Categories
мэдээ улс-төр

Тамхины хяналтын тухай хуулийн асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа DNN.mn

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2024.09.30) хуралдлаа. Хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эрүүл мэндийн яамны мэдээллийг сонсов. Тус яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэлдээ утаат болон электрон тамхины хэрэглээ, импортын хэмжээ, онцгой албан татварын талаарх статистик, тоо баримтыг дурдаж, 2022 онд Эрүүл мэндийн яаманд байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хэрхэн ажилласан талаар мэдээлэл танилцууллаа.

Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар багуулагдсан тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Жангабыл, Б.Мөнхсоёл, М.Сарнай, Д.Ганмаа нар ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох байгууллагын судалгааг, үнэлэлт дүгнэлтийг нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн олон улсын түвшинд тамхины татварын орчны болон бүтээгдэхүүний чанарын талаарх эрх зүйн зохицуулалт, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн орчинд хуулийн хэрэгжилт ямар байгаатай газар дээр нь танилцаж мэдээлэл авах шаардлагатай гэж үзэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголд үүрэн холбооны 4.8 сая хэрэглэгчийн 71.083 нь зөвхөн дата ашигладаг DNN.mn

Үүрэн холбоо ба дата хэрэглээний талаарх статистик мэдээллийг Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам(ЦХИХХЯ)-наас танилцууллаа.

Манай улсын үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.8 саяд хүрсэн байна.

Үүнээс

  • Мобиком – 36.9%
  • Юнител – 32.2%
  • Скайтел – 18.6%
  • Жи-Мобайл – 9.5%
  • Ондо – 2.8% байгаа юм.

Дата ба яриаг хослуулсан ашигладаг 3.8 сая хэрэглэгч бий. Харин зөвхөн дата ашигладаг 371,083 хэрэглэгч байдаг аж.

Ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн тоо дөрвөн сая бөгөөд

  • Android – 2.6 сая /64.3%/
  • IOS – 1.3 сая /32.7%/
  • Бусад – 125,456 /3.1%/ байна.

Үүрэн холбооны нэг хэрэглэгч

  • хоногт дунджаар 7.1 минут ярианы ачаалал үүсгэдэг
  • сард дунджаар 12.9 мессэж илгээсэн
  • LTE сүлжээнд нэг хэрэглэгч сард дунджаар 14.8 GB дата хэрэглэсэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хангай хотхон орчмын замыг хааж, засварлана DNN.mn

Худгийн гудамжны авто замаас Хангай хотхон хүртэлх авто замыг хааж, шинэчлэхээр болжээ.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Худгийн гудамжны авто зам, Их тойруугийн авто замаас Хангай хотхон хүртэлх авто замыг маргааш буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн  хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Сархан Алиевтай тулалдлаа DNN.mn

Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулаан есдүгээр сарын 28-ны өдөр болоход манай улсаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд рингний эзэн орны боксчин Сархан Алиевтай зургаан үе тулалдлаа.

16 насны зөрүүтэй хоёр боксчны тулаан зургаан үе өрнөсөн бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр залуу тамирчин Сархан Алиет ялалт байгууллаа.

Өдгөө 26 настай Сархан Алиев нь “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтай бол У.Мөнх-Эрдэнэ нь “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, “Доха-2006” Азийн наадмын мөнгөн медальтай юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Өнөөдрийн байдлаар 545 хүн хэвтэн эмчлүүлж байна DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 450 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тэдний 272 нь насанд хүрсэн бол 178 нь хүүхэд болохыг тус төвийн статистик мэдээллээс харж болно. Харин яаралтай мэс засалд орсон хүн байхгүй аж.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 545 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 16 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

ГССҮТ: Өчигдөр 450 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний талон өгөхгүй DNN.mn

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын санд эрсдэл үүссэн гэдгийг та УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр хөндсөн. Шалтгаан нь юу вэ?

-Өнөөдрийн байдлаар жил бүхэн 4.3 их наяд төгрөгийн улсын төсвөөс татаас авч тэтгэвэр олгож байна. Энгийнээр хэлбэл, өмнө нь нэг хүний төлж байгаа шимтгэл, гурван хүний тэтгэврийг олгоход хүрэлцдэг байсан. Одоо гурван хүний төлж буй шимтгэл нэг хүний тэтгэврийг олгоход хүрэлцэхгүй байх хэмжээний эрсдэл нүүрлэсэн.

Тооцвол нийгмийн даатгалын санд 4.7 их наядын бодитой эрсдэл үүссэн байна. Шалтгаан нь нөхөн даатгалын хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолт, тэтгэвэр тогтоохдоо дараалсан долоон жилээр тооцдог байсныг таван жил болгосон зэрэг популист шийдвэрүүдийн хор уршиг.

Тэтгэвэрт гарахынхаа өмнөх таван жил нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг нээчихсэн. Гэтэл эсрэгээрээ улсад насаараа ажиллаж, тогтвортой шимтгэл төлсөн ахмадууд хохирох бодитой эрсдэл үүссэн. Ийм улс төрийн үр дагавартай бодлогын шийдвэрээс болж тэтгэврийн 4.7 их наяд төгрөгийн бодитой эрсдэл үүсчихээд байна.

Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөн, аргацаасан шийдвэр биш тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөх, шударга байлгах, эрт тэтгэвэр тогтоолтыг бууруулах зэрэг тогтолцооны шинэчлэл хийнэ.

-Нийгмийн даатгалын багц хуулиар инфляцитай уялдуулан нэмэх, тэтгэвэр өвлөгдөх зэрэг шинэчлэл хийсэн. Үүний хэрэгжилт өнөөдөр хэр байгаа вэ?

-Тэтгэврийг жил бүр үнийн өсөлттэй уялдуулан нэмэх эрх зүйн зохицуулалттай болсон. Ирэх 2025 оноос цалин, тэтгэврийг зургаан хувиар нэмнэ.

Энэ жилээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдуулж, томоохон шинэчлэлүүд хийгдэж байгаа

Нэгдүгээрт, нийгмийн даатгал төлөгч иргэн болон байгууллагын төлж буй шимтгэлээс хувийг хувийг нэрийн дансанд байршуулж эхэлсэн. Өндөр насны тэтгэвэр авагч иргэдийн эхнэр, нөхөр аль нэг нь нас барсан тохиолдолд 20 хувийн нэмэгдэл авдаг тогтолцоо руу шилжиж байна. Жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг 120 хоногоор тооцдог байсныг 140 хоногоор тооцдог болсон.

Иргэдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлдөг ч үр ашгийг нь хүртдэггүй гэсэн шүүмжлэл түгээмэл бий. Цаашдаа нийгмийн даатгалын шимтгэлийг дагасан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлийн даатгалыг ажил олгогчид нь өгөөжтэй байх зохицуулалт хийсэн. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол гаргаагүй болон ажилтнаа халаагүй ажил олгогчийн шимтгэлээс 15 хувиар хөнгөлөх зохицуулалт хийсэн.

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд цаашид хэрэгжүүлэх онцлох ямар ажлууд төлөвлөсөн бэ?

-Салбартаа долоон том шинэчлэл хийх зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, тэтгэврийг жил бүр үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ.

Хоёрдугаарт, Хуримтлалын сангаас эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглана. Гуравдугаарт, И-монголиа платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын бүртгэл үүсгэж, харуулна. Дөрөвдүгээрт, хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ цахимжуулна. Тавдугаарт, даатгуулагч бүрийг “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болгож, тэтгэвэр өвлүүлэх хуулийн зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлнэ. Зургадугаарт, хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээгээр ажиллахад шимтгэлийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, Долдугаарт, гадаадад амьдарч байгаа 208 мянган монгол иргэнээ нийгмийн баталгааг хангах чиглэл рүү хэлэлцээрүүд байгуулах зорилтыг 2024-2028 онд дэвшүүлсэн.

-Ипотекийн зээлийн 1.8 их наяд төгрөгийн зээл хүлээгдэж байна. Хуримтлалын сангийн хэрэгжилтийн тухай ярихгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол иргэдээ орон сууцжуулах. Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр буюу зорилтот бүлэг рүүгээ түлхүү хэрэгжүүлнэ.

Өнөөдөр Монгол Улсад жил бүр 20 мянган өрх шинээр бий болдог. 20 мянган өрхөөс зургаан мянга нь ипотекийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагддаг. 6-8 мянга нь арилжааны банкны өндөр хүүтэй зээлэнд хамрагддаг. Үлдсэн нь ипотекийн зээлийн оочерыг 2-3 жил хүлээдэг. Жил бүхэн 1.1 их наяд төгрөгийг орон сууцны ипотекийн зээлэнд зарцуулдаг. Анх удаа байр авч, шинээр гэр бүл болж буй иргэд, орчны бохирдол үүсгэхгүй, нүхэн жорлонгүй амины орон сууц, төрийн албан хаагч, орлого багатай иргэд зэрэг зорилтот бүлэг рүү түлхүү хэрэгжүүлнэ.

Сайдаар томилогдсоноос хойш Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын холбоотой ажлын хэсгийн уулзалтыг хэд хэдэн удаа хийсэн. Цаашид ч зээлийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлд зарцуулах, орон сууцны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л нөөц бололцоогоороо ажиллана гэж төлөвлөж байна.

-Сүүлийн үед хүний нөөцийн асуудал хөндөгдөх боллоо. Үүнд танай яамны хэрэгжүүлэх бодлогын шинэчлэл юу байх вэ?

-Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 5-8 хувьтай,100 гаруй мянган хүн ажилгүй байна гэдэг ч нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээл дээр 30-40 мянган ажлын байрны сул орон тоо байна гэдэг. Энэ эрэлт, нийлүүлэлтийн зах зээлийг яаж засах вэ гэдэг нь бидний хувьд том сорилт болоод байна. Цалингаа нэмэхийг шаарддаг. Гэсэн ч бүтээмж гэдэг зүйлийг хэн ч ярьдаггүй. Монгол Улсад уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбар хамгийн өндөр цалинтай. Цаашдаа ур чадвар, цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар БҮТЭЭМЖИЙГ сайжруулах зорилт дэвшүүлж байна.

Монгол хүний бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог шинэчилнэ. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийг өргөн барихаар бэлдэж байна.

-Монгол Улсад халамж хавтгайрлаа гэсэн шүүмжлэл жил бүр л яригддаг шүү дээ. Халамжаас хөдөлмөрт шилжих бодитой гарц гаргалгааг та хэрхэн харж байна?

-2025 оны Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яамны төсөв 4.5 их наяд. Үүнээс 2.6 их наяд нь хүүхдийн мөнгө, халамжтай холбоотой зардлууд. Гэтэл өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг зэрэг нийгмийн хамгааллын бодлогуудаа халамжийн хуулиар зохицуулж ирсэн.

Цаашид аль нь халамж, нийгмийн хамгааллын бодлого гэдгийг цэгцлэх, тогтолцооны шинэчлэлүүд хийнэ. Дэлхийн банкнаас манайд өгсөн зөвлөмжөөр халамжийн бодлого чинь зорилтот бүлэг рүүгээ хүрэхгүй байна гэдэг. 100 хувийн 30 нь зорилтот бүлэг рүүгээ, 70 хувь нь орлоготой, боломжтой өрхөд өгч байна гэдгийг хэлдэг. Халамжийг цаашдаа нийгмийн халамжийг амьжиргааны

түвшин доогуур өрх, иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх эцэг, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхэд, орон гэргүй хүн, аюулт үзэгдэл, байгалийн гамшигт нэрвэгдсэн өрх иргэн зэргээр зорилтот бүлэг рүүгээ чиглүүлнэ.

Өмнө нь нийгмийн хамгааллын асуудлыг хүн тус бүрээр нь салангад явуулсан болохоор оновчгүй болсон. Халамжийн давхардлуудыг арилгана. 103 мянган хүн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж буюу групп авдаг. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг бүтэн сум ч байна.

Манай улс халамжийн 99 хувийг бэлэн мөнгөөр өгчихдөг. Гэтэл гадны улс орнууд хүнээ хөгжүүлсэн нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлдэг. Ажлын байранд хэрэгтэй ур чадвар, карьер төлөвлөлт, зөвлөх зэрэг үйлчилгээг хийдэг. Хөдөлмөр эрхлэлтийн төрөлжсөн биржүүдтэйгээ хамтран энэ ур чадварт сургана. Монгол Улсын 330 сум, 204 хорооны 108 сум, 39 хороо нь хүнсний талон авахаа больсон нь маш том дэвшил. Цаашдаа жил, улирал бүхэн хүнсний талон авдаггүй болсон аймаг, сумыг зарладаг болж байгаа.

-Гэхдээ зайлшгүй төрөөс анхаарах шаардлагатай нийгмийн бүлэг бий шүү дээ?

-Хөгжлийн бэрхшээлтэй 111.2 мянган иргэн байгаагийн 12.7 мянга нь хүүхэд. Үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3.900 хүүхэд бий. Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн өрхийн орлогыг дэмжих зорилгоор 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төвийг байгуулсан нь их үр дүнтэй байсан. Нөхөн сэргээх, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төрөлжсөн асрамжийн газар барих 23.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт өргөн барьсан. Эхийн алдар одонтой 264 мянган ээжүүдийн мөнгөн тэтгэмжийг нэгдүгээр одонд 400 мянган төгрөг, хоёрдугаар одонд 200 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн.

-Гэр бүлд төвлөрсөн бодлого хэрэгжүүлэх гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон. Гэр бүлд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Жилд 17 мянган хос гэрлэлтээ бүртгүүлдэг ч 4800 орчим нь салдаг. Дөрвөн гэр бүл тутмын нэг нь гэсэн үг. Энэ бол маш харамсалтай тоо. Салалтын шалтгаан нь өрхийн санхүүгийн асуудал, орон сууцны, гэр бүлийн боловсрол дутмаг зэрэг тулгамдаж буй асуудал бий. Цаашдаа бүх бодлогоо гэр бүлд суурилан хэрэгжүүлнэ. Хүүхдийн тэтгэмж өгдөггүй эцэг, эхэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, өмчийн харилцааг зохицуулсан бодлогыг шинэчлэл хийнэ.

Гэр бүлийн боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал зэрэг гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой төвийг 2025 онд Орхон, Хөвсгөл, Ховд, Завхан аймагт эхлүүлж, урт хугацаандаа 21 аймагт хэрэгжүүлэх зорилт тавьсан.

-Салбарын цахимжилт хэр хэмжээнд байгаа вэ?

-Манайд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлэг, ажиллах хүч зэрэг салбарынхаа мэдээлэл, статистикийг нэгтгэж, бодитой болгох хэрэгцээ шаардлага бий.

Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Их өгөгдөлд суурилсан салбарын мэдээллийн нэгдсэн сантай болж, статистикуудаа нэгтгэнэ. Ингэснээр зорилтот бүлгээ зөв, оновчтой тогтоож, халамжийн үр ашгийг нэмэгдүүлэх, бодлогоо оновчтой хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ спорт

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Ази тивд аваргаллаа DNN.mn

Киргизстаны нийслэл Бишкек хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-28-ны өдрүүдэд болоход 10 орны 300 орчим тамирчин өрсөлдлөө.

Энэ тэмцээнээс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 15 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт оржээ.

Тус тэмцээний шилдэг тамирчин өргөмжлөлийг манай улсаас Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар хүртсэн байна. Тэднээс онцолбол, Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн цомын зургаан удаагийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Э.Содномпилжээ хэвтээ шахалтын -120 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.

Э.Содномпилжээгийн энэ оны олон улсын тэмцээний дөрөв дэх медаль бөгөөд тэрбээр 2024 онд дэлхийн цомоос алт, мөнгө, “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн бол Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үер буужээ DNN.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2024 оны есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө усархаг аадар бороо орсны улмаас үер буусан.

Үер усны аюулд өртөөд байгаа айл өрхүүдэд туслах ажил өрнөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд үерийн усанд өртсөн айл өрхийн ус соруулах, техникийн туслалцаа үзүүлж, туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар хоёр ус соруулах помп, 7 хүн ажиллууллаа гэж  “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.

May be an image of 3 people

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, найман иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 56 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.