Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулах хуйвалдаан эрчээ авлаа DNN.mn

“Хийх хүн аргыг нь олдог” гэж аргагүй үнэн үг аж. Хэдүйнээс хойш Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж зааснаас “Зөвхөн нэг удаа” гэснийг авч хаях тухай яриа гарсан. Үүнтэй холбоотой хэд хэдэн үйл явдал ч болсон.

Аль ч талаасаа Үндсэн хуульд халдсан, хууль бус, хамгийн гол нь парламентын засаглалд халтай уг үйл ажиллагааг хэн, хаагуур, хэрхэн гүйцэтгэх нь тодорхой бус байгаад байсан юм.

Тэр тодорхой болжээ. Гүйцэтгэгчээр нь Үндсэн хуулийн Цэц өөрөө тодорчээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан дээгүүр доогуур гүйгээд байгаа дуулдаад л байсан. Яригдаад л байв. Тэгж тэгж Үндсэн хуульд “халдах” аргаа олсон бололтой.

Үндсэн хуулийн Цэц “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийг хүчингүй болгох замаар Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хийхээр болжээ. Гэтэл дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-иар дамжиж Үндсэн хуулийг өөрчлөхөд хэцүү гэсэн үг. Тэрчлэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэсэн хориг бий. Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулжээ. Түүнээс хойш дүүрэн таван жил ч болоогүй байна.

Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ өөрчлөлтийг хийх хэрэгцээ шаардлага хийгээд хийж гүйцэтгэх процесс, нөхцөл боломж нь шууд утгаараа хуйвалдаан гэж үзэхээр болоод байна.

Өөрчлөлтийг гардаж хийх Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланг хоёр шалтгаанаар дарамт, эсвэл наймаа тохироонд орсон гэх хардлага хуульчид, эрхзүйчдийн дунд яригдаж байна. Товч хэлэхэд, нэг нь албан тушаал, нөгөө нь ар гэрийн шалтгаантай гэсэн мэдээлэл байна.

Ерөнхийдөө тэдний үйл ажиллагааны нарийн ширийн төлөвлөгөө ил болоогүй байна. Тэгэхээр тэдний хэрхэн гүйцэлдүүлэх гэж байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Уг нь Үндсэн хуулийг сахин хамгаалдаг үүрэгтэй байгууллага нь Үндсэн хуулийн Цэц юм. “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль” ч ялгаагүй тийм үүрэгтэй. Үндсэн хуулийг дур зоргын биш гадна, дотнын нөлөөгүйгээр аль нэг нам, хувь хүн, бүлэглэлд нийцүүлж өөрчлөхөд тавигдсан хориг юм. “Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм” гээд Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг, Гавьяат хуульч Б.Чимид “Монголын үнэн” сонинд 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Гэвч харамсалтай нь өнөөдөр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хамгаалах биш харин цэцээс үндсэн хуулийг хамгаалах гаардлага үүсжээ.

Ер нь Үндсэн хуулийн Цэц маань ноёдын дохио зангаагаар хөдөлдөг, нохойд барьдаг мод мэт болоод удаж байна. Улстөрчид эрх баригчдын гүн гүнзгий оролцоотойгоор Үндсэн хуулийн Цэцэээр гишүүн асан Д.Гантулгын нөхөн сонгуулийг будилуулж байв. Үндсэн хуулийн Цэцээр Цагаан суваргыг авч байлаа. Үндсэн хуулийн цэцээр “давхар дээл”-ийг нээж байв. Үндсэн хуулийн Цэцээр Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй болгож байлаа.

Одоо бүр Үндсэн хуулийн Цэцээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийг хүчингүй болгож, улмаар хүссэн зүйлээ УИХ-аар биш Үндсэн хуулийн Цэцээр дамжиж хүрээд шийдвэрлэхээр зүтгээд эхэллээ.

Хамгийн эмгэнэлтэй нь Үндсэн хуульд ийм байдлаар халдах, Үндсэн хуулиар ингэж тоглох нь тухайн улсад нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж, өнгөт хувьсгалд хүргэдэг гашуун туршлагууд дэлхий нийтэд бий. Венесуэл, Гүрж, тэр бүү хэл Украины нөхцөл байдал ч Үндсэн хуульт засаглалаа ганхуулсантай нь холбоотой. Хамгийн сүүлд Венесуэлийг хоёр ерөнхийлөгчтэй болгоод хуваачихлаа. Үүнийг Монгол дээр буулгаж чадвал мөн ч амархан, энгийн ойлголт доо. Ерөөсөө л монголчууд парламентын хийгээд Ерөнхийлөгчийн засаглалынхан гэж хоёр хуваагдана.

Ийм л Үндсэн хуульт, эрх зүйт төрийн аминд халдах далд хуйвалдаан эрчээ авсан байна. Угтаа Үндсэн хуулийг Үндсэн хууль биш болгох тохироо нэгэнт хийгджээ.

Манай улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж эхлээд “Мэдэгтүн, сахигтун” гэж төгсдөг. Тиймээс бүгдээрээ анхаарах хэрэгтэй, Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Цэц хүчингүй болгохоор хуйвалдаж байна. Ард түмний Үндсэн хуулийг авлигачдаас, Ардын намаас хамгаалах цаг ирж байна.

Ажиглагч

А.БАТБОлД

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их тэнгэрийн уулзвараас “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, есдүгээр сарын 26-нд нээнэ DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 35 байршилд авто зам шинэчиллээ. Тэгвэл замын ажлын дараагийн байршлуудын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Замын засвар, шинэчлэл хийж буй 36 дахь байршил нь Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж эхэллээ. Их Монголын гудамжинд хамаарах уг авто замыг 4 хоногийн хугацаатай хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээнэ. Хоёр үе асфальт бетон хучилт хийж, нийт 2.2 км авто замыг шинэчлэх юм. Зам барих технологийн нөхцөлийн хувьд хасах хэмд асфальт хийх боломжгүй, хөлдөх эрсдэлтэй. Энэ долоо хоногоос шөнийн цагаар хасах хэмд хүрч байгаа учраас замын хучилтыг өдрийн цагаар ажлын өдрүүдээр хийхээс өөр аргагүй байгаа юм. Тиймээс иргэд замын ажлын нөхцөл байдлыг ойлгож, чиглэлээ төлөвлөж ажилдаа гараарай. Зам хаасан хэсгээр бус Энхтайваны гүүр, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг зөвлөж байна. Бид гол гудамж, замыг ихэвчлэн амралтын өдрүүдээр засахаар төлөвлөж, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх авто зам, Наадамчдын гудамжны авто зам, Нарны замын хучилтыг хийлээ. Ажил хийх хугацаанд ямар асуудал үүсэж байна вэ гэхээр Улаанбаатар хотод нийт 6 асфальт завод ажиллаж байна. Нэг асфальт завод хамгийн ихдээ 1000 тонн асфальт гаргах хүчин чадалтай. Хоёрдугаарт, асфальтаар хучилт хийсний дараа дэвсэгч явуулахад нэг байршилд хамгийн багадаа 2 болон 3 дэвсэгчээр зэрэг ажил хийдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт 15 дэвсэгч байна. Бид эдгээр дэвсэгчийг бүгдийг ашиглахад хамгийн дээд тал нь 4-5 байршилд авто замын ажил хийх боломжтой. Энэ нь замыг ажлын өдрүүдээр засахад хүргэж буй бас нэг шалтгаан юм” гэлээ.

Түүнчлэн өнөөдөр орой 23:00 цагаас Нийслэл хүрээ буюу “И-март”-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 4 хоног хаахаар төлөвлөж байна. Цаашлаад Богд уулын арын зам дээр Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. Энэ ажлыг 10 хоногт замыг хэсэгчилсэн байдлаар хааж гүйцэтгэнэ. Мөн Чингисийн өргөн чөлөөний замыг шинэчлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байгааг албаны хүн онцоллоо. Замын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд буюу аравдугаар сард амжиж хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа DNN.mn

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Бутаны Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд харилцан туршлага судалж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Цэрэн Тобгай энэ онд Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төрийн айлчлал нь хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ.

Мөн тус айлчлалаар дамжуулан Монгол Улсын түүх соёл, зан заншил Бутаны ард түмний зүрхэнд ойр болсон гэдгийг онцолж, Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэв.

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа талууд харилцан нотлов.

Categories
мэдээ нийгэм

Авто замын ашиглалтын чанарыг лазер хэмжилтийн төхөөрөмжөөр үнэлдэг боллоо DNN.mn

Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер төхөөрөмжийг зам дээр туршиж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн Замын хөгжлийн газраас уг лазер хэмжилтийн төхөөрөмжийг үнэлж, зам дээр хэрэгжүүлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал орчимд ийнхүү ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шинэлэг технологийг туршиж, авто замыг олон улсын стандартад нийцүүлж, менежментийг хийлээ. Өнөөдөр туршиж буй LCM (Laser Crack Measurement System) системээр бид авто замын эвдрэл, ашиглалтын чанарыг өндөр түвшинд илрүүлснээр Улаанбаатар хотын авто замын бүх дата мэдээллийг цуглуулах боломжтой боллоо” гэв.

Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уг төхөөрөмж 4 метрийн өргөнөөр бүх хагарал, гэмтлийг хэмжиж датаг цуглуулна. Үүний дараа тухайн замд тохирсон засвар, арчлалтыг тодорхойлно. Түүнчлэн тус замыг хэзээ засварлах шаардлагатайг цаг хугацаа, санхүү, эдийн засгийн тооцоотой нь гаргаж өгдөг нарийн систем юм. Авто зам дээр гэмтэл бага байхад тохирох засваруудыг хийснээр эдийн засаг болон цаг хугацааг хэмнэнэ. Үргэлж асфальт бетон хучилт хийх нь өртөг өндөртэй шүү дээ. Иймд авто замын гадаргуун боловсруулалтад үндэслэн замыг харьцангуй гэмтэхээс өмнө засварлах боломж бүрдлээ” гэсэн юм.

Мөн LCMS (Laser Crack Measurement System) нь 2D зураг, өндөр нарийвчлалтай 3D профайлыг лазер шугамын проектор ашиглан 2 метрийн өндрөөс, 4 метрийн өргөнөөр хэмждэг. Улмаар 20-40 км цагийн хурдаар мэдээллээ цуглуулах боломжтой. Зөвхөн хөдөлгөөн бага үед буюу шөнийн цагаар хэмжилт хийдэг давуу талуудтай лазер төхөөрөмжийг Улаанбаатар хотын авто замд нэвтрүүлж эхэллээ

Categories
мэдээ спорт

Б.Мөнхзаяа Хөх хотын марафонд түрүүллээ DNN.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод марафон болсон бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ. Харин бүтэн марафон буюу 42 км-ын зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт орсон ба Бостон марафонд уралдах эрхээ авлаа.

Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд тоосоо өргөсөн Монголын шилдэг марафончдын нэг билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Баярхүү: Ичгүүргүй байгаагаас нийгмийн дүрэм, хэв маяг, сайн сайхан бүхэн үгүй болж болно DNN.mn

МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш А.Баярхүүтэй ичгүүргүй байх талаар ярилцлаа.


-Ичгүүргүй байх гэж яг ямар ойлголтыг хэлж байна. Ичгүүр гэдэг нь хүнд байх ёстой эсэх дээр өөр, өөр байр сууриуд байдаг?

-Ичгүүр гэхээс илүү ичих гэдэг нэр томьёо нь илүү оновчтой. Өөрөөр хэлбэл, Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэцийн шинж, процесс, байдал гэдэг дээр авч үздэг. Түүний сэтгэцийн шинжийн нэг болох сэтгэлийн хөдөлгөөний илрэлүүд, түүний урт удаан байх хугацаанаас үүдэлтэй мэдрэмжийг авч үздэг. Бидэнд айх, сандрах, түгших гэх зэрэг олон мэдрэмж байдаг. Түүний нэг нь ичих мэдрэмж.

Өөртөө итгэлгүй, тухайн үйл ажиллагаанд илүү бодитой хандаж чаддаггүй, өөрийгөө доогуур үнэлж байгаа хүмүүст ичих мэдрэмж илүү үүсч байдаг. Ичгүүргүй байна гэдэг түүний эсрэгээр нь байх юм. Ичгүүргүй байх тухай ойлголт бие хүний нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа оролцооноос хамаарч бий болж болно. Өөрөөр хэлбэл, хүн жинхэнэ хүн байхынхаа хувьд нийгмийн нэг хэсэг. Ямар нэг бүлэгт харьяалагддаг, хамтын үйл ажиллагаанд оролцдог, нийгмийн олон талт үзэгдлүүдэд хариу үйлдэл үзүүлдэг бие хүн. Нийгмийн хамтын амьдралын хууль дүрэм, хэм хэмжээ, ёс суртахуун гээд бид өөрсдийн зохиосон тэр дүрийг бодитоор нь үнэлж хүлээж авч чадахгүй түүний сөрөг илрэлийг илэрхийлээд байгааг бид ичгүүргүй байдал гэж харж болох юм. Ичгүүргүй байдал гэдгийг энгийнээр хэлбэл тухайн хүн тэр нийгэм, цаг үедээ, үйл ажиллагаандаа сөрөг илрэлийг илэрхийлэх. Ёс зүйгүй, суртахуунгүй байдлын нэг дүр юм.

-Ичгүүргүйгээр хүн сайхан амьдарч болоод байна гэж үзэх хүмүүс бий. Ичгүүргүй байх нь хувь хүн болоод нийгэмд хэр хохиролтой вэ?

-Ичгүүргүй байна гэдэг нь сэтгэл судлал талаасаа хэрэгтэй зүйл. Тэр хүн өөртөө итгэлтэй, ямар нэгэн айдас, түгшүүргүй байна гэж үзээд байдаг. Нөгөө талдаа нийгэмд амьдарч буй хүнийхээ хувьд дүрэм журам, хууль, ёс зүй гэдгийг нийтээр бий болгоод тэрийг нь зөрчөөд байгаа хүмүүсийг буруутгаад, сайн сайхан амьдраад байна гэж хардаг. Нэг талдаа буруу, нөгөө талдаа зөв юм. Юунд, яаж ичгүүр, сонжуургүй байдлыг буюу өөртөө итгэлтэй дүрийг гаргаад байна вэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хүнд амьтнаас ялгагдах ухамсрын дүрүүд бий. Бие хүн болох онцлог дүрүүд байна. Аль нийгэм, цаг үед амьдарч байхаас хамаарч нийгмийн сэтгэл зүйн байдал, орчин нөхцөл, яавал бие хүнээс бие хүнд, эсвэл бие хүнээс нийгэмд илүү эерэг нөлөөлөх вэ гэдгийг ухамсарлаж, үнэн зөвөөр ойлгож чадахгүй байгаа нь ичгүүргүй байдлыг үүсгээд байдаг. Ичгүүргүй байдлын улмаас нийгмийн дүрэм журам, хэв маяг, сайн сайхан байдал үгүй болж, зөрчигдөж болно. Хүн ичгүүргүй байна гэдэг хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай салшгүй холбоотой. Бие хүнийхээ хувьд өөрийгөө бодитоор, зөвөөр олж хараагүй, хөгжиж чадаагүй, нийгэм орчны нөлөөллийг, сэтгэл зүйн байдлыг, харьяалагдаж байгаа бүлэг, гишүүдийнхээ нөхцөл байдлыг олж харахгүй байгаатай хамааралтай буюу тухайн хүнд оюун ухаант, ухамсарлагдсан байдал анзаарагдахгүй байна л гэж үзнэ.

-Ичгүүргүй амьдрал, ичгүүргүй байдал. Монголчууд яагаад ийм болчихов. Энэ нь дээрх хэмжээнүүдийг зөрчөөд буйтай л холбож ойлгох уу?

-Одоо яагаад хүмүүс ийм ичгүүргүй байх болчихов гэж яриад байна л даа. Өнгөрсөн цаг үед ч байсан. Магадгүй улс орноо, газар нутгаа эрх мэдлээ урвуулан ашиглаж үгүй хийсэн хэсэг бүлэг хүмүүс ч байна. Гэр бүлийн харилцааны хувьд үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй, эцэг эхээ хайрлаж энэрдэггүй, хүн ёсны харилцааг илэрхийлдэггүй дүрүүд өнгөрсөн цаг үед ч байсан. Бид өнөөдрийнхөө нийгмийн дүр зураг, хүмүүсийн харилцааг хараад, өөр хоорондоо нэг нэгнээ таних сошиал орчноор дамжуулан хүмүүс ичгүүргүй байна гэх өнцгүүд бий. Нөгөө талдаа ичгүүргүй дүрийг гаргах нэг момент нь сошиал дээр хүмүүс өөрийгөө илэрхийлэхдээ камерын өмнө нэг дүрийг гаргачихдаг. Энэ бол миний бодит бие гэдэг тусгалыг олж харахаас илүүтэй төрсөн сэтгэгдэл мэдрэмжээ өөр зүйлээр орлуулаад гаргадаг. Бодит байдал дээр өөр хүмүүс байж болно. Бодит би-гээ камерын өмнө гаргахдаа ичгүүр сонжуургүй, эрээ цээргүй байдлаар гаргаж, асуудлаа илэрхийлчихдэг. Түүнийг нь хараад бид ичгүүргүй байдал их болчихлоо. Хүмүүс аливаа зүйлээс ичиж, эмээхээ байлаа гэдэг зүйл анзаарагдаж, өөр хоорондоо яриад байгаа. Өөр бусад цаг үетэй харьцуулахад ичгүүргүй байдал ихэссэн эсэхийг шууд хэлэх боломжгүй. Магадгүй ичгүүр сонжуургүй байдал бие хүнээс бие хүний хооронд, эсвэл бие хүн бүлгийн дунд байхдаа энэ дүрийг гаргаж байна уу гэдгийг олж харах хэрэгтэй. Өөр нэг дүрээр сошиалд ичгүүргүй байдлыг гаргах нь одоо үед нэг их чухал биш болоод байна. Зарим үед тухайн зүйлийг ичгүүр сонжуургүйгээр шууд илэрхийлэх нь зөв байж болно. Хамгийн гол нь нийгмийн амьдралд өөрийн гэсэн хэм хэмжээ, ёс суртахуун, хууль дүрэм, хэн хэндээ нөлөөлөх нөлөөлөл, нэг нэгнээ даган дуурайдаг нийгмийн үзэгдлүүд байх ёстой. Энэ бүхэн дээр эерэг сэтгэл хөдлөл, эерэг мэдрэмжээ илэрхийлээд эхэлбэл ичгүүргүй байдлын тухай ярихаа ч болино. Ичгүүргүй байдлыг тэр бүр гаргахаа ч байна.

-Ичгүүр сонжуургүй байх мэдрэмжээ хэрхэн зөв удирддаг бол. Түүнчлэн бусдад нөлөөлөх нөлөөллийг нь яавал бууруулах вэ?

-Ичгүүрийн тухай аваад үзэхээр хүн нийгмийн амьтан байхынхаа хувьд алдаатай зан үйлийг илэрхийлдэг. Хичээлээсээ хоцорч ирчихээд дундуур нь дуу чимээтэй ороод ирдэг нь ч ичгүүргүй байдлын нэг хэлбэр. Ихэнх тохиолдолд сошиалд элийрлүүд их явагдаж, ичгүүргүй хүмүүс их болсон. Тэднийг дагагчид ч их. Өсвөр насныхан, хүүхдүүд, залуучууд, нийгмийн өөр бүлгийнхэн үзэж хараад түүнийг нь дагах, даган дуурайх, онцгүй мэдрэмжийг авсан ч гэсэн дахин, дахин үзэх ийм үзэгдлүүд байна. Хүн нэг юмыг дахин, дахин үзэж, харах тусам түүнд автах магадлал маш өндөр байдаг гэдгийг нийгмийн сэтгэл судлалд авч үзсэн байдаг. Миний авсан мэдрэмжийг дахин, давтан илэрхийлээд байвал би нэг л өдөр яг тэр хүн шиг ичгүүргүй, сонжуургүй тэр зан үйлийг үйлдэх магадлал маш өндөртэй. Магадгүй хүн бүр ичих болон ичгүүргүй байх зэрэг өөрөө өөрийнхөө мэдрэмжээ ямар ч нөхцөлд гадагшлуулж болно. Харин түүнийг нь хүртэж хүлээж авах эсэх, даган дуурайх уу гэдгээ бид маш сайн бодож, өөрөө өөртөө хяналт тавьж цензуртэй хандах хэрэгтэй. Ичгүүр сонжуургүйгээр үйлдэл хийгээд байгаа хүмүүс магадгүй бага болно. Хүний зан үйлийг өдөөгч, бэхжүүлэгч нь эргэн тойрны хүмүүс нь байдаг. Ичгүүр, сонжуургүй ааш гаргадаг хэн нэгэн байвал түүнийг бид идэвхжүүлэхгүй байх нь чухал юм. Түүнийг сошиалд ч юмуу сайлж, муулж үзээд, тэр харилцааг нь дэмжихгүй байх нь зүйтэй.

Та өөртөө мэдлэг болох зүйл рүү анхаарлаа их хандуулдаг. Өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж чаддаг бол өөр бусад элийрч байгаа хүмүүс рүү анхаарлаа хандуулахаа больдог. Сэтгэл зүйн хувьд хямралтай, өөртөө итгэлгүй, сэтгэл зүйн эрүүл мэнд нь бага зэрэг дордсон хүмүүсийн хувьд дандаа юмны болохгүйг олж хараад байдаг. Тэгэхээр хувь хүн бүр сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах. Аливаа зүйлийг шүүн тунгааж, эерэг зөв зүйл рүү цагаа зарцуулах нь зөв юм.

Элийрэгчдийг их үзэж буйг сэтгэл зүйн нөлөөлөлтэй холбон үзэж болно. Нийгмийн сэтгэл зүй их хувьсамтгай. Нэг хэсэг элийрэгчид их болж, тэднийг сонирхогчид ихэсч байгаад сүүлдээ цаг хугацааны явцад хүмүүс сонирхохоо больж эхэлнэ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Дээд чуулганы шийдвэр эргэлтийн цэг байх болно DNN.mn

Есдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн НҮБ-ын 79 дэх чуулган энэ сарын 24-28 болон 30-нд ерөнхий санал, шүүмжлэл явуулна. Харин гишүүн улсуудын тэргүүн нар оролцох Дээд чуулган 22-23-нд явагдаж бидний ирээдүйн тухай 76/307 тоот тогтоол батална. Иймээс бид ирээдүйгээ харахын тулд өнөөдрийн нүцгэн үнэнийг ойлгох хэрэгтэй болж байгаа билээ. Өнөөдөр дэлхийн III дайн явагдаж байна. Европ тивд Украины нутагт асаж байсан дайны гал, утаа Оросын нутагт шилжин оров. Ази тивд Уулын Карабахын хоёр улсын дайн дахин дэгдэж суларсан Оросын тал ялагдаж, 11 сая хүн амтай тусгаар тогтносон Азарбайжан улс газар нутгаа эргүүлэн авч, одоогоор Ираны мэдэлд байгаа 25 сая ахан дүүстэйгээ нэгдэх эхний шатыг амжилттай давав. Ойрхи Дорнодод Оросуудын гардаж бий болгосон ХАМАС бүлэглэл Израилийг гэнэдүүлэн довтолсон ч удалгүй “цусаа холиулж” эхлэв.

Израилийн арми “Зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр” гэдэг зарчмаар Ираны бий болгосон Хезболлаг Палестины ХАМАС-тай нь хамт устгаж эхлэв. Африк тивд хуучин Францын колони байсан, байгалийн баялаг бүхий Мали, Буркина-Фасо, Нигер, Габон улсуудад Оросын хөлсний цэргүүдийн мандуулсан Оросын далбаа үзэгдэх болж, удалгүй эдгээр улсын төрийн эрхэнд цэргийн хунтууд залрав. Ийнхүү дэлхийн I, II дайн явагдаж байсан тэр л тивүүдэд Путины явуулгаар дахин дайны гал дүрэлзэж байна. Энэ дайн яагаад гарах болов? Путины хагас дутуу ардчилал бүхий бүрэн авлигын засаглал баян, ядуугийн хэт ялгаа бий болгон иргэдийнхээ анхаарлыг гадагш нь л хандуулж байхаас өөр аргагүй болж, эцэст нь ОХУ ганц хүний б ү р э н д а р а н г у й л а л д шилжив. Уг нь эхлээд Путин газрын тос, байгалийн хийн үнэ тэнгэрт заларсныг далимдуулж Европын гол улсуудыг Оросын газрын тос, байгалийн хийн хамааралтай болгож дөнгөсөн билээ. Ингээд Путин хэдэн жил ДНБ-ий өсөлт өндөр гарсан ОХУ-ыг “Их 7”-д оруулан “ И х 8 ” б о л г о х с а н а л тавив. Цаадуул нь харин “Манай холбоо авлигачид авдаггүй юм” гэх нь тэр. Уурлаж уцаарласан Путин ардчилсан Гүржийн газар нутгаас булаан авч “тусгаар тогтнуулав”. Үр дүнд нь Гүрж улс Оросын тусгай албадын нөлөөгөөр ардчиллаа алдаж, дарангуйллын тогтолцоо руу гулсаж эхлэв. Үүний дараа Европын голлох улсуудад Путины “найз”- ууд сонгуулиар солигдон Украинд иргэдийн жагсаал, цуглаан өрнөж, буу дуугарч жагссан иргэд амь үрэгдэн эцэст нь Путины тавиул е р ө н хийл ө гч н ь Ор о с руу гарч зугтав. Уурлаж уцаарласан Путин Украины Крымын хойгийг өөрийн улсад нэгтгэж, оросууд амьдардаг хоёр мужийг нь “тусгаар тогтнуулна” хэмээн дайн дэгдээв. Үүнийхээ дараа Путин барууны улсуудаар “Оросын нөлөөний бүс” гээчийг хүлээн зөвшөөрүүлэхээр шийдэж, хэлэлцээрийг яаж өрнүүлдгийг харуулж өгөв. Барууны улсууд Оростой хийсэн олон хэлэлцээний явцад “Өнөөдөр хэдхэн хүчтэй гэх улс нийлж бусад улсын хувь заяаг шийддэг 1945 оны “Ялтын гэрээ”- ний үе өнгөрсөн. Өнөөдөр тусгаар улсын хувь заяаг тухайн улс өөрөө шийддэг болсон” гэсэн тайлбараасаа огт буцсангүй. Уурлаж уцаарласан Путин НАТО- гийн тэлэлтийг зогсооно” хэмээн “Цэргийн тусгай ажиллагаагаар Киевийг гурав хоногт эзлэн авна” гэж зарлан Украинд бүрэн хэмжээний дайн өрнүүлж гурав дахь жилдээ хот, сууринг нь газрын хөрстэй тэгшилж байна. Харин Путин НАТО-г юун холдуулах бүр өөрийн улсын бөөрөнд авчрав. Польшоос эсвэл Финландаас ирэх пуужингийн аль нь урьтаж Москвад цохилт өгөх бол гэсэн асуулт босож ирэв. Өдгөө НҮБ-ын 79 дэх чуулганд ирсэн Украиныг дэмждэг 54 хөгжингүй улсын төрийн тэргүүн нар хамтран сууж, хэлэлцэн Оросын нутгийн гүнд Украин цохилт өгөхөд шаардагдах логистикийг хэрхэн зохицуулах, аль улс ямар үүрэг хүлээхээ нарийн зөвшин шийдвэрлэж, Украины ерөнхийлөгчтэй хамтын гэрээ байгуулах гэж байна. Украин барууны зэвсгээр Оросын гүнд цохилт өгч эхэлбэл Путины дэглэм нуран унаж, ОХУ задрах явц улам л хурдасна. НҮБ-ын энэ удаагийн чуулганаар НҮБ-ын дүрмийг өөрчлөх байх. ОХУ-ыг “террорист улс” хэмээн НҮБ- аас биш юм гэхэд Аюулгүйн з ө в л ө л и й н б а й н г ы н гишүүнээс хасах байх. Дэлхийн II дайны өмнө НҮБ- ын оронд “Үндэстнүүдийн лиг” гэх байгууллага байсан бөгөөд энэ байгууллагаас фашист Герман улс хөөгдөж байсан билээ. Энэ түүхийг ОХУ давтах ёстой болчихоод байгаа билээ. Учир нь ерөөс НҮБ-ын байгуулагдсан гол зорилго нь гишүүн улсуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал юм. Гэтэл уг байгууллагын бүр Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн тавхан улсын нэг нь, хэн хэлсэн нь тодорхойгүй зүйлээр шалтаглаж, ямар ч гэрээ байхгүй байхад “Барууны улсууд хэлсэндээ хүрсэнгүй” гэх бусдын доог тохуу болох шалтгаар өөр нэг тусгаар улсад дайн дэгдээж, газар нутгийг нь булаан авч байгаа нь яахин зүйд нийцэх билээ. Гэхдээ Франц, АНУ болон Хятад Вьетнамд, Англи Аргентинд, Орос Чехословак, Унгар болон энд тэндгүй цус урсгаж байхад НҮБ юу ч хийж чадаагүй билээ. Өнөөдөр ч Орос Украинд дайн хийж уг явдал давтагдаж байна. Учир нь НҮБ-ыг II дайнд ялсан энэ таван улс байгуулсан учир бусдаасаа илүү эрхтэй байдаг. Иймээс л “байх” гэж бичихээс өөр аргагүй болж байгаа хэрэг. Гэхдээ ардчилалд харш энэ тэгш бус явдал нэг их удахгүй төгсөх болно. Харин дайн бол тэргүүний технологитой улсуудын “тоглоом” гэдгийг бид мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, том улсуудын томчуудын хийдэг бизнес. Харин энэхүү “тоглоом”-д аль ардчилсан тогтолцоотой тал нь хождог. Ардчилсан тогтолцоотой байна гэдэг нь авлига, хүнд суртал бага байна гэсэн үг. Учир нь авлига хүнд суртал бага улсад шинэ технологи инноваци болж амьдралд амархан нэвтэрдэг. Хамгийн ойрын жишээ нь Израилийн тагнуулын байгууллага болох “Моссад” өнгөрсөн долоо хоногт Ливаны Хезболлагийн хэдэн мянган дунд тушаалын удирдагчдийг хоёрхон хоногт бүгдийг нь нэгэн зэрэг хүнд, хөнгөн шархдуулж жагсаалаас гаргасан явдал. Бас хүн бүр уг явдлын бичлэгүүдээс илүү том цэнэг хураагчтай гар станцууд пейжерийн жижиг аппаратаас илүүгээр хэрхэн хохирол учруулж байгааг харцгаасан. Тэгвэл Иран, Хезболлагийн бүр том цэнэг хураагчтай авто машин, хуягт, танк, радарын станц, пуужин харвагч, дрон, нисэх онгоц, байлдааны усан онгоцнууд яах болж байна! Ардчилал ба технологийн хамаарал гэж үүнийг л хэлээд байгаа хэрэг. Иймээс ардчилал бол газрын диваажин бус, харин тамд амьдрахаас хамгаалдаг “цайз” юм. Дэлхийн I дайны дараа эмэгтэйчүүд тэгш эрхтэй б о л с о н . Т е х н о л о г и й н х ө г ж л и й г о й л г о ж , анзаараагүй эрчүүд нь үдэшлэгт орох гэж буй мэт баяр хөөр болон цэрэгт элсэж, дэлхийн I дайнд анх хэрэглэсэн пулемёт, шинэ төрлийн их буу, танк, нисэх онгоцны цохилтод өртөн үй олноороо үрэгдэж, тахир дутуу болсон тул оронд нь эмэгтэйчүүд цэргийн үйлдвэрт ажиллаж эрэгтэйчүүдээс дутахгүй гэдгээ баталж байж тэгш эрхээ олж авсан юм. Харин дэлхийн II дайны дараа барууны хүнд үйлдвэрийн түүхий эд, хөдөө аж ахуй, хүнс бас хямд ажиллах хүч болж байсан колоничлол системийн хувьд нуран унасан. Энэ бүхний үйлийн үр нь өнөөдөр дэлхийн хоёр дайн хийсэн улсуудад цагаачлал болж ирчихээд тэднийг сандаргаж байна. Монголчууд бид ч бас 195 үндэстэнтэй Орос, 56 үндэстэн амьдарч байгаа Хятад улс задарсан цагт л элэнц өвгөдийнхөө хийсэн үйлийн үрээс салж, сая нэг юм санаа амар, сайн сайхан амьдрах болно. Харин өнөөдрийн дэлхийн III дайны дараа үндэстэн болгон өөрийн үндэстэнтэйгээ н э г д э ж , т у с г а а р у л с болгон тэгш эрхтэй болж, ердийн олонхын саналаар асуудлаа шийддэг болох гэж байна. Үүний өмнө мэдээж дарангуйллыг санхүүжүүлж бас тулгуур нь болж буй гарын таван хуруунд багтах улсуудын дэглэм нурна. Товчхондоо сайн цаг айсуй! Харин энэ бүхний эхлэл нь НҮБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүн нарын олонхын саналаар батлагдах, бидний ирээдүйн тухай 76/307 тогтоол байх болно. Учир нь энэ удаагийн НҮБ-ын Дээд чуулганд оролцогчид өнөөдрийг хэрхэн сайн сайхан болгож, ирээдүйг баталгаажуулах тухай олон улсын цахим шинэ гэрээ байгуулж, “Ирээдүй хойч үеийн төлөө” гэсэн нэртэй тусгай тунхаглал батлан гаргана. Энэ бүхэн сайн цаг ирж буйг нотолж байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 16-22-нд нийслэлийн 6 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын  78 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орохыг анхааруулж байна DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.

2024 оны есдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Зээлжих зэрэглэлийн төлөв дээшилсэн нь эерэг өөрчлөлт мөн, гэхдээ хангалттай биш DNN.mn

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний төлөв дээшилсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуугаас дараахь тодруулгыг авлаа.


-Манай улсын зээлжих зэрэглэл дээшилсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Фитч рейтинг манайхыг В зэрэглэл дотроо эргээд тогтвортой гэсэн төлөв рүү оруулсан гэдгээ мэдэгдсэн. Энэ В дотор нь бас сөрөг, тогтвортой, эерэг гэсэн гурван төлөв бий. Нэг ёсондоо манайх үнэлгээ дээшлээгүй. Зэрэглэл дотроо хандлага нь сайн байна л гэж үзсэн хэрэг. Гэхдээ манайх 2012 оны үед ийм л байсан шүү дээ. Тэгэхээр бид 13 жил шаварт хий эргээд цаг хугацаа их алдлаа гэсэн үг. Хоёрдугаарт, бидний одоо байгаа В гэдэг чинь өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ бүхий ангилал дотор ордог зэрэглэлийн үнэлгээ юм. Хамгийн сайн нь ААА байдаг. Харин бид В ангилалд байна гэдэг чинь хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй л гэсэн үг. Тэгэхээр нэг их баярлаад, бахархаад байх зүйл биш.

Capture.JPG

-Ингэж зэрэглэл дотроо төлөв дээшлэхэд юу нөлөөлсөн юм бэ?

-Өнгөрсөн жилүүдэд нүүрсний экспорт сайн байлаа. Энэ л гол нөлөө үзүүлэх шиг боллоо. Жишээ нь, 2021 онд өмнөд хөрш хилээ хаасан байсантай холбоотойгоор манайхаас нүүрс маш бага гарсан.

Ухаж гаргасан нүүрс хилийн наана овоорчихсон. Энэ нүүрс л 2023 онд гарсан. Одоо хятадууд коксжих нүүрсээ ихээр нөөцлөөд авчихлаа. Тэгэхээр өмнөх шигээ сайн авах уу, үгүй юу гэдэг чинь эрсдэлтэй. Тийм болохоор энэ үнэлгээ тогтвортой сайн байж чадахгүй.

-Засгийн газрын зүгээс ингэж зээлжих зэрэглэл сайжирсан нь хөрөнгө оруулагч нар орж ирэх үүд хаалгыг нээнэ гэсэн тайлбарыг хэлээд байгаа шүү дээ?

-Мэдээж энэ бол эерэг өөрчлөлт мөн. Гэхдээ хангалттай биш. Яагаад гэхээр хөрөнгө оруулахад асуудалгүй гэмээр шугам байдаг юм. Манайх тэр шугамаас их доогуур хэвээрээ л байгаа. Тэгэхээр эхлээд бид тэр шугамыг даваад ногоон бүс рүү орох хэрэгтэй. Одоо чинь бид улаан бүсэд байгаад байна. Хандлага, төлөв бол байна. Гэхдээ Засгийн газрын сурталчлаад байгаа шиг бүх зүйл сайхан болчихлоо гэсэн үг биш. Ер нь энэ чинь түр зуурын эффект. Хятад хилээ нээсний дараа өмнө нь овоорчихсон байсан нүүрс ачигдаж гарсны л нөлөөлөл.

-Бид ногоон бүс рүү орохын тулд яах ёстой юм бэ?

-Ногоон бүс рүү орохын тулд бид эхлээд хөрөнгө оруулалтын орчноо л нэлээд сайжруулах хэрэгтэй байна. Одоо чинь манайд хөрөнгө оруулахад маш эрсдэлтэй байна шүү дээ. Хөөгөөд гаргачихна, дээрэмдэнэ. Энэ бол маш буруу. Хоёрдугаарт, бид нүүрсний экспортоос хэтэрхий хараат байна. Тэгэхээр хятадууд нүүрсний импортоо буулгах, хилээ хаах юм бол дагаад манай эдийн засаг савлаад унана. Үүнээс гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх гэж бид их л олон жил ярьж байна даа. Жишээлбэл, бид ураны болон газрын ховор элементийн төслөө явуулах хэрэгтэй байна. Зэсийн салбарт шинээр хайгуул хийх ёстой. Уул уурхайн бус салбараар эдийн засгаа солонгоруулж чаддаггүй юм гэхэд уул уурхайн салбар дотроо нүүрснээс гадна олон эх үүсвэртэй болох хэрэгтэй. Аялал жуулчлал, агаарын салбараа хөгжүүлэхийн тулд илүү сайн либералчлах шаардлагатай. Зүүн болон баруун бүсдээ том онгоцны буудлуудтай болоод түүгээрээ бараа болон зорчигч авч ирдэг баймаар байна. Казахстан, Киргизистан зэрэг улсуудын бараа бүтээгдэхүүнд одоо манайх чинь маш өндөр татвар тавьдаг. Үүнийгээ болих хэрэгтэй. Тэндээс хямдхан байдлаар хүнсний ногоогоо хүртэл авдаг болмоор байна шүү дээ.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төсөл бий. Эдгээр нь таны яриад байгаа эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах тал дээр хэр ахиц авч ирнэ гэж харж байгаа вэ?

-Энэ 14 мега төслийг явуулъя гэж ярьж байгаа нь сайн. Гэхдээ эдгээрийн чинь ихэнх нь гацчихсан, олон жил болчихсон. Сонгууль болгоноор л ярьдаг, зурагдсан пянз шиг болчихсон төслүүд байна лээ. Яах вэ, хоёр, гурван гэрэлтэй, нааштай төсөл бий. Жишээлбэл, говийг усжуулах асуудал туссан байсан. Энэ бол үнэхээр зөв. Яагаад гэвэл говьд ус маш хязгаарлагдмал. Тэнд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд гүний ус ашиглаад байгаа нь хэцүү байдалд оруулна. Ураны төсөл орсон байсан. Гэхдээ бас л олон жил ярьж байна, гадныхантай уулзах болгондоо л үүнийгээ ярьдаг. Гэхдээ энэ удаа үнэхээр нэг ажил хэрэг болоод өрнөх юм бол нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирээд манай эдийн засгийг т өрөлжүүлэхэд маш хэрэгтэй. Бусад нь харин онцын ач холбогдол багатай гэж хараад байгаа. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ хийнэ гэсэн. Монголд 5-6 том ТЭЗҮ байгаа. Үүндээ маш их мөнгө зарцуулсан. Гэтэл дахиад нэмж баахан ТЭЗҮ хийх юм байна. Дээрээс нь гадны хөрөнгө оруулагч нар чинь манайхны хийсэн ТЭЗҮ-д хэзээ ч итгэхгүй. Тэд чинь өөрсдөө хийнэ.

Тэгэхээр ингэж мөнгө зарж баахан ТЭЗҮ хийхийн оронд гадны хөрөнгө оруулагч нар өөрсдөө эрсдэлээ даагаад орж ирэх орчныг нь л бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Ер нь төр өөрөө ТЭЗҮ хийнэ, төр өөрөө баахан төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ гэхээр өөрсдийнх нь яриад байгаатай зөрчилдөөд байгаа юм. Хувийн хэвшлээ дэмжинэ, төр бизнес хийхгүй гэж уг нь яриад байгаа шүү дээ.

-Нүүрсийг хятадууд авахгүй байх магадлал ойрын 10-15 жилдээ байхгүй. Тийм болохоор энэ үе дээр нь бид байгаа бүх боломжоороо урагш нь гаргаад л байх хэрэгтэй гэж Сангийн сайд хэлээд байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хятадууд нүүрсээ яг зах зээлийн зарчмаар нь явуулдаг улс биш шүү дээ. Геополитик, улс төрийн сонирхол зэрэг нь их жин дардаг. Хэрвээ Хойд Солонгос, Австралиас их аваад эхэлбэл манайхаас авахаа больчихдог. Ийм үе  байдаг. Тэгэхээр тийм найдвартай биш. Дээрээс нь Хятадын гангийн үйлдвэрлэл саараад эхэлсэн. Гангаа боловсруулахын тулд л коксжих нүүрс импортолдог шүү дээ. Харин манайхаас яагаад авдаг вэ гэхээр манайх харьцангуй чанар сайтай, хямдхан. Түүнээс биш хятадууд өөрсдөө асар их нөөцтэй. Мөн томоохон үйлдвэрүүд нь Өмнөд Монголд байдаг нь тээвэрлэлтэд хямд тусдаг. Монголд ийм давуу талууд байна. Гэхдээ Хятад өөрсдөө Монголтой Монголгүй асар том давуу талтай улс. Тэгэхээр зөвхөн нүүрс дээр нэг их найдаад байх хэрэггүй.