Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол, Хятадын найрамдлын өдрүүд” арга хэмжээ эхэллээ DNN.mn

“Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг”(МХНН), БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хамтран 2024 оны есдүгээр сарын 20-нд нийслэл Улаанбаатар хотноо жил бүрийн уламжлалт “Монгол, Хятадын Найрамдлын өдрүүд”-ийг эхлүүлж байна.

Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд тохиож буйгаараа онцлог ач холбогдолтой юм.

Эдгээр арга хэмжээг угтуулан тус нийгэмлэгээс 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын ГХЯ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ ба “Нэг бүс нэг зам” судалгааны төвтэй хамтран БНХАУын Ногоон хөгжлийн ололт ба Монголын боломж сэдэвт эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яаманд зохион байгуулна.

“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейн Төв үзэсгэлэнгийн танхимд 9 дүгээр сарын 20-27 өдрүүдэд олон нийтэд дэлгэж толилуулна.

Мөн “Монгол, Хятадын найрамдлын 7 хоног”-ийн болон “БНХАУ-ын ТӨЗО-ны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд 9 дүгээр сарын 23-нд хийнэ. Уг үзэсгэлэн 9 дүгээр сарын 30 хүртэл  гарна. Энэ удаа БНХАУ-ын Т Ө З О-ны хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож буй нь уг арга хэмжээний агуулга, хүрээг өргөтгөж байгаа болно.

Түүнчлэн 9 дүгээр сарын 24-нд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Дээрх өдрүүдэд тус нийгэмлэгээс “Монгол, Хятадын харилцаа, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг, ярилцлагыг Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз болон Радиогоор зохион явуулна.

Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюаний “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт 9 дүгээр сарын 25-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд, мөн зохиолчийн уншигчид, оюутан залууст зориулсан лекц, уулзалт 9 дүгээр сарын 26-нд МУИС-д тус тус зохион байгуулагдана.

Үүнээс гадна “Монгол, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаа” сэдвээр Академич А. Бакей олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгнө.

Найрамдлын өдрүүдийн хүрээнд БНХАУ-ын орчин цагийн дижитал хөгжлийн тухай мэдээ, мэдээлэл, танилцуулга болон цөлжилттэй тэмцэж буй туршлагаас олон нийтэд хүргэх болно.

Жил бүрийн уламжлалт “Монгол, Хятадын найрамдлын 7 хоног” нь найрамдалт хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбар, орон нутгийн харилцаа хийгээд ардын дипломатын үйл ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар ард түмний хоорондын харилцан танин мэдэхүй, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Монгол, Хятадын найрамдлын элчээр Мазаалай, Панда хоёрыг анх 2022 онд өргөмжилснөөс хойш эдгээр ховордсон амьд байгалийн өвийг жил бүр тэмдэглэх найрамдлын өдрүүдийн бэлэгдэл болгосон билээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 50 хувьтай байна DNN.mn

Улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 50 хувьтай байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн сараас зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш зах, худалдааны төв ажиллахгүй DNN.mn

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ маргааш болно.

Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 12 дахь жилдээ болох гэж байна.

Энэ өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн зохиогдож, төвийн зургаан дүүргээс арга хэмжээ зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Улсын Арслан Б.Орхонбаярт “Заан Жимни” автомашиныг гардууллаа DNN.mn

“Бридж Моторс” ХХК-ны зүгээс үндэсний баяр наадмын долоогийн даваанд тунан барилдан давсан Сэлэнгэ аймгийн Цагаан Нуур сумын Уугуул Монгол улсын Арслан Баярсайханы Орхонбаярт намрын дунд сарын билэгт сайн өдрийг сонгон 4 дэх “Заан Жимни” бай шагналыг гардуулан өглөө.

Уг арга хэмжээнд  “Бридж Корпорац”-ын  ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг, “Монголын Үндэсний бөхийн Холбоо”-ны Ерөнхий менежер С.Гантөр, “Бридж Корпорац”-ын Гүйцэтгэх захирал Ө.Батзориг, “Бридж Моторс ХХК” Гүйцэтгэх захирал Н.Батбаяр болон бусад удирдлагын баг бүрэлдэхүүн оролцон, залуу арсланд баяр хүргэлээ.

Жимни нь дэлхийд хамгийн авсаархан оффроуд автомашин гэдгээрээ өндөр үнэлэгддэг ба Өмнөд Америкийн ноён оргил Чили Улсын Охос дель Саладо уулын 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бүртгэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв зам хаана DNN.mn

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээг энэ сарын 21-ний бямба гаригт зохион байгуулна.

Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана. Мөн автомашингүй өдрөөр хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй аж. 

Хязгаарлах замууд:

  • Д.Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,

Тус өдрийг дэлхийн 1500 орчим хот тэмдэглэдэг байна. Манай улс энэ өдрийг 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь автомашинаас татгалзахад олон нийтийг уриалах аж. Энэ өдрийн хувьд, төвийн байршилд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд зах, худалдааны төвүүд ажиллахгүй. Сүхбаатарын талбайд урлаг, спортын өдөрлөг зохион байгуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асар барина.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ DNN.mn

Олон улсын “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан гэж дүгнэжээ. Энэ талаар СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш Ц.Батсүхээс тодрууллаа.


-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахилаа гэж байна. Олон улсын агентлаг юуг үндэслэж ийм зэрэглэл тогтоож байна вэ?

-Сүүлийн хоёр жилд Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд өмнөх жилүүдээс илүү эерэг сайн байлаа. Ковид цар тахал, геополитикийн хүндрэлийг хурдтай даван туулж, “шинэ энгийн төлөвт” шилжин, ДНБ-ий өсөлт тогтвортой өндөр байж, энэ жил инфляцийн түвшин өмнөх жилээс харьцангуй ихээр буурсан, төлбөрийн болон төсвийн тэнцэл сайн байгаа нь зэрэглэл ахихад нөлөөлсөн.

-“В+тогтвортой” зэрэглэлд шилжсэнээр манай эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

-Олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулж байгаа нь Засгийн газар болон бусад байгууллагууд олон улсын зах зээлд бонд гаргах тохиолдолд хүү багатай эх үүсвэр татах, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгалд нэмэгдэх эерэг нөлөөнүүд үзүүлэх талтай.

Зээлийн хүү хэдэн хувиар буурах боломжтой вэ?

-Дотоодын зээлийн хүү буурахад шууд утгаараа нөлөөлөхгүй ч, хэрвээ арилжааны банкууд олон улсын захаас бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр татаж, зээл олгосон тохиолдолд тодорхой хэмжээнд дам утгаар нөлөөлөл үзүүлж болно.

-Засгийн газраас зарласан 14 төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ гэж Ерөнхий сайд хэлж байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Энэ нь олон улсын зах зээлээс санхүүжилт босгох бололцоо илүү нэмэгдэж байна гэсэн утгаар хэлсэн болов уу гэж бодож байна.

-АНУ уржигдар бодлогын хүүгээ 50 нэгжээр бууруулах шийдвэр гаргалаа. Энэ валютын ханшид яаж нөлөөлөх вэ?

-Гадаад валютын, ялангуяа америк долларын эсрэг төгрөг тодорхой хэмжээнд чангарах нөхцөл болно. Гэхдээ манай улсын хувьд мөн бодлогын хүүгээ бууруулсан нь хүүний паритет нөхцөлөөр санхүүгийн зах зээл дээр мэдэгдэхүйц нөлөө гаргахгүй байх. Харин экспортын орлогоос шалтгаалан гадаад валютын орох урсгал нэмэгдэж байгаа нь ханш тогтвортой байх боломжийг олгоно.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно DNN.mn

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ.

10 ялалтынхаа 5-т нь хүнд цохилтоор учраагаа буулган авсан түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарсан бөгөөд өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато байх юм.

Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-т ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин байна.

15 ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ.

Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болох юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн  бэлтгэл ажилтай танилцлаа. “Сэлбэ дэд төв” 20 минутын хот бодлогын жишиг хот болох юм. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөжээ. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айлынхыг чөлөөлөөд байна. “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах гэрээ байгуулжээ. Гэрээт ажлын хүрээнд эхний ээлжийн барилгажилтын төсөл болох Сүхбаатар дүүрэг дэх 10 га, Чингэлтэй дүүрэг дэх 13 га газрын төлөвлөлтийг батлуулсан байна. “Сэлбэ дэд төв”-ийн дэд бүтцийн ажил бүрэн дуусчээ.  Энэ онд багтаж газар чөлөөлөлтийг дуусгаж 1184 өрхийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, шат дараатайгаар бүтээн байгуулалтыг хийнэ. Тус төсөл 2028 онд хэрэгжиж дуусна. Дараагийнх нь “Баянхошуу дэд төв” байх бөгөөд одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дууссан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нөөс гажихгүйгээр ажлаа хийхийг санууллаа. Орон сууцны хороолол барихад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг бүрэн төлөвлөн иргэд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, иргэд түгжрэхгүй, 20 минутад төрийн бүх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлого гэдгийг хэллээ. Мөн 1992-2021 он буюу сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол Засгийн газраас 2024-2028 онд үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 20 минутын хот бодлогын эхний жишиг нь Сэлбэ дэд төв байх бөгөөд цаашид Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг түшиглэн хот байгуулж нийслэл дэх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй түгжрэл, агаар, орчны бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж байна. Энэ ажилд хувийн хэвшлийг татан оролцуулж, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийвэл татварын бодлогоор дэмжинэ гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид ирэх сард багтаан нийт 158 га талбайд баригдах 12 мянган орон сууцны гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй байна.  “Сэлбэ дэд төв”-ийн дараа Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийнэ. Ингэснээр цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад газрын нөөц сан бүрдэнэ. “Сэлбэ дэд төв”-ийг нийслэлийн бондоор санхүүжүүлнэ. Удахгүй Баянхошуу, Ханын материал орчмын төлөвлөлтийг олон нийтэд танилцуулна.  Баянхошуунд 800 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд нийтдээ 1700 айлын орон сууц баригдана гэлээ.
“Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт дуусаж хот болсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Багахангай дүүргийн “Хангай” сургуулийг хувааж, хоёр сургууль болгоно DNN.mn

Нийслэлийн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” сургуулийг бие даасан ерөнхий боловсролын хоёр сургууль болгон өөрчлөн байгуулах асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.

Тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулах санал иргэдээс ирсэн учраас уг асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн гишүүд энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр “Хангай” сургуулийн нөхцөл байдалтай танилцсан байдаг. Түүнчлэн сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар “Хангай” сургуулийг хувааж, бие даасан хоёр сургууль болгохыг хүссэн үр дүн гарсан билээ. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль бодлогын зорилтын хүрээнд сургуулийн менежментийг сайжруулж энэхүү ажлыг хийхээр боллоо.

Үр дүнд нь багш нарын ачааллыг бууруулах, ажлын байран дээрээ хөгжих, мэргэжлийн хөгжлийн ахицыг хангаснаар сургалтын амжилт, чанарт ахиц гарах боломжгой гэж дүгнэж байна.