Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй DNN.mn

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ өнөөдөр болж байна. Энэ өдөр дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр “Автомашингүй өдөр” DNN.mn

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ болж байна. Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 12 дахь жилдээ болох гэж байна. Энэ өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй.

Мөн Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн зохиогдож, төвийн зургаан дүүргээс арга хэмжээ зохион байгуулна.

Дээрх авто замуудыг 07:00-18:00 цаг хүртэл хааж, нийтийн тээврийн хэрэгслийг бусад замаар зохион байгуулж явуулна. 41 чиглэлийн автобусны зөвхөн чиглэлд нь өөрчлөлт орох боловч амралтын өдрөөр ажилладаг 945 нийтийн тээврийн хэрэгслийн тоо өөрчлөгдөхгүй учир иргэд саадгүй зорчиж, “Автомашингүй өдөр” арга хэмжээнд оролцох боломжтой.Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар зам хааж буй 310 цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана. Зам хаасан байршлуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Иргэдийн санал хүсэлтийн дагуу явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг гэмтээхгүйн тулд энэ зохицуулалтыг хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөшөөтийн голын намар буюу хоёр ажаа минь DNN.mn

Аавыгаа Ажаа гэж дууддаг ёс төв халхынханд саяхныг хүртэл байсан. Дөнгөтийн Цоодол найрагчийн “Ганцхан Ажаатай хорвоо”, Жамбалын Мягмарсүрэн эрхлэгчийн “Ажаагийн хийсэн хусан тэрэгний ялуу” гээд аавынхаа тухай, ус голынхоо тухай нуугьтал бичсэн дурсамжуудыг бид мэднэ. Манай Хөшөөтийн голынхон (Булганы Хишиг-Өндөр) аавыгаа Ажаа гэнэ. Аавын дүү Отгоншарав ахын “Ажаа минь өнгөрсөн тэр намар шиг урт намрыг үзээгүй” гэж хэлсэн үг санаанаас гардаггүй. Намар болохоор буцах шувуудын ганганаатай цуг цээжинд хургаж зүрх хөндүүрлэх нь бий.

Ачит эцгээ алдан өнчирч хоцорсон үрсэд нь намрын сар барагдаж өгөхгүй зовоох нь гарцаагүй. Уул нурж, тэнгэр хөмөрсөн мэт тэр намар Отгон ахын үгнээс сэтгэлд шархиртал буудаг юм. Эндээс ургуулаад бодохоор намрын улирал хүмүүн гэгчид санаж сэрэхүйн “дуут дохио”-г өгдөг шиг. Намрын нар налайгаад л, өнөө айргийн амт нь чимчигнэж, алтан намрын өнгө нь тунараад байгаа хэрнээ нэг л сэтгэл дэнслээд тогтож өгдөггүй. “Намар болоход ээжгүй хүн энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг” хэмээх найрагчийн шүлэг нэгийг хэлнэ. Мөн “Ээ хүү минь намрын салхиа, ингээд л хүний сэтгэл эвдчихдэг юм” гэж хүүгээ сургуульд нь үдээд зогсож буй эцгийн дүр тодорном.

Намрын улирал амьдралын утга учрыг ингэж л буцаж буй шувуудаар, урьхан хонгор салхиар, уулын оройн будан, бугын дуудлагаар хүмүүний зүрхэнд суулгаж өгдөг буй за. Аавын минь аав Батсүх Ажаа, түүний төрсөн дүү Бавуу Ажаа. Хөшөөтийн голын хоёр багана нь байсан хоёр Ажаа минь. Намар болохоор л нялххан миний сэтгэлд хөндүүрлэн бодогдож алсын уулнаас дүр нь харагдаж, аясын салхинаас дуу нь сонстох шиг л болох юм даа. Учир юунд юм бол оо.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Чагнаагийн Пүрэвдорж: Би шүлгээ бичээд хэнд ч хэлдэггүй, хэнд ч уншдаггүй. Өөртөө л үлдээдэг DNN.mn

Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагчийн Чагнаагийн Пүрэвдоржтой хөөрөлдсөнөө хүргэе. Эрдэмтэн зохиолчтой энэ удаад зөвхөн яруу найргийн талаар ярилцсан юм. Тэрээр “Амьдралын төгөл” (2018 онд), “Амьдралын төлөөс” (2020 онд), “Амьдралын төөрөг” (2021 онд), “Амьдралын төвөргөөн” (2023 онд), “Амьдралын аялгуу (2024 онд) гэсэн яруу найргийн 5 боть хэвлүүлсэн бөгөөд яруу найргийн бүтээл нь англи, япон, франц, герман, орос хэлээр мөн буриад, босоо монгол бичгээр хэвлэгдэж дэлхий нийтийнхний анхаарлыг татаад буй юм.


-Та бол уран бүтээл, ялангуяа шүлэг найргаа эрт эхэлсэн хүн. “Ачтайхан ээжийнхээ асрал хайрыг амин зүрхэндээ дээдэлж явнаа хө, амин зүрхнийхээ тэр л хайраар амьтны үрсийг хайрлаж явнаа хө” хэмээн Адраагийн дуулсан “Ээжийнхээ хайраар” дуу зохиогдоод 40 жил болж байна. Гэвч та их даруу явж ирсэн. Харин даравч далдайна гэдэг шиг сүүлийн жилүүдэд яруу найргийн 5 цуврал боть гаргаж их утга зохиолд өөрийгөө тунхаглалаа?

-Яруу найргийг эрт эхэлсэн нь үнэн боловч сүйдтэй юм байхгүй. Би боловсрол, шинжлэх ухаан бас яруу найраг гэсэн хоёр их мөрөн голын урсгалд хөвсөн азтай хүн. Харамсалтай нь хоёуланг нь зэрэгцүүлээд авч явж чадаагүй гэм надад бий. Их сургуульд багшлан эрдэм судлалын ажлаа хийж явахад яруу найраг маань хоцорч, яруу найргаа голлож байхад нөгөө ажил маань зогсож байх жишээтэй. Сүүлд яруу найргийн таван боть гаргасан. Энэ бол урьдаас төлөвлөж бодож боловсруулсан зүйл огт биш.

Өмнө гаргасан хэдэн номоо эмхэтгэн “Амьдралын төгөл” нэрээр хэвлүүлтэл дараа дараачийнх нь ном цувран гарсаар ийнхүү таван боть болсон хэрэг. Шүлэг бол хүмүүний зүрх сэтгэлийн ундарга учраас нэгийг нь ч төлөвлөж товлох ямар ч боломжгүй. Миний хувьд шүлгээ бичнэ гэж үүдээ түгжин, цонхоо нээх хэрэггүй байдаг. Аяндаа л өөрийнхөө эрхээр ороод ирдэг. Ирэхээ хүрвэл харин гэрт гадаа, босоо суугаа хаана л бол хаана хайр найргүй сандаргана. Ирэхгүйгээ хүрвэл таг чиг алга болно. Өөрийгөө мянга албадаад ч нэмэргүй. Албадлаа гэхэд олигтой санаанд хүрсэн юм барагтай л бол гарахгүй. Би шүлгээ бичээд хэнд ч хэлдэггүй, хэнд ч уншдаггүй. Өөртөө л үлдээдэг. Тэгэхлээр л би гэдэг хүн шүлэг зохиолоороо бусдыг сэрээж мэдрүүлэхээс түрүүнд өөрийгөө сэхээн хөөргөж, өөртөө таашаал авдаг байвал яах вэ. Бараг өөрөө өөртөө зориулж шүлгээ бичдэг гэвэл арай л дэгсдэх болов уу. Ер нь л тун дөхөж очно доо. Нэг гайгүйхэн шүлэг бичээд орхивол нэг хэсэгтээ л баяр хөөртэй өөдрөг явна. Шүлэг муухан бол дуу сулхан дух доошoo болох жишээтэй.

-Таны энэ чиг шугамыг яруу найрагчийн хувьд би гадарладаг л даа. Харин өөрөө өөртөө шүлэг бичдэг гэх ойлголт бусдад сонин санагдаж магад?

-Миний хувьд бараг тийм л болж таараад байгаа юм. Миний шүлгийг хэн юу гэж үзэх нь чухал биш, юуны өмнө өөрт л эхлээд таашаагдах ёстой гэж үздэг. Өөрийгөө эхлээд хүндэтгэх, өөртөө үнэнч байх түүгээрээ дамжиж бусдад ойлгогдох явдал ч бас байж болно. Тэгээд ч шүлэг зохиол гэдэг бичигчийн өөрийнх нь санаан зоргын зүйл биш гэдгийг сая хэлсэн. Тэнгэрээс ч юм уу, өөр хаанаас ч юм аяндаа буух нь их. Асгаран буй хур бороо хэний өмч вэ. Түүнийг бусдаас хямгадаж болох уу. Шүлэг зохиол бол тэнгэрийн л хишиг. Би түүнийг өөртөө хэчнээн зориулах мэт боловч ном болон хэвлэгдээд аяндаа бусдын хүртээл болно. Гэхдээ шүлэг зохиол дээрээ ажиллах гэж тун их няхуур ядаргаатай мөртлөө амттайхан ажил байдаг. Намайг залуучууд хөөргөөд яруу найрагч гэж дуудаад байгаа болохоос биш би уг нь зүгээр л нэг сайн дурын уран сайханч гэдэг шиг ямар нэг албан ёсны юм огт байхгүй ардын үлгэрч ерөөлч маягийн л хүн шүү дээ. Зүйрлүүлэн хэлбэл Хуульч Сандаг шиг ч гэх юм уу даа. Тэгэхдээ тэрхүү төгс төгөлдөр хүмүүс шиг бэлэн цэцэн үг, мэргэн санаагүй зөвхөн санаанд орсон төдийгээ тэмдэглэн авдаг, санаанд ороогүй бол зүгээр л явж байдаг. Яруу найраг бол мөнгө хөрөнгө, нэр алдар олох хэрэгсэл биш гэж би боддог. Яруу найраг бол хүний өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг хангадаг увдислаг тэнгэрлэг зүйл юм. Хүн гэдэг амьтны хамгийн чухал нэг шинж бол илүү өндөрт харайх, илүү хурдан гүйх, илүү сайхан дуулах гэх мэтээр өөрийгөө илэрхийлэх гэсэн хүсэл тэмүүлэл байдаг. Тэндээсээ хүн таашаал авч сэтгэлийн ханамж эдэлж явдаг.

-Утга зохиол судлаач Лхамын Самбуу таны “Амьдралын төгөл” бүтээлийг задалж маш том шүүмж манай сонинд гаргаж байсан. Тэгэхээр та “Амьдралын төгөл”-өөс хойш яруу найргийг гэнэт сэрж мэдрэв үү. Өмнө нь ийм гайхалтай бичээд байв уу. Гадна дотны олон судлаачид таны яруу найргийг өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн?

-Л.Самбуу, С.Энхбаяр, О.Содномпэл, Г.Батсуурь, Г.Бямбажав, Д.Драшек (герман), М.Петрова (орос) нарын зэрэг гадаад дотоодын олон сайхан нөхөд маань миний шүлгийн талаар үгээ харамгүй хэлсэнд талархаж явдаг. Тэдний бүтээлээс харахад миний шүлгүүд уран сайхан болоод шүлгийн хэлбэр гэхээсээ түрүүнд агуулга тал руугаа хандсан юм болов уу гэж бодогддог. Түрүүн би хэлсэн оюун санаагаа хоёр зүйлд зэрэг ажиллуулж чаддаггүй гэж. Гэнэт сэрж мэдэрсэн тухайд бол нэгд, би сургалт, эрдэм шинжилгээний нүсэр ажлаас халагдаж оюун санаа минь чөлөөгдсөн, хоёрт, ажил эрхэлж явсан сүүлийнхээ жилүүдэд нийгмийн шинэ орчинд багшилж, эрдэм судлалын ажил хийсний ачаар ардчилал, эрх чөлөөний үзэл санааг ухаарч ертөнцийг шинээр харж эхэлсэн нь намайг сэрээсэн болов уу гэж би боддог. ОХУ-ын нэрт монгол судлаач Ю.Н.Кручкин гуай намайг “Дорнын яруу тод төлөөлөгч, дорнын болоод өрнийн соёлыг тээгч” гэх мэтээр их л дөвийлгөн тодорхойлсон байдаг. Тэгэхдээ ганц би ч биш манай сэхээтнүүдэд бүгдэд нь байдаг энэ чанарыг Ю.Н.Кручкин гуай олж харсан нь чухал юм. Энэ бол өнөөгийн монголчууд бидний давуу тал мөн. Мэдээж энэ мэт нь миний бүтээлд нөлөөлдөг байх. Би бас Бурханы шашинтай хүн. Малгүй л болохоос биш малчин, номгүй л болохоос биш лам хүн гэж өөрийгөө тодорхойлон найз нөхдөө инээлгэдэг юм. Мөн Утга зохиол судлаач Л.Самбуу маань миний шүлгүүдэд экзистенци хандлага байна үзсэн байдаг.

-Тийм ээ, үүнээ жаахан тодруулаач?

-Оршихуй, тэр дундаа хувь хүний ахуйг судалгааныхаа төвд тавьсан экзистенциализм гэдэг философийг би сонирхдог нь үнэн. Байж байгаа юм буюу эсхүл юм байж байна гэх нь юу гэсэн үг вэ гэдэг асуултын хариуг философийн ухаан хайсаар явдаг гэж би ойлгодог. Оршихуйн философи дээрх асуултын хоёрдоход нь илүү ойр, хүн байна гэдэг, хүн оршин байх гэдэг юу вэ гэдэгт илүү төвлөрдөг. Тэр утгаараа ч экзистенциализм урлаг, утга зохиолд их нөлөөтэй. Миний шүлгүүдээс тэр талыг нь судлаач Л.Самбуу тухайлан үзэж илүү анхаарсан болов уу гэж бодож байна. Ер нь өрнийн болон дорнын сэтгэхүйд экзистенциализмын асуудлыг ялгаатайгаар хардаг байж магадгүй. Ер нь экзистенциализм тухайн үедээ тогтож хэвшсэн философийг сөрөн гарч ирсэн өргөн хүрээ бүхүй баримтлал. Тэгэхлээр биднээс хэн маань ч тэр уудам их орон зайг оносон байж болно шүү дээ. Хэрэв миний шүлэгт тогтсон хэлц, тогтсон сэтгэлгээнээс ялгаатай зүйл ажиглагдаад байвал тэнд мөнөөх экзистенци маань цохиж явна гэсэн үг л дээ.

-Та бол боловсрол судлалын хүн. Гэвч таны шүлгүүдээс философи ханхлаад байдаг. Аливаа юмны цаад, дотоод мөн чанар луу өнгийж буй мэдрэгддэг. Яг л мэргэжлийн философич шиг?

-Би мэргэжлийн философич биш, зүгээр л сонирхогч нэгэн. Харин бүр эртнээс дунд сургуулийн хүүхэд байхаас үүнд татагдаж эхэлсэн шүү. Их сургуульд сурч байхад манай улсын философийн алдарт профессорууд Ү.Нямдорж, Ц.Гомбосүрэн нарын лекцийг сонсож, семинарт нь суух завшаан тохиосон. Тэд бол тухайн үедээ барьж байсан философийг гарамгай судалсан бас философийн сонгодог зохиолуудыг орчуулдаг эрдэмтэд байсан. Тэр үеийн философид “Хөрөнгөтний философийг шүүмжлэх нь” гэж нэг хэсэг байдаг байв. Тэнд л нөгөөх экзистенциализмыг чинь ярьж өгнө шүү дээ. “Яагаад ийм байж болохгүй гэж” гэсэн эргэлзээг би тэндээс тээсэн гэж боддог. Хожим нь Оросын шинжлэх ухааны төв Санкт-Петербург хотод аспирантурт сурахдаа Философийн түүх хэмээх тун бага үзэл сурталжсан хичээлийг үзэж шалгалт өгсөн. Энэ бол өрнө дахины философийн үндэстэй илүү сайн танилцлаа гэсэн үг. Түүнээс хойш нэгэнт сонирхолтой юм болохлоор өөрийгөө гололгүй тааралдвал л философийн энгийн ном уншчих санаатай явдаг. Тэр бүхэн шүлгэнд маань алсуураа туссан байхыг үгүйсгэхгүй.

-Яруу найраг их утга зохиолд та хэн хэнтэй нөхөрлөж ирсэн бэ?

-60-аад оны төгсгөл 70-аад оны эхэн үеийн МУИС-ийн Утга зохиолын дугуйлан бол миний төгссөн Яруу найргийн их сургууль юм. Эрхэлсэн багш нь Ш.Гаадамба дугуйлангийн ахлагч Бямбажавын Хүрэлбаатар гишүүд нь С.Лочин, Х.Сампилдэндэв, Ломбын Нямаа, Л.Лувсандорж, С.Дулам, Л.Нямготов мэт арав гаруй залуучууд байлаа. Одоо цөм алдартнууд болжээ. Ахмад үеийн том зохиолчдоос дууны шүлэг батлуулж Б.Явуухулан, С.Дашдооров, Д.Содномдорж гуай, нутгийн зохиолч Ц.Доржготов, Жамцын Шагдар, О.Базаррагчаа, Ж.Барамсай, Д.Найманжин нартай танил тал явлаа. Бүр илүү их ойр явсан нь Дожоогийн Цэдэв, Ш.Сүрэнжав, Л.Дашням, Д.Цоодол, Ч.Дагвадорж, Д.Давааням, Ж.Бямбаа, Л.Хуушаан, З.Дорж, С.Оюун, О.Дашбалбар, Д.Банзрагч, З.Түмэнжаргал, С.Доржпалам гээд олон хүн байна даа.

-Та манай яруу наргийн өнөөгийн хөгжлийг юу гэж үздэг вэ. Энэ бас сонин санагдаад байгаа юм?

-Хүмүүс янз бүрийн л үнэлгээтэй явдаг байх. Би эх орныхоо яруу найргийн хөгжилд сэтгэл хангалуун явдаг. Бүх ахмад үе, хойч үедээ гүн хүндэтгэлтэй ханддаг. Агуу их Чойжи-Одсэрээс эхлээд анхны шүлгээ эхэлж яваа залуу хүртэлх бүх үеийн яруу найрагчид бол миний багш юм. Тангадын Галсан ах, Бадарч ах, Урианхай ах, Дашням ах тэргүүтэн Монголын их утга зохиолын яруу найргийн хоймрыг эзэлсэн буурлуудаа би өнөөдөр мэхийн хүндэлдэг. Яруу найраг буюу өргөн утгаараа шүлэглэсэн зохиол маань нэгэн зүйл ой модтой ижилхэн гэж би төсөөлдөг. Тэр нэгэн төгөлд өндөр гоо гачуур байхад өвч бүдүүн шинэс, өвгөрсөн улиас, үзэмж төгөлдөр цэцэгс, өргөс, халгай юу эс мундах билээ. Чухам тийм их олон янз байгаагийнхаа ачаар уг төгөл төгс төгөлдөр гоо сайхан бас үлэмж зохицлоор найрсан байдаг. Түүн лүгээ яруу найрагт ч адилхан сонгодог шүлэг, ардын үлгэр тууль, ерөөл магтаал, реалист, модерн, пост модерн сэтгэлгээний шүлгүүд цөм хамтдаа байж нэгэн сайхан найрал зохиролыг үүсгэн чуулдаг гэж би боддог. Тийм учраас надад тэр нь илүү сайхан, энэ нь дутуу тааруу гэх юм үнэндээ байхгүй. Гэхдээ тодорхой тохиолдол бүрт хувь хүний өөрийн гэх субьектив үнэлгээ мэдээж байх шүү дээ. Яруу найраг бол тухайн ард түмний нийтийн үнэт зүйл. Учир нь яруу найраг бол үндэсний оюун санааны хамгийн нарийн чамин дархлаа юм. Тийм учраас тэрхүү нийтийн үнэт зүйлээ яаж хамгаалж дэмжих вэ гэдэг бол шууд төрийн ажил болно. Хайхрамжгүй орхивол хаашаа ч хамаагүй ургаж бас унаж хагдрах бут, хамгаалж анхаарвал хаана ч байхгүй тансаг сайхан амьд цэцэрлэгт хүрээн байх болно.

-Үнэлгээ гэснээс таны шүлгүүд утга зохиолын ямар урсгалд хамаарах бол?

-Мэдээж би өөрийгөө үнэлж чадахгүй. Хэрэв хүн өөрийгөө үнэлж эхэлбэл давуулж буудахаас биш ер нь дутуудуулахгүй байх шүү. Тэгэж эхэлбэл магадгүй сэтгэл ханаж багыг боловч амжуулах хүслээ огоорч мэднэ. Миний шүлэг ямар урсгалд хамаарахыг би үнэхээр мэдэхгүй ямар ч гэсэн бусдаас ялгаатай байх сан, бусдыг давтахгүй сэн гэсэн нэг бодол л явдаг. Тэгэхдээ хэн боловч утга зохиолын ертөнцөд амьдардаг. Тэр ертөнцийн гэрэл гэгээ сүүдэр хэнд боловч тусаж л байгаа. Яг л уулын сүүдэр тал хөндийд буухад дор нь шүүдрийн ус хуримтлахтай төстэй. Би түрүүн ой модоор жишээ авч байсан. Их ойн дундаас ганц бургасыг сонгоод бүх ойг түүн шиг байх ёстой гэж болохгүй нь мэдээж. Түүн лүгээ адил реализмыг ч юм уу, модернизмыг ч юмуу, пост модернизмыг ч юм уу бариад яг үүн шиг бай гэж яруу найргийг ташуурдах боломжгүй. Яруу найраг бол өвс ногоо мэт өөрийнхөөрөө ургаж, өөрийнхөөрөө хагдарч байдаг зүй тогтолтой. Ер нь шүлэг хүмүүний сэтгэл санаанд амилдаг болохлоороо австракт, абсурд шинжтэй. Тэртэй тэргүй бид ертөнцийг яг байгаар нь харж чаддаггүй, дотроо санасныгаа бас яг тэр чигээр нь гадагш гаргаж бусдад дамжуулан хүргэж бас чадахгүй. Тийм боломж байхгүй хүн бол хязгаарлагдмал амьтан. Үүн дээр нь нэмээд хэлэхэд, яруу найргийн уралдаан наадам байх нь зөв үү гэдгийг хүмүүс бас сонирхдог. Яруу найргийг хэмжиж жигнэж болохгүй. Сэтгэлээрээ мэдэрч, хүртэж болдог. Тийм учраас яруу найргийг морь барих шиг уралдуулах боломжгүй. Гэхдээ яруу найраг ой мод мэт олон янз бас өргөн тавиу учраас хүнд хүрдэг арга зам нь мөн олон янз байх нь тодорхой. Ном сонин, бичлэг, уншлага, шоу наадам, тайлан тоглолт, уулзалт чуулган гэх мэт олон хэлбэрээр уншигчидаа очдог. Энэ нь уг асуудлын нэг тал нь юм. Нөгөө тал нь хөрөнгө санхүүжилттэй холбоотой. Манайд зохиогдож буй яруу найргийн наадмууд бол уншигчид сайн санаат дэмжигчид яруу найргаа санхүүжүүлж, хөрөнгө оруулж бас ард түмнээ цэнгүүлж буй нэг хэлбэр. Ийм наадам, ийм хөрөнгө оруулагчид харин ч их олон байгаасай билээ. Гэхдээ наадам явуулж буй арга хэлбэр цаашдаа улам сайжирч, зохион байгуулалтыг нь ил тод болж, оролцоог нь нээлттэй болгох талаар их зүйл хийгдэнэ байх аа гэж бодож байна.

-“Амьдралын төгөл”, “Амьдралын төлөөс” яруу найргийн ботиуд гадаадын олон хэвлэгдсэнийг асуулгүй өнгөрч боломгүй?

-Манай өвөг дээдс зохиол бүтээлээ түвэд, манж, хятад зэрэг гадаад хэлээр туурвиж ирсэн уламжлалтай. Ахмад үеийнхэн тэр уламжлалыг амжилттай үргэлжлүүлсэн. Ганц жишээ дурдахад “Монголын зохиолчдын номын сан” гэдэг томоохон цуврал бүтээлийг орос хэлээр гаргасан нь одоо номын тавиур чимээд сайхан л байна. Миний дуулж мэдсэнээр өнөөдөр Г.Аюурзана, Б.Номинчимэд нарын романууд, Ч.Галсан гуайн зохиолууд, Л.Дашням, Г.Мэнд-Оёо, Дан.Нямаа, Б.Энхтуяа, Л.Өлзийтөгс нарын зэрэг олон яруу найрагч түүврээ гадаад хэл дээр гаргасан нь цаашдаа улам нэмэгдэх нь дамжиггүй. Миний шүлгийн түүврүүд эрдэмтэй, чадалтай орчуулагчид Юрий Кручкин, Саймон Викхамсмить, Кимура Аяако, Вайглын Айлээн, Пүрэвдоржийн Гангаамаа, Шонхорын Майцэцэг нарын буянаар орос, англи, япон, герман, франц хэлнээ орчуулагдан тус бүр монгол хадмалтайгаар ном болон гарсан, ОХУ, Франц, Герман оронд хэвлэгдсэн. Мөн яруу найрагч Б.Бүргэд, зохиолч С.Алтанцэцэг нарын хөрвүүлснээр үндэсний монгол бичиг болон буриад аялгаар шүлгийн түүврүүд маань гарсан байдаг. Одоогоос бараг хорь шахам жилийн өмнө Тангадын Галсан ах маань миний шүлгийг үзээд чиний шүлэг орчуулагдана гэж надад хэлж байсан. Ах тэр үед миний шүлгийн нэг шинжийг лавтайяа олж харж дээ гэж би одоо боддог. Галсан ах мөн нэг удаа чиний шүлгүүд бол яруу найраг биш, янагийн шүлэг бол бүр биш, гүн ухааны бодрол бясалгал гэж хошигнож байсан. Гоёж чимж угалзруулсан ганган чамин чимэг багатай, хэт их далд санаагүй нь орчуулахад дөхөмтэй байсан байж ч мэдэх юм. Миний шүлгийг орчуулж өгөөч гэж хэн нэгнээс нэг их нэхэл дагал болоогүй явтал нэг мэдэхэд орчуулагдчихсан л байдаг. Тэр бол эрхэм орчуулагч нарын маань чадал чансаа өгөөж биз ээ.

-“Амьдралын аялгуу” тав дахь боть саяхан хэвлэгдсэн. Та бол хөгжмийн оргил Н.Жанцанноровоос аваад төрийн шагналт Ц.Чинзориг, С.Соронзонболд, УГЗ Ч.Сангидорж нарын олон аваргатай хамтарч бүтээл хийсэн хүн?

-Таны дурдсан хөгжмийн зохиолчидтой хамтран цөөн бүтээл хийснээ “Нийтийн дуу”, “Дурсамж тэмдэглэл”, “Хөгжмийн том хэлбэрийн бүтээл” гэсэн гурван бүлэгт хувааж нот, партитурын хамт эмхэтгэн гаргасан. Яруу найраг хүний сэтгэлийг хөвсөлзүүлдэг бол дуу хөгжимтэй нийлэхлээрээ бүр долгилон доргиулдаг ид шидтэй болохлоор бид дуу хөгжимд арга буюу татагддаг увдистай. Тэгээд ч дуу хөгжмийн урлагт сэтгэлтэй явсан юм байлгүй дээ хар бага наснаас хөөцөлдөн гүйжээ. Энэ завсарт Ч.Сангидоржтойгоо “Ээжийнхээ хайраар” гээд хэд хэдэн дуу бүтээсний дотор “Суварга хайрхан” гэдэг уртын дуу, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, профессор С.Соронзонболдтойгоо “Хаан чулууны домог” оратори, хөгжмийн зохиолч Д.Батсүхтэй хамтран “Чиний тухай бодол” романс бүтээжээ. Залуу насанд МУГЖ Д.Галсанбаттай нийлж хийсэн “Ангийн хоёр анддаа” дууг алдарт дуучин Б.Надинцэцэг дуулж тухай үедээ хит болж явсан байдаг. Энэ номд дуу хөгжмөөс гадна дуу гэдэг гайхамшигтай анх хэрхэн учирсан, хөгжим гэгч ид шийдийг хэрхэн анх харж сонссон, дууныхаа шүлгийг хэрхэн батлуулж явсан, хөгжмийн зохиолчдын араас хэрхэн хайрайлгаж, хэрхэн танилцаж нөхөрлөсөн тухай миний дурсамжууд бий. Дуу, бүжиг, хөгжим, зураг, шүлэг гэхчилэн ер нь урлаг, уран сайхан гэгчид холбогдуулан бичсэн цөөн шүлгээ түүж тэнд бас оруулсан байгаа.

-Та бол Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбо Сүрэнхорын Жамъянгаравын удмын хүн. Бүр тодруулбал, Гэгээнтний зээгийнх нь хүү. Жамъянгарав гуайн тухай Цэндийн Дамдинсүрэн, мөн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гуайн бичсэн зэргийг та ном болгож гаргасан байдаг?

-Бандида гэгээн бол Бурханы шашны томоохон зүтгэлтэн боловч манай өвөг эрдэмтдийн нэг яах аргагүй мөн. Манай төвдөч эрдэмтэд Ц.Түмэн-Өлзий, Д.Ганболд нарын судлан тодотгосноор Гэгээнтний туурвиж бүтээсэн нь ном бүтээл нь 13 ботиос хэтэрсэн 142 нэр бүхий ном судар байгаа гэж үзсэн байдаг. Жамьянгарав гэгээнтэн бүтээлээ тухайн үеийн эрдэм судлалын үндсэн хэл болсон төвд хэл дээр голчлон бичиж үлдээсэн юм билээ. Миний мэдэхээр эрдэмтэн лам Жамьянгаравын яруу найргийн онолын “Эсэруагийн дуун эгшиг”, гүн ухааны “Данайнанжид” гэсэн тус бүрдээ төвд хэл дээр бичсэн таван зуугаас илүү хуудас бүхий хоёр том судар байдаг. Эхний бүтээлийг нь манай алдарт эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар ах судалгааны эргэлтэнд оруулсан. Жамъянгаравын бичсэн яруу найргийн онолын энэ бүтээл бол Монголын яруу найргийн онолын сэтгэлгээ, түүхэн туршлагад бүтээлч шинэчлэл хийж, тогтсон загвар, хэвшмэл арга барилыг зоригтойгоор шүүмжлэн эвдэж, урнаар сэтгэх, найруулах, шүлэглэх олон боломжийг тодруулж өгсөн утга зохиолын онолын сэтгэлгээний чухал том дурсгал гэж манай судлаачид үзсэн байдаг. Хутагтуудын хойд дүрийн тухайд хүмүүс янз бүрийн л үзэлтэй байдаг. Шашин ном, ид шид мэт далдын учир начрыг бол үнэндээ мэдэхгүй юм. Харин орчин цагийн боловсрол сургалт, шинжлэх ухааны практик талаас нь харвал эрдэм мэдлэг, түүний хуримтлалыг амьнаас аминд албан ёсоор залгамжлуулан өгч байгаа хэдэн үе дамжсан, үл тасрах нэгэн том дэг сургууль үүсгэж буй уг арга надад гайхалтай санагддаг. Хэн нэгний үүсэгсэн шинжлэх ухааны сайн дэг сургуулийг өөр хэн нэг жулдрай ирээд сүйтгэн хаядаггүй харин ч цааш нь улам хөгжүүлэн авч явах боломж бүрдүүлж байгаа нь гайхамшигтай. Жамьянгарав гэгээнтний хойд дүр одоо Жагарын орноо амжилттай сайн суралцаж байгаа бөгөөд тэрбээр өөрийнхөө эрдэм номын их дэг сургуулийг цааш үргэлжлүүлэн улам хөгжүүлэн авч явна гэдэг дамжиггүй билээ.

Хөөрөлдсөн Н.ГАНТУЛГА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

С.Бүжинлхам: Амьдралын тухай хэвшмэл бодлуудыг чөлөөтэйгөөр задалж харах хэрэгтэй DNN.mn

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Бүжинлхамтай ярилцлаа.


-Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн гэдэг. Төрөөд үхэх хүртэлх хугацааг амьдрал гэж хардаг. Энэ хугацаанд хүн гэдэг амьтан юунд зорьж тэмүүлдэг юм бол. Амьдралын утга учир чухам юу болохыг философи хэрхэн хардаг талаар ярилцаж болох уу. Амьдрал гэдэг үг өөрөө юуг илэрхийлдгээс эхэлбэл ямар вэ?

-Үгийн бүтцийг авч үзвэл амьд гэсэн язгуур харагдаж байна. Биологийн шинжлэх ухаанд өсдөг, үрждэг гэх мэт амьд биетийн шинжийг тодорхойлж судалдаг. Гэтэл бид биологийн өгөх тодорхойлолтоос өөр, илүү зүйлсийг мөн л хайдаг. Амьдрал гэж яг юу юм бэ гэх асуултыг бид бүгд л өөрөөсөө асуудаг байх. Хувийн жишээгээ дурдахад манай гэр бүлийн хувьд буддын шашинтай байсан учраас бага наснаасаа эхлээд дахин төрөлтийн талаар боддог байлаа. Үхээд дахин төрөөд байх амьдрал гэдэг чинь ямар уйтгартай юм бэ. Надад энэ амьдралд чөлөө зав гарах нь уу гэж дөрөвдүгээр ангидаа бодоод хямарч байснаа санадаг юм. Философийн ангид ороод энэ асуултадаа хариулт авна гэж бодож байв. Гэтэл философи өөрөө эцсийн хариултыг өгөөгүй. Нийгэмд бий болсон хэвшмэл ойлголтуудыг “Энэ үнэхээр ийм гэж үү, яагаад ингэж байгаа юм” гэж дүрсгүй сониуч хүүхэд шиг хандахыг л хэлдэг юм билээ. Харин философиос анзаарсан нэг зүйл бол эрх чөлөө. Амьдрал эцсийн байдлаар үүнийг л хэлдэг гэсэн хайрцагт хэн нэгнийг оруулахгүйгээр өөрөө бодоод өөрөөр сэтгэх, өөр өөр тохиолдлуудад хэвшмэл үзлээ дахин дахин задалж үзэх боломжийг олгодог.

Өмнө нь байсан таны үзэл бодол, утга учир өөрчлөгдөж болно. Ингэлээ гээд та өөрөөсөө урваж буй хэрэг биш. Өөрийгөө шүүн тунгаах, ахин дахин эргэцүүлэн бодох ухааныг энэ салбар хүнд суулгаж өгдөг юм байна гэдгийг олж харсан. Бидэнд аливааг эргэцүүлэн бодох чадвар төрөлхөөс л байдаг. Энэ чадвар, мэлмийг л задалж өгч байгаа салбар гэж харж болно. Товчхондоо, амьдрал гэдэг ийм утгатай гэсэн хариулт өгч чадахгүй боловч ийм зүйл шүү гэдэг тухайн мөчид бодох эрх чөлөө хүн бүхэнд байдаг.

-Өөрийгөө шүүн тунгаах, ахин дахин эргэцүүлэн бодох эрх чөлөө гэсэн нь сонирхол татлаа. Хүн бүрд нийтлэг нэг хүсэл байдаг нь сайхан амьдрах. Үр хүүхдээ сайхан амьдруулах, нэр бүтэн явах тухай боддог. Философичид, сэтгэгчид энэ тухай ямар байдлаар тайлбарладаг юм бол?

-Аз жаргал гэж юу вэ гэх асуулт мөн л эртний түүхтэй, дор хаяж л Аристотелиос эхлээд энэ тухай тайлбарладаг. Аристотель аз жаргалыг virtue-тэй холбож авч үзсэн байдаг. Бид энэ үгийг буян, эрдэм гэх мэтээр орчуулдаг. Нөгөө талд амьдрал утга учиргүй гэх ойлголт бий. Дэлхийн II дайнаас эхлэн Европт энэ үзэл нэлээд их дэлгэрсэн. Дайн гэдэг бол хүнийг тэр чигт нь өөрчилдөг зүйл шүү дээ. Хоёрдугаар дайны дараахан экзистенциалист философи хурдацтай эрчээ авсан байдаг. Яг амьдралын утга учрын тухай асуулт хүмүүсийн зүрхэнд хургасан үе байх л даа. Үүнтэй холбоотой Альберт Камю алдарт “Сизифийн тухай домог” гэх эсээгээ бичсэн байдаг. Манай залуучууд дунд нэлээд уншсан харагддаг. Энэ домогт Сизиф гэх зальжин эр өөд болсныхоо дараа газар доорх ертөнцийн хаан Айд дээр очиж “Эхнэр минь намайг ном ёсоор минь оршуулаагүй байна. Би газар дээр гараад эхнэрээ зөв зан үйл хийлгээд ирнэ” хэмээн хэлж эх дэлхийдээ ирдэг. Газар дэлхий дээр ирсэн Сизиф буцаж явалгүй үлдсэнд нь бурхад хилэгнэж түүнийг шийтгэдэг. Шийтгэл нь өндөр уулын орой руу үхэр чулуу өнхрүүлэн гаргах байдаг. Үхэр чулуугаа өргөж гаргах үед өнөөх нь дахин доош нь унана. Үүнийгээ дахиад л дээшээ өнхрүүлэн гаргадаг. Олон тайлбар ёсоор Сизиф бол энэ дэлхий дээрх хамгийн зовлонтой хүн байдаг бол Камюгийнхаар Сизиф доош унасан чулууны араас халах зуураа хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хүн болдог. Хөндлөнгөөс харахад ийм уйтгартай зүйлийг хийж байгаа хэрнээ яагаад Сизиф жаргалтай нэгэн болохыг Альберт Камью маш гоё тайлбарласан байдаг. “Сизиф өөрийн хийж байгаа тэр зүйлдээ утга учир оноож байгаа учраас” гэж. Тэгэхээр бид бол нэг хэвийн утгартай гэж үзэж байгаа ч үнэн хэрэгтээ амьдралын чинь утгатай утгагүйг бурхан, эсвэл өөр хэн нэгэн тодорхойлохгүй, зөвхөн та л үүнийг тодорхойлно гэж би ойлгодог.

-“Амьдрах ямар ч утга учиргүй байна” гэж гомдоллодог хүмүүс байдаг. Зарим нь амьдралаа төгсгөдөг. Мэдээж өвчин, үхэл хагацал үзсэн хүмүүс зовдог, шаналдаг. Үүнийг гэтлэх, даван туулах нь амьдралын бас нэг том сорилт юм шиг. Философи талаас үүнийг тайлбарлаж болох уу?

-Үүнийг тайлбарлахын тулд “SEEL” гэх хөтөлбөрийг онцолмоор байна. Энэ нь Social Emotional Ethi cal learning буюу нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл ёс зүйд суралцах гэсэн үгийн товчлол юм. Зорилго нь цэцэрлэгийн наснаас XII анги хүртэлх насны хүүхдүүдэд сэтгэлийн хат, харилцааны чадвар, эмпати зэргийг заадаг юм. Товчхондоо зүрхээрээ ойлгож мэдэрч, тархиараа ухаарч, гараараа үйлдэх гэсэн зарчимтай зүрх, тархи, гарын боловсрол ч гэдэг. Би хөтөлбөрийн сургагч багшаар ажилладаг юм. Оюутнуудтай ч гэсэн харьцаж байхад асуудал харагддаг. Анх удаагаа гэрээсээ хол, дассан сурсан орчноосоо өөр газар суралцаж байгаа хүүхдүүд олон. Оюутнуудтайгаа ажиллах явцдаа дасан зохицож, цааш суралцахад нь хэрэгтэй чадвар бол сэтгэлийн хатын чадвар юм байна гэж ажигласан. Олон асуудлуудыг даван туулах, өөрийгөө хэрхэн авч явах арга барилыг хүүхэд наснаас нь эхлээд заах нь зөв юм байна гэсэн үүднээс үүнийг боловсорлын хөтөлбөрт оруулах, багш нарт хүргэх ажлыг хийж байгаа юм.

Сэтгэлийн хат гэдгийг манайхан юу ч болсон төмөр шиг байж байгаад даван туулна гэж бодоод байдаг. Угтаа бол энэ нь өөрт тулгарч байгаа бэрхшээл саадыг хор хохирол багатайгаар, уян хатан байж, зарчим, чиг шугамаа алдахгүй даван туулах чадвар юм. Бид ямар нэгэн зовлон бэрхшээл байхгүй бүх зүйл нь өв тэгш, төгс төгөлдөр ертөнц хүсдэг. Хүүхдэдээ нэг бол зовлон үзүүлэхгүй, нэг бол миний туулсан зовлонг чи ч бас туулах ёстой гэж хоёр янзаар хандах нь ч бий. Зовлон бэрхшээл огт байхгүй ертөнцөд амьдраагүйгээс хойш бид хүүхдэдээ амьдралын шалгуурыг давахад нь туслах багаж л өгөх ёстой санагддаг. Зовлонг яаж даван туулах вэ гэвэл бусдыг энэрэх гэдэг. Бусдад бас өөртөө энэрэнгүй хандсанаар олон асуудлыг эвтэйхэн, хор хохирол багатай, эерэгээр шийдвэрлэж болно гэж боддог.Энэ чадварыг хүүхэд байхаас нь хөгжүүлж төлөвшүүлж болно. Бүх зүйлийн гарааг харахаар анхнаасаа чадахгүй байж байгаад дадлага хийх явцдаа сайжирдаг. Яг үүнтэй адилхан сэтгэлийн хат, шүүмжлэх сэтгэлгээ, бусдыг энэрэх чадварыг хүүхдэд багаас нь, тэр бүү хэл насанд хүрэгчдэд хүртэл суулгаж төлөвшүүлж болно гэж СИИ сургалт үздэг. Ер нь л өөртөө энэрэнгүй ханддаг, яг тухайн мөчид өөрийнхөө юу хүсэж буйгаа мэддэг, бусдыг ойлгодог байх үед амьдрал тийм ч “царай муутай” харагдана гэж бодохгүй байна.

Шүүмжлэлт сэтгэлгээ ярих зуураа бид эргэлзэхийг их онцолдог. Эргэлзэх гэхээр бүх зүйлд эргэлзээд, юу ч утга учиргүй, тулах цэггүйд хүрнэ гэж хараад байх шиг анзаарагддаг. Гэхдээ “эрүүл эргэлзээ” гэдэг нь “Би үүнд үнэмших үү үгүй юу, надад тустай юу үгүй юу” гэдгийг бодох юм. Тэг гэсэн цэг бол оргүй хоосон. Гэтэл бидний амьдрал оргүй хоосон биш шүү дээ. Бидэнд ядаж нэг хэрэгтэй. Тэр нэгийг “эрүүл эргэлзээ” бидэнд өгч чаддаг гэж боддог.

-Хүүхдүүдэд багаас нь сэтгэлийн хат, ёс суртахуун, бусадтай харилцах чадварыг олгоод эхлэхээр ямар үр дүн харагдаж байна вэ?

-XI ангийн хүүхэд энэ сургалтад явснаасаа хойш өөрийгөө хүмүүст таагүй үг хэлж гомдоодог байсан гэдгээ мэдсэн гэдгээ ярьж байсан. Энэ чинь л бидний хүсэж байгаа өөрийгөө мэддэг, анзаардаг, эргэцүүлдэг байх чадвар шүү дээ. Юмсыг зөвөөр дахин эргэцүүлэн бодоход маш их зориг шаарддаг. Жишээ нь, сошиал медиад дандаа төгс зүйлс байдаг. Огт муудалцдаггүй хосууд, толбогүй гэр, хамгийн сайхан бүсгүй тэнд байдаг. Түүнийг харчихаад бид өөртэйгөө харьцуулж гутардаг. Хувьслын сэтгэл судлалын үүднээс үзэхэд уул нь сэтгэл хөдлөл гэдэг хүн бүрд байдаг хэвийн үзэгдэл. Уурлаж байгаадаа, харьцуулж байгаадаа, хүн гэдэг үүднээс гарч ирж буй “хэвийн хариу үйлдлээсээ” бид айж, ичээд үүнтэйгээ нүүр тулдаггүй. Огт уурлахгүй, гутрахгүй, атаархахгүй амьдрах гээд л өөрийгөө нэмж зовоогоод байдаг. Гэтэл тухайн сэтгэл хөдлөлөө, түүний шалтгаанаа, үүнээс үүдэлтэй өөрийн хэрэгцээгээ ойлгоод, өөрт юу хэрэгтэй, юу хэрэггүй байгааг тунгаан бодох аваас өнөө нийгмийн сүлжээнд атаархаад байгаа зүйл маань заримдаа “зэрэглээ” төдий зүйл байсныг анзаарч болно шүү дээ. Бид алдаандаа ч их хатуу ханддаг. Алдаа маань миний амьдралыг сүйрүүлэх алдаа байна уу. Би л ганцаараа алдаа гаргасан уу гээд хараад үзвэл байдал их өөр. Мэдээж алдаж болно гээд хаа хамаагүй алдаад, өөрт бусдад төвөг удаад байж болохгүй. Энэрэх сэтгэл, эрүүл саруул ухаанаар аваад үзвэл үүнийг ахин давтахгүйн тулд би юу хийж чадах вэ гэдгээ анзаараад, цааш яаж алхах вэ гэдгээ бодоод, алдаа, зовлон гэдэг бол амьдралын нэг хэсэг шүү гэж хүлээж авч үзвэл түрүүн хэлсэн Сизифийн домог шиг амьдралдаа утга оноох нь илүү хялбар байж мэдэх юм.

-Хүний нас насны онцлог байдаг. 15 насандаа харж ойлгож байсан зүйлс 25-тайд эрс өөрчлөгддөг. 35 настай үед өмнөх залуу үеэс арай т айван, амгалнаар аливаа зүйлсийг хардаг, хүлээж авдаг юм шиг ажиглагддаг?

-Энэ нь бид илүү туршлага суусантай холбоотой байх. Харах өнцөг өөрчлөгдөхөд бидний амьдралын туршлага нөлөөлдөг. Арван тавтай байхад ааг амтагдаад л орчлонг эргүүлчих чадалтай санагдаад, ертөнцийн төвийг өөрийгөө гэж бодож байхад гучин тавтайд бол би ертөнцийн өчүүхэн жижиг хэсэг гэдгээ анзаарч эхэлчихсэн байдаг биз ээ. Амьдрал богинохон огторгуй чинь уудам, хүн бол энэ дунд оршиж буй өчүүхэн цэг, бид бодсон шигээ бүхний төв биш, харин ч орчлонд буй олон системийн нэг хэсэг гэдгээ олж харснаар илүү даруу, уужим, амгалан болж ирдэг санагддаг.

-Сүүлийн үед зарим хүмүүс “Илүү сайн улс оронд төрсөн бол сайхан амьдрах байлаа. Хөгжил муутай Монголд төрж муу амьдарч байна” гэсэн ханд лагаар сошиалд бичсэн байдаг. Хүний амьдралыг хэн нэгэн шүүхгүй, эрх чөлөө гэдгийг та дээр хэлсэн. Ийм хандлагыг хэрхэн задалж стрессгүйгээр харах ёстой юм бэ?

-Би Унгар улсад амьдарч байгаад ирсэн. Найз унгар эмэгтэйгээ нийгмийн сүлжээнд “Залуус минь Унгараас гар, өөр улсад амьдар” гэж зөвлөж бичсэнийг харж л явлаа. Илүү таатай орчинд оч энд хэцүү байна гэдэг зөвхөн манай улсад тулгарч байгаа асуудал биш юм шигээ. Ер нь л ирээдүйдээ итгэх итгэл хаа сайгүй дундуур байгаа мэт. Энэ ингэж амьдарч байхад гэсэн харьцуулалтаас болоод бидэнд ийм асуудал үүсээд байж ч мэднэ. Яг энэ нөхцөлд эртний Грекийн Пандорогийн домог санаанд орж байна. Пандора бол Прометейн дүү Эпиметейн эхнэр юм л даа. Прометейг хүмүүст гал бэлгэлсэнд нь дургүйцэж байсан ЗевсПандарод нэг хайрцаг бэлэглэсэнд. Хайрцганд уй гуниг, өвчин зовлон, муу муухай бүхнийг хадгалсан байж л дээ. Уг нь хайрцгийг онгойлгох учиргүй аж. Гэтэл сониуч зангаасаа болж Пандора хайрцгийг задалтал дотор нь байсан муу муухай бүхэн дэлхийгээр тардаг гэж домогт өгүүлдэг. Гэхдээ хайрцгийн ёроолд нь итгэл найдвар үлдсэн байдаг. Домогт өгүүлсэнчлэн бидэнд итгэл найдвар хэзээд байдаг гэдэгт итгэх итгэл чухал санагддаг. Амьдралд, өөртөө итгэх итгэл гэдэг бол хэн, хаана төрснөөс үл хамааран хүн бүрд хэрэгтэй.

У.Цогжавхлан

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 09 сарын 20-ноос 2024 оны 09 сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2024.09.21 / Бямба гариг

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 06.38-18.53
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 9 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 19, Гоё хүүхэн одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:38-18:53. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн. Тэрсүүд өдөр.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 23-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа цас орж, сэрүүснэ DNN.mn

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Харин 23-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа цас орж, сэрүүснэ.

Хур тунадас: Есдүгээр сарын 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд Халх голын сав газраар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28,29-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Есдүгээр сарын 24-26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 28,29-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 23-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 23, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө 5-10 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна DNN.mn

Ирэх аравдугаар сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна.

Тодруулбал, аравдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдана.

Сонгуулийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. 16.5.Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж хуульчилсан байдаг. Энэ дагуу ирэх сарын 11-ний баасан гарагт бүх нийтээр амрах юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо DNN.mn

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 733 га талбай, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбай, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайг гэр хорооллыг орон сууцжуулах байршлаар баталлаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороо, Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хэрэгжүүлж байна. УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг баталсан. Тус хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжинд орон сууцжуулахаар тусгасан байдаг.