, хохирогчид ч нэмэгдсээр байна. Үүний нэг нь “Буцалтгүй тусламж олгоно” гэх цахим залилангийн гэмт хэрэг юм. Залилагчид фэйсбүүк сүлжээнд янз бүрийн нэршлээр хуурамч хаяг үүсгэдэг. Түүндээ буцалтгүй тусламжийн талаар мэдээлэл оруулна. Мөн тэрхүү мэдээллээ иргэд рүү хувь чаатаар илгээж, залилан үйлддэг юм байна. Жишээ нь, “Нийгмийн банк” гэх хаягнаас иргэд рүү 1-80 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгодог гэх хуурамч мэдээлэл ирүүлдэг. Тодруулбал, “BEI санхүүжүүлж, Монгол Улсын иргэн бүрд 1 саяас 80 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгодог. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй буурай хөгжилтэй тэмцэх төсөлд дэмжлэг үзүүлэх хүрээнд уг төслийг эхлүүлсэн” гэж эхэлж танилцуулдаг. Үүнд итгэсэн иргэд лавшруулж мэдээлэл тодруулж эхэлснээр хохирогч болдог ажээ. “Нийгмийн банк”-д хохирсон иргэд эхнээсээ цагдаагийн байгууллагад хандаж эхэлжээ. Залилагчид иргэдийг хэрхэн хуурч мэхэлдэг болохыг тодруулахаар тус хаяг руу хандаж үзлээ. “Олон улсын буцаан олголтгүй санхүүжилт (SIFNR) нь Монголын бүх хүмүүст буцаан олгохгүй санхүүгийн тусламж үзүүлдэг. Буцаан олгогдохгүй санхүүгийн тусламж гэдэг нь бэлэг болгон олгодог мөнгөн дүн бөгөөд та 5,000,000 ₮ -аас 990,000,000 ₮ хүртэлх SIFNR-ийн дүнг хүлээн авмагц ямар ч тохиолдолд бидний санал болгож буй мөнгийг буцааж төлөх шаардлагагүй болно. Санхүүгийн бэрхшээлтэй хүмүүсийг урамшуулж, дэмжих, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн олон нийтийн (төр, олон нийт) эсвэл хувийн (сан, холбоо) төслүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой” гэж танилцуулж байна. Үргэлжлүүлэн гэр бүлийн хүүхдийн тоогоор хэдэн төгрөг авах эсэхийг шаталж асуудаг аж. Жишээ нь, нэг хүүхэдтэй бол 30 сая, хоёр нь 60 сая, гурав нь 90 сая гээд үргэлжилнэ. Ингээд овог нэр, оршин суух хаяг, мэргэжил, иргэний үнэмлэхийн зураг, банкны данс зэрэг хувийн мэдээллийг өгөхийг шаардаж байна. Энэ мэдээллээ авсны дараа “Баяр хүргэе, таны өргөдөл амжилттай боллоо Бид танд 60,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг хоёр цагийн дотор олгоно” гээд төлбөр төлөхийг шаарддаг аж. Ингэхдээ банкны данс нээлгэх: 70 мянга, файлын оршин суугаа газар 60 мянга, орлогын тэмдэг 200 мянга, хууль ёсны бичиг баримт 45 мянга, санхүүгийн бригадын түвшинд төлсөн өргөдлийн хураамж 55 мянга зэргээр 430 мянган төгрөг төлөх ёстой гэнэ.

Ийм маягаар сошиал дээр иргэдэд итгүүлж, залилдаг юм байна. Энэ төрлийн гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэх талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Итгэлтээс тодрууллаа.

-Цахим сүлжээнд “Буцалтгүй тусламж олгоно” гэх зар түгээж, иргэдийг залилдаг болсон байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Залилагч этгээдүүд нийгмийн эмзэг давхарга руу 150 сая хүртэлх төгрөгийг буцалтгүйгээр олгоно гэсэн зарыг хүргэж, тухайн иргэний овог нэр, банкны данс зэрэг хувийн мэдээллийг олж авдаг. Ингээд “Та манайхаас буцалтгүй тусламж авах болзол хангаж байна. Та тусламжаа авахын тулд 50 мянга, 80 мянган төгрөг тушаах хэрэгтэй гэдэг. Ингэж нэхэж байгаа мөнгөн дүн нь харилцан адилгүй. Хэрэв мөнгө байхгүй, хүрэхгүй байна гэвэл байгаагаа өгчих гэдэг, тэгээд дансыг нь баталгаажуулна гэдэг. Ийм маягаар иргэдийг хохироож байгаа үйлдэл юм.

-Ялангуяа ахмад настнуудыг залилдаг бололтой. Сүүлд 20 гаруй сая төгрөгөөр хохирсон ахмадууд ч байгаа гэх мэдээлэл байна?

-Нийгмийн эмзэг давхарга буюу амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл дээр л дөрөөлөөд үйлдэгдээд байгаа юм. Хохирлын хэмжээ янз бүр байна. 20 сая битгий хэл 36, 52, 112 сая гээд өндөр хохиролтой хүмүүс ч бий. Шалгалтын ажил үргэлжилж байгаа.

-Иргэдэд юуг сэрэмжлүүлэх вэ?

-Шинээр олон яам байгуулагдаж, нэрс нь өөрчлөгдсөн. Залилагчид төрийн байгууллагын нэр, лого зэргийг ашиглаж иргэдийг хууран мэхэлж итгүүлж байгаа. Тиймээс төрийн байгууллагын нэрсийг иргэд мэддэг баймаар байна. Хамгийн гол нь хямд төсөр зүйл гэж огт байхгүй. Ялангуяа буцалтгүй тусламж, хүүгүй зээл гэж хаана ч байхгүй. Үүнийг анхаарах хэрэгтэй. Цахим орчинд тантай харилцаж энэ төрлийн мэдээлэл өгч байгаа агуулгыг сайн хараарай. Монголчуудын ярилцдаг ярианы агуулгаас өөр утга найруулга, үг хэллэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл, залилагчид хиймэл оюун ухаан ашиглаж иргэдэд мэдээлэл хүргэж байна. Эдгээр зүйлсийг анхаарч нягталж цахим залиланд өртөхөөс сэргийлээрэй. Хэрэв хохирсон гэдгээ мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандаарай.

Б.ЗАЯА